Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2020/02143

 

 

 

 

 

 

 

 

 

2020 06 11

101/ШШ2020/02143

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, 0 тоотод оршин суух Орлойн боржигон овогт Д.Г /РД:0/-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Улаанбаатар хот, 0 байрлах НШШГГхолбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ний өдрийн 101/ШШ2017/03927 тоот шийдвэрээр Б.Т, Б.Г нараас 14,528,925.27 төгрөгийг гаргуулж Голомт банк-нд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө буюу 0дугаарт бүртгэлтэй миний хамтран өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур 71,295,050 төгрөгөөр үнэлүүлэн албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгаад гомдолтой байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 4/7329 тоот мэдэгдлийг 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр миний хүү Б.Тыг шийдвэр гүйцэтгэгч М.Б дуудаж дамжуулан өгснийг хүлээн аваад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу гомдол гаргаж байна. Манай үл хөдлөх эд хөрөнгө хотын төвийн бүсэд байрлалтай, эрэлт хэрэгцээ ихтэй байдаг. Миний өмчлөлийн орон сууц нь хуучны орон сууц бөгөөд ариун цэврийн өрөө, гал тогооны харанхуй өрөө, коридорын м.кв нь өмчлөх эрхийн гэрчилгээн дээр ороогүй ба орвол нийт 60 гаруй м.кв болох юм. 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн unegui.mn зарын сайтаас харахад хотын төвийн баруун бүсэд байрлалтай манай үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээтэй 2 өрөө орон сууцнууд 76,000,000-80,000,000 төгрөгийн зах зээлийн ханштай байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон хөндлөнгийн шинжээч болох Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн 0 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн 0 дугаарт бүртгэлтэй миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур 71,295,050 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/03927 дугаартай шийдвэрээр Батнасангийн Түмэнжаргал, Батнасангийн Гансүрэн нараас 145,528,925 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 955,795 төгрөгийг тус тус гаргуулж Голомт банк ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч Б.Т, Б.Г нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Б.Т, Д.Гансүх нарын өмчлөлийн эрхийн улсын 0 дугаарт бүртгэгдсэн 0 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2019 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлөхийг мэдэгдсэн. Тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул эд хөрөнгө хураах 18261202/14 дугаартай тогтоолоор 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр барьцаалан хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авахаар төлбөр төлөгч Б.Т, Б.Г нар үнийн санал ирүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч үнийн саналыг ирүүлээгүй тул 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 130 дугаар тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг Сэлэнгэ эстимэйт ХХК-иар тогтоолгоход 71,295, 050 төгрөгөөр үнэлсэн тухай тайланг 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар үнэлгээний тайлан мэдэгдлийг 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн албан бичгээр талуудад мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан Сэлэнгэ эстимэйт ХХК-ний үнэлгээг үндэслэлтэй тогтоосон гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв..

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч Д.Гансүх нь хариуцагч НШШГГхолбогдуулан 0 м.кв талбайтай 2 өрөө орон сууцныг  үнэлсэн Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна. /хх-ийн 71 дүгээр тал/

  

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Б.Т, Б.Г нараас 145,528,925 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 955,795 төгрөгийг тус тус гаргуулж Голомт банк ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/03927 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 210/МА2018/00569 дүгээр магадлалд 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 822 тоот гүйцэтгэх хуудас бичигдсэнээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, одоо ажиллагаа явагдаж байна. /хх-ийн 28-35 дугаар тал/

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Б.Т, Б.Г нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 0 дугаарт бүртгэгдсэн 0 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 18261202/03 тоот тогтоолоор битүүмжилж, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 18261202/14 тоот тогтоолоор хурааж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч харилцан тохиролцоогүй үндэслэлээр 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 130 тоот тогтоолоор Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж үнэлүүлсэн байна. /51-69 дүгээр тал/

 

Шийдвэр гүйцэтгэгчээс төлбөр төлөгч Б.Ттай уулзаж авсан тайлбарт тэрээр оршин суух хаягаа Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 171г-37 тоотод оршин суудаг болохоо мэдүүлсэн байхаас гадна хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр уг хаягт бүртгэлтэй болох нь тогтоогдож байна. Уг хаягийн дагуу хариуцагч ажиллагааг гүйцэтгэхдээ түүнээс үнийн санал авахаар оршин суух бүртгэлтэй хаяг руу албан мэдэгдэл хүргүүлсэн болох нь Монгол шуудангийн дардасаар тогтоогдсон. /хх-ийн 37, 49 дүгээр тал/

 

Хэдийгээр эд хөрөнгийн өмчлөгч Б.Г, төлбөр авагч Голомт банк ХХК-иудаас үнийн санал ирсэн байх боловч төлбөр төлөгч болон үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч Б.Таас үнийн санал өгөөгүй байна. /47-48 дугаар тал/

 

Иймд битүүмжлэгдэж, хураагдсан, дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийн саналаа төлбөр төлөгч болон өмчлөгч болох Б.Т нь өгөөгүй тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шинжээч томилж, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлсэн ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцсэн гэж үзнэ.

 

Шинжээч Сэлэнгэ эстимэйт ХХК нь маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өнөөгийн зах зээлийн үнэ, цэнийг 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар 71,295,050 төгрөгөөр үнэлсэн бөгөөд энэ тухай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 4/7329 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч Б.Г, үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч Б.Г нарт, мөн өдрийн 4/7330 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч Б.Тд, 4/7328 тоот мэдэгдлээр төлбөр авагч Голомт банк ХХК-д тус тус мэдэгдэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар баталгаат баталгаат шуудангаар хүргүүлжээ. /хх-ийн 70-73 дугаар тал/

  

Шийдвэр гүйцэтгэгч нь Б.Тын эзэмшлийн 80107191 дугаарын утсаар түүнтэй холбогдох замаар 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр үнэлгээний мэдэгдэлтэй танилцах-ыг мэдэгдсэн, тэрээр очоод танилцая гэх хариу өгч байсан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон тул шүүх хуульд заасан ажиллагааг боломжит бүхий л аргаар гүйцэтгэх арга хэмжээ авсан гэж үзнэ. /хх-ийн 76 дугаар тал/ 

Төлбөр төлөгчид эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлттэй танилцах талаар боломжит бүхий л аргаар мэдэгдсэн боловч түүнтэй өөрөө танилцаагүй явдал нь шийдвэр гүйцэтгэгчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасныг зөрчсөн гэж буруутгах үндэслэл болохгүй болно.

 

Нэхэмжлэгч Д.Г нь шинжээч Сэлэнгэ эстимэйт ХХК-иас гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн үндэслэлээ тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар баримтаар нотлоогүй.

 

Иймд шинжээч Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн гаргасан үнэлгээг шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хуульд заасан журмын дагуу ажиллагаа явуулсан байх тул нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шийдвэр гүйцэтгэгчээс үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр зарласан боловч шүүхэд Б.Г үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор дуудлага худалдаа явагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

    ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн, 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох эрхийн улсын бүртгэлийн 0 дугаарт бүртгэгдсэн 0 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг үнэлсэн Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн өдрийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн Д.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ