Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
Хэргийн индекс | 130/2018/00282/И |
Дугаар | 130/ШШ2019/00717 |
Огноо | 2019-12-02 |
Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 130/ШШ2019/00717
Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын .. дугаар багт оршин суух, С овогт К-ий Хы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Ц сумын .. дугаар багт оршин суух, С овогт М-н Б,
Хариуцагч: Б аймгийн Ц сумын .. дугаар багт оршин суух, С овогт М-н З нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч К.Х, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч К.Зулхаш, хариуцагч М.З, хариуцагч М.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө, хариуцагч нарын өмгөөлөгч Ө.Б, орчуулагч Ж.А, гэрчүүд М.Х, А.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Ц сумын 2 дугаар багийн нутаг Могойт гэх газарт байрлалтай 40 м2 талбайтай, 2 өрөө дүнзэн байшин, 120 м2 /12м х 10м/ талбайтай чулуун ханатай битүү саравчтай хашаа болон 80 м2 /8м х 10м/ шургаа модоор хөндлөн татсан сараалжин ханатай задгай хашаа, хадлангийн талбайн өмчлөгч К.Х мөн болохыг тогтоож, М.Б, М.З нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, албадан нүүлгэх тухай.
Нэхэмжлэгч К.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад: Нэхэмжлэгч К.Х миний бие Ц сумын 2-р багт амьдарч байхад 2003 онд Ц сумын 2-р багийн нутаг дэвсгэр болох "Могойт" гэх газар өөрийн хүч хөрөнгөөр хоёр тасалгаа бүхий 40 м2 талбайтай дүнзэн байшин, 120 м2 /12 м х 10 м/ талбайтай чулуун ханатай битүү саравчтай хашаа болон түүнд залгуулаад 80 м2 (8 м х 10 м) шургаа модоор хөндлөн татсан сараалжан ханатай задгай хашаа, 2,7 км урт услалтын суваг /шудуу/ бүхий байгууламжтай үл хөдлөх хөрөнгүүдийг барьж байгуулсан юм. Тухайн газар барьсан байшинд гэр бүлээрээ амьдарч, хашаа хороонд малыг хашиж, хамгаалан маллаж, 2.7 км тал газарт суваг татаж ердийн газрыг хадлангийн талбай болгосноор өвс хадлан авч, эд хөрөнгө өмчлөх эрх болон газар ашиглах эрхийг зохих журмаар хэрэгжүүлж байсан юм. Гэтэл хүүхдүүд маань сургуульд орох болоод сургууль бараадах гэсэн амьдралын шаардлагаар Ө суманд нүүж явсан юм. Тухайн үед К.Х миний өмчлөлийн байшин, хашаа хороо, хадлангийн талбай зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг ах Мын хүүхдүүд болох М.Б, М.З нар үнэ төлбөргүй ашиглаж байсан ба төрөл садан хүмүүс тул бид тэдний ашигласан явдлыг эсэргүүцээгүй байсан юм. Гэтэл М.Б, М.З нар нь 2018 оноос эхлэн К.Х миний дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өөрсдийн өмчлөлд шилжүүлэн авахаар холбогдох байгууллагуудад хандаж, бичиг баримт бүрдүүлж эхэлснээр энэхүү маргаан гарч, шүүхэд хандаж байгаа юм.
Хариуцагч М.Б болон М.З нар шүүхэд өгсөн тайлбар болгож шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө: "К.Хаас өвлийн байшин, хашаа хороо, хадлангийн талбайн хамт эцэг К.М худалдан авсан" гэж хүлээн зөвшөөрсөн нь тухайн газарт К.Х миний байшин хашаа хороо, хадлангийн талбай тус тус байгаа болох нотлогдож байна. Харин К.Х би эдгээр үл хөдлөх хөрөнгийг хэнд ч худалдаагүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26-р зүйлийн 26.2-д заасныг үндэслэн "нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, ихэсгэх" байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж хүсэх нь:
Иргэний хуулийн 101-р зүйлийн 101.1, 95-р зүйлийн 95.1, 106-р зүйлийн 106.1-д зааснаар Б аймгийн Ц сумын 2-р багийн нутаг дэвсгэр "Могойт" гэх газарт байрлалтай 40 м2 талбайтай 2 өрөө дүнзэн байшингийн өмчлөгч К.Х болохыг тогтоож, М.Б болон М.З нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, Б аймгийн Ц сумын "Могойт" гэх газарт байршилтай 40 м2 талбайтай, хоёр өрөө дүнзэн байшин, 120 м2 /12м х 10 м/ талбайтай чулуун ханатай битүү саравчтай хашаа болон 80 м2 /8м х 10м/ шургаа модоор хөндлөн татсан сараалжин ханатай задгай хашаа, хадлангийн талбайн өмчлөгч К.Х болохыг тогтоож, М.Бы хууль бус эзэмшлээс чөлөөлж, албадан нүүлгэх тухай шийдвэр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж байна гэжээ.
Нэхэмжлэгч К.Х шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би энэ хашаа байшинг 2003 онд барьсан. Тухайн байшин 5х5 харьцаатай дүнзэн байшин бөгөөд үүдэнд амбаартай. Мөн 2 км 700 м газар бүхий хадлангийн суваг татсан байсан. Тэгж байгаад бид нар 2005 онд ар гэрийн гачигдлаар сумын төвд нүүсэн. Нүүгээд явахад миний төрсөн ах болох М, түүний эхнэр А нарт захиад явсан байсан. Ингэхдээ үнэ төлбөргүй суугаад ашиглаад харж байгаарай гээд захиж явсан. Тэрнээс хойш ямар нэгэн зүйл хэлээгүй байсан. Гэтэл яагаад шүүхэд нэхэмжлэл гаргах болсон бэ гэвэл хариуцагч нар өөрсдөө бичиг баримтаа бүрдүүлээд өөрсдийнхөө нэр дээр бүртгүүлнэ гээд бэлдэхээр нь шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний эхнэрийг К.Хы нэрийг ашиглаад тийм санал гаргаад дуртайгаараа энэ хэрэгт оролцоод, өөрөө дураараа ийм зүйл хийж байна гэхээр нь би өөрөө шүүх хуралдаанд оролцохоор шүүхэд ирсэн. Хариуцагч нар тэнд байгаа бүх юмыг эвдээд миний зөвшөөрөлгүй байр суурийг өөрчлөөд барьсан байна. Гэхдээ энэ бол надад хамааралгүй. Би 40 м2 талбайтай, хоёр өрөө дүнзэн байшин, 120 м2 /12м х 10м/ талбайтай чулуун ханатай битүү саравчтай хашаа болон 80 м2 /8м х 10м/ шургаа модоор хөндлөн татсан сараалжин ханатай задгай хашаа, хадлангийн талбайг авмаар байна. Харин бусад миний зөвшөөрөлгүй нэмж барьсан зүйлийг шаардахгүй. Тэрийг өөрсдөө авч явна уу надад хамааралгүй гэв.
Хариуцагч М.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Би энэхүү нэхэмжлэлийг Х гаргасан гэдэгт эргэлзэж байгаа ч нэгэнт шүүхээс тайлбар ирүүлэхийг шаардсан учраас дараах тайлбарыг гаргаж байна.
1 .Нэхэмжлэгч 5 x 5 харьцаатай 2 өрөө 40 м2 байшин нэхэмжилж байгаа бөгөөд үнэндээ К.Хаас авсан байшин түүний нэхэж байгаа шиг 2 өрөө биш юм. Өөрөөр хэлбэл 5x5 харьцаатай 1 өрөө дээвэр нь хуучин шурга модоор дэвтэрлэсэн дүнзэн байшин, уг байшинтай залгаж хуучин модоор барьсан намхандуу З хана бүхий амбаар байсан. 2004 онд аав М нь К.Хаас худалдаж авч Ержан, З нарт өгсөн. 2005 оны хавар Ержан, З нар тухайн байшинг буулгаж шинээр материалыг засаж янзлан өндөрсгөж шинээр барьж гадна талд 4x5 харьцаатай амбаар барьж 10 жил амьдарсан. Улмаар 2014 оны намар Ержан З нар нь Ц сумд өвөлжихөөр нүүх үед уг байшинг надад эзэмшүүлж орхисон ба миний бие байшин хуучирч муудсан хүн суухын аргагүй болсон тул дүнзэн мод бэлтгэн, аймгийн төвөөс 80 ш банз, 2 вакум цонх, бусад шаардлагатай модон материалыг худалдан авч байшинг нурааж өмнө байсан газраас 50 м холдуулан урт нь 9 м өргөн нь 5 метр байшинг Ц сумын 1 дүгээр багт оршин суудаг Х гэгчийг хөлслөн авч бариулсан.Өнөөдрийн байдлаар К.Хы надаас нэхээд байгаа байшин нь байхгүй байтал 2004 онд барьсан байшин одоо болтол байгаа мэтээр бодит байдлыг нуун дарагдуулж үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байгааг би зөвшөөрөхгүй. Шүүхээс үзлэг хийх явцад хуучин байшингийн суурь нь хаана байгааг талуудыг байлцуулан бүгдээрээ харсан билээ. Одоо миний амьдарч байгаа байшин маань шинэ материалаар баригдсан, шинэ банзаар дээвэрлэсэн, 2 вакум цонхтой, бүх юм нь цоо шинэ 5x9 харьцаатай байшин юм. Би өөрийн хүч хөдөлмөрөөр өчнөөн хөрөнгө мөнгө зарцуулж барьсан байшин байтал үндэслэлгүйгээр 15 жилийн дараа нэхэж байгаа нь хууль бус. Хы нэрийг барьж эхнэр нь З аав маань нас барсныг далимдуулан Атэй нийлж эд хөрөнгийн шунахай сэдэлтэд хөтлөгдөн 15 жилийн өмнө худалдсан байшингаа нэхэж байгаа нь хүний ёсонд нийцэхгүй. З нь тийм эд хөрөнгөнд хайртай юм бол энэ хугацаанд юмаа нэхэж ирэх байсан. Гэтэл З, Х хоёр нь хавар, өвөл, зунгүй манайд ирээд хонон өнжин байж цагаан идээгээ авч явдаг байсан. Тэр үед байшин, хашаа хороогоо янзалж байгааг байнга хардаг, нэг ч үг дуугардаггүй, байшин хашаагаа сайн янзалж авсан байна гэдэг л байсан. Би хамаатан Хыг сайн мэддэг хүний хувьд тэрээр ийм эд хөрөнгийн шунахай сэдэлттэй гэдэгт итгэхгүй байна. Түүний нэрийг барьж эхнэр нь нэхэмжлэл гаргаж энэ бүх юмыг зохион байгуулж байгаад би бүрэн итгэж байна.
2. Анх Хы нэхээд байгаа шиг 12 x 10 харьцаатай чулуугаар өрсөн битүү саравч хашаа болон 8 x 10 харьцаатай шурга модоор босгосон задгай хашаа байгаагүй. Х нүүх үед 8 x 6 харьцаатай чулуугаар барьсан саравчтай хашаа 5 x 5 харьцаатай намхан шургаагаар дээвэрлэсэн байшин амбаарын хамт байсан. Үүнээс өөр юм байгаагүй. Тэр үед мал төллүүлдэг байсан тул хашаа маань жижигдэж бог мал багтахгүй байсан, малын төлийг хаших хашаа байгаагүй тул 2005 оноос эхлэн аав Мын заасны дагуу хүргэн ах Ержан, З, Ө бид 4 чулуун хашааг тойруулан чулуугаар битүү өвсний хашаа, битүү үхрийн хашаа, битүү малын төлийн 4 x 4 харьцаатай хашаа, битүү хонины хашааг тус тус нэмж барьж сүүлд хавар цагт мал хаших зорилгоор малын хашааны урьд шургаагаар хоёр задгай хашааг тус тус барьсан. Өөрөөр хэлбэл Хаас авах үед нэг л хашаа байсан бол өнөөдөр 5 малын битүү хашаа, 2 задгай хашаатай том малын хашаа болж өргөжсөн байгааг үзлэг хийх үед эрхэм шүүгч харсан байх.
3. Хадлангийн талбай бол байгалийн жамаар томорсоор байгаад сүүл бид чулууг нь түүж хадлан болгосон талбай болохоос З тал газарт өвс ургуулаагүй. Х 2003 онд хашаагаа барьж 2004 онд нүүгээд явсан. 1 жилийн дотор тал газрыг хэчнээн суваг татаж усжуулсан ч том хадлан болохгүй. Эхэндээ бид хадлангаас өвс авдаггүй байсан ба сүүлд шинээр суваг нэмж барьж чулууг түүж томсгосоор байгаад өнөөдрийн хэмжээнд хүргэсэн. 2010 онд тойруулан торон хашаа татсан. Дээрх байдлыг З нар мэдэхийн дээдээр мэдэж байгаа мөртлөө бүх юмыг өөрсдөө барьсан мэтээр шүүхийн байгууллагыг төөрөгдүүлж нэхэмжлэл гаргаж байгаад харамсаж байна. Иймээс өөрийнхөө хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө гаргаж барьсан хашаа, хадлангийн талбай, байшинг би зүгээр өгөхгүй. Аав маань худалдаж авсан учраас З, Х нарт хамаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч М.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч К.Х Могойт гэх газарт 2003 онд 5х5 байшин, хашаа барьсан гэж байна. Гэхдээ 2004 онд тэр байшинг миний эцэг М худалдаж авсан. Тухайн үед байшинг худалдсан талаар баримт байхгүй учраас өнөөдөр маргаан гарч байна. Энэ маргаан 3 жилийн хугацаанд явсан. Эцсийн эцэст миний эцэг маань амьд сэрүүн биш учраас ийм маргаан гарч байна. Бидний өнчин, өрөөсөн байдлыг маань ашиглаж ийм асуудал гарч байна гэж үзэж байна. Миний бодлоор К.Х өөрөө ийм нэхэмжлэл бичээгүй, өөр хүмүүсийн оролцоо байгаа гэж үзэж байна. Нэхэмжлэгч К.Х тайлбарлахдаа тухайн үед байшинг Ад захиж явсан гэж байна. Та бүхэн А бид нарын хооронд ямар асуудал байгаа гэдгийг мэдэж байгаа. Тийм учраас энэ асуудалд А болон бусад хүмүүсийн оролцоо байгаа гэж үзэж байна. К.Х өөрөө ийм асуудал гаргах хүн биш. Хоёр удаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хоёр өөр гарын үсэг зурсан байсан. Миний бие К.Х өөрөө нэхэмжлэл гаргасан гэдэгт итгээгүй байсан, одоо хүртэл итгэхгүй байгаа.
Нохой хүртэл нэг нэгэндээ энэрэнгүй чанараар харьцаж байхад хүн чанар гаргахгүй байгаа энэ асуудалд маш их эмзэглэж байна. К.Х хүний хэлсэн үгэнд итгэж, хүний үгээр явж байна. Тухайн үед бид нар тухайн байшинг 600000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тухайн үед 600000 төгрөг нь нэлээд их мөнгө байлаа. Тэр байшинд 15 жил суурьшиж амьдарч байгаа. Шүүхээс үзлэг хийхэд та бүхэн өөрсдөө харсан байх. Одоогийн амьдарч байгаа байшин вакум цонхтой, орчин үеийн загварт нийцүүлж барьсан байгаа. 2003 онд вакум цонх хөдөө байтугай Өд байсан уу гэдэг асуудал байгаа. Эцэг маань тухайн үед хуваарьт хөрөнгөөс нь М.Бд тухайн байшинг өгч байсан. Тухайн үед ямар ч хүн амьдрах боломгүй байшинг өөрчилж орчин үеийн байшин болгож авсан. Тухайн үед байшинг Ад захиж үлдээсэн гэж байна. Энэ маргаанд А, З нар оролцдог. Нэхэмжлэгч тайлбарлахдаа хадлангийн талбайн хашаа татсан гэж байна. Тэр хашааг анх Сакен, Мергенбай зэрэг хүмүүс татаж байсан. 2004 онд К.Х сумын төвд нүүж ирэхэд би дагаж ирж түүний гэрт 2 жил сургуульд сурч байсан. Эцэг маань амьд сэрүүн байх үед К.Хд чадлаараа тусалж дэмждэг байсан. Манайд ирж түлээ түлшээ бэлдэж аваад явдаг байсан. Эцэг маань хорвоогийн мөнх бусыг үзүүлсний дараа ийм асуудал гаргаж байна. 2003 онд хашаа байшин худалдаж аваад шинээр байшин болгож барих үед К.Х өөрөө байшингийн мялаалга гэж 50000-100000 төгрөгийг халааснаасаа гаргаж өгч байсан. М.З яагаад энэ асуудалд оролцож байна гэж байна. М.З бид нарыг багаас нь асарч, харсан хүн байгаа. Тэр байшин бол М.Бд хуваарьт хөрөнгө болгож өгсөн хөрөнгө.
Тухайн үед хашаа хороо, байшин барьсан гэж байна. Тэрнээс хойш зөндөө олон удаа өөрчилсөн. Хонь, үхэр, адууны хашаа гэх мэт байдлаар 4-5 хашаа баригдсан. Хэрвээ тухайн үед К.Х худалдаагүй байсан бол бид нар хүний эд хөрөнгийг эвдэж оронд нь хашаа хороо барихгүй. Зарсан, худалдсан учраас оронд нь хашаа хороо барьж амьдарч байгаа. Бидний эцэг эхээс үлдсэн хөрөнгө маргааш бид нараас ч үлдэнэ. Улаанбаатар хотод байдаг Адил гэдэг хүн К.Хд утсаар залгаж асуухад би мэдэхгүй, би шүүхэд хандаагүй гэж хэлсэн байна. Мөн Д гэдэг хүнд бас тэгж хэлсэн байна. Тийм учраас К.Х өөрөө нэхэмжлэл гаргаагүй байх гэж бодож байна. Хадлангийн талбайн хувьд 2 км газар байгаа гэж байна. Үүний доод талд 200 м-ийг бид нар өөрсдөө хашиж усалж, хадланг авч байгаа. Бүх байшин, хашааг бид нар өөрсдөө хөдөлмөрөөрөө барж босгосон. Зийн хэлж байгаачлан 5х5 хэмжээний байшин, 4х5 хэмжээний амбаар байхгүй. Үүнийг шүүхээс үзлэг хийхээр очиход та бүхэн өөрсдөө харсан. К.Х өөрөө шүүх хуралдаанд анх удаа оролцож байна. М энэ байшинг М.Бд хуваарьт хөрөнгө болгож үлдээсэн байгаа, эцгээс нь үлдсэн ганцхан хөрөнгө байгаа гэв.
Хариуцагч М.З шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид нар 2004 онд К.Хаас байшин, хашаа, хороог худалдаж авсан. Тухайн үед хадлангийн өвс авч байгаагүй. Хадлангийн талбай гэх жижиг газрыг авч, тэрнийг өөрсдөө тордож, хашаа татаж, хадлан авч байгаа. Би өөрөө айлын том хүүхэд нь бөгөөд нэг эмэгтэй, хоёр эрэгтэй дүүтэй. Би тэд нарыг асран хамгаалж, гэрийн бүх ажлыг хийж байсан. Бидний өргөмөл ээж болох А би чиний дүү нарыг харж чадахгүй, малыг чинь маллаж чадахгүй, би өөрөө ажилтай хүн гэж хэлсэн учраас миний хадам талын хүмүүсээс очиж намайг асууж авсан. Би тэрнээс хойш 10 жил мал маллаж, дүү нараа асран хамгаалж хажууд нь сууж байгаа. Тэр байшинг миний эцэг М.Бд үлдээсэн. Тэнд байгаа хашаа, хороо бүгд эзэмшил нэгтэй боловч байшинд М.Б өөрөө амьдарч байгаа. Тухайн үед 600000 төгрөгөөр худалдаж авсан. Үүнийг бүх ард түмэн мэдэж байгаа. Би өнгөрсөн хавар К.Х ахад залгаж яагаад нэхэмжлэл гаргаж байгаа юм бэ, энэ асуудал юу вэ гэхэд би нэхэмжлэл гаргаагүй, мэдэхгүй гэж хэлж байсан. Энэ асуудал маш ичгэвтэр хэрэг боллоо. Миний дүү болох М.Б өвчтэй, хөдөлмөрийн чадвараа алдсан хүн байгаа. Би дүү нарынхаа хажууд байж одоо хүртэл асарч харж хамгаалж байгаа. К.Х бараг миний төрсөн ах байгаа. Миний эцэг нас барсан үед К.Х бид нарт би та нарыг асран хамгаална, харж хандана гэж хэлж байсан боловч М.Ө, М.Б нарын хажуугаас нь Ержаныг зайлуул гэж хэлж байсан. Хэрвээ би тэдний хажуугаас нь явах юм бол маргааш юу болохыг мэдэхгүй. М.Б өвчтэй, М.Ө ганц бие байгаа учраас тэдний хажууд нь байгаа. Би айлын бүх настай хүмүүсийг К.Хтай уулзуулаад энэ асуудлыг хэлүүлэхэд би шүүхэд нэхэмжлэл гаргаагүй гэж хэлж байсан. М.Б өөрөө өвчтэй хүн. Тэр хүнийг байшингаас хөөж гаргаад та ямар ашиг олох юм бэ. Бид нарын эцэг өнгөрснөөс хойш бид нарыг харж хандах хүний нэг К.Х та өөрөө шүү дээ. М.Бы байдлыг өөрөө мэдэж байгаа шүү дээ.
Хадлангийн талбайд хашаа татах үед зөвшөөрөлгүй татахгүй гэхээр нь бид нар гэрээ байгуулсан, энэ гэрээ байгаа. Тухайн үед байшинг өөрчилж барьж, хашаа татсан бүх асуудлыг К.Х өөрөө харсан, мэдэж байгаа. Эцэг маань 6 сар өвдөж хэвтэрт байхад К.Х өөрөө очиж харж байсан. Хэрвээ тэдгээр байшин, хашаа хороог авах байсан бол тухайн үед эцэг маань амьд сэрүүн байхад яагаад аваагүй юм бэ. Дүү нарын маань эцэг, эх, ах, эгч гэх харж хандах хүн би л байгаа. Би эцгээсээ 12 настайдаа, М.Ө 1 нас 6 сартайдаа үлдсэн. Би тэрнээс хойш дүү нараа харж хандаж байгаа. К.Х өөрөө шүүх хуралдаанд ирээд бид нарыг хараад нэхэмжлэлээсээ татгалзах байх гэж бодсон. Байшин М.Бых, хашаа хороо минийх байгаа. Бид нар өөрсдөө нийлээд өөрчилж барьсан. Байшин М.Бых, хашаа хороо биднийх байгаа гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж,
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч К.Х нь нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, хариуцагч М.Б, М.З нарт холбогдуулан Б аймгийн Ц сумын 2 дугаар багийн нутаг Могойт гэх газарт байрлалтай 40 м2 талбайтай, 2 өрөө дүнзэн байшин, 120 м2 /12м х 10м/ талбайтай чулуун ханатай битүү саравчтай хашаа болон 80 м2 /8м х 10м/ шургаа модоор хөндлөн татсан сараалжин ханатай задгай хашаа, хадлангийн талбайн өмчлөгч К.Х мөн болохыг тогтоож, М.Б, М.З хууль бус эзэмшлээс чөлөөлж, албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгчээс хариуцагч нарт холбогдуулан Б аймгийн Ц сумын 2 дугаар багийн нутаг Могойт гэх газарт байрлалтай 40 м2 талбайтай, 2 өрөө дүнзэн байшингийн өмчлөгч К.Х болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч уг байшинг барьсан гэх газар нь Монгол Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалтай газарт хамрагддаг болох нь хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар мөн Б аймгийн Ц сумын газрын даамлын тодорхойлолт зэргээр нотлогдож байна.
Монгол улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Тусгай хамгаалалттай газар нутгийн дархан цаазат, байгалийн цогцолбор, байгалийн нөөц, дурсгалт газар гэж ангилдаг гэж заасан байна.
Монгол Улсын Их Хурлын 1996 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаартай Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай тогтоолын 2-т Б аймгийн Ц, Улаанхус, Сагсай, Алтай сумын нутаг дахь Монгол Алтайн нурууны Алтай таван богд уул, Хөвчүү, Ёлт уул, Хотон, Хурн, Даян нуурыг орчмыг хамарсан газар нутгийг Алтай таван богдын байгалийн цогцолборт газар ... тус тус болгож, Энэхүү тогтоолын хоёрдугаар хавсралтаар Алтайн таван богд, хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хилийн заагийг тогтоож өгсөн байна.
Мөн Байгаль орчны сайдын 1998 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 143 дугаартай Улсын тусгай хамгаалалттай зарим бүсийн хилийн заагийг тогтоох тухай тушаалын 2 дугаар хавсралтаар Алтайн таван богдын байгалийн цогцолборт газрын бүсийн хилийн заагийг баталсан байна. Энэхүү хавсралтаар Алтайн таван богдын байгалийн цогцолборт газрын бүсийн хилийн заагийг 1. Онцгой бүс, 2. Аялал жуулчлалын бүс, 3. Хязгаарлалтын бүс гэж тус тус тогтоосон байна.
Б аймгийн Монгол алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны даргын 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн албан бичигт: Ц сумын Могойт гэх газар нь Алтайн Таван богдын байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд ордог бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгүүдэд зааснаар тухайн хязгаарлалтын бүсэд оршин сууж буй нутгийн иргэд байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр гэрээний үндсэн дээр уламжлалт аргаар мал аж ахуй эрхэлж болно гэсэн байна.
Эдгээр нотлох баримтаар нэхэмжлэгч К.Хы Б аймгийн Ц сумын 2 дугаар багийн нутаг Могойт гэх газарт барьсан 40 м2 талбайтай, 2 өрөө дүнзэн байшин, саравчтай хашаа, задгай хашаа, хадлангийн талбайн байрлаж байгаа газар нь Алтай таван богдын байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд хамаарч байгаа болох нь нотлогдож байна.
Нэхэмжлэгч К.Х нь ... тухайн хязгаарлалтын бүсэд оршин сууж буй нутгийн иргэд байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр гэрээний үндсэн дээр уламжлалт аргаар мал аж ахуй эрхэлж болно гэж хуулинд заасны дагуу уг газарт гэрээний үндсэн дээр уламжлалт аргаар мал аж ахуй эрхэлж байсан хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.
Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч байна, мөн хуулийн 5.2-т бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно гэж тус тус заасан бөгөөд уг маргаан бүхий газарт газар эзэмших болон өмчлөх эрхийг нэхэмжлэгч К.Хд олгоогүй, Б аймгийн Ц сумын Могойт гэх газар нь Алтай таван богдын байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд хамаарч байгаа тул нэхэмжлэгч К.Х тухайн газрыг ашигладаг болохоос тухайн газрыг эзэмших, өмчлөх, мөн тухайн газарт мал аж ахуй эрхлэх зорилгоор барьсан байшин, хашаа хороонд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдоогүй болох нь тогтоогдож байна.
Уг газарт 2003 онд нэхэмжлэгч К.Х нь 40 м2 талбайтай, 2 өрөө дүнзэн байшинг өөрийн хөрөнгөөр барьж, 2005 онд амьдралын шаардлагаар Өд нүүж явахад хамаатны ах А.Мд захиж үлдээж түүнээс хойш уг байшинд А.М нь эхнэр хүүхдүүдтэйгээ хамт хаваржиж, намарждаг байсан болох нь талуудын тайлбар, Н.Ан шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байгаа боловч уг байшинд хаваржиж, намарждаг байсан А.М нь 2016 оны 8 дугаар сард нас барснаар түүний хоёр дахь эхнэр болон хүүхдүүд нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнд маргаж, улмаар нэхэмжлэгчийн 2003 онд барьсан байшинг А.М нь амьд байхдаа нэхэмжлэгч К.Хаас худалдаж авсан гэж маргаан үүсгэж нэхэмжлэгчээс тус шүүхэд уг байшингийн өмчлөгчөөр тогтоож, байшингаас хариуцагч нарыг албадан нүүлгэхийг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа боловч энэхүү үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.
Нэхэмжлэгчээс Ц сумын 2 дугаар багийн нутаг Могойт гэх газарт байрлалтай 40 м2 талбайтай, 2 өрөө дүнзэн байшингийн өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага гаргасан боловч Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар шинээр бий болсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгүүлээгүй, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ байхгүй буюу аваагүй болох нь нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн тайлбараар нотлогдож байна.
Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ, мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар 3.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа газар түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох барилга байгууламж, хөлөг онгоц зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д заасныг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна гэж тус тус заасан ба нэхэмжлэгч К.Х нь Б аймгийн Ц сумын 2 дугаар багийн нутаг Могойт гэх газарт байрлалтай 2003 онд барьсан гэх 40 м2 талбайтай, 2 өрөө дүнзэн байшинг улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхтэй талаарх улсын бүртгэлийн гэрчилгээ аваагүй байх тул нэхэмжлэгчийн уг 40 м2 талбайтай, 2 өрөө дүнзэн байшингийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.
Нэхэмжлэгч К.Х нь ... Б аймгийн Ц сумын 2 дугаар багийн нутаг Могойт гэх газарт байрлалтай 40 м2 талбайтай, 2 өрөө дүнзэн байшинг өөрийн хөрөнгөөр 2003 онд барьсан гэж тайлбарлаж байгаа боловч түүнээс хойш уг хөрөнгөө бусдын өмчлөлөөс шаардаж авах эрхтэй байсан мөртлөө тухайн үед захиж авсан гэх М нь нас барьсны дараа уг байшинд М.Б амьдарч байгаа гэж шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн хариуцагч М.Бы эцэг нь талийгаач А.М нь нэхэмжлэгч К.Хы ах бөгөөд ах дүүс болох нь талуудын шүүхэд гаргасан тайлбараар нотлогддог.
Хариуцагч нараас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ... уг байшинг бидний эцэг А.М нь амьд байхдаа нэхэмжлэгчээс 600000 төгрөгөөр худалдаж авсан тул бид нар уг байшингийн эзэмшигч гэж маргаж, тэр хавьд амьдардаг хөрш айлуудын хүмүүсээс нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтыг ирүүлсэн ба шүүх хуралдаанд гэрчээр оролцсон А.Дын уг маргаан бүхий байшинг К.Х надад худалдсан би 600000 төгрөгөөр худалдаж авлаа гэж М надад хэлсэн, тэр хавийн хүмүүс бүгд мэддэг, К.Х байшингаа Мд худалдсан нь үнэн гэж мэдүүлсэн мэдүүлгээр К.Х маргаж байгаа эд хөрөнгөө талийгаач М худалдсан, одоо уг байшинд М.Б амьдарч байгаа болох нь талуудын тайлбар болон гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна гэж үзлээ.
Хариуцагч М.Б нь ... маргаан бүхий байшинг 2014 онд нурааж, өмнө байсан газраас 50 м холдуулан 5м х 9м-ийн байшин шинэчлэн барьсан, К.Хы шүүхээр маргаж байгаа байшин байхгүй гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... бидний барьсан газарт байшин хэвээрээ байгаа гэж тус тус тайлбарлаж байгаа боловч маргаан бүхий газарт байрлах байшинд шүүхээс үзлэг хийхэд хариуцагч М.Бы шинээр барьсан 5м х 9м харьцаатай балкаар барьсан байшингаас 20 метрийн цаана хуучин байшингийн суурь байсан ба энэ нь нэхэмжлэгч К.Хы өөрийн хөрөнгөөр барьсан гэх байшингийн хуучин суурь байсан нь үзлэгээр тогтоогдсон болно.
Маргаан бүхий 40 м2 талбайтай хоёр өрөө дүнзэн байшин байхгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар, мөн гэрчийн мэдүүлгээр, үзлэгээр Б аймгийн Ц сумын Могойт гэх газарт байршилтай балкаар шинээр барьсан, 2 вакум цонхтой, 1 өрөө том ямар нэгэн тасалгаагүй 5м х 9м харьцаатай байшин байгаа болох нь үзлэгээр нотлогдож байна /хх-ийн 173, 249, 250-р хуудас/
Нэхэмжлэгч К.Хы нэхэмжлэлд дурдсан Б аймгийн Ц сумын Могойт гэх газарт байршилтай чулуун ханатай битүү саравчтай хашаа, шургаа модоор хөндлөн татсан сараалжин ханатай задгай хашаа, хадлангийн талбайн өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэсний дагуу тус тус маргаан бүхий газарт үзлэг хийхэд уг газарт байрлах саравчтай битүү хашаа 31,8/15,5, залгаа амбаар 4,3/4, 3, 2 үүдний задгай хашаа 8,8/10, 54, 19,7/17 хэмжээтэй байсан ба нэхэмжлэгч К.Хы өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн хашаа хороо нь нэхэмжлэлд дурьдсан хэмжээнээс зөрүүтэй, уг хашаа хороонуудын залгаа хариуцагчийн зааж байгаа К.Хы хуучин байшингийн суурь байсан бөгөөд энэхүү эд хөрөнгүүд нь нэхэмжлэгч К.Хы хөрөнгө мөн эсэх нь тодорхойгүй бусад хөндлөнгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зааж өгсөн хадлангийн талбайд үзлэг хэмжилт хийхэд 28266 м2 га газар байсан ба уг газар нь маш их чулуулаг хадлан авах боломжгүй, хадлангийн талбай байсан эсэх нь тодорхойгүй, ямар нэгэн эрхийн гэрчилгээ байхгүй, ... өмнө уг газраас хадлан авч байсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар нотлох баримт байхгүй тул уг хадлангийн талбай нэхэмжлэгчийн хадлангийн газар гэдэг нь тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч К.Х нь 120 м2 /12м х 10м/ талбайтай чулуун ханатай битүү саравчтай хашаа болон 80 м2 /8м х 10м/ шургаа модоор хөндлөн татсан сараалжин ханатай задгай хашаа, хадлангийн талбайг өмчилж байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар болон хөндлөнгийн ямар нэгэн нотлох баримтаар нотлогдохгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн Б аймгийн Ц сумын 2 дугаар багийн нутаг Могойт гэх газарт байрлалтай 40 м2 талбайтай, 2 өрөө дүнзэн байшин, 120 м2 /12м х 10м/ талбайтай чулуун ханатай битүү саравчтай хашаа болон 80 м2 /8м х 10м/ шургаа модоор хөндлөн татсан сараалжин ханатай задгай хашаа, хадлангийн талбайн өмчлөгч К.Х мөн болохыг тогтоож, М.Б, М.З нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Захиргааны журмаар хураагдсан эд зүйл, баримт бичиг, хууль бус орлогыг улсын орлого болгох тооцооны хуудас, 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 007 дугаартай Байгаль орчны хууль тогтоомж зөрчсөн тухай тэмдэглэл, 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 13/26 дугаартай тасалбар зэргээс үзэхэд Мын Б нь хууль бусаар 40 ш мод бэлтгэсэн зөрчил гаргасан учир хууль журмын дагуу хураалгаж, торгуулж байсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч К.Хы Б аймгийн Ц сумын 2 дугаар багийн нутаг Могойт гэх газарт байрлалтай 40 м2 талбайтай, 2 өрөө дүнзэн байшин, 120 м2 /12м х 10м/ талбайтай чулуун ханатай битүү саравчтай хашаа болон 80 м2 /8м х 10м/ шургаа модоор хөндлөн татсан сараалжин ханатай задгай хашаа, хадлангийн талбайн өмчлөгч К.Х мөн болохыг тогтоож, М.Б, М.З нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч К.Хы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, тэдгээрийн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН