Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 7

 

Г.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                               Хэргийн индекс: 166/2020/0362/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Ц.Туяа, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй

              Шүүх хуралдаанд:          

                      Прокурор                                      Г.Уянга

Шүүгдэгчийн өмгөөлөгч               Ө.Өлзиймаа

                 Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 393 дугаар шийтгэх тогтоолтой, Г-ийн Г-д холбогдох, 2018000000387 дугаартай эрүүгийн  хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаагийн давж заалдах гомдол болон прокурорын үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ял шийтгэлгүй, ********** регистрийн дугаартай, Т- овогт Г-ийн Г-.

Шүүгдэгч Г.Г- нь 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 22-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 6 5 дугаар хороолол, 10 дугаар байрны гадна талын автомашины зогсоолд байсан иргэн  Б.Ч-ийн эзэмшлийн 04-47 ДАА улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг обуд, дугуйг 43-25 УБЯ улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн  тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 780,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 393 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Т- овогт Г-ийн Г-ийг “учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар Т- овогт Г-ийн Г-д 1 /нэг/жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Г-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.3, 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан И- ББСБ ХХК-ийн өмчлөлийн 43-25 УБЯ улсын дугаартай хар өнгийн Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 13,000,000 /арван гурван сая/ төгрөгийг шүүгдэгч Г.Г-эс гаргуулж улсын орлогод оруулж,

Хэрэгт шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн төмөр хийцтэй дугуй өргөгч дамократ 1 ширхэг, дамократны иш 1 ширхэг, торцов 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа давж заалдах гомдолдоо:

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн зүйлд заасан “Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг” хэрэглэхдээ гол төлөв эрүүгийн хуулийн урьдчилан сэргийлэх зорилгоор тайлбарлаж байгаа хэдий ч “заавал” хураана гэсэн зохицуулалт биш байхад хууль буруу ойлгож хэт нэг талыг барьсан гэж үзэж байна.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан Тоёота приус-30 маркийн 43-25 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийг Капитал зууч (ХК-ийн шинжээчийн дүгнэлтээр 13,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн үнийг шүүгдэгч Г.Г-эс гаргуулж улсын орлогод оруулсугай гэсэн анхан шатны шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх хэсэгт заасанд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

Анхан шатны шүүх дүгнэхдээ шүүгдэгч Г.Г-ийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрх хулгайлах гэмт хэргийг үйлдээгүй гэж үзсэн ба тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэдэгт гэмт хэрэг үйлдэхэд тусгайлан зориулж хийсэн, олсон, бэлдсэн, худалдаж авсан зүйлийг ойлгох ба 43-25 УБЯ улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан дээрх хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ тээврийн хэрэгслийнхээ дагалдах зүйлийг ашиглаж үйлдсэнийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж, харин тухайн гэмт хэргийг үйлдэхдээ зөвхөн машин механизм ашиглаж үйлдсэн гэж гэм буруутайд тооцсон.

Гэтэл хэргийн нөхцөл байдлын хувьд шүүгдэгч Г.Г- нь тухайн тээврийн хэрэгслүүдийн дугуйг хулгайлахдаа үйлдлээ хөнгөвчлөх, биеэр авч чадахгүй эд хөрөнгийг авах зорилгоор дамократ, дамократны иш, торцов зэргийг ашиглаж үйлдсэн байдаг.

Нөгөөтээгүүр шүүгдэгч Г.Г-ийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглээгүй гэж шүүх үзсэн тохиолдолд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн төмөр хийцтэй дугуй өргөгч дамократ 1 ширхэг, дамократны иш 1 ширхэг, торцов 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...эд мөрийн баримтад гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл, уналга, зэвсэг, хэрэгсэл, гэмт үйлдлийн замаар олсон мөнгө үнэ бүхий зүйл, бусад эд зүйлс, гэмт хэргийн ул мөр үлдсэн, агуулсан түүнчлэн гэмт хэрэг, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг илрүүлэх, хэргийн бодит байдлыг тогтоох, эсхүл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл хөнгөрүүлэхэд ач холбогдол бүхий бичмэл болон цахим баримт, бусад эд зүйлсийг тооцно” гэж заасан.

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Г.Г-ийн хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн эд зүйлсийн үнэлгээг “Капитал зууч” ХХК-р тогтоолгоход 35.000 төгрөгөөр үнэлсэн.

Хэрэв шүүгдэгч Г.Г-ийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглээгүй гэж үзсэн бол дээрх эд зүйлс нь хүний амьдралд хэрэглэх боломжтой эд зүйл мөн тул шүүх эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлсийг түүнд буцаан олгох нь зүйтэй гэж үзэж байна.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа тайлбартаа:

Шүүгдэгчийн хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж Приус 30 маркийн авто машиныг улсын орлого болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөрөнгө орлогыг заавал хураан гэсэн зохицуулалт байхгүй. Хохирлыг бүрэн төлсөн. Улс орны нөхцөл байдлыг харгалзан үзэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Уянга дүгнэлтдээ:

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглээгүй гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлийг устгахаар шийдвэрлэсэн буруу. Шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй. Шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

- Шүүгдэгч Г.Г- нь 2020 оны 08 дугаар сарын 21, 08 дугаар сарын 31-ны шөнө гурван удаагийн үйлдлээр иргэн Б.Ч-, Б.М-, Ч.Д- нарын эзэмшлийн “Тоёота приус” 30 маркийн тээврийн хэрэгслийн дугуйг тайлж авч бусдад 1.380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Г.Г-ийн мэдүүлэг болон хохирогч Б.Ч-ийн “… Би 2020 оны 08 дугаар сарны 21-ний орой 19 цагийн үед Шинэ хорооллын 10 дугаар байрны урд зогсоол дээр өөрийн 04-47 дугаартай Тоёота Приус-30 машинаа байрлуулж үлдээсэн. Маргааш нь хөдөө яваад 23-ны үдээс хойш ирэхэд машины маань 4 дугуй, обудтайгаа солигдсон байсан. Сольж тавьсан дугуйнууд өвөл зуны, хээнүүд нь нэлээд элэгдсэн, муу дугуй байсан. /хх-н 90-91/,

Насанд хүрээгүй гэрч М.Мандахын “… Г- ах усан цэнхэр өнгөтэй Приус-30 машины хойно очоод дугуйг нь тайлж аваад өөрийнхөө машинд хийсэн. Би “Ахаа хэрэггүй юм биш үү” гэхэд одоо өнгөрсөн.” гэсэн /хх-97/

Хохирогч Б.М-, Ч.Д-ын мэдүүлгүүд /хх-20,122/

“Капитал зууч” ХХК-ны алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээ. /хх-99-100,129-130 тал/, болон хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан дорцов, домкратыг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж үзээгүй нь зөв байна.

Өөрөөр хэлбэл: Бусдын эд зүйлийг авахын тулд тусгайлан бэлтгэж, тааруулсан эсхүл эвдэж устгахад зориулагдсан зүйл байдаг бол  шүүгдэгчийн гэм хэрэг үйлдэхдээ ашигласан домкрат, дорцов нь дугуйг тайлах, угсрахад зориулагдсан үндсэн багаж хэрэгсэл ба тухайн тохиолдолд өөрийн үйлдлийг хялбарчлах зорилгоор ашигласан болох нь хөдөлбөргүй тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн “Тайлбар” хэсэгт “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно гэж хуульчлан заасан бөгөөд автомашины домкрат, дугуйн дорцов зэрэг нь дээрх тайлбарт заасан аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалтаар бүтээгдсэн эд зүйлийн шинжийг хангахгүй байна.

Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Гэхдээ шүүх Учрах саадыг арилгах зорилгоор ашигласан зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл биш гэж үзсэн бол эдгээр зүйлийг эзэмшигчид нь буцаан өгөх ёстой байтал устгахаар шийдвэрлэсэн буруу болжээ.

Шүүгдэгч Г.Г- нь 2020 оны 08 дугаар сарын 21 шөнө иргэн Б.Ч-ийн, 08 дугаар сарын 31-ны шөнө Б.М-, Ч.Д- нарын автомашины дугуй тайлж авч явсан үйлдэл нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйл буюу Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангаж байхаас гадна энэ төрлийн гэмт хэргийг 3 удаа үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Түүнчлэн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч нарт 1 380 000 төгрөгийн хохирол учруулсан нь бага хэмжээнээс дээш хэмжээний хохиролд тооцох ба шүүгдэгч дээрх гэмт хэргийг үйлдэхдээ олж авсан эд зүйлээ зөөж тээвэрлэх, гэмт хэргийн газраас богино хугацаанд холдон явах зорилгоор 43-25 УБЯ улсын дугаартай Тоёота приус-30 маркийн  тээврийн хэрэгслийг ашигласан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар “машин механизм ашиглаж” гэж зүйлчилсэн нь зөв байх ба анхан шатны шүүх  хэргийн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн арга хэлбэр, шинж зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 1 жил хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Гэхдээ шүүгдэгч Г.Г-ийн хувийн байдлын талаарх нотлох баримтуудыг судалж үзэхэд:

Шүүгдэгч нь 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай эхийн хамт амьдардаг, “Г- Я-” зочид буудалд туслах ресепшнээр ажиллаж байсан боловч Цар тахал өвчний улмаас компани нь ажиллахгүй болж одоогоор эхийнхээ хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжээр амьдардаг хэдий ч шүүгдэгч үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж хохирогч нарт учруулсан хохирол бүрэн төлж барагдуулсан байна.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас үйлдвэр үйлчилгээний газрууд ажиллахгүй болж тэнд ажиллаж байсан ажилчдын нийгмийн асуудал хүнд цохилтод орсон, шүүгдэгч энэ хэргийн улмаас 1 жилийн хорих ял авч явснаар 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай эх нь ганцаар үлдэж байгаа байдал, шүүхээс түүний эзэмшлийн машиныг үнэ болох 15 000 000 төгрөг гаргуулснаар эдийн засгийн энэ хүнд үед өөрийн машинаар хүн тээвэрлэж мөнгө олж амьдралаа авч явах боломжгүй болох нөхцөл байдал үүсэх боломжтой зэргийг Эрүүгийн хуулийн  6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “онцгой нөхцөл байдал”-д хамааруулан үзэж эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй юм.

Дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн шүүгдэгчид ял оногдуулахгүйгээр тэнцэж, улмаар машины үнийг 3 000 000 болгон өөрчлөх, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан домкрат, дорцовийг эзэмшигчид нь буцаан өгөх талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь Эрүүгийн хуулийн зорилго болоод Эрүүгийн хариуцлага нь “Тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг хэрхэн барагдуулсан байдал болон Эрүүгийн хуульд заасан бусад нөхцөл байдлуудыг харгалзан үзэх ёстой.” гэсэн шударга ёсны зарчимд нийцэн гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 393 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дах заалтыг:

“ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4.т зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Г-ийн Г-ийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэж, 

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дугаар заалтын “13,000,000 /арван гурван сая/ төгрөг” гэснийг “3 000 000 /гурван сая/ төгрөг” гэж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дугаар заалтын “Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн төмөр хийцтэй дугуй өргөгч дамократ 1 ширхэг, дамократны иш 1 ширхэг, дорцов 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.” гэснийг “Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн төмөр хийцтэй дугуй өргөгч дамократ 1 ширхэг, дамократны иш 1 ширхэг, дорцов 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай.” гэж, тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2., 3 дахь заалтыг хүчингүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3., 7.3 дугаар зүйлийн 3.3.д зааснаар шүүгдэгч Г.Г-д тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад мэдэгдэх, зан үйлээ засах үүргийг хүлээлгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4., 5.д зааснаар шүүгдэгч Г.Г- нь тэнссэн хугацаанд шийтгэх тогтоолоор хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8., 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч Г.Г-д урьд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгчийг нэн даруй сулласугай.

5. Прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаагийн  гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч шийдвэрлэсэн болохыг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ц.АМАРЖАРГАЛ

                                                         ШҮҮГЧ                                         Ц.ТУЯА

                                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Б.МАНЛАЙБААТАР