Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/01999

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/01999

 

 

Ньютур ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2018/002346 дугаар шийдвэртэй, Ньютур ХХК-ийн нэхэмжлэлтэй Рокпэйнт групп ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 140,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, ажил гүйцэтгэх гэрээний хөлс 119 968 146 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргил, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнх-Ачит, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Ньютур ХХК болон Рокпэйнт групп ХХК-иуд нь 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 13-1142 тоот, 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 13-1289 тоот Ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулж хамтран ажилласан. Талуудын хооронд байгуулсан 13-1142 тоот Ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэгч Рокпэйнт групп ХХК нь Хан-Уул дүүрэг, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа захиалагч байгууллагын 108 айлын орон сууцны барилгын гадна дотор өрлөг, дэд өртөөний барилгын өрлөг, С блокийн парпедны өрлөг, дээврийн агааржуулалтын сувгийн өрлөгийн ажил, 13-1289 тоот Ажил гүйцэтгэх гэрээний дагуу тус 108 айлын орон сууцны гадна фасадны ажлыг тус тус хийж гүйцэтгэсэн болно. Дээрх гэрээнүүдийн дагуу манай компанийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ цаг тухайд нь биелүүлж, үе шатны санхүүжилтийг тухай бүрт нь Рокпэйнт групп ХХК-д шилжүүлсэн. Гүйцэтгэгч тал болох Рокпэйнт групп ХХК нь гэрээт ажлыг 2014 оны 02 дугаар сард хийж дуусган хүлээлгэж өгсөн. Гэтэл 2015 оноос эхлэн тус байрны оршин суугчид болон Сууц өмчлөгчдийн холбооноос тус орон сууц туйлын хүйтэн, хана цуурч хагарсан, гадна фасадны дулаан алдалттай байгаа учир гадна фасадыг тэр чигээр дахин шинээр засварлан хийж гүйцэтгэх талаар удаа дараа гомдол ирсэн. Иймээс манай компанийн зүгээс тус ажлыг хийж гүйцэтгэсэн гүйцэтгэгч болох Рокпэйнт групп ХХК-ийг тус чанаргүй хийж гүйцэтгэсэн ажлаа засварлах, дахин хийж гүйцэтгэн оршин суугчдын гомдлыг барагдуулах талаар удаа дараа мэдэгдэж албан шаардлага хүргүүлж байсан.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2-д гүйцэтгэгч нь хийж гүйцэтгэсэн ажлаа актаар бүрэн хүлээлгэн өгсөн өдрөөс хойш 3 жилийн баталгаат хугацаа гаргаж өгнө, 2.3-д Баталгаат хугацаанд гарсан тухайн ажлын гүйцэтгэл, чанартай холбоотой аливаа эвдрэл гэмтлийг гүйцэтгэгч нь өөрийн хөрөнгөөр 100% засварлаж өгнө, 4.2.1-д Барилга угсралтын ажлыг гэрээнд заасан хугацаанд Барилгын тухай хууль болон холбогдох бүхий л хууль, стандарт, норм дүрмийн хүрээнд чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ гэж тус тус заасан. Гэтэл гүйцэтгэгч тал болох Рокпэйнт групп ХХК нь Барилгын тухай хууль болон талуудын хооронд байгуулсан гэрээнд заасан зүйл заалтын дагуу баталгаат хугацаанд гарсан, чанаргүй хийж гүйцэтгэсэн ажлаа засварлаж өгөхгүй, цаг хугацаа өнгөрөөсөн байдалтай байсаар ирсэн. Иймд арга буюу манай компанийн зүгээс тус Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 108 айлын орон сууцны гадна фасадыг шинээр засварлах ажлыг хийж гүйцэтгүүлэхээр тендер зарлаж улмаар Дэлгэрэх бумба ХХК-ийг сонгон шалгаруулж, тус компанитай 140 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий Ажил гүйцэтгэх гэрээг 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байгуулж хамтран ажилласан. Рокпэйнт групп ХХК-ийн чанаргүй, чанарын шаардлага хангахгүй хийж гүйцэтгэсэн ажлын улмаас манай компани хохирч дахин 140 000 000 төгрөг зарцуулан тус ажлыг хийж гүйцэтгүүлсэн болно. ...Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1.7-д Захиалагч нь ажлыг хүлээн авах үед нүдээр харж илрүүлэх боломжгүй, чанарын болон иж бүрдлийн дутагдал доголдлыг шалгах баталгаа болгон гэрээний нийт үнийн дүнгийн 5%-тай тэнцэх төлбөрийг барьцаа болгон авч үлдэх эрхтэй гэсэн заалтын дагуу гүйцэтгэгч талд олгох санхүүжилтээс авч үлдсэн барьцаа болон өөр бусад гэрээний барьцаа болох 72 693 863 төгрөг манай компанид хадгалагдаж байгаа юм. Тус барьцаа мөнгийг өөр гүйцэтгэгчээр гэрээт ажлын чанаргүй ажлыг дахин хийлгэсэн 140 000 000 төгрөгт суутгаж, үлдэгдэл 67 306 137 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 494 481 төгрөгийн хамт Рокпэйнт групп ХХК-аас гаргуулж, манай компанийн хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ньютур ХХК нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: 140 000 000 төгрөгийн зөрүү 72 693 863 төгрөгийг нэмж нэхэмжлэх шаардлагатай байна. Иймд 140 000 000 төгрөгийг Рокпэйнт групп ХХК-аас гаргуулж, манай компанийн хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

 

 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнх-Ачит шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Учир нь тус компанитай 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүрэг, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан 108 айлын орон сууцны гадна фасадны ажлын гэрээг байгуулан 2013 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр дуусгахаар тохиролцож, гэрээг байгуулсан боловч гэрээний 9, 8-ын дагуу нөхцөл байдал үүссэн бөгөөд 2013 оны 9 дүгээр сарын 25-нд хүлээлгэн өгсөн. Тус ажилд санхүүжилттэй холбоотой үүссэн асуудал байдаг. Ньютур ХХК нь Рокпэйнт групп ХХК-д тухайн ажлын чанаргүй болсон тухай албан бичиг, албан захидлаар илгээж мэдэгдэлгүйгээр 3 жилийн баталгаат хугацаа дуусах өдөр буюу 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр тендер зарлаж, 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шалгаруулан, тухайн сарын 07-ны өдөр гэрээг байгуулан ажлыг гүйцэтгүүлсэн нь бизнесийн ёс зүйгүй үйлдэл хийгээд гэрээний үүргээ биелүүлээгүй. Тус ажлын чанар, гүйцэтгэлд хоёр талаас харилцан хяналт тавьж ажиллаж байсан бөгөөд Ньютур ХХК нь гэрээний 4.1.6.8-т гүйцэтгэгч нь гэрээт ажлыг чанаргүй, буруу, дутуу хийж гүйцэтгэсэн тохиолдолд зөрчлийг арилгуулах хүртэл захиалагчаас санхүүжилтийг хойшлуулах эрхтэй гэж заасан. Нью тур ХХК-ийн зүгээс барилгын инженер хяналтын баг нь манай компанийн гүйцэтгэж буй үе шатны ажилд өдөр бүр хяналт тавьж ажиллаж байсан бөгөөд чанарын доголдолтой ажлуудыг тухай бүр засаж залруулж, ажлын зураг, ажлын даалгаврын дагуу хийж гүйцэтгэн ил далд зураг болон актаар хүлээлгэн өгч байсан. Гэрээний 4.1.2-т заасны дагуу ажлыг хэвийн үргэлжлүүлэх чиглэлийг Ньютур ХХК-ийн зүгээс өгч байсан. Манай компани нь гэрээний 4.2.12-т заасны дагуу захиалагчид чанарын доголдолгүй үр дүнг хүлээлгэн өгнө гэж заасны дагуу хүлээлгэн өгсөн бөгөөд ажлыг 2 талаас актаар баталгаажуулж захиалагч тал хүлээн авсан. Харин 5%-ийг барьцаа болгон хүлээн авсан бөгөөд санхүүжилтийн барьцааг одоог хүртэл олгоогүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Рокпэйнт групп ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Гэрээний 3.1-т заасны дагуу ажлын санхүүжилтийг 5 үе шаттайгаар хийхээр тохиролцсон бөгөөд хамгийн сүүлийн буюу 42.13%-ийн санхүүжилтийг Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд баригдаж байгаа 108 айлын орон сууцны А блок А айлын 5 давхрын 66 тоот, А блок С айлын 12 давхарт 106 тоот, зоорийн давхарт 7 дугаар гараж, нийт 189 567 000 төгрөгтэй дүйцүүлж, 2013 оны 4 дүгээр улиралд багтаан шилжүүлэхээр тохиролцсон боловч 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлсэн. Тус гэрээний 5.6-д байр ашиглалтад орох хугацаа 45 хоногоос илүү хугацаагаар хойшилсон тохиолдолд захиалагч тал нь хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 20%-аас тооцон өдрийн 0.1%-тай тэнцэн алдангийг гүйцэтгэгч талд төлнө гэж заасан. Ийм учраас 160 хоногийн алданги болох 4500 00 000*20%=90 000 000*0.1% =90 000*160 хоног=14 400 000 төгрөг, Гэрээний 5 дугаар зүйлийн 5.4-т ...0.5%-ийн алданги гүйцэтгэгч талд төлнө гэж заасны дагуу үндсэн төлбөр 70 378 764 төгрөг, алданги 35 189 382 төгрөг, нийт 105 568 146 төгрөг, 14 400 000 төгрөг, нийт 119 968 146 төгрөгийг Ньютур ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан тайлбартаа: Рокпэйнт групп ХХК нь гэрээт ажлыг 2014 оны 6 дугаар сард эцсийн байдлаар дуусган хүлээлгэн өгсөн бөгөөд манай компанийн зүгээс гэрээний дагуу тэр дор нь буюу 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдөр дээрх 2 ширхэг байр болон 1 ширхэг гаражийг гүйцэтгэгч тал болох Рокпэйнт групп ХХК-д хүлээлгэн өгсөн байдаг. Рокпэйнт групп ХХК нь гэрээт ажлыг 2014 оны 6 дугаар сард хүлээлгэн өгсөн болох нь тус компанийн манай компанид ирүүлсэн 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 11/14 тоот албан тоотоор нотлогдож байна. Тус барилгад улсын комисс 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ажилласан ба үүрэг даалгаврын биелэлтээр буюу комиссын гишүүдийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж дууссаны дараа комиссын гишүүд гарын үсэг зурж 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр эцсийн байдлаар хүлээн авсан болно. Сөрөг нэхэмжлэлд дурдсан 14 400 000 төгрөгийн алданги үндэслэлгүй байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1.7-д заасны дагуу манай компанийн зүгээс Рокпэйнт групп ХХК-д 13-1289 тоот Ажил гүйцэтгэх гэрээний дагуу олгох санхүүжилтээс баталгаат хугацааны барьцаа 23 300 000 төгрөг, үлдэгдэл санхүүжилтээс 12 103 614 төгрөг, нийт 35 403 614 төгрөг авч үлдсэн. Тус 108 айлын гадна фасадны ажил гүйцэтгэх 13-1289 тоот Ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүн 450 000 000 төгрөг, нэмэлт гэрээний үнийн дүн 16 000 000 төгрөг, нийт 466 000 000 төгрөг бөгөөд дээрх барьцаанд авч үлдсэн 35 403 614 төгрөгийг хасаж үлдэгдэл 430 596 386 төгрөгийг гүйцэтгэгч талд төлсөн. Гэтэл хариуцагч тал үндсэн төлбөр 70 378 764 төгрөг, алданги 35 189 382 төгрөг, нийт 105 568 146 төгрөг гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2-т тус тус заасныг баримтлан, хариуцагч Рокпэйнт групп ХХК-д холбогдуулан гаргасан 140 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ньютур ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч Ньютур ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 70 378 764 төгрөгийг гаргуулан хариуцагч Рокпэйнт групп ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 49 589 382 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ньютур ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 015 901 төгрөг, хариуцагч Рокпэйнт групп ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 757 800 төгрөгийг улсын төсвийн орлогод тус тус хэвээр үлдээж, сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Ньютур ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 509 843.82 төгрөгийг гаргуулж, сөрөг нэхэмжлэгч Рокпэйнт групп ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагад нийцсэнгүй. Шүүх Ньютур ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ ямар хууль зүйн үндэслэлээр бодит үйл баримтыг үгүйсгэсэн нь ойлгомжгүй байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт ...гомдлын шаардлага гаргах хугацаандаа гомдол гаргасан боловч фасадны ажилд дутагдал илэрсэн гэж үзэх үндэслэл нотлогдоогүй гэж бичжээ. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Рокпэйнт групп ХХК-ийн Ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажил доголдолтой байсан болохыг нотолсон шинжээчийн дүгнэлт, орон сууцыг худалдан авсан айл өрхүүдийн болон СӨХ-ны гомдол, доголдлыг арилгуулсан буюу дахин ажлыг гүйцэтгүүлсэн баримтууд байсаар байтал тухайн баримтуудыг хэрхэн үнэлж, үгүйсгэсэн нь тодорхойгүй байна. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу Рокпэйнт групп ХХК нь ажлаа чанарын доголдолтой гүйцэтгэсний улмаас орон сууцны хана цуурч хагарсан, гадна фасадны ажил чанаргүй хийгдсэний улмаас дулааны алдагдалтай, оршин суугчид амьдрах боломжгүй нөхцөл байдал үүссэний улмаас дахин зардал гаргаж засан сайжруулсан. Энэ нь зайлшгүй шаардлагын улмаас хийгдсэн засвар болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байхад манай компанийн эрх ашиг сонирхол зөрчигдөөгүй мэтээр дүгнэсэнд гомдолтой байна. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т заасан хэсэг нь Захиалагчийн ажил гүйцэтгэгчид шаардлага гаргах эрхийг зохицуулсан заалт болохоос манай компанийг ажил гүйцэтгэгч Рокпэйнт групп ХХК-аар доголдлыг арилгуулахыг үүрэгжүүлсэн зохицуулалт биш юм. Ажил гүйцэтгэгч Рокпэйнт групп ХХК-ийг чанаргүй хийж гүйцэтгэх ажлаа засварлах, дахин хийж гүйцэтгэн оршин суугчдын гомдлыг барагдуулах талаар удаа дараа мэдэгдэж албан шаардлага хүргүүлж энэхүү шаардлага гаргах эрхээ манай компани хэрэгжүүлсэн. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээний талууд Ажил гүйцэтгэх гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй болохыг хуульчилсны дагуу манай компани шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Рокпэйнт групп ХХК нь манай компанитай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний ' дагуу өрлөг, фасадын ажлыг гүйцэтгэсэн болох нь тогтоогдож байхад Дэлгэрэх бумба ХХК-аар 108 айлын гадна фасадыг ажил гүйцэтгэх гэрээний дагуү дахин хийлгэсэн болох нь тогтоогдсон хэдий ч дахин хийх болсон үндэслэл нь өрлөг чанаргүйгээс үү, фасад чанаргүйгээс үү гэдэг нь фасадны талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч Рокпэйнт групп ХХК-ийн гэрээний дагуу гүйцэтгэсэн ажил чанарын доголдолтой байсан болохыг баталгаат хугацааны дотор илрүүлсэн талаар дүгнээд байгаа атлаа, мөн манай компани уг чанарын доголдлыг нь Дэлгэрэх бумба ХХК-аар арилгуулсан болохыг үгүйсгээгүй мөртлөө нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээд байгаа нь логикийн хувьд ч шүүхийн шийдвэр алдаатай болохыг харуулж байна. Манай компанийн нэхэмжлэл болон хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч Рокпэйнт групп ХХК нь ажлыг чанаргүй гүйцэтгэсний улмаас манай компанид 140 000 000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байгаа тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж манай компанийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү. Шүүх сөрөг нэхэмжлэлийг хангахдаа 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдөр гэрээний талууд гэрээт ажлын тооцоог гаргасан баримтыг үндэслэжээ. Манай компани нь хариуцагч Рокпэйнт групп ХХК-тай байгуулсан 13-1289 тоот Ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүн 450 000 000 төгрөг, нэмэлт гэрээний үнийн дүн 16 000 000 төгрөг нийт 466 000 000 төгрөгийг төлөх үүрэгтэй бөгөөд барьцааны 35 403 614 төгрөгийг хасаж, үлдэх 430 596 386 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан төлбөрийг төлсөн баримтуудаар тогтоогдож байгаа. Гэтэл шүүх зөвхөн нэг баримтыг үнэлж, бусад нотлох баримтуудыг нь харьцуулан үнэлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3 дахь хэсгийн зохицуулалтуудыг зөрчсөн. Иймд сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу тул хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнх-Ачит давж заалдах гомдолдоо: Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Талуудын хооронд нийт гурван гэрээ байгуулагдсан бөгөөд ажил гүйцэтгэх 13-1289 тоот гэрээний үлдэгдэл төлбөр 35 374 228, ажил гүйцэтгэх 13-1490 тоот гэрээний үлдэгдэл төлбөр 31 804 536, ажил гүйцэтгэх 13-1560 тоот гэрээний үлдэгдэл төлбөр 3 200 000 нийт 70 387 764 төгрөгийг Ньютур ХХК нь манай компанид төлөөгүй.Нью тур ХХК болон Рокпэйнт групп ХХК нь 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж Ньютур ХХК нь манай компанид нийт 70 378 764 төгрөгийн өртэй болохыг харилцан баталж, гарын үсэг зурж тамга дарж баталгаажуулсан байдаг. Түүнчлэн нэхэмжлэгч Ньютур ХХК нь 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан нэхэмжлэлдээ дээрх барьцаа төлбөрийг хадгалж байгаагаа хүлээн зөвшөөрч тайлбарласан байдаг. Тухайн барилгыг Улсын комисс 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ашиглалтад оруулсан бөгөөд гэрээний дагу энэ өдрөөс хойш нэг жилийн дараа буюу 2015 оны 02 дугаар сарын 10-пы өдөр Ньютур ХХК нь дээрх гурван гэрээний дагуу барьцаа төлбөрүүдийг манай компанид төлөх байсан ч төлөөгүй. Үүнээс хойш манай компани нь уг төлбөрийг төлж барагдуулах талаар Ньютур ХХК-д удаа дараа хандсан боловч төлбөрийг барагдуулах талаар идэвх санаачлаг гаргаагүй. Ажил гүйцэтгэх 13-1560 тоот гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.13-д болон ажил гүйцэтгэх 13-1289, 13-1490 тоот гэрээнүүдийн 5 дугаар зүйлийн 5.4-т "Захиалагч тал гэрээнд заасан төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээт ажлын гүйцэтгээгүй үүргийн үүргийн дүнгийн 0.5%-ийн алданги гүйцэтгэгч талд төлнө гэж заасан. Ийм учраас 2015 оны 02-р сарын 10-ны өдрөөс сөрөг нэхэмжлэл гаргасан 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 991 хоногийн алданги буюу 70 378 764*0.5/100=351 893*991= 348 725 963 төгрөг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу хязгаарлагдав /35 189 382 төгрөг буюу 70 378 764+35 189 382 төгрөг нийт 105 568 146 төгрөгийг Ныотур ХХК-аас нэхэмжэлжилсэн болно. Гэтэл анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн үндсэн төлбөр 70 378 764 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн атлаа алданги 35 189 382 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүх Ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэлийн ажлын үр дүн хүлээлцсэн акт үйлдээгүй байх боловч Рокпэйнт групп ХХК нь гэрээт ажлыг 2014 оны 02 дугаар сард хийж дуусган ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн гэх зохигч талуудын тайлбар, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2014 ооны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2014/93 дугаартай акт /хэргийн 29-33 дугаар хуудас/ зэргийг үндэслэн гүйцэтгэсэн ажлыг хүлээлцсэн гэж үзэх боломжтой гэж үзэв гэж зөв дүгнэж сөрөг нэхэмжлэлийн үндсэн төлбөрийг хангаж шийдвэрлэсэн боловч алдангийг хэрэгсэхгүй болгохдоо доорх байдлаар буруу дүгнэсэн. Анхан шатны шүүх гэвч гэрээнд заасан хугацаанд ажлын үр дүнг талууд хүлээлцээгүшээс гадна, хугацаа хэтэрсэн хоног тутамд алданги тооцох боломжгүй байдлаар буюу хоног тодорхойгүй байдлаар ажлыг хүлээлцсэн байх тул ажил гүйцэтгэгч тал нь гэрээний 5.4, 5.6-д зааснаар алданги шаардах эрхгүй байна. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн өдөр тодорхой байх нь гэрээгээр тохиролцсон алдангийг тооцоход чухал ач холбогдолтой гэж дүгнэсэн нь учир дутагдалтай ойлгомжгүй бөгөөд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Учир нь Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2014/93 дугаартай актаар ажлын үр дүнг хүлээлцсэн болох нь тогтоогдож байна. Ийм учраас Ажил гүйцэтгэх 13-1560 тоот гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.13-д болон ажил гүйцэтгэх 13-1289, 13-1490 тоот гэрээнүүдийн 5 дугаар зүйлийн 5.4-т Захиалагч тал гэрээнд заасан төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээт ажлын гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-ийн алданги гүйцэтгэгч талд төлнө гэж заасны дагуу алданги 35 189 382 төгрөгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон нотлох баримт бүрдүүлэх журмыг хуульд зааснаар хэрэгжүүлсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг маргааны үйл баримттай харьцуулан үнэлж, дүгнэлт хийж чадаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Ньютур ХХК нь хариуцагч Рокпэйнт групп ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 140 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс, алданги 119 968 146 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Ньютур ХХК болон Рокпэйнт групп ХХК нь 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 13-1289 тоот Ажил гүйцэтгэх гэрээ тус тус байгуулж, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа захиалагч байгууллагын 108 айлын орон сууцны барилгын гадна фасадны ажлыг хийж гүйцэтгэсэн үйл баримт хэрэгт авагдсан ажил гүйцэтгэх гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдсон./1хх-ийн 6-8 дугаар тал/

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Харин зохигчид гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн доголдолтой холбоотой маргажээ. Түүнчлэн хариуцагч сөрөг нэхэмжлэлээр гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл хөлсийг шаардсан.

Шүүх дээрх маргааныг шийдвэрлэхдээ нотлох баримтыг буруу үнэлсэн алдааг гаргасан боловч хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна. Тодруулбал, шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ фасадны ажлыг дахин хийсэн нь өрлөг чанаргүйгээс үү, фасад чанаргүйгээс үү гэдэг нь ... ач холбогдолтой гэж дүгнэхдээ тухайн барилгын өрлөгийн ажлыг маргааны талууд биш Рокпэйнт ХХК гүйцэтгэсэн болохыг анхаараагүй байна.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ захиалагч, гүйцэтгэгч нарын хооронд 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан 13-1289 тоот ажил гүйцэтгэх гэрээний ажлын үр дүнгийн доголдолтой холбоотой бусад этгээдээр ажил гүйцэтгүүлж, нэмэлт зардал гаргасан гэж тодорхойлжээ. Хэрэгт авагдсан Хан-Уул дүүрэг, 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 108 айлын орон сууцны оршин суугчид болон Мишээл СӨХ-оос гадна фасадны дулаан алдалтай учир дахин хийлгэх тухай удаа дараа ирүүлсэн шаардлага, Ньютур ХХК болон Дэлгэрэх бумба ХХК-ийн хоорондын ажил гүйцэтгэх гэрээ, ажлын гүйцэтгэлийн акт зэрэгт 108 дугаар байрны барилгын гадна фасадны засварыг гүйцэтгэх, хийж гүйцэтгэсэн талаар дурдсанаас үзэхэд тухайн ажил доголдолтой байсан болох нь нотлогдсон./1хх-ийн 56,142-147,154 дүгээр тал/

Уг зардалтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэхэмжлэгчээс хариуцагчид түүний гүйцэтгэсэн ажил доголдолтой байгаа талаар болон бусад этгээдээр гүйцэтгүүлэх, зардал гаргах шаардлага үүссэн талаараа зохих ёсоор мэдэгдэх ёстой. Хуулийн энэ шаардлагыг хэрэгжүүлсэн, үүргээ биелүүлсэн болохоо нэхэмжлэгч баримтаар нотолж чадаагүй. Тэрээр 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 16/153 тоот албан бичгээр мэдэгдсэн гэх боловч хариуцагч хүлээж аваагүй талаар тайлбар гаргаж няцаасан.

Захиалагч Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т заасны дагуу ажлын доголдлыг арилгуулахаар ажил гүйцэтгэгчид мэдэгдэх, хугацаа тогтоох үүрэгтэй. Гэхдээ энэ доголдлын талаар мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, биелүүлсэн гэдгээ баримтаар нотолж чадаагүй нь уг ажлыг доголдолгүй гэж үзэх, эсхүл ажлын доголдлыг арилгуулах талаарх зардлыг шаардах эрхийг бүхэлд нь үгүйсгэхгүй. Харин ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын доголдолтой холбоотой зайлшгүй гарсан зардал болохыг нэхэмжлэгч өөрөө нотлох үүргийг хүлээнэ.

Талуудын хоорондын 466 000 000 төгрөгийн үнэ бүхий гэрээний орон сууцны барилгын гадна фасадны ажил доголдолтой байснаас захиалагч өөр компаниар уг доголдлыг арилгуулах ажлыг гүйцэтгүүлж, 140 000 000 төгрөгийн зардлыг гаргасан гэж Дэлгэрэх Бумба ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, ажлын гүйцэтгэлийн акт, нэхэмжлэх, төлбөрийн даалгавар, тайлан зэрэг баримтыг гаргажээ. /1хх-ийн 142-147, 154-160, 165-166 дугаар тал/

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх Барилгын төсөвчдын холбоо ТББ-ыг шинжээчээр томилсноор дээрх доголдлыг арилгуулахтай холбогдон гарах зардлыг 125 701 227 төгрөг болохыг тогтоосон байна. /2хх-ийн 25-27 дугаар тал/

Дээрх нотлох баримтууд, нөхцөл байдлаас дүгнэвэл шинжээчийн дүгнэлт буюу хөндлөнгийн этгээдийн гаргасан дүгнэлтийг үндэслэн доголдлыг арилгахад зарцуулсан зардлыг тогтоох боломжтой.

Шинжээчийн дүгнэлт дэх зардлын тооцооны задаргаанаас үзэхэд магадалшгүй ажлын зардал, нэмэлт ажлын зардал гэх тооцоог Барилгын ажлын төсөв зохиох дүрэм, зааврын дагуу гаргасан, бодиттойгоор зайлшгүй гарсан зардал гэж тооцох боломжгүй. Иймээс шинжээчийн дүгнэлтээр гарсан зардлаас нэмэлт зардал 61 хувиар тооцсон 10 574 125 төгрөг, магадалшгүй ажлын зардал 2 182 692 төгрөгийг тус тус хасч, нийт 111 882 534 төгрөгийг нэхэмжлэгчийн хувьд доголдолтой ажлыг гүйцэтгэхэд гарсан зайлшгүй зардал гэж үзэж хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй.

Анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 70 378 764 төгрөгийг хангаж шийдвэрлэхдээ нотлох баримтыг буруу үнэлсэн байна.

Хэргийн 241 дүгээр талд /1хх-ийн/ талуудын хооронд 70 378 764 төгрөгийн ажлын хөлсний үлдэгдэлтэй талаар эрх бүхий этгээдүүд болох нягтлан бодогч нарын үйлдсэн, тооцоо нийлсэн баримт авагдсан бөгөөд энэ баримтаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар шаардаж буй гадна фасадны ажилтай холбоотой ажлын хөлсний үлдэгдэл нь 35 374 228 /23 300 000+12 074 228/ төгрөг болох нь нотлогдсон. Гэтэл анхан шатны шүүх талуудын маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагад тусгагдаагүй гэрээний үлдэгдэл тооцоог нэмж тооцсон нь алдаатай болсон ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсгийг зөрчжээ. /1хх-ийн 241 дүгээр тал/

Нэхэмжлэгч гэрээний дагуу төлбөл зохих хөлснөөс төлөгдөөгүй 35 403 614 төгрөгийн хөлс төлөх үүрэгтэй болохоо өөрөө тайлбараараа нотолж, холбогдох баримтыг гаргаж өгсөн учраас хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар харьцуулан үнэлж ажлын хөлсний үлдэгдэл 35 403 614 төгрөгийг нэхэмжлэгч нь төлөх үүрэгтэй гэж үзнэ. /1хх-ийн 16 дугаар тал/

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний эрх чөлөөний зарчмын хүрээнд захиалагч тохирсон ажлын хөлсөө төлөх ёстой тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 35 403 614 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгохоор, мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт сөрөг нэхэмжлэлтэй холбоотойгоор зохигчдын эрх зүйн байдлыг буруу тодорхойлсныг залруулж өөрчлөлт оруулна .

Хариуцагч өөр бусд ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлөгдөөгүй үлдэгдэл хөлсийг шаардахад энэ шийдвэр саад болохгүй болно.

Шүүх сөрөг нэхэмжлэлээр шаардсан алдангийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй. Учир нь гүйцэтгэгч гэрээгээр тохирсон ажлыг хугацаанд гүйцэтгэж, хүлээлгэж өгсөн гэх байдлаа нотлоогүй, энэ талаар хэрэгт баримтгүй байна. Гэрээний 2.1-т Гэрээний хугацааг 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс эхэлж хуанлийн 70 хоног буюу 2013 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр байхаар тохиролцов. 9 дүгээр сарын 21-нд хугацаа дуусна /1хх-ийн 68 дугаар тал/ гэжээ. Улсын комисс байрыг хүлээн авсан 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс алданги тооцох үндэслэл болохгүй. Гэрээгээр тохирсон алданги учраас гэрээнд заасан хугацаандаа ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн тохиолдолд алдангийг шаардах эрх үүснэ. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2018/002346 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар Рокпэйнт групп ХХК-аас 111 882 534 төгрөгийг гаргуулж Ньютур ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 28 117 466 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дах заалтын 70 378 764 гэснийг 35 403 614 гэж, 49 589 382 гэснийг 84 564 532 гэж, 3 дах заалтын сөрөг нэхэмжлэлийн хариуцагч гэснийг нэхэмжлэгч гэж, сөрөг нэхэмжлэгч гэснийг хариуцагч гэж, ... ХХК-д гэсний дараа , хариуцагч Рокпэйнт групп ХХК-аас 717 363 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ньютур ХХК-д тус тус олгосугай гэж найруулан өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 333 900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн 1 209 844 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Б.НАРМАНДАХ