Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2017/02384

 

 

 

 

 

 

2017 11 20

2384

 



Лайтуоркс ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2017/01639 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Лайтуоркс ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Монголбридж ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 198 847 602 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Очирхуяг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цацралтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч Лайтуоркс ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт:  Монголбридж ХХК-тай 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Уул уурхайн менежментийн үйлчилгээний гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу Монголбридж ХХК нь уул уурхайн үйл ажиллагаатай холбогдох бүх төрлийн үйлчилгээг үзүүлэх үүрэгтэй байсан. Гэрээний 3.2 дахь хэсэгт гэрээлэгч буюу Монголбридж ХХК-ийн гүйцэтгэх үүргүүдийг тодорхойлж өгсөн. Хэрэв гэрээлэгч нь энэхүү гэрээний хавсралт 2-т заасан төлөвлөгөөт ажлын гүйцэтгэлийг 6 сар хүртэл хугацаагаар биелүүлээгүй тохиолдолд талууд гэрээг дуусгавар болгон, гэрээний үүргийг зөрчсөнтэй холбогдох нөхөн төлбөр, торгуулийг төлнө. Гэрээний 3.1-ийн а-д зааснаар Монголбридж ХХК нь уулын ажлын төлөвлөгөөнд заасан бүтээгдэхүүний заалтад нийцэхүйц хүдэр гаргах, олборлон боловсруулах, хог хаягдлыг хаях, цэвэрлэх үйлчилгээг явуулах, гэрээний 11.2-т зааснаар гэрээний хүчинтэй хугацаанд гэрээлэгчийн уурхайн үйл ажиллагаатай холбогдох уурхайн уулын ажлын төлөвлөгөө, усны зөвшөөрөл, тухайн орон нутгийн засаг захиргаатай байгуулах гэрээ хэлцлийг боловсруулан батлуулах үүрэгтэй. Мөн гэрээний хавсралт №1-н d(a)-д заасны дагуу захиалагчийн нэрийн өмнөөс уул уурхайн хайгуул, олборлолтын болон нөхөн сэргээлтэнд шаардлага, холбоотой бүх зөвшөөрлийг Монголын АМГ, холбогдох эрх бүхий этгээдээс олж авах, зуучлах, туслах мөн үүний адил цаашид шаардлагатай бүх баримт бичгийг бүрдүүлж хангах үндсэн үүрэгтэй байсан. Харин манай компанийн зүгээс уг үйл ажиллагааны үр дүнд олборлосон бүтээгдэхүүнээс орлого олж, улмаар уг орлогын эх үүсвэрээс Уул уурхайн менежментийн үйлчилгээний гэрээ, Нөхөн сэргээлт хийх гэрээний төлбөр болон холбогдох бусад төлбөрийг төлөх, урьдчилж гаргасан зардлыг нөхөн авах, мөн түүнчлэн ашиг олох төлөвлөгөөтэй байсан боловч Монголбридж ХХК-ийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас манай компанид их хэмжээний хохирол учраад байна.

Дээр дурдсан гэрээний үүргээ биелүүлж чадаагүй буюу холбогдох зөвшөөрлүүдийг эрх бүхий байгууллагуудаас нь авч чадаагүй болно. Менежментийн гэрээний 17.4 дэх хэсэгт гэрээг дуусгавар болгосноос үүсэх хохирлыг буруутай тал нөхөн төлөх үүрэгтэй гэж заасны дагуу бид дараах төлбөрүүдийг нэхэмжилж байна. Манай компанийн зүгээс уг гэрээний дагуу үйлчилгээ үзүүлэх болон бусад зардал гэх зүйлүүдэд зориулан Монголбридж ХХК-д дараах мөнгөн хөрөнгийг төлсөн болно. Үүнд гэрээний  10.1-т заасны дагуу 2013 оны 04 сарын 18-нд 14 100 000 төгрөг, 2013 оны 04 сарын 19-нд 14 000 000 төгрөг, 2013 оны 05 сарын 17-нд 14 260 000 төгрөг, 2013 оны 06 сарын 07-нд 10000 ам.доллар буюу 14 330 000 төгрөг төлсөн. Мөн түүнчлэн Монголбридж ХХК-ийн 2013 оны 06 сарын 25-ны өдрийн 0001/2013 тоот бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу 2013 оны 07 сарын 01-нд 40 000 000 төгрөг, 2013 оны 07 сарын 04-нд 5 000 000 төгрөг, нийт 101 690 000 төгрөгийг тус тус төлсөн.

Манай компанийн зүгээс Монголбридж ХХК-аар уул уурхайн ажлыг гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулснаас хойш дараах бодит зардлуудыг гаргасан болно. Үүнд: 2013 оны 04 сарын 02-ны өдөр цахилгааны төлбөр 4 000 000 төгрөг, 2013 оны 08 сарын 17-ны өдөр түлш шатхууны төлбөр 3 400 000 төгрөг 2013 оны 09 сарын 26-ны өдөр түлш шатхууны төлбөр 2 550 000 төгрөг 2013 оны 10 сарын 03-ны өдөр түлш шатхууны төлбөр 7 200 000 төгрөг, 2013 оны 07 сарын 26-ны өдөр автокранаар ажил гүйцэтгүүлсэн төлбөр 7 150 000 төгрөг, 2013 оны 08 сарын 05-ны өдөр автокранаар ажил гүйцэтгүүлсэн төлбөр 5 720 000 төгрөг, 2013 оны 08 сарын 07-ны өдрөөс 10 сарын 18-ны өдөр хүртэл цахилгаан эрчим хүчний төлбөр 6 733 722 төгрөг, 2013 оны 07 сарын 18-ны өдрөөс 10 сарын 25-ны өдөр хүртэлх цахилгаан эрчим хүчний шугмын түрээсийн төлбөр 2 500 000 төгрөг, 2013 оны 09 сарын 21-ний өдөр эксковатор тээврийн үйлчилгээний төлбөр 3 000 000 төгрөг, 2013 оны 10 сарын 15-ны өдөр портер засварын төлбөр 200 000 төгрөг 2013 оны 10 сарын 17-ны өдрөөс 25-ны өдөр хүртэл эксковатор, ковш, портер тээвэрлэсэн үйлчилгээний төлбөр 510 000 төгрөг, Аюулгүй байдлыг хангах хамгаалалтын үйлчилгээний төлбөр 22 700 000 төгрөг, 2013 оны 09 сарын 21-ний өдөр Эксковатор тээврийн үйлчилгээний төлбөр 3 000 000 төгрөг, 2013 оны 04 сарын 04-ний өдрөөс 12 сарын 12-ны өдөр хүртэл офиссын байрны түрээсийн төлбөр 8 287 000 төгрөг, 2013 оны 07 сарын 25-ны өдөр гадаадаас инженер ажиллуулсан төлбөр 9 126 080 төгрөг нийт 83 076 802 төгрөг гаргуулна.

Монголбридж ХХК 2013 оны 06 сарын 25-ны өдрийн 0001/2013 тоот бичгээр ирүүлсэн хүсэлтдээ уул уурхайн ажлыг эхлүүлэхэд шаардагдах хайгуулын болон ашиглалтын лицензүүдтэй холбогдолтой зөвшөөрлүүдийг авахад 45 000 000 төгрөг хэрэгтэй гэж нэхэмжилсний дагуу бид уг мөнгөн төлбөрийг Монголбридж ХХК-д шилжүүлсэн. Мөн Монголбридж ХХК нь уг албан бичигтээ бүх шаардлагатай зөвшөөрлүүд 2013 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө олгогдоно гэсэн боловч бидэнд нэг ч зөвшөөрлийг авч өгөөгүйгээс гадна уул уурхайн үйл ажиллагааг бодит байдлаар эхлүүлээгүй. Бидний зүгээс удаа дараа гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж, хугацаа өгч, боломж олгосон боловч Монголбридж ХХК-ийн зүгээс ямар нэг дорвитой арга хэмжээ аваагүй тул гэрээг цуцалсан буюу татгалзсан болно.

2016 оны 10 сарын 14-ний өдрийн 102\Ш3201625158 дугаар шүүгчийн захирамжаар Лайтуоркс ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авч хариуцагч Монголбридж ХХК болон Инишл-Эко ХХК-д холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн. Хариуцагч Монголбридж ХХК нэхэмжлэлийг хүлээн авсан боловч хариу тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй, Инишл-Эко ХХК нь нэхэмжлэлийг өнөөдрийг хүртэл хүлээн аваагүй байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулж байна гэж үзнэ. Учир нь тухайн хоёр компанийн улсын бүртгэлийн лавлагаанаас харвал эдгээр компаниудын өмчлөгч нь нэг этгээд буюу Ц.Даваадорж бөгөөд уг этгээд нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хамааралтай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан болохыг мэдсээр атал Инишл-Эко ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авах этгээдийг тодорхойлж өгөхгүй байна. Мөн Лайтуоркс ХХК өөрийн менежментийн үйлчилгээ үзүүлэгч Монголбридж ХХК-ийн хамт, Инишл-Эко ХХК-иар уул уурхайн нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгүүлэхээр 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нөхөн сэргээлт хийх гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу Инишл-Эко ХХК нь гэрээнд заасан талбайд техникийн нөхөн сэргээлтийг хийх, манай компанийн зүгээс төлбөр төлөх, Монголбридж ХХК-ийн зүгээс Лайтуоркс ХХК-тай байгуулсан Менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний дагуу нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй байсан. Лайтуоркс ХХК-ийн зүгээс уг гэрээний дагуу хийгдэх нөхөн сэргээлтийн ажилд зориулан 14 080 000 төгрөгийг Инишл-Эко ХХК-д 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн байдаг. Гэвч гэрээний дагуу ямар ч нөхөн сэргээлтийн ажил хийгдээгүй бөгөөд шалтгаан нь уул уурхайн олборлолтын болон хайгуулын болон нөхөн сэргээлтийн ажил хийгдээгүй юм. Дээр дурдсанчлан нэхэмжлэгч компаниас уул уурхайн үйл ажиллагаатай холбогдуулан гаргасан 14 080 000 төгрөгийн зардал үр ашиггүй болсон шалтгаан нь хариуцагч Монголбридж ХХК гэрээний үүргээ биелүүлээгүй буюу уул уурхайн олборлолтын үйл ажиллагааг явуулаагүйтэй шууд холбоотой тул уг зардлыг хариуцагч Монголбридж ХХК-аас гаргуулахаар холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг уг мөнгөн дүнгээр нэмэгдүүлэн нэхэмжилж байна. Мөн манай компанийн зүгээс уул уурхайн үйл ажиллагаа явуулах ажлыг Монголбридж ХХК-аар гүйцэтгүүлэх зорилгоор нийт 97 156 802 төгрөгийн зардлыг ямар ч үр ашиггүйгээр гаргасан бөгөөд энэ нь Монголбридж ХХК гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас уул уурхайн олборлолт хийгдээгүйтэй холбогдуулан манай компанийн хувьд хохирол болж байна.  Иймд бидний бодитоор төлсөн мөнгөн хөрөнгө болон ажил гүйцэтгүүх гэрээний хүрээнд гаргасан бодит зардал болох 198 846 802 төгрөгийг Монголбридж ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Монголбридж ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Лайтуоркс" ХХК нь манай компанитай уул уурхайн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж уг гэрээний 10.1-д заасны дагуу бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс өмнө Монголбридж" ХХК-аас гаргасан зардалд зориулан 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 10 000 ам.доллар буюу 14 100 000 төгрөг, 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 10 000 ам.доллар буюу 14 000,000 төгрөг, 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 10 000 ам.доллар буюу 14 260 000 төгрөг, 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 10 000 ам.доллар буюу 14 330 000 төгрөгийг төлсөн. Дээрх менежментийн үйлчилгээний төлбөрүүд нь талуудын байгуулсан гэрээний 3, 4 дүгээр зүйлд заасан үйл ажиллагааны менежментийг явуулахтай холбогдуулан манай компанид төлсөн төлбөр юм. Гэтэл "Лайтуоркс" ХХК нь "Ашигт малтмалын тухай хууль"-ийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл авахын өмнө, сонгон шалгаруулах журмаар ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан этгээд уг зөвшөөрөл авсны дараа орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах үүрэгтэй байсан атал энэ үүргээ биелүүлээгүй юм. Учир нь байгаль орчны менежментийн төлөвлөгөө болон байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.5-д заасны дагуу БОЯ болон АМГ-т хүргүүлсэн байх үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлээгүй болох нь тухайн эрх бүхий байгууллагуудын архивын лавлагаагаар тогтоогдоно. Ингээд бид "Лайтуоркс" ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар цуцлагдах тусгай зөвшөөрлийн жагсаалтанд орсон байсан тул үйл ажиллагааг явуулах боломжгүй болсон. Энэ хугацаанд уул уурхайн үйл ажиллагаа явуулах бэлтгэл ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Зүй нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 11.1, 4.1-ийн а болон b-д зааснаар Лайтуоркс ХХК нь гэрээний хүчинтэй хугацаанд өөрийн зүгээс уул уурхайн үйл ажиллагаанд ашиглалтын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл болон түүнд холбогдох төлбөр, хураамжийг төлөх, тусгай зөвшөөрөл болон удирдлагын үйл ажиллагаатай холбогдох бүх төлбөр хураамжийг төлөх үүргийг хүлээсэн боловч нэхэмжлэгчийн зүгээс өөрсдийн тусгай зөвшөөрлийг хариуцах үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалж бид гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн хангаж чадахгүйд хүрсэн. Ингээд гэрээний 11.1-д заасны дагуу гэрээ дуусгавар болсон ба нэхэмжлэгч нь ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан асуудлаар эрх бүхий байгууллагад гомдол гаргаагүй болно. Иймээс нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.4-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлд заасан гэрээ байгуулах нөхцөл байдал өөрчлөгдсөн тул гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон. Нэхэмжлэгч нь "Монголбридж" ХХК-аар уул уурхайн ажлыг гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулснаас хойш түлш, шатахууны төлбөр, автокранаар ажил гүйцэтгүүлсний төлбөр, цахилгааны төлбөр, оффисын байрны түрээсийн төлбөр, гадаадаас инженер хөлсөөр ажиллуулахад нийт 83 076 802 төгрөгийг зарцуулсан гэж, уг төлбөрийг манай компаниар төлүүлэхээр нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.1-ийн F-д зааснаар "Лайтуоркс" ХХК-ийн зардлаар уурхайн ажиллагаанд шаардагдах бүхий л төрлийн кемпинг, ажиллагсдын байр, оффисын байр болон шаардлагатай бүхий л тоног төхөөрөмж, машин механизмаар хангах, гэрээнд зааснаар үйлдвэр тоног төхөөрөмжийн урсгал засвар үйлчилгээ болон үйл ажиллагааны явцад гарсан гэнэтийн эвдрэл гэмтлийн засварын зардлыг хариуцах үүргийг тус тус хүлээнэ. Ийм ч учраас Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.3-т зааснаар дээрх төлбөрийг манай компаниас гаргуулах хууль зүйн үндэслэл байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Монголбридж ХХК-аас гэрээний үүрэгт нийт 128 640 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Лайтуоркс ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 70 206 802 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 157 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монголбридж ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 801 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Лайтуоркс ХХК-д буцаан олгож шийдвэрлэжээ.

 

    Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх боломжоор хангаагүй бөгөөд шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй хэрнээ мэдэгдсэн мэт баримт үйлдэж хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн.

Хариуцагч "Монголбридж" ХХК-ийн захирал Ц.Даваадоржид нэхэмжлэлийн хувийг гардуулахдаа түүний оршин суух хаяг болох Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баянмонгол хороолол 404-р байр, 71 тоот хаягийг буруу буюу 77 тоот гэж бичсэнээс шалтгаалж шүүх хуралдааны тов мэдэгдээгүй болох нь шүүхийн буруутай үйл ажиллагаа гэж үзэх үндэслэлтэй юм. Иймд шүүх хуралдааны тов мэдэгдээгүйгээс шалтгаалж хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзал түүнтэй холбоотой баримтуудыг гарган өгч мэтгэлцэх боломжийг олгоогүйгээс шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагад нийцэхгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Лайтуоркс ХХК нь хариуцагч Монголбридж ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 198 847 602 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Монголбридж ХХК-ийн захирал Ц.Даваадоржийн оршин суух хаягийг буруу бичиж, шүүх хуралдааны тов мэдэгдээгүй гэх гомдол үндэслэлтэй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч Монголбридж ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд болох Б.Баясгалан нь 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.1-д зааснаар тус компанийн олгосон итгэмжлэлээс татгалзах хүсэлтээ шүүхэд ирүүлснээр мөн өдөр зарлагдсан шүүх хуралдаан 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаагаар хойшлогджээ. Энэ тохиолдолд шүүх хуралдааны товыг хэргийн оролцогчид буюу хариуцагч компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдэд мэдэгдэх үүрэгтэй боловч уг үүргээ хуульд заасан журмын дагуу биелүүлсэн гэж үзэхэд учир дутагдалтай байна.

 

Хэрэгт хариуцагчийн төлөөлөгч Ц.Даваадоржийн оршин суух хаяг нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, 404 дүгээр байрны 71, 73, 77 тоот гэж зөрүүтэй авагдсан байх ба Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт болон Ц.Даваадоржийн иргэний үнэмлэхний хуулбараар Ц.Даваадорж нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, 404 дүгээр байрны 71 тоот хаягт оршин суудаг болох нь тогтоогдож байна.

 

Шүүх хариуцагчийн оршин байгаа хаягийг Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, 404 дүгээр байрны 73 тоот гэж буруу бичсэнээр хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлэх хуулийн зохицуулалт хэрэгжээгүй байна. Бичиг хүргэгч нь хуралдааны товыг хариуцагчийн утсаар мэдэгдсэн тухай тэмдэглэл үйлдсэн байдаг боловч уг тэмдэглэлд хариуцагчийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг хэзээ, ямар дугаарын утсаар мэдэгдсэн нь тодорхойгүй байна.

 

Шүүхийн дээрх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт ... мэдэгдэх хуудсыг зохигч талын оршин суугаа хаягаар шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ, ... мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан хэрэгслээр ... мэдэгдсэнээ баримтжуулсан байна гэж заасантай нийцээгүй тул хариуцагчид шүүх хуралдааны тов хүргэгдээгүй гэж үзэх үндэслэлтэй.

 

Шүүх хариуцагчийн төлөөлөгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд ирээгүй гэж үзэж хариуцагчийг шүүх хуралдаанд оролцож, мэтгэлцэх эрхээр нь хангаагүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасныг зөрчсөн байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2017/01639 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 801 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ТУЯА

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

А.МӨНХЗУЛ