Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2018/00472

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2018/00472

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д.Б 

 

Хариуцагч: Л.О 

 

Хариуцагч: Д.Н 

 

78 000 000 төгрөг гаргуулах тухай гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Г, хариуцагч Д.Н-гийн төлөөлөгч Г.Ж, хариуцагч Л.О-ын төлөөлөгч Ц.Х, иргэдийн төлөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БЗД-ийн Иргэний Хэргийн Анхан Шатны шүүхийн 2016.10.13 өдөр дугаар 101/Ш.А/2016/ 16196 шийдвэр, Нийслэлийн Иргэний Хэргийн Давж Заалдах Шатны Шүүхийн 2016.12.26 өдрийн дугаар 60 магадлал, Нийслэлийн СХД-ийн Прокурорын газрын 2017.08.31 өдрийн №682 хэлтсийн хариуг үндэслэн энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

 

Нэхэмжлэлийн шаардлага: СХД-ийн 17-р хороо нэгдүгээр хорооллын 34б байр 167 тоотод орших 2 өрөө орон сууцтай дүйцэх 68,000,000 (жаран найман сая) төгрөг, сэтгэл санааны хохиролд 10,000,000 (арван сая) төгрөг нийт 78,000000 (далан найман сая) төгрөг гаргуулах. Хариуцагч нараас хувь тэнцүүлж гаргуулж өгнө үү.

 

Нэхэмжлэлийн утга: Хуулийн дагуу шударга ажиллах ёстой нотариатч Л.О СХД- ын 17-р хороо 34б байр 167 тоотод орших 2 өрөө орон сууцыг миний зөвшөөрөлгүй Орон сууцны бэлэглэлийн гэрээ хийж надад асар их хэмжээний хохирол учруулсан. Дээрх гэрээний тухай мэдээллийг 2010 оны гуравдугаар сард Д.Н анх удаа надад мэдэгдсэн. 2006 оны есдүгээр сард зээл чөлөөлөгч Д.Н уулзаж, 2006.09.27 өдөр СХД-ийн 17-р хopoo 34б байр 167 тоотод орших 2 өрөө орон сууцыг Гүүл лайф ХЗХ-нд барьцаанаас 17,000,000 (арван долоон сая) төгрөгөөр Н.Д зээлээс чөлөөлсөн. 2007 оны нэгдүгээр сард Д.Н Би чиний хоёр байрыг зээлээс чөлөөлсөн болохоор нэг байраа суллаад өг гэж шаардахад 2007 оны хоёрдугаар сард буюу цагаан сарын өмнө дүү Д.Батцэцэг нэгдүгээр хорооллын хоёр өрөө орон сууцыг суллаж, түлрүүрийг нь Нд гардуулж өгсөн. Миний бие Д.Н-гээр хоёр байраа зээлээс чөлөөлүүлсэн учир зээлийн хүүний мөнгө удаа дараа өгч байсан. 2010 оны гуравдугаар сард ХӨСҮТ-ийн дарга Д.Нтэй уулзаад Би чамд 50,000,000 (тавин сая) төгрөг өгье. Чи ээжийн байрыг бүү оролд гэхэд 80,000,000 (наян сая) төгрөг өг би шүүгч нарт маш их мөнгө зарцуулсан гэж хэлэнгүүтээ нэгдүгээр хорооллын байрыг янзлахад бас их мөнгө зарцуулсан гэж Д.Н өөрөө надад хэлсэн. Миний бие нэгдүгээр хорооллын миний байрыг яасан юм бол хэмээн архив руу орж үзэхэд 2007.02.08 өдөр Н.Д, Д.Батцэнгэл нарын хооронд Орон сууц бэлэглэлийн гэрээ гэж хуурамч бичиг баримт үйлдэж намайг залилсныг мэдсэн. БЗД-ийн Иргэний Хэргийн Анхан Шатны шүүх хуралдааны танхимд Бээ чи бид хоёр нэг л удаа гэрээ хийсэн шүү дээ. Дахиж чамтай ямар ч гэрээ хийгээгүй шүү дээ гэж хэлж байсан учраас Н.Д холбогдолгүй. Д.Н Хуулийнхан миний атганд гэж басамжладаг. Шударга үнэн ялна гэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно.

 

О Н нараас байрны 68 сая төгрөг, сэтгэл санааны хохиролд 10 сая төгрөг, нийт 78 сая төгрөгийг хариуцагч нараас дундаас нь гаргуулна. Н бол зээл чөлөөлсөн хүн. 2 өрөө байрыг зээлээс чөлөөлсөн. Улмаар гэрээ хийсэн. Н нөлөөлөөд орон сууц худалдах худалдан авах гэрээ хийлгэсэн. Н нь Дыг дагуулж ирээд зээл чөлөөлсөн. Н өөрөө зээлээ надаар чөлөөлүүлчих гэсэн. 2006.10.5 нд зээлээс чөлөөлсөн. Энэ бүхнийг Н зохион байгуулсан. Н ятгасаар байгаад гарын үсэг зуруулсан. 2 байрыг зээлээс чөлөөлсөн гээд нэг байрыг суллаж өгөхийг шаардаад суллуулсан. Н-д түлхүүр өгсөн. Нд зээлийн хүү өгдөг байсан. Тэр үед итгээд бичиг хийлгэж аваагүй. Ийм зальтай гэдгийг нь мэдээгүй. Н байгаагүй бол ийм зүйл болохгүй байсан. Би бэлэглэлийн гэрээний талаар мэдэхгүй байсан. Н нь шүүгч нартай хуувилдаж ээжийн маань 2 өрөө байрыг дээрэмдэж авсан. Н ээжийн 3 өрөө байрыг дээрэмдэж аваагүй бол би энэ бэлэглэлийн гэрээний талаар ярихгүй байсан. Би ээжийн байраар битгий оролд 50 саяыг өгье гэхэд 80 саяыг өг гэсэн. Тэгэхдээ би шүүгч нарт их мөнгө зарцуулсан гэсэн. Тэгээд би шалгаад үзэхэд нотариатч О-тай нийлж бэлэглэлийн гэрээгээр намайг залилсан байсан. Би олон янзаар тэмцсэн. Би эрүүл мэндээрээ хохирч байгаа. Н нь хуулийн байгууллагатай хамтарч луйвар хийсэн. Н нөлөөлөөд энэ бүхнийг хийсэн. Нэр төрд халддаг гэсэн боловч нэгч удаа өргөдөл гаргаж байгаагүй. Намайг дандаа ингэдэг гэлээ. Тийм би тэмцдэг гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүчин төгөлдөр шийдвэр магадлалаар бэлэглэлийн гэрээ хүчингүй болсон. Бэлэглэлийн гэрээгээр Дт шилжээд олон дамжчихсан. Иймд гэм хор учруулсан хүнээс нэхэж байгаа. Иргэний хуулийн 109-р нотариатч гэрчлэх ёстой. Нотариатч гэрчлээгүй бол хохирол учрахгүй байсан. Бэлэглэлийн гэрээг жолооны үнэмлэх үндэслээд хийсэн. Өмнөх гэрээнээс хуулбарлаж хийсэн гэдэг нь тогтоогдсон. Нотариатын үйлдэл өөрөө хууль бус болсон. Иргэний үнэмлэхийг шалгаагүй. Нотариатын тухай хуулийн 32-т зааснаар үйлдэл хийхээс татгалзаж болох байсан. Зээл болон барьцааны гэрээг халхавчилсан бэлэглэлийн гэрээ байсан. Нотариат үйлдэл хийх журмаа зөрчиж хийсэн. Журмын 4.1-г зөрчсөн. Бэлэглэлийн гэрээг гэрчлэх үед нэхэмжлэгч Б нь байгаагүй. Иймд энэ хүний үйлдэлээс болоод гэм хор учирсан. Нгийн хувьд Д гээд бэлэглэлээр байрыг авсан хүн нь Нгийн дагуулж ирсэн хүн. Н нь энийг зохион байгуулсан. Хариуцагчийн төлөөлөгч Жанчив нь эрх зүйн чадамжтай хүмүүс гэрээ хийсэн гэлээ. Эхлээд гэрээ байгуулаад дараа цуцалсан. Өнөөдөр ярьж байгаа гэрээ нь 2007 оны бэлэглэлийн гэрээ. Энд Б болон Д нэр нотариат дээр очоогүй. Энэ гэрээ байгуулагдаагүй гэдгийг өөр хуралд нотлогдсон байдаг гэв.

 

Хариуцагч Д.Н нь шүүхэд гаргасан тайлбартаа: Тус дүүргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан Д.Бийн нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч энэхүү хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь 2007 оны 02 дугаар сарын 08-ны өдөр намайг бэлэглэлийн гэрээг хуурамчаар үйлдэж түүнийг залилсан мэт үндэслэлгүй нэхэмжлэлийг гаргасан байна. Д.Н миний бие нэхэмлэгч Д.Бийг залилан мэхэлсэн, түүний өмчлөлийн байрыг хуурамч бичиг баримт ашиглаж шилжүүлэн авч түүнийг хохироосон зүйл байхгүй юм. Гэтэл Д.Б нь миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд удаа олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр халдаж намайг залилан мэхлэгч, луйварчин мэтээр зарлаж байгаад миний бие гомдолтой байгаа болно. Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж Д.Б-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Н-гийн төлөөлөгч Г.Ж нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч О-ын төлөөлөгч нь бүрэлдэхүүнээс татгалзлаа. Процесс зөрчигдөж байна. Татгалзах үндэслэл бий болсон үед татгалзаж болно. Анх хувь тэнцүүлэн гаргуулна гэснээ одоо дундаас нь гэж байна. Шаардлага нь тодорхойгүй байна. Н нь 68 саяын хохирлыг хэрхэн учруулсан нь тодорхойгүй. Н огт оролцоогүй. Хэлцэл байгуулагдсан байна. О гэрчилсэн. Б Д нар гэрээ хийсэн. Зээл чөлөөлж тус болсон. Зээл чөлөөлсөнөөр хохироогоогүй. Зээл чөлөөлсөнөөр мөнгө авсан гэж үзэхээр байна. Гэтэл эргээд мөнгө төлсөн үү гэдэг асуудал гарч байна. Зээлээ төлөөгүй тул байрыг нь авчихсанаас болоод хохирол яагаад учрах вэ. Энэ асуудал эрүүгээр хүртэл шалгагдсан. Н нь нэхэмжлэгчийг залилсан зүйл байхгүй. 2006 онд халдварт өвчин судлалын төв байгуулагдаагүй байсан. Иймд албан тушаал ашигласан зүйл байхгүй. Нэхэмжлэгч нь өөрөө гарын үсэг зурсанаа хэлээд байдаг. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Н Б нарын хувийн харьцааг мэдэхгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэлж байна. 2 гэрээний асуудал байдаг. 2006 онд Бээс Н нь авлагаа авсан байдаг. Даас зээлсэн мөнгийг нь авлагадаа аваад болсон. Үүнээс хойш юу болсоныг мэдэхгүй. 2007 оны бэлэглэлийн гэрээг хэн хийсэн, Н оролцсон эсэх нь чухал. Энэ гэрээнд Н огт оролцоогүй. Ээжийн байр гэж байна. Энэ асуудал 3 шатны шүүхээр шийдэгдээд дууссан. 3 өрөө байрны асуудалд Алимаа гэж хүн нэхэмжлээд албадан чөлөөлсөн байдаг гэв.

 

Хариуцагч Л.О нь шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Д.Б-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Худалдан авагч Д.Н, худалдагч Д.Б нар нь анх нотариатын газарт орж ирэн нэхэмжлэлд дурьдсан орон сууцыг худалдах гэрээ байгуулсан. /Жич: энэхүү гэрээг архиваас шүүн нотлох баримтаар шүүхэд гаргаж өгөх болно/. Хэд хоногийн дараа Д.Н, Д.Б, Н.Д нар орж ирэн Д.Б нь Н.Дт уг орон сууцыг бэлэглэхээр орон сууц бэлэглэлийн гэрээ байгуулъя гэсэн. Энэ үед нотариат миний бие өмнөх орон сууц худалдах гэрээ хүчин төгөлдөр байхад дахин бэлэглэлийн гэрээ хийхгүй гэж хэлсэн. Гэтэл энэхүү гэрээг цуцалж байна гэж худалдан авагч Д.Н, худалдагч Д.Б нар бичиж өгөөд, Д.Б нь Н.Дт уг орон сууцаа бэлэглэсэн. Энэ үед миний бие Иргэний хуулийн 280 дугаар зүйл заалтыг тайлбарлаж өгсөн. Энэ үед Д.Б иргэний үнэмлэхгүй, жолооны үнэмлэхтэй явж байсан. Жолооны үнэмлэхээр гэрээ хийхгүй гэхэд хэд хоногийн өмнө гэрээ хийлгэсэн иргэний үнэмлэхний хуулбарыг гэрээнээс аваад гэрээ хийлгье гэсэн. Иймд миний бие уг орон сууц бэлэглэлийн гэрээнд жолооны үнэмлэх болон иргэний үнэмлэхний хуулбарыг хавсаргасан. Хэсэг хугацааны дараа Д.Б ирж орон сууцаа барьцаалж зээл аваад зээлээ төлж чадахгүй болоод шилжүүлсэн юмаа зөвлөөч, энэ гэрээг буцааж болох уу гэж асуусан. Миний бие орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шүүхэд хандаж болно гэж зөвөлсөн. Гэтэл Д.Б нь би гарын үсэг зураагүй гэж цагдаад хандсан. Цагдаагийн зүгээс Д.Б уг гэрээнд гарын үсэг зурсан байна гэж шинжээчийн дүгнэлт гарсан. Д.Б нь Н.Дтай байгуулсан орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах бүрэн боломжтой. Үүнд:

     Орон сууц бэлэглэлийн гэрээнд Д.Б нь өөрийн хүсэл зоригоо бүрэн илэрхийлээгүй, өөрийнх нь хүсэл зориг биш гэж,

     Иргэний хуулийн 280 дугаар зүйл заалтаар хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шүүхэд хандаж болно.

     Өөрийн танихгүй Н.Дт орон сууцаа юуны учир бэлэглэв, хэрэв Н.Д нь энэхүү орон сууцтай холбоотой төлбөр мөнгө төлсөн бол хэнд төлсөн тухайгаа шүүхэд мэдэгдэх ёстой.

Д.Н, Д.Б нарыг нотариатаар баримт бичиг гэрчлүүлж байсных нь хувиар зүс мэднэ. Зүв зүгээр ажлаа хийж байгаад 2 хүний хоорондын төлбөр тооцоон дундаас нотариатч үндэслэлгүйгээр төлбөр мөнгө төлнө гэж байх боломжгүй зүйл. Иймд нэхэмжпэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Д.Б нь өөрт үүссэн асуудалд бодитой, хууль зүйн үндэслэлтэй хандаасай гэж хүсэж байна. Д.Б, Д.Н нарын хооронд зээлийн гэрээний үүрэг байгаа талаар тухайн үед хоорондоо ярилцаж байсан. Д.Б, Д.Н нар нь зээлийн харилцаанаас үүссэн өглөг байдаг бол хоорондоо тооцоо нийлэх нь шудрага. Иймд хариуцагчаас чөлөөлж өгнө үү. Иргэний хэргийн материалтай бүрэн танилцсаны дараа шүүхэд нэмэлт хариу тайлбар болон хүсэлт, нотлох баримт гаргаж өгнө гэжээ.

 

Хариуцагч Л.О-ын төлөөлөгч Ц.Х нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байрыг Д авсан. Анх зээлээ чөлөөлүүлээд худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Татвар төлөхгүй гэж бэлэглэлийн гэрээ байгуулсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б нь гэм хорын хохиролд 68,000,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 10,000,000 төгрөг, нийт 78,000,000 төгрөгийг хариуцагч Л.О, Д.Н нараас хувь тэнцүүлэн гаргах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч нараас 78,000,000 төгрөг гаргуулна гэж тодруулсан байна.

 

Хариуцагч Л.О нь нэхэмжлэгч Д.Б-ийн хүсэлтийн дагуу худалдах худалдан авах гэрээг хүчингүй болгож, бэлэглэлийн гэрээг гэрчилсэн. Нотариатын үйлдэлийг үйлчлүүлэгч нар хүсэлт гаргаснаар хийсэн, орон сууцыг би аваагүй тул зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Хариуцагч Д.Н нь уг бэлэглэлийн гэрээ байгуулахад оролцоогүй. Өмнөх зээлийг нь чөлөөлөхөд зээл олгож тусалсан тул гэм хор учруулаагүй гэж маргаж байна.

 

Шүүх хуралдаан даргалагчаас хуралдааныг нээж, хуульд зааснаар шүүх хуралдааны дэгийг танилцуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасан эрхийг тайлбарлан өгч татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг лавласан. Шүүх хуралдаанд оролцогчид татгалзан гаргах хүсэлт гаргаагүй тул шүүх хуралдаан үргэлжилж, хариуцагч Л.Оын төлөөлөгч Ц.Хишигжаргал нь өөрийн өмгөөлөгчийг хүлээх тухай хүсэлт гаргасан. Улмаар шүүх хуралдааныг завсарлуулан хүсэлтийг хэлэлцэж, хүлээн авахаас татгалзах тухай тогтоол гаргасан. Энэ үед хариуцагч Л.Оын төлөөлөгч Ц.Хишигжаргал нь хүсэлтийг хүлээн авахаас татгалзсантай холбогдуулан шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлт амаар гаргасан.

 

Шүүх хуралдаан тодорхой дэг, дэс дарааллаар явагдах бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасныг тайлбарласан боловч татгалзан гаргах хүсэлт гаргаагүй байна. Хэдийгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар татгалзан гаргах үндэслэл тогтоогдсон тухайн үед гэж зохицуулсан боловч хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан үндэслэлд хамаарахгүй юм. Учир нь хүсэлтийг хүлээн авах эсэхийг шийвэрлэх нь шүүхэд олгосон бүрэн эрхийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэхтэй холбоотой ажиллагаа юм. Мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 92.2 дахь заалтад үндэслэл тогтоогдсон үед гэдэг нь татгалзан гарах этгээдэд холбогдох үүргийн талаар бөгөөд харин зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөөлөгч энэ талаар мэдэгдэх тухай зохицуулалт юм. Иймд хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах үндэслэлд хамаарахгүй, өөрөөр хэлбэл татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг асууж, байхгүй гэж хариулсанаас хойш хүсэлт хүлээн авахаас татгалзах тухай тогтоол гарах хүртэл хугацаанд шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гарах үндэслэл бий болсон гэж үзэх боломжгүй. Эдгээр үндэслэлээр шүүх хуралдааны дэгийн дагуу шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлт нэгэнт гаргаагүй, улмаар үндэслэлгүйгээр хүсэлт гаргасан нь шүүх хуралдааныг хойшлуулах, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд саад учруулах зорилготой үйлдэл гэж үзсэн болно. Иймд шүүх хуралдааны дэгийн дагуу шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлт гаргаагүй гэж үзэж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэлд дурдсан Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34б байр, 167 тоот орон сууц нь нэхэмжлэгч Д.Б-ийн өмч байсан болох нь хэргийн 41 дүгээр талд байгаа эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн  дугаар гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. Улмаар 2007 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн бэлэглэлийн гэрээний дагуу иргэн Н.Дын, 2007 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн худалдах худалдан авах гэрээний дагуу иргэн Ш.Энхзаяагийн, 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн худалдах худалдан авах гэрээний дагуу иргэн Э.Тулгын, 2008 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн худалдах худалдан авах гэрээний дагуу иргэн Ш.Энхзаяагийн, 2010 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн худалдах худалдан авах гэрээний дагуу иргэн Б.Мягмарсүрэн, А.Ариунжаргал нарын өмчлөлд шилжсэн болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/06196 дугаар шийдвэрээр тогтоогдож байна.

Иймд дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлох шаардлагагүй.

 

Нэхэмжлэгч Д.Б болон иргэн Н.Д нарын хооронд 2007 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34б байр, 167 тоот орон сууцны бэлэглэлийн гэрээ байгуулагдсан байна. /хэргийн 40 дүгээр тал/ Энэхүү гэрээг нотариатч буюу энэ хэргийн хариуцагч Л.О гэрчилсэн талаар зохигч хэн аль нь маргаагүй. Улмаар дээрх бэлэглэлийн гэрээг гэрчилсэн нотариатч Л.Оын нотариатын үйлдлийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 102/ШШ2015/06701 дугаар шийдвэрээр, 2007 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34б байр, 167 тоот орон сууцны бэлэглэлийн гэрээг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/06196 дугаар шийдвэрээр тус тус хүчингүйд тооцжээ.

 

Түүнчлэн дээрх бэлэглэлийн гэрээ нь бодитоор нэхэмжлэгч Д.Б болон иргэн Н.Д нарын хооронд байгуулагдаагүй болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/06196 дугаар шийдвэрээр тогтоогдсон.

 

Нотариатын тухай хууль /1997.05.02/-н 23 дугаар зүйлийн 23.2.1-д хэлцэл, гэрээ , итгэмжлэл гэж, 19 дүгээр зүйлийн 19.3-т иргэн, хуулийн этгээдээс эрхээ хэрэгжүүлэх, хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хамгаалахад нь үйлчлэх, тэдний эрх, үүргийг нь тайлбарлан өгч, нотариатын үйлдэл хийснээс үүдэн гарах үр дагаврыг урьдчилан сануулж, зөвлөгөө өгөх гэж, 3 дугаар зүйлийн 3.3-т өөрийн буруутай үйл ажиллагаанаас учруулсан хохирлыг бүрэн хариуцах гэж тус тус заасан.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч Л.О нь нотариатын үйлдэл хийхдээ буруутай үйл ажиллагаа явуулсан, нотариатын үйлдэл болон гэрчилсэн бэлэглэлийн гэрээ нь тус тус хүчингүй болсон байх тул түүнээс учирсан хохирлыг хариуцан арилгах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Харин дээрх бэлэглэлийн гэрээг байгуулахад хариуцагч Д.Н оролцсон гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Н энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан гэж тайлбарласан боловч өөрийн тайлбарыг нотлоогүй, холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Иймд хариуцагч Д.Н нь бэлэглэлийн гэрээний дагуу нэхэмжлэгч Д.Бт гэм хорын хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д зааснаар үүрэг бүхий этгээд нь зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Гэвч дээрх үндэслэлээр өмнөх байдалд сэргээх боломжгүй, өөрөөр хэлбэл маргаж буй орон сууц нь бусдад шилжсэн, одоогийн өмчлөгч Б.Мягмарсүрэн, А.Ариунжаргал нар нь шударга эзэмшигч болохыг дээрх 101/ШШ2016/06196 дугаар шийдвэрээр тогтоосон байна. Иймд учруулсан гэм хорыг хуульд зааснаар мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нь бэлэглэлийн гэрээний дагуу учирсан гэм хорын хохирлын хэмжээг хэргийн 144 дүгээр тал байгаа Арвижих-Эстимейт ХХК-ний үнэлгээг үндэслэн 68,000,000 төгрөг гэж тодорхойлсон байна. Хариуцагч нар нь уг үнэлгээг зөвшөөрөхгүй гэж маргасан. Гэвч хариуцагч нар нь өөрийн татгалзлыг нотлоогүй, баримт ирүүлээгүй, үнэлгээний талаар хүсэлт гаргаагүй байна. Иймд хохирлын хэмжээг нэхэмжлэгчийн тогтоосон хэмжээгээр тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Учир нь үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтооход тусгай мэдлэг шаардагдана. Гэвч үнэлгээний дүгнэлтийг хуульд зааснаар зохигчын хүсэлтээр шинжээч томилж гаргуулдаг бөгөөд зохигч хэн аль нь шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй.

 

Харин сэтгэл санааны хохирлын хувьд Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-д зааснаар эдийн бус гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй. Гэвч мөн хуулийн 230.2-т зааснаар гагцхүү хуульд заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөн хэлбэрээр нөхөн төлдөг.

 

Нэхэмжлэгч нь Д.Б нь өөрт учирсан гэх сэтгэл санааны хохирлыг хэрхэн учирсан, хохирлын хэмжээг хэрхэн тооцсон талаар тайлбарлаж, нотолж чадаагүй, холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй. Хэрэгт нэхэмжлэгч Д.Бийн Хөдөлмөрийн чадвар алдалтийн хувь, хугацаа тогтоосон акт байх боловч хөдөлмөрийн чадвар алдсан нь энэ хэргийн гэм хор учруулсантай шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлгүй байна. Тодруулбал гэм хор учруулсан үйл явдлаас хойш буюу 10 жилийн дараа тогтоосон акт байна.

 

Эдгээр үндэслэлийг бүхэлд нь нэгтгэн дүгнээд хариуцагч Л.Оааас гэм хорын хохирол 68,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болон хариуцагч Д.Нд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Л.О-аас 68,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б-т олгож, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,000,000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Д.Н-д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар хойшлуулсаныг дурдаж, нэхэмжлэгч Д.Б-ээс 594,950 төгрөг гаргуулж, улсын орлого болгож, хариуцагч Л.Оаас 497,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б-т олгосугай.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Б.МАНДАЛБАЯР