Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 1766

 

К, М нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2019/01387 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч К, М нарын хариуцагч “М Б” ХХК, Г.Г нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэгч К-д хариуцагч Г.Г-өөс 6 000 000 япон иен буюу 131 340 000 төгрөг, хариуцагч “М Б” ХХК-аас 10 000 000 япон иен буюу 218 900 000 төгрөг, нэхэмжлэгч М-д хариуцагч “М Б” ХХК-аас 3 000 000 япон иен буюу 65 670 000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.А, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, өмгөөлөгч Д.А нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Япон Улсын иргэн К нь Монгол Улсын иргэн Г.Г, Япон улсын иргэн Ш нартай 2012 онд танилцаж, уулзалдсан бөгөөд тэр хоёр “Монголд ББСБ” байгуулахад их ашигтай байдаг, бизнесийн хувьд хамтрагч хайж байгаа талаараа маш итгэл үнэмшил бүхий тоо баримт үзүүлэх зэрэг үйлдэл гаргаж тайлбарлаж байсан. К нь найз нөхдөдөө энэ тухай хэлэхэд дэмжээд, хамгийн гол нь найдвартай юу гэдгийг их сонирхож байсан. Япон улсын иргэн Ш нь Монголд байнга оршин суудаг бөгөөд монгол хэл маш сайн мэддэг, монгол эхнэртэй, Монголын эдийн засаг, нийгмийн нөхцөл байдлыг илүү сайн мэддэг гэдэг үүднээс бас илүү их итгэсэн. Иймд нухацтай бодож үзсэний үндсэн дээр банк бус санхүүгийн байгууллага байгуулаад түүндээ хадгалуулаад, дээр нь мөнгө иргэдэд зээлдүүлэх үйл ажиллагааг Монгол Улсын хуулийн дагуу явуулаад, иргэдийн хүүнээс хууль ёсны ашиг олох боломжтой гэж тооцоолоод бусад байдлаар өөр зүйлд хөрөнгө оруулах гэж байснаа больж зөвшөөрсөн.

Улмаар М гэх нэртэй банк бус санхүүгийн байгууллага байгуулчихлаа гээд Япон улсын иргэдийн мөнгөн хөрөнгийг тэдгээрийн зөвшөөрлийн дагуу хадгаламж хэлбэрээр байршуулан ажиллахаар болсон гээд мөнгө татах үйл ажиллагаа эхэлсэн. Ингээд 2012 оноос мөнгөн хадгаламж татаж Г.Г болон Ш нарт өгөх болсон.

Дээрх байдлаар Г гэх хүнд хадгаламж, банк бус санхүүгийн үйл ажиллагаа хамтран явуулах гээд 2 тэрбум төгрөг өгөөд үлдэгдэл 1 664 780 000 төгрөгийг авч чадахгүй байгаа юм. Гэтэл банк бус санхүүгийн байгууллага байгуулаагүй, байгуулагдаагүй гэх эргэлзээ бүхий асуудал яригдах болсон тул бид үүнийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан. Гэтэл цагдаагийн байгууллагаас асуудлыг шалгаад бидний мөнгө “М” ХХК-д биш хариуцагч Г.Г-ийн “МСВСЦ” гэх нэр бүхий банк бус санхүүгийн байгууллага бидний мөнгийг аваад түүнээсээ зээл олгоод явдаг, тэрхүү мөнгөнүүд нь үл хөдлөх хөрөнгө хэлбэрээр одоо байгаа гэх байдлаар Нийслэлийн Прокурорын газраас 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тул Иргэний хуульд заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна. Г.Г болон Ш нар нь үндэслэлгүй хөрөнгөжсөн хөрөнгүүдээ буцаан олгохоо илэрхийлэн эргэн төлөлтийн график гэгчийг тус эрүүгийн хэрэг шалгагдах явцад гаргасан бөгөөд тэрхүү гаргаж өгсөн графикийн дагуу одоо хүртэл биднийг хохироож, төлбөрөө төлөхгүй байгаад туйлын ихээр гомдож байна. Г. Гболон Ш нар нь дээрх мөнгийг буцаан олгох, эргэн төлөхөө Нийслэлийн Мөрдөн байцаах газарт өгсөн мэдүүлэгтээ дурдсан мөн хэрхэн төлөх тухай графикаа хүртэл цагдаагийн газар гаргаж өгсөн байдаг атлаа эрүүгийн хэргээ хэрэгсэхгүй болгонгуут төлнө, төлнө гэсээр сүүлдээ ор сураггүй зугтсан. Нэхэмжлэгч К-д хариуцагч Г.Г-өөс 6 000 000 япон иен буюу 131 340 000 төгрөг, хариуцагч “М Б” ХХК-аас 10 000 000 япон иен буюу 218 900 000 төгрөг, нэхэмжлэгч М-д хариуцагч “М Б” ХХК-аас 3 000 000 япон иен буюу 65 670 000 төгрөг тус тус гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

Хариуцагч Г.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч Г.Г урьд өмнө нь дээрх Япон улсын иргэдийг танихгүй ба зөвхөн Япон улсын иргэн Ш-аар дамжуулж танилцаж, улмаар Ш-аар дээрх хүмүүстэй уулзсан. Энэ хүмүүс өөрсдөө Ш-тай тохиролцож, Монгол Улсад бизнес хийх, мөнгө угаах зорилготой байсан. М нэртэй ББСБ байгуулж тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт орж ирсэн. Үүний дагуу энэ япон хүмүүстэй удаа дараа уулзаж, бизнесээ явуулж байсан. Г.Г-ийн хувьд япон хэл мэдэхгүй, зөвхөн Ш-аар дамжуулан ойлгож харьцаж байсан. Япончуудтай удаа дараа мэйл-ээр харьцаж байсан. Үүнд цагдаагийн байгууллагад шалгагдаад харилцан тохиролцох ашигтай байдлаар асуудлыг шийдэхээр хандсан боловч ерөөсөө хариу өгөөгүй, миний хувьд ор сураггүй зугтсан зүйлгүй, Монголдоо ажлаа хийгээд байж байна. Нэхэмжилж буй 19 000 000 сая иен хэзээ ямар байдлаар орж ирснийг мэдэхгүй, үүнийг Ш л сайн мэдэж байгаа. Г.Г-ийн хувьд нэхэмжлэгч нартай уулзаж эвлэрч асуудлыг шийдвэрлэх саналтай болно гэжээ.

 

Хариуцагч “М Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд гаргасан тайлбартаа:

Япон улсын иргэн К, М нарын нэхэмжилж буй мөнгө нь үндэслэлгүй юм. Учир нь Япон улсын иргэн К нь “М ББСБ”-г байгуулан улмаар Япон улсаас хөрөнгө оруулалт хийсэн ба тухайн үед үүсгэн байгуулсан “М ББСБ” нь үйл ажиллагаа явуулах боломжгүй болж “М Б” ХХК-д мөнгийг шилжүүлж үйл ажиллагааг явуулсан. Үүнийг К өөрөө мэдэж байсан, зөвшөөрч байсан. Одоо өчнөөн үл хөдлөх болон бусад хөрөнгүүд байгаа, эдгээр хөрөнгөөс буцаан авах боломжтой. “М Б” ХХК нь шилжүүлсэн мөнгийг оруулаад гаргасан, тэрнээс өөрийн хөрөнгийг өсгөж арвижуулаагүй болно. Нэхэмжилж буй мөнгө нь үндэслэлгүй, ямар баримт бичгээр гэрээ үйлдсэн, хэзээ өгсөн нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Г болон “М Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.Г-ийн хувьд япончуудтай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлснээр танилцсан. К нь Япондоо С2 гэдэг компанитай. Энэ компанитай хамтарч ажиллана, хөрөнгө оруулалт хийнэ гэж тохиролцож “М ББСБ”-ыг байгуулсан байдаг. Үүсгэн байгуулахдаа К нь өөрөө 70 хувийг, Г.Г25 хувийг, Ш 5 хувийг хамтран эзэмшигчээр байгуулж, 2-3 гишүүнтэй байгуулаад дүрмийн сангаа байгуулаад, бүртгүүлж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Дундын хөрөнгүүд орж ирсэн. Энэ орж ирсэн хөрөнгүүд нь нийт 1 600 000 000 гаруй төгрөг болж байгаа. Энэ хөрөнгүүдээр үйл ажиллагаа явуулдаг болсон. Хэнтий аймгийн Цэнхэр мандал суманд алтны уурхай, Дорнод аймгийн Матад суманд жоншны уурхай, нилээн их эд хөрөнгүүд, автомашинууд зэргийг авсан. Сүүлдээ энэ хүмүүс маань М ББСБ нь гадаадын иргэдийн 70 хувийн оролцоотойгоор оруулсан хөрөнгөө буцааж татна гэсэн. Г.Г-ийн хувьд ямар нэгэн өөрийнхөө дансанд болоод өөртөө хувьдаа хэрэглэсэн юм байхгүй. Г.Г-ийн хувьд өөртөө аваагүй учраас төлөх үндэслэл байгүй гэж үзэж байна.

Харин “МСЦСВ ББСБ” ХХК-ийн хувьд К нь хоёр ББСБ тус тусдаа санхүүтэй байна гэж байхгүй. Дундаа нэг санхүүтэй байсан. Тэгээд нэг санхүү дээрээ хүлээж аваад цааш нь хуваарилдаг байсан. 2012 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 8 300 000 иен кассын ордер дээр хийсэн байдаг. Энэ нь чухам хэнээс хэнээс мөнгө орж ирсэн нь тодорхойгүй байдаг. Хэнийх нь мэдэгдэхгүй. Яахав гарын үсгээр нь харж болно. 3 000 000 иен Микуки Акико, 5 000 000 иен Х, М бололтой байсан. Гэхдээ баримтаар тогтоогдсон зүйл байхгүй. Санхүүгийн тайланг үзэхэд япончуудад ямар нэгэн өртэй гэж юм байгаагүй. Харин М ББСБ-ын 2012 оны 4-р улирлын тайланд гадаадын иргэнд өртэй гэж байдаг. Ийм учраас энэ нэхэмжилж байгаа үнийн дүнг МСЦСВ ББСБ ХХК-иас нэхэх нь үндэслэлгүй юм. Баримтаар тогтоогдсон зүйл байхгүй.

Г.Г-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гээд байх юм. Хэрхэн яаж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн юм. Хэдэн төгрөгийн авлагатай юм. Түүнийгээ та нар яаж нотлоод байгаа юм. Г.Г-ийг удаа дараа 100 000 000 төгрөг, 200 000 000 төгрөг, 75 000 000 төгрөг авсан гээд байх юм. Өөр зүйлд хэрэглээд ашиг олсон гэж байгаа. Тэр мөнгийг алтны уурхай, жоншны уурхай, гаалийн талбай, бусад эд хөрөнгөнд ашигласан. Тийм болохоос өөртөө хувьдаа ашиглаагүй. Хамтран ажиллах гэрээ байгуулсан. К, Ш, Г.Г гурвуулаа хамтарч буцааж төлөх графикийг хийсэн. Г.Г ганцаараа хийгээд би төлнө гэсэн үг биш, адилхан 3-лаа л хариуцлага хүлээнэ. Нийслэлийн прокурорын газраас хэргийг шалгасан ямар нэгэн гэмт хэргийн шинжгүй байна гээд буцаасан. Тэгээд иргэний шүүхэд хандсан. Үүн дээр ямар нэгэн гэм буруугийн асуудал тогтоогдоогүй. Буцаан төлөх график бол 2 тал хоёулаа гарын үсэг зураад зөвшөөрөх ёстой. Манай “МСЦСВ ББСБ” ХХК болон Г.Г нар хариуцагч мөн юм уу гэдэг асуудал үүсч байна. Г.Г болон “МСЦСВ ББСБ” ХХК, Ш нар ямар гэрээ хийсэн юм. Ямар гэрээний үндсэн дээр эрх ашгийг нь зөрчсөн юм. Аль аль тал нь л харилцан тохиролцож хийсэн. Нийслэлийн прокурорын баримт мөрдөн байцаалтын мэдүүлэг зэрэг нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Байнгын Япон улс руу мэдэгдэж байсан. Ийм асуудлыг мэдсээр байж шүүх хурал дээр ярихгүй байна. Хэнтий аймагт алтны орд биш, үйл ажиллагаа явуулдаг уурхай байгаа шүү дээ, үүнийгээ өгье л гэсэн. Нэхэмжлэгч талаас авахгүй бид нар монголд байхгүй учраас бэлэн мөнгөө авна гэж өнөөдрийг хүрсэн. Г.Г болон МСЦСВ ББСБ ХХК-ийг хариуцачаар татсан нь буруу гэж үзэж байна. 2012, 2013 оны хэрэг учир Иргэний хуулийн 75.3-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж харагдаж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан, хариуцагч Г.Г-өөс 131 340 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К-д, хариуцагч “М Б” ХХК-аас 218 900 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч К-д, 65 670 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М-дтус тус олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 395 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Г-өөс улсын тэмдэгтийн хураамж 814 650 төгрөг, хариуцагч “М Б” ХХК-аас 1 252 450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К-д, хариуцагч “М Б” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 486 300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М-дтус тус олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б давж заалдах гомдолдоо:

... Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдлыг гаргаж байна.

Г.Г нь Япон Улсын иргэн К-тэй банк санхүүгийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулахаар гэрээ байгуулаагүй, зөвхөн "М ББСБ" ХХК-ийн удирдлагатай харилцан зөвшилцсөний дагуу тодорхой хэмжээний мөнгийг банкнаас гарган үйл ажиллагаа явуулж байсан. Г.Г нь банкнаас гаргаж авсан мөнгийг хувьдаа завшиж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэл байхгүй учир нь дээрх нэхэмжилж буй мөнгийг "М ББСБ" ХХК-ийн хөрөнгө болгосон.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан буцаах хадгаламж нэртэй хүснэгтэд зөвхөн Г.Г-ийн оролцоо биш Япон улсын иргэн К, Ш нарын гарын үсэг байгаа. Энэ 3 хүний хамтран хийсэн, хөрөнгө оруулсан Япон Улсын иргэдэд үзүүлэх баримт юм. Гэтэл үүнийг зөвхөн Г.Г төлнө гэж үнэлж дүгнэсэн нь буруу байна. Нэхэмжлэгч талаас хариуцагчаар Япон улсын иргэн Ш -г татаж оруулсан боловч ямар үндэслэлээр татгалзсан нь тодорхойгүй, нэхэмжилж буй мөнгийг Г.Г болон "МСВСЦ ББСБ" ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь бодит байдалд тохирохгүй Ш хариуцагчаас чөлөөлөгдсөн нь үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч К-д хариуцагч "МСВСЦ ББСБ" ХХК-иас 10 000 000 япон иен буюу 218 900 000 төгрөг, нэхэмжлэгч М-д хариуцагч "МСВСЦ ББСБ" ХХК-аас 3 000 000 япон иен буюу 65 670 000 төгрөг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь "МСВСЦ ББСБ" ХХК нь Япон улсын иргэн М, К нартай банк санхүүгийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулахаар гэрээ байгуулаагүй, зөвхөн "М ББСБ" ХХК-ийн удирдлагатай харилцан зөвшилцсөний дагуу тодорхой хэмжээний мөнгийг оруулан гаргаж өгсөн. Энэ талаар "МСВСЦ ББСБ" ХХК, "М ББСБ" ХХК нарын санхүүгийн тайлангаар тодорхой харагдаж байгаа болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Япон Улсын иргэн К, М нар нь хариуцагч Г.Г болон “МСВСЦ” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, К нь Г.Г-өөс 6 000 000 япон иен буюу 131 340 000 төгрөг, “МСВСЦ” ХХК-аас 10 000 000 япон иен буюу 218 900 000 төгрөг, М нь “МСВСЦ” ХХК-аас 3 000 000 япон иен буюу 65 670 000 төгрөгийг тус тус шаарджээ.

 

            Хариуцагч тал нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргасан байна.

 

            Япон Улсын иргэн К нь хариуцагч Г.Г-тэй банк бус санхүүгийн байгууллага байгуулж, хамтран ажиллахаар тохиролцон, 2012 оноос мөнгөн хадгаламж татан Г.Г болон Ш нарт өгч, 2 тэрбум төгрөг болсноос 1 664 780 000 төгрөгийн үлдэгдэл байгаа, цаашид банк бус санхүүгийн байгууллага ажиллуулах боломжгүй болсон тул буцаан шаардаж байгаа гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлажээ.

 

            Хариуцагч Г.Г нь Япон Улсын иргэдтэй хамтран ажилласнаа үгүйсгээгүй бөгөөд хамтран “Микацуки ББСБ”-ыг байгуулж, дундын хөрөнгөтэй болсон, 1 600 000 000 төгрөгийн мөнгөн хөрөнгө орж ирснийг алтны уурхай, жоншны уурхай болон бусад эд хөрөнгө болгосон, түүгээр барагдуулах боломжтой гэснийг нэхэмжлэгч нар зөвшөөрөөгүй, эд хөрөнгийг тооцож авах боломжгүй гэжээ.

 

            “М ББСБ” ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн 70 хувийг нэхэмжлэгч К-гийн эзэмшлийн “С” ХК, 25 хувийг Г.Г, 5 хувийг Ш эзэмшихээр 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар тогтоож, компанийн дүрмийг баталж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх бөгөөд үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл нь гадаад худалдаа гэсэн улсын бүртгэлийн гэрчилгээ хэрэгт баримтаар авагдсан байна.

 

            “М ББСБ” ХХК-ийн хувьцааны 70 хувийг гадаад иргэн эзэмшдэг гэсэн шалтгаанаар банк бус санхүүгийн үйл ажиллагаа  эрхлэх тусгай зөвшөөрөл олгогдоогүй тул тус компанийн дансанд шилжүүлгээр болон касст бэлнээр орж ирсэн япон иргэдийн мөнгийг “МСВСЦ” ХХК-д шилжүүлж, үйл ажиллагаа явуулсан нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан “М ББСБ” ХХК-ийн дансны хуулга, “МСВСЦ” ХХК-ийн кассын тайлан зэргээр тогтоогдсон байна.

 

            Мөн улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн лавлагаа, Санхүүгийн зохицуулах хорооноос ирүүлсэн албан бичгээр “МСВСЦ” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Г.Г бөгөөд компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч болох нь тогтоогджээ.     

/хх2-75, 77, 78/

 

            Хэрэгт баримтаар авагдсан “МСВСЦ” ХХК-ийн 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацааны кассын тайланд 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 8 300 000 иен бэлнээр /ханш 17,4/ 144 420 000 төгрөг /хх1-129/ гэж, мөн 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2013 оны 1 дүгээр сарын 31-нийг хүртэлх хугацааны тайланд 2013 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Ксангаас 5 000 000 иен /ханш 15,5/ 77 500 000 төгрөг /хх1-138/ тус тус орсон нь тайлагнагдсан байна.

 

            Мөн “М ББСБ” ХХК-ийн Голомт банк дахь 1905005530 дугаартай япон иений дансны 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацааны хуулгаас үзвэл 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 5 99 143,51 иен, 9 999143,51 иен 2 удаагийн орлогын гүйлгээгээр нийт 15 998 287,02 иень буюу 259 972 164 төгрөг байршсан, 2013 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Г.Г 15 960 000 иен буюу 254 881 200 төгрөгийг 511899912 тоот чекээр буюу бэлэн зарлагаар гарган авсан нь тогтоогдсон байна. /хх1-64/

 

            Нэхэмжлэгч Мнь 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “М” ХХК-тай Итгэлцлийн сангийн гэрээ байгуулж, 3 000 000 япон иенийг зээлийн үйл ажиллагаанд зориулж, хүлээлгэн өгсөн баримт хэрэгт авагдсан байна. /хх2-118,119/

 

            Иймд хариуцагч талын Япон Улсын иргэдээс мөнгө орсон нь баримтаар нотлогдоогүй гэх тайлбар үндэслэлгүй байх ба харин ч Япон Улсын иргэдийн мөнгийг буцаах талаар 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр тооцоо нийлж, баталгаажуулан, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан нь хэрэгт баримтаар авагдсан, уг баримтын 3, 12. 13, 14 дүгээрт нэхэмжлэлээр шаардаж байгаа мөнгөн дүн тусгагдсан байна. /хх2-1-3/

 

            Хэргийн дээрх нөхцөл байдал, баримтуудыг нэгтгэн үзвэл нэхэмжлэгч К, хариуцагч Г.Г нар нь Монгол Улсад банк бус санхүүгийн байгууллага байгуулахаар харилцан тохиролцсоноор мөнгөн хөрөнгийг “М ББСБ”-д шилжүүлснийг “МСВСЦ” ХХК болон  гүйцэтгэх захирал Г.Г захиран зарцуулж үйл ажиллагаа явуулсан үйл баримт тогтоогдсон байна.

 

Хариуцагч тал мөнгөн хөрөнгийг тусгай зөвшөөрөл болон эд хөрөнгөөр буцаан өгөх боломжтой гэсэн боловч нэхэмжлэгч нар уг тайлбарыг хүлээн авалгүй, мөнгөн хөрөнгөө буцаан шаардсаныг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3 дахь хэсэгт зааснаар хангах нь зүйтэй, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь зөв, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Харин шүүх маргаанд хамааралтай хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг оновчтой хэрэглээгүй байх тул шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3 дахь хэсгийг баримталсан өөрчлөлтийг оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2019/01387 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг” гэснийг “492 дугаар зүйлийн 492.3 дахь хэсгийг” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Г-өөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 814 650 төгрөгийг болон хариуцагч “МСВСЦ” ХХК-аас төлсөн 1 738 750 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

                                         ШҮҮГЧИД                                      Т.ТУЯА

 

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ