Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2020/00531

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2020/00531

 

 

 

 

 

 

 

 

 

 

А СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2020/00298 дугаар шийдвэртэй, А СӨХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Р.Мт холбогдох, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 22б дугаар байрны 01 дүгээр орц 00 тоот орон сууцыг Р.Мын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхээ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрхэмбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч А СӨХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус А СӨХ-ны харьяалалд байх 22 Б байрны 1 дүгээр орцны 00 тоот буюу цахилгааны ерөнхий оролтын самбарын /шитний/ айл амьдрахыг хориглосон өрөөнд О.Мэндбаярынх зохих зөвшөөрөлгүйгээр амьдардаг бөгөөд оршин суугчид болон гэрлийн байцаагч, цахилгаанчид орж айлуудын цахилгаан тасрах, мөн цахилгааны гүйлт шалгахад байнга хүндрэл учруулдаг тухай гомдол ирүүлдэг юм. Мөн орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх 4 дүгээр төвөөс уг айлыг гаргах талаар манай СӨХ-нд удаа дараа албан мэдэгдэл ирүүлсний дагуу тухай бүрт нь уг айлд албан ёсоор мэдэгдэж байсан боловч биелүүлээгүйгээр барахгүй хэл амаар доромжлон чөлөөлж өгөхгүй байна. Хамгийн сүүлд Хэрэглэгчдэд үйлчлэх 4 дүгээр төвөөс 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрий дотор уг шитний өрөөг чөлөөлөх тухай ирүүлсэн мэдэгдлийг хавсарган А СӨХ-ноос шаардлага өгсөн боловч одоо болтол чөлөөлөхгүй байгаа юм. Иймд эрчим хүчний цахилгаанчид, оршин суугчид, СӨХ-ны ажил явуулахад хүндрэл учруулж байгаа, нөгөө талаар өөрсдийнх нь аюулгүй байдлын үүднээс Р.Мыг цахилгааны шит байрлах 00 тоотын өрөөнөөс албадан гаргуулахыг хүсэж нэхэмжлэл гаргаж байна. Хүлээн авч хууль зүйн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Р.М шүүхэд ирүүлсэн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч нь 1999 оноос 2000 онуудад Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн 6, 13 дугаар хорооны нийтийн хэв журам хариуцсан цагдаагаар ажиллаж байсан. Ар гэрийн амьдрал маань хүнд хэцүү, гэр оронгүй байх үед тухайн үеийн А СӨХ-ны дарга Б.Ахмаанд 2002 онд найз нөхдөөсөө цуглуулж 5 000 000 төгрөгийг бэлнээр өгч мөн энэ шитний өрөөнд маш их хэмжээний засвар хийж орсон. А СӨХ-ны дарга Б.Ахмаан нь тухайн үед орцны жижүүрүүдийг гэр оронгүй тэнэмэл архичдыг авч ажиллуулдаг байсан. А СӨХ-ны дарга Б.Ахмааны дараагийн дарга Ч.Мөнхбаяр нь оршин суугчдын төлсөн мөнгийг хууль бусаар зарцуулаад Зөрчлийн тухай хуулиар торгуулийн ял авч хөөгдсөн. Одоогийн дарга Т.Баатар нь зөрчлийн хэрэгт холбогдогчоор шалгагдаж байгаа болно. Р.М тус байранд 18 жил амьдарч байгаа. Мөнгөгүй хүн доромжлогдож байгаа. А СӨХ-нд Р.Маас гадна 11 өрөөг хүмүүс нь өмчлөх эрхээ авсан. Үүнийг нарийвчлан харж шийдвэрлээрэй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 22б байрны 1 дүгээр орцны 00 тоотыг Р.Мын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид А СӨХ-ноос төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Маас 70 200 төгрөг гаргуулж, А СӨХ-нд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, тэгш байх зарчим алдагдсан нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. "А" СӨХ нь БЗД-ийн 6 хорооны 21; 22Б байрнуудын манаач, цэвэрлэгч, засварчдын ажлуудыг голлон хийж гүйцэтгэх үүрэгтэй холбоо юм. Гэтэл "А" СӨХ нь өөрийнхөө хийж гүйцэтгэх үүргээсээ хальж дээрхи 2 байрнаас мөнгө олох ямар л нүх сав байна бүгдийг нь ашигладаг. Мөн оршин суугчид бидний байрныхаа бүрэн бүтэн байдалд бусад бүхий л үйл ажиллагаанд зориулж өгсөн мөнгийг хууль бусаар ашиглаж хувьдаа завшдаг байдал дээд цэгтээ хүрсэн. А" СӨХ-ны захирал Т.Баатар нь оршин суугчдын мөнгөөр авсан явган хүний зам тавих зориулалттай дөрвөлжин хэлбэрийн хавтанг Портер маркын автомашиныг дүүргэж ачиж авч яваад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт орших 7 буудлын орчимд байдаг хувийнхаа зусланд аваачиж буулгасан. Дараа нь мөн л оршин суугчдын мөнгөөр авсан ногоо, мод тарихад зориулагдсан хар шороог ачиж авч явсан хулгайн гэмт үйлдлүүдийг бусад хүмүүс гэрчилдэг. Энэ хулгайн гэмт хэрэг нь одоо БЗД-ийн цагдаагийн 2-р хэлтэст шалгагдаж байгаа. "А" СӨХ-ны захирал Т.Баатарыг БЗД 6 хорооны 21, 22Б байрнуудын оршин суугчид бид хуралдаж, хууль ёсны дагуу сонгоогүй! Иймд хууль бус дарга шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй юм! "А" СӨХ-ны хариуцдаг БЗД 6 хорооны 21, 22Б байрнууд нь нийтдээ 14 орцтой буюу 00 тоот цахилгааны шитний 14 өрөө байдаг!. Энэ 00 тоот өрөөнд байдаг цахилгааны шит нь 120 см өндөртэй, 60 см өргөнтэй, 12 см зузаантай байдаг! Р.Мынх энэ 00 тоот өрөөндөө өнөөдрийг хүртэл 18 жил амьдрахдаа, шүүхийн шийдвэрт дурьдагдсан шиг тийм эрүүл мэндэд хортой, аюултай эрсдэлтэй нөхцөлд амьдраагүй бөгөөд өнөөдөр бүгд эрүүл саруул амьдарч байна! Хариуцагч Р.Мт мөнгөний боломж муу байдаг учраас бусад 00 тоотын 13 өрөө шиг цахилгааны шитийг 00 тоот өрөөнөөс гаргаж 1 давхрын лифтний хажууд байршуулж чадаагүй! Ингэж байршуулахын тулд ОСК, МХГ, СӨХ зэрэг байгууллагуудын дарга нарт их хэмжээний авлигал өгч байж зохих зөвшөөрлийг олж авдаг! Шүүхийн шийдвэрийн "тогтоох хэсгийн 1-д Иргэний хуулийн 106 зүйлийн 106.1 дэх заалтыг дурьдаж, хуулийг буруу хэрэглэсэнд гомдолтой байна! Мөн шийдвэрийнхээ үндэслэх нь хэсэгт цахилгааны шитний 00 тоот өрөөг орон сууцны байшингийн дундын өмчлөл байна гэж хуулийн заалтаар нь дахин давтан дурьдчихаад "тогтоох нь" хэсэгт эцэслэн шийдвэрлэхдээ, цахилгааны шитний 00 тоот өрөөг "А" СӨХ-ны хувийнх нь өмч хөрөнгө мэтээр үнэлж, дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна! Монгол Улсын хувь хүн болон хуулийн этгээд байгууллагын өмч хөрөнгөний өмчлөгч эзнийг хууль ёсоор тогтоодог эрх бүхий Улсын бүртгэлийн ерөний газар гэдэг ганцхан байгууллага байдаг! Энэ байгууллагаас өнөөдрийг хүртэл цахилгааны шитны 00 тоот өрөөнд гаргасан ямар ч эрх зүйн акт байхгүй !. Харин "А" СӨХ-ны 52 тоот гэрчилгээ бол хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ биш зүгээр л үйл ажиллагаа явуулах эрхийн гэрчилгээ гэдгийг ялгаж салгаж зөвөөр ойлгох ёстой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

А СӨХ Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 22Б байрны 1 дүгээр орцны 00 тоотыг Р.Мын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, уг өрөөнд хууль ёсны дагуу амьдарч байгаа гэж маргажээ.

 

Хариуцагч маргаан бүхий Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 22б дугаар байрны 01 дүгээр орц 00 тоот өрөөнд амьдарч байгаа үйл баримтын талаар маргаагүй байна.

 

Маргаан бүхий Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 22б дугаар байрны 01 дүгээр орц 00 тоот орон сууцыг эзэмшилдээ байлгаж буй этгээд буюу Р.Мын эзэмшил нь хууль буюу гэрээнд үндэслэгдээгүй, хууль бус эсэх нөхцөл байдлыг тогтоосны дараа Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх заалтыг шүүх хэрэглэнэ. Тодруулбал, хуулийн уг зааль нь тухайн эд зүйлийн өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхийг олгосон зохицуулалт юм.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч СӨХ-ны өмнөх захирал Б.Ахмаанд 5 000 000 төгрөгийг төлснөөр өөрийн эзэмшилд авч, засан сайжруулж тохижуулан 18 жил амьдарч байгаа гэсэн агуулгатай тайлбар гаргасан байна.

 

Хэргийн 3 дугаар талд авагдсан А СӨХ-ны 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн Холбооны бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд анх Х.Ахмаан нь СӨХ-ны гүйцэтгэх захирлаар бүртгэгдэж, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Ч.Мөнхбаярыг томилогдох хүртэл ажиллаж, 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс Т.Баатар гүйцэтгэх захирлаар томилогджээ.

 

Түүнчлэн, маргаан бүхий шитний өрөөг өмнө нь аж ахуйн зориулалтаар ашиглуулж байсан үйл баримт Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02-07-89/01 тоот Техникийн давхрын ашиглалтыг зогсоох тухай акт болон 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Мэргэжлийн хяналтын газрын 02-03/4400 тоот албан бичгээр тогтоогдож байна./хэргийн 36-37 дугаар тал/

 

Дээрх нөхцөл байдлыг харьцуулан үзвэл, хариуцагч уг шитний өрөөг ямар үндэслэлээр эзэмшилдээ авсан, тухайлбал хариу төлбөртэй эсэхүл төлбөргүй гэрээний дагуу ашиглаж, эзэмшиж байгаа болохыг тодруулах шаардлагатай. Энэ тохиолдолд хариуцагчид эзэмших эрх буюу боломж олгосон хуульд заасан журмын дагуу цуцлагдаж, дуусгавар болсон эсэх буюу хариуцагч тухайн эд хөрөнгийг эзэмших эрхгүй болсон гэх нөхцөл байдал тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл, тухайн өрөөг хариуцагч эзэмшиж буй хууль зүйн үндэслэл тодорхой бус байгаа тохиолдолд эзэмшил хууль бус эсэх талаар дүгнэж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэх боломжгүй.

 

Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийг Эрчим хүчний тухай хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг зөрчиж уг байранд амьдарч буй талаар дүгнэсэн атлаа зохигчдын хооронд байгуулагдсан эд хөрөнгө эзэмшилд шилжүүлэх ямар төрлийн гэрээг цуцлах үндэслэл болсон талаар шийдвэрийн үндэслэх хэсэгт бичээгүй байна.

 

Давж заалдах шатны шүүхээс дээрх байдлыг тодруулах ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримт, хууль хэрэглээний хувьд дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2020/00298 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

С.ЭНХТӨР