Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2022/00890

 

 Асар СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2020/02480 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1884 дүгээр магадлалтай,

Асар СӨХ-ны нэхэмжлэлтэй

Р.Мэндбаярт холбогдох

Асар СӨХ-ны харьяалалд байх 22б байрны 1 дүгээр орцны 00 тоот буюу цахилгааны ерөнхий оролтын самбарын /щитний/ өрөөг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрхэмбаярын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Асар СӨХ-ноос хариуцагч Р.Мэндбаярт холбогдуулан 22б байрны 1 дүгээр орцны 00 тоот буюу цахилгааны ерөнхий оролтын самбарын /щитний/ өрөөг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2020/02480 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 142 дугаар зүйлийн 142.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 22Б дугаар байрны 1 дүгээр орц 00 тоот орон сууцыг хариуцагч Р.Мэндбаярын эзэмшлээс чөлөөлж нэхэмжлэгч Асар сууц өмчлөгчдийн холбоонд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1884 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2020/02480 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрхэмбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд гомдолтой байна. Дээрх шийдвэр, магадлал нь тэгш байх зарчим алдагдсан, нэг талыг барьсан, авлигал ашиг сонирхлын зөрчил нэвт шингэсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Авлигал ашиг сонирхлын зөрчилтэй дараах шүүгч нар:

- БЗД-ийн ИХАШШ-ийн шүүгч Б.Солонгоог бид ШЁЗХ-нд 2019.12.16 өдөр гомдол гаргасанд дараагийн шүүгч нар нийлж өс хонзон санаж, хариуцагч тал руу нохой шиг нийлж дайраад 2480 дугаар шийдвэрийг гаргасан.

- НИХДЗШШ-ийн шүүгч Г.Даваадорж нь удам угсаагаар авлигалчин (ээж нь МУГХ шүүгч байсан Б.Сарантуяа) Мөн шүүгч Г.Даваадорж нь урьд нь ч намайг хохироож шийдвэрлэж байсан учраас бид шүүгч Г.Даваадоржоос татгалзсан, үүнийг НИХДЗШШ-ийн е/ш Ж.Оюунтугалагийн 2020.09.07 өдрийн 1/2160 дугаар хүсэлтийн хариу нотолдог. Энэ хэргийг хянасан шүүгч нар нь нотлох баримтуудыг шударгаар үнэлээгүй, хэргийн үйл баримтуудыг нарийвчлан хянаагүй маш өнгөцхөн шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иргэн Р.Мэндбаяр би энэ байрандаа тасралтгүй 18 жил амьдарч байна. Асар СӨХ-ны г/з Т.Баатар нь ажил хийдэггүй, хулгайч луйварчин гэдэг нь одоо ч батлагддаг. Үүнийг манай Асар СӨХ-ны хариуцсан 21, 22Б байрнуудын бохир заваан байдал, эвдэрхий эд зүйлүүд нь одоо ч хэвээрээ байдаг. Асар СӨХ нь БЗД-ийн 6 хорооны 21, 22Б байрнуудын манаач, цэвэрлэгч, засварчдын ажлуудыг голлон хийж гүйцэтгэх үүрэгтэй холбоо юм. Гэтэл Асар СӨХ нь өөрийнхөө хийж гүйцэтгэх үүргээсээ хальж дээрх 2 байрнаас мөнгө олох ямар л нүх сав байна бүгдийг нь ашигладаг. Мөн оршин суугчид бидний байрныхаа бүрэн бүтэн байдалд бусад бүхий л үйл ажиллагаанд зориулж өгсөн мөнгийг хууль бусаар ашиглаж хувьдаа завшдаг байдал дээд цэгтээ хүрснийг дараах үйл баримтуудаараа дурдая:

- Асар СӨХ-ны г/з Т.Баатарыг өнөөдрийг хүртэл Асар СӨХ-ны Удирдах зөвлөлийн гишүүдээс томилсон 07 хурлын тогтоол нь хууль бус. Тэгэхээр г/з Т.Баатар бол хууль бус дарга юм.

- Асар СӨХ-ны г/з Т.Баатарыг БЗД-ийн мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч Н.Наранзул нь (Утас:99812915) Зөрчлийн тухай хуулийн 6.17-р зүйлийн 3-р заалтаар 300 нэгжээр торгож, торгуулийн ялаар шийтгэсэн байхад өнөөдөр ялтай хүнээр СӨХ-ны г/з-ын үүрэгт ажлыг хууль зөрчин байж гүйцэтгүүлж байна.

-Асар СӨХ-ны г/з Т.Баатар, ня-бо Д.Сумъяа нар нь үгсэн хуйвалдаж, бүлэглэн оршин суугчдын хөрөнгөнөөс хулгай болон луйвар хийсэн учраас БЗДЦХ-2 эрүүгийн мөрдөгч а/д Э.Түвшинжаргал (Утас:90233223) дээр эрүүгийн 200600933 хавтаст хэрэг нээгдэн шалгагдаж байгаа нь үнэн болно.

-Асар СӨХ-ны г/з Т.Баатар нь 2019.09.16-ны өдөр БЗД 6-р хороо 22Б байрны 1-р орц 00 тоотод 18 жил амьдарсан оршин суугч (о/с) Р.Мэндбаяраас 00 тоотыг авч гаднаас ирсэн ня-бо Д.Сумъяагийн цагдаа хүүг түрээсээр суулгахаар үгсэн тохиролцоод БЗД-ийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч энэ луйврын үйл ажиллагааг НИХДЗШШ-ийн 2020.03.06-ны өдрийн 53-р магадлалаар таслан зогсоосон. Үүнийгээ ч ня-бо Д.Сумъяа нь өөрөө хүлээн зөвшөөрч Одоо наяад 00 тоот хэрэггүй болсон. Миний хүү өөр байр түрээслэсэн гэж ярьсан яриа нь г/з Т.Баатар, ня-бо Д.Сумъяа нар нь өөрсдийнхөө луйврын үйл ажиллагаагаа өөрсдөө баталдаг.

- Асар СӨХ-ны г/з Т.Баатар нь БЗД 6 хороо 21 байрны 91 тоотод о/с Х.Нямдоржоос СӨХ-д төлөх төлбөр гэж 651,600 төгрөг гаргуулахаар БЗД-ийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүх Асар СӨХ-г ажил хийдэггүйг нь олж хараад мөн өрх толгойлсон эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй зэргүүдийг үнэлж дүгнээд Асар СӨХ-ны гаргасан нэхэмжлэлийг БЗД-ийн ИХАШШ-ийн 2020.02.20 өдрийн 3940 захирамжаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

- Асар СӨХ-ны г/з Т.Баатар нь БЗД 6 хороо 21 байрны 215 тоотод о/с Л.Эрдэнэбилэгээс СӨХ-нд төлөх төлбөр гэж 705,900 төгрөг гаргуулахаар БЗД-ийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан боловч шүүх о/с Л.Эрдэнэбилэгийн дээврээс ус, цас нэвтэрч ордогийг, мөн Асар СӨХ-ны ажил хийдэггүйг нь олж хараад гаргасан нэхэмжлэлийг нь БЗД-ийн ИХАШШ-ийн 2020.04.09 өдрийн 1237-р шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

- Асар СӨХ-ны г/з Т.Баатар нь Асар СӨХ-ны орлого, цэвэрлэгээг хариуцсан байцаагч Л.Жавзанг хууль бусаар ажлаас нь халсаныг НИХДЗШШ-ийн 2020.07.27-ны өдрийн 1656-р магадлалаар буцааж ажилд нь томилсон байдаг.

- Асар СӨХ-ны хуучин ня-бо Цэцэгмаа бол манай 22Б байрны оршин суугч бөгөөд гэрээгээр ажилладаг байсан. Тэгвэл г/з Т.Баатар нь хуучин гэрээт ня-бо Цэцэгмаатай хамтран ажиллахгүй, гаднаас орон тооны ня-бо Д.Сумъяатай хамтран ажиллаж байгаа нь шилэн дансыг бүрхэг болгож, оршин суугчдын мөнгийг хулгайлах сэдэл мөн гэдэг нь дээрх БЗДЦХ-2 шалгагдаж байгаа нь нотолдог. Ингээд хууль бус г/з Т.Баатар нь хулгай хийх гэтэл хууль ёсоор томилогдсон байцаагч Л.Жавзан, гэрээт ня-бо Цэцэгмаа нар нь гай болоод байгаа учраас ажлаас нь орон тооны цомхотгол, бүтцийн өөрчлөлт нэрээр шударга хүмүүсийг ажлаас нь хууль бусаар халсан байдаг. Асар СӨХ-ны захирал Т.Баатарыг БЗД-ын 6-р хорооны 21, 22Б байрнуудын оршин суугчид бид хуралдаж, хууль ёсны дагуу бид гар өргөж баталж сонгоогүй.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, Асар СӨХ-ноос гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

6. Нэхэмжлэгч Асар СӨХ шаардлагын үндэслэлээ: ...Асар СӨХ-ны харьяалалд байх 22Б байрны 1 дүгээр орцны 00 тоот буюу цахилгааны ерөнхий оролтын самбар байрлах /щитний/ өрөөнд хариуцагч нь амьдардаг, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх 4 дүгээр төвөөс уг айлыг гаргах талаар манай СӨХ-д удаа дараа албан мэдэгдэл ирүүлсний дагуу тухай бүрт нь уг айлд албан ёсоор мэдэгдэж байсан боловч чөлөөлөөгүй. Р.Мэндбаяр нь 2003 онд манай сууц өмчлөгчдийн холбоотой түрээсийн гэрээ байгуулж, сарын 9,000 төгрөгийн төлбөр төлж амьдарч байсан. 2018 оноос хойш огт төлбөр төлөөгүй тул түүнийг цаашид үргэлжлүүлэн амьдруулах боломжгүй. Иймд 22Б байрны 1 дүгээр орцны 00 тоот өрөөг Р.Мэндбаярын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан... гэж тайлбарласан,

Хариуцагч Р.Мэндбаяр: ...1999-2000 онд Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн 6, 13 дугаар хорооны нийтийн хэв журам хариуцсан цагдаагаар ажиллаж байсан. Ар гэрийн амьдрал хүнд хэцүү, гэр оронгүй байх үед тухайн үеийн Асар СӨХ-ны дарга Б.Ахмаанд 2002 онд 5,000,000 төгрөгийг бэлнээр өгч, шитний өрөөнд маш их хэмжээний засвар хийж орсон. Асар СӨХ-ны дарга Б.Ахмаан оршин суугчдын эрх ашгийн төлөө ажилдаггүй, өөрсдөө мөнгийг авч ашигладаг, дараагийн дарга Ч.Мөнхбаяр нь оршин суугчдын мөнгийг хууль бусаар зарцуулаад Зөрчлийн тухай хуулиар торгуулийн ял авч байсан. Одоогийн дарга Т.Баатар нь зөрчлийн хэрэгт холбогдогчоор шалгагдаж байгаа болно. Р.Мэндбаяр тус байранд 18 жил амьдарч байгаа. Асар СӨХ-нд Р.Мэндбаяраас гадна 11 өрөөг хүмүүс нь өмчлөх эрхээ авсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

7. Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд ...сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө ...хамаарна гэж, Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2-т дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд хамаарахгүй орон сууцны барилга, байгууламж, төхөөрөмжийн хэсэг нь орон сууц өмчлөгчдийн дундын өмчлөлд байна гэж, 143 дугаар зүйлийн 143.1-д ...дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоог байгуулна гэж, 92 дугаар зүйлийн 92.1-д шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэг этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж, 96 дугаар зүйлийн 96.3-т өмчлөгч буюу хууль ёсны эзэмшигч нь үндэслэл бүхий шаардлагыг эд хөрөнгө эзэмшигчид гаргаснаар эд хөрөнгө эзэмшигчийн эзэмшил дуусгавар болно гэж тус тус зохицуулсан.

Хуулийн дээрх зохицуулалтаар Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 22б байрны 1 дүгээр орцны 00 тоот буюу цахилгааны ерөнхий оролтын самбарын /щитний/ өрөө нь Асар СӨХ-ны дундын эд хөрөнгө бөгөөд хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Р.Мэндбаяр тус өрөөг 2002 оноос хойш эзэмшиж байгаа, ...0 тоот цахилгааны ерөнхий оролтын самбарын өрөөнд хүн амьдарч байгаа нь Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3, 33 дугаар зүйлийн 33.1 дэх заалтыг зөрчсөн... үндэслэлээр тоног төхөөрөмжийн угсралт, засвар ашиглалт, аюулгүй ажиллагааны шаардлагыг хэрэгжүүлэн ажиллахыг шаардаж, тус өрөөг чөлөөлөхийг ОСНААУГ Хэрэглэгчдэд үйлчлэх төв-4-өөс Асар СӨХ-д, Асар СӨХ хариуцагчид тус тус мэдэгдэж байсан үйл баримт тогтоогджээ.

8. Иймд Асар СӨХ зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан, үгүйсгэсэн үндэслэл тайлбараа нотлох үүрэгтэй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн.

9. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ зохигчийн маргаж буй эрх зүйн харилцаанд хамаарах Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.1, 143 дугаар зүйлийн 143.1, 92 дугаар зүйлийн 92.1, 96 дугаар зүйлийн 96.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг зөрчөөгүй байна.

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...нэхэмжлэгч Т.Баатарыг Асар СӨХ-ны гүйцэтгэх захирлаар томилсон удирдах зөвлөлийн тогтоол хууль бус, түүнийг 21, 22б байрны оршин суугчид хууль ёсоор хуралдаж сонгоогүй тул тэрээр нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш, ...иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ Ттодорхойлох хэсгийн 4/.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.2-т зааснаар удирдах зөвлөл нь сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлыг сонгох, чөлөөлөх эрхтэй гэж, 12 дугаар зүйлийн 12.4.2-т зааснаар гүйцэтгэх захирал нь дундын өмчлөлийн эд хөрөнгөд засвар, үйлчилгээ хийлгэх, орон сууцны хэвийн байдлыг хангах талаар үйлчилгээний мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулах, биелэлтийг хангуулах эрхтэй гэжээ.

Т.Баатар нь Асар СӨХ-ны гүйцэтгэх захирлаар 2019.03.01-ний өдрөөс ажиллаж байгаа болох нь Асар СӨХ-ны удирдах зөвлөлийн шүүхэд гаргасан тодорхойлолтоор /хх-117/ нотлогдож байх тул түүнийг Асар СӨХ-г төлөөлөх эрхтэй этгээд гэж үзнэ.

Харин Т.Баатарыг оршин суугчид бид хуралдаж сонгоогүй тул тэрээр СӨХ-г төлөөлөх эрхгүй этгээд гэх тайлбар үндэслэлээ хариуцагч нь нотлоогүй, энэ тухай хэрэгт баримтгүй байх тул ...Т.Баатар нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд... гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй.

11. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн маргаантай харилцааг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн, хэрэгт цугларсан баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2020/02480 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1884 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрхэмбаярын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрхэмбаяраас 2020.09.29-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.БАНЗРАГЧ

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

                                    ШҮҮГЧИД                                              П.ЗОЛЗАЯА

                                                                                                   Д.ЦОЛМОН

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД