Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/01436

 

 

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг

даргын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Л.Атарцэцэг даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар  

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 130/ШШ2019/00733 дугаар шийдвэр

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 9 дүгээр магадлалтай, 

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,

Х.Берболат, Б.Журагат нарт холбогдох  

Сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээл хүүгийн хамт 17,821,500.00 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Х.Берболатын гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Иргэн Б.Журагат, Х.Берболат нар нь 2014.07.28-ны өдөр сум хөгжүүлэх сангаас 36 сарын хугацаатай жилийн 3 хувийн хүүтэй 15,000,000.00 төгрөгийн зээл авсан бөгөөд 3 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Зээлийн хугацаа 2017.07.28-ны өдөр дуусгавар болсон боловч өнөөдрийг хүртэл зээлээ төлөхгүй хугацаа хэтрүүлсэн байна. Х.Берболат нь 15,000,000 төгрөгийн зээлийг өөрөө авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа тул хамтран хариуцагчаар татагдсан Б.Журагатыг хариуцагчаар татсан хэсгээс татгалзаж байна. Цаашид тус хэргийн хариуцагч нь Х.Берболат гэдгийг тодруулж байгаа ба нэхэмжлэлд бичигдсэн үндсэн зээлийг хүүгийн хамтаар 17,821,500.00 төгрөгийг Х.Берболатаас гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргаас тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Х.Берболат, Б.Журагат нарт холбогдуулан гаргасан Сум хөгжүүлэх сангаас авсан зээл 17,821,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 2014 онд Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас 15,000,000.00 төгрөгийн зээлийг миний хүү болох Б.Журагатын нэрээр хүүхдийн цэцэрлэг байгуулах тухай төсөл боловсруулж, Өлгий сумын Засаг даргад хандаж байсан боловч тухайн үед аймгийн Мэргэжлийн хяналтын газраас цэцэрлэг байгуулах зөвшөөрөл олгоогүй, өөрөөр хэлбэл манай барилга байгууламжийг цэцэрлэгийн зориулалтаар ашиглахад стандартын шаардлага хангахгүй хэмээн үзэж улсын байцаагчийн дүгнэлт гаргахаас татгалзсан. Дээрх нөхцөл байдлын улмаас нэгэнт бидний боловсруулсан төсөл хөтөлбөр хэрэгжих боломжгүй байдалд хүрснээр миний хувьд сум хөгжүүлэх сангаас зээл авах шаардлагагүй болсон тул авсан зээлээ нэн даруй төлж барагдуулж /2016 эхээр бүрэн төлж дуусгасан/ банкны зээл төлсөн баримтыг Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын сум хөгжүүлэх сангийн зээл хариуцсан ажилтанд хүлээлгэж өгсөн. /Банкнаас төлбөр төлсөн баримт гэж 1 хувийг өгдөг байсан ба энэ хувь нь зээл хариуцсан ажилтанд үлдсэн/ Харин зээлийг чухам ямар дансанд хийлгэж байсныг одоо тодорхой санахгүй байна. Тэрээр, тухайн сум хөгжүүлэх сангийн 15,000,000.00 төгрөгийн зээлийг бүрэн төлж дуусгасан бөгөөд зээлийн барьцаанд тавьсан Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай барилгын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон газрын гэрчилгээний эх хувийг тухайн төсөлд хавсаргасан материалаас буцаан авсан. Хэрэв зээл төлөгдөөгүй нөхцөлд барьцаанд тавьсан гэрчилгээнүүдийн эх хувийг надад өгөх учиргүй. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ...Иргэн Б.Журагат, Х.Берболат нар нь 2014.07.28-ны өдөр сум хөгжүүлэх сангаас 36 сарын хугацаатай жилийн 3 хувийн хүүтэй 15,000,000.00 төгрөг зээл авсан бөгөөд 3 жилийн хугацаатай гэрээ байгуулсан... гэжээ. Миний бие зээлийг дээрх байдлаар 2016 оны эхээр бүрэн төлж барагдуулсан болно. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д ...гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил... гэж тусгасан байх тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж байна. Гэтэл 5 жилийн дараа 2014.07.28-ны өдөр Х.Берболат намайг зээлийн гэрээ байгуулж 15,000,000.00 төгрөг авсан мэтээр зээлээ эргүүлэн төлөөгүй гэж гүтгэж, улмаар хүүгийн хамт 17,821,500.00 төгрөгийг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй. Иймд нэхэмжлэгчийн иргэн Б.Журагат, Х.Берболат нараас Сум хөгжүүлэх сангаас авсан зээл 17,821,500.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 130/ШШ2019/00733 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.2, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг тус тус баримтлан Х.Берболатаас Сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээл 15,000,000.00 төгрөг, зээлийн хүү 1,350,000.00 төгрөг, нийт 16,350,000.00 төгрөгийг гаргуулан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргад олгож, илүү нэхэмжилсэн 1,471,500.00 төгрөг болон Б.Журагатад холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 9 дүгээр магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 130/ШШ2019/00733 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Х.Берболатаас Сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээл 15,000,000.00 төгрөг, зээлийн хүү 1,350,000.00 төгрөг, нийт 16,350,000.00 төгрөг гаргуулан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,471,500.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Б.Журагатад холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,700.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.  

Хариуцагч Х.Берболат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2-т заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. 2014 онд Өлгий сумын "Сум хөгжүүлэх сан-гаас 15,000,000 төгрөгийн зээлийг миний хүү болох Б.Журагатын нэрээр хүүхдийн цэцэрлэг байгуулах тухай төсөл боловсруулж, Өлгий сумын Засаг даргад хандаж байсан боловч тухайн үед аймгийн Мэргэжлийн хяналтын газраас цэцэрлэг байгуулах зөвшөөрөл олгоогүй, өөрөөр хэлбэл манай барилга байгууламжийг цэцэрлэгийн зориулалтаар ашиглахад стандартын шаардлага хангахгүй хэмээн үзэж улсын байцаагчийн дүгнэлт гаргахаас татгалзсан юм. Дээрх нөхцөл байдлын улмаас нэгэнт бидний боловсруулсан төсөл хөтөлбөр хэрэгжих боломжгүй байдалд хүрснээр миний хувьд сум хөгжүүлэх сангаас зээл авах шаардлагагүй болсон тул авсан зээлээ нэн даруй төлж барагдуулж /2016 эхээр бүрэн төлж дуусгасан/ банкны зээл төлсөн баримтыг Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын сум хөгжүүлэх сангийн зээл хариуцсан ажилтанд хүлээлгэж өгсөн. /Банкнаас төлбөр төлсөн баримт гэж 1 хувийг өгдөг байсан ба энэ хувь нь зээл хариуцсан ажилтанд үлдсэн./ Харин зээлийг чухам ямар дансанд хийлгэж байсныг одоо тодорхой санахгүй байна. Тэрээр, тухайн сум хөгжүүлэх сангийн 15,000,000 төгрөгийн зээлийг бүрэн төлж дуусгасан бөгөөд зээлийн барьцаанд тавьсан Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай барилгын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон газрын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний эх хувийг тухайн төсөлд хавсаргасан материалаасаа буцаан авсан болохыг дурдаж байна. Энэ тохиолдолд хэрэв зээл төлөгдөөгүй нөхцөлд барьцаанд тавьсан гэрчилгээнүүдийн эх хувийг надад өгөх учиргүй болохыг шүүх анхаарч үзээгүй. Мөн нэхэмжлэлдээ ...Б.Журагат, Х.Бербол нар нь 2014.07.28-ны өдөр сум хөгжүүлэх сангаас 36 сарын хугацаатай жилийн 3 хувийн хүүтэй 15,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд 3 жилийн хугацаатай гэрээ байгуулсан... гэжээ. Миний иргэний цахим үнэмлэх дэх овог, нэр маань Х.Берболат гэж нэрлэгддэг байх тул хэрэв зээл авсан гэж үзвэл Х.Бербол гэх хүнээс нэхэмжлэх нь зүйтэй бөгөөд би өөрийгөө энэ хэргийн хариуцагч биш гэж ойлгохоор байна.

Түүнчлэн, миний бие зээлийг дээрх байдлаар 2016 оны эхээр бүрэн төлж барагдуулсан болно. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д ...гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил... гэж тусгасан байх тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Нөгөөтээгүүр, хамтран хариуцагч болох Б.Журагатаас зээлээ төлсөн эсэх, төлөөгүй эсэх талаар ямар нэгэн хариу тайлбар аваагүй, нэхэмжлэлийн нэг хувийг гардуулаагүй, эрх, үүрэг тайлбарлаагүй атал хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн. Иймд анхан болон давж заалдах шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.  

ХЯНАВАЛ: 

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга нь Х.Берболат, Б.Журагат нарт холбогдуулан Сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээл, хүүгийн хамт 17,821,500.00 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу зээл 15,000,000 төгрөг, зээлийн хүү 1,350,000 төгрөг, нийт 16,350,000.00 төгрөгийг хариуцагч Х.Берболатаас гаргуулж, хариуцагч Б.Журагатад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулсан байна.

Хяналтын шатны шүүхэд Х.Берболатын гаргасан гомдлыг доор дурдсан үндэслэлээр хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Б.Журагат, Х.Берболат нар 2014.07.28-ны өдөр №04 тоот Өлгий сумын сум хөгжүүлэх сангаас зээл олгох зээлийн гэрээг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргатай бичгээр байгуулж, 15,000,000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан нь тогтоогджээ. 

Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ гэж зөв тодорхойлжээ. 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд зохигчийн хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байх тул гэрээнд заасан үүргийг талуудын хэн аль нь биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм.  

Өлгий сумын сум хөгжүүлэх сангаас зээл олгох зээлийн гэрээний 3.2-т зааснаар зээлийг зээлдэгчийн 5180534450 тоот дансанд шилжүүлэх үүргээ зээлдүүлэгч биелүүлсэн болох нь хариуцагчийн тайлбар, төрийн сангийн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ЗДТГ-ын Төрийн сангийн 2014.10.30-ны өдрийн төлбөрийн хүсэлт, төрийн сангийн дансны зарлагын дэлгэрэнгүй тайлан, ХААН банкны 2019.12.02-ны өдрийн 5180/715 дугаар албан бичиг, тус банк дахь Х.Берболатын 5180534450 дугаар дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Энэ талаар талууд маргаагүй болно. 

Өөрийн шаардлага болон татгалзлыг нотлох үүргийг зохигч хүлээнэ. Шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийнэ.  

Хариуцагч Х.Берболат төсөл хөтөлбөр хэрэгжих боломжгүй болсноор сум хөгжүүлэх сангаас авсан зээлээ 2016 оны эхээр нэн даруй бүрэн төлж дуусгасан, зээл төлсөн банкны баримтыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ЗДТГ-ын зээл хариуцсан ажилтанд хүлээлгэж өгсөн гэсэн тайлбараа нотлох баримтаар нотлож чадаагүй байна.

Анхан шатны шүүх хариуцагчийн хүсэлтээр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ЗДТГ-ын Төрийн сангийн 2016-2018 оныг дуустал хугацааны 100021355401 тоот дансны орлого, зарлагын хуулга болон Өлгий сумын Сум хөгжүүлэх сангийн 2018 оны баримтуудад үзлэг хийхэд, хариуцагч Х.Берболатын нэр дээр зээлийн эргэн төлөлт хийсэн нь тогтоогдоогүй байна.  

Иймд нэхэмжлэгч нь үндсэн зээл, зээлийн гэрээнд заасан хэмжээнд зээлийн хүүг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д тус тус заасны дагуу шаардах эрхтэй. 

2. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний зээлдэгчээр Х.Берболат, Б.Журагат нар гарын үсгээ зурсан, зээл Х.Берболатын ХААН банк дахь 5180534450 дугаар дансанд шилжсэн, хариуцагч Х.Берболат хариу тайлбартаа уг зээлийг өөрийн хүү Б.Журагатын нэрээр өөрөө авснаа хүлээн зөвшөөрсөн байх тул анхан шатны шүүх Б.Журагатад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй.  

Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагч Х.Берболатаас зээл, зээлийн хүүд нийт 16,350,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасантай нийцжээ. 

3. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан зохицуулалтыг зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй байна.       

Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байдаг. 

Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна. Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно.   

Талууд зээлийн гэрээг 36 сарын хугацаатай байгуулсан, зээлийг төлөх хуваарийг 2014.10.31-ний өдрөөс 2017.09.30-ны өдрийн хугацаанд сар бүр 454,545 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ. 

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга Х.Бахытхумар 2019.05.01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хөөн хэлэлцэх гурван жилийн хугацаа өнгөрсөн гэж үзэхгүй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэж заажээ. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ...Х.Бербол ...үндсэн зээл хүүгийн хамт 17,821,500 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэсэн хэдий ч уг нэхэмжлэлийн хариуцагч гэдэгт Х.Берболатын эцгийн нэр, нэр, регистрийн дугаар бичигдсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Одгэрэлийн 2019.10.30-ны өдрийн хариуцагчийг өөрчлөх тухай хүсэлтэд ...хариуцагч Х.Берболат... гэж нэрлэн заасан байна.  

Үүнээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг бөгөөд энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчимд хамаардаг учиртай.  

Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд зохигч хэн аль нь хариуцагчийн талаар маргаагүй болно. 

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл хоёр шатны шүүх Х.Берболатаас зээлийн гэрээний үүрэг 16,350,000.00 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.  

Иймд хариуцагчийн ...Х.Бербол гэх хүнээс нэхэмжлэх нь зүйтэй, ...15,000,000 төгрөгийн зээлийг бүрэн төлж дуусгасан... гэсэн гомдол хангагдахгүй. 

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,700.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөв хэрэглээгүй байна.  

Дээр дүгнэснээр магадлалд зохих өөрчлөлт оруулж, хариуцагч Х.Берболатын гаргасан гомдлыг хангахгүй орхив.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 9 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,700 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй гэж өөрчлөн магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Х.Берболатын гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 239,700 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

   

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              Л.АТАРЦЭЦЭГ 

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН             Г.АЛТАНЧИМЭГ

                                                 ШҮҮГЧИД             П.ЗОЛЗАЯА 

                                                                               С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                                 Х.СОНИНБАЯР