Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2018/01675

 

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2018/01675

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Ө нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х.Ш

Хариуцагч П.Д нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 91,500,000 төгрөгийг хариуцагч нараас, хариуцагч Х.Шаас 15,000,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Шын нэхэмжлэгч Б.Өтай 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хариуцагч П.Дын 17,200,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Өшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээгээр Х.Ш надтай тохиролцож зээлийн гэрээ байгуулсан, уг гэрээгээр 60.000.000 төгрөгийг 5 сарын хугацаатай 1 сарын 5 хувийн хүүтэй зээлж, 8 дугаар сарын 26-ны өдөр барьцаанд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо ...... тоот хаягт байршилтай 687 м/кв газрыг барьцаалж барьцааны гэрээг байгуулсан. 2013 оны 07 дугаар сарын 01-ны өдөр Х.Ш нь надтай утсаар яриад “...надад өнгө хэрэгтэй байна, чамаас зээлье...” гэж хэлсэн. Тэгээд бид хоорондоо ярилцаад 2013 ны 07 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, мөнгө өгч авах тухай ярихад Ш нь “...би эхнэртэйгээ хөдөө наадамд явж байна, өөрийн найз П.Дг уулъя түүнд мөнгөө өгчих гэж хэлэхэд би П.Дт мөнгө өгөхгүй, ямар ч барьцаа юм чинь...” гэж хэлэхэд Х.Ш нь “...П.Д түр өөрийнхөө өмчлөлийн Баянгол дүүрэгт байрлах 2 өрөө орон сууцаа намайг иртэл түр барьцаанд тавьчихаг, худалдаж авах газрын гэрчилгээ гартал барьцаанд тавьчихаг тэгээд намайг төлөөлж миний авга эгч Я.Л П.Дтай хамт очно...” гэж хэлсэн.

Тэгж хэлсний дагуу П.Дт 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 15.000.000 төгрөг, 19-ний өдөр 45.000.000 төгрөгийг өгсөн. Х.Ш 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр надтай уулзаж 60.000.000 төгрөгийн зээлийн гэрээг барьцааны гэрээтэй хийсэн. Х.Ш нь дээрх зээлсэн мөнгөнийхөө зөвхөн хүүг төлж байсан, үндсэн төлбөр 60.000.000 төгрөгийг төлөөгүй. Түүний хүсэлтээр дээрх зээлийн гэрээг удаа дараа сунгаж байсан.

Иймд Х.Шаас 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөр болох 60.000.000 төгрөг, зээлийн хүүнд 3.000.000 төгрөг, алданги 28.500.000 төгрөг, нийт 91.500.000 /ерэн нэгэн сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулна.

2015 оны 02 дугаар сарьт 11-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний тухайд: Х.Ш нь 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр надтай харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан бөгөөд уг зээлийн гэрээгээр 10.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд гэрээнд үүрэг гүйцэтгээгүй бол 0.5 хувиар алданги тооцохоор гэрээ байгуулсан. Уг гэрээг Х.Шын хүсэлтээр 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл нийт 7 сарын хугацаагаар сунгасан боловч Х.Ш энэхүү зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээсээ төлөлт хийлгүй өнөөдрийг хүрлээ.

Иймд Х.Шаас 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөр болох 10.000.000 төгрөг, алданги 5.000.000 төгрөг, нийт 15.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Ш шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Өтай 2013 оны 7 сарын 18 ны өдөр гэрээ байгуулаагүй бөгөөд 2013 оны 8 сарын 26-ны өдөр гэрээ байгуулсан боловч гэрээ байгуулсны дараа мөнгөө өгөлгүй иргэн Дын зээлийг намайг төл гээд мөнгө өгөөгүй. Би Өтай наадамд явж байна, Дтай гэрээ хий гэж хэлээгүй. Тэр үед би хотод байсан. Өыг мөнгө өгөхгүй байхаар нь гэрээ цуцалж хүчингүй болгох хүсэлт тавихад хүлээж аваагүй. Тэгээд өөр газраас зээл авсан. Гэхдээ Д бид хоёр хамтраад ажиллаж байсан учраас би түүний өмнөөс Б.Өд төлөх ёстой мөнгийг бүрэн төлсөн. Мөн илүү төлсөн байгаа. Өнөрбаянд ямар нэг өгөх өр байхгүй. Барьцааг Б.Өд мэдэгдэхгүй чөлөөлүүлсэн нь намайг П.Дын зэлийг төл гээд байсан учраас би мэдэгдэхгүй чөлөөлүүлсэн юм. 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдөр би мөнгө хүлээж аваагүй. П.Д авсан нь батлагдсан. Гэрээ хий гэсэн шаардлага тавьж гэрээ хийлгээгүй. Мөнгө зээлье гэсэн ч үл хөдлөхөөр орсны дараа мөнгө өгөөгүй. Тухайн үед мөнгөний хэрэг байсан. Харин ч өдий хүртэл дарамтлуулж, далайсан газар нь гарч явсан. Нийт 137 сая төгрөгийг өгсөн байгаа. П.Двын зээлэнд 81 сая, өөрийн зээлэнд 60 гаруй сая төгрөг өгсөн. Банкинд Х.Ш гэж бичүүлээд төлбөр хийж байсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаагаар би П.Дын зээлийг төлье гэсэн зүйл байхгүй. Өгсөн мөнгөний тухай 81 сая төгрөгийг зохиож гаргаж ирээгүй. 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл өгч байсан. 2015 оны 12 дугаар сарын 30-ны 3 сая төгрөгийг оруулаад нэхсэн байдаг. Би 27 сарын хугацаанд мөнгийг нь тасралгүй төлж байсан. 2013 оны 08 дугаар сарын 26-нд хийсэн гэрээний төлбөрт 60 сая төгрөгийг би аваагүй гэв.

Харин 2015 оны 10,000,000 төгрөгийн зээлийг төлөөгүй байгаа учраас зөвшөөрнө, алдангийг нь зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч П.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Өтай 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг харилцан тохиролцож 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гэрээний үүргийг дуусгавар болгосон ба уг гэрээний үндсэн төлбөрийг цувуулан дансаар болон бэлнээр 81,000,000 төгрөг төлж барагдуулсан. 60,000,000 төгрөгийн зээлийг би өөрөө авсан, буцаан төлөхөд Х.Ш, бид хоёр хамтран ажиллаж байсан, санхүүгээ барьж байсан учраас миний өмнөөс төлөлтийг хийж байсан. Одоо бидний хооронд уг гэрээний үүрэгтэй холбоотой ямар нэг төлбөр тооцоо байхгүй болно. Миний хувьд 60 сая төгрөгийн гэрээг нотариат дээр хуулийн дагуу хийсэн. Зээлийн гэрээг дуусгахдаа амаар тохиролцоод эцэслэн шийдсэн. Бид хоёрын хооронд мөнгө нэхэх зүйл байхгүй. Нийт 81 сая төгрөг төлсөн. Сар бүр гэрт нь, ажил дээр нь, захын арын дэлгүүрт нь мөнгө өгч байсан. Бэлэн авч байсан мөнгөний талаар дурдахгүй байна. Нэхэмжлэгч тал луйвар хийж байна гэсэн. Зээлсэн нь үнэн, харин луйвардсан зүйл байхгүй. 81 сая төгрөгийг төлсөн гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин ч 17,200,000 төгрөгийн илүү төлсөн байгаа. Өд очиж бэлэн мөнгө төлөхдөө гарын үсэг аваагүй нь буруу байна. Авсан гэдгээ өөрөө хэлсэн байгаа гэв.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.  гэжээ. 

Хариуцагч П.Д шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: П.Д миний бие мөнгөний шаардлага гарч буюу “Эрэл банк”-ны барьцаанд байсан орон сууцаа чөлөөлүүлэхээр Б.Өтай 2013 оны 07 сарын 18-ны өдөр 60 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Энэ зээлийн гэрээг бид харилцан тохиролцож 2013 оны 08 сарын 26-ны өдөр барьцаат зээлийн гэрээний үүргийг зоихих ёсоор гүйцэтгэсэн тул иргэний хуулийн 236-р зүйлийг үндэслэн дуусгавар болсон тухай гэрээг үйлдэж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан. Харин П.Д би уг гэрээний үндсэн төлбөрт Б.Өд 2013 оны 07 сарын 18-наас 2015 оны 11 сарын 30-н хүртэл нийт 27 сарын хугацаанд 81,000,000 төгрөг төлж барагдуулсан. Б.Өнь 60 сая төгрөгийн төлбөрт нийт 81 сая төгрөгийг цувуулан хүлээн авснаа өөрөө шүүх хурал дээр хүлээн зөвшөөрсөн нь шүүх хурлын тэмдэглэлд байгаа. Нийт төлсөн 81 сая төгөрөгөөс 2013 оны 07 сарын 18-ны өдрөөс 2013 оны 08 сарын 26-ны өдөр хүртэлх нэг cap найман хоногийн хүү 3,800.000 төгрөг, зээлийн гэрээний үндсэн төлбөр болох 60 сая төгрөг нийт 63,800.000 төгрөг хасагдаж тооцогдоод 17,200.000 төгрөг илүү төлсөн тул Б.Өгаас гаргуулж гэв.

Нэхэмжлэгч Б.Өсөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: П.Дын сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Учир нь П.Д 2013 оны 7 дүгаар сарын 18-ны өдөр байгуулсан 60 сая төгрөгийн зээлийн гэрээний дагуу 81 сая төгрөгийг П.Д төлж байгаагүй, түүнд оролцдоггүй байсан тухай шүүхэд гэрчээр болон цагдаагийн газар өгсөн мэдүүлэгтээ мэдүүлдэг. Нэхэмжлэлд бичсэн шиг 2016 оны 7 сарын 05-ны өдрийн шүүх хүралдааны тэмдэглэлд 81 сая төгрөгийн талаар 2017 оны 10 дугаар сард болсон шүүх хуралдаанд тодорхой хэлсэн нь техникийн алдаа байна, 81 сая төгрөгийг Б.Ш төлөөгүй талаар тодорхой хэлсэн байдаг. Өөр тодорхой дэлгэрэнгүй тайлбарыг шүүх хуралдаанд хэлэлцүүлж оролцоно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Гаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний тухайд ярилцан тохиролцож гэрээ байгуулсан. 5 сарын хугацаатай, 1 сарын 5 хувийн хүүтэй, Баянзүрх дүүрэгт байршилтай газрыг барьцаалан гэрээ байгуулсан. Надад мөнгө хэрэгтэй байна чамаас зээлье гэсэн. Х.Ш хөдөө явж байна П.Дт мөнгө өгчих гэсэн. Тухайн өдөр нь 15 сая төгрөгийг, маргааш нь 45 сая төгрөгийг тус тус өгсөн. Ингээд 60 саяын гэрээ байгуулсан. П.Д байрыг суллаж, Х.Ш өөрийн газрыг барьцаалан гэрээ байгуулсан. 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээлэнд 60 сая төгрөг, хүү 3 сая, алданги 28,500,000 төгрөг гаргуулах үндэслэлтэй. 2 дахь гэрээ нь 10 сая төгрөгийн гэрээ байгаа. Нэг сарын хугацаатай 5 хувийн хүүтэй, алданги нь 0,5 хувь юм. П.Д 15 сая төгрөг болон 45 сая төгрөгөөр зээлж авсан нь үнэн. П.Дын хийсэн зээлийн гэрээний нөхцөлийн дагуу гэрээ хийж гарын үсэг зурсан байгаа. .......гэсэн бүртгэлийн дугаартай газрыг барьцаалсан. Улсын бүртгэлд бүртгүүлээд тус тусад нь барьцааг бүртгүүлсэн. Цаашаа үргэлжлүүлээд 60 сая төгрөг дээрээ 4 удаа гэрээг сунгасан. 10 сая төгрөгийн гэрээнд Х.Ш өөрөө гарын үсэг зурж 2 удаа сунгасан. Гэрээний хувьд хамтран зээл авсан хүнийхээ хүсэл зоригийн илэрхийллийг өөрөө авъя гэсэн тул нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй гэж үзсэн гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ө, хариуцагч Х.Ш, П.Д нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 91,500,000 төгрөгийг хариуцагч нараас, хариуцагч Х.Шаас 15,000,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Шын нэхэмжлэгч Б.Өтай 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хариуцагч П.Двын 17,200,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Хариуцагч Х.Ш нэхэмжлэгчээс мөнгө зээлээгүй гэж, хариуцагч П.Д зээлийг бүрэн төлсөн гэж, нэхэмжлэгч Б.Өхариуцагч нартай зээлийн гэрээ байгуулсан, хариуцагч П.Д мөнгө төлөх үндэслэлгүй гэж тус тус үндсэн болон сөрөг нэхэмжлэлээс татгалзжээ.

Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Үндсэн нэхэмжлэлийн тухайд

Нэг. Нэхэмжлэгч Б.Ө, хариуцагч Х.Штай 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 60,000,000 төгрөгийн, 2015 оны 02 дугаар сарын 11-ны өдөр 10,000,000 төгрөгийн, хариуцагч П.Д 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 60,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээг тус тус байгуулжээ. /хавтаст хэргийн 6-14, 219-221 дэх тал/

Дээрх зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Х.Ш, П.Днараас 91,500,000 төгрөгийг, хариуцагч Х.Шаас 15,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Х.Ш надаас мөнгө зээлэхээр болж өөрөө хөдөө байна гэсэн тул түүний өмнөөс П.Дтай гэрээ байгуулж 60,000,000 төгрөг өгсөн, зээлийг П.Дт биш Х.Шт өгсөн гэж, мөнгийг П.Д хүлээж авсан тул хамтран хариуцна гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч Б.Ө, хариуцагч П.Днар 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 60,000,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч 07 дугаар сарын 18-нд 15,000,000 төгрөгийг, 19-нд 45,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь мөнгө хүлээлцсэн баримтаар тогтоогдож, зохигч энэ талаар маргаагүй байна. /хэргийн 19 дэх тал/ Тус 60,000,000 төгрөгийг хариуцагч П.Д, хариуцагч Х.Шт шилжүүлж өгсөн, хариуцагч П.Даар дамжуулан хариуцагч Х.Шт зээлдүүлсэн талаар нэхэмжлэгч тал шүүх, шүүх хуралдаанд тайлбарлаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлоогүй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасанчлан нэхэмжлэгч Б.Ө, хариуцагч Х.Ш нарын хооронд 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч 60,000,000 төгрөг шилжүүлсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдоогүй.

Мөн хуулийн 284 дүгээр зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан нь нэхэмжлэгч Б.Ө, хариуцагч Х.Ш нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх талаар маргасан тохиолдолд “мөнгө шилжүүлэн өгсөн”-өөр зээлийн гэрээний харилцаа үүссэнийг нотлох нотолгооны агуулга бүхий зохицуулалт бөгөөд нэхэмжлэгчээс хариуцагч П.Д2013 оны 07 дугаар сарын 18, 19-ны өдрүүдэд шилжүүлэн авсан 60,000,000 төгрөгийг өөрөө захиран зарцуулахаар зээлсэн, хариуцагч Х.Шт өгөөгүй гэж, хариуцагч Х.Ш тус 60,000,000 төгрөгийг хариуцагч П.Даас шилжүүлж аваагүй талаар тайлбарласныг нэхэмжлэгч няцаагаагүй, мөн энэ талаархи баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Нэхэмжлэгч Б.Ө, хариуцагч Х.Ш нарын хооронд 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 60,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан боловч талууд гэрээг бодитой хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлж, хариуцагчид мөнгөн хөрөнгө шилжүүлээгүй гэж үзэх тул тус гэрээ нь хуульд заасан үүргийг үүсгэхгүй. Иймд хариуцагч Х.Шаас 91,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Шын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хоёр. Нэхэмжлэгч Б.Өгийн хариуцагч П.Дтай 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу хариуцагч П.Д60,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн, мөнгийг шилжүүлж авсан талаар маргахгүй боловч зээлийг хүүгийн хамт бүрэн төлсөн, талууд 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр барьцааг дуусгавар болгосон тул зээлийн гэрээний үүрэг дууссан гэж нэхэмжлэлээс татгалзжээ. Нэхэмжлэгч Б.Ө, хариуцагч П.Днарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.2-т зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй. /хэргийн 221 дэх тал/

Хариуцагч П.Дшүүх хуралдаанд барьцааг дуусгавар болгоод зээлийг үргэлжлүүлэн төлж дуусгасан тухай тайлбарласан ба талууд барьцааны үүргийг дуусгавар болгосноор үндсэн үүргийг дуусгавар болсонд тооцох үндэслэл болохгүй. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.2-т “Барьцааны эрх үүссэнээр тухайн этгээд үүргийн гүйцэтгэлийг шаардах давуу эрх эдэлнэ” гэж зааснаар зээлийн гэрээний үүрэгт барьцааны эрх үүссэнээр үүргийг хангуулах баталгаа, давуу байдлыг бий болгох учир энэхүү нэмэлт үүрэг дуусгавар болсноос үл хамааран үндсэн буюу зээлийн гэрээний үүргээ хариуцагч П.Дгүйцэтгэх үүрэгтэй. /хэргийн 108 дахь тал/

Хэргийн 56-67, 95-96 дахь талд авагдсан бичгийн баримтаар, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч П.Днэхэмжлэгчид 81,000,000 төгрөгийг 2013 оны 07 дугаар сарын 19-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хооронд төлсөн гэж үзэхээр байна.

Тус шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 31725 дугаартай захирамжаар Б.Өгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Шт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 106,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Өөөрийн биеэр оролцсон шүүх хуралдааны тэмдэглэлд /120 дахь тал/ “хариуцагчийн төлөөлөгчийн “27 сарыг 3 сая төгрөгөөр үржүүлэхэд 81 сая төгрөг авсан уу” гэхэд нэхэмжлэгч “тийм” гэж, /121 дэх тал/ нэхэмжлэгч “60 сая төгрөгийн зээлэнд 81 сая төгрөг төлсөн” гэж тус тус хариулжээ. /хэргийн 17-18, 116-122 дахь тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д “Зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх ... үүрэгтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д “шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах” үүрэг хүлээсэн, өөрөөр хэлбэл хэргийн оролцогч бүгд шүүхэд бодит байдлын талаархи үнэн зөв тайлбарыг гаргах үүрэг хүлээдэг.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч зээлийн гэрээний үүрэгт 81,000,000 төгрөг төлсөн болохыг анх удаа нэхэмжлэгч өөрөө шүүх хуралдаанд мэдүүлснийг хариуцагч нар маргаагүй байна.

Нэхэмжлэгч 60,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Х.Шаас 27 сарын хүүнд тооцон 81,000,000 төгрөг авсан талаар тайлбарласан ч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчийн тайлбараар нэхэмжлэгч Б.Ө, хариуцагч Х.Ш нарын хооронд зээлийн гэрээний үүрэг бодитой бий болоогүй, харин хариуцагч П.Дтай зээлийн гэрээ байгуулж 60,000,0000 төгрөг зээлдүүлсэн болох нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйл, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хариуцагч Х.Ш зээлийн хүү төлсөн гэж үзэхгүй, хариуцагч П.Дзээл, зээлийн хүүнд дээрх мөнгийг нэхэмжлэгчид төлжээ.

Нэхэмжлэгч, хариуцагч Х.Штай 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сунгасан тул хүү тооцно гэж тайлбарласан ба дээрх үндэслэлээр, хариуцагч П.Дтай байгуулсан 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр дууссан, талууд гэрээг сунгаагүй тул нэхэмжлэгч дурдсан хугацааны хүүг шаардах эрхгүй юм. /хэргийн 7-11 дэх тал/

Иймд хариуцагч П.Д2013 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгчид төлбөл зохих 60,000,000 төгрөг, 6 сарын хүү 18,000,000 төгрөг, нийт 78,000,000 төгрөг төлөхөөс 81,000,000 төгрөг төлж 3,000,000 төгрөгийг илүү төлсөн байх тул 91,500,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцах үндэслэлтэй гэж П.Даас нэхэмжилсэн 91,500,000 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Гурав. Хариуцагч Х.Ш 2015 оны 02 дугаар сарын 11-ны өдөр 10,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, нэг сарын хугацаатайгаар нэхэмжлэгч Б.Өгаас зээлсэн талаар маргаагүй, гэрээг 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл сунгасан, хариуцагч 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг зөвшөөрч, алдангиас татгалзжээ. /хавтаст хэргийн 12-13 дахь тал/

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээний 2.7-д зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол алданги төлөхөөр заасан ба хариуцагч зээлийг төлөөгүй нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги төлөх үндэслэл болно. Нэхэмжлэгч зээлийн гэрээний хугацаа дууссан 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх 590 хоногийн алданги /50,000х590=29,500,000/ нь 29,500,000 төгрөг болсныг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцүүлэн 5,000,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй болжээ.

Иймд хариуцагч Х.Шаас 2015 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Өд олгож шийдвэрлэв.

Дөрөв. Сөрөг нэхэмжлэлийн тухайд

Хариуцагч Х.Ш 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, хариуцагч П.Дзээлийн гэрээний дагуу илүү төлөн 17,200,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар тус тус сөрөг нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлүүдээс бүхэлд нь татгалзсан бөгөөд шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Ө, хариуцагч Х.Ш нарын хооронд 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Өгаас 3,000,000 төгрөг гаргуулж хариуцагч П.Дт олгохоор шийдвэрлэв.

а). Нэхэмжлэгч Б.Ө2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгчийн үүргээ биелүүлж хариуцагч Х.Шт 60,000,000 төгрөгийг зээлдүүлсэн болохоо баримтаар нотлоогүй, зохигчийн хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлийн гэрээний харилцаа бодитоор үүсээгүй болохыг дээр дүгнэсэн.

Нэхэмжлэгч Б.Ө, хариуцагч Х.Ш нар шүүхэд болон шүүх хуралдаанд зөрүүтэй тайлбар гаргаж талуудын хүсэл зоригийн илэрхийлж байгуулсан зээлийн гэрээний талаархи төсөөлөл өөр байсан гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Ө, хариуцагч Х.Ш нар зээлийн гэрээг бичгээр байгуулсан хэдий ч нэхэмжлэгч зээлийг бодитоор олгосон нь нотлогдохгүй, 2013 оны 07 дугаар сарын 18, 19-ны өдөр хариуцагч П.Дт шилжүүлсэн 60,000,000 төгрөг нь 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний дагуу олгосон гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа ч тус 60,000,000 төгрөгийг хариуцагч П.Дтай 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу түүнд шилжүүлсэн, хариуцагч П.Дтус зээлийг өөрөө авсан гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэсэн ба энэ нь нэхэмжлэгч Б.Ө, хариуцагч Х.Ш нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан эсэхийг тодорхойлоход мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар нэхэмжлэгч Б.Ө60,000,000 төгрөгийг хариуцагч Х.Шт шилжүүлсэн эсэх, хариуцагч Х.Ш тус мөнгийг хүлээн авсан эсэхээр тайлбарлагдана. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зохигчийн хооронд зээлийн гэрээний үүрэг үүсээгүй нь гэрээ байгуулагдаагүй гэж тооцогдох ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар тус гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэхээр байна.

б). Нэхэмжлэгч Б.Ө, хариуцагч Х.Штай 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдөр байгуулж, түүнд 60,000,000 төгрөг шилжүүлсэн жинхэнэ хүсэл зориг нь хариуцагч П.Дтай бус хариуцагч Х.Штай зээлийн гэрээний харилцаа, үүрэг үүсгэхийг хүссэн, тус мөнгийг хариуцагч П.Дөөрөө захиран зарцуулаагүй, хариуцагч Х.Ш захиран зарцуулсан болохыг шүүхэд баримтаар нотлоогүй байна.

Зохигч шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийн хариуцагч П.Дт шилжүүлсэн зээлийг хариуцагч Х.Ш, нэхэмжлэгчид буцаан төлж байсан гэж маргаж байх хэдий ч Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-д “Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно” гэж заасан тул хариуцагч П.Дын зээлийн гэрээний үүргийг түүний өмнөөс хариуцагч Х.Ш гүйцэтгэснээр түүнийг хариуцагч гэж үзэх үндэслэлгүй юм.

Хариуцагч П.Д2013 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчээс шилжүүлж авсан 60,000,000 төгрөгийг хүүгийн хамт 78,000,000 төгрөг төлөхөөс 81,000,000 төгрөг төлсөн болохыг, 3,000,000 төгрөг илүү төлснийг дүгнэсэн тул энэ үндэслэлээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зохигчийн хооронд нэхэмжлэгч Б.Өгаас 3,000,000 төгрөг гаргуулж хариуцагч П.Дт олгохоор шийдвэрлэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагдсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагын хүрээнд шүүх хуралдааныг нэг удаа шүүхийн санаачилгаар хойшлуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчийн тайлбарыг шинжлэн судлаад хариуцагч Х.Ш, П.Днараас 2013 оны 07 дугаар сарын 18, 08 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 91,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Шрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Х.Шаас 2015 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Өд, хариуцагч П.Дын нэхэмжлэгч Б.Өд илүү төлсөн 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулж хариуцагч П.Дт тус тус олгож, нэхэмжлэгч Б.Ө, хариуцагч Х.Ш нарын хооронд 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Х.Шаас 15,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Өд, нэхэмжлэгч Б.Өгаас 3,000,000 төгрөг гаргуулан хариуцагч П.Дт тус тус олгож, нэхэмжлэгч Б.Өгийн нэхэмжлэлээс хариуцагч Х.Ш, П.Днараас 91,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч П.Дын сөрөг нэхэмжлэлээс нэхэмжлэгч Б.Өгаас 14,200,000 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.            Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ө, хариуцагч Х.Ш нарын хооронд 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоосугай.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Өгийн төлсөн 690,450 төгрөг, хариуцагч Х.Шрын төлсөн 457,950 төгрөг, хариуцагч П.Дын төлсөн 243,950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч Б.Өгаас 457,950 төгрөг гаргуулж хариуцагч Х.Шт, 62,950 төгрөг гаргуулж хариуцагч П.Дт, хариуцагч Х.Шаас 232,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Өд тус тус олгосугай.

4.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.ЭНЭБИШ