Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2020/02302

 

 

 

 

 

 

 

 

 

 

2020 06 23

101/ШШ2020/02302

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: 07 тоотод оршин суух, Ёндон овогт М.М /РД:/-гийн  нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: 0 тоотод оршин суух Боржигон тайж овогт Н.Б /РД:0/-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээгээр шилжүүлсэн 10,490,502 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б-Ө, харицагч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь өөрийн хадам эгч Б.Ааар төлөөлүүлэн Н.Бтай 2018 оны 11-р сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 4-р хороонд байрлах Декор зочид буудал, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн 6 давхарт 555 м.кв талбайн дотор засал тохижилтын ажлыг хийхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан бөгөөд гэрээний нийт төлбөр нь 48,840,000 төгрөгийн үнийн дүнтэй ба 2018 оны 11 сарын 06 эхлэн ажил дуусах хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Гэрээний хугацаанд нийт 33,930,000 төгрөгийг Хаан банкны 0 тоот дансанд шилжүүлсэн. Гэвч гүйцэтгэгч тал буюу Н.Б нь гэрээг зөрчин ажлын хөлсний 70 хувийг урьдчилан авсан боловч ажлын гүйцэтгэл хувь буюу 14,060,890 төгрөгийн үнэлгээтэй ажлыг хийж гүйцэтгэн 2019.03.07-ны өдрөөс хойш ажилдаа ирэхгүй, хийсэн ажлын гүйцэтгэл дутуу, чанарын шаардлага хангаагүй байна гэж сануулсан боловч одоог хүртэл хариу мэдэгдэлгүй алга болсон. Одоогоор манай байгууллага дутуу ажлыг бусад бригадуудаар хийлгэж хөлсөнд 18,129,179 төгрөгийг төлөөд байна. Тийм учраас гэрээний дагуу зөрүү мөнгө 19,869,110 төгрөгийг алданги болох 7,152,879 төгрөг, нийт 27,021,990 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан.

Шүүхээс томилсон шинжээч нь Н.Бгийн гүйцэтгэсэн ажлыг 26,936,332 төгрөгөөр үнэлсэн. Иймд нийт шилжүүлсэн ажлын хөлс 33,930,000 төгрөгөөс 26,936,332 төгрөгийг хасч, 6,993,668 төгрөг, алдангид 3,496,834 төгрөг, нийт 10,490,502 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Б.Атай гэрээ байгуулж Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Декор зочид буудлын 6 давхарын 555 м.кв дотоод заслын ажлын хөлсийг 48,840,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр 2018 оны 11 сарын 06-ны өдөр гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу ажлын гүйцэтгэлийг 2018 оны 11 сарын 06-ны өдрөөс хийж эхэлсэн. Зочид буудлын заслын материалыг захиалагч талаас гаргаж байсан бөгөөд 2019 оны 03 сараас эхлэн захиалагч тал ямар ч мөнгө төгрөггүй бараа материалаар хангахгүй болсон гэсэн шалтгаанаар заслын гүйцэтгэлийн ажлыг зогсоосон. Иймд сул зогсолт үүссэн тул захиалагч талтай тохиролцсоны үндсэн дээр сул зогсолтын үед манай компани өөр газар очиж ажиллахаар болсон. Гэвч захиалагч нь санхүүжилттэй болсноо, гэрээ цуцлах болсон талаар бид нарт огт мэдэгдэлгүй шууд өөр газраар бид нарын хийж байсан ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж дуусгасан байсан. Манай бригад нийт 32,000,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн байсан болно. Нэхэмжлэгч Мажигсүрэн үлдэх 16,840,000 төгрөгийн ажлыг өөр бусад этгээдээр 16,840,000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлсэн байсан болно. Нэхэмжлэгч гэрээний хугацаанд 33,930,000 төгрөгийг миний ХААН банкны 0 тоот дансанд төлсөн. Уг мөнгөнөөс 1,930,000 төгрөг нь өөр гэрээний үүрэгтэй холбоотой ажлын хөлс байсан. 2018 оны 11 сарын 06-ны өдөр гэрээний ажлын хөлсөнд нийт 32,000,000 төгрөгийг хүлээж авсан. Би өөрөө уг ажлыг гүйцэтгэснээр ажилчдын хөлсөнд 40,000,000 төгрөг төлж хохирсон. Иймд нэхэмжлэгч Мажигсүрэнгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч М.Мажигсүрэн нь хариуцагч Н.Бд холбогдуулан гэрээний үүрэгт 27,021,990 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээний ажлын хөлсөнд илүү төлсөн 6,993,668 төгрөг, алданги 3,496,834 төгрөг, нийт 10,490,502 төгрөг гаргуулахаар шаардлагаа багасгаж, тодорхойлсон.

 

Хариуцагч ажил гүйцэтгэх гэрээг захиалагчийн буруутай үйлдлээс цуцлах болсон, ажил гүйцэтгэхийн тулд өөрөөсөө илүү зардал гаргасан гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Зохигчид 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр барилгын дотор заслын ажил гүйцэтгэх гэрээг 3 жилийн хугацаатай байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч Н.Б нь Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, ЭТӨЧ-93-т байрлах Декор зочид буудал, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 6 давхарын дотор гадна засал, тохижилтын ажлыг гүйцэтгэх, захиалагч нь 48,480,000 төгрөгийн ажлын хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсчээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.

 

Уг гэрээг Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт Хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулж хийж болно гэж, 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт Төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар буюу бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно гэж тус тус зааснаар захиалагч М.М-г төлөөлж Б.А байгуулсан байна.

 

Гүйцэтгэгч Н.Б нь гэрээний хүчин төгөлдөр эсэх үйл баримтад болон гэрээний дагуу нийт 33,930,000 төгрөгийг хүлээн авсан талаар маргаагүй. Харин уг 33,930,000 төгрөгөөс 1,930,000 төгрөг нь өөр гэрээний харилцаанаас үүдэлтэй ажлын хөлс, иймд 32,000,000 төгрөгийг ажлын хөлсөнд авсан гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу ажлын хөлсөнд шилжүүлсэн 33,930,000 төгрөгийн хэмжээний ажлын үр дүн хүлээлгэж өгөөгүй гэж, хариуцагч нь хүлээн авсан ажлын хөлсөнд тохирсон ажил гүйцэтгэсэн гэж тус тус маргасан тул шүүх хариуцагчийн хүсэлтээр гүйцэтгэгчийн нийт гүйцэтгэсэн ажлын төсөвийг гаргуулахаар шинжээч томилсон байна.

 

Шинжээч Лэндс ХХК-иас Декор зочид буудал, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 6 давхарын дотор гадна засал, тохижилтын ажлын үнэлгээг хоёр талыг биечлэн байлцуулан 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөр тооцож, нийт үнэ цэнийг 26,936,332 төгрөгөөр гүйцэтгэлийн үнэлгээг тогтоосон байна.

 

Иймд гүйцэтгэгчийн нийт гүйцэтгэсэн дотор засал, тохижилтын ажлын үр дүнг 26,936,332 төгрөгийн төсөвтэй байна гэж үзэхээр байна. Шинжээчийн дүгнэлтэд ажлын цалингийн зардал, ашигласан машин механизмын зардлыг холбогдох төсвийн дүрэм, журам, зааврыг үндэслэн жишиг үнэ, тариф, татварын хураамж, индекс зэргийг харьцуулан дүгнэж гаргасан байна. Талууд дээрх шинжээчийн дүгнэлтэд гомдол гаргаагүй.

 

Талууд ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан өдрөөс эхлэн 3 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байхаар тохиролцсон боловч нэхэмжлэгч нь гэрээний хугацаанаас өмнө цуцлах шаардлага гаргасан. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрхтэй. Хариуцагч нь гэрээ цуцалсантай холбоотойгоор хохирол учирсан талаар шаардлага гаргаж маргаагүй болно.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар талууд гэрээ цуцалсантай холбоотойгоор ажлын гүйцэтгэлийн үр дүнд тохирсон ажлын хөлс авч, илүүг буцаан өгөх үүрэгтэй.

Хариуцагч нь ажлын хөлсөнд нийт 24,930,000 төгрөгийг дансаар, 9,000,000 төгрөгт тооцуулж Муссо пикап маркийн суудлын автомашин авсан талаар тэрээр тайлбарласан. Гүйцэтгэгч нь 33,930,000 төгрөгийг ажлын хөлсөнд авсан байх ба үүнээс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 26,936,332 төгрөгийг хасч тооцоход 6,993,668 төгрөгийг гүйцэтгэсэн ажлын хөлсөнд илүү авсан байна. Иймд дээрх илүү авсан мөнгөн хөрөнгийг хариуцагч Н.Бгаас гаргуулж, нэхэмжлэгч М.Мажигсүрэнд олгох нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцнэ.

 

Хариуцагч нь 33,930,000 төгрөгөөс 1,930,000 төгрөг нь өөр гэрээний ажлын хөлсөнд авсан, 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээний үүрэгт хамааралгүй гэж маргасан боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

Нэхэмжлэгч нь алданги шаардсан үндэслэлээ ...гэрээгээр тохиролцсон хугацаанд ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй тул 307 хоногийн алданги гаргуулна гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна. Учир нь талууд гэрээг хэдийгээр 3 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байхаар тохиролцсон боловч гэрээний 6 дугаар зүйлд гүйцэтгэгчийн ажлын үр дүнг хэзээ гүйцэтгэж эхлэх, хэзээ хүлээлгэн өгөх хугацааг тохиролцоогүй байна.

 

Иргэний хуулийн 348 дугаар зүйлийн 348.1 дэх хэсэгт зааснаар талууд ажлын онцлогийг харгалзан засврын болон тусгай хугацааг тохиролцон тодорхойлоогүй байгаа тохиолдолд гүйцэтгэгчийг хэзээнээс хэзээ хүртэл хугацаа хэтрүүлсэн болохыг тодорхойлох боломжгүй.

 

Иймд нэхэмжлэгчийн алдангид шаардсан 3,496,834 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг зөрчихгүй гэж үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас 6,993,668 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн алдангид шаардсан 3,496,834 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Мөнх Эстимэйт ХХК-иас гаргасан дүгнэлт нь урд М.М-ийн нэхэмжлэлээр иргэний хэрэг үүсч, уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлт бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШЗ2019/20945 дугаар захирамжаар М.М-ийн нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн байна. Уг Мөнх Эстимэйт ХХК-ийн дүгнэлтийг талууд зөвшөөрөөгүй үндэслэлээр шүүхээс дахин Лэндс ХХК-ийг томилсон болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Н.Бгаас 6,993,668 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Мажигсүрэнд олгож, нэхэмжлэлээс 3,496,834 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293,600 төгрөгөөс 197,747 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 126,848 төгрөг, улсын орлогоос 95,853 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ