Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2018/01005

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2018/01005

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: М.Б -ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.Г

 

зээлийн гэрээний үүрэгт нийт 8,497,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Б, хариуцагийн өмгөөлөгч С.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч М.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Б би Д.Г-тай 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан 5.500.000 төгрөгийг 0.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл зээлүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Д.Г нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцож алданги 2.832.500 төгрөг, үндсэн зээлийн 5.500.000 төгрөг, үндсэн зээлийн хүү 165.000 төгрөгийн хамт нийт 8.497.500 төгрөгийг хариуцагч Д.Гас гаргуулан өгнө үү Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 150.910 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү. 2014 оны 1-р сарын 20-нд хариуцагчид 5 500 000 төгрөгийг өөрийнх нь машин дотор зээлүүлсэн. Зээлийн гэрээ үйлдсэн. 2-3 удаа ярьж зээлээ төлөх талаар шаардаж байсан. Гэвч хариу өгөөгүй тул шүүхэд хандсан гэв.

 

Хариуцагч Д.Г нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь энэ хүнийг би танихгүй, мэдэхгүй. Манай ээж Б гэдэг энэ 2 хүний хоорондын ажил төрлийн асуудал байх. Надад ямарч хамааралгүй. Энэ хүнийг огт танихгүй учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгэй гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч С.Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281-р нэхэмжлэл гаргасан. Хуулинд мөнгө шилжүүлэн өгөх үүрэгтэй. Гэрээ байгаа боловч мөнгө өгөөгүй юм. Гэрээнд зурсан боловч мөнгийг өгөөгүй. Хэргээс харахад нэхэмжлэгчээс хариуцагчид мөнгө өгсөн баримт байхгүй. Иргэнээс иргэн аваагүй байдаг. Санхүүгийн баримт байдаг. Хуулийн этгээдийн кассын зарлагын баримт байгаа. Үүнээс нэхэмжлэгч нь хэн юм бэ гэдэг нь ойлгомжгүй. Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчийн өөрчлөлтөөс харахад хэний эрх ашиг зөрчигдөөд байгаа нь тодорхойгүй байгаа юм. Иймд нэхэмжлэгч нь тодорхойгүй, хэний эрх ашиг зөрчигдөөд байгаа нь ойлгомжгүй байгаа. Иргэнээр нэхэмжлэл гаргасан иргэнээс мөнгө авсан баримт байхгүй. Иймд зөвшөөрөхгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Б нь зээлийн гэрээний үүрэгт нийт 8,497,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Д.Г нь мөнгө аваагүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигчид 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан байна. Уг гэрээг байгуулсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна. Харин хариуцагч нь гэрээ байгуулсан боловч мөнгө аваагүй гэж маргасан.

 

Хэргийн 4 дүгээр талд байгаа мөнгө олгохыг хүссэн өргөдөл, кассын зарлагын ордероор хариуцагч нь 5,500,000 төгрөг авсан болох нь тогтоогдож байна. Хариуцагч нь эдгээр баримтад гарын үсэг зураагүй гэж маргасан боловч хариуцагчийн гарын үсэг мөн болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 1245 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Гэвч дээрх мөнгө олгохыг хүссэн өргөдөл, кассын зарлагын ордер нь Эм Жи Эм Эм ХХК-иас хариуцагч Д.Гд 5,500,000 төгрөг олгосон баримт байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч М.Б зээл олгосон гэж үзэх үндэслэлгүй. Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр болоогүй байна.

 

Нэхэмжлэгч нь би баримттай үлдэхийн тулд өөрийн компаниар баримт үйлдсэн гэж тайлбарласан. Гэвч хэргийн 7 дугаар талд байгаа баримтаар 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс Эм Жи Эм Эм ХХК-ний үүсгэн байгуулагч нь М.Хүдэрбаатар байна. Иймд нэхэмжлэгчийн тайлбар нотлогдоогүй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нь олгосон мөнгийг шаардах эрхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Д.Г-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 8,497,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 150,910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД