Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2019/01387

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 10 өдөр Дугаар 101/ШШ2019/01387 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Япон улсын иргэн, Япон улс, Сэндай-ши, Вакабаяши-ку, Ицуцубаши, 3-1-2-1402 тоот хаягт оршин суух хаягтай, Камата Х /паспортын дугаар: /,

Нэхэмжлэгч: Япон улсын иргэн, Япон улс, Мияги, Хачияама, Заоу-Чоу, Тоугата Онсэн, 217-4 тоот хаягт оршин суух Микуни А /паспортын дугаар: / нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Москвагийн гудамж, 119а байр, 112 тоот хаягт оршин суух Монгол Улсын иргэн Хар адуут овогт Адъяагийн Б /регистрийн дугаар: /-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 24-116 тоот хаягт оршин суух, Харчин овогт ГанБ ын Г /регистрийн дугаар: ЦД74072276/,

Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 40 мянгат, 01, 36 тоот хаягтай МСВСЦ ББСБ ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар: /-д тус тус холбогдох,

 

Нэхэмжлэгч Камата *******д хариуцагч Г.Г өөс 6,000,000 япон иен буюу 131,340,000 төгрөг, хариуцагч МСВСЦ ББСБ ХХК-иас 10,000,000 япон иен буюу 218,900,000 төгрөг,

Нэхэмжлэгч Микуни А д хариуцагч МСВСЦ ББСБ ХХК-иас 3,000,000 япон иен буюу 65,670,000 төгрөг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б , түүний өмгөөлөгч Д.Алтансүх, хариуцагч Г.Г болон МСВСЦ ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяраа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Япон Улсын иргэн Камата нь Монгол Улсын иргэн Г.Г , Япон улсын иргэн Шибуяа Масару нартай 2012 онд танилцаж, уулзалдсан бөгөөд тэр хоёр Монголд ББСБ байгуулахад их ашигтай байдаг, бизнесийн хувьд хамтрагч хайж байгаа талаараа маш итгэл үнэмшил бүхий тоо баримт үзүүлэх зэрэг үйлдэл гаргаж тайлбарлаж байсан. Камата нь найз нөхдөдөө энэ тухай хэлэхэд дэмжээд, хамгийн гол нь найдвартай юу гэдгийг их сонирхож байсан. Япон улсын иргэн Шибуяа Масару нь Монголд байнга оршин суудаг бөгөөд монгол хэл маш сайн мэддэг, монгол эхнэртэй, монголын эдийн засаг, нийгмийн нөхцөл байдлыг илүү сайн мэддэг гэдэг үүднээс бас илүү их итгэсэн.

Иймд нухацтай бодож үзсэний үндсэн дээр банк бус санхүүгийн байгууллага байгуулаад түүндээ хадгалуулаад, дээр нь мөнгө иргэдэд зээлдүүлэх үйл ажиллагааг Монгол Улсын хуулийн дагуу явуулаад, иргэдийн хүүнээс хууль ёсны ашиг олох боломжтой гэж тооцоолоод бусад байдлаар өөр зүйлд хөрөнгө оруулах гэж байснаа больж зөвшөөрсөн.

Улмаар Микацүки гэх нэртэй банк бус санхүүгийн байгууллага байгуулчихлаа гээд Япон улсын иргэдийн мөнгөн хөрөнгийг тэдгээрийн зөвшөөрлийн дагуу хадгаламж хэлбэрээр байршуулан ажиллахаар болсон гээд мөнгө татах үйл ажиллагаа эхэлсэн. Ингээд 2012 оноос мөнгөн хадгаламж татаж Г.Г болон Шибуяа нарт өгөх болсон.

Дээрх байдлаар Г гэх хүнд хадгаламж, банк бус санхүүгийн үйл ажиллагаа хамтран явуулах гээд 2 тэрбум төгрөг өгөөд үлдэгдэл 1,664,780,000 төгрөгийг авч чадахгүй байгаа юм. Гэтэл банк бус санхүүгийн байгууллага байгуулаагүй, байгуулагдаагүй гэх эргэлзээ бүхий асуудал яригдах болсон тул бид үүнийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан. Гэтэл цагдаагийн байгууллагаас асуудлыг шалгаад бидний мөнгө Микацүки ХХК-д биш хариуцагч Г.Г ийн МСВСЦ гэх нэр бүхий банк бус санхүүгийн байгууллага бидний мөнгийг аваад түүнээсээ зээл олгоод явдаг, тэрхүү мөнгөнүүд нь үл хөдлөх хөрөнгө хэлбэрээр одоо байгаа гэх байдлаар Нийслэлийн Прокурорын газраас 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тул Иргэний хуульд заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна.

Г.Г болон Шибуяа нар нь үндэслэлгүй хөрөнгөжсөн хөрөнгүүдээ буцаан олгохоо илэрхийлэн эргэн төлөлтийн график гэгчийг тус эрүүгийн хэрэг шалгагдах явцад гаргасан бөгөөд тэрхүү гаргаж өгсөн графикийн дагуу одоо хүртэл биднийг хохироож, төлбөрөө төлөхгүй байгаад туйлын ихээр гомдож байна.

Г.Г болон Шибуяа Масару нар нь дээрх мөнгийг буцаан олгох, эргэн төлөхөө Нийслэлийн Мөрдөн байцаах газарт өгсөн мэдүүлэгтээ дурдсан мөн хэрхэн төлөх тухай графикаа хүртэл цагдаагийн газар гаргаж өгсөн байдаг атлаа эрүүгийн хэргээ хэрэгсэхгүй болгонгуут төлнө, төлнө гэсээр сүүлдээ ор сураггүй зугтсан.

Нэхэмжлэгч Камата *******д хариуцагч Г.Г өөс 6,000,000 япон иен буюу 131,340,000 төгрөг, хариуцагч МСВСЦ ББСБ ХХК-иас 10,000,000 япон иен буюу 218,900,000 төгрөг,

Нэхэмжлэгч Микуни А д хариуцагч МСВСЦ ББСБ ХХК-иас 3,000,000 япон иен буюу 65,670,000 төгрөг тус тус гаргуулахаар шаардаж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Алтансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

 

Хариуцагч Г.Г ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяраа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Г.Г урьд өмнө нь дээрх Япон улсын иргэдийг танихгүй ба зөвхөн Япон улсын иргэн Шибуяа Масаругаар дамжуулж танилцаж, улмаар Шибуяа Масаругаар дээрх хүмүүстэй уулзсан. Энэ хүмүүс өөрсдөө Шибуяа Масарутай тохиролцож, Монгол Улсад бизнес хийх, мөнгө угаах зорилготой байсан. Микацүки нэртэй ББСБ байгуулж тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт орж ирсэн. Үүний дагуу энэ япон хүмүүстэй удаа дараа уулзаж, бизнесээ явуулж байсан. Г.Г ийн хувьд япон хэл мэдэхгүй, зөвхөн Шибуяа Масаругаар дамжуулан ойлгож харьцаж байсан.

Эдгээр япончуудтай удаа дараа мэйл-ээр харьцаж байсан. Үүнд цагдаагийн байгууллагад шалгагдаад харилцан тохиролцох ашигтай байдлаар асуудлыг шийдэхээр хандсан боловч ерөөсөө хариу өгөөгүй, миний хувьд ор сураггүй зугтсан зүйлгүй, Монголдоо ажлаа хийгээд байж байна.

Нэхэмжилж буй 19,000,000 сая иен хэзээ ямар байдлаар орж ирснийг мэдэхгүй, үүнийг Шибуяа Масару л сайн мэдэж байгаа. Г.Г ийн хувьд нэхэмжлэгч нартай уулзаж эвлэрч асуудлыг шийдвэрлэх саналтай болно гэжээ.

 

Хариуцагч МСВСЦ ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяраа шүүхэд гаргасан тайлбартаа: Япон улсын иргэн Камата *******, Микуни А нарын нэхэмжилж буй мөнгө нь үндэслэлгүй юм. Учир нь Япон улсын иргэн Камата Х нь Микацүки ББСБ-г байгуулан улмаар Япон улсаас хөрөнгө оруулалт хийсэн ба тухайн үед үүсгэн байгуулсан Микацүки ББСБ нь үйл ажиллагаа явуулах боломжгүй болж МСВСЦ ББСБ ХХК-д мөнгийг шилжүүлж үйл ажиллагааг явуулсан. Үүнийг Камата Х өөрөө мэдэж байсан, зөвшөөрч байсан. Одоо өчнөөн үл хөдлөх болон бусад хөрөнгүүд байгаа, эдгээр хөрөнгөөс буцаан авах боломжтой.

МСВСЦ ББСБ ХХК нь шилжүүлсэн мөнгийг оруулаад гаргасан, тэрнээс өөрийн хөрөнгийг өсгөж арвижуулаагүй болно.

Нэхэмжилж буй мөнгө нь үндэслэлгүй, ямар баримт бичгээр гэрээ үйлдсэн, хэзээ өгсөн нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Г болон МСВСЦ ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяраа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Г ийн хувьд япончуудтай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлснээр танилцсан. Камата Х нь Япондоо С2 гэдэг компанитай. Энэ компанитай хамтарч ажиллана, хөрөнгө оруулалт хийнэ гэж тохиролцож Микацүки ББСБ-ыг байгуулсан байдаг. Үүсгэн байгуулахдаа Камата Х нь өөрөө 70 хувийг, Г.Г 25 хувийг, Шибуяа 5 хувийг хамтран эзэмшигчээр байгуулж, 2-3 гишүүнтэй байгуулаад дүрмийн сангаа байгуулаад, бүртгүүлж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Дундын хөрөнгүүд орж ирсэн. Энэ орж ирсэн хөрөнгүүд нь нийт 1,600,000,000 гаруй төгрөг болж байгаа. Энэ хөрөнгүүдээр үйл ажиллагаа явуулдаг болсон. Хэнтий аймгийн Цэнхэр мандал суманд алтны уурхай, Дорнод аймгийн Матад суманд жоншны уурхай, нилээн их эд хөрөнгүүд, автомашинууд зэргийг авсан. Сүүлдээ энэ хүмүүс маань Микацүки ББСБ нь гадаадын иргэдийн 70 хувийн оролцоотойгоор оруулсан хөрөнгөө буцааж татна гэсэн. Г.Г ийн хувьд ямар нэгэн өөрийнхөө дансанд болоод өөртөө хувьдаа хэрэглэсэн юм байхгүй. Г.Г ийн хувьд өөртөө аваагүй учраас төлөх үндэслэл байгүй гэж үзэж байна.

Харин МСЦСВ ББСБ ХХК-ийн хувьд Камата Х нь хоёр ББСБ тус тусдаа санхүүтэй байна гэж байхгүй. Дундаа нэг санхүүтэй байсан. Тэгээд нэг санхүү дээрээ хүлээж аваад цааш нь хуваарилдаг байсан. 2012 оны 8 сарын 26-ны өдөр 8.300.000 иен кассын ордер дээр хийсэн байдаг. Энэ нь чухам хэнээс хэнээс мөнгө орж ирсэн нь тодорхойгүй байдаг. Хэнийх нь мэдэгдэхгүй. Яахав гарын үсгээр нь харж болно. 3,000,000 иен Микуки А , 5,000,000 иен *******, Микуни бололтой байсан. Гэхдээ баримтаар тогтоогдсон зүйл байхгүй. Санхүүгийн тайланг үзэхэд япончуудад ямар нэгэн өртэй гэж юм байгаагүй. Харин Микацүки ББСБ-ын 2012 оны 4-р улирлын тайланд гадаадын иргэнд өртэй гэж байдаг. Ийм учраас энэ нэхэмжилж байгаа үнийн дүнг МСЦСВ ББСБ ХХК-иас нэхэх нь үндэслэлгүй юм. Баримтаар тогтоогдсон зүйл байхгүй.

Г.Г ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гээд байх юм. Хэрхэн яаж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн юм. Хэдэн төгрөгийн авлагатай юм. Түүнийгээ та нар яаж нотлоод байгаа юм. Г.Г ийг удаа дараа 100,000,000 төгрөг, 200,000,000 төгрөг, 75,000,000 төгрөг авсан гээд байх юм. Өөр зүйлд хэрэглээд ашиг олсон гэж байгаа. Тэр мөнгийг алтны уурхай, жоншны уурхай, гаалийн талбай, бусад эд хөрөнгөнд ашигласан. Тийм болохоос өөртөө хувьдаа ашиглаагүй. Хамтран ажиллах гэрээ байгуулсан. Камата *******, Шибүяа, Г.Г гурвуулаа хамтарч буцааж төлөх графикийг хийсэн. Г.Г ганцаараа хийгээд би төлнө гэсэн үг биш, адилхан 3-лаа л хариуцлага хүлээнэ. Нийслэлийн прокурорын газраас хэргийг шалгасан ямар нэгэн гэмт хэргийн шинжгүй байна гээд буцаасан. Тэгээд иргэний шүүхэд хандсан. Үүн дээр ямар нэгэн гэм буруугийн асуудал тогтоогдоогүй. Буцаан төлөх график бол 2 тал хоёулаа гарын үсэг зураад зөвшөөрөх ёстой. Манай МСЦСВ ББСБ ХХК болон Г.Г нар хариуцагч мөн юм уу гэдэг асуудал үүсч байна. Г.Г болон МСЦСВ ББСБ ХХК, Шибүяа нар ямар гэрээ хийсэн юм. Ямар гэрээний үндсэн дээр эрх ашгийг нь зөрчсөн юм. Аль аль тал нь л харилцан тохиролцож хийсэн. Танайх 1 удаа ирж уулзаагүй. Хариуцагчаар татагдсан хариуцагчид мөн юм уу биш юм уу.

Нийслэлийн прокурорын баримт мөрдөн байцаалтын мэдүүлэг зэрэг нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Байнгын Япон улс руу мэдэгдэж байсан. Ийм асуудлыг мэдсээр байж шүүх хурал дээр ярихгүй байна. Хэнтий аймагт алтны орд биш, үйл ажиллагаа явуулдаг уурхай байгаа шүү дээ, үүнийгээ өгье л гэсэн. Нэхэмжлэгч талаас авахгүй бид нар монголд байхгүй учраас бэлэн мөнгөө авна гэж өнөөдрийг хүрсэн. Г.Г болон МСЦСВ ББСБ ХХК-ийг хариуцачаар татсан нь буруу гэж үзэж байна. 2012, 2013 оны хэрэг учир Иргэний хуулийн 75.3-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж харагдаж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Япон улсын иргэн Камата *******, Микуни А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б нь хариуцагч Г.Г болон МСВСЦ ББСБ ХХК-д холбогдуулан, нэхэмжлэгч Камата *******д хариуцагч Г.Г өөс 6,000,000 япон иен буюу 131,340,000 төгрөг, хариуцагч МСВСЦ ББСБ ХХК-иас 10,000,000 япон иен буюу 218,900,000 төгрөг, нэхэмжлэгч Микуни А д хариуцагч МСВСЦ ББСБ ХХК-иас 3,000,000 япон иен буюу 65,670,000 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, талууд маргаж байна.

Шүүх, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ. Хэрэгт авагдсан Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 101 дугаартай тогтоолоос үзэхэд, Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Камата Х нь хариуцагч Г.Г болон Япон улсын иргэн Шибуяа Масару нарын Монгол Улсад байгуулж, үйл ажиллагаа явуулах банк бус санхүүгийн байгууллагад хөрөнгө оруулахаар зөвшөөрч, нэхэмжлэгч Микуни А гийн хамт шилжүүлсэн мөнгөө хариуцагч Г.Г болон түүний үүсгэн байгуулсан МСВСЦ ББСБ ХХК-иас гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяраа нь нэхэмжилж буй 19,000,000 сая иен хэзээ ямар байдлаар орж ирснийг мэдэхгүй, Камата Х нь Микацүки ББСБ-г байгуулан улмаар Япон улсаас хөрөнгө оруулалт хийсэн ба тухайн үед үүсгэн байгуулсан Микацүки ББСБ нь үйл ажиллагаа явуулах боломжгүй болж МСВСЦ ББСБ ХХК-д мөнгийг шилжүүлж үйл ажиллагааг явуулсныг Камата Х өөрөө мэдсэн, зөвшөөрч байсан, Г.Г ийн хувьд япон хэл мэдэхгүй, зөвхөн Шибуяа Масаругаар дамжуулан ойлгож харьцаж байсан, одоо байгаа үл хөдлөх болон бусад хөрөнгүүдээс буцаан авах боломжтой, нэхэмжилж буй мөнгө нь үндэслэлгүй, ямар баримт бичгээр гэрээ үйлдсэн, хэзээ өгсөн нь тодорхойгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэх хариу тайлбарыг гаргаж мэтгэлцэж байна.

Хариуцагчийн татгалзалд дурьдагдаж буй Микацуки ХХК-ийг дор нэр дурдагдсан 3 хувьцаа эзэмшигч, иргэн, хуулийн этгээдүүд хувь нийлүүлэн байгуулж, Си Тү ХК /регистрийн дугаар: 3700-01-011775/ 700 ширхэг хувьцаа буюу 70 хувь, Г.Г /регистрийн дугаар: ЦД74072276/ 250 ширхэг хувьцаа буюу 25 хувь, Шибуяа Масару /регистрийн дугаар: JPN8402138/ 50 ширхэг хувьцаа буюу 5 хувийн хувьцааг тус тус эзэмшихээр тогтож, 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар тус компанийн дүрмийг баталжээ.

Микацуки ХХК-ийг үүсгэн байгуулахад тус компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн 70 хувийн хувийг эзэмшигч Си Тү ХК-ийг төлөөлж нэхэмжлэгч Камата Х оролцсон болох нь тус хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрмийн хуулбараар тогтоогдож байна. Тус хуулийн этгээдийн үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл нь банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулах бус гадаад худалдааны үйл ажиллагаа явуулахаар улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагджээ.

Харин хариуцагч Г.Г болон Ж.Адилбиш, Н.Энхсаран нар үүсгэн байгуулагчаар бүртгэлтэй, Г.Г , Н.Энхсаран нар итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй МСВСЦ ББСБ ХХК нь гадаад валютын арилжаа, гадаад худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг, банк бус санхүүгийн байгууллагын эрхтэй хуулийн этгээд болох нь тус компанийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, МСВСЦ ББСБ ХХК-д дүрмийн сангийн бүтэц, хувь нийлүүлэгчдийн бүтэц бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулахыг зөвшөөрөх тухай Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 189 дугаартай тушаал, Санхүүгийн зохицуулах хорооноос тус шүүхэд ирүүлсэн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 3-2/4717 дугаартай албан бичиг, санхүүгийн тайлан зэргээр тогтоогдож байна.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн МСВСЦ ББСБ ХХК-ийн кассын нярав А.Цэрэннадмидын гаргасан 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны Кассын тайланд 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 8,300,000 иэн ханш 17,4 /бэлнээр/ 144,420,000 төгрөг, кассын нярав Ц.Эрдэнэтуяагийн гаргасан 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны тайланд 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Камата сангаас орлого 5,000,000 иен*15,5 төгрөг буюу 77,500,000 төгрөгийн орлого тус тус орсон, Микацүки ХХК-ийн Голомт банк дахь 1905005530 дугаартай япон иений дансны 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацааны хуулгад 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 5,999,143.51 иен буюу 97,486,082.04 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан уг дансанд шилжүүлсэн зэргээс үзэхэд хариуцагч Г.Г ийн Микацүки ХХК-д болон хариуцагч МСВСЦ ББСБ ХХК-д нэхэмжлэгчээс мөнгө шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Дээр дурдсан 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 5,999,143.51 иен буюу 97,486,082.04 төгрөгийн орлого Микацүки ХХК-ийн Голомт банк дахь 1905005530 дугаартай япон иений дансанд орсон өдөр дахин 9,999,143.51 иен орж тухайн өдрийн орлого 15,998,287.02 иен буюу 259,972,164.08 төгрөг /ханш:16.25/, өдрийн үлдэгдэл 16,014,886.17 иен хэмээн бүртгэгдсэн байх бөгөөд мөн өдрөөс хойш 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагч Г.Г 15,960,000 иен буюу 254,881,200 төгрөгийг /ханш:15.97/ 511899912 тоот чекээр бэлэн зарлагаар гарган авч, бэлэн гаралтын шимтгэл 47,880 иен буюу 764,643 төгрөгийн зарлага гаргаж, тухайн өдрийн орлого 0.00 төгрөг, өдрийн зарлах 16,007,880 иен буюу 255,645,843.60 төгрөг, өдрийн үлдэгдэл 6,806.17 иен үлджээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч талын нэхэмжилж буй мөнгө нь үндэслэлгүй, ямар баримт бичгээр гэрээ үйлдсэн, хэзээ өгсөн нь тодорхойгүй хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байх боловч хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөр огноотой, Г.Г ийн гарын үсэгтэй, Буцаах хадгаламж нэртэй хүснэгтийг хэрэгт ач холбогдолгүй гэж үзэх, тухайн баримтын нотолгооны ач холбогдлыг үгүйсгэх боломжгүй байна.

2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөр огноотой, Г.Г ийн гарын үсэгтэй, Буцаах хадгаламж нэртэй хүснэгтийн 3 дугаар мөрөнд MIKUNI AKIKO 3,000,000 иен /17.40 төгрөгийн ханштай/ буюу 52,200,000 төгрөг, 12 дугаар мөрөнд C2 KAMATAHIROTSUGU 5,000,000 иен /17.40 төгрөгийн ханштай/ буюу 87,000,000 төгрөг, 13 дугаар мөрөнд C2 KAMATA SAN 5,000,000 иен /15,50 төгрөгийн ханштай/ 77,500,000 төгрөг, 14 дүгээр мөрөнд C2 /KAMATAHIROTSUGU/ 6,000,000 иен /15.95 төгрөгийн ханштай/ 95,700,000 төгрөг хэмээн тус тус тэмдэглэгдсэн, уг хүснэгтийн төгсгөл хэсэгт нэр бүхий 5 хүнд 4,600,000 иен буюу 72,400,000 төгрөгийг Буцаасан хадгаламж гэх хүснэгтэд бичсэн, 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн огноотой 1. 2015 оны 4 дүгээр сарын 23-нд гарын үсэг зурсан санах бичгээс зээлийн хүүг тооцоолон гаргаж өгөх, 2015 оны сүүлийн өдрийг хүртлэх хугацаанд биелүүлнэ гэдгээ амлаж байна. 2. Сүүлийн үеийн зээлийн нөхцөл байдлыг харуулсан бичиг баримтыг яаралтай гаргаж өгнө. 3. Зээлийн нөхцөл байдлыг харж байгаад муудсан зээлээ хэрхэн шийдэх талаар дараа нь харилцан зөвшилцөж шийднэ гэх Г.Г ийн гарын үсэгтэй баримтаас үзэхэд, хариуцагч МСВСЦ ББСБ-ийн гүйцэтгэх захирал Г.Г нь дээрх дүн бүхий мөнгийг нэхэмжлэгч Камата *******, Микуни А нарт буцаан шилжүүлэхээ 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр илэрхийлсэн гэж дүгнэх үндэслэлтэй.

Монгол Улсад банк бус санхүүгийн байгууллага байгуулахаар нэхэмжлэгч Камата *******, хариуцагч Г.Г нар тохиролцсон, нэхэмжлэгч нар банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд зориулж хөрөнгө оруулсан, мөнгөн хөрөнгийг хариуцагч Г.Г захиран зарцуулсан үйл баримт дээр дурдсанаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй, мөн хуулийн 187 дугаар зүйлийн 187.1 Үүрэг нь энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр үүснэ. гэж тус тус зааснаар зохигч талуудын хооронд үүрэг бүхий эрх зүйн харилцаа, иргэний эрх зүйн хэлцэл үүссэн гэж үзнэ.

Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 3-2/4717 дугаар албан бичгээр тус шүүхэд ирүүлсэн МСВСЦ ББСБ ХХК-ийн 2012, 2013 онуудын санхүүгийн тайлан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Тэр мөнгийг алтны уурхай, жоншны уурхай, гаалийн талбай, бусад эд хөрөнгөнд ашигласан. Тийм болохоос өөртөө хувьдаа ашиглаагүй..., ...Хэнтий аймагт алтны орд биш, үйл ажиллагаа явуулдаг уурхай байгаа шүү дээ, үүнийгээ өгье л гэсэн. Нэхэмжлэгч талаас авахгүй, бид нар монголд байхгүй учраас бэлэн мөнгөө авна гэж өнөөдрийг хүрсэн... гэх тайлбар зэргээс үзэхэд, тус компани нь банк бус санхүүгийн байгууллагын хувьд зээлийн үйл ажиллагаа явуулсан гэж үзэхээргүй байна.

Хариуцагч Г.Г нь дээр дурдсанаар нэхэмжлэгчтэй тохиролцсоны дагуу банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулаагүй буюу нэхэмжлэгч Камата *******, Микуни А нарын өмнө үүрэг хүлээсэн хэлцэл бүхий эрх зүйн харилцаа үргэлжлэх боломжгүй болжээ.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй:, 492.1.1.хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон; гэж зааснаар хариуцагч Г.Г болон МСВСЦ ББСБ ХХК-ийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хавсарган өгсөн Монголбанкнаас зарласан ханшийн 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн лавлагаагаар японы иен 2018 ны 7 дугаар сарын 16-ны өдөр 21.89 төгрөг байсан нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Камата *******д хариуцагч Г.Г өөс 6,000,000 япон иен буюу 131,340,000 төгрөг, хариуцагч МСВСЦ ББСБ ХХК-иас 10,000,000 япон иен буюу 218,900,000 төгрөг, нэхэмжлэгч Микуни А д хариуцагч МСВСЦ ББСБ ХХК-иас 3,000,000 япон иен буюу 65,670,000 төгрөг тус тус гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан, хариуцагч Г.Г өөс 131,340,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Камата *******д, хариуцагч МСВСЦ ББСБ ХХК-иас 218,900,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Камата *******д, 65,670,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Микуни А д тус тус олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,395,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Г өөс улсын тэмдэгтийн хураамж 814,650 төгрөг, хариуцагч МСВСЦ ББСБ ХХК-иас 1,252,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Камата *******д, хариуцагч МСВСЦ ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 486,300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Микуни А д тус тус олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА