Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/ма2020/01490

 

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2020/01490

 

Ч- ХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Нямбазар, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/02144 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч БНСУ-ын Ч- ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т-, Д.О- нарын нэхэмжлэлтэй хариуцагч Б.О-, Н.А- нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 46 600 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О-, түүний өмгөөлөгч Ж.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, Э.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.О- нь 2015 оны 12 сард Сөүлийн Их сургуулийн эмнэлэгт хэвтэж, хагалгаанд орсон. Тухайн үед түүний нөхөр Н.А- нь БНСУ-ын Ч- ХК-ийн захирал К-ы Монгол дахь З- ХХК-ийг хариуцдаг хүн байсан. Н.А- нь К- захиралд ...эмнэлгийн эмчилгээний төлбөр болох 20 000 000 вон хэрэгтэй байна, бидний өмнөөс төлж өгөөч, дараа нь эргүүлж төлье гэж хүсэлт гаргасан. Дээрх хүсэлтийн дагуу БНСУ-ын Ч- ХК-ийн захирал К- нь БНСУ-ын Ч- ХК-ийн данснаас 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 2 000 000 вон, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 18 000 000 вон, нийт 20 000 000 воныг Сөүл Их сургуулийн эмнэлгийн данс руу шилжүүлсэн. К- нь Сөүл Их сургуулийн эмнэлэгт 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хүсэлт гарган тодорхойлолт авсан. Н.А-, Б.О- нар эмчилгээний төлбөрийг БНСУ-ын Ч- ХК-д буцаан төлөөгүй тул 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр эмчилгээний төлбөрийг буцаан төлөх талаарх мэдэгдэл хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй.

Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бөгөөд үүргийг хэзээ гүйцэтгэж дуусах талаар тодорхой тохиролцоогүй. Б.Оюун-Эрдэнийн эмчилгээний төлбөрт төлсөн 20 000 000 вон буюу 46 600 000 төгрөгийг Б.О-, Н.А- нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Б.О- нь 2015 оны 12 сард Сөүлийн их сургуулийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, хагалгаанд орсон.

Эмнэлгийн төлбөрийн асуудлаар Б.О-, Н.А- нар нь БНСУ-ын хуулийн этгээд болох Ч- ХК-тай ямар нэгэн байдлаар мөнгө гуйх, зээлэх, эмчилгээний зардал төлүүлж дараа өгөх зэргээр тохиролцож аливаа байдлаар эрх зүйн харилцаанд орж байгаагүй. БНСУ-ын иргэн К- нь Н.А-тай бизнесийн харилцаа, хүн чанарын илэрхийлэл, сайн санааны үүднээс эмнэлгийн тусламжийн үйлчилгээний төлбөрийн тодорхой хувийг хувиасаа тусламж үзүүлэх байдлаар төлснийг манай гэр бүлийн зүгээс хүндэтгэн хүлээн авч, ойлгож тухайн үед К-д баярласан, талархсан сэтгэлээ илэрхийлсэн, солонгос хүний тусч энэрэнгүй сайхан сэтгэлд бид өнөөдрийг хүртэл талархаж явдаг.

БНСУ-ын хуулийн этгээд болох Ч- ХК-иас хариуцагч Б.О-, Н.А- нарын зүгээс эмнэлгийн төлбөрийг төлүүлэх, дараа эргэж төлөх нөхцөлтэйгөөр эрх зүйн харилцаанд орж байгаагүй. Эмнэлгийн төлбөр төлснөөс хойш манай гэр бүлээс нэхэмжлэгч болон БНСУ-ын иргэн К- нар нь уг төлбөрийг нэг ч удаа нэхэж байгаагүй тул нэхэмжлэгчээс эмчилгээний зардал 20 000 000 вон буюу 46 600 000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа гурван жил дууссан гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтад тус тус зааснаар хариуцагч Б.О-, Н.А- нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 46 600 000 төгрөг гаргуулах тухай БНСУ-ын Чонүнрэйлроүд ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 390 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч компани нь хариуцагч нараас гэрээний үүргийг 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр баталгаат шуудангаар мэдэгдэл хүргүүлэх замаар анх удаа шаардсан талаар нэхэмжлэгч өөрөө тайлбарласан. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтад заасан 3 жилийн хугацаанд гэрээний үүргийг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа буюу 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр мэдэгдэл хүргүүлсэн нь хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэл болохгүй гэж дүгнэн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх тус тус үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Ч- ХК-иас Сөүлийн их сургуулийн эмнэлэгт хандан Б.Оюун-Эрдэнийн эмчилгээний төлбөрт 20 000 000 вон шилжүүлснийг шүүх Ч- ХК болон Б.О- нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн. Түүнчлэн хариуцагч Б.Оюун- Эрдэнэ, Н.А- нар нь Б.Оюун-Эрдэнийн эмчилгээний зардалд зарцуулах зориулалтаар 20 000 000 воныг Ч- ХК-иас авсан үйл баримтад маргаагүй талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэсэн.

Ззээлийн гэрээг хугацаатай болон хугацаагүй байгуулж болох талаар Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт заасан. Гэрээнд ерөнхий хугацаанаас гадна үүргийг хэсэгчлэн гүйцэтгэх хугацааг зааж болно. Зээлийн гэрээ хугацаатай бол уг хугацаа өнгөрмөгц зээлийг буцаан төлөхийг шаардах эрх үүснэ. Зээлийн гэрээгээр зээлийг буцаан төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцаан төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ гэж заасан.

Нэхэмжлэгч нь 20 000 000 воныг эргүүлж төлөх талаар хугацаа тогтоогоогүй бөгөөд хариуцагч нар эмнэлгийн төлбөрийг бэлэглэлийн журмаар хүлээн авсан гэсэн тайлбарласныг шүүх талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн. Иймд Иргэний хуулийн 283.1-д заасны дагуу 2019 оны 12 сарын 26-ны өдрийн албан бичгээр 20 000 000 воныг буцаан төлөх тухай мэдэгдлийг Монгол шуудангаар 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Б.Оюун-Эрдэнийн оршин суух хаягаар хүргүүлсэн.

Иймээс хугацаа тогтоогоогоогүй зээлийн гэрээний хувьд Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэг болон Улсын Дээд шүүхийн Зөвлөмжид заасны дагуу нэхэмжлэгчийн шаардах эрх нь зээлийн төлбөрийг буцаан төлөхийг шаардсан үеэс үүссэн байхад шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа шаардах эрхээ хэрэгжүүлсэн гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Түүнчлэн Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн зүгээс мэдэгдлийг хүргүүлсэн. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заасны дагуу нэхэмжлэгчийн зүгээс мэдэгдлийг зээлдэгчид хүргүүлсэн өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолно. Гэтэл шүүх 2015 оны 12 сарын 23-ны өдрөөс шаардах эрх үүсэж, хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно гэж буруу тайлбарлан Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг хэрэглээгүй. Түүнчлэн шүүх хуралдааны явцад хариуцагч талаас мэдэгдлийг хүлээн аваагүй гэж маргасан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт болох мэдэгдлийг хариуцагчийн оршин суугаа хаягт хүргэгдсэн болох баримтыг Монгол шуудангаас шүүхийн журмаар гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шүүх хүсэлт гаргах шат өнгөрсөн гээд хүлээж авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

БНСУ-ын хуулийн этгээд Ч- ХК нь Монгол улсын иргэн Э.Т-, Д.О- нарт 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өөрийг нь төлөөлөн 20 000 000 воныг Б.Оюун -Эрдэнэ, Н.А- нараас нэхэмжлэн шүүхэд хандах, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан зохигчийн бүхий л эрхийг эдэлж, үүргийг хүлээх итгэмжлэл олгожээ. /хх 54/

Итгэмжлэл 2019 оны 12 дугаар сарын 26-наас 3 жилийн хугацаанд хүчинтэй байхаар заажээ. Солонгос хэл дээр үйлдэгдсэн, бичиг баримт баталгаажуулж Апостиль гэрчилгээ олгогдсон итгэмжлэл, мөнгөн шилжүүлгийн тухай баримтыг орчуулгын товчооноос монгол хэл дээр орчуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасан гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр монгол хэл дээр орчуулуулсан байх шаардлагад нийцсэн, итгэмжлэл Монгол улсын Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн шаардлагыг хангажээ.

БНСУ-ын Ч- ХК-ийг төлөөлж Э.Т-, Д.О- нар нь хариуцагч Б.О-, Н.А- нараас 2015 оны зээлийн гэрээний үүрэгт 20 000 000 вон буюу 46 600 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан. /хх1, 70/

Ч- ХК нь дээрх 20 000 000 воныг анх 2020 оны 2 дугаар сарын 19-нд нэхэмжилж шүүхэд хандаж байсан нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон. /хх169/ Нэхэмжлэгчийн шүүхэд хандсан өдөр БНСУ-ын вон 2.33 гэсэн ханштай байсан, 46 600 000 төгрөгөөр нэхэмжлэлийн үнийг тодорхойлсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дах хэсэгт заасан гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар тооцох журамд, мөн Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасан төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлүүлэх зарчимд нийцжээ. /хх 33/

Хэрэгт хариуцагч Б.О- нь 2015 оны 12 дугаар сард БНСУ-ын Сөүлийн их сургуулийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, хагалгаанд орсон, уг хагалгааны төлбөрт 20 000 000 воныг хариуцагч өөрөө төлөөгүй, өмнөөс нь өөр этгээд орлон төлсөн үйл баримт тогтоогдсон. /хх172 хариуцагчийн тайлбар/

Хариуцагч тал К 20 000 000 воныг шилжүүллээ гэсэн учраас Каас орсон байна гэж ойлгосон гэж тайлбарлажээ./хх 172/

Талуудын хоорондын иргэний эрх зүйн харилцаа нь хууль болон гэрээний үндсэн дээр үүсэх юм. Иргэний эрх зүйн үндсэн зарчмаар хэн ч үндэслэлгүй хөрөнгөжих ёсгүй. Иргэний эрх зүйд бэлэглэл, хандив, тусгай зориулалттай хийсэн бэлэглэлийн гэрээ зэрэг нь хариу төлбөргүй байж болдог.

Дээрх 20 000 000 воныг хариуцагч тал нэхэмжлэгчид буцаан төлөх хууль зүйн үндэслэлгүй байсан гэж маргаж байна.

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ 20 000 000 воныг хариуцагчид зээлдүүлсэн гэж тайлбарласан бол, хариуцагч нь бизнесийн харилцаа, хүн чанарын илэрхийлэл, сайн санааны үүднээс эмнэлгийн тусламж үйлчилгээний төлбөрийн тодорхой хувийг хувиасаа тусламж үзүүлэх байдлаар төлсөн гэж маргаж байна. /хх1, 70 / Тэрээр Солонгос улсын иргэн К болоод хариуцагч нарын хооронд хандив тусламж, бэлэглэлийн харилцаа үүссэн тул 20 000 000 воныг буцаан төлөх үндэслэлгүйгээс гадна уг мөнгөн хөрөнгөтэй холбоотой шаардах эрхийг хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хариуцагч маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх бөгөөд мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ.

Мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дах хэсэгт зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох үүрэгтэй бол хариуцагч татгалзал түүний үндэслэлийг нотлох юм.

Нэхэмжлэгч нь 20 000 000 воныг хариуцагч талд зээлдүүлсэн гэх үндэслэлээ өөрийн тайлбар, мөнгөн хөрөнгө шилжүүлсэн шилжүүлэг, уг шилжүүлгийн утгад Оюун-Эрдэнийн эмчилгээний зардлыг орлон төлсөн гэх бичилт, мөн 20 000 000 воннын мөнгөн хөрөнгийг буцаан шаардаж байгаа байдал зэргээр нотлогдоно гэж тайлбарласан. /хх 79 /

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг. Зээлийн гэрээг амаар болон бичгээр байгуулж болох бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр гэрээ байгуулсанд тооцогдоно.

Зохигчийн тайлбар нь бусад нотлох баримттай харьцуулан дүгнэхэд үйл баримтыг нотлох эсвэл үгүйсгэх ёстой бөгөөд тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт заасан нотолгооны хэрэгслийн нэг юм.

Зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх нэхэмжлэгч талын тайлбар, мөнгөн хөрөнгө шилжүүлсэн шилжүүлэг, уг шилжүүлгийн утгад Оюун-Эрдэнийн эмчилгээний зардлыг орлон төлсөн гэх бичилт, мөн 20 000 000 вонын мөнгөн хөрөнгийг буцаан шаардаж байгаа байдал зэргийг хариуцагч няцаах ёстой.

Нотлох үүргийн хуваарилалт, хуулийн заалт, онолоор авч үзвэл хариуцагч нь талуудын хооронд хандив тусламж, бэлэглэлийн харилцаа үүссэн гэх баталсан нөхцөл байдлыг өөрөө нотлох үүрэгтэй.

Хэрэгт хандив тусламжийн харилцаа үүссэн талаар нэхэмжлэгчийн тайлбараас өөр харьцуулан дүгнэх баримт авагдаагүй байна. Хэрэгт Мөнгө авсан талаар маргахгүй. Гэхдээ компаниас орж ирсэнийг мэдээгүй. Кд хандсан. Каас орсон гэж бодсон талаарх хариуцагч талын тайлбар авагдсан. /хх 173/ Нэхэмжлэгч тал К Ч компанийн гүйцэтгэх захирал, уг компаниас төлж зохицуулсан талаар тайлбарлажээ. /хх 168/

Солонгос улсын иргэн Ктай хариуцагч Н.А- нь ажил хэргийн харилцаатай байсан гэх үйл баримт нь 20 000 000 воныг бэлэглэсэн гэх хууль зүйн үйл баримтыг /фактыг/ шууд нотлохгүй юм. Хариуцагч нь хэдийгээр Кы З- компанийн захирлаар ажиллаж байсан баримт хэрэгт авагдсан боловч хамтын ажиллагааны улмаас Каас авлагатай үлдсэн гэх, Кыг хариуцагчаар татан иргэний хэрэг үүсгүүлсэн, сөрөг нэхэмжлэл гаргасан баримтгүй байна. /хх 148/

Солонгос улсын иргэн К нь Ч компанийн гүйцэтгэх захирал мөн болох тухай баримт хэрэгт авагджээ.

Хариуцагч шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг бэлэглэл, эсхүл хандив тусламж байсан гэж баталж байгаа атлаа уг үндэслэлээ өөрөө нотлоогүй, мөнгөн хөрөнгө өмчлөлд нь шилжсэн нь нотлогдсоор байхад уг баримтыг няцаасан баримт гаргаагүй тул зохигчийн хооронд хугацаа заагаагүй зээлийн гэрээ байгуулагдсан, хариуцагч нь дээрх мөнгөн хөрөнгийг Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зааснаар буцаан төлөх үүрэгтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг бичгээр, амаар, бодит үйлдлээр байгуулж болохоос гадна хугацаа тогтоож, мөн хугацаа тогтоохгүй ч байгуулж болох юм. Мөн Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлэх юм.

Нэхэмжлэгч талаас Зээлийн төлбөр шаардсан мэдэгдлийг 2019 оны 12 дугаар сарын 26-нд хариуцагч нарт шуудангаар хүргүүлсэн. Шуудангаас хариуцагч нарын хаягаар хүргэсэн гэх баримтыг шинээр гаргуулмаар байна гэх хүсэлтийг шүүх хуралдааны төгсгөлд гаргасныг анхан шатны шүүх хүлээн аваагүйг буруутгах үндэслэлгүй. Учир нь Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт заасан зээлдүүлэгчийн шаардсан нөхцөл байдал нь заавал шуудангийн мэдэгдэл хүргүүлэх хэлбэрээр хязгаарлагдах ёсгүй юм.

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2 дах хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй буюу болзол тавиагүй, үүргийн шинж чанараас шалтгаалан түүнийг тодорхойлох боломжгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй болно. Хариуцагч нь уг мөнгөн хөрөнгийг нэг ч удаа шаардаж байгаагүй гэж тайлбарлажээ.

Шүүхэд удаа дараа хандан нэхэмжлэл гарган шаардаж байгаа нь хууль зүйн хувьд зээлдүүлэгчийн зээлийг буцаан төлүүлэх хүсэл зоригийн илэхийлэл юм.

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна. Хэдий Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан ч уг хугацааг мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолдог журамтай.

Бусдад итгэмжлэл олгож, шүүхэд хандан шаардлага гаргасан нэхэмжлэгчийн үйлдэл, хүсэл зоригийн илэрхийллийг буруутгах, нэхэмжлэлийг хангахгүй байх үндэслэл болохгүй. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна. Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлах юм. Хөөн хэлэлцэх хугацаа зээлдэгчийн хүсэл зоригоо илэрхийлэн нэхэмжлэл гаргасан 2020 оны 3 дугаар сарын 25-наас тооцсон ч дуусаагүй. Учир нь зээлдүүлэгчийн шаардсанаар зээлийг буцааж төлөх, шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлэх хугацаа хангалттай өгөгдсөн гэж үзнэ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 90 орчим хоног үргэлжилсэн, анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн нөхцөлд, нэхэмжлэгчийг заавал урьдчилан шаардлага гаргасан байх ёстой гэж шаардах үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрхтэй гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь логик зөрчилтэй, хууль хэрэглээний хувьд алдаатай болсон. /хх 176/ Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг тоолохтой холбоотой хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байгааг давж заалдах шатны шүүх залруулан дүгнэх боломжтой.

Дээрх 20 000 000 вонн нэхэмжлэгч компаниас хариуцагч талд шилжсэн нөхцөл байдал, хариуцагчийн татгалзалынхаа үндэслэл болгон зааж байгаа Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасан нөхцөлийг харьцуулан дүгнэвэл бэлэглэгч нь субьектийнхээ хувьд бэлэг хүлээн авагч буюу Б.Оюун -Эрдэнэ, Н.А- нартай харилцан тохиролцож тэдгээрийн зөвшөөрлийг авч байж хөрөнгийг бүрмөсөн өмчлөлд шилжүүлсэн байх шаардлага хуулиас үүсч байна.

Хариуцагч тал БНСУ-ын иргэн Ктай ажил хэргийн харилцаатай болохоос БНСУ-ын хуулийн этгээд Ч- компанитай харилцаатай гэх баримт алга байна.

БНСУ-ын хуулийн этгээд Ч- ХК нь Б.О-, Н.А- нартай зөвшилцөж тэдгээрийн зөвшөөрснөөр бэлэг, хандив тусламж 20 000 000 воныг өмчлөлд нь бүрмөсөн шилжүүлсэн гэх үйл баримт тогтоогдоогүй.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ. Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байх юм. Иймд үүргийн гүйцэтгэлийг Б.О-, Н.А- нараас шаардсаныг буруутгах үндэслэлгүй.

Анхан шатны шүүхээс зохигчийн эрхийг бүрэн хангасан, хариуцагчийн хэрэг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг хангаагүйг зөв гэж үзнэ. Учир нь нэхэмжлэгчийн өөрийгөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлүүлэх талаар гаргасан хүсэлт, итгэмжлэлийг хууль зөрчсөн гэж дүгнэх боломжгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагч нараас 46 600 000 төгрөг гаргуулж, БНСУ-ын хуулийн этгээд Ч- ХК-нд олгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах гомдлыг хангахгүй орхив.

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт орсонтой холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад мөн өөрчлөлт орох юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/02144 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.О-, Н.А- нараас 46 600 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч БНСУ-ын Чонүнрейл роуд ХК-д олгосугай. гэж

-тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 390 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч нараас 390 350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол наргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 390 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ш.ОЮУНХАНД