Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2018/01536

 

 

М.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2018/01005 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1147 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч М.Б-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Г-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 8 497 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч С.Гарьдын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч С.Гарьд, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Би Д.Г-тай 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 5 500 000 төгрөгийг 0.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл зээлүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж баталгаажуулсан. Хариуцагчид 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 5 500 000 төгрөгийг өөрийнх нь машин дотор өгсөн. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Д.Г нь өнөөг хүртэл зээлийн төлбөр төлөөгүй. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцож алданги 2 832 500 төгрөг, үндсэн зээл 5 500 000 төгрөг, зээлийн хүү 165 000 төгрөг, нийт 8 497 500 төгрөгийг хариуцагч Д.Г -аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь энэ хүнийг би танихгүй, мэдэхгүй. Манай ээж М.Б гэдэг энэ 2 хүний хоорондын ажил төрлийн асуудал байх. Надад ямар ч хамааралгүй. Хуульд зааснаар мөнгийг шилжүүлэн өгөх үүрэгтэй. Гэрээ байгаа боловч мөнгө өгөөгүй. Хэргээс харахад нэхэмжлэгчээс хариуцагчид мөнгө өгсөн баримт байхгүй.

Хуулийн этгээдийн кассын зарлагын баримт байгаа боловч үүнээс харахад нэхэмжлэгч нь хэн бэ гэдэг нь ойлгомжгүй. Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчийн өөрчлөлтөөс харахад хэний эрх ашиг зөрчигдөөд байгаа нь тодорхойгүй.

Иймд нэхэмжлэгч нь тодорхойгүй байна. Иргэнээр нэхэмжлэл гаргасан иргэнээс мөнгө авсан баримт байхгүй тул зөвшөөрөхгүй гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2018/01005 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Д.Г-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 8 497 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.Б ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 150 910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1147 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2018/01005 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Г-аас зээлийн гэрээний үүрэгт 8 497 500 /найман сая дөрвөн зуун ерэн долоон мянга таван зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Б-т олгосугай” гэж, 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч Д.Г-аас 150 910 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Б-т олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150 910 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасан зүйл заалтыг огт хэрэглээгүй. Хавтаст хэрэгт нэхэмжлэгч иргэн М.Б  хариуцагчид зээл олгосон, шилжүүлж өгсөн гэсэн аливаа баримт авагдаагүй байдаг. Хаана мөнгө өгсөн, шилжүүлсэн гэдгээ хуралдааны явцад өөр өөр байдлаар тайлбарладаг. ...Нэхэмжлэгч нь иргэн үү, хуулийн этгээд үү гэдэг нь тодорхойгүй. Давж заалдах шатны шүүх “...2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Эм Жи Эм Эм” ХХК-ийн санхүүгийн тамга, тэмдэг тус баримтад дарагдсан байгаа нь зээлийг М.Б олгоогүй гэх үндэслэл болохгүй юм...” гэж дүгнэснийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж үзэж байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Д.Г-аас зээлийн гэрээний үүрэгт  8 497 500 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч Д.Г нь шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийг огт танихгүй, зээл аваагүй гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл зохигч нь 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, хариуцагч Д.Г  нь 5 500 000 төгрөгийг сарын 0,5 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлсэн байх ба зээлдэгч нь гэрээнд заасан хугацааг хэтрүүлбэл гүйцэтгээгүй үүргийн дүнгээс хоног тутамд 0,5 хувийн алданги төлөх үүрэг хүлээсэн байна.

Зохигч нь зээлийн гэрээг бичгээр байгуулсан үйл баримтын талаар маргаагүй боловч хариуцагч мөнгийг шилжүүлж аваагүй гэж маргасан ба нэхэмжлэгч тал мөнгийг хүлээлгэн өгсөн тухай бичгийн баримтыг шүүхэд гаргасан байна.

Мөнгө хүлээж авсан баримт дээрх хариуцагчийн гарын үсгийг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхээс томилогдсон шинжээч шинжилж, Д.Г-ын гарын үсэг мөн гэж дүгнэлт гаргасан байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан журмын дагуу үнэлж, талуудын нотолгооны үүргийг зөв хуваарилж, маргааны үйл баримтын талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Хариуцагч Д.Г нь зээлийн гэрээний оролцогч болж гэрээ байгуулсан, мөнгө хүлээж авсан баримтанд гарын үсэг зурсан байх тул дээрх байдлыг баримтаар үгүйсгэж чадаагүй тохиолдолд түүнийг зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ. Мөнгө хүлээлцсэн баримтад хуулийн этгээдийн санхүүгийн тамга дарагдсан байх нь мөнгийг хүлээн авсан үйл баримтыг болон зээлийн гэрээний оролцогч талуудыг үгүйсгэх үндэслэл болохгүй юм. Давж заалдах шатны шүүх энэ талаарх дүгнэлтээ магадлалд тодорхой тусгасан байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг байна.

Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоосон бол зээлдэгч хүү төлөх үүрэг хүлээнэ.

Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог учир зээлдүүлэгч мөнгө шилжүүлсэн болохоо нотолсон, хариуцагч энэ байдлыг баримтаар үгүйсгэж чадаагүй бол зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй болно.

Талууд бичгийн гэрээгээр алданги төлөхөөр тохиролцсон тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хугацаа хожимдуулсаны хариуцлагыг зээлдэгч хүлээх учиртай. 

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар магадлалыг хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1147 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 150 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН