Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2022/00689

 

 

     

Чонүнрэйлроүд ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/02144 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1490 дүгээр магадлалтай,

Чонүнрэйлроүд ХК-ийн нэхэмжлэлтэй,

Б.Оюун-Эрдэнэ, Н.Амар нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 46,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Төгөлдөр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Буян, хариуцагч нарын өмгөөлөгч Э.Нарангарав, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Чонүнрэйлроүд ХК нь хариуцагч Б.Оюун-Эрдэнэ, Н.Амар нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 46,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

 

2. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/02144 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтад тус тус зааснаар хариуцагч Б.Оюун-Эрдэнэ, Н.Амар нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 46,600,000 төгрөг гаргуулах тухай БНСУ-ын Чонүнрэйлроүд ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 390,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1490 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/02144 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Оюун-Эрдэнэ, Н.Амар нараас 46,600,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч БНСУ-ын Чонүнрейлроуд ХК-д олгосугай. гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 390,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 390,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд, А.Мөнхзул нар нь Чонүнрэйлроүд ХК-ийн нэхэмжлэлтэй Б.Оюун-Эрдэнэ, Н.Амар нарт холбогдох иргэний хэрэгт хэргийн оролцогч, нэхэмжлэгч талын өмгөөлөгч гэх Ж.Сэлэнгэтэй хуйвалдаж шүүх хуралдааныг хууль бусаар явуулж өөрт ашигтай шийдвэр гаргуулсан байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар доорх үндэслэлээр гомдол гаргаж байна. Дээрх иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаан 2020.06.11-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд болж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, нэхэмжлэгч талаас шүүхийн шийдвэрийг гардаж аваад 2020.06.22-ны өдөр давж заалдах журмаар гомдол гаргасан. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 6 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэргийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн даруйд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунхандад хуваарилагдсан байна. Давж заалдах шатны шүүхэд дээрх иргэний хэрэг ирсэн даруйд хуваарилах бус шүүх 2020.05.18-ны өдрийн байдлаар давж заалдах гомдол гаргасан хэргүүдийг хэлэлцэж байсан атал тус шүүхийн шүүгч Ш.Оюунханд нь ноцтой шалтгаанаар Чонүнрэйлроүд ХК-ийн нэхэмжлэлтэй Б.Оюун-Эрдэнэ, Н.Амар нарт холбогдох хэргийг хүлээн авсан даруйдаа хэрэг шийдвэрлэх дарааллыг үл тоож хувийн ашиг сонирхлын үүднээс хэргийн оролцогчийн эрх ашгийн төлөө давж заалдах шатны шүүх хурлын товыг 2020.07.03-ны өдөр хэлэлцэхээр зарласан. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бат-Оюуны зүгээс 2020.07.02-ны өдөр давж заалдах шатны шүүхийн байранд очиж шүүх хуралдааны зарыг харахад манай хэргийн шүүх хуралдаан 2020.07.03-ны өдрийн 13 дахь хурлаар зарлагдсан байсныг баримтжуулж авсан ба 2020.07.03-ны өдрийн өглөө Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн citycourtofcivilappeals.mn сайтнаас шүүх хуралдааны зарыг харахад тухайн өдрийн 12 дахь хурал болсон байсан6 Тухайн өдөр шүүх хуралд оролцохоор Х.Бат-Оюун, өмгөөлөгч Э.Нарангарав нар очиход шүүх хуралдааны тов өөрчлөгдөж 17 дахь хурал болсон байсныг шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас мэдсэн. Тус шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалах ёстой байсан 12 дахь шүүх хурлыг шүүгч А.Мөнхзулын даргалах 17 дахь хурал болгон тухайн үед нэхэмжлэгч талд ашигтай шийдвэр гаргахын тулд санаатайгаар хариуцагч нарт урьдчилан мэдэгдэлгүйгээр нэр бүхий шүүгч нар шүүх хуралдааны товыг өөрчилсөн гэж үзэж байгаа төдийгүй Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийг үдээс хойш өөр албан уулзалттай байсныг урьдчилан мэдэж түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах зорилгоор шүүх бүрэлдэхүүн томилсон Ерөнхий шүүгчийн захирамжийг гаргалгүйгээр хууль бус ажиллагааг зохион байгуулалттайгаар явуулсан гэж үзэж байна. 2020.07.03-ны өдөр тус шүүхийн 1 давхрын шүүх хуралдааны танхимын 16 дахь хурлаас шүүх бүрэлдэхүүн солигдож Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн оронд шүүгч А.Мөнхзул шүүх хуралдааныг даргалах болсон ба өөрчлөгдсөн дарааллын дагуу 17 дахь хурал буюу Чонүнрэйлроүд ХК-ийн нэхэмжлэлтэй Б.Оюун-Эрдэнэ, Н.Амар нарт холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаан болоход шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах тухай ерөнхий шүүгчийн захирамжтай танилцах гэсэн боловч уг захирамж хэрэгт байгаагүй. Нэхэмжлэгч талаас давж заалдах шатны шүүх хуралдааны үеэр өмгөөлөгч гэх Ж.Сэлэнгэ шинээр орж ирсэн ба Ж.Сэлэнгэ нь иргэний хэргийн шүүгчээр 24 жил ажиллаж тэтгэвэртээ гарсан төдийгүй Давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд, А.Мөнхзул нартай нэг салбарт хамт ажиллаж байсан, найз нөхдийн холбоотой байж болзошгүй мэдээллийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаан дууссаны дараа олж мэдсэн. Шүүгч Ш.Оюунханд, А.Мөнхзул нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.3, 91.4-т заасны дагуу иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас шүүгчийг татгалзан гаргах үндэслэлийн хүрээнд хэргийн оролцогчтой танил, найз нөхөд, хамт ажиллаж байсан талаараа өөрсдөө талуудад мэдэгдэх үүрэгтэй, шүүх хуралдаанд оролцохгүйгээр татгалзан гарах ёстой байхад энэ тухайгаа хэлэлгүй ашиг сонирхлын зөрчил бий болгон Монгол Улсын иргэний эрх ашгийг хохироон БНСУ-ын хуулийн этгээд болох Чонүнрэйлроүд ХК, БНСУ-ын иргэн Кан Хүн нарын эрх ашгийн төлөө тэдэнд ашигтай шүүхийн шийдвэрийг хууль бусаар гаргасан байж болзошгүй юм. Шүүх хуралдаан дууссаны дараа тухайн өдрийн 17.15 цагийн үед Х.Бат-Оюун миний бие өмгөөлөгч Ц.Энхбаярын хамт хэргийн материалтай танилцахад шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах тухай Ерөнхий шүүгчийн захирамжтай танилцах гэтэл иргэний хэрэгт байгаагүй тул Ш.Оюунханд шүүгчийн туслах П.Эрхэмбаяраас бүрэлдэхүүн албажуулсан захирамж яагаад байхгүй байгаа тухай асуухад шүүх бүрэлдэхүүн гэнэт солигдсон болохоор гэж хэлээд өрөөндөө дагуулж орж хайж байснаа би устгачихсан байна, өмнөх бүрэлдэхүүнийг албажуулсан захирамж байгаа, одоо шинэ захирамж гарна гэж бидэнд хэлсэн. Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн туслах Т.Туултай уулзаж шүүх бүрэлдэхүүн албажуулсан захирамжийн талаар асууж нэг хувь нь байгаа эсэхийг лавлахад бүх захирамжуудыг урд өдөр нь туслахууд аваад хэрэгт хавсаргасан байгаа, надад байхгүй гэсэн. Шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах тухай захирамжтай заавал танилцах шаардлагатай байна гэх хүсэлтийг шүүгчийн туслах П.Эрхэмбаярт хэлэхэд хэргээ аваад шүүгч Ш.Оюунхандын өрөөнд ороод цаг гаруй болсон, тухайн өдрийн 19.15 цагийн үед буюу Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2 давхарт 2 цаг орчим хүлээлгэсний эцэст Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн туслах Т.Туул шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах тухай захирамжийг шүүгчийнхээ өрөөнөөс барьж гарч ирээд танилц гэж хэлсний дагуу бид зургийг нь авч баримтжуулсан ба хэрэгт болон шүүгчийн туслахад байгаагүй захирамжийг тус шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах Ерөнхий шүүгчийн өрөөнөөс гаргаж ирж танилцуулсан нь тухайн захирамжийг дээрх цаг хугацаанд Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нөхөж үйлдсэнээс өөрөөр тайлбарлах боломжгүй, шүүх хуралдаан даргалагч, бүрэлдэхүүнийг томилоогүй байхад иргэний хэргийг хууль бус бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.3-т Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгчдийн зөвлөгөөнөөс томилсон шүүгч даргална гэдэг заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Иймд дээр дурдсан гомдлуудын үндэслэлүүдий судлан үзэж Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн нэр бүхий шүүгчдийн гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй ноцтой үйлдлүүдийг шалгаж хуулийн дагуу хариуцлага тооцох арга хэмжээ авч өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.03-ны өдрийн 1490 дугаар магадлалыг эс зөвшөөрч доорх үндэслэлээр гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байгаа төдийгүй шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар: Дээрх иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаан 2020.06.11-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд болж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, нэхэмжлэгч талаас шүүхийн шийдвэрийг гардаж аваад 2020.06.22-ны өдөр давж заалдах журмаар гомдол гаргасан. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 6 сарын 26-ны өдөр иргэний хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн даруйд давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунхандад хуваарилагдсан байна. Давж заалдах шатны шүүхэд дээрх иргэний хэрэг ирсэн даруйд хуваарилагдсан, тухайн үед давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн 2020 оны 4 сарын сүүл, 5 дугаар сарын эхний шүүх хурлуудын шийдвэрийг хэлэлцэж байсан атал тус шүүхийн шүүгч Ш.Оюунханд нь ноцтой шалтгаанаар Чонүнрэйлроүд ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Оюун-Эрдэнэ, Н.Амар нарт холбогдох хэргийг хүлээн авсан даруйдаа хэрэг шийдвэрлэх дарааллыг үл тоож хувийн ашиг сонирхлын үүднээс хэргийн оролцогчийн эрх ашгийн төлөө давж заалдах шатны шүүх хурлын товыг 2020.06.26-ны өдөр буюу анхан шатны шүүхээс хэрэг ирсэн даруйд хуваарилан авсан өдрөө 2020.07.03-ны өдөр хэлэлцэхээр зарласан. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бат-Оюуны зүгээс 2020.07.02-ны өдөр давж заалдах шатны шүүхийн байранд очиж шүүх хуралдааны зарыг харахад Чонүнрэйлроүд ХК-ийн нэхэмжлэлтэй Б.Оюун-Эрдэнэ, Н.Амар нарт холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаан 2020.07.03-ны өдрийн 13 дахь хурлаар зарлагдсан байсныг баримтжуулж авсан ба 2020.07.03-ны өдрийн өглөө Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн citycourtofcivilappeals.mn сайтнаас шүүх хуралдааны зарыг харахад тухайн өдрийн 12 дахь хуралд болсон байсан, тухайн өдөр шүүх хуралд оролцохоор Х.Бат-Оюун, өмгөөлөгч Э.Нарангарав нар очиход шүүх хуралдааны тов өөрчлөгдөж 17 дахь хурал болсон байсныг шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас мэдсэн. Тус шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалах ёстой байсан 12 дахь шүүх хурлыг шүүгч А.Мөнхзулын даргалах 17 дахь хурал болгон тухайн үед нэхэмжлэгч талд ашигтай шийдвэр гаргахын тулд санаатайгаар хариуцагч нарт урьдчилан мэдэгдэлгүйгээр нэр бүхий шүүгч нар шүүх хуралдааны товыг өөрчилсөн гэж үзэж байгаа төдийгүй Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийг үдээс хойш өөр албан уулзалттай байсныг урьдчилан мэдэж түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах зорилгоор шүүх бүрэлдэхүүн томилсон Ерөнхий шүүгчийн захирамжийг гаргалгүйгээр хууль бус ажиллагааг зохион байгуулалттайгаар явуулсан гэж үзэж байна. 2020.07.03-ны өдөр тус шүүхийн 1 давхрын шүүх хуралдааны танхимын 16 дахь хурлаас шүүх бүрэлдэхүүн солигдож Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн оронд шүүгч А.Мөнхзул шүүх хуралдааныг даргалах болсон ба өөрчлөгдсөн дарааллын дагуу 17 дахь хурал буюу манай хэргийн шүүх хуралдаан болоход шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах тухай ерөнхий шүүгчийн захирамжтай танилцах гэсэн боловч уг захирамж хэрэгт байгаагүй. Нэхэмжлэгч талаас давж заалдах шатны шүүх хуралдааны үеэр өмгөөлөгч Ж.Сэлэнгэ шинээр орж ирсэн ба Ж.Сэлэнгэ нь иргэний хэргийн шүүгчээр 24 жил ажиллаж тэтгэвэртээ гарсан төдийгүй Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд, А.Мөнхзул нартай нэг салбарт хамт ажиллаж байсан, найз нөхдийн холбоотой байж болзошгүй мэдээллийг шүүх хуралдаан дууссаны дараа олж мэдсэн. Шүүгч Ш.Оюунханд, А.Мөнхзул нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.3, 91.4-т заасны дагуу иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас шүүгчийг татгалзан гаргах үндэслэлийн хүрээнд хэргийн оролцогчтой танил, найз нөхөд, хамт ажиллаж байсан талаараа өөрсдөө талуудад мэдэгдэх үүрэгтэй, шүүх хуралдаанд оролцохгүйгээр татгалзан гарах ёстой байхад энэ тухайгаа хэлэлгүй ашиг сонирхлын зөрчил бий болгон Монгол Улсын иргэний эрх ашгийг хохироон БНСУ-ын хуулийн этгээд болох Чонүнрэйлроүд ХК, БНСУ-ын иргэн Кан Хүн нарын эрх ашгийн төлөө тэдэнд ашигтай шүүхийн шийдвэрийг хууль бусаар гаргасан байж болзошгүй юм. Шүүх хуралдаан даргалагч, бүрэлдэхүүнийг томилоогүй байхад иргэний хэргийг хууль бус бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.3 дахь заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл учир энэ талаар Авилгатай тэмцэх газарт хандсан байгаа болно.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар: Анхан шатны шүүхээс БНСУ-ын хуулийн этгээд Чонүнрэйлроүд ХК-ийн Монгол Улсын иргэн Э.Төгөлдөр, Д.Отгоннасан нарт 2019.12.26-ны өдөр олгосон итгэмжлэл нь хуульд нийцсэн байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчээс шүүхэд БНСУ-ын хуулийн этгээд болох Чонүнрэйлроүд ХК-ийн гэрчилгээ, дүрэм зэргийг нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн ч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй хуулбар байдалтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм. Нэхэмжлэлд хавсаргасан итгэмжлэл нь БНСУ-ын хуулийн этгээд болох Чонүнрэйлроүд ХК-аас олгосон итгэмжлэл бус хувь хүнээс хувь хүнд олгосон итгэмжлэл байх бөгөөд энэхүү итгэмжлэлд дарагдсан тамга нь БНСУ-ын иргэд болох Кан Хүн, Жон Хэ Жин нарын хувийн тамга байгаа нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-д заасныг зөрчсө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т Хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ. гэх зохицуулалттай ба тус шүүхийн 2020.04.01-ний өдрийн 101/Ш32020/06143 дугаар шүүгчийн захирамжийн 1 дэх заалтад Н.Амар, Б.Оюун-Эрдэнэ нарт холбогдох эмчилгээний зардал 46,600,000 төгрөг гаргуулах тухай Чонүнрэйлроүд ХК-ийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэхээр шийдвэрлэсэн байгаа нь нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн итгэмжлэлээс зөрүүтэй байгаа юм. Шүүхээс нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа гэж тодорхойлсон. Хариуцагч нарын зүгээс БНСУ-ын иргэн Кан Хүн нь Б.Оюун-Эрдэнийн эмчилгээний төлбөрт 2015 оны 12 сард 20,000,000 воны төлбөрийг төлсөн бөгөөд бидэнд туслалцаа үзүүлэх үүднээс төлсөн гэж хэлж өгсөн бөгөөд бид чин сэтгэлээсээ баярлаж байсан юм. Учир нь БНСУ-ын иргэн Кан Хүн нь Монгол Улсын хуулийн этгээд болох Зэвт дуулга ХХК-ийн хөрөнгө оруулагч байсан, захирлаар Н.Амар ажиллаж байсан, Н.Амарын эхнэр Б.Оюун-Эрдэнэ хүнд өвчний улмаас урт хугацаагаар эмчилгээ хийлгэж БНСУ-д эмчлүүлснээс үүдэж нийт 100,000,000 гаруй воны эмчилгээний төлбөрийн үлдэгдлийг төлсөн учир бэлэглэсэн гэж ойлгож, энэ талаараа анхан шатны шүүхэд маргасан боловч дүгнээгүйгээр үл барам, давж заалдах шатны шүүхээс бэлэглэлээр авсан гэдгээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн маргасан асуудалд дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч нараас гэрээний үүрэг шаардаж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т заасан хөөн хэлэлцэх тусгай үйлчилнэ гэж үзэж байна. Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 208 дугаар зүйлийн 208.1, 208.2-т зээлийн гэрээг хугацаа тогтоогоогүй бол зээлдэгчийн шаардсанаар түүнийг буцаан төлөхөөр заасан. Хугацаагүй байгуулсан зээлийн гэрээний хувьд хөөн хэлэлцэх хугацааг гэрээ байгуулагдсан үеэс тоологдох ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т заасан хугацаанд хэдийд ч нэхэх эрхтэй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

6. Нэхэмжлэгч БНСУ-ын Чонүнрэйлроүд ХК нь хариуцагч Б.Оюун-Эрдэнэ, Н.Амар нарт  холбогдуулан зээлийн үүрэгт 46,000,000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргасан байна.

  

7. Анхан шатны шүүх зээлийн гэрээний үүргийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, хариуцагч нар үүргийг гүйцэтгэхээс татгалзсан нь үндэслэлтэй гэж дүгнэн, хариуцагч Б.Оюун-Эрдэнэ, Н.Амар нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 46,600,000 төгрөг гаргуулах тухай БНСУ-ын Чонүнрэйлроүд ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

 

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

9. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний дагуу, 20,000,000 воныг Б.Оюун-Эрдэнэ, Н.Амар нарт зээлдүүлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэлээ тодорхойлсон.

 

Хариуцагч нар татгалзлын үндэслэлээ ...эмчилгээний төлбөрийг уг компаниас төлсөн. Гэхдээ бид уг компаниас мөнгөн хөрөнгө авах талаар хүсээгүй, уг компанийн захирал Кан хүн-ээс тусламж гуйсан. Эмнэлгийн төлбөрийг компанийн нэрээр төлсөн болохыг мэдээгүй. Бид уг компанид төлбөр төлөх үүрэг үүсээгүй. Мөн гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж тайлбарлажээ.

 

10. Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч Б.Оюун-Эрдэнэ нь 2015 оны 12 сард БНСУ-ын Сөүлийн их сургуулийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, уушигны хагалгаанд орсон бөгөөд төлбөр болох 20,000,000 воныг нэхэмжлэгч Чонүнрэйлроүд ХК-аас төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

БНСУ-ын Сөүлийн их сургуулийн эмнэлгийн Олон улсын эмчилгээний төвийн тодорхойлолтоор Б.Оюун-Эрдэнийн эмчилгээний зардал 20,000,000 воныг Чонүнрэйлроүд ХК нь 2015.12.22 болон 23-ны өдрүүдэд орлон төлсөн болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан. (хх-42-45)

 

11. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас дээрх мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь зөв боловч маргааны үйл баримтад Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 208 дугаар зүйлийн 208.2 дахь хэсгийг хэрэглээгүйгээс мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг буруу хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх тухай хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй.

 

  12. Хоёр шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэхдээ хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн байх тул ...шүүхээс нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зээлийн гэрээний харилцаа гэж тодорхойлсон. Хариуцагч нарын зүгээс БНСУ-ын иргэн Кан Хүн нь Б.Оюун-Эрдэнийн эмчилгээний төлбөрт 2015 оны 12 сард 20,000,000 воны төлбөрийг төлсөн бөгөөд бидэнд туслалцаа үзүүлэх үүднээс төлсөн гэж хэлж өгсөн бөгөөд бид чин сэтгэлээсээ баярлаж байсан юм. ... энэ талаараа анхан шатны шүүхэд маргасан боловч дүгнээгүйгээр үл барам, давж заалдах шатны шүүхээс бэлэглэлээр авсан гэдгээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн гэсэн хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.

 

13. Давж заалдах шатны шүүх ...зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, ... гэрээний хугацааг талууд тохиролцсон баримтгүй байх тул хугацаагүй гэрээ гэж үзэх үндэслэлтэй, ... хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй татгалзлаа баримтаар нотлоогүй гэж тус тус дүгнэхдээ хэргийн баримтыг үнэлэх хуульд заасан журмыг зөрчөөгүй, маргааны үйл баримтад Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэж, хөөн хэлэлцэх хугацааг хуульд зааснаар тоолж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзнэ.

 

14. ... БНСУ-ын хуулийн этгээд болох Чонүнрэйлроүд ХК-ийн гэрчилгээ, дүрэм зэргийг нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн ч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй, ... итгэмжлэл Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-д заасныг зөрчсөн тухай хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Тодруулбал, давж заалдах шатны шүүхээс ...БНСУ-ын хуулийн этгээд Чонүнрэйлроүд ХК-аас Э.Төгөлдөр, Д.Отгоннасан нарт 2019.12.26-ны өдөр олгосон итгэмжлэл нь 3 жилийн хугацаанд хүчинтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн шаардлагыг хангасан, төлөөлөгч нарт Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан зохигчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээх итгэмжлэл олгосон гэж дүгнэснийг хуульд нийцсэн гэж үзнэ.

 

15. Хэргийн баримтаас үзэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан ...иргэний хэргийг хууль бус бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.3-т Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгчдийн зөвлөгөөнөөс томилсон шүүгч даргална гэдэг заалтыг ноцтой зөрчсөн буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй байна.

 

16. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1490 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 390,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ

 

ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД