Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2018/02710

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2018/02710

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  Ч ХХК 

 

Хариуцагч:  М ХХК

 

14,636,250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Б, хариуцагчийн төлөөлөгч Ч.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ү.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НэхэмжлэгчЧ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Ч ХХК нь М ХХК-тай 2016 оны 5-р сарын 27-ны өдөр BV-RA/16-011 дугаартай Орон сууц хөлслөх гэрээ байгуулсан ба М ХХК-ийн хүсэлтийн дагуу гэрээнд 4 удаа нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг сунгасан байдаг. Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ нь 2017 оны 9-р сарын 27-ны өдөр дуусгавар болсон бөгөөд Хариуцагч тал нь гэрээ дуусгавар болоход нийт 15,537,500 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан. Гэрээ дуусгавар болсоноос хойш нэхэмжлэгч тал нь нариуцагч талыг үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж, хэд хэдэн удаа төлбөр төлөх хугацааг харилцан тохиролцож байсан ч хариуцагч тал нь гэрээний үүргээ өнөөг хүртэл зохих ёсоор биелүүлээгүй байгаа юм. Иймд дээрх дурдсан гэрээний үлдэгдэл төлбөр болон тус гэрээний тусгай нөхцөлийн 14 дэх хэсэгт заасны дагуу үлдэгдэл төлбөрт тооцох алдангийг хариуцагч талаар төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж байна. Хариуцагч тал болох М ХХК-тай байгуулсан гэрээний үлдэгдэл төлбөр болох 15,537,500 төгрөг болон түүнд гэрээний тусгай нөхцөлийн 14 дэх хэсэгт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-иар алданги тооцохоор заасны дагуу тооцсон нийт алдангийн хэмжээ 7,768.750 төгрөг, нийт 23.306,250 төгрөгийг хариуцагч талаас гаргаж өгнө үү.

Тус дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 3-р сарын 28-ны өдөр хариуцагчаас гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 15,537,500 төгрөг, алданги 7,768,750 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн гэрээний дагуу төлсөн барьцаа төлбөр 5,780,000 төгрөгийг хасч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар багасгаж байна. Гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 9,757,500 төгрөг, алданги 4,878,750 төгрөг, нийт 14,636,250 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Банзрагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2016.5.27-нд орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. Улмаар хариуцагчийн хүсэлтээр 4 удаа өөрчлөлт орж байсан. Гэрээний хугацаа дууссан. Үндсэн төлбөр нь 9 757 500 төгрөг, алданги 4 878 750 төгрөг, нийт 14 636 250 төгрөг гаргуулна. Сүүлийн 2 сар суугаагүй гэдэг нь гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Гэрээний үүргээ биелүүлээгүй байгаа, үүрэг хэвээр байгаа. 9.27-ноос хойш төлбөрийг нэмж нэхээгүй. Төлбөрийг хаах үед гэрээний дагуу төлөх төлбөр нь 15 537 500 байсан. Энэ нь 7-9 сарын төлбөр юм. Эндээс барьцааг хасаж тооцсон байдаг. Гэрээний тусгай нөхцөлд зааснаар алданги тооцож байгаа. Нэхэмжлэгч нь гадаад худалдаа болон зуучлалын үйл ажиллагаа явуулдаг. Үүний дагуу өрийн эд хөрөнгийг хөлслүүлсэн. Шаардлагаа бид тодруулж хүснэгтээр гаргаж өгсөн байгаа гэв.

 

Хариуцагч М ХХК-ний төлөөлөгч Ч.М нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхээр Ч ХХК-ийн нэхэмжлэлтэй М" ХХК-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа бөгөөд хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах тайлбарыг гаргаж байна. Манай компани ньЧ ХХК-тай 2016 оны 05-р сарын 27-ны өдөр BV-RA/16-011/ дугаартай Орон сууц хөлслөх гэрээ байгуулж Хан-Уул дүүргийн 11-р хороо 4-р хэсэг Зайсангийн ам, Бэлла Виста таун, 400-р байрны 1072 тоот орон сууцыг түрээсэлсэн. Манай компани нь нийт 79 030 000 төгрөгийг түрээсийн төлбөрт төлсөн бөгөөд нэхэмжлэгч компани нь НӨАТ-ын буцаан олголт болох 10 хувь буюу 7 903 000 төгрөгийг манай кампанид буцааж олгоогүй. Түүнчлэн орон сууц хөлслөх гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-д хөлслөгч нь гэрээний тусгай нөхцөлд заасан барьцаа төлбөрийг талууд энэхуү гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор хөлслүүлэгчийн нэхэмжлэлд заасан дансанд байршуулна гэж заасны дагуу манай компани барьцаа төлбөр 5 780 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн. Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ нь 2017 оны 09-р сарын 27-ны өдөр дуусгавар болсон бөгөөд орон сууц хөлслөх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-д "Хөлслүүлэгч нь барьцаа төлбөрийг гэрээ дуусгавар болсноос хойш хуанлийн 30 хоногийн дотор, хөлслөгч орон сууцыг чөлөөлсний дараагаар аливаа суутгалыг хасч буцаан өгнө гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч нь барьцаа төлбөр 5 780 000 төгрогийг өнөөдрийн байдлаар манай компанид буцааж олгоогүй юм. Ийм учраас нэхэмжлэгч компанийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

Зохигчид 2016.5.27-нд орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан. Гэрээний 2.1-д зааснаар 1072 тоот орон сууцыг хэдэн сар хөлсөлж суусан нь тодорхойгүй. Мөн шаардлагыг хэрхэн тооцсон нь тодорхойгүй. Орон сууцыг хэзээ хүлээлцсэн талаар акт байхгүй. Сүүлийн 2 сар ашиглаагүй. Анх гэрээ байгуулах үед барьцаа болох 5 780 000 төгрөг төлсөн. Энэ талаар нэхэмжлэгч маргадаггүй. Гэрээг 2 хуулийн этгээд байгуулсан. Нэхэмжлэгчийн үндсэн үйл ажиллагаа нь орон сууц хөлслүүлэх үйл ажиллагаа байхгүй. Энэ нь Иргэний хуулийн 56.1-д зааснаар үйл ажиллагааны чиглэлээ зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хөлсөлсөн байр нь нэхэмжлэгчийн өмч гэж байгаа. Хөлслүүлэх үйл ажиллагаа явуулж болохгүй. Иймд алданги тооцох боломжгүй. Өөрсдийн гаргасан баримтаар нотлогдож байна гэдэг боловч байрыг хүлээлцсэн акт байхгүй. Хариуцагч нь сүүлийн төлбөр төлөөгүй гэсэн баримт алга гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч ХХК нь орон сууц хөлслөх гэрээний үүрэгт нийт 23,306,250 төгрөг нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж үндсэн төлбөрт 9,757,500 төгрөг, алдангид 4,878,750 төгрөг, нийт 14,636,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардага гаргажээ.

Хариуцагч М ХХК нь орон сууц хөлслөх гэрээ нь хүчин төгөлдөр бус, мөн сүүлийн 2 сар уг орон сууцыг ашиглаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Зохигчид 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулсан байна. Улмаар 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг дуустал, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн дуустал, 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн дуустал, 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн дуустал нийт 4 удаа гэрээний хугацааг сунгажээ. /хэргийн 6-18 дугаар тал/

Хариуцагчийн төлөөлөгч нь гэрээний төлбөр хэт өндөр, хөлслөгч буюу энэ хэргийн хариуцагчийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн тул зарим төлбөрийг төлөөгүй гэж тайлбарласан. Гэвч Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлно. Улмаар хариуцагч нь гэрээний дагуу барьцаа төлж, гэрээ хэрэгжсэн ихэнх хугацаанд төлбөрийг төлж байснаар гэрээний төлбөрийн талаар зохигчид харилцан тохиролцсон гэж үзнэ.

Орон сууц хөлслөх үндсэн гэрээний тусгай нөхцөлд зааснаар 1 сарын төлбөр нь 5,780,000 төгрөг бөгөөд үүнд 1 автомашины дулаан зогсоолын төлбөр болох 187,500 төгрөг тооцогдсон байна.

Зохигчдын маргаж буй гэрээний зүйл болох Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Бэлла виста хотхон, Дүнжингарав гудамж, 400 байр, 1702 тоот хаягт байрлах 157 мкв талбайтай 4 өрөө орон сууцны өмчлөгч нь нэхэмжлэгч Ч ХХК болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн  дугаар гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Хариуцагч нь нэхэмжлэгч хуулийн этгээд нь өөрийн үндсэн үйл ажиллагааг зөрчиж орлого олох үйл ажиллагаа явуулсан тул уг орон сууц хөлслөх гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргасан. Гэвч уг орон сууц нь нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгө байх тул өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг бусдад хөлслүүлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д хамаарахгүй юм.

Хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гэрээний сүүлийн 2 сард уг орон сууцыг ашиглаагүй гэж маргасан. Гэвч гэрээг цуцлах болон гэрээний зүйлийг хүлээлгэн өгсөн, түүнчлэн энэ талаар санал гаргаж байсан үйл баримт тогтоогдоогүй тул хариуцагч нь энэ хугацааны төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг 2017 оны 07 дугаар сарын төлбөрийг дутуу төлсөн, 8 болон 9 дүгээр сард төлбөр төлөөгүй гэж тайлбарласан. Хариуцагчийн төлөөлөгч нь энэхүү хугацааны төлбөрийг төлсөн байх боломжтой гэж маргасан боловч өөрийн тайлбарыг нотлоогүй, холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй. Иймд хариуцагчийг дээрх хугацааны төлбөрийг төлсөн гэж үзэх үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тооцоо болон түүний төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч нь 2017 оны 07 дугаар сарын төлбөрт 1,595,000 төгрөг төлсөн болох нь тогтоогдсон. Үүнээс тооцвол хариуцагч нь 2017 оны 07 дугаар сард 4,185,000 /5,780,000-1,595,000/ төгрөг, 08 дугаар сард 5,780,000 төгрөг тус тус төлөх үүрэгтэй байна. Харин 09 дүгээр сарын 27 өдөр гэрээний хугацаа дуусгавар болсон тул гэрээний 3.1.1.2-т зааснаар хувь тэнцүүлэн тооцвол хариуцагч нь 2017 оны 09 дүгээр сард гэрээний дагуу 5,202,000.09 /5,780,000/30*27/ төгрөг төлөх үүрэгтэй. Эдгээрээс тооцвол хариуцагч нь орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 15,167,000.09 төгрөг төлөх төлбөрийн үлдэгдэлтэй байна.

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний төлбөрт 1 автомашины зогсоолын төлбөр тооцогдсон бөгөөд хариуцагч нь гэрээний хугацаанд нэмж 1 автомашины зогсоол ашигласан гэж нэхэмжлэгч тайлбарласан. Үүнийг хариуцагч үгүйсгэж маргаагүй тул зөвшөөрсөн гэж үзнэ. Маргаж буй гэрээний тусгай нөхцөлд зааснаар автозогсоолын 1 сарын төлбөрийг 187,500 төгрөг гэж тохиролцсон тул нэмэлт зогсоолын төлбөрийг энэхүү дүнгээр тооцох нь зүйтэй. Үүний дагуу нэмэлт зогсоолын төлбөрийг тооцвол 07 дугаар сар 187,500 төгрөг, 08 дугаар сард 187,500 төгрөг, 09 дүгээр сард 168.750 /187,500/30*27/ төгрөг, нийт 543,750 төгрөг болно.

Дээрхийг нэгтгэн тооцвол 15,710,750,09 төгрөг бөгөөд хариуцагчийн барьцаанд төлсөн 5,780,000 төгрөгийг хасвал хариуцагч нь гэрээний үүрэгт 9,930,750 төгрөг төлөх үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байна. Гэвч нэхэмжлэгч нь гэрээний үндсэн төлбөрт 9,757,500 төгрөг нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн хүрээнд тооцох нь зүйтэй.

Орон сууц хөлслөх гэрээний тусгай нөхцөлийн 14-т төлбөрийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байна. Гэрээний хугацаа дууссанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 184 хоног хэтэрсэн байх тул хоногт 48,787,50 төгрөг, 184 хоногт 8,976,900 төгрөгний алданги тооцогдоно. Улмаар нэхэмжлэгч нь алдангид 4,878,750 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцсэн байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчаас 14,636,250 /9,757,500+4,878,750/ төгрөг гаргуулах үндэслэлтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч М ХХК-с орон сууц хөлслөх гэрээний үүрэгт нийт 14,636,250 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч ХХК-д олгосугай.

 

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 274,481.25 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 231,131.20 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД