Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2019/00215

 

“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2018/02346 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1999 дүгээр магадлалтай

“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Р” ХХК-д холбогдох

“Ажил гүйцэтгэх гэрээ”-ний үүрэгт 140 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Aжлын хөлсний үлдэгдэл төлбөр, алдангид нийт 119 968 146 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнх-Ачитын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргил, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнх-Ачит, Л.Мөнхдалай, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Н” ХХК болон “Р” ХХК-иуд нь 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 13-1142 тоот, 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 13-1289 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-г тус тус байгуулж хамтран ажилласан. Талуудын хооронд байгуулсан 13-1142 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу гүйцэтгэгч “Р” ХХК нь Хан-Уул дүүрэг, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа захиалагч байгууллагын 108 айлын орон сууцны барилгын гадна дотор өрлөг, дэд өртөөний барилгын өрлөг, С блокийн парпедны өрлөг, дээврийн агааржуулалтын сувгийн өрлөгийн ажил, 13-1289 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу тус 108 айлын орон сууцны гадна фасадны ажлыг тус тус хийж гүйцэтгэсэн болно. Дээрх гэрээнүүдийн дагуу манай компанийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ цаг тухайд нь биелүүлж, үе шатны санхүүжилтийг тухай бүрт нь “Р” ХХК-д шилжүүлсэн. Гүйцэтгэгч тал болох “Р” ХХК нь гэрээт ажлыг 2014 оны 02 дугаар сард хийж дуусган хүлээлгэж өгсөн. Гэтэл 2015 оноос эхлэн тус байрны оршин суугчид болон Сууц өмчлөгчдийн холбооноос тус орон сууц туйлын хүйтэн, хана цуурч хагарсан, гадна фасадны дулаан алдалттай байгаа учир гадна фасадыг тэр чигээр нь дахин шинээр засварлан хийж гүйцэтгэх талаар удаа дараа гомдол ирсэн. Иймээс манай компанийн зүгээс тус ажлыг хийж гүйцэтгэсэн гүйцэтгэгч болох “Р” ХХК-ийг тус чанаргүй хийж гүйцэтгэсэн ажлаа засварлах, дахин хийж гүйцэтгэн оршин суугчдын гомдлыг барагдуулах талаар удаа дараа мэдэгдэж албан шаардлага хүргүүлж байсан.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2-д гүйцэтгэгч нь хийж гүйцэтгэсэн ажлаа актаар бүрэн хүлээлгэн өгсөн өдрөөс хойш 3 жилийн баталгаат хугацаа гаргаж өгнө, 2.3-д Баталгаат хугацаанд гарсан тухайн ажлын гүйцэтгэл, чанартай холбоотой аливаа эвдрэл гэмтлийг гүйцэтгэгч нь өөрийн хөрөнгөөр 100% засварлаж өгнө, 4.2.1-д “Барилга угсралтын ажлыг гэрээ”-нд заасан хугацаанд Барилгын тухай хууль болон холбогдох бүхий л хууль, стандарт, норм дүрмийн хүрээнд чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ гэж тус тус заасан. Гэтэл гүйцэтгэгч тал болох “Р” ХХК нь Барилгын тухай хууль болон талуудын хооронд байгуулсан гэрээнд заасан зүйл заалтын дагуу баталгаат хугацаанд гарсан, чанаргүй хийж гүйцэтгэсэн ажлаа засварлаж өгөхгүй, цаг хугацаа өнгөрөөсөн байдалтай байсаар ирсэн. Иймд арга буюу манай компанийн зүгээс тус Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 108 айлын орон сууцны гадна фасадыг шинээр засварлах ажлыг хийж гүйцэтгүүлэхээр тендер зарлаж улмаар “Дэлгэрэх бумба” ХХК-ийг сонгон шалгаруулж, тус компанитай 140 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий “Ажил гүйцэтгэх гэрээ”-г 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байгуулж хамтран ажилласан. “Р” ХХК-ийн чанаргүй, чанарын шаардлага хангахгүй хийж гүйцэтгэсэн ажлын улмаас манай компани хохирч дахин 140 000 000 төгрөг зарцуулан тус ажлыг хийж гүйцэтгүүлсэн болно. ...Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1.7-д “Захиалагч нь ажлыг хүлээн авах үед нүдээр харж илрүүлэх боломжгүй, чанарын болон иж бүрдлийн дутагдал доголдлыг шалгах баталгаа болгон гэрээний нийт үнийн дүнгийн 5%-тай тэнцэх төлбөрийг барьцаа болгон авч үлдэх эрхтэй” гэсэн заалтын дагуу гүйцэтгэгч талд олгох санхүүжилтээс авч үлдсэн барьцаа болон өөр бусад гэрээний барьцаа болох 72 693 863 төгрөг манай компанид хадгалагдаж байгаа юм. Тус барьцаа мөнгийг өөр гүйцэтгэгчээр гэрээт ажлын чанаргүй ажлыг дахин хийлгэсэн 140 000 000 төгрөгт суутгаж, үлдэгдэл 67 306 137 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 494 481 төгрөгийн хамт “Р” ХХК-аас гаргуулж, манай компанийн хохирлыг барагдуулж өгнө үү.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: 140 000 000 төгрөгийн зөрүү 72 693 863 төгрөгийг нэмж нэхэмжлэх шаардлагатай байна. Иймд 140 000 000 төгрөгийг “Р” ХХК-иас гаргуулж, манай компанийн хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Учир нь тус компанитай 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүрэг, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан 108 айлын орон сууцны гадна фасадны ажлын гэрээг байгуулан 2013 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр дуусгахаар тохиролцож, гэрээг байгуулсан боловч гэрээний 9, 8-ын дагуу нөхцөл байдал үүссэн бөгөөд 2013 оны 9 дүгээр сарын 25-нд хүлээлгэн өгсөн. Тус ажилд санхүүжилттэй холбоотой үүссэн асуудал байдаг. “Н” ХХК нь “Р” ХХК-д тухайн ажлын чанаргүй болсон тухай албан бичиг, албан захидлаар илгээж мэдэгдэлгүйгээр 3 жилийн баталгаат хугацаа дуусах өдөр буюу 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр тендер зарлаж, 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шалгаруулан, тухайн сарын 07-ны өдөр гэрээг байгуулан ажлыг гүйцэтгүүлсэн нь бизнесийн ёс зүйгүй үйлдэл хийгээд гэрээний үүргээ биелүүлээгүй. Тус ажлын чанар, гүйцэтгэлд хоёр талаас харилцан хяналт тавьж ажиллаж байсан бөгөөд “Н” ХХК нь гэрээний 4.1.6.8-т гүйцэтгэгч нь гэрээт ажлыг чанаргүй, буруу, дутуу хийж гүйцэтгэсэн тохиолдолд зөрчлийг арилгуулах хүртэл захиалагчаас санхүүжилтийг хойшлуулах эрхтэй гэж заасан. “Н” ХХК-ийн зүгээс барилгын инженер хяналтын баг нь манай компанийн гүйцэтгэж буй үе шатны ажилд өдөр бүр хяналт тавьж ажиллаж байсан бөгөөд чанарын доголдолтой ажлуудыг тухай бүр засаж залруулж, ажлын зураг, ажлын даалгаврын дагуу хийж гүйцэтгэн ил далд зураг болон актаар хүлээлгэн өгч байсан. Гэрээний 4.1.2-т заасны дагуу ажлыг хэвийн үргэлжлүүлэх чиглэлийг “Н” ХХК-ийн зүгээс өгч байсан. Манай компани нь гэрээний 4.2.12-т заасны дагуу захиалагчид чанарын доголдолгүй үр дүнг хүлээлгэн өгнө гэж заасны дагуу хүлээлгэн өгсөн бөгөөд ажлыг 2 талаас актаар баталгаажуулж захиалагч тал хүлээн авсан. Харин 5%-ийг барьцаа болгон хүлээн авсан бөгөөд санхүүжилтийн барьцааг одоог хүртэл олгоогүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Гэрээний 3.1-т заасны дагуу ажлын санхүүжилтийг 5 үе шаттайгаар хийхээр тохиролцсон бөгөөд хамгийн сүүлийн буюу 42.13%-ийн санхүүжилтийг Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд баригдаж байгаа 108 айлын орон сууцны А блок А айлын 5 давхрын 66 тоот, А блок С айлын 12 давхарт 106 тоот, зоорийн давхарт 7 дугаар гараж, нийт 189 567 000 төгрөгтэй дүйцүүлж, 2013 оны 4 дүгээр улиралд багтаан шилжүүлэхээр тохиролцсон боловч 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлсэн. Тус гэрээний 5.6-д байр ашиглалтад орох хугацаа 45 хоногоос илүү хугацаагаар хойшилсон тохиолдолд захиалагч тал нь хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 20%-аас тооцон өдрийн 0.1%-тай тэнцэн алдангийг гүйцэтгэгч талд төлнө гэж заасан. Ийм учраас 160 хоногийн алданги болох 450 000 000*20% = 90 000 000*0.1% = 90 000*160 хоног = 14 400 000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.4-т “...0.5%-ийн алданги гүйцэтгэгч талд төлнө” гэж заасны дагуу үндсэн төлбөр 70 378 764 төгрөг, алданги 35 189 382 төгрөг, нийт 105 568 146 төгрөг, 14 400 000 төгрөг, нийт 119 968 146 төгрөгийг Н ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан тайлбартаа: “Р” ХХК нь гэрээт ажлыг 2014 оны 6 дугаар сард эцсийн байдлаар дуусган хүлээлгэн өгсөн бөгөөд манай компанийн зүгээс гэрээний дагуу тэр дор нь буюу 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдөр дээрх 2 ширхэг байр болон 1 ширхэг гаражийг гүйцэтгэгч тал болох “Р” ХХК-д хүлээлгэн өгсөн байдаг. “Р” ХХК нь гэрээт ажлыг 2014 оны 6 дугаар сард хүлээлгэн өгсөн болох нь тус компанийн манай компанид ирүүлсэн 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 11/14 тоот албан тоотоор нотлогдож байна. Тус барилгад улсын комисс 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ажилласан ба үүрэг даалгаврын биелэлтээр буюу комиссын гишүүдийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж дууссаны дараа комиссын гишүүд гарын үсэг зурж 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр эцсийн байдлаар хүлээн авсан болно. Сөрөг нэхэмжлэлд дурдсан 14 400 000 төгрөгийн алданги үндэслэлгүй байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1.7-д заасны дагуу манай компанийн зүгээс “Р” ХХК-д 13-1289 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу олгох санхүүжилтээс баталгаат хугацааны барьцаа 23 300 000 төгрөг, үлдэгдэл санхүүжилтээс 12 103 614 төгрөг, нийт 35 403 614 төгрөг авч үлдсэн. Тус 108 айлын гадна фасадны ажил гүйцэтгэх 13-1289 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний үнийн дүн 450 000 000 төгрөг, нэмэлт гэрээний үнийн дүн 16 000 000 төгрөг, нийт 466 000 000 төгрөг бөгөөд дээрх барьцаанд авч үлдсэн 35 403 614 төгрөгийг хасаж үлдэгдэл 430 596 386 төгрөгийг гүйцэтгэгч талд төлсөн. Гэтэл хариуцагч тал үндсэн төлбөр 70 378 764 төгрөг, алданги 35 189 382 төгрөг, нийт 105 568 146 төгрөг гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2018/02346 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2-т тус тус заасныг баримтлан, хариуцагч “Р” ХХК-д холбогдуулан гаргасан 140 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Н” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч “Н” ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 70,378,764 төгрөгийг гаргуулан хариуцагч “Р” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 49,589,382 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Н” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,015,901 төгрөг, хариуцагч “Р” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 757,800 төгрөгийг улсын төсвийн орлогод тус тус хэвээр үлдээж, сөрөг нэхэмжлэлийн хариуцагч “Н” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 509,843.82 төгрөгийг гаргуулж, сөрөг нэхэмжлэгч “Р” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1999 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2018/002346 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар “Р” ХХК-аас 111 882 534 төгрөгийг гаргуулж “Ньютур” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 28 117 466 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалтын “70 378 764” гэснийг “35 403 614” гэж, “49 589 382” гэснийг “84 564 532” гэж, 3 дах заалтын “сөрөг нэхэмжлэлийн хариуцагч” гэснийг “нэхэмжлэгч” гэж, “сөрөг нэхэмжлэгч” гэснийг “хариуцагч” гэж, “... ХХК-д” гэсний дараа “, хариуцагч “Р” ХХК-аас 717 363 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ньютур” ХХК-д тус тус олгосугай” гэж найруулан өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 333 900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн 1 209 844 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнх-Ачит хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Р” ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнх-Ачит би Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09-р сарын 12-ны өдрийн 1999 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх: “....Хэрэгт авагдсан Хан-Уул дүүрэг, 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 108 айлын орон сууцны оршин суугчид болон “Мишээл” СӨХ-оос гадна фасадны дулаан алдалттай учир дахин хийлгэх тухай удаа дараа ирүүлсэн шаардлага, “Ныо Тур” ХХК болон “Дэлгэрэх бумба” ХХК-ийн хоорондын ажил гүйцэтгэх гэрээ, ажлын гүйцэтгэлийн акт зэрэг 108 дугаар байрны барилгын гадна фасадны засварыг гүйцэтгэх, хийж гүйцэтгэсэн талаар дурдсанаас үзэхэд тухайн ажил доголтой байсан болох нь нотлогдсон /1хх-ийн 56, 142-147, 154 дүгээр тал/ гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Бодит байдал дээр тухайн барилга нь гадна фасаднаас болоод дулаан алдсан зүйл байхгүй бөгөөд оршин суугчдын гомдлоос үзэхэд: “цонхны арам нь зөрүүтэй учраас салхи сийгэж байна, хаалга нь гажсан, паар сайн халдаггүй учраас хүйтэн, хананаас хөлөрдөг зэрэг” олон шалтгаанаас болж гомдол гаргасан байдаг. Оршин суугчид болон “Мишээл” СӨХ-ийн шаардлагын дагуу нэхэмжлэгч “Н” ХХК нь гадна фасаднаас болоод дулаан алдсан болохыг шинжээчийн дүгнэлтээр эсхүл эрх бүхий мэргэжлийн байгууллагын дүгнэлтээс гадна фасад нь чанаргүй муу учраас тухайн орон сууц нь дулаан алдаж байгаа учир дахин шинээр бүхэлд нь юм уу хэсэгчлэн солих шаардлагатай талаар тогтоосон зүйл байхгүй.

Өөрөөр хэлбэл тухайн орон сууц яг ямар шалтгаанаас болоод дулаан алдаад байгааг тогтоосон нотлох баримт байхгүй, шалтгаант холбоо тогтоогдохгүй байхад давж заалдах шатны шүүх дээрх байдлаар илт хууль бус дүгнэж байгаад гомдолтой байна.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх:            “Н” ХХК болон “Дэлгэрэх бумба” ХХК-ийн хоорондын ажил гүйцэтгэх гэрээ, ажлын гүйцэтгэлийн акт зэрэг 108 дугаар байрны барилгын гадна фасадны засварыг гүйцэтгэх, хийж гүйцэтгэсэн талаар дурдсанаас үзэхэд тухайн ажил доголтой байсан болох нь нотлогдсон /1хх-ийн 56, 142-147, 154 дүгээр тал/ гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Нэхэмжлэгч компани нь “Мишээл” СӨХ-ийн мэдэгдэл болон, нэг дүгээр хавтаст хэргийн 57-р хуудаснаас эхлээд оршин суугчдын гомдлыг үндэслэн манай компанид мэдэгдэлгүйгээр 2016 оны 10-р сарын 07-ны өдөр “Дэлгэрэх бумба” ХХК-тай гэрээ байгуулж тухайн барилгын гадна фасадны зарим хэсгийг буулгаж дахин хийлгүүлсэн. Ингээд тус гарсан зардалаа манайхаас нэхэмжилдэг. Өөр гүйцэтгэгч нарын хийсэн ажлыг дахин сайжруулахын тулд гадна фасадыг хуулж хийхээс өөр аргагүйд хүрсэн. Энэ тухайгаа ч нэхэмжлэгч нь анхан шатны шүүх хуралд маш тодорхой тайлбарласан. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Саранцэцэг нь: “хана хөлдөөд мөстсөн, цонх яагаад сийгсэн гэхээр фасатаа хуулахаар гар орох зайны нүхтэй байсан ... өрлөгийн чанар муу байсан”,

Даргалагчаас: “өрлөгийг буруу өрсөн, зайтай байсан гэж ярьсан энэ ямар учиртай бэ?

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд: “гадна фасадыг буулгаад хийж байх явцад зай завсартай чанаргүй хийсэн ”

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Саранцэцэг: “Өрлөгийн ажил хийгдэхдээ чанаргүй хийгдсэн байсан. Тэр ажил дээрээ фасадаа хийхдээ бөглөөгүй хийсэн. Сийгэж байгаа шалтгаан бол тэр байсан” гэсэн тайлбараар өөр гүйцэтгэгч нарын хийсэн ажлыг сайжруулахын тулд гадна фасадыг хуулсан нь тодорхой байна.

Мөн нэг дүгээр хавтаст хэргийн 141-р хуудсанд авагдсан мэдэгдэх хуудас бүхий нэг албан тоотыг манай компанид хүргүүлсэн баримт бичиг, хүлээлгэсэн акт байхгүй. Манайх ийм албан тоот хүлээж аваагүй. Тухайн үед 2 компани байнгын харилцаатай байсан бөгөөд манай компани нь тус компаниас гэрээнүүдийн барьцаа төлбөр 70 гаран сая төгрөг авах авлагатай байж алга болно гэж байхгүй. Нэхэмжлэгч компанитай харилцаа холбоотой байж дээрх төлбөрийг талаар албан тоот болон утсаар холбогдож байсан.

Гэтэл нэхэмжлэгч компани нь манай компанийг чанаргүй хийсэн ажлаа засах талаар удаа дараа шаардлага тавьсан ч олдоогүй таг болсон гэж тайлбарладаг мөртлөө шүүхэд нэхэмжлэх гаргахад хариуцагч нь олдоогүй эрэн сурвалжлуулсан зүйл байхгүй. Нэхэмжлэгч компани нэг албан тоот үйлдээд тэрийгээ мэдэгдсэн, хариуцагч компани нь мэдсээр байж арга хэмжээ аваагүй гэж байгаа нь ор үндэслэлгүй зүйл юм.

“Н” ХХК болон “Дэлгэрэх бумба” ХХК-ийн хооронд 2016 оны 10-р сарын 07-ны өдөр гэрээ байгуулж, тухайн барилгын гадна фасадны зарим хэсгийг буулгаж дахин хийлгүүлсэн байдаг. Энэ нь давж заалдах шатны шүүхийн дүгнээд байгаа доголдолтой учраас дахин хийж гүйцэтгээд байгаа зүйл огтоосоо биш юм. Доголдол нь тогтоогдоогүй, ямар учраас гадна фасадны зарим хэсгийг буулгасан эсэх, шинэ фасад хийснээр тухайн доголдол арилсан талаарх нотлох баримт байхгүй юм.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх: “...шинжээчийн дүгнэлтээр гарсан зардлаас нэмэлт зардал 61 хувиар тооцсон 10 574 125 төгрөг, магадлашгүй ажлын зардал 2 182 692 төгрөгийг тус тус хасаж нийт 111 882 534 төгрөгийг нэхэмжлэгчийн хувьд доголтой ажлыг гүйцэтгэхэд гарсан зайлшгүй зардал гэж үзэж хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй” гэж дүгнэсэнд гомдолтой байна.

“Н” ХХК болон “Дэлгэрэх бумба” ХХК-ийн хооронд 2016 оны 10-р сарын 07-ны өдөр гэрээ байгуулж тухайн барилгын гадна фасадны зарим хэсгийг буулгаж дахин хийхэд хэдэн төгрөг орсон талаар шүүхээс томилсон хоёр шинжээчийн дүгнэлт хавтаст хэрэгт авагдсан.

“Бэсгэ” ХХК-ийн 2017 оны 05-р сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр 90 740 184 төгрөг гарсан байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх ямар үндэслэлээр Барилгын төсөвчдийн холбооны шинжээчийн дүгнэлтийг үндэслэн дээрх байдлаар дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд энэ талаарх тайлбар байхгүй.

Түүнчлэн дээрх хоёр шинжээчийн дүгнэлт нь тухайн барилгын гадна фасад чанаргүй учраас зарим хэсгийг буулгаж шинээр хийх зайлшгүй шаардлагатай гэж дүгнэсэн шинжээчийн дүгнэлт биш юм. Зөвхөн тухайн барилгын гадна фасадны зарим хэсгийг буулгаж дахин хийхэд хэдэн төгрөг орох байсан талаарх дүгнэлт юм.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хан-Уул дүүрэг, 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 108 айлын орон сууц буюу тухайн барилгын ажил дээр манай компани нь нэхэмжлэгч компанитай гурван гэрээ байгуулж хамтарч ажилласан. Эхний гэрээ нь тухайн барилгын гадна фасад, хоёр дахь гэрээ нь В,С блок барилгын дотор засал, гурав дахь гэрээ нь нэг давхрын дотор ханын өрлөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд ажил гүйцэтгэх 13-1289 тоот гэрээний үлдэгдэл төлбөр 35 374 228 төгрөг, ажил гүйцэтгэх 13-1490 тоот гэрээний үлдэгдэл төлбөр 31 804 536 төгрөг, ажил гүйцэтгэх 13-1560 тоот гэрээний үлдэгдэл төлбөр 3 200 000 төгрөг, нийт 70 387 764 төгрөгийг “Н” ХХК нь манай компанид төлөөгүй.

Нэг дүгээр хавтаст хэргийн 241-р талд авагдсан “Н” ХХК болон “Р” ХХК нь 2014 оны 06-р сарын 04-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж “Н” ХХК нь манай компанид нийт 70 378 764 төгрөгийн өртэй болохыг харилцан баталж, гарын үсэг зурж тамга дарж баталгаажуулсан байдаг. Түүнчлэн нэхэмжлэгч “Н” ХХК нь 2017 оны 09-р сарын 01-ний өдөр гаргасан нэхэмжлэлдээ дээрх барьцаа төлбөрийг хадгалж байгаагаа хүлээн зөвшөөрч тайлбарласан. Мөн нэг дүгээр хавтаст хэргийн 14, 15-р талд авагдсан 2016.10.06-ны өдрийн байдлаар манай компанитай хийсэн гэрээт ажлын тооцоог нэхэмжлэгч компанийн нягтлан гаргаж манай компанид 72 693 863 төгрөгийн үлдэгдэлтэй болохоо давхар нотолсон байдаг.

Тухайн барилгыг Улсын комисс 2014 оны 02-р сарын 10-ны өдөр ашиглалтад оруулсан бөгөөд гэрээний 4.1.7-д заасны дагуу энэ өдрөөс хойш нэг жилийн дараа буюу 2015 оны 02-р сарын 10-ны өдөр “Н” ХХК нь дээрх гурван гэрээний дагуу барьцаа төлбөрүүдийг манай компанид төлөх байсан ч төлөөгүй. Үүнээс хойш манай компани нь уг төлбөрийг төлж барагдуулах талаар “Н” ХХК-д удаа дараа хандсан боловч төлбөрийг барагдуулах талаар идэвхи санаачилга гаргаагүй.

Ажил гүйцэтгэх 13-1560 тоот гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.13-д болон ажил гүйцэтгэх 13-1289, 13-1490 тоот гэрээнүүдийн 5 дугаар зүйлийн 5.4-т “Захиалагч тал гэрээнд заасан төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээт ажлын гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-ийн алданги гүйцэтгэгч талд төлнө” гэж заасан.

Ийм учраас 2015 оны 02-р сарын 10-ны өдрөөс сөрөг нэхэмжлэл гаргасан 2017 оны 10-р сарын 31-ний өдөр хүртэл 991 хоногийн алданги буюу 70 378 764*0.5/100 = 351 893*991 = 348 725 963 төгрөг /Иргэний хуулийн 232.4-д заасны дагуу хязгаарлагдав/. 35 189 382 төгрөг буюу 70 378 764+35 189 382 төгрөг нийт 105 568 146 төгрөгийг “Н” ХХК-иас нэхэмжэлжилсэн болно.

Гэтэл Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх: “хэргийн 241 дүгээр талд /1хх-ийн/ талуудын хооронд 70 3 78 764 төгрөгийн ажлын хөлсний үлдэгдэлтэй талаар эрх бүхий этгээдүүд болох нягтлан бодогч нарын үйлдсэн, тооцоо нийлсэн баримт авагдсан бөгөөд энэ баримтаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар шаардаж буй гадна фасадны ажилтай холбоотой ажлын хөлсний үлдэгдэл нь 35 374 228 /23 300 000+12 074 228/ төгрөг болох нь нотлогдсон. Гэтэл анхан шатны шүүх талуудын маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагад тусгагдаагүй гэрээний үлдэгдэл тооцоог нэмж тооцсон нь алдаатай болсон ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсгийг зөрчжээ” .... “хариуцагч өөр бусад ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлөгдөөгүй үлдэгдэл хөлсийг шаардахад энэ шийдвэр саад болохгүй болно” гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-д “Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэж тусгасан.

Хуульд зааснаар зөвхөн хоорондоо тооцогдох боломжтой шаардлагыг шүүх сөрөг нэхэмжлэлийн журмаар үндсэн нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлэж болох бөгөөд үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох боломжтой гэдэг нь Иргэний хуулийн 238 дугаар зүйлд заасан харилцан шаардлага бүхий үүргийг тооцож дуусгавар болгох зохицуулалтад хамаарах нөхцөлийг хэлдэг.

Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.8-д “Талууд үүргийг харилцан тооцохгүй гэж урьдчилан тохиролцсон, үүргийн зүйлийг төлбөрт авч болохгүй, эсхүл амьжиргааны эх үүсвэр болсон зүйл байсан, хүний амь нас, эрүүл мэндийг хохироосон гэм хорыг арилгах үүрэг үүссэн” зэрэг үүргийг харилцан тооцож дуусгавар болгож болохгүй үндэслэлүүдийг тусгасан. Манай компанийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үүргийг харилцан тооцож дуусгавар болохгүй үндэслэлд хамаарахгүй тул хамтруулан шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

Манай компани нь нэхэмжлэгч компанитай нэг барилгын ажил дээр гурван гэрээ байгуулж хамтарч ажилласан. Энэ гурван гэрээний үлдэгдэл төлбөрийг талууд тооцоо нийлж баталгаажуулсан. Ийм учраас үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн хооронд харилцаа холбоо байгаа бөгөөд тэдгээрийг хамтатган хянан хэлэлцэх нь маргааныг түргэн шуурхай, үнэн зөв шийдвэрлэхэд ач холбогдолтой тул хамтруулан шийдэх бүрэн боломжтой байхад давж заалдах шатны шүүх дээрх байдлаар үндэслэлгүй дүгнэсэнд гомдолтой байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Н” ХХК нь “Рокпэйнт” ХХК-д холбогдуулан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний үүрэгт 140 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, ажлын хөлсний үлдэгдэл төлбөр, алдангид нийт 119 968 146 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлээс 70 378 764 төгрөгийг ханган хариуцагчид олгож, үлдэх 49 589 382 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 111 882 534 төгрөгийг хангаж, үлдэх 28 117 466 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,  сөрөг нэхэмжлэлээс 35 403 614 төгрөгийг хангаж, үлдэх 84 564 532 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Зохигчид 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 13-1142 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа 108 айлын орон сууцны барилгын гадна, дотор өрлөг, дэд өртөөний барилгын өрлөг, С блокны парпетны өрлөг, дээврийн агааржуулалтын сувгийн өрлөгийн ажлыг гүйцэтгэж, гүйцэтгүүлэхээр,  2013 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 13-1289 дугаартай “Ажил гүйцэтгэх  гэрээ”-гээр Хан-уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа 108 айлын орон сууцны гадна фасадны ажлыг хийж гүйцэтгэх, гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон байх ба гэрээний дагуу гүйцэтгэгч “Рокпэйнт” ХХК ажлыг хийж дуусган 2014 оны 02 дугаар сард Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 204/93 актаар тус орон сууцны барилгыг байнгын ашиглалтад оруулахаар хүлээлгэн өгчээ.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаанаас маргаан үүссэн талаар хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1, 352.2.2-т зааснаар захиалагч нь гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар, түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэг арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх эрхтэй.

Тус орон сууцанд орсон оршин суугчид 2016 оноос Сууц өмчлөгчдийн холбоогоор дамжуулан “Н” ХХК-д хандаж албан шаардлага ирүүлж байсан бөгөөд албан шаардлагад оршин суугчид тав тухгүй, аюултай, эрүүл бус, маш хүйтэн, чанаргүй баригдсан орон сууцанд амьдарч байгаа талаар дурдаж, “...76 айлын цонх хөлөрдөг, 63 айлын цонх мөстсөн, 39 айлын хана, тааз цуурч хагарсан, 710 айл маш хүйтэн, цонх, хана, цонхны тавцан, ханын цууралтаар сийгдэг, гадна фасадны дулаан алдалттай учир фасадыг шинээр хийж дулаан алдалтгүй болгох, айл бүрээс гаргасан гомдлыг барагдуулах...”-ыг шаардсан үйл баримтаас үзвэл Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.1.-д зааснаар хариуцагчийн гүйцэтгэсэн ажил доголдолтой болох нь тогтоогджээ.

Талуудын хооронд байгуулсан 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 13-1142 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 5.1.5.-д гэрээт ажлын чанарын баталгаа барилгын хуулийн дагуу 3 жил байна гэж, 4.2.1.-д гүйцэтгэгч нь барилгын тухай хууль болон холбогдох бүхий л хууль, стандарт, норм, дүрмийн хүрээнд чанарын өндөр түвшинд ажлыг хийж гүйцэтгэнэ гэж, 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 13-1289 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 4.2.12.-т гүйцэтгэгч нь захиалагчид чанарын доголдолгүй үр дүнг хүлээлгэн өгнө гэж, 5.1.-д талууд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс нөгөө талдаа учруулсан хохирлыг хариуцан арилгана гэж, 5.2.-т захиалагч тал ажлыг актаар хүлээн авсны дараа гарсан доголдол, эвдрэл, гэмтлийг гүйцэтгэгч өөрийн 100%-ийн зардлаар сэргээн засварлана гэж тохиролцжээ.

Гэрээгээр тохирсон баталгаат хугацаанд барилгад доголдол илэрсэн, гүйцэтгэгч доголдлыг засаагүй үндэслэлээр захиалагч гуравдагч этгээдээр доголдлыг засуулж, 140 000 000 төгрөгийн зардал гаргасан гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасан нь хууль болон гэрээний заалтыг зөрчөөгүй байна.

Хариуцагчийн захиалагчаас ажлын үр дүнгийн доголдлын талаар мэдэгдээгүй гэх тайлбар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх үндэслэл болохгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан “Барилгын төсөвчдийн холбоо” ТББ-ын гаргасан шинжээчийн дүгнэлтээр доголдлыг арилгуулахтай холбогдон гарсан зардлыг 125 701 257 төгрөгөөр тогтоосон байх ба давж заалдах шатны шүүх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үнийн дүнгээс магадлашгүй ажлын зардал, нэмэлт ажлын зардлыг зайлшгүй гарсан зардалд тооцох боломжгүй гэх үндэслэлээр хасч /125 701 257 – 13 818 723/, бодитоор 111 882 534 төгрөгийн зардал гарсан гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 111 882 534 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэгджээ.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл нь 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 13-1142 тоот гэрээний 4.1.8. дахь заалтад үндэслэгдсэн бөгөөд уг заалтад талууд “захиалагч нь ажлыг хүлээн авах үед нүдээр харж илрүүлэх боломжгүй чанарын болон иж бүрдлийн дутагдал, доголдлыг шалгах баталгаа болгон энэхүү гэрээний нийт үнийн дүнгийн 5%-тай тэнцэх төлбөрийн дүнг 1 жилийн хугацаанд барьцаа болгон авч үлдэх эрхтэй” гэж тохиролцжээ. Гэрээний дагуу захиалагч  72 693 863 төгрөгийг барьцаа болгон авч үлдсэн талаар маргаагүй байна.

Хариуцагч нь барьцааны үүрэгт үлдсэн 70 378 764 төгрөгийг ажлыг хүлээн авснаас хойш гэрээнд заасан 1 жилийн хугацаа өнгөрсний дараа буцааж өгөөгүй үндэслэлээр барьцаа хөрөнгийг алдангийн хамт гаргуулахаар нийт 105 568 146 төгрөгийг нэхэмжилжээ.

Гүйцэтгэгч ажлын үр дүнг гэрээгээр тохирсон хугацаанд хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр алдангийг хэрэгсэхгүй болгож, барьцааны хөрөнгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна.

Нэхэмжлэгч “Н” ХХК нь барьцаа хөрөнгө 72 693 863 төгрөг тус компанид хадгалагдаж байгаа талаар маргаагүй тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу 70 378 764 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлын заримыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.-д зааснаар сөрөг нэхэмжлэл гаргасан хариуцагчийг сөрөг нэхэмжлэгч гэж, нэхэмжлэгчийг сөрөг нэхэмжлэлийн хариуцагч гэж буруу тодорхойлсныг давж заалдах шатны шүүхээс залруулж, зөвтгөсөн нь хуульд нийцжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1999 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2018/02346 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 355 дугаар зүйлийн 355.2.2.-т зааснаар хариуцагч “Р” ХХК-иас 111 882 534 төгрөгийг гаргуулан “Н” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28 117 466 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 56.2., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид “Н” ХХК-иас төлсөн 1 015 901 төгрөг, “Р” ХХК-иас төлсөн 757 800 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 509 843 төгрөгийг гаргуулж хариуцагчид, хариуцагчаас 717 363 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.” гэж өөрчлөн, шийдвэр магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 298 136 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.УНДРАХ

ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД