Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2017/00311

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар *******/ШШ2017/00311

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ө.У 

 

Хариуцагч:  И ХХК 

 

Хариуцагч: О.А 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ө, хариуцагч И ХХК-ийн төлөөлөгч С.Х өмгөөлөгч Б.Д, төлөөлөгч Ж.Х-ийн өмгөөлөгч Ц.Ж, гэрч К, орчуулагч Н.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ө.У нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажлын хөдөлмөрийн хөлсөнд 9,750,000 төгрөг гаргуулах тухай. Хан-Уул дүүргийн Зайсанд байрлах ******* хотхоны ******* байрны 1 орцны заслын ажлыг хийж гүйцэтгэхээр ******* ХХК-н гэрээт гүйцэтгэгч *******тэй тохиролцсоны дагуу засварын ажлыг 2014 оны 1 сарын эхээс 2014 оны 2 сарын 18-ыг хүртэл хийж гүйцэтгэсэн. Энэ хугацаанд бид хийж гүйцэтгэх ажлынхаа үнэ үнэлгээ гүйцэтгэлтэй холбоотой асуудлыг баталгаажуулахаар компанид удаа дараа мэдэгдсэний дагуу уг компаний төлөөлөл болох О.******* бидэнтэй уулзаж 2014 оны 2.14 өдөр дэвтэрийн цаасан дээр шаврын ажлын үнэлгээг 6,500 гэж тохиролцон гарын үсэг зурсан. Ингээд ажлын хөлсөө давхар давхараар нь өгнө гэсэн, тохиролцоогүй биелүүлэхгүй болохоор ерөнхий захирал О.Атэй очиж уулзан хөдөлмөрийн хөлсөө шаардахад 2 хоног хүлээчих гэх зэргээр олон хоног нааш цааш явуулж, загнаж далайж зодохыг завдсан. Ингээд 2014.2.24-ны өдөр нэхэмжлэгч миний нэр дээр О.А нь баталгаа болгон албан тоот өгсөн. Үүндээ хөрөнгө оруулагч талаас санхүүжилт хийгдэхээр өгнө гэж мэдэгдсэн боловч одоог хүртэл ажлын хөлсөө олгохгүй биднийг хохироосоор байна. 7-р давхарт 600 мкв, 8-р давхарт 600 мкв, 5-р давхарт 300 мкв, бүгд 1,500 мкв * 6,500= 9,750,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. *******ээр зуучлуулж О.Атэй уулзаад ажиллах болсон. Аы хэлсэн хүн болох *******тэй үнээ тохиролцсон ба бас хэлж өгсөн Ука гэдэг хүнтэй хамт явж хэмжсэн. Уг нь 1,900 орчим мкв ажил хийсэн боловч хассаар байгаад 1,500 болгосныг нь зөвшөөрөөд энэ хэмжээгээр ажлын хөлсөө нэхсэн гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ө нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажлын хөлсөнд 9,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.Ө.У нь Ж.*******ийн санал болгосноор ******* ХХК-ний захирал О.А-тэй уулзаж амаар тохиролцсон. Уг тохиролцоогоор нэхэмжлэгч нь 5, 7, 8 давхарын шаврын ажлыг гүйцэтгэх бөгөөд хариуцагч нь давхар давхараар ажлыг хүлээн авч хөлсийг дор дор нь өгнө гэсэн байдаг. Үүнийг гэрч Ж.******* нотолдог. Тохиролцсон ёсоор ажлаа 42 хоногт хийж гүйцэтгээд О.Ад ажлаа хүлээн авч, хөлсөө төлөхийг шаардахад өөрийн ажилтан Х.Үнэнбат, О.******* нарт ажлаа хүлээлгэж өгөөд ажлын хөлсөө ав гэсний дагуу хүлээлгэж өгсөн. Гэвч ажлын хөлсөө өгөхгүй олон хоног чирэгдүүлсэн. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т зааснаар хариуцагч нь ажлын үр дүнг хүлээн авсан байх тул ажлын хөлс төлөх үүрэг үүссэн. Ө.Уийн хийсэн ажлын хөлс нь 1 мкв-т 6,500 төгрөг байсан талаар гэрч Ж.******* мэдүүлдэг бөгөөд ажлыг хүлээн авсан О.******* энэ талаар баримт хийж өгсөн. Хариуцагч нь гүйцэтгэсэн ажил нь доголдолтой байсан гэж тайлбар гаргасан байх ба энэ нь худлаа, хийсэн ажил ямар нэг доголдолгүй байсан. Харин ажлыг хүлээлгэн өгсөний дараа хөлсөө төлөхгүй байсан тул удаа дараа шаардсанаар баталгаа бичиж өгсөн. Хэрэв тухайн үед доголдолтой байсан бол ийм баталгаа бичиж өгөхгүй байсан. Тэгээд ч Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д зааснаар гүйцэтгэсэн ажлын доголдолын талаар гомдол гаргах хугацаа нь 6 сар бөгөөд гомдол гаргаагүй тул гомдол гаргах хугацаа дууссан. Анхнаасаа И ХХК-ний захирал Атэй уулзаж амаар гэрээ байгуулаад нийт 42 хоног ажиллаад ажлаа хүлээлгэн өгөх гэхэд *******өд өгчих гэсэн. Хариуцагч нь хариу тайлбараараа ажлыг хүлээн авсанаа зөвшөөрдөг. Хавтаст хэргийн 138-145-д байгаа. Шүүх хуралдааны тэмдэглэлд Уээс 1,500 мкв ажил хүлээн авсанаа маргахгүй гэдэг. Иймд ажлыг хүлээж авсан тул ажлын хөлсийг төлөх үүрэг үүссэн. Хариуцагч нь *******тэй гэрээ байгуулсан гээд зөвшөөрдөггүй. Энэ гэрээгээр ******* нэхэмжлэгч нарын ажил нь давхацдаггүй. Гэрч Үнэнбат үүнийг гэрчилдэг. ******* нь мөн А У нарыг уулзуулсан гэж хэлдэг. Улмаар нэхэмжлэгчид баталгаа өгсөн байдаг. Хэрэв Утэй хэлцэл хийгээгүй юм бол ийм баталгаа өгөхгүй байсан. ******* хэлцэл хийсэн баримт байгаа. ******* нь ИЗМНЭГ-г төлөөлөх эрхтэй байсан талаар гэрч Үнэнбат мэдүүлдэг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч И ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хянагдаж буй Ө.У-ийн нэхэмжлэлтэй И ХХК-д холбогдох иргэний хэрэгт гүйцэтгэх захирал О.А би дараах хариу тайлбарыг гаргаж байна.

1.            И ХХК нь Голден Вилл хотхоны *******-р байрны 1-р орцны 20 айлын дотор заслын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр иргэн *******тэй тохиролцож ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байдаг. Тус ажил гүйцэтгэх гэрээнд заасны дагуу урьдчилгаа төлбөр болох 30 сая төгрөгийг гүйцэтгэгч *******т шилжүүлсэн бөгөөд 2 дугаар сард мөн 7 сая төгрөг цувуулан шилжүүлсэн юм. Ажлыг эхлүүлснээс хойш 2014 оны 01 дүгээр сард гүйцэтгэгч ******* нь Ө.Уийн бригадыг туслан гүйцэтгэгчээр ажилд оруулж байгаа болохыг нь мэдсэн юм. Иймд би иргэн Уийн өмнө ажлын хөлс төлөх үүрэг хүлээгээгүй бөгөөд иргэн Ө.У ажлын хөлсөө манай компаниас биш иргэн *******ээс нэхэмжпэх нь зүй ёсны хэрэг юм. Мөн нэхэмжлэлд Гүйцэтгэгч *******тэй тохиролцсоны дагуу засварын ажлыг 2014 оны 01 сарын эхээс 2014 оны 02 сарын 18-ны хүртэл хийж гүйцэтгэсэн гэж бичснээр нотлогдож байна.

2.            Иргэн У нь дотор заслын ажил гүйцэтгэх гэрээний туслан гүйцэтгэгчээр иргэн *******тэй тохиролцож 2014 оны 01 сараас эхлэн орсон бөгөөд Голден Вилл хотхоны *******-р байрны 1-р орцны 5 дугаар давхарын шаврын ажлыг хийж гүйцэтгэлээ ажил хүлээлгэж өгье" гэхэд нь тус компаний ажилтан ******* шаврын ажлыг гүйцэтгэлийг шалгаж, нягталсан байдаг. Өөрөөр хэлбэл компани тус барилгын дотоод заслын ажлыг хийж гүйцэтгүүлж байгаа захиалагч тиймээс ажлын гүйцэтгэлийн явцад шалгаж, ажлын үр дүнг хүлээж авах бүрэн эрхтэй билээ. Түүнчлэн шаврын ажпын гүйцэтгэл хангалтгүй хийгдсэн тул ажил хүлээлцэх акт үйлдэлгүй, дахин завсар хийх шаардлагатай болохыг иргэн *******т мэдэгдсэн.

3.            Түүнчлэн Компаний тухай хуульд зааснаар компанийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан нь ******* биш бөгөөд ажлын хөлсийг тохиролцсон гэдэг нь ач холбогдолгүй тул үүнд тайлбар гаргах шаардлагагүй юм.

4.            Түүнчлэн И ХХК-ны барилгын дотоод заслын ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэгч нь Ж.Г 2014.11.04-нд хүлээлгэж өгөх ёстой байсан бөгөөд энэ хугацааг 4 cap хэтрүүлж, гэрээний үүргээ биелүүлээгүй тул ажил гүйцэтгэх гэрээг 2014 оны 03 дугаар сарын эхээр цуцалсан болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч И ХХК-ний төлөөлөгч Ж.Х-ийн өмгөөлөгч Ц.Ж нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани Г-тэй тохиролцсон. Заслын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Улмаар *******т 30 сая төгрөг өгсөн. Г нь гэрчээр орохдоо үүнийгээ хэлдэг. Ажил хугацаа хэтэрч эхэлсэн. Г нь нэхэмжлэгчийг туслан гүйцэтгэгчээр оруулсан байсан. Сүүлд үүнийг нь мэдсэн. Хугацаа шахагдсан тул *******ийг ажлаа гүйцэтгэхийг шаардаж байсан. 30 сая нь хийсэн ажилд нь тохирсон гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч нь анх *******тэй тохиролцоод энэ ажилд орсон гэдэг. ******* нь авсан мөнгөө өгөөгүй юм шиг байна лээ. Ингээд манайхаас нэхээд эхэлсэн байдаг. Нэхэмжлэгч нь гүйцэтгэсэн ажлын талаар эргэлзээтэй баримтууд байдаг. *******тэй байгуулсан гэрээгээ дүгнэе гэсэн байдаг. 1,500 мкв гэсэн хэмжээнд нь 30 сая төгрөг багтаж байгаа. Нэхэмжлэгч нь ажил хийсэн багийн ахлагч гэдэг боловч хэдэн хүн яаж ажилласан нь тодорхойгүй. Солонгос иргэдтэй байгуулсан гэрээ байхгүй. Шаардах эрх байгаа эсэх нь эргэлзээтэй. Өөрөө хохирсон гэдэг боловч нэг ч ажил өөрөө гардаж хийгээгүй хүн ажиллуулсан л гээд байгаа. Яаж хохирсон гэдэг нь тодорхойгүй. Өөрөө хүмүүст цалин өгсөн эсэх нь тодорхойгүй. 2014.2.24 баталгаа болгох гэсэн бичиг байдаг. Энэ бичгээр л нэхээд байдаг. Энэ бичгээр хэлсэн давхар нэхэмжлэлд дурдсан давхар мөн зөрдөг. Энэ нь *******тэй байгуулсан гэрээнд энэ давхарууд байгаа. Бичигт нэхэмжлээд байгаа ганц л 7 давхар нь байгаа. Энэ бичгийг хийж өгөхдөө *******ийн туслан гүйцэтгэгч гэж ойлгоод Ут гэж бичгээ хийж өгсөн байгаа. Нэхэмжлэлд дурдсан ажлыг хийсэн гэсэн баримт байхгүй. Бид *******тэй гэрээ хийж төлбөр төлсөн тул нэхэмжлэгч нь *******тэй л учраа олох хэрэгтэй. Мөн У ******* хоёрын гэрээ байдаг. Үүгээр шаврын ажил дээр ингэж ажиллана гэсэн байдаг. Энэ гэрээг гараар бичсэн байдаг ба төлбөрөө авсан гэж ойлгож байгаа. Гэтэл одоо нэг ч мөнгө аваагүй гэдэг. У нь туслан гүйцэтгэгчээр орж ирсэн нь баримтаар тогтоогддог. Үүгээр *******ээс л нэхэмжлэх ёстой гэв.

Хариуцагч И ХХК-ний төлөөлөгч С.Х-ны өмгөөлөгч Б.Д нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бүхэлд нь зөвшөөрөхгүй. Учир нь И нь хариуцагч биш. Компани нь *******тэй л гэрээ байгуулсан. Энэ гэрээнд гүйцэтгэх ажлыг зааж өгсөн. Энд бүхэлдээ шаврын ажил орсон байгаа. Нэхэмжлэгчтэй ямар нэг гэрээ хэлцэл байгуулаагүй. 2014 оны 3 сард Г-тэй байгуулсан гэрээг цуцалсан. Өөр этгээдтэй дахин гэрээ байгуулж ажлаа гүйцэтгүүлсэн. Г нь ажлаа хийгээгүй тул гэрээг цуцалж өөр хүнтэй хийсэн. *******т урьдчилгаа болон нийт 37 сая төгрөг төлсөн. Энд нэхэмжлэгчийн нэхээд байгаа мөнгө орсон гэж ойлгож байна гэв.

Хавтаст хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ө.У нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 9,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч И ХХК нь нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй, иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй, нэхэмжлэгч нь гуравдагч этгээдийн туслан гүйцэтгэгчээр ажилласан тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч нь 2014 оны 06 дугаар сарын 09-ны өдөр хариуцагч О.Ад холбогдуулан нэхэмжлэл гаргаснаар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 9525 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэж, О.А-г хариуцагчаар татсан байна. Улмаар нэхэмжлэгч нь 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хариуцагчийг тодорхойлохдоо дутуу бичсэн гэх үндэслэлээр ******* ХХК-ийг хариуцагчаар татах хүсэлт гаргасны дагуу шүүгчийн 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 18933 дугаар захирамжаар ******* ХХК-ийг хариуцагчаар татсан байна. Энд нэхэмжлэгч нь хариуцагч О.Агээс татгалзах тухай хүсэлт гаргаагүйн улмаас О.Ад холбогдох хэргийг шийдээгүй орхисон тул уг хэргийг О.А, ******* ХХК гэсэн 2 хариуцагчтай гэж үзэхээр байна. Цаашлаад нэхэмжлэгч нь 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр хариуцагч ******* ХХК-ийг И ХХК-иар солих тухай хүсэлт гаргаснаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01308 дугаар захирамжаар хариуцагч О.А, ******* ХХК нарыг хариуцагч О.А, И ХХК нар болгон сольжээ. Ийнхүү хариуцагчийг сольсон боловч хариуцагч О.А нь 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, эрх үүрэгтэй танилцсан, хариуцагч ******* ХХК-ний төлөөлөгч Л.Содбаяр нь 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, эрх үүрэгтэй танилцсан байна. Улмаар 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ******* ХХК-ний бланкаар И ХХК-ний тэмдэг дарж хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. Иймд хариуцагч О.А, И ХХК нарт нэхэмжлэлийн хувийг гардуулсан, хариу тайлбар ирүүлсэн байх тул нэхэмжлэлийг дахин гардуулах шаардлагагүй гэж үзлээ. Үүний дараа нэхэмжлэгч Ө.У нь 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч О.Агээс татгалзах тухай хүсэлт гаргаж, бичгээр өгсөн тул О.Ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иймд шүүх И ХХК-д холболдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 9,750,000 төгрөг гаргуулах тухай Ө.Уийн нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ө.У нь өөрийн багийн хамт хариуцагчийн барьсан Хан-Уул дүүрэг, Голден Вилл хотхоны ******* дүгээр байрны 1 дүгээр орцонд ажил гүйцэтгэсэн гэдэгт зохигч хэн аль нь маргаагүй байна. Харин хариуцагч нь иргэн Ж.Г-тэй энэ ажлын талаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд нэхэмжлэгч Ө.У нь туслан гүйцэтгэгчээр ажилласан тул манай компанитай гэрээ байгуулаагүй, ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсээгүй гэж маргасан. Гэвч хариуцагч нь өөрийн тайлбарыг нотлож чадаагүй. Учир нь хариуцагч нь хавтаст хэргийн 47-51 дүгээр талд байгаа заслын ажил гүйцэтгэх гэрээг Ж.*******тэй байгуулсан бөгөөд нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажил үүнд хамаарна гэж тайлбарласан нь нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл энэхүү гэрээг И ХХК нь хэнтэй байгуулсан нь тодорхойгүй бөгөөд гэрээнд заасан ажилд нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажил хамаарч байгаа гэх тайлбараа хариуцагч нотолж чадаагүй, холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Нэхэмжлэгч нь Ж.Г зуучилсанаар И ХХК-ний захирал О.Атэй ажил гүйцэтгэх гэрээг амаар байгуулсан, Ж.Г-ийн хийсэн ажлаас тусдаа ажил байсан гэж тайлбарласан бөгөөд энэ нь 2016 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр Ж.*******ийг гэрчээр асуусан тэмдэглэл /хавтаст хэргийн 122-124 дүгээр тал/, Зайсан голден вилл орон сууцны хотхоны *******-р байрны заслыг гүйцэтгэж шаврын бригадын ахлагч Ө.Ут 2014 оны 02 дугаар сарын 24-ны өдөр ерөнхий захирал О.А гарын үсэг зурж, И ХХК-ний тэмдэг дарж олгосон баталгаа өгөх тухай тоотоор /хавтаст хэргийн 3 дугаар тал/ тус тус нотлогдож байна. Үүнээс зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, улмаар хариуцагч нь ажлын хөлс төлөх үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн ажлыг нэхэмжлэгч Ө.У-ээр ахлуулсан баг гүйцэтгэсэн бөгөөд багийн гишүүд нь нэхэмжлэгчийн туслан гүйцэтгэгч хэлбэрээр ажиллаж, ажлын хөлсөө нэхэмжлэгч Ө.У-ээс бүрэн авсан болох нь гэрч Ким Кёон Гилийн мэдүүлгээр тогтоогдсон. Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу шаврын ажил гүйцэтгэх үүрэг хүлээсэн байх тул уг ажлыг хэнээр гүйцэтгүүлсэнээс үл хамаарч ажлын хөлсийг шаардах эрхтэй гэж үзлээ. Учир нь уг заслын багийн гишүүд нь хамтран нийлж ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд ороогүй зөвхөн нэхэмжлэгчийн хүлээсэн үүргийг нэхэмжлэгчтэй тохиролцож, туслан гүйцэтгэгчийн дагуу гүйцэтгэсэн байна.

Хэдийгээр зохигчид бичгэн хэлбэрээр гэрээ байгуулж ажлын хөлсийг тохиролцоогүй боловч хавтаст хэргийн 2 дугаар талд байх И ХХК-ийг төлөөлж О.******* 2014 оны 02 дугаар сарын 14-ны үйлдсэн баримтаар ажлын хөлсийг 1 мкв тутамд 6,500 төгрөг гэж тохиролцсон гэж үзлээ. Учир нь бичиг үйлдсэн О.******* нь хариуцагчийн захирал О.Агийн төрсөн дүү бөгөөд менежерээр ажиллаж байсан болох нь хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан тайлбар /хэргийн 45 дугаар тал/-р тогтоогдож байна. Мөн энэхүү баримтыг О.******* үйлдсэн эсэх талаар маргаагүй ба дээрх тайлбараар О.******* үйлдсэн болохыг хариуцагч зөвшөөрсөн байна.

Улмаар нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу 1,500 мкв талбайд шаврын ажил гүйцэтгэсэн болох нь 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчийн хийсэн мкв маргаж байгаа юу гэсэн асуултад маргаагүй ба төлбөрийн талаар маргаж байгаа гэх тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 136-145 дугаар тал/ Мөн ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгч нь ажлаа гүйцэтгэсэн, хариуцагч нь ажлын хөлс төлөхөөр тохиролцсон болох нь 2014 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн баталгаа өгөх тухай тоотоор тогтоогдож байна. /хэргийн 3 дугаар тал/

Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл зохигдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, 1 мкв талбайг 6,500 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцож, нэхэмжлэгч буюу гүйцэтгэгч нь 1,500 мкв талбайд ажил гүйцэтгэсэн нь тогтоогдож байх тул хариуцагчаас 9,750,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч И ХХК-иас 9,750,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ө.Ут олгосугай.

 

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Ө.У-ийн хариуцагч О.А-д холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, хариуцагч О.А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 170,925 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 170,925 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

4.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД