Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 01701

 

 

 

 

 

 

 

 

 

М.Мэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/02302 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: М.Мэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Банд холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээгээр шилжүүлсэн 10 490 502 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч: Н.Бан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрийн хадам эгч Б.Адъяадуламаар төлөөлүүлэн Н.Бантай 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр Н.Бан нь Баянгол дүүргийн 4-р хороонд байрлах Декор зочид буудал, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 6 давхарт 555 м.кв талбайн дотор засал, тохижилтын ажлыг хийг гүйцэтгэх, захиалагч талаас гэрээний нийт төлбөрт 48 840 000 төгрөгийг төлөх үүрэг тус тус хүлээсэн.

Гэрээний хугацаанд нийт 33 930 000 төгрөгийг Н.Бангийн Хаан банк дахь эзэшлийн 5003424261 тоот дансанд шилжүүлсэн. Гэвч гүйцэтгэгч тал гэрээг зөрчин ажлын хөлсний 70 хувийг урьдчилан авсан боловч 14 060 890 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн. 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс хойш ажилдаа ирэхгүй, хийсэн ажлын гүйцэтгэл дутуу, чанарын шаардлага хангаагүй байна гэж сануулсан боловч одоог хүртэл хариу мэдэгдэлгүй алга болсон.

Бид дутуу ажлыг өөр баригаадаар хийлгэж хөлсөнд 18 129 179 төгрөгийг төлсөн.  Иймд гэрээний дагуу төлсөн зөрүү төлбөр 19 869 110 төгрөг, алданги 7 152 879 төгрөг, нийт 27 021 990 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Шүүхээс томилсон шинжээч нь Н.Бангийн гүйцэтгэсэн ажлыг 26 936 332 төгрөгөөр үнэлсэн. Иймд нийт шилжүүлсэн ажлын хөлс 33 930 000 төгрөгөөс 26 936 332 төгрөгийг хасч, 6 993 668 төгрөг, алданги 3 496 834 төгрөг, нийт 10 490 502 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Адъяадуламтай гэрээ байгуулж, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Декор зочид буудлын 6 давхарын 555 м.кв дотоод заслын ажлыг 48 840 000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гэрээ байгуулсан.

Тус гэрээний дагуу ажлын гүйцэтгэлийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс хийж эхэлсэн ба зочид буудлын заслын материалыг захиалагч талаас гаргаж байсан. 2019 оны 03 сараас эхлэн захиалагч тал ямар ч мөнгө, бараа материалаар хангахгүй байсан тул заслын гүйцэтгэлийн ажлыг зогсоосон.

Иймд сул зогсолт үүссэн тул захиалагч талтай тохиролцсоны үндсэн дээр манай компани өөр газар очиж ажиллахаар болсон. Гэвч захиалагч нь санхүүжилттэй болсон, гэрээ цуцлах болсон талаар бидэнд мэдэгдэлгүй өөр байгууллагаар ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгүүлж дуусгасан байсан.

Манай бригад нийт 32 000 000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн байсан. Нэхэмжлэгч үлдэх 16 840 000 төгрөгийн ажлыг өөр бусад этгээдээр гүйцэтгүүлсэн. Гэрээний хугацаанд 33 930 000 төгрөг авсан нь үнэн, уг мөнгөнөөс 1 930 000 төгрөг нь өөр гэрээний үүрэгтэй холбоотой ажлын хөлс байсан. 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гэрээний ажлын хөлсөнд нийт 32 000 000 төгрөгийг хүлээж авсан. Би өөрөө уг ажлыг гүйцэтгэснээр ажилчдын хөлсөнд 40 000 000 төгрөг төлж хохирсон.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Н.Бангаас 6 993 668 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Мэнд олгож, нэхэмжлэлээс 3 496 834 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293 600 төгрөгөөс 197 747 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 126 848 төгрөг, улсын орлогоос 95 853 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс М.Мэнд Н.Бангаас 6 993 668 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснээс 3 910 000 төгрөгийг хүлээн боломжгүй байна. Учир нь М.Мэн нь ажлын хөлсөнд 32 000 000 төгрөгийг өгч тус гэрээнээс тусдаа хийсэн ажил болох тус барилгын 2 давхар, 3 давхарын плита наах ажлын хөлсөнд 1 930 000 төгрөг, нийт 33 930 000 төгрөгийг өгсөн.

Энэ тухай иргэний хэрэг анх үүссэн цагаас хойш нэхэмжлэгч, хариуцагч нар 1 930 000 төгрөгийг хасаж тооцохыг зөвшөөрч маргаагүй бөгөөд мөнгө шилжүүлсэн баримтын гүйлгээний утга дээр ч дэлгэрэнгүй бичсэн байсан.

Гэтэл тус хэрэг маргааны хуралдааны тов зарлагдсанаас хойш шүүгч нь солигдож тус шүүхэд шинээр томилогдсон шүүгч алдаа гаргаж өмнөх шүүх хуралдаанд хэргийн оролцогчдын хүлээн зөвшөөрсөн тайлбар, шүүх хурлын тэмдэглэл, хэрэгт авагдсан баримтын нягтлан үзэлгүй шийдвэр гаргасан.

Мөн иргэний хэрэг үүссэн цагаас хойш тус барилгын гүйцэтгэлийн ажилд шүүхээс “Мөнх эстимэйт” ХХК, “Лэндс” ХХК-аар 2 удаа шинжээчийн дүгнэлт гаргуулсан ба “Лэндс” ХХК нь тооцоо гаргаж үнэлэхдээ 00-ын өрөөний дотор ханын хар шаврын тооцоо болох 1 980 000 төгрөгийн ажлыг огт тооцоогүй. Тус хийгдсэн ажил огт тусгагдаагүй талаар шүүх хуралдаанд хэлсэн, өмнөх шинжээчийн дүгнэлтэд уг ажил хийгдсэн талаар нэхэмжлэгч хариуцагч нар баталгаажуулж гарын үсэг зурсан байхад шүүх хянаж үзэлгүй шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс 3 910 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч М.Мэн нь хариуцагч Н.Банд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг цуцалсны үр дагаврыг арилгуулахаар 10 490 502 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Б.Адъяадулам, Н.Бан нар 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр барилгын дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч буюу Н.Бан нь Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, ЭТӨЧ-93-т байрлах Декор зочид буудал, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 6 давхарын дотор гадна засал, тохижилтын ажлыг гүйцэтгэх, захиалагч буюу Б.Адъяадулам нь ажлын хөлс 48 480 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон, талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар талууд маргаагүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хх4-8/

 

Хариуцагч Н.Бан нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу нийт 33 930 000 төгрөгийг нэхэмжлэгч М.Мэнгээс хүлээн авсан талаар маргаангүй байна.

 

Зохигчид ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээний талаар маргасан.

 

Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр “Мөнх-Эстимэйт” ХХК болон “Лэндс” ХХК-ийг томилсон ба нэхэмжлэгч нь “Лэндс” ХХК-ийн  үнэлгээнд тулгуурлаж хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээг 26 936 332 төгрөгөөр тодорхойлжээ.

 

Хариуцагч гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгээгүй талаар маргаагүй байна. Иймд хариуцагч нь гэрээнд заасан ажлын дагуу гүйцэтгэсэн тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлд зааснаар гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлсэн нь зөв бөгөөд гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрөөс хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрийг хасч илүү төлсөн төлбөрөө шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч хариуцагчид нийт 33 930 000 төгрөг шилжүүлсэн ба үүний 1 930 000 төгрөг нь ажил гүйцэтгэх өөр гэрээний төлбөр гэх тайлбараа хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэж 6 993 668 /33 930 000-26 936 332/ төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

 

Алданги нь үүргийн гүйцэтгэлийг хангахад чиглэгдсэн тул гэрээг цуцласан тохиолдолд буцаан шаардах эрхэд хамаарахгүй юм. Анхан шатны шүүхээс алдангийг шаардсан нэхэмжлэлд хийсэн дүгнэлт буруу боловч хангахгүй орхиж шийдвэрлэсэн шийдэл зөв болжээ.

 

Хариуцагч 1 930 000 төгрөгийг хасч тооцох талаар талууд маргаагүй, энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдоно гэсэн давж заалдах гомдол гаргасан ба гомдлын үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/02302 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77 510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                                    ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

                                                                                                           Э.ЗОЛЗАЯА