Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2019/00035

 

Ө.Гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

    Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

         2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2018/02089 дүгээр шийдвэр,

         Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1738 дугаар магадлалтай,

         Нэхэмжлэгч: Ө.Г

         Хариуцагч: “М трейд” ХХК-д холбогдох

         2 498 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.Г, түүний өмгөөлөгч Т.Цэрэндагва, нарийн бичгийн даргад Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

       Нэхэмжлэгч Ө.Г нэхэмжлэл болон тайлбартаа: “... “М трейд” ХХК-иас хатуу түлш, цахилгаан хосолсон, Орос Улсад үйлдвэрлэсэн Купер карбо 18 нэртэй нам даралтын зуухыг 2017-10-27-ны өдөр худалдаж авсан. Компанийн борлуулалтын менежерт өөрийн байшинд өөрийн ашиглагдаж байгаа зуухтай төстэй зуух байгаа эсэхийг асуухад нэг зуухны зургийг үзүүлсэн. Худалдан авахдаа нийт 2,498,000 төгрөгийн зардал гаргасан. Гэтэл уг зуух шатсан нүүрсний үнс доош бүрэн унадаггүй, заавал гар татуургаар унагаадаг, галлагааны саванд хийсэн нүүрсний ихэнх нь шаталгүй үлддэг, халуунаа 5-6 цаг барьдаг гэсэн боловч 2 цаг болоод л халуунаа алдаж хөрдөг, цахилгаан тень нь хүйтэн усыг халааж чаддаггүй, тохируулсан температурт усыг халаагаад автоматаар асч, унтарна гэсэн боловч зуухыг нүүрсээр галлаж +60-70 градус хүртэл халаагаад тенийг залгахад халуунаа барьж чадахгүй хөрсөөр 2 цаг болоход бүрэн хөрж, хүйтэн болдог. Зуухны цахилгааны тенийг ажиллуулахад хүйтэн усыг халаахгүй, мөн халуун усыг тогтоосон температурт барьж чадахгүй байсан. Борлуулалтын менежер М.Батболдод энэ тухай 2018-01-10-ны өдөр утсаар хэлэхэд бидэнд хэлэлгүйгээр биднийг байхгүй хооронд манай гэрт очиж бидний зөвшөөрөлгүйгээр зуухны цахилгааны 3 тенийг задалж сугалан авч нэг тень нь шатсан байна гэж утсаар хэлсэн. Тэр үед манайх уг цахилгаан тенийг тавхан хоног залгаад хүйтэн усыг халааж чадахгүй, халуун усны температурыг хэвийн хэмжээнд нь барьж чадахгүй байсан учир ажиллуулахыг нь зогсоосон байсан. Зуухны цахилгаан тень нь 180 литр ус халаадаг болохыг дараа нь хэлсэн. “М трейд” ХХК-иас худалдаж авсан зуухны цахилгаан тень усыг халааж чадахгүй байсан тул манайх зөвхөн нүүрсээр галладаг. Гэтэл уг зуухны усны тогоо 2018-01-23-ны өдөр хагарч, цаашид ашиглах боломжгүй болсон бөгөөд энэ талаар “М трейд” ХХК-д тэр дор нь мэдэгдсэн боловч тэд очиж үзнэ гэж хэлээд өнөөг хүртэл очиж үзээгүй. Мөн энэхүү зуухны хэвийн бус ажиллагаанаас, тухайлбал нүүрсээ бүрэн шатаахгүй, нүүрс, үнсээ доош унагаахгүй байдлаас шалтгаалаад дэргэд нь байнгын хүн байж галлах шаардлагатай болсон бөгөөд уг зуухыг нүүрсээр галлаж байсан 10, 11, 12 дугаар сард цаг агаар -28 -38 градус хүрч хүйтэрч байсан тул сарын 300,000 төгрөгөөр галч ажиллуулж, цалинжуулж давхар хохироод байна. Уг зуухыг надад худалдахдаа нэг жилийн баталгаа гаргаж өгсөн. Иймд 2,498,000 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.

          Хариуцагч тайлбартаа: “... “М Трейд” ХХК нь Оросын Холбооны улсаас нам даралт болон өргөн хэрэглээний зуухыг албан ёсны эрхтэйгээр оруулж ирэн худалдаалдаг. Энэхүү зуухнууд нь евро стандартын шаардлага хангасан олон улсад худалдаалагддаг сайн чанарын бүтээгдэхүүн. Ө.Г 2017-10-26-ны өдөр борлуулагч М.Батболдтой холбогдон Куппер Карбо 18 зуухны талаарх бүх мэдээллийг авч маргааш нь буюу 2017-10-27-ны өдөр дэлгүүр дээрээ авч ирэхийг хүссэн. Ө.Гт уг зуухны мэдээллийг өгөхөд өөрийн хэрэглээнд тохируулан хэрэглэнэ гээд худалдан авахаар болсон. Уг зуух нь 180 м.кв халаадаг, 180-200 литр усыг халаах хүчин чадалтай болохыг сануулахад Ө.Г нь манай байшин 180 м.кв дээшгүй гэхдээ шугаман дахь ус нь 300 литр гэж хэлсэн боловч өөрийн шугамныхаа усыг хасаад уг зууханд тохируулан хэрэглэнэ гэж хэлээд авсан. Үнийн хувьд тус зууханд хямдрал зарласан байсан. 2018-01-10-ны өдөр Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө газрын байцаагчаас зөвшөөрөл авч Ө.Гийн гэрт М.Батболд нь зуухны ашиглалтын горимтой танилцахаар очсон. Очиход уг зуухны шаталт нь хэвийн ажиллаж байсан. Усны темпратур 50-60 градусын хооронд байсан. Цахилгаан теньний холболтыг буруу хийж шатаасан байсан мөн теньний удирдлагыг холбоогүй байсан. Уг зуух нь дулаанаа тогтмол барих ёстой хэмжээндээ хүрэхгүй байгаа шалтгаан нь зуухны халаах усны хэмжээ их мөн байшингийн дулаан алдагдлаас шалтгаалдаг. Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө газар нь хэрэглэгчийн буруу гэсэн шийдвэр гаргаж хэрэгсэхгүй болгосон. 2017-01-23-ны өдөр зуух задарсныг мэдээд хол газар учир 01 сарын 24-ний өдөр очсон. Уг айлд очиход Куппер Карбо 18 зуухыг шугамнаас салгаад өөр зуух оронд нь суурилуулж байсан. Зуухны халуун усны тогооны бэхлэгч хадааснууд нь тасарсан байсан. Тогоо задрах шалтгаан нь тогоонд өндөр даралт үүсэж хий хуримтлагдан ус эргэлтгүй болсон тохиолдолд задардаг болно. Зуухны гэмтлийн шалтгааныг тодорхойлох актыг үлдээгээд зааврын дагуу зуух болон холболтын зургуудыг авч зуух задарсан шалтгааныг бичгээр манайд авчирч өгөхийг сануулсан. Бид энэхүү актын дагуу ирсэн материалыг үйлдвэр лүү илгээдэг. Үйлдвэрээс энэхүү актын дагуу шалган хариу өгдөг. Одоог хүртэл энэхүү акт нь бидэнд ирээгүй. Иймд худалдагч нь худалдан авагчид зуухны ажиллагаа болон хэрхэн ашиглах заавар зөвлөгөөг өгсөн, мэдээллийг нуун дарагдуулж хуурч мэхэлсэн зүйл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

          Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2018/02089 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 243.2 дахь хэсэгт заасныг баримтлан “М трейд” ХХК-иас 2,498,000 төгрөг гаргуулах Ө.Гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1738 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2018/02089 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: “... Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулах зорилгоор шинжээч томилуулах эрхтэй боловч уг эрхээ шүүхийн өмнө хүсэлт гаргах хэлбэрээр эдлэх бөгөөд шинжээч томилуулах зайлшгүй шаардлага байгаа гэдгээ хүсэлтэд тодорхой дурдсан байх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл хүсэлтэд ямар асуудлыг тодруулах шаардлагатай байгаа, шаардлагын ямар үндэслэлийг нотлох зорилгоор, ямар байгууллага, мэргэжилтнээр дүгнэлт гаргуулах санал, хүсэлтэй байгааг тодорхой тусгасан байх зэрэг хуулийн шаардлага тавигддаг ба нэхэмжлэгчийн хувьд шинжээч томилуулах хүсэлтээ 2018-05-14-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан бөгөөд уг хүсэлтийг 08810 дугаартай шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн байдаг. Мөн 2018-05-21-ний өдрийн 15 цагт шүүх хуралдаан болсон бөгөөд уг хуралдааны тэмдэглэлээс дурдвал, хуралдаан даргалагчаас: “шүүх хуралдаанд шинээр гаргаж өгөх нотлох баримт байгаа эсэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргах хүсэлт байна уу” гэж асуухад, нэхэмжлэгч: “бид өөрсдөө шинжээч томилуулъя” гэж хариулсан байдаг. Шүүхээс нэхэмжлэгч, хариуцагч нарт холбогдох хэргийг 2018-06-13-ны өдөр шийдвэрлэсэн ба хуралдааны тэмдэглэлээс мөн дурдвал, даргалагчаас: “ИХШХШТХуулийн 25, 26, 38 дугаар зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлан өгч” ойлгосон эсэхийг асуухад, зохигчид “ойлгосон” гэж, мөн даргалагчаас: “шүүх хуралдаанд шинээр гаргаж өгөх нотлох баримт байгаа эсэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргах хүсэлт байна уу” гэж асуухад, нэхэмжлэгчээс “байхгүй” гэж, мөн хариуцагчаас “байхгүй” гэж тус тус хариулсан байдаг.         Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн шинжээч томилуулах хүсэлтийг шүүх шийдвэрлэсэн байтал, мөн талууд өөрсдөө шинжээч томилуулах санал, хүсэлтээ хэн аль нь дахин гаргаагүй буюу зохигчид хүсэлт гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт байхгүй гэж өөрийн хүсэл, зоригоо зохигчид илэрхийлсэн байтал хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж дүгнэж үзсэн Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхэд үндсэн гурван угтвар нөхцөл бүрдсэн байх талаар хуульчилсан байдаг. Үүнд: 1. Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж шүүгч үзсэн; 2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дууссан; 3.    Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзсэн бусад тохиолдол буюу зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт гаргаагүй байх зэрэг угтвар нөхцөлүүд бүрдсэн байхад шүүгч хэргийг хэлэлцэхээс татгалзах үндэслэлгүй бөгөөд хэргийг хэлэлцэх нь түүний үүрэг юм. Иймд давж заалдах шатны шүүхийн хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг ИХШХШТХуулийн 38.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шийдвэрлээгүй гэж үзнэ” гэсэн 2018-07-25-ны өдрийн дугаар 1738 магадлал нь өөрөө хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

         Ө.Г 2018-03-16-ны өдөр “М трейд” ХХК-иас худалдан авсан барааны үнэ 1,600,000 төгрөг, удирдлагын аппаратны үнэ 318,000 төгрөг, ажлын хөлс материалын зардал 580,000 төгрөг нийт 2,498,000 төгрөг шаардсан байна. 

          Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

          Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Ө.Гийн нэхэмжлэлийг шийдвэрлэхэд тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулах шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

         Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай шинжилгээг хийлгэх нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ.

        Шүүх шинжээч томилуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хангахгүй орхихдоо үндэслэлээ тодорхой заагаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцээгүй байх тул магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

         1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1738 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 54,920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.АМАРСАЙХАН

                                 ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ