Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2018/02166

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2018/02166

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Төв байр, Самбуугийн гудамж-48, Улаанбаатар-211238, өөрийн байранд байрлах ******* ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар /-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Хаан принтинг ХХК-ийн байр 23 тоотод байрлах******* ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар /

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө, Парксайд центр, А.Блок, 4 давхарт байрлах*******-д тус тус холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 161,645,757.47 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Жамъяансүрэн, Ч.Нямсамбуу, хариуцагч*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч******* ХХК нь 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ЗГ-12, БГ-12 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж, 150,000,000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай, жилийн 5 хувийн хүүтэй, нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож:

1. Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, /13342/ ЭТӨЧ 81-р байр 33 тоот хаягт байрших, 36.15 м.кв талбайтай, /Г№000100307, Y-2204029574/ дугаартай орон сууц,

2. Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 11-р хороо, товчоо 6-р гудамж, 122а тоот хаягт байрших, 468 м.кв талбай /Г№000535073, нэгж талбарын дугаар 18654307718963/ дугаартай эзэмших эрхтэй газар,

3. Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 11-р хороо, товчоо 6-р гудамж, 122б тоот хаягт байрших, 468 м.кв талбай /Г№000534967, нэгж талбарын дугаар 18654307712945/ дугаартай эзэмших эрхтэй газар,

4. 51-26 УНР улсын дугаартай, KNCSD0622XS453943 арлын дугаар бүхий Bongo frontier маркийн автомашин тус тус барьцаалж, зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Өнөөдрийг хүртэл хугацаанд ЗГ-12 дугаар зээлийн гэрээний дагуу үндсэн зээлээс 7,758,786.60 төгрөг, зээлийн хүүнээс 10,523,053.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 98,512.32 төгрөг, нийт 18,380,352.11 төгрөг төлсөн. Гэтэл дээрх зээлийн гэрээний дагуу үүргээ өнөөдрийг хүртэлх хугацаанд бүрэн биелүүлээгүй байна.

Иймд зээлдэгчээс үндсэн зээл 142,241,213.40 төгрөг, зээлийн хүү 13,364,599.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,672,919.86 төгрөг, нийт 158,278,732.58 төгрөг гаргуулж, банкийг хохиролгүй болгож өгнө үү.

Зээлдэгч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* ХХК 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Үндсэн зээл 142,241,213.40 төгрөг, үндсэн хүү 13,364,599.32 төгрөг байсныг 14,455,764.79 төгрөг болгож, 1,091,165.47 төгрөгөөр, нэмэгдүүлсэн хүү 2,672,919.8. төгрөг байсныг 2,891,152.96 төгрөг болгож, 218,233.1 төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, нийт 1,309,398.57 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 159,588,131.15 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* ХХК 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Үндсэн зээл 142,241,213.40 төгрөг, үндсэн хүү 14,455,764.79 төгрөг байсныг 16,170,453.39 төгрөг болгож, 1,714,688.6 төгрөгөөр, нэмэгдүүлсэн хүү 2,891,152.96 төгрөг байсныг 3,234,090.68 төгрөг болгож, 342,937.72 төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, нийт 2,057,626.32 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 161,645,757.47 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч******* ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:******* ХХК нь өндөглөгч тахианы аж ахуй эрхэлдэг компани юм. Манай компани тус банкнаас 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 150,000,000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай, жилийн 5 хувийн хүүтэй зээлийг авч, шувууны аж ахуйн тоног төхөөрөмж, тахианы байр бэлдэх, өндөглөгч тахиа худалдаж авах, шувууны тэжээл бэлдэх зэрэг үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор уг зээлийг авсан. Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх явц эхэндээ сайн явагдаж, өндөгний борлуулалт сайн байсан, өндгөө борлуулж, ажилчдаа цалинжуулж, шувууны тэжээлээ бэлдэх, аж ахуйдаа тус нэмэртэй байсан боловч сүүлийн 2 жилийн хугацаанд гадаадаас хямд үнэтэй, их хэмжээний өндөг орж ирснээс нийслэлд аж ахуй эрхэлж байгаа шувуун аж ахуйнуудын өндөгний борлуулалт буурч эхэлсэн. Манай компани сүүлийн 2-3 жилийн өндөглөгч тахианы хоол хүнсийг бэлдэж чадахаа больсон. Мөн банкнаас авсан зээлийг эргэн төлөх боломжгүй болсон. Одоо аж ахуйн үйл ажиллагаагаа зогсоосон байгаа.

Манай компанийн авсан зээлийн хугацаа 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр дуусах бөгөөд одоогийн байдлаар 158,278,732.58 төгрөгийн зээлийг төлөх боломжгүй тул үндсэн зээлийн хугацаа дуусах хүртэл хүлээж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямсамбуу шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 161,645,757 төгрөгийн 60 хувь буюу 96987,454 төгрөгийг хариуцагч*******гаас, 40 хувь буюу 64,658,302 төгрөгийг хариуцагч******* ХХК-иас гаргуулна гэв.

 

Хариуцагч*******-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажав шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:******* нь ******* болон******* ХХК-тай 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 12 тоот батлан даалтын гэрээ байгуулан 150,000,000 төгрөгийн зээлийн 60%-д Хаан банкны өгөөмөр тооцооны төвийн 2014 оны 03 дугаар 07-ны өдрийн 14/50 тоот зээлийн гэрээ дуусгавар болсны дараа 2014.03.07-ны өдрийн 14/50 барьцааны гэрээнд бүртгэлтэй байгаа Y-2201022414 улсын бүртгэлийн дугаартай тахианы аж ахуйн үл хөдлөх хөрөнгийг судлагдаж буй зээлийн барьцаанд нэмж бүртгүүлэх нэмэлт нөхцөлтэйгээр батлан даалт гаргасан. Батлан даалтын гэрээний 1.4-д Батлан даагчийн батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 60 хувь байна гэж заасан.

Талуудын хооронд байгуулсан батлан даалтын гэрээнд зээлдүүлэгч тодорхой нөхцөл байдлыг нотолж, батлан даагчид мэдэгдсэний үндсэн дээр батлан даагчаас шаардах эрхтэй байхаар заасан. Гэрээний дараах нөхцлүүдийг хэрэгжүүлснээр зээлдүүлэгчийн батлан даагчаас шаардах эрх үүсэхээр талууд тохиролцсон. Үүнд:

1.6. Зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг зээлдүүлэгч өөрийн журам, зааврын хүрээнд хангалттай авсан тохиолдолд батлан даагч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ.

3.2.3. Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ биелүүлээгүй, өдрөөс хойш 90 хоногийн дотор багтааж, зээлдэгчээр зээл төлүүлэхийг холбоотой бүх арга хэмжээг авах.

3.2.4. Энэхүү гэрээний 3.2.3-т зааснаар зээл төлүүлэх арга хэмжээг авснаа нотолсон баримтуудаа баталгаажуулж батлан даагчид хүргүүлэх.

3.4.1. Зээлдэгч зээлийн гэрээний зээл төлөх үүргээ зөрчсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлөх арга хэмжээг хангалттай авсан нөхцөлд зээлдэгчийн төлөөгүй зээлийг энэ гэрээний 1.4-т заасан хувиар өөрийн мөнгөн хөрөнгөөс зээлдүүлэгчид төлөх.

Зээлдүүлэгч батлан даалтын гэрээний дээрх нөхцлүүдийг хэрэгжүүлээгүй байгаа тул*******гаас шаардах эрх үүсээгүй гэж үзэж байна.

Иргэний хууль болон*******гийн тухай хуульд нийцүүлэн хийсэн батлан даалтын гэрээгээр банк зээлдэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, шаардлагыг хангаж хүрэлцэхгүй тохиолдолд зээлийн батлан даалтын сан хариуцах үүрэгтэй. Банк энэ үүргээ гүйцэтгээгүй байгаа нь*******гийн хариуцах үүргийн хэмжээг тодорхойлох боломжгүй байна.

Иймд*******д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Буянт шувуу ХХК болон*******-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 161,645,757.47 төгрөгийг хариуцагч******* гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 60 хувийг хариуцагч*******гаас, 40 хувийг хариуцагч******* ХХК-иас тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

Хариуцагч******* ХХК нь үйл ажиллагаагаа зогсоосноор нэхэмжлэлийн шаардлагаар шаардаж буй зээлийн төлбөрийг төлөх боломжгүй хэмээн үндсэн зээлийн хугацаа дуусах хүртэл хугацаа олгохыг хүссэн, хариуцагч******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

******* нь******* ХХК-тай 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр №12 дугаартай, Зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, 150,000,000 төгрөгийн зээлийг зээлдэгч******* ХХК-д сарын 0,42 хувь, жилийн 5 хувийн хүүтэй, 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл хугацаатай зээлдүүлж, зээлдэгч нь зээлийн барьцаанд Ү-2204029574 улсын бүртгэлийн дугаартай, 000100307 гэрчилгээний дугаартай, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13342/ ЭТӨЧ 81-33 тоот хаягт байршилтай, 2 өрөө орон сууц, 18654307718963 нэгж талбарын дугаартай, Г-000535073 гэрчилгээний дугаартай, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчоо 6-122а тоот хаягт байршилтай, 468 м.кв талбайтай газар эзэмших эрх, 18654307712945 нэгж талбарын дугаартай Г-000534967 гэрчилгээний дугаартай, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчоо 6-122Б тоот хаягт байршилтай, 468 м.кв талбайтай газар эзэмших эрх, 51-26УНР улсын дугаартай Г-00177017 гэрчилгээтэй, Киа Бонгофронтер автомашин зэргийг барьцаалсан байна.

Мөн зээлдүүлэгч *******, зээлдэгч******* ХХК болон батлан даагч******* 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 12 дугаартай Батлан даалтын гэрээ байгуулж, зээлдэгч зээлдүүлэгч нарын хооронд байгуулагдсан 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 12 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ зээлдэгч бүрэн биелүүлж чадахыг батлан даагч баталж, зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд батлан даагч нь түүний өмнөөс зээл төлөх үүрэг гүйцэтгэх, батлан даагч дээрх үүргийг гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгэсэн хэмжээний төлбөрийг зээлдэгч төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцжээ.

Талуудын байгуулсан 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн №12 дугаартай зээлийн гэрээний 3.16-д Зээлдэгч нь зээл, зээлийн хүүг гэрээний 3.3-т заасан хугацааны дотор хэсэгч төлөх хуваарийг банктай байгуулсан гэрээний хавсралт 5-д заасны дагуу тохиролцох ба, хавсралт 5-д заасан хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөөгүй бол хугацаандаа төлөөгүйд тооцно, гэрээний 5.1.4-т Банк нь зээлдэгчийн санхүүгийн чадавхи муудсан, зээлийн эргүүлэн төлөх чадамжгүй гэж үзвэл зээлийг Гэрээний ерөнхий хугацаанаас өмнө буцаан төлөхийг шаардах эрхтэй, 3.18-д зээлдэгч нь гэрээнд заасан ерөнхий хугацаанд хавсралт 1-д заасан эргэн төлөлийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд зээл төлөгдөх ерөнхий болон хэсэгчилсэн хугацааны эцсийн өдрийн дараах өдрөөс төлбөр дутуу гүйцэтгэсэн зээлийн үлдэгдлээс үндсэн зээлийн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцож, зээл төлөгдөж дуустал үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус тооцож авна., Батлан даалтын гэрээний Нэгдүгээр зүйлийн 1.4-т Батлан даагчийн батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 60 хувь байна., 1.6-д зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг зээлдүүлэгч өөрийн журам зааврын хүрээнд хангалттай авсан тохиолдолдолд батлан даагч нь энэхүү гэрээгээ хүлээс үүргээ гүйцэтгэнэ гэж тус тус заажээ.

Дээрх зээлийн болон барьцааны гэрээ, батлан даалтын гэрээ нь хуульд нийцсэн, хүчин төгөлдөр байна.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж тус тус зааснаар зээлдэгчээс шаардах эрхтэй.

Талуудын байгуулсан Батлан даалтын гэрээ нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1.Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ., 459 дүгээр зүйлийн 459.1-д ...гэрээг бичгээр байгуулна, мөн хуулийн 460 дугаар 460.1.Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ., 460.4.Батлан даагч батлан даалтын гэрээнд заасан хэмжээгээр хариуцлага хүлээнэ. гэж тус тус заасантай нийцсэн байх тул хариуцагч*******д холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагч Буянт ХХК нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй болох нь тогтоогдсон, энэ тохиолдолд зээлийг хугацаанаас нь өмнө буцаан шаардах банкны эрхийг гэрээнд тусгагдсан, зээлийн үлдэгдэл дүнгийн 60 хувийг батлан даах хариуцагч******* гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх нөхцөл байдал үүссэн байх тул нэхэмжлэгч *******ны нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана. гэж заасан бөгөөд төлбөр төлөгч нь төлбөрөө сайн дураар төлөөгүй тохиолдолд зээлийн болон барьцааны гэрээнд тухайлан заасны дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна.

Мөн түүнчлэн, хариуцагч******* ХХК-ийн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хэлэлцсэнийг дурьдах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 460 дугаар зүйлийн 460.1, 460.4-т тус тус заасныг баримтлан, хариуцагч******* ХХК-иас 64,658,302.8 төгрөг, хариуцагч*******-аас 96,987,454.2 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д заасныг баримтлан, хариуцагч******* ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн, барьцаа хөрөнгө болох дараах эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж, худалдсан үнийн дүнгээс 64,658,302.8 төгрөг төгрөгийг гаргуулж Капитал банкинд олгохыг Шүүхийн шийдвэр биелүүлэх албанд даалгасугай. Үүнд:

- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, /13342/ ЭТӨЧ 81-р байр 33 тоот хаягт байрших, 36.15 м.кв талбайтай, /Г№000100307, Y-2204029574/ дугаартай орон сууц,

- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 11-р хороо, товчоо 6-р гудамж, 122а тоот хаягт байрших, 468 м.кв талбай /Г№000535073, нэгж талбарын дугаар 18654307718963/ дугаартай эзэмших эрхтэй газар,

- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 11-р хороо, товчоо 6-р гудамж, 122б тоот хаягт байрших, 468 м.кв талбай /Г№000534967, нэгж талбарын дугаар 18654307712945/ дугаартай эзэмших эрхтэй газар,

- 51-26 УНР улсын дугаартай, KNCSD0622XS453943 арлын дугаар бүхий Bongo frontier маркийн автомашин;

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,019,544 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч******* ХХК-иас 481,241 төгрөг, хариуцагч*******-аас 642,887 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА