Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2022/00832

 

М.Мгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/02302 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1701 дүгээр магадлалтай,

М.Мгийн нэхэмжлэлтэй,

Н.Бд холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээгээр шилжүүлсэн 10,490,502 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Н.Бгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Н.Б, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М.М нь хариуцагч Н.Бд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээний ажлын хөлсөнд илүү төлсөн 6,993,668 төгрөг, алданги 3,496,834 төгрөг, нийт 10,490,502 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/02302 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Н.Бгаас 6,993,668 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Мд олгож, нэхэмжлэлээс 3,496,834 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293,600 төгрөгөөс 197,747 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 126,848 төгрөг, улсын орлогоос 95,853 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1701 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/02302 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77,510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагч Н.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс М.Мд Н.Бгаас 6,993,668 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн тус үнийн дүнгээс 3,910,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь М.М нь ажлын хөлсөнд 32,000,000 төгрөгийг өгч тус гэрээнээс тусдаа өөр ажил хийсэн барилгын 2 давхрын плита наах ажлын хөлсөнд 1,930,000 төгрөг, нийт 33,930,000 төгрөгийг өгсөн. Энэ тухай иргэний хэрэг анх үүссэн цагаас хойш нэхэмжлэгч, хариуцагч нар 1,930,000 төгрөгийг хасаж тооцохыг зөвшөөрч маргаагүй бөгөөд мөнгө шилжүүлсэн баримтын гүйлгээний утга дээр ч дэлгэрэнгүй бичсэн байсан. Гэтэл тус хэрэг маргааны хуралдааны тов зарлагдсанаас хойш шүүгч нь солигдож тус шүүхэд шинээр томилогдсон шүүгч өмнөх шүүх хуралдаанд хэргийн оролцогчдын хүлээн зөвшөөрсөн тайлбар, шүүх хурлын тэмдэглэл, хэрэгт авагдсан баримтыг нягтлан үзээгүй шийдвэр гаргасан. Мөн иргэний хэрэг үүссэн цагаас хойш тус барилгын гүйцэтгэлийн ажилд шүүхээс “Мөнх эстимэйт” ХХК-аар 2 удаа шинжээчийн дүгнэлт гаргуулсан ба “Лэндс” ХХК нь тооцоо гаргаж үнэлэхдээ 00-н өрөөний дотор ханын хар шаврын тооцоо болох 1,980,000 төгрөгийн ажлыг огт тооцоогүй. Тус хийгдсэн ажил огт тусгагдаагүй талаар шүүх хурал дээр хэлсэн, өмнөх шинжээчийн дүгнэлтэд уг ажил хийгдсэн талаар нэхэмжлэгч хариуцагч нар баталгаажуулж гарын үсэг зурсан байхад шүүх хянаж үзэлгүй шийдвэрлэсэн. Иймд 3,910,000 төгрөгийг төлөх нь үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

5.Хариуцагч Н.Бгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

6.М.М Н.Бд холбогдуулан анх 27,021,990 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 10,490,502 төгрөг шаардахдаа, “зочид буудал, үйлчилгээний зориулалттай барилгын 6 давхарт 555 м.кв талбайд дотор засал, тохижилтын ажлыг 48,840,000 төгрөг төлж гүйцэтгүүлэхээр тохиролцож, 33,930,000 төгрөг шилжүүлсэн боловч 26,936,332 төгрөгийн ажил гүйцэтгэсэн, илүү төлсөн 6,993,668 төгрөгийг алданги 3,496,834 төгрөгийн хамт гаргуулна” гэжээ.

Хариуцагч хариу тайлбартаа, “...нэхэмжлэгч нь ажлын материалаар хангахгүй байснаас заслын ажлыг зогсоож, сул зогсолтын хугацаанд түүнтэй тохиролцож өөр газар ажилласан, гэтэл ажлыг бусдаар гүйцээж хийлгэсэн байна, ажлын хөлсөнд 32,000,000 төгрөг авч тохирсон ажил гүйцэтгэсэн, өөр гэрээний хөлсөнд төлсөн 1,930,000 төгрөг энэ гэрээнд оруулж тооцсон нь үндэслэлгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй” гэжээ.

7.Анхан шатны шүүх хариуцагчаас 6,993,668 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох, алданги 3,496,834 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаж хэвээр үлдээжээ.

8.Хэргийн баримт, зохигчийн тайлбараас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчийн захиалгаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Декор зочид буудлын 6 давхрын 555 м.кв дотоод заслын ажлыг 48,840,000 төгрөгийн хөлстэйгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон, нэхэмжлэгч ажлын хөлсөнд 33,930,000 төгрөг төлсөн, гүйцэтгэсэн ажилд 26,936,332 төгрөгийн зардал гарсан болохыг шинжээч тогтоосон үйл баримт нотлогдсон байна.

9.Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний төрөл, уг гэрээний хүчин төгөлдөр байдал, хариуцагчийн гүйцэтгэсэн ажил, нэхэмжлэгчийн төлсөн ажлын хөлсний талаар шүүх хэргийн баримтын хүрээнд дүгнэлт хийж, гэрээ цуцлагдсан гэж үзэх үндэслэл болон гэрээний алданги гаргуулах зохицуулалт нь гэрээнээс татгалзах, цуцлах үеийн үр дагаврын зохицуулалтад хамааралгүй гэж үзэхдээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг зөв тайлбарлан хэрэглэж, илүү төлсөн мөнгийг хариуцагчаас гаргуулж, алдангийг хэрэгсэхгүй болгожээ.

10.Шүүхийн гаргуулж шийдвэрлэсэн 6,993,668 төгрөгөөс 3,910,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй тухай хариуцагчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байна.

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч гэрээний хугацаанд 33,930,000 төгрөгийг хариуцагчийн Хаан банкны дансанд шилжүүлсэн байх ба үүнээс 1,930,000 төгрөг нь өөр гэрээний үүрэгтэй холбоотой ажлын хөлс байсан нь нотлогдоогүй тул хариуцагчийн төлбөл зохих төлбөрөөс хасч тооцох боломжгүй тухай хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Анх “Мөнх эстимэйт” ХХК гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хэмжээг 22,585,639 төгрөг гэсэн дүгнэлт гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүйгээс шүүхээс дахин “Лэндс” ХХК-ийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан, тус компани ажлын зардлыг 26,936,332 төгрөг гэж тогтоосон, энэ дүгнэлтийг хэн аль нь эсэргүүцээгүй байх тул шүүх уг дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй. Иймээс “Лэндс” ХХК-ийн үнэлгээнд 00-н өрөөний дотор ханын хар шаврын тооцоо болох 1,980,000 төгрөгийн ажил тооцогдоогүй гэж үзэхгүй.

11.Дурдсан үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/02302 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1701 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Н.Б 2020.09.01-ний өдөр 77,510 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ЭРДЭНЭСУВД

     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

         ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                     Д.ЦОЛМОН