Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2018/01738

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2018/01738

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ө.Ганхуягийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2018/02089 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ө.Ганхуягийн нэхэмжлэлтэй, хариуцагч Монод трейд ХХК-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 2 498 000 төгрөг гаргуулах тухай хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө.Ганхуяг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Цэрэндагва, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ө.Ганхуягийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний бие Монод трейд" ХХК-аас хатуу түлш, цахилгаан хосолсон, Орос Улсад үйлдвэрлэсэн Купер карбо 18 нэртэй, 16 квт хүчин чадалтай, 180 м.кв буюу 500 м.куб талбай халаах хүчин чадалтай, цахилгаан тень нь 3хЗ=9 квт хүчин чадалтай нам даралтын зуухыг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр худалдаж авсан юм. Тус компанийн борлуулалтын менежер М.Батболдод өөрийн амьдарч байгаа байшингийн нийт талбай 164 м.кв, пааранд ойролцоогоор 300 литр ус эргэлдэж байгаа, одоо манайх Чех улсад үйлдвэрлэсэн хатуу түлшээр галладаг нам даралтын зуух, мөн цахилгаанаар ажилладаг зуухыг ашиглаж байгаа талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгч, өөрийнхөө гэрт ашиглагдаж байгаа Чех Улсын Дакон зуухтай төстэй зуух танайд байна уу гэж асуухад байгаа гээд уг зуухны зургийг үзүүлж, энэ зуух энд байхгүй складад байгаа гэж хэлсэн.

Тэр үед уг зуух дэлгүүрт нь байгаагүй учир тэрээр зуухны зургийг нь харуулаад энэ зуух 1 900 000 төгрөгийн үнэтэй танд 1 600 000 төгрөгөөр өгье гээд зуухны угсралтын талаар ойр зуурын зүйлийг хэлээд өгсөн. Би зуухны үнэ 1 600 000 төгрөг, түүний цахилгаан тенийн тохируулга удирдлагын аппаратын үнэ 318 000 төгрөг, дээр нь уг зуухыг суурилуулж, монтажлахад хүмүүст ажлын хөлс, материалын зардалд 580 000 төгрөг, нийт 2 498 000 төгрөгийн зардал гаргасан.

Гэтэл уг зуух шатсан нүүрсний үнс доош бүрэн унадаггүй, заавал гар татуургаар унагаадаг, галлагааны саванд хийсэн нүүрсний ихэнх нь шаталгүй үлддэг, халуунаа 5-6 цаг барьдаг гэсэн боловч 2 цаг болоод л халуунаа алдаж хөрдөг, цахилгаан тень нь хүйтэн усыг халааж чаддаггүй, тохируулсан температурт усыг халаагаад автоматаар асч, унтарна гэсэн боловч зуухыг нүүрсээр галлаж +60-70 градус хүртэл халаагаад тенийг залгахад халуунаа барьж чадахгүй хөрсөөр байгаад 2 цаг болоход бүрэн хөрж, хүйтэн болдог. Зуухны цахилгааны тенийг ажиллуулахад хүйтэн усыг халаахгүй, мөн халуун усыг тогтоосон температурт барьж чадахгүй байсан тул тус компанийн борлуулалтын менежер М.Батболдод энэ тухай 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр утсаар хэлэхэд тэр бидэнд хэлэлгүйгээр биднийг байхгүй хооронд манай гэрт очиж бидний зөвшөөрөлгүйгээр зуухны цахилгааны 3 тенийг задалж сугалан авч нэг тень нь шатсан байна гэж утсаар хэлсэн. Тэр үед манайх уг цахилгаан тенийг тавхан хоног залгаад хүйтэн усыг халааж чадахгүй, халуун усны температурыг хэвийн хэмжээнд нь барьж чадахгүй байсан учир ажиллуулахыг нь зогсоосон байсан. Зуухны цахилгаан тень нь 180 литр ус халаадаг болохыг намайг асуудал үүсгэж хэл ам гаргасны дараа хэлсэн.

Монод трейд ХХК-аас худалдаж авсан зуухны цахилгаан тень усыг халааж чадахгүй байсан тул манайх зөвхөн нүүрсээр галладаг. Гэтэл уг зуухны усны тогоо 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хагарч, цаашид ашиглах боломжгүй болсон бөгөөд энэ талаар Монод трейд ХХК-д тэр дор нь мэдэгдсэн боловч тэд очиж үзнэ гэж хэлээд өнөөг хүртэл очиж үзээгүй. Ийнхүү тус компани нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 243.2-т заасныг зөрчиж, намайг хохироогоод байна.

Мөн энэхүү зуухны хэвийн бус ажиллагаанаас, тухайлбал нүүрсээ бүрэн шатаахгүй, нүүрс, үнсээ доош унагаахгүй байдлаас шалтгаалаад дэргэд нь байнгын хүн байж галлах шаардлагатай болсон бөгөөд уг зуухыг нүүрсээр галлаж байсан 10, 11, 12 дугаар сард цаг агаар -28 -38 градус хүрч хүйтэрч байсан тул сарын 300,000 төгрөгөөр галч ажиллуулж, цалинжуулж давхар хохироод байна. Уг зуухыг надад худалдахдаа нэг жилийн баталгаа гаргаж өгсөн. Иймд Монод трейд ХХК-аас 2 498 000 төгрөгийг гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Монод трейд ХХК-ийн тайлбарт: Монод Трейд ХХК нь Оросын Холбооны улсаас нам даралт болон өргөн хэрэглээний зуухыг албан ёсны эрхтэйгээр оруулж ирэн худалдаалдаг. Энэхүү зуухнууд нь евро стандартын шаардлага хангасан олон улсад худалдаалагддаг сайн чанарын бүтээгдэхүүн. Ө.Ганхуяг нь 2017 оны 10 сарын 26-ны өдөр борлуулагч М.Батболдтой холбогдон Куппер Карбо 18 зуухны талаарх бүх мэдээллийг авч маргааш нь буюу 2017 оны 10 сарын 27-ны өдөр дэлгүүр дээрээ авч ирэхийг хүссэн. Ө.Ганхуягт уг зуухны мэдээллийг өгөхөд өөрийн хэрэглээнд тохируулан хэрэглэнэ гээд худалдан авахаар болсон. Уг зуух нь 180 м.кв халаадаг, 180-200 литр усыг халаах хүчин чадалтай болохыг сануулахад Ө.Ганхуяг нь манай байшин 180 м.кв дээшгүй гэхдээ шугаман дахь ус нь 300 литр гэж хэлсэн боловч өөрийн шугамныхаа усыг хасаад уг зууханд тохируулан хэрэглэнэ гэж хэлээд авсан. Үнийн хувьд тус зууханд хямдрал зарласан байсан.

2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Шудрага Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө газрын байцаагчаас зөвшөөрөл авч Ө.Ганхуягийн гэрт М.Батболд нь зуухны ашиглалтын горимтой танилцахаар очсон. Очиход уг зуухны шаталт нь хэвийн ажиллаж байсан. Усны темпратур 50-60 градусын хооронд байсан. Цахилгаан теньний холболтыг буруу хийж шатаасан байсан мөн теньний удирдлагыг холбоогүй байсан. Уг зуух нь дулаанаа тогтмол барих ёстой хэмжээндээ хүрэхгүй байгаа шалтгаан нь зуухны халаах усны хэмжээ их мөн байшингийн дулаан алдагдлаас шалтгаалдаг. Шудрага Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө газар нь хэрэглэгчийн буруу гэсэн шийдвэр гаргаж хэрэгсэхгүй болгосон.

2017 оны 01 сарын 23-ны өдөр зуух задарсаныг мэдээд хол газар учир 01 сарын 24-ний өдөр очсон. Уг айлд очиход Куппер Карбо 18 зуухыг шугамнаас салгаад өөр зуух оронд нь суурилуулж байсан. Зуухны халуун усны тогооны бэхлэгч хадааснууд нь тасарсан байсан. Тогоо задрах шалтгаан нь тогоонд өндөр даралт үүсэж хий хуримтлагдан ус эргэлтгүй болсон тохиолдолд задардаг болно. Зуухны гэмтлийн шалтгааныг тодорхойлох актыг үлдээгээд зааврын дагуу зуух болон холболтын зургуудыг авч зуух задарсан шалтгааныг бичгээр манайд авчирч өгөхийг сануулсан. Бид энэхүү актын дагуу ирсэн материалыг үйлдвэр лүү илгээдэг. Үйлдвэрээс энэхүү актын дагуу шалган хариу өгдөг. Одоог хүртэл энэхүү акт нь бидэнд ирээгүй. Иймд худалдагч нь худалдан авагчид зуухны ажиллагаа болон хэрхэн ашиглах заавар зөвлөгөөг өгсөн, мэдээллийг нуун дарагдуулж хуурч мэхэлсэн зүйл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 243.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Монод трейд ХХК-аас 2 498 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ө.Ганхуягийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ө.Ганхуягийн төлсөн 54 918 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ө.Ганхуягийн давж заалдах гомдолд: "Монод трейд" ХХК-аас миний худалдаж авсан хатуу түлш, цахилгаанаар хослон ажилладаг Орос улсад үйлдвэрлэсэн "Купер карбо 18" зуух нь ашиглаж эхэлсэн анхны өдрөөс эхлэн ашиглалтын наад захын шаардлагыг хангахгүй байсан. Тухайлбал: зуухны галлагааны саванд хийсэн нүүрсний ихэнх нь уг савны налуу гадарга дээр тогтоод доошоогоо бүрэн унаж шаталгүй үлддэг. Иймээс уг нүүрсийг бүрэн шатаахын тулд дээрээс нь ойр ойрхон 20-30 минут дутам хутгаж нүүрсийг доош нь унагааж байх хүн авч ажиллуулсан. Энэ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2-т зөрчиж байна гэж маргасан. Гэтэл шүүхээс энэ талаар огт дүгнэлт хийгээгүй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс зуухны цахилгааны холболтыг цахилгаанчны мэргэжлээр 30 гаруй жил ажилласан, дээд мэргэжлийн туршлагатай инженер П.Баатар гэх хүнээр хийлгэсэн бөгөөд тэрээр шүүхэд гэрчийн мэдүүлэг өгч, холболтыг зөв хийсэн, мэргэжлийн хүн гэдгээ нотолсон. Буруу холбосон гэдгийг хөндлөнгийн мэргэжлийн байгууллага нотлоно уу гэхээс М.Батболд тогтоохгүй, түүнд тийм эрх ч байхгүй. М.Батболд намайг гэртээ байхгүй эзгүй хойгуур зориуд очиж миний зөвшөөрөлгүйгээр цахилгааны тенийг зуухнаас салган авч, тенийг задалж нэг тень нь шатсан байна гэж хэлээд хуурамч протокол үйлдсэн. Тухайн үед цахилгаан тенийг зориуд салгаж, ажиллуулахыг нь зогсооход тень шатаагүй байсан. Хэрэв нэг тень шатсан бол М.Батболд өөрөө оролдож байгаад шатаасан.

Зуухны цахилгаан тень нь анхнаасаа нэгэнт ашиглалтын шаардлага хангаж чадахгүй байсан тул хатуу түлш (нүүрс)-ээр ажиллуулж байсан. Гэтэл уг зуухны тогоо нь зуухыг ажилуулж эхэлснээс хойш ердөө 2 сарын дараа буюу 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хагарч цаашид ашиглах боломжгүй болсон. Манайх гүний худагтай учир худгийн насос байнга ажиллаж усаа тогтмол шахаж, шугамыг үргэлжид дүүрэн устай байлгадаг. Худгийн насосноос гадна паарны шугам дахь усыг үргэлж эргэлдүүлэн шахаж байдаг нэмэлт тусгай насосыг шугамд холбосон тул шугамын усыг тасралтгүй эргэлдүүлж байдаг. Түүнчлэн "Монод трейд" ХХК нь уг зуухыг худалдахдаа нэг жилийн баталгаа гаргаж өгсөн. Гэтэл уг зуухны хатуу түлш, цахилгаанаар хослон ажилладаг гэсэн хоёр төрлийн үйл ажиллагаа нь ажиллахгүй болсон. Нам даралтын хатуу түлш, цахилгаан хосолсон энэ зуухыг Монгол Улсын мэргэжлийн байгууллагаар туршиж, тохируулж баталгаажуулаагүй, стандартыг нь батлуулаагүй.

Миний бие 2018 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн шүүх хуралдаанд шинжээч томилуулж, дүгнэлт гаргуулах хүсэлтийг шүүх хангахаас татгалзсан. Стандарт, хэмжил зүйн газраас 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 05/503 тоотоор "Хатуу түлш, цахилгаан хосолсон зууханд тавих техникийн шаардлагыг тогтоосон стандарт батлагдаагүй болно" гэж зааснаас үзэхэд уг зуухны стандарт батлагдаагүй, мөн уг зуухыг манай улсад худалдахыг зөвшөөрсөн эрх зүйн актгүй байна.

Санамж бичиг бол зөвхөн уг зуухыг угсрах, ашиглахад л анхаарах зөвлөмж болохоос биш, эрх зүйн акт, баталгаа биш. Дээрх зөвлөмж төдий санамж бичигт би гарын үсэг зурснаараа худалдагчийн буруугаар эвдрэл гэмтэлтэй буюу ашиглалтын шаардлага хангахгүй зуухыг худалдсан хариуцагчийн буруутай ажиллагаанаас надад учирсан хохирлыг түүний өмнөөс би хүлээнэ гэдэг бол хэн ч бодсон шударга бус үйлдэл юм. Нийслэлийн Прокурорын газрын мэдэгдэх хуудсанд баталгаат хугацаанд гарсан эвдрэл гэмтлийг худалдан авагч хариуцах болохыг баталгаажуулан зааж өгсөн болно. Мөн гэрч П.Баатар, Б.Чинбат нараас мэдүүлэг авсан боловч тэдний мэдүүлгийн бодит үнэнийг хэргийн нотолгоо болгож авч үзээгүй. Иргэн А.Алтантулгын нотолгоог шүүх хурал дээр огт танилцуулаагүй, үнэлж дүгнээгүй орхисон.

Мөн нэхэмжлэлийн шаардлага болох зуухны тогоо хагарсан асуудлыг огт авч хэлэлцээгүй нь нэгийг нөгөөгөөс нь салгаж болохгүй хосолсон ажиллагаатай зуухны талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийх ямарч боломжгүй юм. Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.3.6, 6.3.7, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 12 дугаар зүйлийн 12.3, 12.5-д заасныг хариуцагч компани нь зөрчиж, баталгаат хугацааны дотор эд хөрөнгийн доголдлын асуудлыг хариуцан арилгах үүргээ биелүүлэхгүй байхын зэрэгцээ нэхэмжлэгч буюу хэрэглэгч нь доголдолыг арилгах, төлсөн үнээ буцаан шаардах эрхтэй талаар маргасан байхад үүнтэй холбоотой асуудалд огт дүгнэлт хийсэнгүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Ө.Ганхуяг нь хариуцагч Монод трейд ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 2 498 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч нь 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Оросын Холбооны улсад үйлдвэрлэсэн Куппер карбо 18 маркийн хатуу түлш, цахилгаан хосолсон нам даралтын зуухыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч нь зуухны үнэнд 1 918 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагчийн худалдсан зуух нь дагалдах бичигт заасан чанарын шаардлагад нийцэхгүй тул доголдолтой эд хөрөнгийг буцааж, зуухны үнийг буцаан гаргуулах гэж, хариуцагч худалдан авагчийн буруутай үйлдлийн улмаас хэрэглээний явцад учирсан гэмтлийг хариуцахгүй гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгчийн шүүх хуралдааны явцад гаргасан зуухны гэмтлийг тогтоолгох зорилгоор шинжээч томилуулах хүсэлтийг талууд хэлэлцсэн байх боловч шүүх уг хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байх тул шүүх хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шийдвэрлээгүй гэж үзнэ.

 

Дээрх хүсэлт нь маргааны үйл баримтыг тогтооход чухал ач холбогдолтой, зууханд ямар гэмтэл үүссэн, уг гэмтэл нь үйлдвэрийн эсхүл хэрэглээний явцад үүссэн үү гэдэг маргааны талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэхэд нөлөөлж болохыг шүүх анхаарч үзээгүй байна.

 

Иймд маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2018/02089 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 54 918 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

А.МӨНХЗУЛ