Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 212/МА2019/00044

 

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,   

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2019/00413 дугаар шийдвэртэй, Өлгий сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, Б.Ж, Х.Б нарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.       

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар К.Еркежан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Х.Б, Б.Ж нараас үндсэн зээлийг хүүгийн хамт 17821500.00 төгрөг гаргуулах” тухай.

 

Нэхэмжлэлд: “Иргэн Б.Ж, Х.Б нар нь 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр сум хөгжүүлэх сангаас 36 сарын хугацаатай жилийн 3 хувийн хүүтэй 15000000.00 төгрөг зээл авсан бөгөөд 3 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Зээлийн хугацаа 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр дуусгавар болсон боловч өнөөдрийг хүртэл зээлээ төлөхгүй хугацаа хэтрүүлсэн байна. Иймд иргэн Б.Ж, Х.Б нараас үндсэн зээл хүүгийн хамт 17821500.00 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Х.Б-ын тайлбарт: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 2014 онд Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас 15000000.00 төгрөгийн зээлийг миний хүү болох Б.Ж-ын нэрээр хүүхдийн цэцэрлэг байгуулах тухай төсөл боловсруулж, Өлгий сумын Засаг даргад хандаж байсан боловч тухайн үед аймгийн Мэргэжлийн хяналтын газраас цэцэрлэг байгуулах зөвшөөрөл олгоогүй, өөрөөр хэлбэл манай барилга байгууламжийг цэцэрлэгийн зориулалтаар ашиглахад стандартын шаардлага хангахгүй хэмээн үзэж улсын байцаагчийн дүгнэлт гаргахаас татгалзсан. Дээрх нөхцөл байдлын улмаас нэгэнт бидний боловсруулсан төсөл хөтөлбөр хэрэгжих боломжгүй байдалд хүрснээр миний хувьд сум хөгжүүлэх сангаас зээл авах шаардлагагүй болсон тул авсан зээлээ нэн даруй төлж барагдуулж /2016 эхээр бүрэн төлж дуусгасан/ банкны зээл төлсөн баримтыг Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын сум хөгжүүлэх сангийн зээл хариуцсан ажилтанд хүлээлгэж өгсөн. /Банкнаас төлбөр төлсөн баримт гэж 1 хувийг өгдөг байсан ба энэ хувь нь зээл хариуцсан ажилтанд үлдсэн/

Харин зээлийг чухам ямар дансанд хийлгэж байсныг одоо тодорхой санахгүй байна. Тэрээр, тухайн сум хөгжүүлэх сангийн 15000000.00 төгрөгийн зээлийг бүрэн төлж дуусгасан бөгөөд зээлийн барьцаанд тавьсан Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай барилгын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон газрын гэрчилгээний эх хувийг тухайн төсөлд хавсаргасан материалаас буцаан авсан. Хэрэв зээл төлөгдөөгүй нөхцөлд барьцаанд тавьсан гэрчилгээнүүдийн эх хувийг надад өгөх учиргүй. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ...Иргэн Б.Ж, Х.Б нар нь 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр сум хөгжүүлэх сангаас 36 сарын хугацаатай жилийн 3 хувийн хүүтэй 15000000.00 төгрөг зээл авсан бөгөөд 3 жилийн хугацаатай гэрээ байгуулсан... гэжээ. Миний бие зээлийг дээрх байдлаар 2016 оны эхээр бүрэн төлж барагдуулсан болно. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д ...гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил... гэж тусгасан байх тул хөөн хэлэлцэх хугацаан өнгөрсөн гэж үзэж байна.

Гэтэл 5 жилийн дараа 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Х.Б намайг зээлийн гэрээ байгуулж 15000000.00 төгрөг авсан мэтээр зээлээ эргүүлэн төлөөгүй гэж гүтгэж, улмаар хүүгийн хамт 17821500.00 төгрөгийг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй. Иймд нэхэмжлэгчийн иргэн Б.Ж, Х.Б нараас Сум хөгжүүлэх сангаас авсан зээл 17821500.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2019/00413 дугаар шийдвэрээр  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т заасныг баримтлан Х.Б-аас үндсэн зээл 15000000.00 төгрөг, зээлийн хүүд 1350000.00 төгрөг, нийт 16350000.00 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын сум хөгжүүлэх санд олгож, илүү нэхэмжилсэн 1471500.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Х.Б-ын давж заалдах гомдолд: “Нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн үндэслэлээ хангалттай нотолж чадаагүй байхад зөвхөн нэг талыг баримталж, тэнцвэртэй байдлыг хангахгүй хэргийг шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Өлгий сумын Засаг даргаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. 2014 онд Өлгий сумын “Сум хөгжүүлэх сан”-аас 15000000.00 төгрөгийн зээлийг миний хүү болох Б.Ж-ын нэрээр хүүхдийн цэцэрлэг байгуулах тухай төсөл боловсруулж, Өлгий сумын Засаг даргад хандаж байсан боловч тухайн үед аймгийн Мэргэжлийн хяналтын газраас цэцэрлэг байгуулах зөвшөөрөл олгоогүй, өөрөөр хэлбэл манай барилга байгууламжийг цэцэрлэгийн зориулалтаар ашиглахад стандартын шаардлага хангахгүй хэмээн үзэж улсын байцаагчийн дүгнэлт гаргахаас татгалзсан.

Дээрх нөхцөл байдлын улмаас нэгэнт бидний боловсруулсан төсөл хөтөлбөр хэрэгжих боломжгүй байдалд хүрснээр миний хувьд сум хөгжүүлэх сангаас зээл авах шаардлагагүй болсон тул авсан зээлээ нэн даруй төлж барагдуулж /2016 эхээр бүрэн төлж дуусгасан/ банкны зээл төлсөн баримтыг Өлгий сумын ЗДТГ-ын сум хөгжүүлэх сангийн зээл хариуцсан ажилтанд хүлээлгэж өгсөн. /Банкнаас төлбөр төлсөн баримт гэж 1 хувийг өгдөг байсан ба энэ хувь нь зээл хариуцсан ажилтанд үлдсэн./

Харин зээлийг чухам ямар дансанд хийлгэж байсныг одоо тодорхой санахгүй байна. Тэрээр, тухайн сум хөгжүүлэх сангийн 15000000.00 төгрөгийн зээлийг бүрэн төлж дуусгасан бөгөөд зээлийн барьцаанд тавьсан Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай барилгын .... тоот дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон ... тоот дугаартай газрын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний эх хувийг тухайн төсөлд хавсаргасан материалаасаа буцаан авсан болохыг дурдаж байна. Хэрэв зээл төлөгдөөгүй нөхцөлд барьцаанд тавьсан гэрчилгээнүүдийн эх хувийг надад өгөх учиргүй. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...Иргэн Б.Ж, Х.Бер нар нь 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдөр сум хөгжүүлэх сангаас 36 сарын хугацаатай жилийн 3 хувийн хүүтэй 15000000.00 төгрөг зээл авсан бөгөөд 3 жилийн хугацаатай гэрээ байгуулсан...” гэжээ. Миний иргэний цахим үнэмлэх дэх овог, нэр маань Х.Б гэж нэрлэгддэг байх тул хэрэв зээл авсан гэж үзвэл Х.Бер гэх хүнээс нэхэмжлэх нь зүйн хэрэг бөгөөд би өөрийгөө энэ хэргийн хариуцагч биш гэж ойлгохоор байна. Түүнчлэн, миний бие зээлийг дээрх байдлаар 2016 оны эхээр бүрэн төлж барагдуулсан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “...гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил...” гэж тусгасан байх тул хөөн хэлэлцэх хугацаан өнгөрсөн байна.

Гэтэл 5 жилийн дараа 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Х.Б намайг зээлийн гэрээ байгуулж, 15000000.00 төгрөг авсан мэтээр, зээлээ эргүүлэн төлөөгүй гэж гүтгэж, улмаар хүүгийн хамт 17821500.00 төгрөгийг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй. Түүнчлэн, хамтран хариуцагч болох Б.Ж-аас зээлээ төлсөн эсэх, төлөөгүй эсэх талаар ямар нэгэн хариу тайлбар аваагүй, нэхэмжлэлийн нэг хувийг гардуулаагүй, эрх, үүрэг тайлбарлаагүй атал хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчжээ.

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийх, хууль ёсны бөгөөд холбогдох хуулийн зүйл заалтыг зөв тайлбарлан хэргийг шийдвэрлэж чадаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: “Бидний зүгээс иргэн Б.Ж-ын нэр дээр 2014 оны 07 дугаар сард 15.000.000 /арван таван сая/ төгрөгийн зээлийг олгож байсан зээлийн гэрээ, сум хөгжүүлэх сангаас тухайн үед зээл олгож байсан дансны зарлагын баримт байгаа боловч иргэн Б.Ж Х.Б нарын сангийн “100021355401” тоот дансанд зээл төлсөн ямар нэгэн орлогын хуулга байхгүй. Тухай үед байсан төрийн сангийн мэргэжилтэн нас барсан ба хэрэв өгсөн бол бүх баримт бичигт үдэгдэн жилийн тайлан архивлагдан үдэгдэх ёстой. Сум хөгжүүлэх сангаас зээл авсан иргэд нь Өлгий сумын сум хөгжүүлэх сангийн 100021355401 тоот дансанд зээлийн төлөлт хийж байх ёстой үүнийг ч Х.Б нь өөрөө сайн мэдэж байгаа. Учир нь тухайн үеийн орон тооны бус зөвлөлийн гишүүн ба тус зээлийг гаргаж байхад ажлын хэсэгт орж хамтран ажиллаж байсан. Үл хөдлөх хөрөнгөө манайд барьцаанд тавиагүй, барьцаанд үл хөдлөх хөрөнгөө тавьсан иргэдийн нэрсийн жагсаалтаас харагдахгүй байна. Үндсэн зээлдэгч болох Б.Ж-ыг шүүхээс дуудсан боловч Б.Ж нь Казакстан улс руу явсан нь багийн Засаг даргын тодорхойлолтоор батлагдаж байсан тул иргэн Х.Б нь шүүхэд хүсэлт гаргаж тус зээлийн хариуцагчаар өөрийгөө оролцуулахыг хүссэн хүсэлтийн үндсэн дээр бидний зүгээс Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт хүргүүлж зээлийн гэрээнд үндсэн зээлдэгчийн нэгэн адил үүрэг, хариуцлага хүлээнэ гэж харилцан, тохиролцож хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон X.Б-ыг зээлийн хариуцагчаар оролцуулж өгөхийг хүсэж тухайн өдрийн шүүх хурал болсон. Мөн зээлдэгч нь 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 3 жилийн хугацаатай зээл авсан, төлөх хугацаа нь 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр үүнээс харахад хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй ба тайлбарын нийт агуулга нь санаатайгаар төрөөс олгож буй хөнгөлөлттэй зээлийг хэрэгтэй үедээ өөрт ашигтай байдлаар авчхаад эргүүлэн төлөхөөс зайлсхийж өөрийн эрхээ хэтрүүлэн хэрэглэж иргэний үүрэг, хариуцлагаас эрс татгалзаж төрийг хохироож байгаа нь харагдаж байна. Тус сангийн ажил нь энэ мэтийн хариуцлагагүй байдлын үндсэн дээр цалгардаж төрд их хэмжээний хохирол учруулж байгааг анхаарах нь зүйтэй гэж үзэж байна. Иргэний хуулийн 75 дугаар 75.1-т хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил заасан байна. Х.Б нь иргэн хүнийхээ үүрэг, хариуцлагаа хүндэтгэн биелүүлж авсан зээлээ эргүүлэн төлж төрийн хохирлыг барагдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ. Иймд анхан шатны шүүх нь үнэн зөвийг тогтоож чадсан шударгаар асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 130/ШШ2019/00413 дугаартай шийдвэрийг хэвээр нь үлдээж өгөхийг хүсье.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргаас хариуцагч Б.Ж, Х.Б нарт холбогдуулан сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээлийг хүүгийн хамт (17821500.00 төгрөг) гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь зэрэг нотлох баримтуудыг нэхэмжлэлдээ хавсаргажээ. Анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШЗ2019/01100 дугаар шүүгчийн захирамжаар уг нэхэмжлэлд хариуцагч Х.Б, Б.Ж[1] нарт холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн байна.

 

Шүүх дээрх нэхэмжлэлийг хуульд зааснаар хариуцагч Х.Б-д гардуулж, хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгжүүлэх эрх, үүргийн талаар болон хэргийн материалтай танилцуулж, хариуцагчийн хариу тайлбарыг авах зэргээр түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ. Харин хариуцагч Б.Ж-ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахгүйгээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хариуцагч Х.Б-аас гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг алдагдуулснаас гадна 25 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрхийг, 26 дугаар зүйлийн 26.3, 67, 72 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна. 

 

            Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дээрх нөхцөл байдлын талаар “Нэхэмжлэгч ... үндсэн зээлдэгч болох Б.Ж нь Казахстан улсад оршин сууж байгаа тул хамтран үүрэг гүйцэтгэгч болох Х.Б-аар төлүүлж өгөхийг шаардсан...” гэж дүгнэсэн нь нотлох баримтад үндэслэгдээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.-т заасан зохицуулалтад нийцээгүй. Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл Өлгий сумын Засаг дарга болон хариуцагч Б.Ж нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан ба нэхэмжлэгч уг зээлийн төлбөрийг хариуцагч Б.Ж, Х.Б нараас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хүсэлтэд[2] “...үндсэн зээлдэгч  Б.Ж нь Казахстан улс руу шилжин явсан нь тухайн багийн Засаг даргын тодорхойлолтоор батлагдсан. Тус зээлийн хамтран үүрэг гүйцэтгэгчээр иргэн “Х.Бер” нь харилцан тохиролцож үндсэн зээлдэгчийн адил үүрэг хариуцлага хүлээнэ гэж гэрээнд заасан журмын дагуу гарын үсгээ зурсан байна. Иймд Б.Ж-ын хамтран үүрэг гүйцэтгэгч болох “Х.Бер-ийг” хариуцагчаар татаж сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн мөнгийг гаргуулж өгөхийг хүсье.” гэж бичсэнээс үзвэл, нэхэмжлэгч нь хариуцагч Б.Ж-тай холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан гэж үзэх, зээлийн төлбөрийг бүхэлдээ хариуцагч Х.Б-аас гаргуулахаар шаардсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

            Хариуцагч Б.Ж-ын талаарх Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн Засаг даргын “Б.Ж нь Баян-Өлгийд байхгүй болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт нь түүнийг БНКазахстан Улсад түр оршин сууж байгааг, эсхүл гадаад улсын харьяат болж шилжин явсныг нотлохгүй бөгөөд хариуцагч Б.Ж нь Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт байнга оршин суудаггүй, гадаад улсад түр оршин суудаг, эсхүл иргэний харьяаллаа өөрчилсөн зэрэг нь түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахгүй байх хууль зүйн үндэслэл болохгүй. Хэрвээ хариуцагч Б.Ж-ын оршин суугаа хаяг тодорхойгүй бол шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах шаардлагатай.

 

            Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга нэхэмжлэл гаргасан байхад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хариуцагч Х.Б-аас гаргуулж “... Өлгий сумын сум хөгжүүлэх санд” олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 115 дугаар зүйлийн 115.2.-т заасантай нийцээгүйг тэмдэглэв.

 

            Иймд хариуцагч Х.Б-ын “хамтран хариуцагч болох Б.Ж-аас зээлээ төлсөн эсэх, төлөөгүй эсэх талаар ямар нэгэн хариу тайлбар аваагүй, нэхэмжлэлийн нэг хувийг гардуулаагүй, эрх, үүрэг тайлбарлаагүй атал хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчжээ” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй тул хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3.-т зааснаар хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна.

 

            Хариуцагч Х.Б-ын давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 239700.00 төгрөгийг хуульд заасан журмаар шүүгчийн захирамжаар түүнд буцаан олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2019/00413 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагч Х.Б-ын  давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч Х.Б-ын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239700.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                           Д.МӨНХӨӨ                                                              

С.ӨМИРБЕК

 


[1] Хэргийн 8 дугаар тал. Шүүгчийн уг захирамжийн тогтоох хэсгийн эхний заалт дугаарлагдаагүйгээс гадна хариуцагч Ж-ын овгийн эхний үсгийг “А” гэж буруу ташаа бичсэн.

[2] Хэргийн 20 дугаар тал.