Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2019/00959

 

Л ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/03473 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 350 дугаар магадлалтай, 

Л ХХК-ийн нэхэмжлэлтэй

МБ ХХК Ц.Д- нарт холбогдох, 

Ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн төлбөр 101.690.000 төгрөг, учирсан хохирол 83.076.802 төгрөг, Инишл-Эко ХХК-д шилжүүлсэн 14.080.000 төгрөг нийт 198.846.802 төгрөг гаргуулах иргэний хэргийг хариуцагч МБ ХХК-ийн төлөөлөгч Ц.Д-ийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Л ХХК-ийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Манай компани 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр МБ ХХК-тай уул уурхайн менежментийн үйлчилгээний гэрээ байгуулж, уул уурхайн бүх төрлийн үйл ажиллагааг явуулахаар харилцан тохиролцсон бөгөөд хариуцагчийн гүйцэтгэх ажлыг гэрээний хавсралтаар тодорхойлсон. Компани уул уурхайн үйл ажиллагааны хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, холбогдох стандартын дагуу гүйцэтгэх, төлөвлөгөө боловсруулах, хуваарийн дагуу алт олборлох үйл ажиллагаа явуулах үүрэг хүлээсэн ба хэрэв гэрээний хавсралтад заасан төлөвлөгөөт ажлын гүйцэтгэлийг 6 сар хүртэлх хугацаанд биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах, гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотой нөхөн төлбөр, торгууль төлөх үүрэг хүлээсэн. Мөн хариуцагч уулын ажлын төлөвлөгөөнд заасан бүтээгдэхүүний заалтад нийцэхүйц хүдэр гаргах, олборлон боловсруулах, хог хаягдлыг хаях, цэвэрлэх үйлчилгээг явуулах, үүнд хяналт тавих үүрэг хүлээсэн боловч өнгөрсөн хугацаанд ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Манай байгууллага гэрээнд заасан үйл ажиллагаа явуулахад шаардлагатай зөвшөөрлийг авч, ажиллах боломжоор хангасаар байтал тус компани үүргээ зөрчсөн. Түүнчлэн МБ ХХК-иас уулын ажлын төлөвлөгөө, усны зөвшөөрлийг харъяа орон нутгийн засаг захиргаанаас авах, тэдгээртэй байгуулах гэрээг боловсруулж, батлуулах, захиалагчийн нэрийн өмнөөс уул уурхайн хайгуул, олборолт, нөхөн сэргээлттэй холбоотой бүх зөвшөөрлийг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар, холбогдох эрх бүхий этгээдээс авах, зуучлах, туслах, мөн цаашид шаардлагатай бүх баримт бичгийг хангах үүрэгтэй байсан. Л ХХК нь уг үйл ажиллагааны дүнд олборлосон бүтээгдэхүүнээс орлого олох, орлогоосоо менежментийн үйл ажиллагааны гэрээ, нөхөн сэргээлтийн гэрээний төлбөр, холбогдох ажиллагааны төлбөр, урьдчилан гаргасан зардлыг нөхөн төлөх, цаашид хамтран ашиг олох төлөвлөгөөтэй байсан хэдий ч хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас хохирол хүлээгээд байна. Менежментийн гэрээний 13.2.-т заасны дагуу хэрэв гэрээлэгч шаардлагатай зөвшөөрлүүдийг авч чадаагүй тохиолдолд гэрээг цуцлах тухай зохицуулсан, бид энэхүү гэрээний 17.4.-т зааснаар гэрээг цуцалснаас хойш үүсэх хохирлыг буруутай тал нөхөн төлөх үүрэгтэй. Хариуцагч МБ ХХК-д гэрээний дагуу үйлчилгээ үзүүлэх болон бусад зардалд зориулан 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 14.100.000 төгрөг, 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 14.000.000 төгрөг, 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 14.260.000 төгрөг, 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 10.000 ам.доллар буюу 14.330.000 төгрөг, 2013 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 0001/2013 тоот бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу 2013 оны 7 дугаар сарын 01-нд 40.000.000 төгрөг, 2013 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 5.000.000 төгрөг, нийт 101.690.000 төгрөг төлсөн. Мөн хариуцагч МБ ХХК-иар уул уурхайн үйл ажиллагаа гүйцэтгүүлэх гэрээ байгуулсанаас хойш хугацаанд үргүй зарцуулагдсан бодитоор 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр цахилгааны төлбөр 4.000.000 төгрөг, 2013 оны 8 дугаар сарын 17-ны өдөр шатахууны төлбөр 3.400.000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр шатахууны төлбөр 2.550.000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр шатахууны төлбөр 7.200.000 төгрөг, 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдөр автокранаар ажил гүйцэтгүүлсэн төлбөрт 7.150.000 төгрөг, 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдөр автокранаар ажил гүйцэтгүүлсэн төлбөрт 5.720.000 төгрөг, 2013 оны 8 дугаар 07-ны өдрөөс 10 дугаар сарын 18-ны өдрийн хооронд цахилгаан эрчим хүчний төлбөрт 6.733.722 төгрөг, 2013 оны 7 дугаар 18-ны өдрөөс 10 дугаар сарын 25-ны өдрийн хооронд цахилгаан эрчим хүчний шугамын түрээсийн төлбөрт 2.500.000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр эксковатор тээврийн үйлчилгээний төлбөрт 3.000.000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр портер засварын төлбөрт 200.000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 25-ны өдрийн хооронд эксковатор, ковш, портер тээвэрлэсэн үйлчилгээний төлбөрт 510.000 төгрөг, 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны аюулгүй байдлыг хангах хамгаалалтын үйлчилгээний төлбөрт 22.700.000 төгрөг, 2013 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацааны офиссын түрээсийн төлбөр 8.287.000 төгрөг, 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдөр гадаадаас инженер хөлсөөр ажилуулласны төлбөр 6.080 ам.доллар буюу 9.126.080 төгрөг, нийт 83.076.802 төгрөгийг учирсан хохиролд тооцон нэхэмжилж байна. Манай компани уул уурхайн үйл ажиллагааны хүрээнд нөхөн сэргээлт хийхээр Инишл-Эко ХХК-тай нөхөн сэргээлтийн гэрээ байгуулж, 14.080.000 төгрөгийг төлсөн. Гэтэл хариуцагч МБ ХХК нь үйл ажиллагаа явуулаагүйгээс улбаалан дээр төлсөн төлбөрийг буцаан нэхэмжилж байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Инишл-Эко ХХК-иас татгалзаж, хариуцагч МБ ХХК, Ц.Д- нараас нийт 198.847.602 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч МБ ХХК-ийн төлөөлөгч Ц.Д-ийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Манай компани нэхэмжлэгч Л ХХК-тай уул уурхайн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан ба гэрээний 10 дугаар зүйлийн 10.1.-д зааснаар МБ ХХК-иас дараах төлбөрүүдийг нэхэмжлэгч Л ХХК-иас төлсөн. Үүнд: 2013 оны 4 дугаар сарын 18-ны өдөр 14.100.000 төгрөг, 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 14.000.000 төгрөг, 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 14.260.000 төгрөг, 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 10.000 ам.доллар буюу 14.330.000 төгрөг тус тус төлсөн. Гэтэл Л ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасны дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд энэхүү тусгай зөвшөөрлийг авахын өмнө байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах үүрэгтэй байсан атал уг үүргээ биелүүлээгүй бөгөөд талууд гэрээ байгуулж байх үед бид энэ талаар мэдээгүй юм. Учир нь Байгаль орчны менежментийн төлөвлөгөө болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.5-д заасны дагуу БОЯ болон АМГ-т хүргүүлсэн байх үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлээгүй болох нь тухайн эрх бүхий байгууллагуудын архиваас авах хүсэлт гаргахад дээрх үнэлгээ төлөвлөгөө байргүй гэсэн хариу өгсөн. Ингээд бид Л ХХК-ийн үйл ажиллагаанд шаардагдах Байгаль орчны менежментийн төлөвлөгөө болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэхээр ажиллаж байтал тус компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөл нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайр, ашиглахыг хориглох тухай хуулиар цуцлагдах тусгай зөвшөөрлийн жагсаалтанд орсон байсан тул үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 11.1, 4.1.а болон b-д зааснаар Л ХХК нь гэрээний хүчинтэй хугацаанд өөрийн зүгээс уул уурхайн үйл ажиллагаанд шаардагдах ашиглалтын хүчин төгөлдөр зөвшөөрөл болон түүнд холбогдох төлбөр, хураамжуудыг төлөх, тусгай зөвшөөрөл болон удирдлагын үйл ажиллагаатай холбогдох бүх төлбөр хураамжийг төлөх үүргийг хүлээсэн боловч нэхэмжлэгчийн зүгээс өөрсдийн тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хариуцах үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалж бид гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж чадаагүйд хүрсэн. Нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.4-т заасны зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд мөн хуулийн 220 дугаар зүйлд зааснаар гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал өөрчлөгдсөн тул бид гэрээгээр хүлээсэн үүргэ гүйцэтгэх боломжгүй болсон. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.1-ийн f-д зааснаар Л ХХК нь өөрийн зардлаар уурхайн ажиллагаанд шаардах бүхий л төрлийн кемпинг, ажиллагсдын байр, офиссын байр болон шаардлагатай бүхий л тоног төхөөрөмж, машин механизмаар хангах, гэрээний 12.3-д зааснаар гэрээний хугацаанд үйлдвэр тоног төхөөрөмжийн урсгал засвар үйлчилгээ болон үйл ажилалгааны явцад гарсан гэнэтийн эвдрэл гэмтлийн засварын зардлыг хариуцах үүргийг тус тус хүлээсэн. Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.3-н зааснаар нэхэмжлэгч нь уг зардлуудыг өөрөө бүрэн хариуцаж, МБ ХХК-д бус холбогдох байгууллагууд руу төлж барагдуулсан байдаг тул төлбөрийг манай компаниас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/03473 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3.-д заасныг тус тус үндэслэн хариуцагч МБ ХХК-иас 101 690 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 97 156 802 төгрөг болон хариуцагч Ц.Д-ид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 157 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч МБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 666 400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 350 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/03473 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч МБ ХХК-ийн төлөөлөгч Ц.Д-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч МБ ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 666 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч МБ ХХК-ийн төлөөлөгч Ц.Д-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа хариуцагч МБ ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, өмнө өгсөн хөлс 101.690.000 төгрөг, учирсан хохирол 83.076.802 төгрөг, Инэшл Эко ХХК-д төлсөн 14.080.000 төгрөгийн хамт нийт 198.847.602 төгрөг нэхэмжилснийг хариуцагч нар үл хүлээн зөвшөөрч, татгалзсан гээд Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, уг хуулийн 221.1, 221.3-д зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний тапууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болох ба хэрэв гэрээний үүргийг зөрчсөн нь тухайн гэрээг цуцлах үндэслэл болж байвал тус хуулийн 219.3. 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцална. Тодруулбал, үүрэг гүйцэтгэгч тал гэрээнд заасан үүргээ зөрчсөн нь гэрээг цуцлах буюу гэрээнээс татгалзах үндэслэл болж байвал тус хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3-д зааснаар нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй болох нь илэрхий, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь түүний ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүйгээр гэрээнээс татгалзах бөгөөд 225 дугаар зуйлийн 225.2-т зааснаар нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүргээ гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үздэг байна гэжээ Нэхэмжлэгч Л ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хариуцагч МБ ХХК-тай байгуулсан “Уул уурхайн менежментийн үйлчилгээний гэрээ”-г цуцалж, нийт 198.847.602 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гээд дээрх шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт заасан Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтуудад заасныг үндэслэсэн гэж ойлгогдохоор байх бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй хэмээн дүгнэж зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх дараах хууль зүйн үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-д “Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцлаж болно” гэж заасан ба үүрэг гүйцэтгэгчийн буруугаас үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон, мөн үүрэг зөрчсөнөөс талууд гэрээнээс татгалзах болсон гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж шүүхэд хандан зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр мэтгэлцэж буй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэгчид үүргээ биелүүлэхийг шаардаж нэмэлт хугацаа тогтоон, урьдчилан сануулах шаардлагатай байсан. Гэтэл нэхэмжлэгч тал нь үүрэг гүйцэтгэгчид үүргээ биелүүлэхийг шаардаж, нэмэлт хугацаа огт өгөөгүй бөгөөд, урьдчилан сануулах арга хэмжээ огт авалгүйгээр шүүхэд хандсан нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Дээр дурьдсан гомдлын үндэслэлийг давж заалдах шатны шүүх дүгнэхдээ талуудын аль нэг нь гэрээгээр хулээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан бөгөөд гомдолд дурьдсанаар тодорхой хугацаа өгсөний дараа үр дүн гарах байсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж үзнэ. Нэхэмжлэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэгчийг үүргээ зөрчсөн гэж үзэж байсан бол үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа заавал тогтоож өгөх ёстой байсан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс үүрэг гүйцэтгүүлэгчийг тодорхой хугацаа өгсөний дараа үр дүн гарах байсан гэх нөхцөл байдал ямар нэгэн баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хариуцагч нь ямар нэгэн үр дүн гарах байсан гэдгийг нотлох бус харин ч эсрэгээрээ нэхэмжлэгч нь тодорхой хугацаа тавих, үүрэг гүйцэтгэх тодорхой хугацаа олгох нь ямар ч үр дүнд хүрэхээргүй гэж үзэж гэрээг шууд цуцлаж байгаа нөхцөл байдлыг нотлох үүрэгтэй байсан гэж хуулийг тайлбарлаж хэрэглэх нь зүйтэй байсан болов уу. Иймд шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байх тул хариуцагч МБ ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Л ХХК нь МБ ХХК болон Ц.Д- нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн төлбөр 101.690.000 төгрөг, учирсан хохирол 83.076.802 төгрөг, Инишл-Эко ХХК-д шилжүүлсэн 14.080.000 төгрөг, нийт 198.846.802 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Шүүх нэхэмжлэлээс 101.690.000 төгрөг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч Л ХХК нь нэмэлт хугацаа тогтоож, үүрэг гүйцэтгэх боломж олгоогүй гэсэн үндэслэл зааж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн хариуцагчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Л ХХК нь 13423Х, 13883Х тоот хайгуулын, 11871А тоот ашиглалтын  тусгай зөвшөөрөл эзэмшиж байхдаа МБ ХХК-р уул уурхайн менежментийн үйлчилгээ хийлгэхээр талууд хэлэлцэн тохирч 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр бичгийн хэлбэрээр гэрээ байгуулсан, үйл ажиллагаанд зориулж 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2013 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүртэл нийт 101.690.000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагчид шилжүүлсэн боловч тодорхой ажлыг хариуцагч гүйцэтгээгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Хоёр шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний харилцаа, гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч биелүүлээгүйтэй холбоотой нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан үндэслэлийн талаар хэргийн баримтад тулгуурлан дүгнэж, шилжүүлсэн мөнгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Шүүх, “хариуцагч МБ ХХК-ийн буруугаас нэхэмжлэгч Л ХХК-д хохирол учирсан нь тогтоогдоогүй” гэж хохиролд 83.076.802 төгрөг гаргуулах, Инишл-Эко ХХК-ийн төлбөрийг хариуцагч төлөх үүрэг хүлээгээгүй” үндэслэлээр нөхөн сэргээлтийн урьдчилгаанд Инишл-Эко ХХК-д төлсөн 14.080.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

Түүнчлэн хариуцагч Ц.Д- нь МБ ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал боловч компанийн өр, төлбөрийг хариуцах үндэслэлгүй талаар хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Зохигч гэрээндээ, гэрээний хавсралтад заасан төлөвлөгөөт ажлыг 6 сар хүртэлх хугацаанд биелүүлээгүй бол гэрээг цуцлахаар тохиролцсон, ажил гүйцэтгэгчээс тодорхой ажил гүйцэтгэн зохих үр дүн гаргаагүй тул нэмэлт хугацаа тогтоож, үр дүн хүлээх шаардлагагүй гэж үзэж, нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь хуульд заасан журам зөрчигдсөн гэж үзэхгүй.

Дээр дурдснаар хариуцагч МБ ХХК-ийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/03473 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 350 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч МБ ХХК-ийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч МБ ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 666.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ