Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2021/00384

 

 

Япон улсын иргэн *******,*******

нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Болдын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Х.Сонинбаяр, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2019/01387 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1766 дугаар магадлалтай,

Япон улсын иргэн *******,******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Болдын нэхэмжлэлтэй,

МСВСЦ ББСБ ХХК,******* нарт холбогдох

*******д хариуцагч*******өөс 6,000,000 япон иен буюу 131,340,000 төгрөг, хариуцагч*******-аас 10,000,000 япон иен буюу 218,900,000 төгрөг, нэхэмжлэгч*******д хариуцагч*******-аас 3,000,000 япон иен буюу 65,670,000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяраагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Болд, түүний өмгөөлөгч Л.Алтансүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяраа, Н.Батбаяр, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан оролцов.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Болд, өмгөөлөгч Д.Алтансүх нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Япон Улсын иргэн Камата нь Монгол Улсын иргэн*******, Япон улсын иргэн Шибуяа Масару нартай 2012 онд танилцаж, уулзалдсан бөгөөд тэр хоёр Монголд ББСБ байгуулахад их ашигтай байдаг, бизнесийн хувьд хамтрагч хайж байгаа талаараа маш итгэл үнэмшил бүхий тоо баримт үзүүлэх зэрэг үйлдэл гаргаж тайлбарлаж байсан. Камата нь найз нөхдөдөө энэ тухай хэлэхэд дэмжээд, хамгийн гол нь найдвартай юу гэдгийг их сонирхож байсан. Япон улсын иргэн Шибуяа Масару нь Монголд байнга оршин суудаг бөгөөд монгол хэл маш сайн мэддэг, монгол эхнэртэй, Монголын эдийн засаг, нийгмийн нөхцөл байдлыг илүү сайн мэддэг гэдэг үүднээс бас илүү их итгэсэн. Иймд нухацтай бодож үзсэний үндсэн дээр банк бус санхүүгийн байгууллага байгуулаад түүндээ хадгалуулаад, дээр нь мөнгө иргэдэд зээлдүүлэх үйл ажиллагааг Монгол Улсын хуулийн дагуу явуулаад, иргэдийн хүүнээс хууль ёсны ашиг олох боломжтой гэж тооцоолоод бусад байдлаар өөр зүйлд хөрөнгө оруулах гэж байснаа больж зөвшөөрсөн. Улмаар Микацүки гэх нэртэй банк бус санхүүгийн байгууллага байгуулчихлаа гээд Япон улсын иргэдийн мөнгөн хөрөнгийг тэдгээрийн зөвшөөрлийн дагуу хадгаламж хэлбэрээр байршуулан ажиллахаар болсон гээд мөнгө татах үйл ажиллагаа эхэлсэн. Ингээд 2012 оноос мөнгөн хадгаламж татаж******* болон Шибуяа нарт өгөх болсон. Дээрх байдлаар******* гэх хүнд хадгаламж, банк бус санхүүгийн үйл ажиллагаа хамтран явуулах гээд 2 тэрбум төгрөг өгөөд үлдэгдэл 1,664,780,000 төгрөгийг авч чадахгүй байгаа юм. Гэтэл банк бус санхүүгийн байгууллага байгуулаагүй, байгуулагдаагүй гэх эргэлзээ бүхий асуудал яригдах болсон тул бид үүнийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан. Гэтэл цагдаагийн байгууллагаас асуудлыг шалгаад бидний мөнгө Микацүки ХХК-д биш хариуцагч*******ийн МСВСЦ гэх нэр бүхий банк бус санхүүгийн байгууллага бидний мөнгийг аваад түүнээсээ зээл олгоод явдаг, тэрхүү мөнгөнүүд нь үл хөдлөх хөрөнгө хэлбэрээр одоо байгаа гэх байдлаар Нийслэлийн Прокурорын газраас 2016.05.03-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тул Иргэний хуульд заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна.******* болон Шибуяа нар нь үндэслэлгүй хөрөнгөжсөн хөрөнгүүдээ буцаан олгохоо илэрхийлэн эргэн төлөлтийн график гэгчийг тус эрүүгийн хэрэг шалгагдах явцад гаргасан бөгөөд тэрхүү гаргаж өгсөн графикийн дагуу одоо хүртэл биднийг хохироож, төлбөрөө төлөхгүй байгаад туйлын ихээр гомдож байна.******* болон Шибуяа Масару нар нь дээрх мөнгийг буцаан олгох, эргэн төлөхөө Нийслэлийн Мөрдөн байцаах газарт өгсөн мэдүүлэгтээ дурдсан мөн хэрхэн төлөх тухай графикаа хүртэл цагдаагийн газар гаргаж өгсөн байдаг атлаа эрүүгийн хэргээ хэрэгсэхгүй болгонгуут төлнө, төлнө гэсээр сүүлдээ ор сураггүй зугтсан. Нэхэмжлэгч *******д хариуцагч*******өөс 6,000,000 япон иен буюу 131,340,000 төгрөг, хариуцагч*******-аас 10,000,000 япон иен буюу 218,900,000 төгрөг, нэхэмжлэгч*******д хариуцагч*******-аас 3,000,000 япон иен буюу 65,670,000 төгрөг тус тус гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 Хариуцагч*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяраа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч******* урьд өмнө нь дээрх Япон улсын иргэдийг танихгүй ба зөвхөн Япон улсын иргэн Шибуяа Масаругаар дамжуулж танилцаж, улмаар Шибуяа Масаругаар дээрх хүмүүстэй уулзсан. Энэ хүмүүс өөрсдөө Шибуяа Масарутай тохиролцож, Монгол Улсад бизнес хийх, мөнгө угаах зорилготой байсан. Микацүки нэртэй ББСБ байгуулж тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт орж ирсэн. Үүний дагуу энэ япон хүмүүстэй удаа дараа уулзаж, бизнесээ явуулж байсан.*******ийн хувьд япон хэл мэдэхгүй, зөвхөн Шибуяа Масаругаар дамжуулан ойлгож харьцаж байсан. Япончуудтай удаа дараа мэйл-ээр харьцаж байсан. Үүнд цагдаагийн байгууллагад шалгагдаад харилцан тохиролцох ашигтай байдлаар асуудлыг шийдэхээр хандсан боловч ерөөсөө хариу өгөөгүй, миний хувьд ор сураггүй зугтсан зүйлгүй, Монголдоо ажлаа хийгээд байж байна. Нэхэмжилж буй 19,000,000 иен хэзээ ямар байдлаар орж ирснийг мэдэхгүй, үүнийг Шибуяа Масару л сайн мэдэж байгаа.*******ийн хувьд нэхэмжлэгч нартай уулзаж эвлэрч асуудлыг шийдвэрлэх саналтай болно гэжээ.

 Хариуцагч*******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяраа шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Япон улсын иргэн *******,******* нарын нэхэмжилж буй мөнгө нь үндэслэлгүй юм. Учир нь Япон улсын иргэн ******* нь Микацүки ББСБ-г байгуулан улмаар Япон улсаас хөрөнгө оруулалт хийсэн ба тухайн үед үүсгэн байгуулсан Микацүки ББСБ нь үйл ажиллагаа явуулах боломжгүй болж*******-д мөнгийг шилжүүлж үйл ажиллагааг явуулсан. Үүнийг ******* өөрөө мэдэж байсан, зөвшөөрч байсан. Одоо өчнөөн үл хөдлөх болон бусад хөрөнгүүд байгаа, эдгээр хөрөнгөөс буцаан авах боломжтой.******* нь шилжүүлсэн мөнгийг оруулаад гаргасан, тэрнээс өөрийн хөрөнгийг өсгөж арвижуулаагүй болно. Нэхэмжилж буй мөнгө нь үндэслэлгүй, ямар баримт бичгээр гэрээ үйлдсэн, хэзээ өгсөн нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.*******ийн хувьд япончуудтай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлснээр танилцсан. ******* нь Япондоо С2 гэдэг компанитай. Энэ компанитай хамтарч ажиллана, хөрөнгө оруулалт хийнэ гэж тохиролцож Микацүки ББСБ-ыг байгуулсан байдаг. Үүсгэн байгуулахдаа ******* нь өөрөө 70 хувийг,******* 25 хувийг, Шибуяа 5 хувийг хамтран эзэмшигчээр байгуулж, 2-3 гишүүнтэй байгуулаад дүрмийн сангаа байгуулаад, бүртгүүлж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Дундын хөрөнгүүд орж ирсэн. Энэ орж ирсэн хөрөнгүүд нь нийт 1,600,000,000 гаруй төгрөг болж байгаа. Энэ хөрөнгүүдээр үйл ажиллагаа явуулдаг болсон. Хэнтий аймгийн Цэнхэр мандал суманд алтны уурхай, Дорнод аймгийн Матад суманд жоншны уурхай, нилээн их эд хөрөнгүүд, автомашинууд зэргийг авсан. Сүүлдээ энэ хүмүүс маань Микацүки ББСБ нь гадаадын иргэдийн 70 хувийн оролцоотойгоор оруулсан хөрөнгөө буцааж татна гэсэн.*******ийн хувьд ямар нэгэн өөрийнхөө дансанд болоод өөртөө хувьдаа хэрэглэсэн юм байхгүй.*******ийн хувьд өөртөө аваагүй учраас төлөх үндэслэл байгүй гэж үзэж байна. Харин МСЦСВ ББСБ ХХК-ийн хувьд ******* нь хоёр ББСБ тус тусдаа санхүүтэй байна гэж байхгүй. Дундаа нэг санхүүтэй байсан. Тэгээд нэг санхүү дээрээ хүлээж аваад цааш нь хуваарилдаг байсан. 2012.08.26-ны өдөр 8,300,000 иен кассын ордер дээр хийсэн байдаг. Энэ нь чухам хэнээс хэнээс мөнгө орж ирсэн нь тодорхойгүй байдаг. Хэнийх нь мэдэгдэхгүй. Яахав гарын үсгээр нь харж болно. 3,000,000 иен Микуки Акико, 5,000,000 иен Хироцугу, Микуни бололтой байсан. Гэхдээ баримтаар тогтоогдсон зүйл байхгүй. Санхүүгийн тайланг үзэхэд япончуудад ямар нэгэн өртэй гэж юм байгаагүй. Харин Микацүки ББСБ-ын 2012.04-р улирлын тайланд гадаадын иргэнд өртэй гэж байдаг. Ийм учраас энэ нэхэмжилж байгаа үнийн дүнг МСЦСВ ББСБ ХХК-иас нэхэх нь үндэслэлгүй юм. Баримтаар тогтоогдсон зүйл байхгүй.*******ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гээд байх юм. Хэрхэн яаж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн юм. Хэдэн төгрөгийн авлагатай юм. Түүнийгээ та нар яаж нотлоод байгаа юм.*******ийг удаа дараа 100,000,000 төгрөг, 200,000,000 төгрөг, 75,000,000 төгрөг авсан гээд байх юм. Өөр зүйлд хэрэглээд ашиг олсон гэж байгаа. Тэр мөнгийг алтны уурхай, жоншны уурхай, гаалийн талбай, бусад эд хөрөнгөнд ашигласан. Тийм болохоос өөртөө хувьдаа ашиглаагүй. Хамтран ажиллах гэрээ байгуулсан. *******, Шибүяа,******* гурвуулаа хамтарч буцааж төлөх графикийг хийсэн.******* ганцаараа хийгээд би төлнө гэсэн үг биш, адилхан 3-лаа л хариуцлага хүлээнэ. Нийслэлийн прокурорын газраас хэргийг шалгасан ямар нэгэн гэмт хэргийн шинжгүй байна гээд буцаасан. Тэгээд иргэний шүүхэд хандсан. Үүн дээр ямар нэгэн гэм буруугийн асуудал тогтоогдоогүй. Буцаан төлөх график бол 2 тал хоёулаа гарын үсэг зураад зөвшөөрөх ёстой. Манай МСЦСВ ББСБ ХХК болон******* нар хариуцагч мөн юм уу гэдэг асуудал үүсч байна.******* болон МСЦСВ ББСБ ХХК, Шибүяа нар ямар гэрээ хийсэн юм. Ямар гэрээний үндсэн дээр эрх ашгийг нь зөрчсөн юм. Аль аль тал нь л харилцан тохиролцож хийсэн. Нийслэлийн прокурорын баримт мөрдөн байцаалтын мэдүүлэг зэрэг нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Байнгын Япон улс руу мэдэгдэж байсан. Ийм асуудлыг мэдсээр байж шүүх хурал дээр ярихгүй байна. Хэнтий аймагт алтны орд биш, үйл ажиллагаа явуулдаг уурхай байгаа шүү дээ, үүнийгээ өгье л гэсэн. Нэхэмжлэгч талаас авахгүй бид нар монголд байхгүй учраас бэлэн мөнгөө авна гэж өнөөдрийг хүрсэн.******* болон МСЦСВ ББСБ ХХК-ийг хариуцачаар татсан нь буруу гэж үзэж байна. 2012, 2013 оны хэрэг учир Иргэний хуулийн 75.3-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж харагдаж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.10-ны өдрийн 101/ШШ2019/01387 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан, хариуцагч*******өөс 131,340,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д, хариуцагч*******-аас 218,900,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д, 65,670,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч*******д тус тус олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,395,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******өөс улсын тэмдэгтийн хураамж 814,650 төгрөг, хариуцагч*******-аас 1,252,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д, хариуцагч*******-аас улсын тэмдэгтийн хураамж 486,300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч*******д тус тус олгож шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.10.02-ны өдрийн 1766 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.10-ны өдрийн 101/ШШ2019/01387 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг гэснийг 492 дугаар зүйлийн 492.3 дахь хэсгийг гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч*******өөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 814,650 төгрөгийг болон хариуцагч МСВСЦ ХХК-аас төлсөн 1,738,750 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяраа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүх Япон улсын иргэн *******,******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэхдээ. 1.хариуцагч*******өөс нэхэмжлэгч нарын өмнө албан ёсоор үүрэг хүлээсэн эсэх, 2.Нэхэмжлэгч нар мөнгө хөрөнгө хэний мэдэлд шилжүүлсэн ба хүлээлгэж өгсөн болохыг, 3.Япон улсаас шилжүүлсэн мөнгийг хэн шилжүүлсэн болохыг,

4.Микацүки ХХК-ний дансанд ирсэн мөнгийг******* дангаараа хариуцах үндэслэл байгаа эсэхийг нарийвчлан тогтоолгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь*******т хариуцуулсан нь, шүүхийн ийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Тухайлбал: МСВСЦ ББСБ-ын кассын няравын тайланд 2013.10.22-ны өдрөөс 2013.10.31-ний өдрийн тайланд бичигдсэн. 8,3 сая болон 5 сая иенийг хэнээс шилжиж ирсэн, хэн бэлнээр тушаасан болох нь тодорхойгүй. 3 гишүүнтэй Микацүки ХХК-ийн Голомт банк дахь 1905005530 дугаарын дансанд орсон 999,143 иенийг******* ямэр эрх хэмжэний хүрээнд захиран зарцуулах боломжтой болох нь тодорхойгүй байхад эдгээр байдлыг шалган тодруулалгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн нь буруу юм. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаана уу гэжээ.

ХЯНАВАЛ:

Япон улсын иргэн нэхэмжлэгч ******* хариуцагч*******өөс 6,000,000 япон иен буюу 131,340,000 төгрөг, хариуцагч*******-аас 10,000 Япон иен буюу 218,900,000 төгрөг, нэхэмжлэгч******* хариуцагч*******-аас 3,000,000 Япон иен буюу 65,670,000 төгрөг тус тус гаргуулахаар шаардсан нэхэмжлэл гаргасанд, анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хангасан, шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй болжээ.

Давж заалдах шатны шүүх маргааныг зохицуулсан хуулийг зөв сонгон хэрэглэж шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцжээ.

Хариуцагч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо ... шүүх нэхэмжлэгч нар мөнгө хөрөнгөө хэний мэдэлд шилжүүлж хүлээлгэн өгсөн, хариуцагч******* албан ёсоор үүрэг хүлээж дангаараа хариуцах үндэслэл байгаа эсэхийг нарийвчлан тогтоолгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан нь буруу, дахин шийдвэрлүүлэхээр буцаана уу гэжээ.

Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

1. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг*******, Шибуяа Масару нартай 2012 онд танилцсан, Шибуяа Масару нь Монголд оршин суудаг Монгол хэл сайн мэддэг, Монголд Банк бус санхүүгийн байгууллага байгуулахад их ашигтай гэж ойлгон хамтран ажиллахаар ярилцаж******* банк бус санхүүгийн байгууллагын зөвшөөрөл авахаар тохиролцож улмаар 2 тэрбум төгрөг өгсөн боловч бидний ярилцсан Микацүки гэх нэртэй банк бус санхүүгийн байгууллага байгуулагдаагүй. Харин мөнгийг******* өөрийн*******-д болон хувиараа зарцуулсан нь цагдаагийн байгууллагаар шалгуулахад тогтоогдсон, тухайн үед мөнгийг төлнө гэж зөвшөөрч эргэн төлөлтийн график гэх баримтыг үйлдэж, 2016.05.03-ны өдөр*******т эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол гарсан боловч өнөөдрийг хүртэл мөнгийг буцааж төлөхгүй хохироож байна гэсэн агуулгаар тайлбарлажээ. Хариуцагч, түүний өмгөөлөгч нар, *******,******* нарын нэхэмжлэлийг эс зөвшөөрч, нэхэмжилж буй мөнгийг ямар баримт бичгээр гэрээ үйлдсэн эсэх, хэзээ өгсөн нь тодорхойгүй тул үндэслэлгүй гэсэн тайлбар гарган татгалзжээ.

б). Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.-т зааснаар хэргийн оролцогч нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээдэг. Шүүх зохигчийн гаргаж өгсөн баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх бөгөөд хэргийн оролцогч хүсэлт гаргасан тохиолдолд хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу нотлох баримтыг шүүх бүрдүүлнэ. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй байна.

в). Нэхэмжлэгч *******,*******, Шибуяа Масару нар анх банк бус санхүүгийн байгууллага байгуулж хамтран ажиллахаар ярилцаж,*******ийн Микацүки ХХК-ийг банк бус санхүүгийн байгууллагын хэлбэрт шилжүүлэн холбогдох зөвшөөрлийг авахаар хэлэлцэн тохирч, улмаар нэхэмжлэгч *******,******* нар өөрийн хувийн болон Япон улсын зарим иргэдийн мөнгөн хөрөнгийг тэдгээрийн зөвшөөрлийн дагуу хадгаламж хэлбэрээр байршуулан ажиллахаар тохиролцон хөрөнгө гаргасан нь хэрэгт авагдсан дараах баримтаар тогтоогджээ.

Тухайлбал: 2019.05.10-ны өдрийн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд ...*******,******* нар 2012 онд******* гэдэг хүнтэй танилцаж хамтарч бизнес хийхээр болсон..., 2012.10.25-д Монголд ирсэн, эхний ээлжинд бэлнээр мөнгө өгөөд буцсан..., ...Г.Гантөмөр ..., Микацүки ХХК нь тусгай зөвшөөрөл аваагүй байсан..., 2012.12.26-ны өдөр хүртэл******* 3,000,000 төгрөг, ******* 5,000,000 төгрөг, 12 дугаар сарын 28-ны өдөр 6,000,000 төгрөг, Микацүки ХХК-ийн дансруу шилжүүлсэн..., 2014.01.24-ний өдөр Монгол улсад ирэхдээ 5,000,000 төгрөгийг*******т өгсөн гэж, (хх-149), ...2015 оны 4, 9 дүгээр сард мөнгө төлнө гэж санамж бичиг үйлдсэн боловч хэлсэндээ хүрээгүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбар мэдүүлгийг хариуцагч баримтаар няцааж үгүйсгэж чадаагүй байна.

Тэмдэглэлд заасан эдгээр мөнгөн дүнг төгрөг гэж бичсэн байгаа боловч энэ нь Япон иен болох талаар талууд мэтгэлцсэн байна. Мөн тэмдэглэлд тусгагдсанаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч хариуцагчийн өмгөөлөгчөөс ...Г.Гантөмөр мөнгө огт аваагүй гэдэг, гэтэл 2012 онд 250,000,000 төгрөг, 159,000,000 төгрөг, 120,000,000 төгрөг бэлнээр авсан юунд зарцуулсан бэ гэх асуултанд, хариуцагчийн өмгөөлөгч хариулахдаа ....хувьдаа ашиглаагүй, алтны уурхай, гаалийн талбай, жоншны уурхай гэж хөрөнгө болгосон зүйл байгааг хэлж ойлголцож байсан гэсэн утгаар хариулт өгсөн нь нэхэмжлэгч нараас мөнгөн хөрөнгө хүлээн авсан болохыг үгүйсгээгүй гэж үзнэ.(хх-153-154)

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ. Зохигч түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, тайлбар мэдүүлэг, нотлох баримт гаргах түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар шүүх хуралдааны тэмдэглэл нь талуудын мэтгэлцээнийг бичгийн хэлбэрт буулгасан нотолгооны ач холбогдол бүхий хэрэгсэл юм.

г). Түүнчлэн хэрэгт зохигчийн өмгөөлөгч нарын 2016.01.22-ны өдрийн 01, 2016.01.25-ны өдрийн 02, 2016.02.01-ний өдрийн 03 тоот болон Камата Хироцугийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярсайхан хариуцагч******* нарын 2016.03.05-ны өдрийн 04 тоот Ярианы тэмдэглэл гэх нэртэй баримтууд (хх-18-40) авагдсан байх бөгөөд эдгээр баримтад нэхэмжлэлийн шаардлагад дурдсан өр төлбөрийг барагдуулах асуудлаар уулзан ярилцаж байсан нь тусгагджээ.

Мөн 2016.03.02-ны өдөр цагдаагийн байгууллагаас Б.Баярсайхан,******* нараас авсан тайлбар мэдүүлгүүд (хх-42-44), Нийслэлийн прокурорын газрын 2016.05.03-ны өдрийн 101 тоот Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоол (хх-10-13) хэрэгт баримтаар авагдсан байна.

Нийслэлийн прокурорын газрын 2016.05.03-ны өдрийн 101 тоот Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоолд ...*******ийн Эм-Эс-Бэ-С-Цэ ХХК-ийн ББСБ нь Япон улсын иргэн Камата-ийн Монгол улсад татсан хөрөнгө оруулалтыг барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаанд зарцуулж, хэвийн үйл ажиллагаа явуулж байсан нь барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгийн жагсаалт, зээл авсан компаниудын*******ийг захирлаар томилж бүртгэсэн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, барьцаанд байгаа автомашинуудын тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Голомт банкны Микацүки ХХК-ийн данс хуулга /хх-33-54/ зэрэг баримтуудаар тогтоогдож байх ба Эм-Эс-Бэ-С-Цэ ХХК-ийн үүсгэн байгуулагч*******, Япон улсын иргэн Шибуяа Массару нар нь Япон улсын иргэн Камата Хироцүгү-г хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлсэн гэх субъектив санаа зорилго тогтоогдохгүй, уг гэмт хэргийн шинжгүй... гэсэн үндэслэл зааж*******, Япон улсын иргэн Шибуяа нарт 1,664,780,000 төгрөг залилуулсан гэх Камата Хироцугийн гомдолд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэжээ. (хх-12)

Япон улсын иргэн Шибуяа Массару нь*******ийн компанийн ажилтан байсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч нар хэргийн хариуцагчаар татаагүйг тайлбарлажээ.

Дээрх нэрлэн заасан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бичгийн хэлбэртэй бичмэл нотлох баримтууд мөн бөгөөд эдгээр баримтуудаар нэхэмжлэлийн шаардлага мөн үгүйсгэгдээгүй байна.

2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ зохигчид банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулж хамтран ажиллахаар ярилцан тохирсон боловч тухайлан байгуулахыг хүссэн Микацүки ХХК-д банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, эрх бүхий этгээд өгөөгүйн улмаас нэхэмжлэгч нарын оруулсан мөнгөн хөрөнгийг******* бэлнээр болон өөрийн хамаарал бүхий Микацүки ХХК болон*******-ийн дансаар хүлээн авч, мөнгийг захиран зарцуулсан нь тогтоогдсон тул буцаан төлөх үүрэгтэй гэж дүгнэхдээ*******-ийн кассын тайлан, Микацүки ХХК-ийн Голомт банк дахь 1905005530 тоот Япон иены дансны орлого, зарлагын гүйлгээ, үлдэгдэл зэрэг хэрэгт авагдсан баримтад тулгуурлажээ.

Иймд Анхан шатны шүүх хэргийн баримтыг үнэлэхдээ маргаанд хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь зөв үнэлсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.

3. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянаж шийдвэрийн шийдлийг буюу анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг хуулийн үндэслэл бүхий байна гэж дүгнэхдээ хэргийг бүхэлд нь хянах хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж, маргааныг зохицуулсан хуулийг оновчтой сонгон хэрэглэж шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хуулийн үндэслэлтэй болжээ.

Хэргийн зохигчид банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулахаар тохиролцон хөрөнгө гаргасан боловч хэрэгжээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч нар шаардлагаа үндэслэсэн бөгөөд энэ нь хэргийн дээрх нөхцөл байдлаар тогтоогдсон тул анхан шатны шүүх хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь буруу биш боловч Иргэний хуулийн 492 дугаарх зүйлийн 492.3- т заасан ... нөгөө этгээдийн үйлдэл буюу эс үйлдэхүй хөрөнгө шилжүүлсэн этгээдийн хүсэл зоригт нийцэхгүй бол шилжүүлсэн зүйлээ буцаан шаардаж болногэх хуулийн зохицуулалт маргааны харилцаанд оновчтой нийцсэн гэж үзэв.

Дээр дүгнэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1766 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяраагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төлсөн 814,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ЦОЛМОН

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                     П.ЗОЛЗАЯА

                                                  Х.СОНИНБАЯР

                                                  Г.ЦАГААНЦООЖ