Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2020/02480

 

 

 

 

 

 

 

 

 

2020 07 07

101/ШШ2020/02480

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: 0 тоотод байрлах А сууц өмчлөгдийн холбоо /гэрчилгээний дугаар 52/-ны нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч:  00 тоотод оршин суух Батхаан овогт Р.М /РД:0/-т холбогдох, 

 

00 тоот орон сууцыг Р.Мын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус А СӨХ-ны харьяалалд байх 22Б байрны 1 дүгээр орцны 00 тоот буюу цахилгааны ерөнхий оролтын самбарын /шитний/ байрлах өрөөнд айл амьдрахыг хориглосон. Тус өрөөнд О.Мынх зохих зөвшөөрөлгүйгээр амьдардаг бөгөөд оршин суугчид болон гэрлийн байцаагч, цахилгаанчид орж айлуудын цахилгаан тасрах, мөн цахилгааны гүйлт шалгахад байнга хүндрэл учруулдаг тухай гомдол ирүүлдэг юм. Мөн Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх 4 дүгээр төвөөс уг айлыг гаргах талаар манай СӨХ-нд удаа дараа албан мэдэгдэл ирүүлсний дагуу тухай бүрт нь уг айлд албан ёсоор мэдэгдэж байсан. Гэвч уг мэдэгдлийг биелүүлээгүйгээр барахгүй хэл амаар доромжлон чөлөөлж өгөхгүй байна. Хамгийн сүүлд Хэрэглэгчдэд үйлчлэх 4 дүгээр төвөөс 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн дотор уг шитний өрөөг чөлөөлөх тухай ирүүлсэн мэдэгдлийг хавсарган А СӨХ-ноос шаардлага өгсөн боловч одоо болтол чөлөөлөхгүй байгаа юм. Иймд эрчим хүчний цахилгаанчид, оршин суугчид, СӨХ-ны ажил явуулахад хүндрэл учруулж байна. Нөгөө талаар өөрсдийнх нь аюулгүй байдлын үүднээс Р.Мыг цахилгааны шит байрлах 00 тоотын өрөөнөөс албадан гаргуулахыг хүсэж нэхэмжлэл гаргаж байна. Р.М нь 2003 онд манай сууц өмчлөгчдийн холбоотой түрээсийн гэрээ байгуулж, сарын 9,000 төгрөгийн төлбөр төлж амьдардаг байсан. Одоо манай сууц өмчлөгчдийн холбоонд түүний төлбөр төлж байсан санхүүгийн баримтууд нь байхгүй, хадгалагдаагүй байна лээ. 2018 оноос хойш огт төлбөр төлөөгүй тул түүнийг цаашид үргэлжлүүлэн амьдруулах боломж байхгүй. Хамгийн гол нь уг өрөөнд хүн амьдрах нь аюултай, цахилгааны шит байгаа тул хэзээ ч эрсдэл үүсэхээр байна. Иймд  00 тоот өрөөг Р.Мын хууль бус эзэмшдээс албадан чөлөөлж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч нь 1999 оноос 2000 онуудад Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн 6, 13 дугаар хорооны нийтийн хэв журам хариуцсан цагдаагаар ажиллаж байсан. Ар гэрийн амьдрал маань хүнд хэцүү, гэр оронгүй байх үед тухайн үеийн А СӨХ-ны дарга Б.А 2002 онд найз нөхдөөсөө цуглуулж 5 000 000 төгрөгийг бэлнээр өгч энэ шитний өрөөнд маш их хэмжээний засвар хийж орсон. А СӨХ-ны дарга Б.А нь тухайн үед орцны жижүүрүүдийг гэр оронгүй тэнэмэл архичдыг авч ажиллуулдаг байсан. А СӨХ-ны дарга Б.Аы дараагийн дарга Ч.М нь оршин суугчдын төлсөн мөнгийг хууль бусаар зарцуулаад Зөрчлийн тухай хуулиар торгуулийн ял авч хөөгдсөн. Одоогийн дарга Т.Б нь зөрчлийн хэрэгт холбогдогчоор шалгагдаж байгаа болно. Р.М тус байранд 18 жил амьдарч байгаа. Мөнгөгүй хүн доромжлогдож байгаа. А СӨХ-нд Р.Маас гадна 11 өрөөг хүмүүс нь өмчлөх эрхээ авсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч А сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Р.Мт холбогдуулан  00 тоот орон сууцыг Р.Мын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.  

 

Нэхэмжлэгч А сууц өмчлөгчдийн холбоог Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 22б дугаар байрны оршин суугчдын хурлын тогтоолыг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг дарга 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгожээ. /хх-ийн 3 дугаар тал/

 

Тус сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 07 тоот тогтоолоор Т.Б-ыг гүйцэтгэх захирлаар томилсон байх ба 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн бүх гишүүдийн хурлын тэмдэглэлээр түүнийг үргэлжлүүлэн гүйцэтгэх захирлаар томилсон байна. /хх-ийн 3, 114-115 дугаар тал/

 

Иймд А сууц өмчлөгчдийн холбоог төлөөлөх бүрэн эрхтэй этгээд нь Т.Б байх ба тэрээр тус холбооны өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах, бусдад итгэмжлэл олгох замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Р.М нь 2003 оноос хойш сарын 9.000 төгрөгийн түрээсийн төлбөр төлж 00 тоотод амьдардаг байсан. 2018 оноос түрээсийн төлбөрөө төлөөгүй тул цаашид амьдруулах боломжгүй. Мөн түүний амьдарч байгаа 00 тоотод цахилгаан шит байрладаг тул хүн амьдруулж болохгүй талаар эрх бүхий байгууллагуудаас мэдэгдэл ирсэн гэж,

Хариуцагчаас татгалзлын үндэслэлээ ...18 жилийн хугацаанд уг 00 тоотод амьдарч байна. 5,000,000 төгрөг төлж худалдаж авсан. Миний өмчлөлийн өрөө тул чөлөөлөх үндэслэлгүй гэж тус тус тайлбарласан.

 

Иргэний хуулийн 143 дугаар зүйлд зааснаар нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоог байгуулах ба сууц өмчлөгчдийн холбооны асуудлыг хуулиар зохицуулахаар байна.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.6-т хяналтын зөвлөл нь холбооны санхүүгийн болон бусад үйл ажиллагаатай холбогдсон зөрчлийг арилгуулах талаар шүүх болон холбогдох бусад байгууллагад хандах талаар зохицуулжээ.

 

Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2-т зааснаар дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд хамаарахгүй орон сууцны барилга, байгууламж, төхөөрөмжийн хэсэг нь орон сууц өмчлөгчдийн дундын өмчлөлд хамаарч байна.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө хамаарна гэж зааснаас дүгнэхэд хариуцагчийн эзэмшилд буй 00 тоот өрөө нь орон сууцны бус зориулалттай дундын өмчлөлийн зүйл байна.

 

Иймд нэхэмжлэгч А сууц өмчлөгчдийн холбоо нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар орон сууцны дангаар өмчилсөн хэсгээс бусад орон сууцны барилга, байгууламж буюу 00 тоотын шударга эзэмшигч юм.

 

Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд нь хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн адил шаардах эрхтэй гэж заасан тул нэхэмжлэгч А сууц өмчлөгчдийн холбоо нь 00 тоот өрөөний хууль бус эзэмшлээс Р.Мыг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй.

 

Хариуцагч нь  00 тоот өрөөг хууль ёсны дагуу өмчилж байгаа гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар баримтаар нотлоогүй. Хариуцагчаас цуглуулж өгсөн нотлох баримтууд нь түүнийг маргааны зүйл болох 00 тоотыг өмчлөх эрхтэй талаар үйл баримт агуулаагүй, хэрэгт хамааралгүй байна.

 

Орон сууцны бус зориулалттай дундын өмчлөлийн зүйлд тухайн  орон сууцны хэвийн үйл ажиллагааг явуулахад зайлшгүй шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмж байрлах ба эдгээрийг оршин суугчид дундаа ашигладаг. Хариуцагч Р.М нь маргааны зүйл болох 00 тоотыг дангаар өмчлөх өмчлөлийн зүйл болгосон гэх тайлбараа баримтаар нотлоогүй тул түүний 00 тоот өрөөг эзэмшиж буй нь бусад оршин суугчдын эрх ашгийг хөндөхөөр байна.

 

Өөрөөр хэлбэл, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Хэрэглэгчдэд үйлчлэх төв-4-ийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 122 тоот мэдэгдэл, 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 144 тоот мэдэгдлүүдээр цахилгааны ерөнхий оролтын самбарын өрөөнд хүн амьдарч байгаа нь Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 30 дугаар зүйлийн 30.1.3-т заасныг тус тус зөрчиж байгаа талаар мэдэгджээ. Үүнээс дүгнэн үзэхэд хариуцагч нь тус 00 тоот өрөөг эзэмшиж буй нь цахилгаан шугам сүлжээ, тоноглолын аюулгүй ажиллагааны дүрэм, техник ашиглалтын дүрмийг ноцтой зөрчиж, нийт оршин суугчдын болон тус 00 тоотод амьдарч буй иргэний амь бие, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулахаар байна. /хх-ийн 6-7 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Р.Мыг түрээсийн гэрээний үндсэн дээр уг 00 тоотод амьдруулж байсан гэх боловч талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан байна.

 

Учир нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Р.М нь маргааны зүйл болох 00 тоотод аж ахуйн үйл ажиллагаа явуулах зорилгогүй, сууцны зориулалтаар амьдарч байгаа болох нь тогтоогдсон. Хөлслүүлэгч А сууц өмчлөгчдийн холбоо нь цаашид орон сууц хөлслөх гэрээг үргэлжлүүлэх сонирхолгүй, гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр анх хөлслөгч Р.Мт хүргүүлсэн байна. /хх-ийн 8 дугаар тал/

 

Иргэний хуулийн 302 дугаар зүйлд заасан орон сууц хөлслөх гэрээнд хуульд тусгайлан заасан хэлбэрийн шаардлага тавигддаггүй тул талууд гэрээг амаар байгуулах эрхтэй. Уг гэрээг дуусгавар болгох үндэслэлд Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.2 дахь заалтад Гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулсан бол гэрээ цуцлах тухай аль нэг тал нь мэдэгдсэнээс хойш хууль буюу гэрээнд заасан хугацаа өнгөрсөн бол 294.2.1 дэх заалтад нэг тал нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй гэм буруутай бол нөгөө талын санаачилгаар гэрээг дуусгавар болгоно гэж заасан нь хамаарч байна.

 

Талууд орон сууц хөлслөх гэрээний хугацааг тохиролцоогүйн дээр хөлслөгч Р.М нь 2018 оноос хойш хөлс төлөөгүй үндэслэлээр хөлслүүлэгч А сууц өмчлөгчдийн холбоо нь гэрээг дуусгавар болгож, түүний хууль бус эзэмшлээс маргааны зүйл болох 00 тоотыг чөлөөлүүлэхээр шаардсан нь үндэслэлтэй.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э нь шүүх хуралдааны товтой танилцаж, гарын үсэг зурсан боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хэлэлцүүлсэн болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 142 дугаар зүйлийн 142.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан 00 тоот орон сууцыг хариуцагч Р.Мын эзэмшлээс чөлөөлж нэхэмжлэгч А сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.БЯМБАЖАРГАЛ