Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2020/02215

 

 

 

 

 

 

 

 

 

 

2020 06 17

101/ШШ2020/02215

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: 0 тоотод оршин оршин суух бүртгэлтэй, 0 тоотод оршин суух, Дончин овогт Ө.Г /РД:0/-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Улаанбаатар хот, 0 М т ХХК /РД:/-д  холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн 1.918.000 төгрөг, хохиролд 580,000 төгрөг, нийт 2,498,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, шинжээч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие М т" ХХК-аас хатуу түлш, цахилгаан хосолсон, Орос Улсад үйлдвэрлэсэн Купер карбо 18 нэртэй, 16 квт хүчин чадалтай, 180 м.кв буюу 500 м.куб талбай халаах хүчин чадалтай, цахилгаан тень нь 3хЗ=9 квт хүчин чадалтай нам даралтын зуухыг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр худалдаж авсан юм. Тус компанийн борлуулалтын менежер М.Б өөрийн амьдарч байгаа байшингийн нийт талбай 164 м.кв, пааранд ойролцоогоор 300 литр ус эргэлдэж байгаа, одоо манайх Чех улсад үйлдвэрлэсэн хатуу түлшээр галладаг нам даралтын зуух, мөн цахилгаанаар ажилладаг зуухыг ашиглаж байгаа талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгч, өөрийнхөө гэрт ашиглагдаж байгаа Чех Улсын Дакон зуухтай төстэй зуух танайд байна уу гэж асуухад байгаа гээд уг зуухны зургийг үзүүлж, энэ зуух энд байхгүй складад байгаа гэж хэлсэн. Тэр үед уг зуух дэлгүүрт нь байгаагүй учир тэрээр зуухны зургийг нь харуулаад энэ зуух 1 900 000 төгрөгийн үнэтэй танд 1 600 000 төгрөгөөр өгье гээд зуухны угсралтын талаар ойр зуурын зүйлийг хэлээд өгсөн. Би зуухны үнэ 1 600 000 төгрөг, түүний цахилгаан тенийн тохируулга удирдлагын аппаратын үнэ 318 000 төгрөг, дээр нь уг зуухыг суурилуулж, монтажлахад хүмүүст ажлын хөлс, материалын зардалд 580 000 төгрөг, нийт 2 498 000 төгрөгийн зардал гаргасан.

Гэтэл уг зуух шатсан нүүрсний үнс доош бүрэн унадаггүй, заавал гар татуургаар унагаадаг, галлагааны саванд хийсэн нүүрсний ихэнх нь шаталгүй үлддэг, халуунаа 5-6 цаг барьдаг гэсэн боловч 2 цаг болоод л халуунаа алдаж хөрдөг, цахилгаан тень нь хүйтэн усыг халааж чаддаггүй, тохируулсан температурт усыг халаагаад автоматаар асч, унтарна гэсэн боловч зуухыг нүүрсээр галлаж +60-70 градус хүртэл халаагаад тенийг залгахад халуунаа барьж чадахгүй хөрсөөр байгаад 2 цаг болоход бүрэн хөрж, хүйтэн болдог. Зуухны цахилгааны тенийг ажиллуулахад хүйтэн усыг халаахгүй, мөн халуун усыг тогтоосон температурт барьж чадахгүй байсан тул тус компанийн борлуулалтын менежер М.Б энэ тухай 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр утсаар хэлэхэд тэр бидэнд хэлэлгүйгээр биднийг байхгүй хооронд манай гэрт очиж бидний зөвшөөрөлгүйгээр зуухны цахилгааны 3 тенийг задалж сугалан авч нэг тень нь шатсан байна гэж утсаар хэлсэн. Тэр үед манайх уг цахилгаан тенийг тавхан хоног залгаад хүйтэн усыг халааж чадахгүй, халуун усны температурыг хэвийн хэмжээнд нь барьж чадахгүй байсан учир ажиллуулахыг нь зогсоосон байсан. Зуухны цахилгаан тень нь 180 литр ус халаадаг болохыг намайг асуудал үүсгэж хэл ам гаргасны дараа хэлсэн.

М т ХХК-аас худалдаж авсан зуухны цахилгаан тень усыг халааж чадахгүй байсан тул манайх зөвхөн нүүрсээр галладаг. Гэтэл уг зуухны усны тогоо 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хагарч, цаашид ашиглах боломжгүй болсон бөгөөд энэ талаар М т ХХК-д тэр дор нь мэдэгдсэн боловч тэд очиж үзнэ гэж хэлээд өнөөг хүртэл очиж үзээгүй. Мөн энэхүү зуухны хэвийн бус ажиллагаанаас, тухайлбал нүүрсээ бүрэн шатаахгүй, нүүрс, үнсээ доош унагаахгүй байдлаас шалтгаалаад дэргэд нь байнгын хүн байж галлах шаардлагатай болсон бөгөөд уг зуухыг нүүрсээр галлаж байсан 10, 11, 12 дугаар сард цаг агаар -28 -38 градус хүрч хүйтэрч байсан тул сарын 300,000 төгрөгөөр галч ажиллуулж, цалинжуулж давхар хохирсон. Уг зуухыг надад худалдахдаа нэг жилийн баталгаа гаргаж өгсөн. Иймд М т ХХК-аас 2 498 000 төгрөгийг гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М т ХХК нь Оросын Холбооны улсаас нам даралт болон өргөн хэрэглээний зуухыг албан ёсны эрхтэйгээр оруулж худалдаалдаг. Энэхүү зуухнууд нь евро стандартын шаардлага хангасан олон улсад худалдаалагддаг сайн чанарын бүтээгдэхүүн. Ө.Г нь 2017 оны 10 сарын 26-ны өдөр борлуулагч М.Б холбогдон Куппер Карбо 18 зуухны талаарх бүх мэдээллийг авч маргааш нь буюу 2017 оны 10 сарын 27-ны өдөр дэлгүүр дээрээ авч ирэхийг хүссэн. Ө.Гт уг зуухны мэдээллийг өгөхөд өөрийн хэрэглээнд тохируулан хэрэглэнэ гээд худалдан авахаар болсон. Уг зуух нь 180 м.кв халаадаг, 180-200 литр усыг халаах хүчин чадалтай болохыг сануулахад Ө.Г нь манай байшин 180 м.кв дээшгүй гэхдээ шугаман дахь ус нь 300 литр гэж хэлсэн боловч өөрийн шугамныхаа усыг хасаад уг зууханд тохируулан хэрэглэнэ гэж хэлээд авсан. Үнийн хувьд тус зууханд хямдрал зарласан байсан. 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Шудрага Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө газрын байцаагчаас зөвшөөрөл авч Ө.Гийн гэрт М.Б нь зуухны ашиглалтын горимтой танилцахаар очсон. Очиход уг зуухны шаталт нь хэвийн ажиллаж байсан. Усны темпратур 50-60 градусын хооронд байсан. Цахилгаан теньний холболтыг буруу хийж шатаасан байсан мөн теньний удирдлагыг холбоогүй байсан. Уг зуух нь дулаанаа тогтмол барих ёстой хэмжээндээ хүрэхгүй байгаа шалтгаан нь зуухны халаах усны хэмжээ их мөн байшингийн дулаан алдагдлаас шалтгаалдаг. Шудрага Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө газар нь хэрэглэгчийн буруу гэсэн шийдвэр гаргаж хэрэгсэхгүй болгосон. 2017 оны 01 сарын 23-ны өдөр зуух задарсаныг мэдээд хол газар учир 01 сарын 24-ний өдөр очсон. Уг айлд очиход Куппер Карбо 18 зуухыг шугамнаас салгаад өөр зуух оронд нь суурилуулж байсан. Зуухны халуун усны тогооны бэхлэгч хадааснууд нь тасарсан байсан. Тогоо задрах шалтгаан нь тогоонд өндөр даралт үүсэж хий хуримтлагдан ус эргэлтгүй болсон тохиолдолд задардаг болно. Зуухны гэмтлийн шалтгааныг тодорхойлох актыг үлдээгээд зааврын дагуу зуух болон холболтын зургуудыг авч зуух задарсан шалтгааныг бичгээр манайд авчирч өгөхийг сануулсан. Бид энэхүү актын дагуу ирсэн материалыг үйлдвэр лүү илгээдэг. Үйлдвэрээс энэхүү актын дагуу шалган хариу өгдөг. Одоог хүртэл энэхүү акт нь бидэнд ирээгүй. Иймд худалдагч нь худалдан авагчид зуухны ажиллагаа болон хэрхэн ашиглах заавар зөвлөгөөг өгсөн, мэдээллийг нуун дарагдуулж хуурч мэхэлсэн зүйл байхгүй.

Худалдан авагч нь эд хөрөнгө хүлээж авах үедээ үзэж шалгаж авах үүрэгтэй. Тухайн үед өөрөө биечлэн ирж, үзэж шалгаад аваад явсан. Зууханд гарсан доголдол нь худалдан авагч нь буруу ашигласны улмаас үүссэн гэж үзэж байна. Шинжээчээс гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Шинжээч нь дүгнэлт гаргахдаа доголдлыг ашиглалтын явцад гарсан эсэх, эсхүл анх худалдан борлуулах үед байсан эсэх талаар тодорхой дүгнэлт гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  Ө.Г нь хариуцагч М т ХХК- д холбогдуулан гэрээний үүрэгт 2,498,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Уг шаардлагаа шүүх хуралдаанд худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн 1.918.000 төгрөг, хохиролд 580,000 төгрөг, нийт 2,498,000 төгрөг гаргуулна гэж тодруулж нэхэмжилснийг хариуцагчаас доголдолгүй эд хөрөнгө шилжүүлсэн учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана. 

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.  

 

Хариуцагч М т ХХК нь Оросын холбооны Улсад үйлдвэрлэгдсэн Кубер карбо-18 маркийн хатуу түлш, цахилгаан хосолсон нам даралтын зуухыг дагалдах хэрэгслийн хамт нэхэмжлэгч Ө.Гт хүлээлгэн өгөхөөр, нэхэмжлэгч Ө.Г нь зуухны үнэд 1.600.000 төгрөг, дагалдах хэрэгслийн үнэд 318,000 төгрөг тус тус төлөхөөр 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр харилцан тохиролцсон. Уг үйл баримтад болон гэрээний дагуу нэхэмжлэгчээс зуухны үнэд нийт 1.918.000 төгрөг төлсөн талаар талууд маргахгүй байна.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх ба уг гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагагүй тул талууд уг гэрээг амаар байгуулах эрхтэй.

 

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх заалтад зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...худалдан авсан зуух нь чанарын шаардлага хангаагүй, доголдолтойн улмаас цаашид ашиглах боломжгүй гэж,

Хариуцагч нь ...чанарын шаардлага хангасан зуух хүлээлгэн өгсөн, худалдан авагч нь зориулалтын дагуу ашиглаагүй, буруу хэрэглэсний улмаас ашиглалтын явцад доголдол үүссэн гэж тус тус тайлбарласан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын маргааны зүйл болох Кубер карбо-18 маркийн хатуу түлш, цахилгаан хосолсон нам даралтын зууханд учирсан доголдлын талаар шинжээчээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын эрчим хүчний хяналтын улсын байцаагч Б.Түшигбатыг томилж, дүгнэлт гаргуулсан.

 

Шүүх хуралдаанд шинжээч Б.Т нь биечлэн оролцож, гаргасан дүгнэлтээ тайлбарлахдаа...Би Эрчим хүч тэр дундаа уурын ба ус халаах зуухны технологиор нарийн мэргэшсэн, уг чиглэлээр ажилладаг улсын байцаагч юм.

 

М т ХХК нь Кубер карбо-18 маркийн ус халаах зуухыг итгэмжлэгдсэн лаборатори буюу эрх бүхий мэргэжлийн байгууллагаар туршуулж, чанарын шаардлага хангаж байгаа эсэхэд дүгнэлт гаргуулсаны дараа Мэргэжлийн хяналтын газар, Гамшиг судлалын лаборатороор дахин оруулж, баталгаажуулсаны дараа тохирлын гэрчилгээ авсаны үндсэн дээр хэрэглэгчдэд худалдан борлуулах тухай Техникийн ерөнхий шаардлага MNS5043:2016 стандартын 7.1 дэх хэсэгт заасныг журмыг зөрчсөн байна.

 

М т ХХК нь Ө.Гт худалдсан гэх Кубер карбо-18 маркийн ус халаах зуухыг дээрх стандартад заасны дагуу тохирлын гэрчилгээ авсан байсан бол зууханд үүссэн доголдолыг үйлдвэрчлэгчийн буруугаас эсхүл ашиглалтын явцад хэрэглэгчийн буруугаас үүссэн аль нь болохыг тогтоох боломжтой байсан. Гэвч зууханд тохирлын гэрчилгээ гаргуулаагүй тул доголдол хэзээ үүссэн болохыг тогтоох боломжгүй.

 

Биет үзлэгээр Кубер карбо-18 маркийн зуухны усан цамцанд гагнуур хийсэн, зуухны хянах хэмжих хэрэгсэл бүрэн бүтэн байдал алдагдсан нь 0,07 мПа-аас бага даралтай уурын 115С-аас доош температуртай ус халаах зуухыг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах динометрийн шил хагарсан, зуухны бүрэн бүтэн байдал алдагдсан байдалтай байна гэж тайлбарласан.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд талуудын маргааны зүйл болох зууханд тохирлын гэрчилгээ гаргуулаагүй, итгэмжлэгдсэн лабораториар шинжлүүлээгүй байхдаа худалдсан үйл баримтад маргаагүй.

 

Түүнчлэн Уурын ба ус халаах зуухыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн 1.3 дугаар зүйлийн  1.3.1-д Гадаадаас нийлүүлж авсан зуух, түүний үндсэн  хэсэг, тэдгээрийг үйлдвэрлэх зориулалттай хагас боловсруулсан бүтээгдэхүүн, иж бүрдэл эдлэхүүн   нь энэ дүрмийн шаардлагыг бүрэн хангасан байна. Нийлүүлж буй зуухны паспорт, угсралт, ашиглалтын заавар, бусад баримт бичиг нь монгол хэл дээр орчуулагдсан,  энэ дүрмийн шаардагад нийцсэн байх ёстой.

            Нийлүүлж буй зуух, бүтээгдэхүүн, эдлэхүүний хувьд энэ дүрмийн шаардлага зөрчигдөж болох тохиолдолд хэлэлцээр хийхийн өмнө захиалагч УМХБ-тай тохиролцож зөвшөөрөл авсан байвал зохино. Уг зөвшөөрлийн хуулбарыг зуухны паспортад хавсаргасан байвал зохино.

 

            1.3.2 Зуух, түүний хэсгүүдийн бат бэхийн тооцоог мэргэжлийн буюу шинжээч байгууллагаас нийлүүлэгчийн бодсон аргачлалаар хийсэн тооцоо нь нормын шаардлагыг хангаж байна гэсэн дүгнэлт гаргаснаас бусад тохиолдолд хяналтын байгууллагын зөвшөөрсөн нормоор хийнэ

            Гадаадаас нийлүүлсэн үндсэн ба гагнуурын материал нь энэ дүрмийн шаардлагад нийцэж буй эсэх талаар, эсвэл тодорхой тохиолдол бүрд тэдгээрийг хэрэглэж болох зөвшөөрлийг мэргэжлийн буюу шинжээч байгууллагаар баталгаажуулсан байвал зохино. Энэ баримт бичгийн хуулбарыг зуухны паспортад хавсаргасан байна.

 

            1.3.3 Зуухны паспортыг 4, 4а хавсралтад заасан загвараар монгол хэл дээр бүрдүүлсэн байна гэж тус тус заасныг хариуцагч М т ХХК хэрэгжүүлээгүй, дээрх стандарт болон дүрмийг тус тус зөрчжээ.

 

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэх ба дээрх үйл баримтуудаас дүгнэж үзэхэд худалдагч М т ХХК нь зуух, түүний хэсгүүдийн бат бэхийн тооцоог мэргэжлийн байгууллагаар хийлгүүлээгүй, худалдан борлуулахтай холбоотой эрх аваагүй байхдаа худалдсан нь уг байгууллагыг чанарын шаардлага хангасан зуухыг худалдан авагч Ө.Гт шилжүүлсэн гэж үзэхээргүй байна.

 

Худалдан авагч Ө.Г нь эд хөрөнгийг хүлээж авах үедээ эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байсан гэх Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх заалтад заасан нөхцөл үүсээгүй, зуухны доголдлыг нүдээр ил харагдах байдлаар мэдэх боломжгүй байжээ.

 

Хэдийгээр талууд худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулж, эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй боловч худалдагч М т ХХК нь Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт зааснаар зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг шилжүүлэх үүрэгтэй. Дээрх хуулиар хүлээсэн үүргээ хариуцагч биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцалж, түүнтэй холбоотой хохирлоо шаардах эрхтэй.

 

Иймд талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, зохигчид гэрээний зүйлийн үнэд 1.918.000 төгрөг төлсөн үйл баримтад маргаагүйн дээр энэ нь бичгийн нотлох баримтаар тогтоогдсон тул дээрх мөнгөн хөрөнгийг худалдагч М т ХХК-иас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, зуухыг нэхэмжлэгч Ө.Гаас буцаан гаргуулж, хариуцагчид олгох нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

Харин нэхэмжлэгч нь зуух суурилуулсан ажлын хөлс болон материалын зардалд нийт 580,000 төгрөг зарцуулсан гэж уг мөнгөн хөрөнгийг гэрээнээс учирсан хохиролд нэхэмжилсэн боловч энэ нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Хэргийн 10-13 дугаар талд бусдад бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн гэх баримт байх боловч уг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэхээргүй байна.

 

Иймд хариуцагч М т ХХК-иас 1.918.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн 580,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хариуцагчаас шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүй дүгнэлт гаргасан гэж маргасан боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар уг тайлбараа баримтаар нотлоогүй. Хүсэлт гаргах замаар шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах эрхээ хэрэгжүүлээгүй. Мөн тус шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШЗ2019/06414 дүгээр шинжээчээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын эрчим хүчний хяналтын улсын байцаагч Б.Т-ыг томилсон захирамжид гомдол гаргаагүй болно.

 

Шинжээчийн ажлын хөлс болох 300,000 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгчээс төлсөн байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул шинжээчийн ажлын хөлсний тал хувийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалтад заасантай тус тус нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч М т ХХК-иас 1.918.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ө.Гт, хариуцагч Ө.Гаас Кубер карбо-18 маркийн зуухыг гаргуулж хариуцагч М т ХХК-д тус тус олгож, нэхэмжлэлээс 580,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 54 дүгээр зүйлийн 54.1.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,918 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 45,638 төгрөг, шинжээчийн ажлын хөлсний тал хувь 150,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ