Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2017/01043

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2017/01043

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:*******,

 

Хариуцагч: БЗД б х-д нарт холбогдох,

 

Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Өлгийн 1 дүгээр гудамж, 0 тоотод байршилтай 678.99 м.кв газрын өмчлөх эрхийг шилжүүлсэн М.С, Я.Т нарын хоорондох 2006 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн, Я.Т, Б.А нарын хоорондох 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн, Б.А,******* нарын хоорондох 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн бэлэглэлийн гэрээнүүдийг тус тус дүр үзүүлсэн хуурамч, хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, уг газрын өмчлөх эрхийг М.Сын нэр дээр бүртгэхийг Н БЗД б хт даалгах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, хариуцагч*******, хариуцагчийн өмгөөлөгч Ц.О, гуравдагч этгээд М.С-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн ******* нь 2006 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Монгол улсын иргэн Д.Э-р зуучлуулан М.С-н нэр дээрх өмчлөх эрхийн гэрчилгээтэй Баянзүрх дүүрэг, 22 хороо, Өлгий  дүгээр гудамжны  тоотод байрлах 678.99 м.кв талбайтай газрыг харилцан тохиролцож 21.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Газар худалдаж авсан 21.000.000 төгрөгийг ******* нь М.Ст бэлнээр хүлээлгэн өгсөн. Уг газарт үйлчилгээний зориулалттай барилга барих зорилгоор худалдаж авсан. Монгол улсын Газрын тухай хуульд зааснаар гадаад улсын иргэн газар өмчлөх эрхгүй байсан учир ******* нь өөрийн байрлаж байсан Good morning зочид буудлын ажилтан Я.Тийг гуйж түүний нэр дээр уг газрын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахын тулд М.С, Я.Т нарын хооронд 2006 оны 05 дугаар сарын 17-ны өдөр уг газрыг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээ байгуулуулсан байдаг. Уг газрын өмчлөх эрхийг өөртөө шилжүүлсэн Я.Т БНСУ-д байсан учир ******* нь өөрийн менежер*******гийн нэр дээр тухайн газрыг захиран зарцуулах итгэмжлэлийг авахаар болсон ба 2008 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр******* нь Солонгос улсын Сөүл хот дахь Монгол улсын консулын газар очиж тухайн маргаан бүхий газрыг захиран зарцуулах итгэмжлэлийг Я.Тээс авсан. Энэ итгэмжлэлийн дагуу******* маргаан бүхий газрыг өөрийн дүү Б.Аын нэр дээр бэлэглэлийн гэрээгээр 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлэн 4 хоногийн дараа 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдөр буцаагаад өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авсан байдаг. 2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр******* нь *******д дээрх газрыг бусдад худалдах, шилжүүлэх эрхтэй итгэмжлэлийг хийж өгсөн байсан ба тухайн газрын өмчлөх эрхийн гэрчилгээ нь *******д хадгалагдаж байсан. 2012 оны 08 дугаар сарын сүүлээр ******* итгэмжлэлийнхээ дагуу тухайн газрыг өөрийн итгэлтэй хүний нэр дээр шилжүүлэх гэсэн боловч******* газар өмчлөлийн гэрчилгээг гээгдүүлсэн гэж хүсэлт гаргаж дахин шинэ гэрчилгээ гаргуулж *******д олгосон итгэмжлэлээр газар шилжүүлэхийг хориглох хүсэлтийг Баянзүрх дүүргийн газрын албанд гаргасан байсан.*******тай ярьж тухайн газрын нэрийг шилжүүлэн авахаар хэлэхэд******* би чамд наад газрыг чинь өгөхгүй чамайг Монгол улсаас зайлуулна, миний ах цагдаа гэж хэлсэн байдаг. Нэхэмжлэгч ******* нь тухайн үед хамтран ажиллаж байсан Ан Сон Илд дээрх учрыг хэлэхэд та цагдаа, шүүхэд хандаад хэрэггүй. Учир нь бид гадаад улсын иргэн учир ялагдана гэж хэлсэн байдаг. 2013 оны 01 дүгээр сарын дундуур******* ******* руу залгаж би Австрали улс руу сурахаар явлаа надад сургалтын төлбөр болгож 20.000 ам.доллар өг, 20.000 ам.доллар өгвөл газрыг өөрийн чинь нэр дээр шилжүүлэн өгнө. Үгүй бол энэ газрыг ломбарданд тавиад мөнгө зээлж аваад явлаа гэж дарамталсан байдаг. Үүний дагуу ******* нь*******д 10.000 доллар өгөөд явуулсан байдаг.******* энэ мөнгийг аваад 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Ан Сон Илд уг газрыг захиран зарцуулах итгэмжлэл хийж өгсөн байдаг. ******* нь 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр итгэмжлэл болон газрын гэрчилгээг авч Баянзүрх дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн газар очиж шалгуулахад******* 2013 оны 09 дүгээр сард гэрчилгээгээ гээгдүүлсэн гэж дахиж аваад Ан Сон Илд олгосон итгэмжлэлийг дахин хүчингүй болгосон хүсэлтээ Баянзүрх дүүргийн газрын албанд өгсөн байсан. Үүнээс*******г энэ газраа буцааж өгөхгүй гэдгийг мэдсэн учир ******* 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улсын мөрдөн байцаах газарт гомдол гаргасан. Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын мөрдөн байцаах хэлтсээс*******д 2014 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан бөгөөд прокурорын байгууллагаас удаа дараа хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хэргийг хэрэгсэхгүй болгохдоо гадаад улсын иргэн газар өмчлөх эрхгүй учир гэмт хэргийн бүрэлдэхүүний объект байхгүй гэх үндэслэл заан газартай холбоотой асуудлыг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариуг удаа дараа өгсөн. Иймд ******* нь тухайн хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг иргэний хэргийн шүүхэд гаргаж байгаа. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж эрхийг нь нээллтэй орхисон байдаг. Сонирхогч этгээд гэдэг нь тухайн хэлцлийн улмаас эрх ашиг нь хөндөгдөж, зөрчигдсөн этгээд гэж ойлгож байна. Дээрх хэлцлүүдийн улмаас *******ын эрх зөрчигдөж байна. Учир нь бусдын өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар буюу үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн мөнгөөр худалдан авч тухайн үед хамт ажиллаж байсан Монгол улсын иргэний нэр дээр гэрчилгээг гаргуулсан байдаг. Энэ газрыг худалдаж авсан гол зорилго нь үйлчилгээний зориулалттай барилга барих байсан. Энэ нь Монгол улсын хуулиар хориглосон асуудал биш юм.******* нь тухайн үед *******тай хамтран ажиллаж байсан Ан Сон Ил гэгчтэй гэр бүлийн дотны харилцаатай болсон байдаг ба үндсэндээ энэ хоёр нийлээд *******ын эсрэг ажиллагаа явуулаад байгаа.*******, Б.А, Я.Т нар энэ газрыг өөрсдийнх нь газар биш гэдгийг сайн мэдэж байгаа. Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн гол шаардлага нь 2006 оны 05 дугаар сарын 17-ны өдөр М.С, Я.Т нарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээ, 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдөр*******, Б.А нарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээ, 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Б.А,******* нарын хооронд байгуулсан энэ хэлцлүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу дүр үзүүлэн хийсэн хэлцэлд тооцоод Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар үр дагаврыг арилгуулахыг хүсч байна. Үр дагаврыг яаж арилгуулах вэ гэвэл анхны өмчлөгч М.С-ын нэр дээр газар өмчлөх эрх очих ёстой гэж үзэж байна. Иймд М.С-ын нэр дээр газар өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгах шийдвэр гаргаж өгнө үү. ******* нь анх энэ газрыг авчихаад 2008 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос улсын хөрөнгө оруулалттай М ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр тухайн газар дээр үйлчилгээний зориулалттай барилга барина. Энэ барилгын 50 хувийг өөрийн менежер*******-гийн нэр дээр гаргуулна. Барилга ашиглалтанд орсноор М ХХК-ийн өмчлөлд тухайн газрын өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэг хүлээсэн хамтран ажиллах гэрээ байгуулсан.******* энэ газрын шударга өмчлөгч биш юм. Дүр үзүүлсэн хэлцлийн үндсэн дээр үндэслэлгүй хөрөнгөжиж байгаа хүн юм. Энэ газрыг авахад******* мөнгө гаргаагүй бөгөөд газрыг шилжүүлснээр*******-д ямар нэгэн хохиролтой зүйл болохгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч******* шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... 2005 оноос 2007 оны 04 дүгээр сар хүртэл *******тай Солонгост хамт амьдарч байсан. 2006 оны 5 дугаар сард бид хоёр хамт бизнес хийхээр болсон. Би Монголд ирэх боломжгүй байсан учир ******* түрүүлж Монгол улсад ирсэн. Би 2007 оны 4 дүгээр сард Монголд ирсэн. ******* нь 2006 оны 5 дугаар сард Монголд ирээд 20 орчим хоноод буцсан. Ингэхдээ 21.000.000 төгрөгийг бэлэн төлж М.Саас газар худалдаж авсан. ******* нь Солонгос улсын иргэн учир газрыг өөрийн нэр дээр авч болохгүй байсан учир тухайн үед өөрийн байрлаж байсан Good Morning зочид буудлын ажилтан Я.Тийн нэр дээр газраа худалдаж авахаар болсон. Би энэ үед Солонгос улсаас Монгол улсад ирэх боломжгүй байсан бөгөөд тэнд хараар ажиллаж байсан. Ийнхүү газрыг худалдаж авсныхаа дараагаар ******* Солонгост буцаж ирсэн. Би 2007 оны 04 дүгээр сард Монгол улсад ирж газартай холбоотой бизнес эрхлэх гээд компани байгуулсан. Компаниа 2007 оны 07 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан. Үүний дараа энэ компанийг 2007 оны 10 дугаар сард гадаадын хөрөнгө оруулалттай болгож ******* хөрөнгө оруулалт хийн орж ирсэн ба 2012 оны 06 дугаар сар хүртэл хамтран бизнес эрхэлсэн. 2012 оны 06 дугаар сард бид 2 муудалцаж хамтран ажиллахаа больсон. ******* бид хоёр 2006 оны 6 дугаар сар хүртэл хамтран ажилласан бөгөөд тэр компанид 10.000 ам.долларын хөрөнгө оруулсан байсан. Салахаасаа өмнө бид хоёр компанийн үйл ажиллагаагаа 2011 онд 60.000 ам.доллараар зарсан байсан. Ингээд Юү Би Платинум барилгын 6 дугаар давхарт 70 м.кв талбайтай оффисыг 190.000.000 орчим төгрөгөөр худалдаж авсан. Энэ оффисын өмчлөх эрх *******ын нэр дээр байгаа. Салахдаа би газраа авч ******* оффисоо авахаар тохиролцоод салсан. Газар болон оффисыг худалдаж авахдаа дундын данснаасаа худалдаж авсан. Бид хоёр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй. Би энэ газрыг *******тай 2006 оноос хойш хамт амьдарч хамтран бизнес хийж олсон мөнгөөр худалдаж авсан учир шударга өмчлөгч мөн гэж үзэж байна. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

  

Хариуцагч Н БЗД б х шүүхэд гаргасан тайлбартаа: ... Эрхийн улсын бүртгэлийн дугаартай бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгий 1 дүгээр гудамжны 0 тоот гэр бүлийн хэрэгцээний газар нь иргэн М.С, С.Э, С.Б, С.С, С.Б, С.Я, Б.Ч нарын өмчлөлд бүртгэлтэй байсан бөгөөд 2006 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 75 дугаартай нотариатын гэрчилсэн бэлэглэлийн гэрээгээр иргэн Л.Т-ийн өмчлөлд, БНСУ-ын нотариатын үүрэг гүйцэтгэгч Б.Л-ийн гэрчилсэн иргэн Л.Тийн*******-д дээрхи газрыг бэлэглэх худалдах эрх олгосон итгэмжлэлийн дагуу 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 257 дугаартай нотариатын гэрчилсэн бэлэглэлийн гэрээгээр иргэн Б.Аын өмчлөлд, 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 257 дугаартай нотариатын гэрчилсэн бэлэглэлийн гэрээгээр иргэн*******гийн өмчлөлд тус тус шилжин бүртгэгдсэн байна. Иргэн******* нь 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдөр болон 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэрчилгээг үрэгдүүлсэн мэдүүлэг гаргаж нөхөн олгосон байна. Уг газрын бүртгэл нь холбогдох нотлох баримтыг үндэслэн хууль, дүрэм, журмын дагуу хийгдсэн байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... М.С нь 2006 оны 05 дугаар сарын 17-ны өдөр өөрийн болон гэр бүлийн гишүүдийн өмчлөлд байсан Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн  дүгээр гудамж  тоот хаягт байрлах 678.99 м.кв газрыг нутгийн хүн болох Д.Э-аар зуучлуулан *******д 21.000.000 төгрөгөөр худалдсан. ******* нь газрын үнэ 21.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн бөгөөд уг газарт үйлчилгээний зориулалттай барилга барихаар төлөвлөж байгаа талаараа ярьсан. Ингээд Солонгос улсын иргэнд газар өмчлөх эрх шилжих боломжгүй байсан учир ******* нь өөрийн байрлаж байсан зочид буудлынхаа ажилтан Я.Тийг дагуулан ирж бэлэглэлийн гэрээ байгуулж Я.Тийн нэр дээр газар өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлсэн. М.С нь Я.Т газрыг худалдаж аваагүй Солонгос улсын иргэн ******* газрыг худалдан авч байгааг ойлгож байсан боловч гадаад улсын иргэн газар өмчлөх эрхгүйг мэдээд газар өмчлөх эрхийг Я.Тийн нэр дээр шилжүүлэн өгсөн. Одоо тухайн газрыг Я.Тээс авсан хариуцагч******* нь уг газрыг өмчлөх эрхийг өөрийн нэр дээр аваад *******ын газрыг шилжүүлэх ёстой хүнд нь өгөхөөс татгалзаж байгаа гэдгийг мэдсэн.*******д газар өмчлөх эрхийг шилжүүлсэн Я.Т нь тухайн газрыг өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр худалдаж авсан хүн биш гэдийг хэлэхийг хүсэж байна. Энэхүү гэрээ хэлцэл нь дүр үзүүлсэн хэлцэл байсан учир нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х констракшн ХХК /хуучин нэрээр М ХХК/, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одгэрэл шүүхэд гаргасан тайлбартаа: ...М ХХК болон нэхэмжлэгч ******* нар 2008 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хамтран ажиллах гэрээг байгуулсан. Энэ гэрээгээр тус компани нь 100% хөрөнгө оруулан *******ын худалдан авсан газар дээр 270,8 м.кв талбай бүхий үйлчилгээний барилга барьж хамтран өмчлөхөөр болсон. Тухайн үед газар өмчлөх эрх Монгол Улсын иргэн Я.Тийн нэр дээр байсан бөгөөд ******* нь барилгын өөрт ногдох 50 хувийн өмчлөх эрхийг өөрийн орчуулагч, менежер*******гийн нэр дээр гаргахаар тохирсон байдаг. Ингээд 2008 онд тухайн газар дээр гэрээний дагуу тохирсон барилгыг барьж ашиглалтад оруулсан бөгөөд гэрээний дагуу манай компани*******гийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн 50 хувийн өмчлөх эрхийг шилжүүлсэн. ******* нь барилга барьсан газрын өмчлөх эрхийг Я.Тээс*******гийн нэр дээр шилжүүлсэн гэж байсан бөгөөд 2013 онд М ХХК-ийн зүгээс газар өмчлөх эрхийг шилжүүлэн авах тухай хүсэлтийг *******д тавьсан ба газар өмчлөх эрхийн гэрчилгээг эх хувиар нь манай компанид гаргаж өгсөн. 2013 оны 12 дугаар сард М ХХК-ийн захирал ХС намайг дуудаад Баянзүрх дүүргийн газрын алба дээр очоод*******тай уулзаад энэ газрыг өөрийн эхнэр Э-ийн нэр дээр шилжүүлээд ир гэж явуулсан. Миний бие газрын алба дээр*******тай уулзсан бөгөөд******* нь газрын гэрчилгээн дээрээс нэгж талбарын дугаар болон бусад мэдээллийг харж өргөдөл бичнэ гэ хэлээд надаас гэрчилгээг авсан. Гэтэл өргөдөл бичиж байснаа би өнөөдөр Австрали улс явна, ингэж байх зав алга гэж хэлээд газрын гэрчилгээг эх хувиар нь аваад цүнхэндээ хийгээд явчихсан. Үүнээс хойш манай компани тухайн газрыг өөрийн нэр дээр шилжүүлж чадахгүй яваад байгаа. Гэтэл******* нь тухайн газар дээр барьсан барилгын өмчлөх эрхийн 50 хувийг *******ын зөвшөөрөлгүйгээр өөрийн хамтран амьдрагч БНСУ-ын иргэн Ан Сон Илийн нэр дээр шилжүүлж улмаар Ан Сон Ил нь 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр М ХХК-д холбогдуулан 111.895.000 төгрөгийн хохирол нэхэмжилж шүүхэд хандсан.*******гийн нэр дээрх газар нь анх ******* мөнгийг нь төлж худалдан авсан газар гэдгийг манай компанийн эрх бүхий хүмүүс мэдэж байсан. Одоо*******гийн нэр дээрх газрыг шилжүүлэн авах гэтэл******* өгөхгүй гэж маргалдаж байгаа бөгөөд дээрх газрыг үндэслэлгүйгээр хөрөнгөжих замаар авсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Я.Т шүүхэд гаргасан тайлбартаа: ... Миний бие 2006 онд Баянзүрх дүүрэгт байрлах Good morning зочид буудалд зохион байгуулагч ресепшнээр ажиллаж байсан. Өдөр хоногоо сайн санахгүй байна, 2006 оны 5 сарын орчим байх тухайн үед миний ажиллаж байсан буудалд байрлаж байсан Солонгос улсын иргэн ******* нь монголд газар худалдаж авсан, гадаад улсын иргэн болохоор өөрийн нэр дээрээ гэрчилгээг нь гаргуулж болохгүй байна гэж ярьж байсан. Ингээд хэд хоногийн дараа ******* нь надад хандан худалдаж авсан газрынхаа гэрчилгээг чиний нэр дээр түр гаргуулмаар байна, тус болооч гэхээр нь би зөвшөөрч өөрийн нэр дээр гаргуулсан юм. Тухайн үед газрын эзэн гэх М.С гэгчтэй гэрээ хийж гарын үсэг зурсан. Өөрийн нэр дээр гарсан гэрчилгээг би хараагүй бөгөөд удалгүй БНСУ-д ажиллахаар явсан юм. Солонгост байж байтал 2008 оны намар 11 сарын үед ******* надтай холбогдоод нөгөө газраа уг газарт барилга барьж байгаа өөр компанид гэрээний дагуу шилжүүлэхээр боллоо манай менежер Үүрийнтуяа гэх эмэгтэйд итгэмжлэл хийж өгөөч гэхээр нь БНСУ-ын Сөүл хотын Монгол улсын Элчин сайдын консулын газар очиход тэнд ******* байсан. Ингээд Үүрийнтуяа гэдэг хүний нэр дээр итгэмжлэл хийж өгсөн. Тухайн үед итгэмжлэл хийхэд ******* ганцаараа байсан. Миний бие уг газрыг худалдан авахад ямар ч оролцоогүй бөгөөд *******ын худалдаж авсан газар гэдгийг л мэднэ, түүний гуйлтаар газар өмчлөх эрх бэлэглэсэн гэрээнд гарын үсэг зурж өөрийн нэр дээр гэрчилгээг нь түр байлгаж байгаад буцаагаад шилжүүлсэн. Миний хувьд өөрийн санаачилгаар М.Саас газар авахаар гэрээ, хэлцэл байгуулсан асуудал байхгүй. Урьд нь энэ талаар цагдаагийн байгууллагад ч мэдүүлэг өгсөн байгаа гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.А шүүхэд гаргасан тайлбартаа: ... Тус иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдоос гаргасан аливаа шаардлага, тайлбар миний эрх ашиг хөндөөгүйн зэрэгцээ миний 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Я.Ттэй, 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдөр*******тай байгуулсан бэлэглэлийн гэрээнүүд нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл байгаагүй, биш гэдгийг тайлбарлаж байна. Дээрх гэрээнүүд нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн  дүгээр гудамж,  тоот 67.99 м.кв газрыг*******гийн өмчлөлд шилжүүлэх зорилгоор хийсэн хүчин төгөлдөр хэлцэл юм гэжээ.

 

Зохигч, төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Б.Ү, Н БЗД б хт холбогдуулан Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Өлгийн  дүгээр гудамж,  тоотод байршилтай 678.99 м.кв газрын өмчлөх эрхийг шилжүүлсэн М.С, Я.Т нарын хоорондох 2006 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн, Я.Т, Б.А нарын хоорондох 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн, Б.А,******* нарын хоорондох 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн бэлэглэлийн гэрээнүүдийг тус тус дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, уг газрын өмчлөх эрхийг М.Сын нэр дээр бүртгэхийг Н БЗД б хт даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч******* нь 2005 оноос 2012 оны 06 дугаар сар хүртэл хугацаанд нэхэмжлэгч *******тай БНСУ болон Монгол Улсад хамтран амьдарч, хамтран бизнес хийж байхдаа уг газрыг худалдаж авсан шударга өмчлөгч учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж, хариуцагч Н БЗД б х нь газрын бүртгэл хуулийн дагуу хийгдсэн тул нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэв.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно гэж зааснаар нэхэмжлэгч ******* шүүхэд шаардлага гаргах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч ******* шаардлагын үндэслэлээ маргаан бүхий газрыг 2006 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын иргэн М.Саас 21.000.000 төгрөгөөр худалдан авч, Монгол улсын Газрын тухай хуулиар гадаад улсын иргэн газар өмчлөх эрхгүй байсан учир өөрийн байрлаж байсан зочид буудлын ажилтан Я.Тийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр өмчлөх эрхийг шилжүүлэн авсан гэж тайлбарлаж, 21.000.000 төгрөгийг М.Ст хүлээлгэн өгсөн тухай баримтыг шүүхэд гаргасан ба бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Я.Т уг асуудлыг маргахгүй байна /хх-65/.

 

Газар өмчлөх эрх хэлбэрийн хувьд нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангасан бэлэглэлийн гэрээ /хх2-371-375/-гээр шилжсэн байх боловч агуулгын хувьд хариу төлбөртэй буюу худалдах, худалдан авах тохиролцоонд үндэслэсэн, мөн Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх хэсэгт өмчийн газраа худалдах, арилжих, өвлүүлэх, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын иргэний өмчлөл, эзэмшилд шилжүүлэхийг газар өмчлөгч иргэнд хориглоно гэж тус тус заасныг зөрчсөн байгаагаас үзэхэд нэхэмжлэгч ******* болон гуравдагч этгээд Б.С нарын хооронд хийгдсэн газар худалдах, худалдан авах хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэж дүгнэхээр байна. Гэвч бэлэглэлийн гэрээний талууд болох М.С, Я.Т нар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй гэж зааснаар тэдний хооронд байгуулсан газар бэлэглэлийн гэрээг хөндөх үндэслэлгүй.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагч*******д холбогдуулан Я.Тээс Б.Аад, Б.Ааас*******д газар шилжсэн бэлэглэлийн гэрээг мөн хүчин төгөлдөр бусад тооцохыг шаардаж байх /хх-376-380, 381-384/ боловч гэрээний тал Б.А мөн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд байна.

 

Нэхэмжлэгч ******* нь БНСУ-д амьдарч байсан гуравдагч этгээд Я.Ттэй уулзаж, дээрх газрыг захиран зарцуулах бүрэн эрхийг хариуцагч*******д шилжүүлэхийг мэдэгдсэний дагуу 2008 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр БНСУ дахь нотариатын үүрэг гүйцэтгэгч Я.Тийн итгэмжлэлийг гэрчилж олгосон болох нь гуравдагч этгээд Я.Тийн мэдүүлэг, тайлбар, итгэмжлэл /хх-74, 316, 379/, зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба уг үйл баримтыг нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь маргаагүй, итгэмжлэл хүчин төгөлдөр байна. Иймээс нэхэмжлэгчийн хүсэл зоригийн үндсэн дээр маргаан бүхий газрын захиран зарцуулах эрх хариуцагч Б. Үүрийнтуяад шилжсэн байна гэж дүгнэх үндэстэй.

 

Хариуцагч******* дээрх итгэмжлэлийг үндэслэн газрыг өөртөө шилжүүлэх зорилгоор бэлэглэлийн гэрээгээр дүү Б.Аад шилжүүлэн, мөн түүнээс буцааж авсан үйл баримт холбогдох гэрээ, гуравдагч этгээд Б.А, хариуцагч******* нарын тайлбар баримтуудаар тогтоогдож байх /хх-376-384/ ба хариуцагч маргаан бүхий Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Өлгийн 1 дүгээр гудамж, 0 тоот хаягт байршилтай 678.99 м.кв газрын өмчлөгч болсон болох нь өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогджээ /хх-106/.*******, Б.А нарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээнүүд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3, 182 дугаар зүйлийн 182.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан нотариатаар гэрчлүүлэн улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, мөн Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Хариуцагч******* нь 2005 оноос 2012 оны 06 дугаар сар хүртэл хугацаанд нэхэмжлэгч *******тай БНСУ болон Монгол Улсад хамтран амьдарч, хамтран бизнес хийж байхдаа газрыг худалдаж авсан шударга өмчлөгч гэж нэхэмжлэлийг татгалзаж, Монгол Улсын хилээр зорчсон лавлагаа, нэхэмжлэгчтэй хамтран байгуулсан Т ХХК-ийн дүрэм, хамтран эзэмшдэг дансны тодорхойлолт, дансны хуулга, эрүүгийн хэргийг шалгах явцад авсан гэрч Х.С, М.Б нарын мэдүүлэг зэрэг шүүхэд гаргасан /шүүхийн журмаар гаргуулсан/ баримтуудаас үзэхэд хариуцагч 2004 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2007 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд Монгол Улсад байгаагүй ба нэхэмжлэгч *******тай хамтран амьдарч байсан, нэхэмжлэгч дурдсан хугацаанд 19 удаа тус улсын хилээр зорчсон, мөн нэхэмжлэгч *******тай хамтран Хаан банкин дахь тоот дансуудыг 2007 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2010 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд хамтран эзэмшин төлбөр тооцоо гүйцэтгэж байсан, 2007 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хамтарч Т ХХК байгуулан дүрэм баталсан үйл баримт нотлогджээ /хх-178-184, 318-321, 330/.

 

Маргаан бүхий газарт үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө баригдсан байх ба уг хөрөнгийг барих талаар гуравдагч этгээд М ХХК /тухайн үеийн нэрээр/-тай хамтран ажиллах гэрээг нэхэмжлэгч *******, хариуцагч******* тус бүр байгуулсан байх /хх-127-128, 365-368/ боловч тухайн үл хөдлөх эд хөрөнгийн 50 хувийн өмчлөгчөөр хариуцагч*******г бүртгэсэн 2009 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байна /хх-108/. ******* гадаад улсын иргэний хувьд Монгол Улсад газар өмчлөх эрхгүй ч аливаа барилга объект өмчлөхийг тус улсын хуулиар хориглоогүй болно. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х констракшн ХХК /хуучин нэрээр М ХХК/ маргаан бүхий газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авах гэтэл******* өгөхгүй маргалдаж байгаа гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байх боловч энэ үндэслэл нь тус нэхэмжлэлд хамааралгүй, тусдаа үүссэн гэрээний харилцаатай холбоотой байна.

 

Мөн Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 39а дугаар тогтоолоор*******, Ан Сон Ил нарт холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байх ба уг асуудал нь нэхэмжлэлд дурдсан бэлэглэлийн гэрээтэй холбоогүй байжээ /хх-176-177/.

 

Дээрх баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэхэд нэхэмжлэгчтэй хамтын амьдрал болон хамтын бизнестэй байсан гэх хариуцагч*******гийн тайлбар үндэстэй бөгөөд нэхэмжлэгч нь маргаан бүхий газрын захиран зарцуулах эрхийг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч нь уг газар дээр бусадтай хамтран үйлчилгээний зориулалттай объект барьж газар өмчлөгчийн эрхээ бодитой хэрэгжүүлсэн болох нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг түүний менежерийн хувьд нэр дээр нь газрын өмчлөх эрхийг түр бүртгүүлсэн гэж тайлбарлах боловч уг тайлбараа шүүхэд баримтаар нотлоогүйн дээр шүүхэд хариуцагчийн зүгээс гаргасан баримтуудыг няцааж үгүйсгээгүй.

 

Дээрх үндэслэлээр Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Өлгийн дүгээр гудамж, тоотод байршилтай 678.99 м.кв газрын өмчлөх эрхийг шилжүүлсэн М.С, Я.Т нарын хоорондох 2006 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн, Я.Т, Б.А нарын хоорондох 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн, Б.А,******* нарын хоорондох 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн бэлэглэлийн гэрээнүүдийг тус тус дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар газрын өмчлөх эрхийг анхны өмчлөгч М.Сын нэр дээр бүртгэхийг Н БЗД б хт даалгах шаардлага гаргасан ба тухайн хэлцлүүдийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тогтоогоогүй, мөн газрын улсын бүртгэл хуулийн дагуу хийгдсэн гэх хариуцагчийн тайлбарыг маргаагүй тул уг шаардлагыг хангах үндэслэл мөн тогтоогдсонгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Б.Ү, Н БЗД б хт холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Өлгийн дүгээр гудамж, 0 тоотод байршилтай 678.99 м.кв газрын өмчлөх эрхийг шилжүүлсэн М.С, Я.Т нарын хоорондох 2006 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн, Я.Т, Б.А нарын хоорондох 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн, Б.А,******* нарын хоорондох 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн бэлэглэлийн гэрээнүүдийг тус тус дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, уг газрын өмчлөх эрхийг М.Сын нэр дээр бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 333.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 10.050 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА