Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 1147

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 21з0/МА2018/00515

 

 

 

М.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2018/01005 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч М.Бын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Г-ад холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 8 497 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж

Хариуцагчийн өмгөөлөгч С.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Д.Г-атай 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 5 500 000 төгрөгийг 0.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай 2014 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл зээлүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж баталгаажуулсан. Хариуцагчид 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 5 500 000 төгрөгийг өөрийнх нь машин дотор өгсөн. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Д.Г-а нь өнөөг хүртэл зээлийн төлбөр төлөөгүй. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцож алданги 2 832 500 төгрөг, үндсэн зээл 5 500 000 төгрөг, зээлийн хүү 165 000 төгрөг, нийт 8 497 500 төгрөгийг хариуцагч Д.Г-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

   Хариуцагч Д.Г-а шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь энэ хүнийг би танихгүй, мэдэхгүй. Манай ээж М.Б гэдэг энэ 2 хүний хоорондын ажил төрлийн асуудал байх. Надад ямар ч хамааралгүй. Хуульд зааснаар мөнгийг шилжүүлэн өгөх үүрэгтэй. Гэрээ байгаа боловч мөнгө өгөөгүй. Хэргээс харахад нэхэмжлэгчээс хариуцагчид мөнгө өгсөн баримт байхгүй.

Хуулийн этгээдийн кассын зарлагын баримт байгаа боловч үүнээс харахад нэхэмжлэгч нь хэн бэ гэдэг нь ойлгомжгүй. Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчийн өөрчлөлтөөс харахад хэний эрх ашиг зөрчигдөөд байгаа нь тодорхойгүй. Иймд нэхэмжлэгч нь тодорхойгүй байна. Иргэнээр нэхэмжлэл гаргасан иргэнээс мөнгө авсан баримт байхгүй тул зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Д.Г-ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 8 497 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 150 910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгч М.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй, шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Зохигчид гэрээ байгуулсан үйл баримтын талаар маргаагүй, харин хариуцагч нь гэрээ байгуулсан боловч мөнгө аваагүй гэж маргасан. Шүүх хэт нэг талыг барьж, хэргийн бодит байдалд нийцээгүй, нэг үйл баримтад хоёр өөр дүгнэлт хийсэн. Хариуцагч Д.Г-а би энэ хүнийг огт танихгүй, мэдэхгүй учир мөнгө авах боломжгүй гэсэн боловч мөнгө авсан баримтад гарын үсэг зурсан нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдонгуут түүний өмгөөлөгч хэдийгээр зээлийн гэрээний үйл баримт байгаа боловч мөнгө өгсөн авсан нь тодорхойгүй гэдэг. Хэргийн бодит байдалд би Д.Г-ын хүсэлт, гуйлтаар 5 500 000 төгрөгийг түүнд зээлдүүлж гэрээ байгуулсан бөгөөд тухайн цаг мөчид түүний машин дотор мөнгийг өгсөн. Д.Г-а 5 500 000 төгрөгөө бэлнээр авахыг хүсч баримт шаардлагатай болоход компанийн бичиг баримтад гарын үсгийг зуруулж мөнгөө бэлнээр өгсөн.

Анхан шатны шүүх мөнгө авсан болох нь нотлогдсон гэсэн атлаа Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр болоогүй буюу мөнгө өгөөгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлтийг гаргасан. Түүнчлэн анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй  талаас  нь   үнэлнэ   гэснийг   зөрчиж   нэхэмжлэлийг  бүхэлд   нь  хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.

Бидний маргаан компанийн төлөөлөх эрхгүй этгээд мөнгө нэхсэн, эсхүл хувь хүнээс биш компаниас мөнгө авсан эсэх асуудал биш хоёр иргэний хоорондын зээлийн гэрээний асуудал бөгөөд мөнгөө өгсөнөө, мөнгө авсанаа илэрхийлсэн баримт л бэлэн байсан болохоор мөнгөний баримтад бичсэн асуудал байтал шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай талаас нь үнэлээгүй. Тодруулбал компанийн бичиг баримтад бичигдсэн нь зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа байсныг үгүйсгэх үндэслэл болохгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч М.Б, хариуцагч Д.Г-ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8 497 500 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчийг огт танихгүй, зээлийн гэрээний дагуу мөнгө аваагүй гэж тайлбарлан маргажээ.

М.Б нь Д.Г-атай 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулан түүнд 5 500 000 төгрөгийг сарын 0.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь зээлээ хугацаандаа төлөөгүй тохиолдолд зээлдүүлэгчид мөнгөн төлбөр төлөхдөө гүйцэтгээгүй үүргээс хоног тутам 0.5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцон талууд гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хх-3 дахь тал/

            Зохигчид зээлийн гэрээг бичгээр үйлдсэн үйл баримтад маргаангүй, харин мөнгийг шилжүүлэн өгсөн эсэх талаар маргаж, нэхэмжлэгчээс шүүхэд зээлийн гэрээ, мөнгө хүлээлгэн өгсөн бичгийг нотлох баримтаар гаргаж өгчээ. /хх-3, 4 дэх тал/ Хариуцагч тал уг мөнгө хүлээлцсэн баримтад зурагдсан гарын үсэг хариуцагч Д.Г-ынх мөн эсэхийг тогтоолгохоор шүүхийн журмаар шинжээч томилуулсан байх ба шинжээч нь шинжилгээнд ирүүлсэн 2014 оны 01 дүгээр сарын 20-ны огноотой “Кассын зарлагын ордер” арын нүүрэнд мөнгө олгохыг хүссэн өргөдөл” гэсэн баримтын “авсан хүний гарын үсэг”, “өргөдөл гаргасан” гэсний ард зурагдсан гарын үсгүүд нь хариуцагч Д.Г-ын гарын үсгийн харьцангуй чөлөөт загваруудтай хоорондоо тохирч байна” гэсэн дүгнэлт гаргажээ. /89-105, 107-111 дэх тал/

            Хариуцагч Д.Г-а шүүхэд “...манай ээж, М.Б энэ хоёр хүний хоорондын ажил төрлийн асуудал байх ...” гэж тайлбарласнаас гадна нэхэмжлэгч талын “... хариуцагч Д.Г-ын ээж нь татварын байцаагч ажилтай н.Нарангуа над руу утсаар яриад хүүд маань байрны урьдчилгаа хэрэгтэй байна 5 500 000 төгрөг зээлээч гэж гуйсны дагуу Д.Г-ад ... зээлсэн. Саяхан ээж нь эвлэрье гэж утсаар ярьсан боловч хариуцагч намайг танихгүй, мөнгө аваагүй гээд огт холбоо барихгүй байгаа, ... хэрэв шүүлгэж үзвэл бүх утасны бичлэг гарч ирнэ ...” гэх тайлбарыг үгүйсгэж няцаагаагүй байна. /хх-42, 43 дахь тал/

Дээрх бичгийн нотлох баримтууд, зохигчдын тайлбар, тэдгээрийн хоорондын уялдаа холбоо зэргийг харьцуулан дүгнэвэл талууд өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн хуулийн хүрээнд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлон зээлийн гэрээ байгуулж, улмаар гэрээгээр тохирсон мөнгийг шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байх тул нэхэмжлэгч М.Б, хариуцагч Д.Г-а нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчин, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлон, нэхэмжлэгч М.Быг зээл олгосон гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь буруу болжээ. Учир нь хэрэгт авагдсан кассын орлогын баримтад нэхэмжлэгч, хариуцагч нар мөнгө хүлээлгэн өгч, хүлээн авснаа нотолж гарын үсгээ зурсан тул “Эм Жи Эм Эм” ХХК-ийн санхүүгийн тамга, тэмдэг тус баримтад дарагдсан байгаа нь зээлийг М.Б олгоогүй гэх үндэслэл болохгүй юм. Иймээс нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Хариуцагч нь зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээл 5 500 000 төгрөг, зээлийн хүүд 165 000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас түүнд гэрээний 3-т заасны дагуу анз төлөх үүрэг үүсчээ. Талууд гэрээнд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хоног тутам алданги тооцохоор заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасанд нийцэх тул хариуцагч Д.Г-ын төлөх алдангийн хэмжээг гэрээний хугацаа дууссан 2014 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 1460 хоногоор тооцвол 41 354 500 төгрөг /5 665 000 х 0.5% х 1460 хоног/ болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийн хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй бөгөөд нэхэмжлэгч уг хуульд заасанд нийцүүлэн хариуцагчаас зээлийн өр болох 5 665 000 төгрөгийн 50 хувиар алданги тооцон 2 832 500 төгрөг нэхэмжилсэн нь хуулийн үндэслэлтэй.

            Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг ханган, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2018/01005 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Г-аас зээлийн гэрээний үүрэгт 8 497 500 /найман сая дөрвөн зуун ерэн долоон мянга таван зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Бт олгосугай” гэж, 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч Д.Г-аас 150 910 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Бт олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150 910 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       М.НАРАНЦЭЦЭГ

           

                                          ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР

 

                                                                                                 Ч.ЦЭНД