Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2020/02144

 

 

 

 

 

 

 

 

 

2020 06 11

101/ШШ2020/02144

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 0 Ч ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Төгөлдөр, Д.О нарын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Улаанбаатар хот, 0 тоотод оршин суух Таван шар овогт Б.О-Э /РД:0/,

Хариуцагч: Улаанбаатар хот, 0 тоотод оршин суух Жанжинхүү овогт Н.А /РД:0/ нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 46,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б-О хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.О-Э нь 2015 оны 12 сард Сөүлийн Их сургуулийн эмнэлэгт хэвтэж, хагалгаанд орсон. Тухайн үед түүний нөхөр Н.А нь БНСУ-ын Ч р ХК-ийн захирал Кан Хүны Монгол дахь З д ХХК-ийг хариуцдаг хүн байсан. Н.А нь Кан Хүн захиралд ...эмнэлгийн эмчилгээний төлбөр болох 20,000,000 вон хэрэгтэй байна, бидний өмнөөс төлж өгөөч, дараа нь эргүүлж төлье гэж хүсэлт гаргасан. Дээрх хүсэлтийн дагуу БНСУ-ын Ч р ХК-ийн захирал Кан Хүн нь БНСУ-ын Ч р ХК-ийн данснаас 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 2 000 000 вон, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 18 000 000 вон, нийт 20,000,000 воныг Сөүл Их сургуулийн эмнэлгийн данс руу шилжүүлсэн. БНСУ-ын Ч р ХК-ийн захирал Кан Хүн нь Сөүл Их сургуулийн эмнэлэгт 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүсэлт гарган Б.О-Э-ийн эмчилгээний зардлыг орлон төлсөн талаарх тодорхойлолтыг хүссэн. Энэхүү хүсэлтийн дагуу Сөүл Их сургуулийн эмнэлэг нь 44021160 өвчтөний дугаартай Б.О-Э-ийн эмчилгээний төлбөр БНСУ-ын Ч р ХК-ийн данснаас шилжин орж ирсэн болохыг тодорхойлсон. Н.А болон Б.О-Э нар эмчилгээний төлбөрийг БНСУ-ын Ч р ХК-д буцаан өгөөгүй тул 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр эмчилгээний төлбөрийг буцаан төлөх талаарх мэдэгдэл хүргүүлсэн боловч ямар ч хариу ирүүлээгүй. Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бөгөөд үүргийг хэзээ гүйцэтгэж дуусах талаар тодорхой тохиролцоогүй тул Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт тус тус заасан.2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр мөнгөө буцаан авах мэдэгдлийг хүргүүлснийг шуудангаар 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр авсан. Дээрх хуульд заасны дагуу уг өдрөөс хойш шаардах эрх үүсч байгаа. Иймд БНСУ-ын Ч рХК-иас Б.О-Э-ийн эмчилгээний төлбөрт төлсөн 20,000,000 вон буюу 46,600,000 төгрөгийг Б.О-Э, Н.А нараас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Б.О-Э нь 2015 оны 12 сард Сөүлийн их сургуулийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, хагалгаанд орсон. Эмнэлгийн төлбөрийн асуудлаар Б.О-Э, Н.А нар нь БНСУ-ын хуулийн этгээд болох Ч р ХК-тай ямар нэгэн байдлаар мөнгө гуйх, зээлэх, эмчилгээний зардал төлүүлж дараа өгөх зэргээр тохиролцож аливаа байдлаар эрх зүйн харилцаанд орж байгаагүй болно. Харин БНСУ-ын иргэн Кан Хүн нь 2012 онд Монгол Улсын хуулийн этгээд З д ХХК, түүний удирдлагатай бизнесийн үйл ажиллагааг хамтран явуулж байсан хүнийхээ хувьд сайн найз нөхдийн харилцаатай байсан. Энэ утгаараа БНСУ-ын иргэн Кан Хүн нь миний нөхөр Н.Атай бизнесийн харилцаа, хүн чанарын илэрхийлэл, сайн санааны үүднээс миний эмнэлгийн тусламжийн үйлчилгээний төлбөрийн тодорхой хувийг хувиасаа тусламж үзүүлэх байдлаар төлснийг манай гэр бүлийн зүгээс хүндэтгэн хүлээн авч, ойлгож тухайн үед Кан Хүнд баярласан, талархсан сэтгэлээ илэрхийлсэн, солонгос хүний тусч энэрэнгүй сайхан сэтгэлд бид өнөөдрийг хүртэл талархаж явдаг. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас харахад БНСУ-ын хуулийн этгээд болох Ч р ХК-иас хариуцагч Б.О-Э, Н.А нарын зүгээс эмнэлгийн төлбөрийг төлүүлэх, дараа эргэж төлөх нөхцөлтэйгөөр эрх зүйн харилцаанд орж байгаагүй. Эмнэлгийн төлбөр төлснөөс хойш манай гэр бүлээс нэхэмжлэгч болон БНСУ-ын иргэн Кан Хүн нар нь уг төлбөрийг нэг ч удаа нэхэж байгаагүй тул нэхэмжлэгчээс эмчилгээний зардал 20,000,000 вон буюу 46,600,000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна.Түүнчлэн нэхэмжлэгчээс 20,000,000 вон буюу 46,600,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил заасны дагуу шаардах эрх буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэв.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад, 

 

ҮНДЭСЛЭХ нь:  

Нэхэмжлэгч БНСУ-ын Ч ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т, Д.О нар нь хариуцагч Б.О-Э, Н.А нарт  холбогдуулан 46,000,000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргаж байна.

  

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хариуцагч Б.О-Э нь 2015 оны 12 дугаар сард БНСУ-ын Сөүлийн их сургуулийн эмнэлгийн Олон улсын эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлж, уушигны хагалгаанд орсон, уг хагалгааны төлбөр болох 20,000,000 воныг нэхэмжлэгч Ч ХК-иас төлсөн үйл баримтад талууд маргаагүй.

 

Харин хариуцагч нар татгалзлын үндэслэлээ ...эмчилгээний төлбөрийг уг компаниас төлсөн үйл баримтад маргахгүй. Гэхдээ бид уг компаниас мөнгөн хөрөнгө авах талаар хүсээгүй, уг компанийн захирал Кан хүн-ээс тусламж гуйсан. Эмнэлгийн төлбөрийг компанийн нэрээр төлсөн болохыг мэдээгүй. Бид уг компанид төлбөр төлөх үүрэг үүсээгүй. Мөн гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж тайлбарласан.

 

БНСУ-ын Сөүлийн их сургуулийн эмнэлгийн Олон улсын эмчилгээний төвийн тодорхойлолтоор Б.О-Э-ийн эмчилгээний зардал 20,000,000 воныг Ч ХК нь 2015 оны 12 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд орлон төлсөн болохыг тодорхойлсон бичгийн нотлох баримт хэрэгт авагдсан. /хх-ийн 42-45 дугаар тал/

 

 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний дагуу, 20,000,000 воныг Б.О-Э, Н.А нарт зээлдүүлсэн гэж тодорхойлсон.

 

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх учиртай.

 

Талууд Ч ХК-иас Б.О-Э нь эмчилгээний зардалдаа зарцуулах зориулалтаар 20,000,000 вон авсан үйл баримтад маргаагүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас дээрх мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрхтэй.

 

Гэвч нэхэмжлэгч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас гэрээний үүрэг шаардаж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтад гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан. Нэхэмжлэгч нь 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 2,000,000 вон, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 18,000,000 вон тус тус шилжүүлсэн ба түүний гэрээний үүрэг шаардах хугацаа 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс тоологдсон байна.

 

Гэрээний үүргийг буцаан шаардах эрх үүссэн үеэс хойш нэхэмжлэгч компани нь хариуцагч нараас гэрээний үүргийг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр баталгаат шуудангаар мэдэгдэл хүргүүлэх замаар анх удаа шаардсан талаар нэхэмжлэгч өөрөө тайлбарласан. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтад заасан 3 жилийн хугацаанд гэрээний үүргийг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа буюу 2020 оны 01 сарын 06-ны өдөр мэдэгдэл хүргүүлсэн нь хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэл болохгүй юм.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан, эсхүл сэргээх нөхцөл байдал үүссэн талаархи баримт авагдаагүй болно.

 

Хариуцагчийн өмгөөлөгч нь Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 208 дугаар зүйлийн 208.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээг хугацаагүй байгуулсан тул зээлдэгч нь хэдийд ч гэрээний үүгийг буцаан эрхтэй тул хөөн хэлэлцэх дуусаагүй гэж маргасан нь үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байна. Хариуцагч нар үүргийг гүйцэтгэхээс татгалзаж маргаж байгаа тул шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

    ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтад тус тус зааснаар хариуцагч Б.О-Э, Н.А нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 46,600,000 төгрөг гаргуулах тухай БНСУ-ын Ч ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 390,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ