Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2018/02346

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2018/02346

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Соёлын төв өргөө, В корпусд байрлах Н Т ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, Даймонд оффис 501 тоотод байрлах Р ГХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар /-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 140,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 119,968,146 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд, П.Саранцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхдалай, Ч.Мөнх-Ачит, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс, шинжээч А.Энхчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ү.Мандал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н Т ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н Т ХХК болон Р ГХХК нар харилцан тохиролцсоны үндсэн дээр 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 13-1142 тоот Ажил гүйцэтгэх гэрээ, 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 13-1289 тоот Ажил гүйцэтгэх гэрээ тус тус байгуулж хамтран ажилласан.

Талуудын хооронд байгуулсан 13-1142 тоот Ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэгч Р ГХХК нь Хан-Уул дүүрэг, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа захиалагч байгууллагын 108 айлын орон сууцны барилгын гадна дотор өрлөг, дэд өртөөний барилгын өрлөг, С блокийн парпедны өрлөг, дээврийн агааржуулалтын сувгийн өрлөгийн ажил хийж гүйцэтгэх, 13-1289 тоот Ажил гүйцэтгэх гэрээний дагуу тус 108 айлын орон сууцны гадна фасадны ажлыг тус тус хийж гүйцэтгэсэн болно.

Дээрх гэрээнүүдийн дагуу манай компанийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ цаг тухайд нь биелүүлж, үе шатны санхүүжилтүүдийг тухай бүрт нь Р ГХХК уруу шилжүүлсэн. Гүйцэтгэгч тал болох Р ГХХК нь гэрээт ажлыг 2014 оны 02 дугаар сард хийж дуусган хүлээлгэж өгсөн. Гэтэл 2015 оноос эхлэн тус байрны оршин суугчид болон Сууц өмчлөгчдийн холбооноос тус орон сууц туйлын хүйтэн, хана цуурч хагарсан, гадна фасадны дулаан алдалттай байгаа учир гадна фасадыг тэр чигээр дахин шинээр засварлан хийж гүйцэтгэх талаар удаа дараа гомдол ирсэн. Иймээс манай компанийн зүгээс тус ажлыг хийж гүйцэтгэсэн гүйцэтгэгч болох Р ГХХК-ийг тус чанаргүй хийж гүйцэтгэсэн ажлаа засварлах, дахин хийж гүйцэтгэн оршин суугчдын гомдлыг барагдуулах талаар удаа дараа мэдэгдэж албан шаардлага хүргүүлж байсан.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2-д гүйцэтгэгч нь хийж гүйцэтгэсэн ажлаа актаар бүрэн хүлээлгэн өгсөн өдрөөс хойш 3 жилийн баталгаат хугацаа гаргаж өгнө, 2.3-д Баталгаат хугацаанд гарсан тухайн ажлын гүйцэтгэл, чанартай холбоотой аливаа эвдрэл гэмтлийг гүйцэтгэгч нь өөрийн хөрөнгөөр 100% засварлаж өгнө, 4.2.1-д Барилга угсралтын ажлыг гэрээнд заасан хугацаанд Барилгын тухай хууль болон холбогдох бүхий л хууль, стандарт, норм дүрмийн хүрээнд чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

Гэтэл гүйцэтгэгч тал болох Р ГХХК нь Барилгын тухай хууль болон талуудын хооронд байгуулсан гэрээнд заасан зүйл заалтын дагуу баталгаат хугацаанд гарсан, чанаргүй хийж гүйцэтгэсэн ажлаа засварлаж өгөхгүй, цаг хугацаа өнгөрөөсөн байдалтай байсаар ирсэн. Иймд арга буюу манай компанийн зүгээс тус Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 108 айлын орон сууцны гадна фасадыг шинээр засварлах ажлыг хийж гүйцэтгүүлэхээр тендер зарлаж улмаар Дэлгэрэх бумба ХХК-ийг сонгон шалгаруулж, тус компанитай 140.000.000 төгрөгийн үнийн дүн бүхий Ажил гүйцэтгэх гэрээг 2016.10.07-ны өдөр байгуулж хамтран ажилласан.

Р ГХХК-ийн чанаргүй, чанарын шаардлага хангахгүй хийж гүйцэтгэсэн ажлын улмаас манай компани хохирч дахин 140.000.000 төгрөг зарцуулан тус ажлыг хийж гүйцэтгүүлсэн болно.

...Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1.7-д Захиалагч нь ажлыг хүлээн авах үед нүдээр харж илрүүлэх боломжгүй, чанарын болон иж бүрдлийн дутагдал доголдлыг шалгах баталгаа болгон гэрээний нийт үнийн дүнгийн 5%-тай тэнцэх төлбөрийг барьцаа болгон авч үлдэх эрхтэй гэсэн заалтын дагуу гүйцэтгэгч талд олгох санхүүжилтээс авч үлдсэн барьцаа болон өөр бусад гэрээний барьцаа болох 72.693.863 төгрөг манай компанид хадгалагдаж байгаа юм. Тус барьцаа мөнгийг өөр гүйцэтгэгчээр гэрээт ажлын чанаргүй ажлыг дахин хийлгэсэн 140.000.000 төгрөгөнд суутгаж, үлдэгдэл 67.306.137 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 494.481 төгрөгийн хамт Р ГХХК-аас гаргуулж, манай компанийн хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Н Т ХХК нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: 140,000,000 төгрөгийн зөрүү 72,693,863 төгрөгийг нэмж нэхэмжлэх шаардлагатай болоод байна. Иймд 140,000,000 төгрөгийг Рокпэйнт тур ХХК-аас гаргуулж, манай компанийн хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнх-Ачит шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Учир нь тус компанитай 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүрэг, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан108 айлын орон сууцны гадна фасадны ажлын гэрээг байгуулан 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр дуусгахаар тохиролцож, гэрээг байгуулсан боловч гэрээний 9,8-ын дагуу нөхцөл байдал үүссэн бөгөөд 2013 оны 09 дүгээр сарын 25-нд хүлээлгэн өгсөн. Тус ажилд санхүүжилттэй холбоотой үүссэн асуудал ч байгаа болно.

Н Т ХХК нь манай Рокпэйнт тур ХХК-нд тухайн ажлын чанаргүй болсон тухай албан бичиг, албан захидлаар илгээж мэдэгдэлгүйгээр 3 жилийн баталгаат хугацаа дуусах өдөр буюу 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр тендер зарлаж, 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шалгаруулан, тухайн сарын 07-ны өдөр гэрээг байгуулан ажлыг гүйцэтгүүлсэн нь бизнесийн ёс зүйгүй үйлдэл хийгээд гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна.

Тус ажлын чанар, гүйцэтгэлд хоёр талаас харилцан хяналт тавьж ажиллаж байсан бөгөөд Н Т ХХК нь гэрээний 4.1.6.8-т гүйцэтгэгч нь гэрээт ажлыг чанаргүй, буруу, дутуу хийж гүйцэтгэсэн тохиолдолд зөрчлийг арилгуулах хүртэл захиалагчаас санхүүжилтийг хойшлуулах эрхтэй гэж заасан. Н Т ХХК-ийн зүгээс барилгын инженер хяналтын баг нь манай компанийн гүйцэтгэж буй үе шатны ажилд өдөр бүр хяналт тавьж ажиллаж байсан бөгөөд чанарын доголдолтой ажлуудыг тухай бүр засаж залруулж, ажлын зураг, ажлын даалгаврын дагуу хийж гүйцэтгэн ил далд зураг болон актаар хүлээлгэн өгч байсан. Гэрээний 4.1.2-т заасны дагуу ажлыг хэвийн үргэлжлүүлэх чиглэлийг Н Т ХХК-ийн зүгээс өгч байсан.

Манай компани нь гэрээний 4.2.12-т заасны дагуу Захиалагчид чанарын доголдолгүй үр дүнг хүлээлгэн өгнө гэж заасны дагуу хүлээлгэн өгсөн бөгөөд ажлыг 2 талаас актаар баталгаажуулж захиалагч тал хүлээн авсан.

Харин 5%-ийг барьцаа болгон хүлээн авсан бөгөөд санхүүжилтийн барьцааг одоог хүртэл олгоогүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Р ГХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Гэрээний 3.1-т заасны дагуу ажлын санхүүжилтийг 5 үе шаттайгаар хийхээр тохиролцсон бөгөөд хамгийн сүүлийн буюу 42.13%-ийн санхүүжилтийг Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд баригдаж байгаа 108 айлын орон сууцны А блок А айлын 5 давхрын 66 тоот, А блок С айлын 12 давхарт 106 тоот, зоорийн давхарт 7 дугаар гараж, нийт 189,567,000 төгрөгтэй дүйцүүлж, 2013 оны 4 дүгээр улиралд багтаан шилжүүлэхээр тохиролцсон боловч 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлсэн байдаг.

Тус гэрээний 5.6-д байр ашиглалтанд орох хугацаа 45 хоногоос илүү хугацаагаар хойшилсон тохиолдолд захиалагч тал нь хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 20%-аас тооцон өдрийн 0.1%-тай тэнцэн алдангийг гүйцэтгэгч талд төлнө гэж заасан.

Ийм учраас 160 хоногийн алданги болох 450,000,000*20%=90,000,000*0.1% =90.000*160 хоног=14,400,000 төгрөг,

Гэрээний 5 дугаар зүйлийн 5.4-т ...0.5%-ийн алданги гүйцэтгэгч талд төлнө гэж заасны дагуу үндсэн төлбөр 70,378,764 төгрөг, алданги 35,189,382 төгрөг, нийт 105,568,146 төгрөг, 14,400,000 төгрөг, нийт 119,968,146 төгрөгийг Н Т ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Н Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан тайлбартаа: Гүйцэтгэгч тал болох Р ГХХК нь гэрээт ажлыг 2014 оны 6 дугаар сард эцсийн байдлаар дуусган хүлээлгэн өгсөн бөгөөд манай компанийн зүгээс гэрээний дагуу тэр дор нь буюу 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдөр дээрх 2 ширхэг байр болон 1 ширхэг гаражийг гүйцэтгэгч тал болох Р ГХХК-д хүлээлгэн өгсөн байдаг. Р ГХХК нь гэрээт ажлыг 2014 оны 6 дугаар сард хүлээлгэн өгсөн болох нь тус компанийн манай компанид ирүүлсэн 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 11/14 тоот албан тоотоор нотлогдож байна.

Тус барилгад улсын комисс 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ажилласан ба үүрэг даалгаврын биелэлтээр буюу комиссын гишүүдийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж дууссаны дараа комиссын гишүүд гарын үсэг зурж 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр эцсийн байдлаар хүлээн авсан болно. Иймд Р ГХХК-ний сөрөг нэхэмжлэлд дурьдсан 14,400,000 төгрөгийн алданги үндэслэлгүй байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1.7-д заасны дагуу манай компанийн зүгээс Р ГХХК-д 13-1289 тоот Ажил гүйцэтгэх гэрээний дагуу олгох санхүүжилтээс баталгаат хугацааны барьцаа 23,300,000 төгрөг, үлдэгдэл санхүүжилтээс 12,103,614 төгрөг, нийт 35,403,614 төгрөг авч үлдсэн.

Тус 108 айлын гадна фасадны ажил гүйцэтгэх 13-1289 тоот Ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүн 450,000,000 төгрөг, нэмэлт гэрээний үнийн дүн 16,000,000 төгрөг, нийт 466,000,000 төгрөг бөгөөд дээрх барьцаанд авч үлдсэн 35,403,614 төгрөгийг хасаж үлдэгдэл 430,596,386 төгрөгийг гүйцэтгэгч талд төлсөн. Гэтэл хариуцагч тал үндсэн төлбөр 70,378,764 төгрөг, алданги 35,189,382 төгрөг, нийт 105,568,146 төгрөг гэж нэхэмжилж байгаа нь огт үндэслэлгүй юм. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Н Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Талуудын хооронд байгуулсан гэрээн дээр 3 жилийн баталгаат хугацаанд өөрийн хөрөнгөөр засаж өгнө гэсэн үүрэг байгаа ч үүргээ биелүүлээгүй. 140 сая төгрөгийг нэхэмжилж байгаа. Шаардлагаа дэмжиж байгаа. Харин сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй... гэв.

 

Нэхэмжлэгч Н Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Саранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хяналтын инженер нь байна. Оршин суугчдаас гомдол ирж байсан. Хаалга цонх хана гэж байсан. Цонх яагаад сийгсэн гэхээр фасадаа хуулахад гар орох зайны нүхтэй байсан. Өрлөгийн чанар муу байсан. Цонх өрлөг 2-ын завсар онгорхой байсан. Тухайн үед хэн ч харж чадаагүй. ...Бид 2 жил танай араас хөөцөлдсөн. Гэрээ хийсэн хаягаар очоод юу ч байхгүй байсан...

 

Хариуцагч Р ГХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнх-Ачит шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Гадна фасадны ажлыг муу хийсэн гэж байгаа. Чанаргүй хийсэн талаар Мэргэжлийн байгууллагаас хийсэн дүгнэлт байхгүй. ...Иймд нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна... гэв.

 

Хариуцагч Р ГХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхдалай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Бид нар жижиг сажиг бүрт нь очиж байсан. Яг фасадны ажил дээр дуудаагүй. Бид нар мөнгөө авах асуудал байгаа боловч байж байж байгаад шүүх дээр дуудсан... гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н Т ХХК нь хариуцагч Р ГХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 67,306,137 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 72,693,863 төгрөгөөр ихэсгэж, нийт 140,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан.

Хариуцагч Р ГХХК нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгч Н Т ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 119,968,146 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, зохигч талууд маргаж байна.

Шүүх, Н Т ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Р ГХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Талууд 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр №13-1289 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, гүйцэтгэгч тал буюу Р ГХХК нь Хан-Уул дүүрэг, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа 108 айлын орон сууцны гадна фасадны ажлыг гэрээнд заасан хугацаанд Барилгын тухай хууль болон холбогдох бүхий л хууль, стандарт, норм, дүрмийн хүрээнд, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх, захиалагч Н Т ХХК нь гэрээнд заасан санхүүжилтийг хугацаандаа төлөх үүрэг хүлээжээ.

Ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэлийн ажлын үр дүн хүлээлцсэн акт үйлдээгүй байх боловч Р ГХХК нь гэрээт ажлыг 2014 оны 02 дугаар сард хийж дуусган ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн гэх зохигч талуудын тайлбар, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2014/93 дугаартай акт /хэргийн 29-33 дугаар хуудас/ зэргийг үндэслэн гүйцэтгэсэн ажлыг хүлээлцсэн гэж үзэх боломжтой гэж үзэв.

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасан гомдлын шаардлага гаргах хугацаандаа гомдол гаргасан боловч фасадны ажилд дутагдал илэрсэн гэж үзэх үндэслэл нотлогдоогүй тул хариуцагчийг нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх ашиг сонирхлыг зөрчсөн, улмаар зөрчигдсөн эрхийг сэргээх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн түүнчлэн, Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар, захиалагч нь доголдлыг арилгуулахаар хугацаа тогтоосон эсэх, тухайн хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэг арга хэмжээ аваагүйгээс захиалагч тал тухайн доголдлыг арилгасан гэж үзэх үндэслэл нотлогдож тогтоогдсонгүй.

Нэхэмжлэгч Н Т ХХК нь хариуцагч Р ГХХК-д хандан 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 16/153 дугаартай албан бичгээр ...гологдсон ажлыг 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн дотор зохих норм стандартын дагуу хийж гүйцэтгэх талаар мэдэгдэл хүргүүлсэн гэх боловч хариуцагч Р ГХХК-ийн ...тухайн ажлын чанаргүй болсон тухай албан бичиг, албан захидлаар мэдэгдэлгүйгээр 3 жилийн баталгаат хугацаа дуусах өдөр буюу 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр тендер зарласан гэсэн тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Н Т ХХК нь дээрх мэдэгдлийг хариуцагч Р ГХХК-д хүргүүлсэн эсэх нь тодорхойгүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

Захиалагч Н Т ХХК нь гэрээний 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан захиалагч тал ажлыг хүлээн авсны дараа гарсан доголдол, эвдрэл, гэмтлийг гүйцэтгэгч өөрийн зардлаар 100% сэргээн засварлана гэсэн заалтыг зөрчин, гүйцэтгэгч Р ГХХК-д гадна фасадны ажил чанаргүй болсон талаар мэдэгдээгүй, сэргээн засварлах боломж олголгүй, 108 айлын гадна фасадыг шинээр засварлах ажлыг хийж гүйцэтгүүлэхээр тендер зарлаж, улмаар 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №16-1651 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-г Дэлгэрэх бумба ХХК-тай байгуулан орон сууцны гадна фасадыг чанаргүй хийснийг буулгаж, дахин шинээр хийлгэсэн зардлаа нэхэмжилжээ.

Н Т ХХК нь Дэлгэрэх бумба ХХК-аар 108 айлын гадна фасадыг ажил гүйцэтгэх гэрээний дагуу дахин хийлгэсэн болох нь тогтоогдож байгаа хэдий ч ийнхүү дахин хийх болсон үндэслэл нь өрлөг чанаргүйгээс үү, фасад чанаргүйгээс үү гэдэг нь фасадны талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

Иймд нэхэмжлэгч Н Т ХХК-ийн хариуцагч Р ГХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 140,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Хариуцагч Р ГХХК нь ажил гүйцэтгэх гэрээний 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт заасны дагуу үндсэн төлбөр 70,378,764 төгрөг, алданги 35,189,382 төгрөг, гэрээний 5.6 дахь хэсэгт заасны дагуу 14,400,000 төгрөг, нийт 119,968,146 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч Н Т ХХК-д холбогдуулан гаргажээ.

Гэрээний талууд болох Н Т ХХК нь 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Р ГХХК-тай хийсэн гэрээт ажлын тооцоог гаргасан ба барьцаа /5%/ 41,200,000 төгрөг, үлдэгдэл 29,178,764 төгрөг, нийт 70,378,764 төгрөгийг Н Т ХХК-аас Р ГХХК-д төлөхөөр талууд гарын үсэг зурж, санхүүгийн тэмдэг дарж баталгаажуулсан нь хэргийн материалын 241 дүгээр талд авагдсан байна.

Харин хариуцагч Р ГХХК нь гэрээний 5.4 дэх хэсэгт заасныг баримтлан 35,189,382 төгрөгийн, 5.6 дахь хэсэгт заасныг баримтлан 14,400,000 төгрөгийн алданги, нийт 45,589,146 төгрөгийн алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж шүүх үзэв.

Талуудын хооронд 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.8 дахь хэсэгт үлдэгдэл санхүүжилт болох 42.13% буюу 189,567,000 төгрөгийг гэрээт ажил бүрэн дуусаж, 4% актаар хүлээлгэн өгч, гэрээ дуусгавар болсны дараа орон сууцыг арилжих замаар, гэрээний 3.4. 3.5, 3.6-д зааснаар гүйцэтгэсэн ажлаас хамааралтайгаар тодорхой хувиар төлбөрийг шилжүүлэх, гэрээний 5.4-т захиалагч тал гэрээнд заасан төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээт ажлын гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги гүйцэтгэгч талд төлнө гэж тохиролцжээ.

Гэвч гэрээнд заасан хугацаанд ажлын үр дүнг талууд хүлээлцээгүйгээс гадна, хугацаа хэтэрсэн хоног тутамд алданги тооцох боломжгүй байдлаар буюу хоног тодорхойгүй байдлаар ажлыг хүлээлцсэн байх тул ажил гүйцэтгэгч тал нь гэрээний 5.4, 5.6-д зааснаар алданги шаардах эрхгүй байна. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн өдөр тодорхой байх нь гэрээгээр тохиролцсон алданги тооцоход чухал ач холбогдолтой.

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу Н Т ХХК-аас 70,378,764 төгрөгийг гаргуулж, Р ГХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 49,589,382 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н Т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,015,901 төгрөг, сөрөг нэхэмжлэгч Р ГХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 757,800 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Н Т ХХК-иас 70,378,764 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 509,843.82 төгрөгийг гаргуулж, сөрөг нэхэмжлэгч Р ГХХК-д олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2-т тус тус заасныг баримтлан, хариуцагч Р ГХХК-д холбогдуулан гаргасан 140,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н Т ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч Н Т ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 70,378,764 төгрөгийг гаргуулан хариуцагч Р ГХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 49,589,382 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н Т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,015,901 төгрөг, хариуцагч Р ГХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 757,800 төгрөгийг улсын төсвийн орлогод тус тус хэвээр үлдээж, сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Н Т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 509,843.82 төгрөгийг гаргуулж, сөрөг нэхэмжлэгч Р ГХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА