Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2018/01226

 

Д.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2018/00472 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 839 дүгээр магадлалтай

Д.Бийн нэхэмжлэлтэй

Л.О, Д.Н нарт  холбогдох

Гэм хорын хохирол 78 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Л.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хишигжаргал нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Л.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нотариатч Л.О Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 34б байр 167 тоотод орших 2 өрөө орон сууцыг миний зөвшөөрөлгүй орон сууцны бэлэглэлийн гэрээ хийж надад асар их хэмжээний хохирол учруулсан. Миний бие нэгдүгээр хорооллын миний байрыг яасан юм бол хэмээн архив руу орж үзэхэд 2007 оны 2 сарын 08-ны өдөр Н.Дарьбазар, Д.Батцэнгэл нарын хооронд орон сууц бэлэглэлийн гэрээ гэж хуурамч бичиг баримт үйлдэж намайг залилсныг мэдсэн. Би бэлэглэлийн гэрээний талаар мэдэхгүй байсан. Д.Н ээжийн 3 өрөө байрыг дээрэмдэж аваагүй бол би энэ бэлэглэлийн гэрээний талаар ярихгүй байсан. Тэгээд би шалгаад үзэхэд нотариатч Л.Отай нийлж бэлэглэлийн гэрээгээр намайг залилсан байсан. Би олон янзаар тэмцсэн. Би эрүүл мэндээрээ хохирч байгаа. Н нь хуулийн байгууллагатай хамтарч луйвар хийсэн. Хүчин төгөлдөр шийдвэр магадлалаар бэлэглэлийн гэрээ хүчингүй болсон. Бэлэглэлийн гэрээгээр орон сууц олон хүнд дамжаад шилжсэн тул гэм хор учруулсан хүмүүс буюу нотариатч Л.О, Д.Н нараас хохирол буюу орон сууцны үнэ 68 000 000 төгрөг, сэтгэл санаанд учирсан хохирол 10 000 000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2007 оны 2 дугаар сарын 08-ны өдөр намайг бэлэглэлийн гэрээг хуурамчаар үйлдэж түүнийг залилсан мэт үндэслэлгүй нэхэмжлэлийг гаргасан байна. Миний бие Д.Бийг залилан мэхэлсэн, түүний өмчлөлийн байрыг хуурамч бичиг баримт ашиглаж шилжүүлэн авч түүнийг хохироосон зүйл байхгүй юм. Гэтэл Д.Б нь миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд удаа олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр халдаж намайг залилан мэхлэгч, луйварчин мэтээр зарлаж байгаад миний бие гомдолтой байгаа болно. 2006 онд халдварт өвчин судлалын төв байгуулагдаагүй байсан. Иймд албан тушаал ашигласан зүйл байхгүй. Нэхэмжлэгч нь өөрөө гарын үсэг зурсанаа хэлээд байдаг. Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж Д.Бийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Худалдан авагч Д.Н, худалдагч Д.Б нар нь анх нотариатын газарт орж ирэн нэхэмжлэлд дурьдсан орон сууцыг худалдах гэрээ байгуулсан. Хэд хоногийн дараа Д.Н, Д.Б, Н.Дарьбазар нар орж ирэн Д.Б нь Н.Дарьбазарт уг орон сууцыг бэлэглэхээр орон сууц бэлэглэлийн гэрээ байгуулъя гэсэн. Энэ үед нотариат миний бие өмнөх орон сууц худалдах гэрээ хүчин төгөлдөр байхад дахин бэлэглэлийн гэрээ хийхгүй гэж хэлсэн. Гэтэл энэхүү гэрээг цуцалж байна гэж худалдан авагч Д.Н, худалдагч Д.Б нар бичиж өгөөд, Д.Б нь Н.Дарьбазарт уг орон сууцаа бэлэглэсэн. Энэ үед миний бие Иргэний хуулийн 280 дугаар зүйл заалтыг тайлбарлаж өгсөн. Энэ үед Д.Б иргэний үнэмлэхгүй, жолооны үнэмлэхтэй явж байсан. Жолооны үнэмлэхээр гэрээ хийхгүй гэхэд хэд хоногийн өмнө гэрээ хийлгэсэн иргэний үнэмлэхний хуулбарыг гэрээнээс аваад гэрээ хийлгье гэсэн. Иймд миний бие уг орон сууц бэлэглэлийн гэрээнд жолооны үнэмлэх болон иргэний үнэмлэхний хуулбарыг хавсаргасан. Хэсэг хугацааны дараа Д.Б ирж орон сууцаа барьцаалж зээл аваад зээлээ төлж чадахгүй болоод шилжүүлсэн юмаа зөвлөөч, энэ гэрээг буцааж болох уу гэж асуусан. Миний бие орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шүүхэд хандаж болно гэж зөвөлсөн. Гэтэл Д.Б нь би гарын үсэг зураагүй гэж цагдаад хандсан. Цагдаагийн зүгээс Д.Б уг гэрээнд гарын үсэг зурсан байна гэж шинжээчийн дүгнэлт гарсан. Д.Б нь Н.Дарьбазартай байгуулсан орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах бүрэн боломжтой. Үүнд: Орон сууц бэлэглэлийн гэрээнд Д.Б нь өөрийн хүсэл зоригоо бүрэн илэрхийлээгүй, өөрийнх нь хүсэл зориг биш гэж, Иргэний хуулийн 280 дугаар зүйл заалтаар хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шүүхэд хандаж болно. Өөрийн танихгүй Н.Дарьбазарт орон сууцаа юуны учир бэлэглэв, хэрэв Н.Дарьбазар нь энэхүү орон сууцтай холбоотой төлбөр мөнгө төлсөн бол хэнд төлсөн тухайгаа шүүхэд мэдэгдэх ёстой. Д.Н, Д.Б нарыг нотариатаар баримт бичиг гэрчлүүлж байсных нь хувиар зүс мэднэ. Зүгээр ажлаа хийж байгаад 2 хүний хоорондын төлбөр тооцоон дундаас нотариатч үндэслэлгүйгээр төлбөр мөнгө төлнө гэж байх боломжгүй зүйл. Иймд нэхэмжпэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Д.Б нь өөрт үүссэн асуудалд бодитой, хууль зүйн үндэслэлтэй хандаасай гэж хүсэж байна. Д.Б, Д.Н нарын хооронд зээлийн гэрээний үүрэг байгаа талаар тухайн үед хоорондоо ярилцаж байсан. Д.Б, Д.Н нар нь зээлийн харилцаанаас үүссэн өглөг байдаг бол хоорондоо тооцоо нийлэх нь шудрага. Иймд хариуцагчаас чөлөөлж өгнө үү. Иргэний хэргийн материалтай бүрэн танилцсаны дараа шүүхэд нэмэлт хариу тайлбар болон хүсэлт, нотлох баримт гаргаж өгнө гэжээ.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2018/00472 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Л.Оаас 68 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Бт олгож, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10 000 000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Д.Нд холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар хойшлуулсныг дурдаж, нэхэмжлэгч Д.Бээс 594 950 төгрөг гаргуулж, улсын орлого болгож, хариуцагч Л.Оаас 497 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Бт олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 839 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2018/00472 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... 68 000 000” төгрөг гэснийг “34 000 000” төгрөг гэж, “... 10,000,000 төгрөгт” ... гэснийг “44 000 000” төгрөгт гэж, 2 дахь заалтын “... 497 950 төгрөг” гэснийг “327 950 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаасдавж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 497 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ... Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсгийн заалтыг хэрэглэхийн тулд уг хэргийг анхан шатны шүүх рүү буцаана уу. Анхан шатны шүүхэд гаргасан миний хүсэлтүүдийг хангавал Д.Н хариуцагчаар татагдах болно. Анхан шатны шүүх хуралдаан дээр “Оаа чи яг хэнтэй хамтарч миний байрыг залилан мэхэлж авсан бэ” гэж асуухад хариултыг үндэслэж ХЗДХ-ийн яамны сайд Нямдоржид өргөдөл өгөөд хэвлэлийн бага хурал хийж олон нийтэд цацна. Анхан шатны шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт хэрэг дотор алга байна. ...хэргийг анхан шатны шүүх рүү буцаана уу гэжээ.

Хариуцагч Л.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Зохигчдийн хооронд болсон харилцааны тухайд шүүх алдаатай дүгнэлт хийсэн тухайд: Нэхэмжлэгч Д.Б болон хариуцагч Д.Н нарын хооронд 2006-2007 онуудад бусдын зээлийн үүргийг гүйцэтгэж, шаардах эрхийг шилжүүлэн авах харилцаа, түүнчлэн Д.Б, Д.Н болон орон сууц худалдан авсан этгээд болох Н.Дарьбазар нарын хооронд орон сууц худалдан борлуулахад зуучлах, орон сууцыг худалдах, худалдан авах харилцаа тус тус явагдсан байна.

Эдгээр харилцааны үндэс нь Д.Б 2006 онд “Гүүд лайф” ХЗХ-оос авсан зээлийн үүргээ зохих ёсоор гүйцэтгэх боломжгүй болсноос зээлийн үүргийг бусдын өмнөөс гүйцэтгэж, барьцаа хөрөнгийг чөлөөлөх үйлчилгээ үзүүлдэг иргэн Д.Нд хандсанаас үүдэлтэй байх ажээ. Улмаар Д.Б нь Д.Нгийн өмнө хүлээсэн зээлийн үүргээ мөн л гүйцэтгэх боломжгүй болсны улмаас Д.Нгийн тусламжтайгаар 2006 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан уг орон сууцыг 23 000 000 төгрөгөөр үнэлэн иргэн Н.Дарьбазарт худалдах тухай гэрээг байгуулсан байх бөгөөд 2007 оны 1 дүгээр сард орон сууцыг чөлөөлж Н.Дарьбазарын эзэмшилд бодитойгоор шилжүүлэн өгсөн байна. Ингэснээр Д.Б болон Д.Н нарын хоорондын зээлийн харилцаа буюу зээлийн гэрээний үүрэг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-д “үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан”-аар бүрэн дуусгавар болсон байжээ.

Улмаар уг гэрээний оролцогч Н.Дарьбазар нь уг орон сууцыг бусдад худалдсан нь тодорхой байхад чухам Л.О гэм буруутай гэж дүгнэсэн нь нотлох баримтыг хэрэгт хамааралтай, бодитой мэдээллийг өгч байгаа эсэх талаас нь үнэлээгүй шүүхийн алдаатай дүгнэлт болжээ. Хэрвээ Н.Дарьбазар нь нэхэмжлэгч Д.Б бэлэглэлийн гэрээнд гарын үсэг зураагүй болохыг мэдэж байсан бол чухам ямар үндэслэлээр хүчин төгөлдөр бус бэлэглэлийн гэрээг үндэслэн орон сууцны өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авсан талаарх нөхцөл байдалд шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй, зөвхөн шилжүүлсэн үйл баримтыг дурьдаад орхисон, ийнхүү бусдад шилжүүлсэн Н.Дарьбазарын үйлдэл нь энэ хэргийн хүрээнд Д.Бийн гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийн талаар ач холбогдол бүхий ямар мэдээлэл өгч байгааг, улмаар хариуцагч Л.Оын гэрээ баталсан үйлдэл ба орон сууц бусдад шилжсэн үйл явдал буюу хохирлын хооронд шалтгаант холбоо бий эсэх талаар ч дүгнэлэлт өгөхгүй, байгаа нотлох баримтыг хэрэгт хамааралтай, бодитой талаас үнэлэхдээ гаргасан бүдүүлэг алдаанууд нь тэдгээр шүүгчдийн эрх зүйн мэдлэг, боловсролын түвшин шүүгч байх хэмжээнд байна уу үгүй юу гэдэгт зргэлзэхэд эрхгүй хүргэж байна.

Анхан шатны шүүх Л.Оын нотариатын үйлдлийн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэх дүгнэлт үндэслэсэн өөр нэг зүйл нь “...нотариатч Л.Отгобаярын нотариатын үйлдлийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 102/ШШ2015/06701 дүгээр шийдвэр, ...бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 101/ШШ2016/06196 дугаар шийдвэрүүдэд" байх ажээ.

Тэдгээр шүүхийн шийдвэрүүдэд дурьдагдаж буй үйл баримтуудад үнэлэлт өгөөгүй, сохроор (дахин нотлох шаардлагагүй) үндэслэсэн нь мөн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, бодитой байх талаас үнэлэхэд алдаа гаргасан, мөн нэг үйл явдлын талаарх харилцан зөрчилдөөнтэй нотлох баримтуудыг зохистойгоор үнэлээгүй алдаанаас үүдэн Л.Оыг гэм буруутай гэж үзжээ. Нотлох шаардлагагүй гэдэг нь “үнэлж болохгүй” гэсэн утгыг илэрхийлэхгүй, тиймээс маргах боломжийг ч үгүйсгэхгүй талаар дээр өгүүлсэн билээ. Хэрвээ эл зохицуулалтыг “үнэлж болохгүй”, “маргаж болохгүй” гэж мушгин тайлбарлаах аваас “урьдаас хөдөлбөргүй нотлогдсон гэж үзэх ямар нотлох баримт байж болохгүй” талаарх нийтлэг зарчимтай ч зөрчилдөх тул өмнө шүүхийн шийдвэрээр тогтоогдсон гэж үзэх нөхцөл байдал, үйл баримтыг тухайн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлд хамааралтай байдлаар хэрэглэх эсэх, хэрэглэх тохиолдолд ямар үр дагаврыг бий болгож байгаа талаар үнэлэлт өгөх ёстой болно.

Дээрх шүүхийн шийдвэрүүдээр нотариатч Л.Оын буруутай үйл ажиллагааны улмаас Д.Бт хохирол учирсан нөхцөл байдлыг тогтоосон агуулга нэгээхэн ч үгүй, гагцхүү тухайн хэргүүдийн хариуцагч Н.Дарьбазар, нэхэмжлэгч Д.Б нарын зүгээс харилцан нэгэндээ найр тавьж болсон үйл явдлын талаарх худал ташаа мэдүүлэг /зөвшөөрлийн бодитой эсэхэд үнэлэлт өгөлгүй баталгаажуулсан шийдвэрүүд байгаа болохыг анхан шатны болон давж заалдах шүүх анхаарч үзээгүй нь мөн л нотлох баримтын хамааралтай, эргэлзээгүй, бодитой байх талаас нь үнэлээгүй алдаа аргасан болохыг нотолж байна.

Гэм хор, хохирлын үнэлгээг хэрхэн талаарх шүүхийн дүгнэлтийн тухайд: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...нэхэмжлэгч нь ...учирсан гэм хорын хохирлын хэмжээг ...”Арвижих-Эстимейт” ХХК-ийн үнэлгээг үндэслэн 58 000 000 төгрөг гэж тодорхойлсон. Хариуцагч нар уг үнэлгээг зөвшөөрөхгүй эж маргасан. Гэвч хариуцагч нар нь өөрийн татгалзлыг нотлоогүй, баримт ирүүлээгүй, үнэлгээний талаар хүсэлт гаргаагүй байна. Иймд хохирлын хэмжээг нэхэмжлэгчийн тогтоосон хэмжээгээр тооцох нь зүйтэй гэж шүүх зурэлдэхүүн үзлээ. Учир нь үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтооход тусгай мэдлэг шаардагдана, гэвч үнэлгээний дүгнэлтийг хуульд зааснаар зохигчийн хүсэлтээр шинжээч томилж гаргуулдаг бөгөөд зохигч хэн аль шинжээч томилуулах хүсэлт гараагүй...” гэснээр гэм хорын хохирлын талаарх шийдвэрээ үндэслэжээ.

Нэхэмжлэгчийн зүгээс 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны явцад орон сууцны үнийг хэрхэн тооцох талаар “Арвижих- Эстимейт" ХХК-ийн үйлдсэн гэх бичвэр бүхий тодорхойлолтыг гаргаж өгсөн. Түүнтэй холбогдуулан уг бичиг нь нотлох баримтын шаардлага хангаж байгаа эсэх, тодруулбал үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй этгээд уг бичгийг үйлдсэн эсхийг тодруулах шаардлагатай, түүнчлэн уг бичигт заагдсан мэдээлэл нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон процессийн хуульд заасан үнэлгээ тогтоосон дүгнэлт гэж үзэх боломжгүй гэж хариуцагч тал үзэж байгаа ба үүнтэй холбоотойгоор уг бичгийг нотлох баримтаар хүлээн авч үнэлэх эсэх галаар дүгнэлтийг шүүх хийх ёстой талаарх тайлбарыг, цаашилбал шаардлагатай бол шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т заасны дагуу талуудын хүсэлтгүйгээр шаардлагатай тохиолдолд нотлох баримт бүрдүүлэх эрхээ хэрэгжүүлэх эсэх талаар дүгнэлтээ хийх нь зүйтэй гэх тайлбарыг хариуцагчийн өмгөөлөгчийн хувиар Г.Мөнхболд шүүх хуралдаанд гаргасан. Түүний дагуу нэхэмжлэгч талд гаргаж өгсөн нотлох баримттай нь холбоотойгоор эрх бүхий этгээдээс уг тодорхойлолт бичгийг гаргасан эсэхийг тодруулах, үүнтэй холбоотойгоор холбогдох баримтуудыг нэхэмжлэгчээс гаргуулахаар болж, нотлох баримтаар хүлээж авах эсэхээ жич шийдвэрлэхээр болж шүүх хуралдааныг 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хойшлуулсан билээ.

Энэ хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс “Арвижих-Эстимейт” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ч.Манлайбаатарын “Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ” гэх баримтуудыг дээр дурдсан орон сууцны үнийн талаарх тодорхойлолтод холбогдуулан гаргаж өгсөн байна. Эндээс харахад уг тодорхойлолтыг хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан арга аргачлалын хүрээнд хийсэн үнэлгээ гэж үзэх боломжгүй, тиймээс хохирлын үнэлгээг бодитойгоор тогтоосон баримт хэмээн үзэх боломжгүй байна. Тодруулбал: Хөрөнгө үнэлгээний тайлан гэх бичгийн Дүгнэлт хэсэгт: “...1-р хороололд худалдахаар арласан болон худалдсан ижил төстэй хоёр өрөө орон сууцны үнэ ханшийн судалгааг амаар болон бичгэн хэлбэрээр цуглуулан зах зээлийн жиших аргаар дүгнэлт хийлээ..., Шинжилгээ ба дүгнэлт нь тайлагнасан таамаглал, нөхцөл байдлаар хязгаарлагдсан...” хэмээснээс үзэхэд уг бичгийг хуулийн шаардлага хангасан гэж үзэх үндэслэлгүй байна. Зүй нь уг байр орон сууцны бодит үнэлгээг тогтоохын тулд орлогын болон зардлын хандлагын арга, зах зээлийн үнэлгээний арга зэрэг аргуудыг хамтад хэрэглэсний үндсэн дээр тэдгээрийн дунджаар үнийг тогтоодог журамтай. Энэ нөхцөл хангагдаагүй байна.

Түүнчлэн харьцуулалтыг мэдээллийн ямар эх сурвалжуудад үндэслэн хийсэн, түүнд холбогдох нотлогоог ч дурдаагүй байхад харьцуулалт бодитойгоор хийгдсэн гэж үзэж хохирлын үнэлгээ гэж шүүх үзсэн нь алдаатай болсон.

Мөн хохирлыг аль цаг үеийн үнэлгээгээр тооцон тогтоох ёстой талаар ямар нэг дүгнэлт хийгээгүй нь алдаатай үйл ажиллагаа болсон юм. Эдгээр нөхцөл байдлыг шүүх нотлох баримт шинжлэн судлахдаа олж тогтоогоогүйн улмаас шүүх хохирлын хэмжээг тогтоохдоо нотолгооны чадваргүй, хуулийн шаардлага хангаагүй баримтыг үндэс болгосон алдаа гаргахад хүргэжээ.

Түүнчлэн хэргийн оролцогчдоос хүсэлт гарсан эсэхээс үл хамаарч 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдааны явцад гаргасан нэхэмжлэгчээс гаргасан бичгийг нотлох баримт хүлээн авах эсэх, түүнтэй холбоотойгоор шинжээч томилж үнэлгээ хийлгэх асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан, ингэхдээ зохигчоос хүсэлт гараагүй хэмээх алдаатай үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Үүний улмаас гэм хорын хохирол буюу шууд хохирлын үнэлгээ бодитойгоор тогтоогдоогүй байхад үнэлгээг нотлох баримтын шаардлага хангаагүй баримтад үндэслэсэн алдаа нөхцөлдсөн байна.

Эл нөхцөл байдлын талаар давж заалдах гомдолдоо дурдсан хэдий ч давж заалдах шатны шүүхээс “...үнэлгээнд хариуцагч Л.О нь гомдол гаргаагүй...” хэмээх үндэслэлгүй дүгнэлтийг хийх төдийгээр орхисон. Зүй нь хэргийг бүхэлд нь хянах эрх бүхий шүүх болохын хувьд хариуцагч Л.О уг хүсэлтийг гаргасан эсэх, уг хүсэлтийг гаргах урьдчилсан нөхцөл бүрдсэн байсан эсэх, уг эрхээ хэрэгжүүлэх боломжийг шүүх хангасан эсэх (өмгөөлөгчийг нь оролцуулаагүй) зэрэг бүхий л нөхцөл байдлыг үнэлсний эцэст эл асуудлаар дүгнэлт хийх ёстой байсан.

Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан үйл ажиллагаанд холбогдуулан гаргах гомдол:

Хэргийг шийдвэрлэсэн 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч Ц.Хишигжаргал биечлэн оролцож, ингэхдээ өмгөөлөгчийн хамтаар оролцох хүсэлтээ гаргасан. Өмгөөлөгчийн тухайн өдрийн үдээс өмнөх шүүх хуралдаан нь сунжирсантай холбоотойгоор хурлаас хожимдож байгаа, түр хойшлуулж, өмгөөлөгчийг хүрэлцэн ирснээр хурлыг хийх хүсэлтийг гаргасан. Энэ үед иргэдийн төлөөлөгч ч байхгүй байсан ба тэд бараг зэрэг хүрч ирсэн.

Ингээд хүсэлт хэлэлцэхээр завсарлаад орох үед өмгөөлөгч ирсэн болохыг миний бие танилцуулсан боловч нэгэнт өмгөөлөгчийг байлцуулахгүйгээр хурлыг явуулахаар шийдвэрлэсэн гэдэг үндэслэлээр өмгөөлөгчийг хуралдаанд оролцуулахгүйгээр үргэлжлүүлсэн.

Хэрвээ өмгөөлөгчийг ирэх хүртэл хугацаагаар хурлыг хойшлуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ч, нэгэнт хурлыг үргэлжлүүлэх үед өмгөөлөгч ирснийг шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, хэргийн оролцогчдын хэн аль нь мэдсэн хирнээ хойшлуулах шаардлагагүй нөхцөл байдал тодорхой болсон тул оролцогчийн өмгөөлүүлэх эрхийг хангаж өмгөөлөгчийн хамтаар оролцуулах нь зүйтэй байсан.

Нэгэнт өмгөөлүүлэх эрхэд ноцтойгоор халдсан шүүхийн үйл ажиллагааг эс зөвшөөрч бүрэлдэхүүнээс татгалзахад шүүх хуралдааны дараалал гэх хамаарахгүй үндэслэл дурдаж, өөрсдийн эрх хэмжээг хэтрүүлсэн татгалзлын асуудлыг шийдвэрлэсэн бүдүүлэг алдааг анхан шатны шүүх гаргасан.

Энэ мэт процессийн ноцтой алдаануудыг гаргасан нь үндэслэлгүй, алдаа шийдвэр гаргах нөхцөлийг мөн бүрдүүлсэн гэж үзэж байна.

Хууль бус шүүх бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн тухайд:

2018 оны 1 дүгээр сарын өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Л.Оын өмгөөлөгчийн зүгээс шүүх бүрэлдэхүүн нь тухайн үед Ерөнхий шүүгчийн баталсан шүүх бүрэлдэхүүнээс өөр буюу шүүгч Л.Энхжаргалын оронд Д.Золзаяа шүүгч оролцож байх тул процессийн алдаа болохыг хэлж залруулах, хууль ёсны бүрэлдэхүүнээр шийдвэрлүүлэх талаар хүсэлтээ гаргаж байсан болно.

Ингээд шүүх хуралдаан нотлох баримттай танилцах, нэхэмжлэгчээс баримт гаргуулах талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хойшилсон дараагийн хурлыг 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдөр хуралдуулахаар товлосон.

Энэ үед бүрэлдэхүүнийг Ерөнхий шүүгчийн 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ЕШ2018/00651 дүгээр захирамжаар Д.Золзаяагийн оронд А.Мөнхзул, Б.Мандалбаяр нарыг томилох шийдвэрийг гаргаж байсан нь хавтаст хэргийн 140 дүгээр талд авагдсантай хариуцагчийн өмгөөлөгч Г.Мөнхболд нь танилцаж, уг захирамжийн хуулбарыг өөрт хадгалсан байжээ.

Гэтэл 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаан дахиад л хууль бус бүрэлдэхүүнтэйгээр буюу Ерөнхий шүүгчийн захирамжаар томилогдсон шүүгч А.Мөнхзулын оронд “хүндэтгэн үзэх шалтгааны улмаас чөлөөлөгдсөн” гэх шүүгч Д.Золзаяа бүрэлдэхүүнд орж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь ноцтой алдаа болсон.

Гэтэл шүүх эл алдаагаа нуун дарагдуулах зорилгоор бүрэлдэхүүний шүүгчдээр А.Мөнхзул, Б.Мандалбаяр нарыг баталгаажуулсан 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ЕШ2018/00651 дүгээр захирамжийг “дахин ингэхдээ өөрчилж бүрэлдэхүүний шүүгчээр Д.Золзаяаг томилсон захирамж байсан мэтээр сольсон байна. Шүүх хуралдааны дараагийн өдөр хариуцагч талын зүгээс хэргийн материалтай танилцахад шүүгч А.Мөнхзулыг томилсон ерөнхий шүүгчийн ижил огноо, дугаартай захирамж хэрэгт хэвээр байсныг өмгөөлөгч өөрийн нүдээр харсан. Улмаар 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр дахин хэргийн материалтай танилцахад нэг захирамжийн агуулгыг дээр дурдсан байдлаар өөрчилсөн 2 өөр захирамж хэрэгт байхыг Ц.Хишигжаргал миний бие болон өмгөөлөгч Г.Мөнхболд бидний хэн аль нь харж хуулбарыг хийж авсан болно. Ижил огноо, дугаар бүхий Ерөнхий шүүгчийн захирамжийг фото хуулбарыг давж заалдах гомдолд хавсаргав. Энэ хэргийн үйл баримтад холбогдох нотлох баримтад хамаарахгүй, харин шүүхийн хууль ёсыг гажуудуулж зөрчсөн үйл ажиллагааг нотолж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн нотлох баримтыг гаргах талаар зохицуулалтад хамаарахгүй болно.

Шүүгчдийн эл хууль бус үйл ажиллагааны талаар хууль тогтоомжид заасан журмын дагуу холбогдох газарт хандаж гомдлоо гаргасан.

Эл нөхцөл байдлын талаар давж заалдах шатны шүүх “...2018 оны 101/ЕШ2018/00651 дүгээр захирамжаар бүрэлдэхүүнд Д.Золзаяа,  Б.Мандалбаяр нарыг томилсон... тиймээс хариуцагч гомдол үндэслэлгүй” гэх алдаатай дүгнэлтийг хийснээр анхан шатны шүүх дэх эл замбараагүй, хууль бус ажиллагааг хайцаалсан, өөгшүүлсэн зохисгүй шийдвэр болсон юм.

Эцэст нь нотариатч Л.Оын бэлэглэлийн гэрээ баталсан гэх үйлдлээс нэхэмжлэгчид гэм хор учирсан бус харин хэрвээ уг гэрээнд Д.Б гарын үсэг зураагүй байсан гэж үзэхэд /ингэснээр зураагүй гэж хүлээн зөвшөөрч буй хэрэг огт биш болохыг анхаарна уу/ ийнхүү зураагүй болохыг нь мэдсэн боловч бусдад худалдан борлуулсан, улмаар орлого олсон нь тодорхой байгаа, ингэхээр Н.Дарьбазарын гэм буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан байж нөхцөл байдал тодорхой байхад шүүх үүнийг үл хэрэгссэн нь алдаатай болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Нэхэмжлэгч Д.Б нэхэмжлэлээсээ татгалзасан хүсэлтдээ: Тус шүүхэд хянан хэлэлцэж буй Д.Бийн нэхэмжлэлтэй Л.О нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч миний бие шүүхэд гаргасан Л.От холбогдох нэхэмжлэлийн бүх шаардлагаасаа татгалзаж байна. Учир нь Нотариатч Л.О нь гэм буруугүй бөгөөд тус хэрэгт огт хамааралгүй тул түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзаж байна.

Миний бие Л.Оаас 2018 оны 07 дугаар сард 3 000 000, 2018 оны 8 дугаар сард 5 000 000, 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 3 000 000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 12 000 000 төгрөг, нийт 23 000 000 төрөг гардан авсан. Бид харилцан тохиролцож 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 11 000 000 төгрөгийг банкинд дундын дансанд байршуулсан бөгөөд шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол гарснаар надад өгөхөөр тохиролцон. Ийнхүү Л.Оаас надад өгч байгаа мөнгө нь өөрийгөө гэм буруутай гэж хүлээн зөвшөөрсөндөө бус зөвхөн хүн чанар гаргаж байгаа гэж хэлэх нь зүйтэй байна. Миний бие Л.От холбогдуулан маргаж буй энэхүү орон сууцтай холбоотой ямар нэгэн шаардлага дахин гаргахгүй болохыг үүгээр илэрхийлж байна.

Миний бие шүүхэд гаргасан Л.От холбогдох нэхэмжлэлийн бүх шаардлагаасаа татгалзаж байна. Иймд тус хэргийг анхан болон давж заалдах журмаар хянан шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2018/00472 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 839 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Миний бие хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй байгаа тул шүүх хуралдааныг миний эзгүйд хийж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.О шүүхэд гаргасан хүсэлтдээ: Д.Бийн нэхэмжлэлтэй Л.О нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул миний бие хяналтын журмаар гаргасан гомдлоосоо татгалзаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Л.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хишигжаргал нар хяналтын журмаар гомдол гаргасны дараа нэхэмжлэгч Д.Б нь нэхэмжлэлээсээ татгалзаж, нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг батлуулахаар хүсэлт ирүүлжээ.

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Л.О, Д.Н нарт холбогдуулан гэм хорын хохирол 78 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлээсээ татгалзсан нь  бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг батлах нь зүйтэй.

Хариуцагч Л.О нь нэхэмжлэгч Д.Бийг нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан гомдлоосоо татгалзсан тул түүнийг гомдол гаргаагүйд тооцох үндэстэй байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Бийн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох, мөн хариуцагч Л.Оыг гомдол гаргаагүйд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.3., 172.4., 176 дугаар зүйлийн 176.2.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2018/00472 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 839 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Бийн татгалзлыг баталж, Д.Бийн нэхэмжлэлтэй Д.Н, Л.О нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагч Л.Оыг хяналтын журмаар гомдол гаргаагүйд тооцсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар нэхэмжлэгч Д.Бээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327 950 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.3.-т зааснаар хариуцагч Л.Оаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 327 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                  Х.ЭРДЭНЭСУВД