Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 00474

 

          Н.Б, Ш.М нарын нэхэмжлэлтэй,

     иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2019/00028 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Н.Б, Ш.М нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.Н-т холбогдох

Талийгч Б.Оюунбилэгийн хууль ёсны өвлөгчөөр түүний төрсөн охин О.Анар-Уянга, хүү О.Амаржаргал, төрүүлсэн эх Н.Б нарыг тогтоолгох, өвийн зүйл болох орон сууцнаас хууль ёсны өвлөгчдөд ногдох хэсэг 63 744 750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцыг хүү О.Амармандах болон өөрийн нэр дээр бүртгүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт даалгуулах, 45 500 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч болон нэхэмжлэгч Ш.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Т, хариуцагч Н.Н, хариуцагчийн өмгөөлөгч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгч Ш.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1972 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр охин Б.Оюундалайг, 1978 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүү Б.Оюунбилэг нарыг төрүүлсэн. Охин Б.Оюундалай 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр, хүү Б.Оюунбилэг 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр зуурдаар нас барсан. Б.Оюунбилэг нь Ш.М-тай 2004 оноос хамтран амьдарч, 2004 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр охин О.Анар-Уянга, 2008 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүү О.Амаржаргал нар төрсөн бөгөөд тэд албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. 

 2012 оноос Б.Оюунбилэг нь Н.Н-тай хамтран амьдарч тэдний дундаас 2013 онд хүү О.Амармандах төрсөн бөгөөд гэрлэлтээ батлуулаагүй. Б.Оюунбилэг Содон хорооллын 3 дугаар ээлжийн 105 дугаар байрны 82 тоот 47.92 м.кв 2 өрөө орон сууцыг захиалж гэрээ байгуулан төлбөрийг төлж байгаад гэрээгээ өөрчлөн 4 дүгээр ээлжийн 107 дугаар байрны 35 тоот, 49.99 м.кв 2 өрөө орон сууцаар солин дахин гэрээ байгуулсан. 2015 оны 2 дугаар улиралд төлбөрийн 51 хувь болох 46 439 200 төгрөгийг компанийн шалгуурын дагуу графикаар төлж, үлдсэн 38 543 800 төгрөгийг Хас банкны 8 хувийн зээлд хамрагдан 20 жилийн хугацаатай лизингээр уг орон сууцыг нийт 84 993 000 төгрөгөөр худалдан авч, өмчлөх эрхийн гэрчилгээ Б.Оюунбилэгийн нэр дээр гарч, улсын бүртгэлд бүртгэгдсэн. Охин Б.Оюундалайг нас барсны дараа түүний хүү О.Алтангэрэлийг Б.Оюунбилэг өөрийн асрамжид авч, уг орон сууцанд Б.Оюунбилэг, Н.Н, О.Анар-Уянга, О.Амаржаргал, О.Амармандах, О.Аптангэрэл нар амьдарч байсан. Н.Н-ийг манайд ирэхээс өмнө би охин, хүү хоёрын хамт Хархорин захад 2003 оноос 2017 оны 9 дүгээр сар хүртэл 14 жил 2 лангуу түрээслэн ажиллуулж байсан орлогоос төлсөн болохыг “Хар хорин хүрээ” ХХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн тодорхойлолт, Хас болон Хаан банк ХХК-ийн хадгаламж нотолно. Байрны урьдчилгаанд төлсөн 46 439 200 төгрөгөөс Б.Оюунбилэгийн төрсөн эгч Б.Оюундалай нийт 16 292 800 төгрөгийг, Б.Оюунбилэг нийт 30 146 400 төгрөгийг тус тус төлсөн. Би одоо хөдөлмөр эрхлэх чадваргүй, төрүүлсэн 2 хүүхдээ алдаж, 3 насанд хүрээгүй хүүхдийн хамт амьдарч байна. 

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.3 дах хэсэгт заасны дагуу талийгч Б.Оюунбилэгийн хууль ёсны өвлөгч, өв залгамжлагчаар охин О.Анар-Уянга, хүү О.Амаржаргал, эх Н.Б нарыг тогтоож, Сонгинохайрхан дүүргийн, 6 дугаар хороо, Содон хорооллын 107 дугаар байрны 35 тоот, 2 өрөө орон сууцнаас хууль ёсны өвлөгчдөд ногдох 63 744 750 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талийгч Б.Оюунбилэгийн хүүхэд болох О.Анар-Уянга, О. Амаржаргал нар өв хүлээн авах талаар хуульд заасан хугацаанд хүсэлт гаргаагүй тул эрхээ алдсан гэж үзнэ. Ш.М нь нөхөртэй, дундаасаа хүүхэдтэй, өөрийн 2 хүүхдийн өвийн талаар хуулийн байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй тул өвлөгчид биш. Миний бие 2012 оноос 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх талийгчтай хамтран амьдарч байсныг 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШШ2018/01501 дугаар шүүхийн шийдвэрээр тогтоолгосон. Тэтгэвэрт гарсан хүнд зээл шилжүүлэх боломжгүй. Би улсад 15 жил ажилласны улмаас хамтран зээлдэгч болж банкны зээлийг төлж байгаа тул өмчлөгч гэж үзэж байна. Н.Б нь лангууг 35 000 000 төгрөгөөр, машин 9 500 000 төгрөгөөр худалдан борлуулж 44 500 000 төгрөгийн хөрөнгийг авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Н шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 оноос 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд талийгчтай хамтран амьдарч, бидний дундаас 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүү О.Амармандах төрсөн. Бидний хамтын амьдралыг 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШШ2018/01501 дугаар шүүхийн шийдвэрээр тогтоосон. Талийгч Б.Оюунбилэг бид хоёр Хархорин худалдааны төвийн хүнсний павилионыг иргэн н.Алтанцэцэгээс авсан. Н.Б нь өвийн хугацаа дуусаагүй байхад бидний өдөр тутмын аж амьдралаа залгуулж байсан павилионыг 35 000 000 төгрөгөөр зарсан, мөн миний нөхрийн нэр дээр байсан тоёота рав-4 маркийн 19-86 УНП дугаартай автомашиныг хуучин бэр Ш.Мд 9 500 000 төгрөгөөр худалдан борлуулсан.

Иймд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хорооллын 107 дугаар байрны 35 тоот орон сууцны өмчлөгч болохыг тогтоож, орон сууцыг Н.Н болон хүү О.Амармандах нарын нэр дээр бүртгүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт даалгуулж, 45 500 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.Б сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа: Н.Н миний гэрт хүү Б.Оюунбилэгтай 2013 оны 9 дүгээр сарын 23-нд ирж хамтран амьдраад 3 жил гаруй болсон. Үүнийг хорооны Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 106 тоот тодорхойлолт гэрчилнэ. Хархорин захын 1-5 дугаар павильон Н.Б миний нэр дээр анхнаасаа гэрээ хийж ажиллаж байсныг гэрчлэх “Хархорин хүрээ” ХХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 1/132 тоот албан бичиг нотолно. Хариуцагч Н.Н-т хамааралгүй. Тоёота Рав-4 маркийн автомашиныг Н.Н-ийг манайд ирэхээс өмнө 2012 оны 9 дүгээр сарын 5-нд миний бие павилоны бараагаа барьцаалж Хаан банкнаас 9 000 000 төгрөгийн зээл авсан. Сонгинохайрхан дүүргийн, 6 дугаар хороо, Содон хорооллын 107  дугаар байрны 35 тоот, 2 өрөө орон сууцыг Б.Оюундалай, Б.Оюунбилэг бид 3 өөрсдийн павилион жиллуулж 14 жил хуримтлуулсан мөнгөөр байрны 84 993 000 төгрөгийн 51 хувь болох 46 432 200 төгрөгийг төлж, үлдэх хэсгийг 8 хувийн зээлэнд хамруулсан. Н.Н миний хөрөнгийг өвлөж авах нь буруу тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.6-д заасныг баримтлан талийгаач Б.Оюунбилэгийн улсын бүртгэлийн Ү-2201047726 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Содон хороолол 107 дугаар байр 35 тоот 49.99 м.кв 2 өрөө орон сууцны хууль ёсны өвлөгчөөр эх Н.Б, охин О.Анар-Уянга, хүү О.Амаржаргал нар мөн болохыг тогтоож, ногдох хэсэгт 51 517 650 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Б-аас 3 000 000 төгрөгийг гаргуулан хариуцагч Н.Н-т олгон, үлдэх 41 500 000 төгрөг болон орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, орон сууцыг Н.Н, О.Амармандах нарын нэр дээр бүртгүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 546 873 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 450 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Н.Н-аас 485 738 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгон, нэхэмжлэгч Н.Б-гаас 62 950 төгрөг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Н.Н давж заалдах гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт тус тус заасныг анхан шатны шүүх зөрчсөн талаар дараах гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хороолол 107 дугаар байрны 35 тоот орон сууцыг өвлөх, мөн 46 493 200 төгрөгийг гаргуулах, хууль ёсны өвлөгчөөр бүртгүүлэхээр гэх 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байхад иргэний хэргийг үүсгэсэн юм. Талийгч 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр нас барсан талаар нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсан байдаг. Гэтэл шүүгч нь энэ хэргийг өвлөх эрхийн хугацаа нээгдээгүй байхад нь иргэний хэрэг үүсгэсэн талаар 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралд итгэмжлэгдсэн төлөөлөгч  өвлөх эрх нээгдээд 1 жил болоогүй байхад нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргасан боловч шүүгч нэхэмжлэгч нарыг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх хугацааг олгосон нь эргэлзээ бий болгож, шүүх хуралдааныг хойшлуулж байсан нь хэт нэг талд үйлчилж байсныг харуулж байна.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШШ2018/01501 дугаар шийдвэрээр 2012 оноос 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүртэл талийгчтай хамтын амьдралтай байсныг тогтоосон. Гэтэл нэхэмжлэгч 2018 оны З дугаар сарын 14-ний өдрийн оршин суугаа газрын тодорхойлолтод О.Анар-Уянга, О.Амаржаргал нарыг манай хаягт амьдардаг болгож ирүүлсэн нь хууль бус мөн энэ баримт өвлөх бичиг болж байгаад шүүх өрөөсгөл хандсан. Ш.М 2 хүүхдийнхээ өв авах эрхийн талаар хүсэлт гаргаагүй, иргэний хэрэг үүсгэж маргах хооронд оршин суугаа газрын тодорхойлолтоор нотариатад бүртгүүлсэн, өвлөх хүсэлт гаргаж батлуулсныг шүүх үнэн зөв, эргэлзээгүй байдлаар үнэлээгүй.

Манай нөхрийн өмнөх эхнэр нь надтай суухдаа салсан байсан. Гэтэл Ш.М 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүсэлт гаргах хугацааг 1 cap 8 хоног хэтрүүлсэн, мөн бидний хороонд амьдардаггүй, Ш.М хүүхдүүдтэйгээ амьдардаг болж, хуурамч баримтаар өвлөгч гэж үзсэнийг анхаараагүй. Ш.М Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Өнөр хороолол, 16 дугаар байр гэсэн хаягтай байгаа нь манайд хаягт амьдардаггүйг харуулж байна. Н.Б, О.Анар-Уянга, О.Амаржаргал нарыг өвийн хүсэлт гаргаагүйг тайлбарлаж, 6 дугаар хорооны тодорхойлолтоор миний оршин суух хаяг дээр тэднийг оруулан өвлөх хүсэлт гаргасныг үгүйсгэх нотлох баримт бидний хамтын амьдралыг тогтоосон шүүхийн шийдвэр гэж үзэж байна. 

Иймд Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дах хэсэгт “энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ” гэж заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын тодорохойлолтыг шалгуулах, нэг талыг баримтлан нотлох баримт бүрдүүлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Н.Б, Ш.М нар хариуцагч Н.Н-т холбогдуулан талийгч Б.Оюунбилэгийн хууль ёсны өвлөгчөөр түүний төрсөн охин О.Анар-Уянга, хүү О.Амаржаргал, төрүүлсэн эх Н.Б нарыг тогтоолгох, өвийн зүйл болох орон сууцнаас хууль ёсны өвлөгчдөд ногдох хэсэг 63 744 750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Н.Н эс зөвшөөрч,  орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцыг хүү О.Амармандах болон өөрийн нэр дээр бүртгүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт даалгуулах, 45 500 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Талийгч Б.Оюунбилэг нь 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр нас барсныг Нийслэлийн Улсын бүртгэлийн газар 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр бүртгэж нас барсны гэрчилгээ олгосон байна.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар талийгч Б.Оюунбилэгийн хууль ёсны өвлөгч нь түүний төрсөн охин болох О.Анар-Уянга /13 настай/, хүү О.Амаржаргал /9 настай/, хүү О.Аманмандах /3 настай/, төрүүлсэн эх Н.Б нар болох нь тэдгээрийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх зэрэг баримтуудаар тогтоогдсон. Хууль ёсны өвлөгчийг баримтыг үндэслэн хуулиар тогтоох тул нэхэмжлэл гаргах замаар дахин тогтоох шаардлагагүй юм.

Нэхэмжлэгч Н.Б нь 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр өв хүлээн авах хүсэлтээ нотариатад гаргасан нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дах хэсэгт заасан хугацааны дотор хамаарч байна.

Талийгч Б.Оюунбилэгийн төрсөн охин О.Анар-Уянга, хүү О.Амаржаргал нар насанд хүрээгүй тул тэдний эх Ш.М хууль ёсны төлөөлөгчийн хувьд тэдний өмнөөс өв хүлээн авах хүсэлтийг 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр нотариатад гаргахдаа Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн тодорхойлолтыг хавсаргажээ. / 1 х.х-ийн 154-156 дугаар тал/

Хариуцагч Н.Н нь нэхэмжлэгч Ш.М-ын нотариатад гаргасан хүсэлтдээ хавсаргасан өвлөгч нар өвлүүлэгчтэй хамт амьдарч байсан гэдгийг нотлох Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтыг эргэлзээтэй нотлох баримт гэж маргаж, шалгуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу болсон байна. /2 х.х-ийн 3, 10 дугаар тал/

Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг зохигч өөрөө олж авах боломжгүй тохиолдолд түүний хүсэлтэд үндэслэн шүүх бүрдүүлэхээр хуульд зохицуулсан тул анхан шатны шүүх хариуцагчийн нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасныг зөрчсөн гэж дүгнэхээр байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 528 дугаар зүйлд өв хүлээн авах, хүлээн авахаас татгалзах журмын зохицуулалтаас үзвэл өвлөгч өвлүүлэгчтэй хамт амьдарч байсан эсэхээс хамаарч өв хүлээн авах эсэх асуудлыг шийдвэрлэгдэх тул маргаж буй баримтыг анхан шатны шүүх тодруулах ёстой.

Түүнээс гадна, талууд “Хас банк” ХХК болон Б.Оюунбилэг, Ш.М нар нь 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан, энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны маргааны зүйл болох орон сууц нь уг зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан гэх тайлбарыг гаргасан ба нэхэмжлэгчийн өмгөөлөгч “Хас банк” ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, маргааны үйл баримтад хамаарах асуудлаар хууль хэрэглээтэй холбоотой дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Н.Б нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ Ш.М-ыг хамтран нэхэмжлэгчээр татан оролцуулахаар хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн боловч эрхийн акт гаргаагүйг анхааруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2019/00028 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 485 738 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Э.ЗОЛЗАЯА

                                                       ШҮҮГЧИД                                             Д.ЦОГТСАЙХАН

                                                                                                                      Д.БАЙГАЛМАА