Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2018/03473

 

 

 

 

2018 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2018/03473

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Л ХХК гаргасан,

 

Хариуцагч: М ХХК

 

Хариуцагч: Ц.Д нарт холбогдох,

 

198,847,602.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Манай компани 2013 оны 4 дүгээр сарын 01-ний хариуцагч М ХХК-тай уул уурхайн менежментийн үйлчилгээний гэрээ байгуулж, уул уурхайн бүх төрлийн үйл ажиллагааг явуулахаар харилцан тохиролцсон бөгөөд хариуцагчийн гүйцэтгэх ажлыг гэрээний хавсралтаар тодорхойлсон. Үүнийг тодруулвал тус компани уул уурхайн үйл ажиллагааны хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, холбогдох стандартын дагуу гүйцэтгэх, төлөвлөгөө боловсруулах, хуваарийн дагуу алт олборлох үйл ажиллагаа явуулах үүрэг хүлээсэн ба хэрэв гэрээний хавсралтад заасан төлөвлөгөөт ажлын гүйцэтгэлийг 6 сар хүртэлх хугацаанд биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах, гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотой нөхөн төлбөр, торгуулийг төлөх үүрэг хүлээсэн.

 

Мөн хариуцагч тал уулын ажлын төлөвлөгөөнд заасан бүтээгдэхүүний заалтад нийцэхүйц хүдэр гаргах, олборлон боловсруулах, хог хаягдлыг хаях, цэвэрлэх үйлчилгээг явуулах, үүнд хяналт тавих үүрэг хүлээсэн боловч өнгөрсөн хугацаанд ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Манай байгууллагын зүгээс гэрээнд заасан үйл ажиллагааг явуулахад шаардлагатай зөвшөөрлүүдийг авч, ажиллах боломжоор хангасаар байтал тус компани үүргээ зөрчсөн.

 

Түүнчлэн М ХХК-иас уулын ажлын төлөвлөгөө, усны зөвшөөрлийг харъяа орон нутгийн засаг захиргаанаас авах, тэдгээртэй байгуулах гэрээг боловсруулж, батлуулах, захиалагчийн нэрийн өмнөөс уул уурхайн хайгуул, олборолт, нөхөн сэргээлттэй холбоотой бүх зөвшөөрлийг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар, холбогдох эрх бүхий этгээдээс авах, зуучлах, туслах, мөн цаашид ч шаардлагатай бүх баримт бичгийг хангах үүрэгтэй байсан юм.

 

Нэхэмжлэгч Л ХХК-ийн хувьд уг үйл ажиллагааны дүнд олборлосон бүтээгдэхүүнээс орлого олох, улмаар олсон орлогоосоо менежментийн үйл ажиллагааны гэрээ, нөхөн сэргээлтийн гэрээний төлбөр, холбогдох ажиллагааны төлбөр, урьдчилан гаргасан зардлыг нөхөн төлөх, цаашид хамтран ашиг олох төлөвлөгөөтэй байсан хэдий ч хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас хохирол хүлээгээд байна.

 

Талуудын хооронд байгуулсан менежментийн гэрээний 13.2.-т заасны дагуу хэрэв гэрээлэгч шаардлагатай зөвшөөрлүүдийг авч чадаагүй тохиолдолд гэрээг цуцлах тухай зохицуулсан, бид энэхүү гэрээний 17.4.-т зааснаар гэрээг цуцалснаас хойш үүсэх хохирлыг буруутай тал нөхөн төлөх үүрэгтэй гэж заасны дагуу дараах төлбөрүүдийг нэхэмжилж байгаа. Үүнд: хариуцагч М ХХК-нд гэрээний дагуу үйлчилгээ үзүүлэх болон бусад зардалд зориулан мөнгөн хөрөнгөөр төлсөн

 

-           2013 оны 04 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 14,100,000.00 төгрөг,

-           2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр төлсөн 14,000,000.00 төгрөг,

-           2013 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 14,260,000.00 төгрөг,

-           2013 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 10,000 ам.доллар буюу 14,330,000.00 төгрөг,

-           Мөн хариуцагч М ХХК-иас 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 0001/2013 тоот бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу 2013 оны 07 дугаар сарын 1-ны өдөр төлсөн 40,000,000.00 төгрөг,

-           2013 оны 07 дугаар сарын 04-ны өдөр төлсөн 5,000,000.00 төгрөг, нийт мөнгөн дүнгээр төлсөн 101,690,000.00 төгрөг.

 

Мөн үүн дээр нэхэмжлэгч Л ХХК-иас хариуцагч М ХХК-иар уул уурхайн үйл ажиллагаа гүйцэтгүүлэх гэрээ байгуулсанаас хойш хугацаанд үргүй зарцуулагдсан бодит зардалд:

 

-           2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр төлсөн цахилгааны ажлын төлбөр 4,000,000.00 төгрөг,

-           2013 оны 08 дугаар сарын 17-ны өдөр төлсөн шатахууны төлбөр 3,400,000.00 төгрөг,

-           2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төлсөн шатахууны төлбөр 2,550,000.00 төгрөг,

-           2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төлсөн шатахууны төлбөр 7,200,000.00 төгрөг,

-           2013 оны 07 дугаар сарын 26-ны өдөр автокранаар ажил гүйцэтгүүлсэн төлбөр 7,150,000.00 төгрөг,

-           2013 оны 08 дугаар сарын 05-ны өдөр автокранаар ажил гүйцэтгүүлсэн төлбөр 5,720,000.00 төгрөг,

-           2013 оны 08 дугаар 07ны өдрөөс 10 дугаар сарын 18-ны өдрийн хооронд цахилгаан эрчим хүчний төлбөр 6,733,722.00 төгрөг,

-           2013 оны 07 дугаар 18ны өдрөөс 10 дугаар сарын 25-ны өдрийн хооронд цахилгаан эрчим хүчний шугмын түрээсийн төлбөр 2,500,000 төгрөг,

-           2013 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр эксковатор тээврийн үйлчилгээний төлбөр 3,000,000.00 төгрөг,

-           2013 оны 10 дугаар сарын15-ны өдөр портер засварын төлбөр 200,000.00 төгрөг,

-           2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 25-ны өдрийн хооронд эксковатор, ковш, портер тээвэрлэсэн үйлчилгээний төлбөр 510,000.00 төгрөг,

-           2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны аюулгүй байдлыг хангах хамгаалалтын үйлчилгээний төлбөр 22,700,000.00 төгрөг,

-           2013 оны 04 дүгээр сарын 04-ны өдрөөс 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацааны офиссын байрны түрээсийн төлбөр 8,287,000.00 төгрөг,

-           2013 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гадаадаас инженер хөлсөөр ажилуулласан төлбөр 6,080 ам.доллар буюу 9,126,080.00 төгрөг, нийт 83,076,802.00 төгрөгийг учирсан хохиролд нэхэмжилж байна.

 

Манай компани уул уурхайн үйл ажиллагааны хүрээнд нөхөн сэргээлт хийхээр И ХХК-тай нөхөн сэргээлтийн гэрээ байгуулж, 14,080,000.00 төгрөгийг төлсөн. Гэтэл хариуцагч М ХХК нь үйл ажиллагаа явуулаагүйгээс улбаалан дээр төлсөн төлбөрийг буцаан нэхэмжилж байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч И ХХК-иас татгалзаж, хариуцагч М ХХК болон Ц.Д нарт эдгээр шаардлагыг холбогдуулан гаргасан.

 

Иймд, хамтран хариуцагч нараас 198,847,602.00 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч М ХХК-иас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 

Манай компани нэхэмжлэгч Л ХХК-тай уул уурхайн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан ба гэрээний 10 дугаар зүйлийн 10.1.-д зааснаар М ХХК-иас гарсан дараах төлбөрүүдийг нэхэмжлэгч Л ХХК-иас төлсөн. Үүнд:

 

-           2013 оны 04 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 14,100,000.00 төгрөг,

-           2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр төлсөн 14,000,000.00 төгрөг,

-           2013 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 14,260,000.00 төгрөг,

-           2013 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 10,000 ам.доллар буюу 14,330,000.00 төгрөг.

 

Дээрх төлбөрүүд бол талуудын байгуулсан гэрээгээр хүлээсэн дараах үйл ажиллагаатай холбоотой манай компанид төлсөн үйлчилгээний төлбөр юм. Бид, хүдрийн бүтээгдэхүүн гаргах, олборлон боловсруулах, хог хаягдлыг хаях, цэвэрлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, холбогдох стандартын дагуу төлөвлөгөө боловсруулах, хуваарийн дагуу алт олборлох, үйлдвэр болон тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хариуцах болон гэрээт ажлыг эхлэхээс өмнө байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөг танилцуулах үүрэг хүлээсэн.

 

Гэтэл Л ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1.-д заасны дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд энэхүү тусгай зөвшөөрлийг авахын өмнө байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах үүрэгтэй байсан атал уг үүргээ биелүүлээгүйгээс болж манай компани гэрээнд заасан үүргээ гүйцэтгэхэд саад учирсан.

 

Ингээд бид байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулахаар ажиллаж байтал нэхэмжлэгчийн эзэмшиж байсан ашиглалтын тусгай зөвшөөрлийг Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох хуулийн дагуу цуцлагдах тусгай зөвшөөрлийн жагсаалтад хамрагдсан байсан тул ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон.

 

Манай компани энэ хугацаанд уурхайд ажиллах хүний нөөцийг зохион байгуулсан, кепмийг байгуулж, тохижуулан ашиглахад бэлэн болгосон, ажилчдын ажил үүргийн тодорхойлолт, хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм, журмыг боловсруулж, мөрдүүлсэн, уурхайн менежер, уурхайн дарга, зохион байгуулагч, орон нутагтай харилцах менежер болон орчуулагч, үйл ажиллагааны 2 менежерийг өөрийн зардлаар цалинжуулж, уурхайд 4 сар ажиллуулсан, нэхэмжлэгчийн авчирсан драгын тоног төхөөрөмжийг ажиллуулах тушилт хийж, түүний аюулгүй байдал болон горимын хангах гэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

 

Гэвч захиалагч буюу нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.4.-т .................. ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөх бусад нөхцөл байдлыг арилгах талаар өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ авах гэж заасан үүргээ зөрчсөн ба гэрээний 11 дүгээр зүйлийн 11.1.-д зааснаар гэрээ дуусгавар болсон ба тус компани цуцлагдсан тусгай зөвшөөрлийн асуудлаар ямар нэгэн гомдол гаргаагүй.

 

Мөн нэхэмжлэгч тус хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.3.-д гэрээнд заасан бол ажил гүйцэтгэхэд шаардлагатай материал, багаж, тоног төхөөрөмж, ажлын байр гаргаж ажил гүйцэтгэгчид шилжүүлэх гэж зааснаар хохиролд нэхэмжилсэн 83,076,802.00 төгрөгийг уул уурхайн үйл ажиллагаа явуулахтай холбоотойгоор өөрөө зайлшгүй төлөх төлбөр гэдгийг гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.-ийн f-д заасан болно.

 

Иймд, бид нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

          ҮНДЭСЛЭХ нь:
 

Нэхэмжлэгч Л ХХК-иас хариуцагч М ХХК болон Ц.Д нарт холбогдуулан 198,847,602.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа хариуцагч М ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, өмнө өгсөн хөлс 101,690,000.00 төгрөгийг учирсан хохирол 83,076,802.00 төгрөг, И ХХК-нд төлсөн 14,080,000.00 төгрөгийн хамт нийт 198,847,602.00 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч нар үл хүлээн зөвшөөрч, татгалзсан.

 

Шүүх, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Л ХХК болон хариуцагч М ХХК нар 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр уул уурхайн менежментийн үйлчилгээний гэрээ байгуулж, 13423Х, 13883Х тоот хайгуулын тусгай зөвшөөрөл болон 11871А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн хүрээнд гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэхээр тохирчээ /1-р х.х-ийн 10-22-р хуудас/.

 

Тодруулбал, зохигчдын байгуулсан гэрээний дагуу хариуцагч М ХХК нь уул уурхайн менежментийн үйлчилгээг үзүүлэх бөгөөд ингэхдээ хүдэр гаргах, олборлох, боловсруулах, хог хаягдлыг хаях, цэвэрлэх, хүдрийг жижиглэх, бутлах, уул уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, төлөвлөгөө, хуваарийн дагуу алт олборлох, гэрээт ажил эхлэхээс өмнө байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн үйл ажиллагааны талаар хөтөлбөр боловсруулах, уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой тусгай зөвшөөрөл, холбогдох хууль тогтоомжийн дагуу төлбөл зохих төлбөр, хураамж болон бусад зардлыг төлөх, уул уурхайн үйл ажиллагаанд шаардагдах ажилчдын кемп, тоног төхөөрөмж, машин механизмаар хангах үүргийг тус тус хүлээжээ.

 

Мөн шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Л ХХК, хариуцагч М ХХК болон И ХХК нар 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нөхөн сэргээлт хийх тухай гэрээ байгуулж, гүйцэтгэгч болох И ХХК-ийн зүгээс ил уурхай, уурхайн тусламж байгууламж, дотоод, гадаад овоолго, хаягдсан сан зэрэгт нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэхээр тус тус тохирсон байна /1-р х.х-ийн 45-51-р хуудас/.

 

Талуудын хооронд эдгээр гэрээг байгуулахыг нэхэмжлэгч Л ХХК, хариуцагч М ХХК болон И ХХК нарын хувьцаа эзэмшигчид зөвшөөрсөн байх бөгөөд зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй ба шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн зохигчдын байгуулсан уул уурхайн менежментийн үйлчилгээний гэрээ, мөн нөхөн сэргээлт хийх тухай гэрээг тус тус үзвэл тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ /1-х.х-ийн 23, 52, 56-р хуудас/.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Л ХХК-иас хариуцагч М ХХК-нд 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 14,100,000.00 төгрөг, 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 14,000,000.00 төгрөг, 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 14,260,000.00 төгрөг, 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 14,330,000.00 төгрөг, 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 40,000,000.00 төгрөг, 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 5,000,000.00 төгрөг, нийт 101,690,000.00 төгрөгийг төлсөн бол И ХХК-нд 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 14,080,000.00 төгрөгийг төлсөн байна /1-р х.х-ийн 57-61, 92, 93, 99, 190-р хуудас/.

 

Зохигчдын байгуулсан гэрээний 10 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчээс хариуцагчид 2013 онд уурхайгаас боловсруулж гаргасан алтны үнийн дүнгийн 10 хувь, 2014-2015 онд 12 хувийг ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт төлөх, үүнээс гадна 2013 онд үйл ажиллагаа явуулахаас өмнө 40,000.00 ам.долларыг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулан гарсан зардалд төлөхөөр тохирч, үүний 20,000.00 ам.долларыг гэрээ байгуулсан өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор, 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 10,000.00 ам.доллар, 2013 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 10,000.00 ам.долларыг тус тус төлөхөөр тохиролцсон байна /1-р х.х-ийн 4-р хуудас/.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн 343.2.-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж, түүнчлэн 343.3.-д Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж тус тус заажээ.

 

Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэх гэрээгээр зохигчдын тохиролцсон ажил гүйцэтгэгчийн үйл ажиллагааны үр дүнд шинээр бий болсон зүйлийг захиалагчийн өмчлөлд шилжүүлсэнээр гүйцэтгэгч талд хэлэлцэн тохирсон хөлс шаардах эрх үүсэх бөгөөд тэрээр гэрээнд заасан ажлыг хугацаанд нь, шударгаар, зохих ёсоор, доголдолгүй гүйцэтгэсэн байх учиртай.

 

Хэдийгээр хариуцагч М ХХК-иас 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан хариу тайлбарт дурьдсанаар нэхэмжлэгч Л ХХК-ийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс улбаалан хариуцагч тал ийнхүү гэрээний үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрсэн гэж тайлбарласан боловч уг үйл баримтыг тодорхой баримтаар нотлоогүй /1-р х.х-ийн 190-193-р хуудас/.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2.-т Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж, мөн 225 дугаар зүйлийн 225.4.3.-д үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн явдалд бүхэлд нь буюу ихэнх хэсэгт нь үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай тохиолдолд гэрээнээс татгалзаж болохгүй гэж тус тус заасан боловч хариуцагчийн захиалагч буюу нэхэмжлэгч талыг уул уурхайн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай тусгай зөвшөөрөл, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх үүрээ биелүүлээгүй, ашиглалтын тусгай зөвшөөрлийг төрийн эрх бүхий байгууллагаас цуцлахаар шийдвэрлэсэн зэрэг хариу тайлбар тогтоогдсонгүй.

 

Нөгөө талаар нэхэмжлэгч Л ХХК-ийн гаргасан хариуцагч М ХХК болон Ц.Д нарт холбогдох 198,847,602.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчдад нэхэмжлэлийн хувийг гардуулсан байтал хариуцагч М ХХК-иас уул уурхайн менежментийн үйлчилгээний гэрээний дагуу ямар ажил үйлчилгээг гүйцэтгэсэн болон гүйцэтгэхэд нэхэмжлэгч хүлээсэн үүргээ үл биелүүлсэнээс саад учирсан талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3.-д Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана гэж тус тус заасны дагуу хариуцагч тал шүүхэд гаргасан хариу татгалзлаа нотлох ёстой болно.

 

Иймд, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаарын зүйлийн 208.1.-д тус тус зааснаар харицагч М ХХК-ийг гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаандаа зохих ёсоор гүйцэтгэх үүргээ зөрчсөн гэж үзэв.

 

Нэхэмжлэгчийн тус шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч тал зохигчдын хооронд байгуулсан гэрээг цуцалж, өмнө өгсөн 101,690,000.00 төгрөгийг учирсан хохирол болох 83,076,802.00 төгрөгийн хамт нэхэмжилж байгаа ажээ. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн уул уурхайн менежментийн үйлчилгээний гэрээний зорилго, хариуцагчийн гүйцэтгэх ажил үйлчилгээ, төлбөр тооцоо болон бие биенийхээ өмнө хариуцах ажлын чиг үүрэг, хариуцлага зэргээс тус тус үзвэл талуудын хооронд хиймэгц биелэх бус, харин тодорхой хугацааны турш биелүүлэх үүрэг бүхий урт хугацаатай гэрээ байгуулагдсан байна.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1.-д Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заажээ. Өөрөөр хэлбэл, уг хуулийн 221.1, 221.3.-д зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болох ба хэрэв гэрээний үүргийг зөрчсөн нь тухайн гэрээг цуцлах үндэслэл болж байвал тус хуулийн 219.3, 225.2.-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцална.

 

Тодруулбал, үүрэг гүйцэтгэгч тал гэрээнд заасан үүргээ зөрчсөн нь гэрээг цуцлах буюу гэрээнээс татгалзах үндэслэл болж байвал тус хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3.-д зааснаар нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй болох нь илэрхий, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь түүний ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүйгээр гэрээнээс татгалзах бөгөөд 225 дугаар зүйлийн 225.2.-т зааснаар нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүргээ гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үздэг байна.

 

Нэгэнт хариуцагч М ХХК нь талуудын хооронд байгуулсан уул уурхайн менежментийн үйлчилгээний гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйг үндэслэн нэхэмжлэгч Л ХХК-ийн зүгээс гэрээг цуцалж, өмнө өгсөн төлбөрийг учирсан хохирлын хамт нэхэмжилж буй нь хуульд нийцэж байна.

 

Иймд, нэхэмжлэгч Л ХХК нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5.-д Гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцлана. Ийнхүү цуцлахад энэ хуулийн 205 дугаар  зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ гэж заасны дагуу хариуцагч М ХХК-иас 101,690,000.00 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй юм.

 

Харин шүүх нэхэмжлэлийн шаардлагаас учирсан хохирол 83,076,802.00 төгрөг, И ХХК-нд төлсөн 14,080,000.00 төгрөг болон хариуцагч Ц.Дид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. Учир нь, хэдийгээр Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1.-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж, түүнчлэн 227.3.-д Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан боловч нэхэмжлэгчийн шаардлагад дурьдсан 83,076,802.00 төгрөгийн хохирлыг хариуцагч М ХХК-ийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс шууд шалтгаалан бий болсон гэх баримт тогтоогдохгүй байна.

 

Тухайлбал, шатахуун худалдан авахад 13,150,000.00 төгрөгийг зарцуулсан гэх хохирлын хувьд нэхэмжлэгч тал хаана, ямар ажлыг хийж гүйцэтгэхэд ийм хэмжээний шатахууныг худалдан авсан болох нь тодорхойгүй, оффисын түрээсийн төлбөрийг уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй газарт бус, харин нэхэмжлэгчийн өөрийн үйл ажиллагаа явуулдаг газар болох Улаанбаатар хотод бусдаас түрээслэсэн, хамгаалалтын компанид төлсөн гэх 22,700,000.00 төгрөгийг уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй газрыг хамгаалуулахаар төлсөн болох нь ойлгомжгүй, экскаватор, портер түрээслэсэн төлбөрүүдийг хаана, ямар ажил үүргийг гүйцэтгүүлэхэд төлсөн болох нь тодорхой бус байна /1-р х.х-ийн 84, 85, 86, 122-140-р хуудас/.

 

Түүнчлэн*******-нд төлсөн гэх 6,733,722.00 төгрөг, цахилгаан эрчим хүчний шугамын түрээсийн төлбөр 2,500,000.00 төгрөг болон ажлын төлбөр гэх 4,000,000.00 төгрөгийг талуудын гэрээгээр тохиролцсон уул уурхайн үйл ажиллагааг явуулахад гарсан зардал мөн эсэх талаар баримт байхгүй, гадаадаас ажиллах хүч хөлслөхөд төлсөн 9,126,080.00 төгрөгийг ямар үйл ажиллагаанд зориулж төлсөн болох нь тодорхойгүй байна.

 

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.-т Компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй гэж, мөн 9.3.-д Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж заажээ.

 

Тайлбарлавал, Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.-д Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ гэж заасны дагуу компанийн өөрийн өмнөөс байгуулсан гэрээгээр хүлээсэн хариуцлагаас хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх захирлын хүлээх хариуцлагыг зааглах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, хариуцагч Ц.Д нь уул уурхайн менежментийн үйлчилгээний гэрээг өөрийн нэрээр бус хариуцагч М ХХК-ийн өмнөөс байгуулсан тул тэрээр хариуцлага хүлээх ёсгүй юм.

 

Мөн нэхэмжлэгч Л ХХК, хариуцагч М ХХК болон И ХХК нарын хооронд 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан нөхөн сэргээлт хийх тухай гэрээний дагуу төлсөн 14,080,000.00 төгрөгийг нэхэмжлэгчээс 2013 оны нөхөн сэргээлтийн ажлын хөлс болгон И ХХК-нд олгосон ба энэхүү төлбөрийг хариуцагч М ХХК нь авч ашигласан болох нь тодорхойгүй, буцаан төлөх үүрэг хүлээсэн этгээд биш байна.

 

Иймд, шүүхээс дээр дурьдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагч М ХХК-иас 101,690,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 83,076,802.00 төгрөг, И ХХК-нд төлсөн 14,080,000.00 төгрөг болон хариуцагч Ц.Дид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3.-д заасныг тус тус үндэслэн хариуцагч М ХХК-иас 101,690,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 97,156,802.00 төгрөг болон хариуцагч Ц.Дид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,157,950.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 666,400.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 

 

 

 

د Б.МАНДАЛБАЯР