Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 130/ШШ2019/00733

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын .. дугаар багт байрлах, улсын бүртгэлийн дугаар, регистрийн дугаартай, Ө сумын Засаг дарга /Х.Б/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б аймгийн Ө сумын .. дүгээр багт оршин суух, Х овогт Еын Ж,

 

Хариуцагч: Б аймгийн Ө сумын .. дүгээр багт оршин суух, Х овогт Хий Е /рд:, утас: / нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, түүний өмгөөлөгч С.Н, хариуцагчийн өмгөөлөгч Х.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээл хүүгийн хамт 17,821,500 төгрөгийг хариуцагч Х.Еаас гаргуулахыг хүсжээ.

 

Нэхэмжлэгч Ө сумын Засаг даргаас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Агийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа: Иргэн Б.Ж, Х.Е нар нь 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр сум хөгжүүлэх сангаас 36 сарын хугацаатай жилийн 3%-ийн хүүтэй 15,000,000 төгрөг зээл авсан бөгөөд 3 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Зээлийн хугацаа 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр дуусгавар болсон боловч өнөөдрийг хүртэл зээлээ төлөхгүй хугацаа хэтрүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч талаас анх тус шүүхэд хариуцагчаар Б.Ж, Х.Е нарыг тодорхойлж тэд нараас зээлийг мөнгийг, хүүгийн хамт нэхэмжилсэн. Уг зээлийн гэрээнд үндсэн зээлдэгч Б.Ж байгаа боловч гэрээний дагуу зээлдүүлсэн мөнгийг хамтран зээлдэгч Х.Еын дансанд орсон тул бид хариуцагчаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар Х.Еыг тодорхойлж байна. Зөвхөн Х.Еаас нэхэмжилж байгаа болно. Иймд хуулийн дагуу үндсэн зээл хүүгийн хамт 17,821,500 төгрөгийг хариуцагч Х.Еаас гаргуулж байгууллагыг хохиролгүй болгож өгөхийг хүсье гэв.

 

Хариуцагч Х.Е шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б аймгийн Ө сумын Засаг даргаас тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Х.Е, Б.Ж нарт холбогдуулан гаргасан Иргэн Б.Ж, Х.Е нараас Сум хөгжүүлэх сангаас авсан зээл 17,821,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 2014 онд Ө сумын Сум хөгжүүлэх сангаас 15,000,000 сая төгрөгийн зээлийг миний хүү болох Б.Жын нэрээр хүүхдийн цэцэрлэг байгуулах тухай төсөл боловсруулж, Ө сумын Засаг даргад хандаж байсан боловч тухайн үед аймгийн Мэргэжлийн хяналтын газраас цэцэрлэг байгуулах зөвшөөрөл олгоогүй, өөрөөр хэлбэл манай барилга байгууламжийг цэцэрлэгийн зориулалтаар ашиглахад стандартын шаардлага хангахгүй хэмээн үзэж улсын байцаагчийн дүгнэлт гаргахаас татгалзсан юм. Дээрх нөхцөл байдлын улмаас нэгэнт бидний боловсруулсан төсөл хөтөлбөр хэрэгжих боломжгүй байдалд хүрснээр миний хувьд сум хөгжүүлэх сангаас зээл авах шаардлагагүй болсон тул авсан зээлээ нэн даруй төлж барагдуулж /2016 эхээр бүрэн төлж дуусгасан/ банкны зээл төлсөн квитанцыг /баримтыг/ Ө сумын ЗДТГ-ын сум хөгжүүлэх сангийн зээл хариуцсан ажилтанд хүлээлгэж өгсөн. /Банкнаас төлбөр төлсөн баримт гэж 1 хувийг өгдөг байсан ба энэ хувь нь зээл хариуцсан ажилтанд үлдсэн./ Харин зээлийг чухам ямар дансанд хийлгэж байсныг одоо тодорхой санахгүй байна. Тэрээр, тухайн сум хөгжүүлэх сангийн 15,000,000 төгрөгийн зээлийг бүрэн төлж дуусгасан бөгөөд зээлийн барьцаанд тавьсан Ө сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай барилгын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон газрын гэрчилгээний эх хувийг тухайн төсөлд хавсаргасан материалаасаа буцаан авсан болохыг дурдаж байна. Энэ тохиолдолд хэрэв зээл төлөгдөөгүй нөхцөлд барьцаанд тавьсан гэрчилгээнүүдийн эх хувийг надад өгөх учиргүй болохыг шүүх анхаарч үзнэ үү. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ...Иргэн Б.Ж, Х.Е нар нь 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр сум хөгжүүлэх сангаас 36 сарын хугацаатай жилийн 3%-ийн хүүтэй 15,000,000 төгрөг зээл авсан бөгөөд 3 жилийн хугацаатай гэрээ байгуулсан... гэжээ. Түүнчлэн, миний бие зээлийг дээрх байдлаар 2016 оны эхээр бүрэн төлж барагдуулсан болно. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д ...гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил... гэж тусгасан байх тул хөөн хэлэлцэх хугацаан өнгөрсөн гэж үзэж байна.

 

Гэтэл 5 жилийн дараа 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Х.Е намайг зээлийн гэрээ байгуулж, 15,000,000 төгрөг авсан мэтээр, зээлээ эргүүлэн төлөөгүй гэж гүтгэж, улмаар хүүгийн хамт 17,821,500 төгрөгийг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй болжээ.

 

Иймд нэхэмжлэгчийн иргэн Б.Ж, Х.Е нараас Сум хөгжүүлэх сангаас авсан зээл 17,821,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хариуцагч Х.Еад шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба түүний өмгөөлөгчөөс хариуцагчаас шүүх хуралдаанд биечлэн оролцуулахгүйгээр хийхэд татгалзахгүй талаарх хүсэлтээ өмнөх хойшлуулсан шүүх хуралдаан дээр гаргасан ба уг хүсэлтээ дэмжиж байгааг илэрхийлсэн тул хариуцагчийг байлцахгүйгээр шүүх хуралдаан хийхэд татгалзахгүй гэсний дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хариуцагчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Нэхэмжлэгч Б аймгийн Ө сумын Засаг даргаас анх шүүхэд хариуцагч Б.Ж, Х.Е нараас Сум хөгжүүлэх сангаас авсан зээл хүүгийн хамт 17821500 төгрөг гаргуулахыг хүссэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасан эрхийн дагуу хариуцагчаар Х.Еыг тодорхойлж, түүнээс дээрх мөнгийг төлүүлж байгууллагыг хохиролгүй болгохыг хүссэн бөгөөд хариуцагчаас түүнийг эс зөвшөөрч уг мөнгийг төлчихсөн гэж маргажээ.

 

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 04 дугаартай Ө сумын сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээгээр Ө сумын сум хөгжүүлэх сангаас Еын Жад 15000000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай олгосон бөгөөд уг гэрээнд зээлдүүлэгчийг төлөөлж Ө сумын Засаг дарга Ө.Хабай, зээлдэгчийг төлөөлж Ж, хамтран үүрэг гүйцэтгэгч Х.Е нар гарын үсэг зурж тамга дарсан ба нотариатч гэрээний үнэн зөвийг баталсан байна.

 

Уг зээлийн гэрээний зээл төлөх хуваариас үзэхэд дээрх зээлийг зээлдэгч нь 2014 оны 10 дугаар сарын 31-нээс эхлэн сар бүр 454545 төгрөг төлж 2017 оны 9 дүгээр сарын 30-нд дуусгахаар болж талууд харилцан тохиролцсон байжээ.

 

Талуудын хооронд байгуулсан дээрх зээлийн гэрээний хоёрдугаар зүйлийн 2.5-д Зээлдэгч гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчийг заавал байлцуулан гарын үсэг зурна. Хамтран гүйцэтгэгч гэдэг нь эхнэр, нөхөр, хүүхдийнхээ нэр дээр зээл авсан бол аав, ээжийн аль нэг болон аж ахуйн нэгжийн захирал, нягтлан бодогч нар байна гэж тусгасан байх ба уг гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр зээлдэгч Б.Жын аав нь болох Х.Е гарын үсэг зурсан ба Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2-т хамтран үүрэг хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйл үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ гэж хуульчилснаар хариуцагч Х.Е нь гэрээнд зааснаар хамтран хүлээх үүрэг үүсжээ.

 

Нөгөөтээгүүр мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр байна гэж зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч болох Ө сумын Засаг дарга нь үүргийн гүйцэтгэлийг буюу зээлийн гэрээний үүргийг хариуцагч Х.Еаас бүхэлд нь шаардах эрхтэй байна гэж шүүх үзлээ.

 

Мөн түүнчлэн 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №25 дугаартай Төлбөрийн баримт-аар 15000000 (арван таван сая) төгрөгийн зээлийг 0000регистрийн дугаартай, хариуцагч Х.Еын Х банкан дахь 0000дугаартай дансанд төрийн сангийн дансаар дамжуулан Б аймгийн Ө сумын Сум хөгжүүлэх сангаас олгосон болох нь хариуцагчийн Х банкны Б салбарын 0000дугаар дансны хуулгаар нотлогдож байгаа бөгөөд хариуцагчаас уг мөнгийг авснаа зөвшөөрч, маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Харин хариуцагч Х.Еаас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ уг Ө сумын Сум хөгжүүлэх сангаас авсан 15.000.000 төгрөгийг миний хүү болох Б.Жын нэрээр хүүхдийн цэцэрлэг байгуулах тухай төсөл боловсруулж авсан бөгөөд тухайн үед аймгийн Мэргэжлийн хяналтын газраас цэцэрлэг байгуулах зөвшөөрөл олгоогүй, манай барилга байгууламжийг цэцэрлэгийн зориулалтаар ашиглахад стандартын шаардлага хангахгүй хэмээн үзэж улсын байцаагчийн дүгнэлт гаргахаас татгалзсан учраас уг зээлийг авах шаардлагагүй болсон тул авсан зээлээ буцааж төлчихсэн гэж тайлбарлажээ.

 

Гэтэл шүүхээс зохигчдын хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, хавтаст хэрэгт танилцуулсан боловч хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан үүргээ биелүүлж нэхэмжлэгч байгууллагаас олгосон үндсэн зээл болох 15000000 төгрөгийг төлсөн эсэхээ бичгийн нотлох баримтаар нотлож чадаагүй, нэхэмжлэгч талын хүсэлтээр 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Ө сумын Төрийн сангийн 100021355401 тоот дансанд 2016.01.01-2018.12.31-ний хүртлэх хугацааны орлого, зарлагын хуулага болон Ө сумын Сум хөгжүүлэх сангийн 2018 оны баримтад шүүхээс үзлэг хийхэд үндсэн зээлдэгч Б.Ж, хамтран зээлдэгч Х.Е нарын нэр дээр зээл төлсөн талаарх баримт гаргаагүй талаар үзлэг хийсэн тэмдэглэл болон Ө сумын Төрийн сангийн мөн оны орлого, зарлагын дансны хуулгуудаар уг зээлийг үндсэн зээлдэгч, хамтран зээлдэгч нарын зүгээс төлсөн нь тогтоогдоогүй бөгөөд хариуцагч Х.Еаас уг зээлийг төлсөн гэх тайлбар нь үгүйсгэгдэж байна.

 

Нэхэмжлэгч болон хамтран зээлдэгч нарын хооронд 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 04 дугаартай Ө сумын сум хөгжүүлэх сангаас олгох зэлийн гэрээнээс үзэхэд зээлдүүлэгч Ө сумын Засаг дарга нь үндсэн зээлдэгч Б.Ж, хамтран зээлдэгч Х.Е нарт 15000000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 36 сар хүртэл хугацаагаар зээлдүүлсэн байна.

 

Гэрээний дээрх заалтын дагуу хүү тооцоход хариуцагч нь нэг жилд 450000 /15000000х3%= 450000/ төгрөг төлөх ёстой байх ба 3 жилийн хугацаанд 1350000 /450000х3 =1350000/ төгрөгийн хүү төлөхөөр байна. Нэхэмжлэгч талаас үндсэн зээл 15,000,000 төгрөг, хүүгийн хамт 17,821,500 төгрөг нэхэмжилсэн боловч зээлийн хүүг ямар байдлаар тооцсон үндэслэлээ нотолж чадаагүй.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд хариуцагчаас үндсэн зээл, хүү, торгуултай хамт нийт 17,821,500 төгрөг нэхэмжилж байгаа гэж өмгөөллийн үгэндээ тайлбарладаг боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т ... Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй гэж зөвхөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, багасгаж, ихэсгэх эрхийг эдлэхээр заасан ба нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн үндэслэлээ үндсэн зээл, хүү гэж тодорхойлсон тул шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож мөн нэхэмжлэгчээс хариуцагчаар Х.Еыг тодорхойлж, түүнээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг хүссэн тул хариуцагч Б.Жад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд хамтран зээлдэгч Х.Еаас үндсэн зээл 15,000,000 төгрөг, зээлийн хүүд 1,350,000 төгрөг, нийт 16,350,000 (15000000+1350000) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б аймгийн Ө сумын Засаг даргад олгож, илүү нэхэмжилсэн 1,471,500 төгрөг мөн хариуцагч Б.Жад холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Х.Еаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 239700 төгрөг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.2, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Х.Еаас Сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээл 15,000,000 төгрөг, зээлийн хүү 1,350,000 төгрөг, нийт 16,350,000 /арван зургаан сая гурван зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б аймгийн Ө сумын Засаг даргад олгож, илүү нэхэмжилсэн 1,471,500 /нэг сая дөрвөн зуун далан нэгэн мянга таван зуун/ төгрөг болон хариуцагч Б.Жад холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Ө сумын Засаг дарга улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Х.Еаас 239700 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4. Энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ