Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2018/03010

 

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2018/03010

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, гудамж, 19А байр 10 тоот хаягт оршин суух, Боржигон буурал овогт Чимэдийн Ц /регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах НШШГГ /регистрийн дугаар /-т холбогдох,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 5358 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэх хүрээнд Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, 19А байр 16 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2202020597 дугаартай, 3 өрөө орон сууц, мөн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, 19А байр 16А тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2202020594 бүртгэлийн дугаартай, 4 өрөө орон сууцыг тус тус төлбөр авагчид санал болгосон 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн ажиллагааг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Балжинням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төлбөр төлөгч Д.Пүрэвээгээс нийт 43,484,725 төгрөгиг гаргуулан төлбөр авагч Чинбаа инвест ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 5358 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас *******гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль-ийн 73 дугаар зүйлийн 73.3-т заасныг үндэслэн шинжээчийн тогтоосон үнэлгээний 50 хувиар тооцон төлбөр авагчид санал болгосон 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.-т заасныг зөрчиж, улмаар өмчлөгч *******гийн эрх ашигт хохирол учруулж байгаа тул энэхүү нэхэмжлэлийг шүүхэд хандан гаргаж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5-т Барьцаалагч төлбөр авагчийн барьцаанд байгаа, эсхүл дундын өмчлөлийн худалдан борлогдоогүй төлбөр төлөгчид ногдох хөрөнгийг энэ хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу тогтоосон үнэлгээгээр тооцож төлбөр авагчид шилжүүлнэ., мөн зүйлийн 3-т Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтлөнө. гэж тус тус заасан.

Тэгвэл Ч.Ц нь өөрийн өмчлөлийн орон сууцнуудыг төлбөр төлөгч Д.Пүрэвээгийн 300,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалж, төлбөр авагч Чинбаа инвест ББСБ-тай 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 2014/01-ҮХХ дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-г бичгээр байгуулж, нотариатаар батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Үүнээс үзвэл *******гийн өмчлөлийн уг орон сууцнууд нь төлбөр авагч Чинбаа инвест ББСБ-ийн барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгүүд юм.

НШШГГ нь 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 66 дугаартай тогтоолоор Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилж, *******гийн өмчлөлийн уг орон сууцнуудад эд хөрөнгийн үнэлгээ хийлгэж, тус шинжээчийн тогтоосон үнэлгээг үндэслэн орон сууцнуудыг анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй байна.

Гэтэл НШШГГ нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан *******гийн орон сууцнуудыг төлбөр авагч Чинбаа инвест ББСБ-д санал болгохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5-д Барьцаалагч-төлбөр авагчийн барьцаанд байгаа эсхүл дундын өмчлөлийн худалдан борлогдоогүй төлбөр төлөгчид ногдох хөрөнгийг энэ хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу тогтоосон үнэлгээгээр тооцож төлбөр авагчид шилжүүлнэ. гэж заасныг зөрчиж, хоёр дахь албадан дуудлага худалдааны үнээр буюу шинжээчийн тогтоосон үнэлгээний 50 хувиар тооцон төлбөр авагчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг судлаж үзэхэд худалдан борлогдоогүй хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдааны үнээр төлбөр төлөгчид шилжүүлэх тухай нэг ч зохицуулалт байхгүй байна.

*******гийн зүгээс энэхүү хууль зөрчсөн үйл ажиллагааны талаар холбогдох албан тушаалтнуудад гомдол гаргаж, хууль бус ажиллагаагаа таслан зогсоохыг хүссэн боловч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын холбогдох албан тушаалтнууд нь шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт барьцаа хөрөнгө гэж дурдаагүй байна гэх үндэслэл, тайлбар хэлж хууль зөрчсөн ажиллагаагаа зөвтгөн тайлбарлаж байна. Тэдний хэлж байгаагаар хэрвээ *******гийн өмчлөлийн орон сууцнууд нь төлбөр төлөгч Д.Пүрвээгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах барьцаа хөрөнгө биш юм бол Д.Пүрвээгийн төлбөрт тооцон хураах, битүүмжлэх, үнэлгээ хийлгэх, албадан дуудлага худалдаанд оруулах хууль эрх зүйн үндэслэл, мөн шаардлага ч байхгүй юм.

Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 5358 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэх хүрээнд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хэрэгжүүлсэн, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Ч.Ц миний өмчлөлийн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, 19А байр 16 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2202020597 дугаартай, 3 өрөө орон сууц, мөн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, 19А байр 16А тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2202020594 дугаартай, 4 өрөө орон сууцыг тус тус төлбөр авагчид санал болгосон 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн ажиллагааг хүчингүйд тооцож өгөхийг хүсье гэжээ.

 

Хариуцагч Нийсэлийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинзул шүүхэд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 5358 дугаар захирамжаар Дамбийгийн Пүрэвээгээс 443,484,725 төгрөгийг гаргуулан Чинбаа инвест ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн.

Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан 3 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1-т заасны дагуу 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 04/01 тоот тогтоолоор барьцаа хөрөнгүүдийг битүүмжилж 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төлбөрийг бүрэн төлж барагдуулах тухай мэдэгдлийг төлбөр төлөгч Д.Пүрэвээд гардуулан өгсөн.

Энэ хугацаанд төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5-т заасны дагуу 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 04/02 тоот тогтоолоор битүүмжилсэн эд хөрөнгүүдийг хураасан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу төлбөр төлөгч Д.Пүрэвээгээс үнийн санал авахад, дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн 1 м.кв талбайг 2,800,000 төгрөгөөр үнэлсэн.

Өмчлөгч *******г үнийн саналаа өгөхийг 2016 оны 01 дүгээр сары 26-ны өдөр архитектор Эрдэнэ-очир, 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төлбөр төлөгч Д.Пүрвээ, түүний үүсгэн байгуулсан Эрчим Арт ХХК-ийн нягтлан бодогч Хишигдолгор 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 3/7980 дугаар албан бичиг, мөн сарын 17-ны өдөр оршин суугаа газрын хаягт наасан зарлан дуудах хуудас болон архитектор Ундрах нараар дамжуулан удаа дараа мэдэгдсэн боловч тогтоосон хугацаанд ирж үнийн саналаа өгөөгүй байна.

Өмчлөгч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр уулзан Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу барьцааны үл хөдлөх хөрөнгийн үнийн санал өгөхийг мэдэгдсэн боловч үнийн санал өгөх боломжгүй тул хөндлөнгийн шинжээч томилж өгөх тухай хүсэлт гаргасан болно.

Дээрх хүсэлтийн дагуу 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 66 дугаар тогтоолоор Мөнх-Оргил трейд ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилоход,

Эрхийн улсын Ү-2202020601 дугаарт бүртгэгдсэн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, 19А байр 4 тоот хаягт байрлах 71.8 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай талбайг 139,100,000 төгрөгөөр,

Эрхийн улсын Ү-2202020594 дугаарт бүртгэгдсэн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, 19А байр 16А тоот хаягт байрлах 205.5 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 401,300,000 төгрөгөөр,

Эрхийн улсын Ү-2202020597 дугаарт бүртгэгдсэн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, 19А байр 16 тоот хаягт байрлах 229.44 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 359,500,000 төгрөгөөр тус тус үнэлсэн.

Иймд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон үнэлгээний 70 хувиар тус тус тооцон анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болохыг 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 3/14094, 3/19095 дугаар албан бичгүүдээр төлбөр төлөгч болон өмчлөгч нарт мэдэгдсэн.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2016/00470 дугаар шийдвэрээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1679 дүгээр магадлал, Монгол улсын Дээд шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 001/ХТ2016/01421 дүгээр тогтоолоор хэвээр үлдээсэн байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/01468 дугаар шийдвэрээр анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах тухай *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 1656 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 001/ХТ2017/01464 дүгээр тогтоолоор шийдвэр, магадлалыг хэвээр үлдээсэн байна.

Иймд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг баримтлан, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 00 минутанд болох анхны албадан дуудлага хулалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 00 минутанд зохион байгуулах хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдлүүдийг төлбөр төлөгч болон өмчлөгч нарт хүргүүлсэн.

Өмчлөгч Ч.Ц нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгох талаар нэхэмжлэл гаргаж 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 181/Ш32017/04355 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/01468 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 1656 дугаар магадлалаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Монгол улсын Дээд шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 001/ХТ2017/01464 дүгээр тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Ч.Ц шүүхэд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүхэлд нь хүчингүй болгох нэхэмжлэл гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч 2018 оны 01 дүгээр сарын 03-ны 101/Ш32018/00521 дүгээр захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруугийн 19А байрны 4 тоотод байрлах Эрхийн улсын Ү-2202020601 дугаарт бүртгэлтэй 71.8 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө шинжээчийн үнэлсэн үнийн 50 хувиар тооцон 69,550,000 төгрөгөөр санал болгох доод үнийг тогтоон 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад 91,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон.

Дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй эрхийн улсын Ү-2202020594 дугаарт бүртгэгдсэн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, 19А байр 16А тоот хаягт байрлах 4 өрөө орон сууц, эрхийн улсын Ү-2202020597 дугаарт бүртгэгдсэн мөн байрны 16 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг төлбөр авагчид санал болгох комиссын хуралдааныг 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3-т заасны дагуу шинжээчийн тогтоосон үнийн 50 хувиар бууруулж санал болгосон нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд Чинбаа инвест ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Балжинням шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Ц нь НШШГГт холбогдуулан барьцаа хөрөнгийг төлбөр авагчид санал болгосон 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн ажиллагааг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 5358 дугаар захирамжаар Дамбий овогтой Пүрэвээгээс 443,484,725 төгрөгийг гаргуулан Чинбаа инвест ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулах процесс болох мэдэгдэл хүргүүлэх, хугацаа олгох, барьцаа хөрөнгүүдийг хураах, үнэлгээ тогтоох, албадан дуудлага худалдаанд оруулах, санал болгох хурлаар оруулах зэрэг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль, журмын дагуу явагдаж байхад Ч.Ц удаа дараа шүүхэд хандан санаатайгаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тасалдуулж, саад учруулж байгаа нь манай байгууллагад ихээхэн хохиролтой байна.

Зээлийн барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2202020594 дугаартай, 205.5 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2202020597 дугаартай, 229.44 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2202020601 дугаартай, 71.8 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгүүд нь анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаагаар орсон бөгөөд 71.8 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө нь хоёр дахь албадан дуудлага худалдаагаар 91,000,000 төгрөгөөр борлогдсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3-т заасны дагуу санал болгох хурал зохион байгуулж төлбөрийн үлдэгдэлд үлдсэн 2 үл хөдлөх хөрөнгийг үнэлгээний 50 хувиар тооцож төлбөрт тооцуулан зөрүү дүнг манай байгууллага төлбөр төлөгч талд буцаан олгохоор шийдвэрлэгдэж талууд хүлээн зөвшөөрсөн. Санал болгох хурал хуульд заагдсаны дагуу явагдсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн бүрэн үндэслэлтэй гэсэн тайлбарыг гаргаж байна гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Ц нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 5358 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэх хүрээнд Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, 19А байр 16 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2202020597 дугаартай, 3 өрөө орон сууц, мөн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, 19А байр 16А тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2202020594 бүртгэлийн дугаартай, 4 өрөө орон сууцыг тус тус төлбөр авагчид санал болгосон 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн ажиллагааг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж байна.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Зохигч талуудын эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 5358 дугаар захирамжаар, хариуцагч Д.Пүрвээгээс зээлийн гэрээний үүрэгт 442,300,000 төгрөгийг гаргуулж, Чинбаа инвест ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Төлбөр төлөгч Д.Пүрвээ нь шүүхийн шийвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс дээрх шийдвэрийг алдбан гүйцэтгүүлэх шүүхийн гүйцэтгэх хуудас 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бичигдсэн байх бөгөөд төлбөр төлөгч, төлбөр авагч нарын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2014/01-ҮХХ дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхий барьцааны гэрээ-ний дагуу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан, *******гийн өмчлөлийн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, 19А байр 16 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2202020597 дугаартай, 3 өрөө орон сууц, мөн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, 19А байр 16А тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2202020594 бүртгэлийн дугаартай, 4 өрөө орон сууц, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруугийн 19А байрны 4 тоот хаягт байрлах 71,8 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө зэргийг тус тус битүүмжлэн хураан авч, хөрөнгийн үнэлгээний Мөнх-оргил трейд ХХК-иар дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлүүлжээ.

Хөрөнгийн үнэлгээний Мөнх-оргил трейд ХХК-ийн үнэлгээгээр Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, 19А байр 16 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2202020597 дугаартай, 3 өрөө орон сууцыг 401,3 сая төгрөг, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, 19А байр 16А тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2202020594 бүртгэлийн дугаартай, 4 өрөө орон сууцыг 359,5 сая төгрөгийн үнэ цэнэтэй болохыг тодорхойлжээ.

Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 3/5 дугаартай тогтоолоор дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн үнийг шинжээчийн тогтоосон үнэлгээний 50 хувиар тогтоон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаагаар Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруугийн 19А байрны 4 тоот хаягт байрлах 71,8 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө худалдан борлогдсон, үлдэх хоёр үл хөдлөх хөрөнгө борлогдоогүй байна.

Төлбөр төлөгч Д.Пүрвээ нь 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр НШШГГт хүсэлт гаргаж, өвчний шалтгаанаас *******д итгэмжлэл өгч бүх асуудлыг шийдвэрлүүлэх болсон, барьцаа хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь заалтын дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Хариуцагч НШШГГ нь 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 24 дугаартай санал болгох ажиллагааг зохион байгуулж, хоёр дахь удаагийн албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй хоёр орон сууцыг төлбөр авагчид санал болгож, төлбөр төлөгчид төлбөр авагч нь 1 сарын хугацаа олгож, энэ хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт заасны дагуу хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлж, зөрүү 26,495,275 төгрөгийг төлбөр авагч төлбөр төлөгчид олгохоор шийдвэрлэсэн байна.

Дээрх үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.3-т тус тус заасантай нийцсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үнэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5-д заасныг баримтлан, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 5358 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэх хүрээнд Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, 19А байр 16 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2202020597 дугаартай, 3 өрөө орон сууц, мөн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, 19А байр 16А тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2202020594 бүртгэлийн дугаартай, 4 өрөө орон сууцыг тус тус төлбөр авагчид санал болгосон 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн ажиллагааг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улс тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА