Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 130/ШШ2020/00177

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын .. дугаар багт оршин суудаг, Б аймаг дахь Төрийн аудитын газрын дарга бөгөөд тэргүүлэх аудитор ажилтай, утас:, РД:Ж овогт Мгийн Хы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын .. дүгээр багт оршин суух, утас:, РД: Еын Ад холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлсэн мөнгө, хүүгийн хамт нийт 18042288 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч М.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний охин Х.Г нь 2015 онд Е.Атэй гэр бүл болсон боловч хоорондоо таарч тохирохгүй болсон учир 2017 оны 10-р сараас эхлэн тусдаа амьдарч байгаад 2019 оны 10 дугаар сард Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр салж гэрлэлтээ цуцлуулсан. Е.А нь манайд хүргэн болох үед аав, ээж нь маш их хэмжээний зээлтэй, өөрсдийн сууж байгаа хувийн байшингаа банкинд барьцаалуулсан учир банкнаас зээл авах боломжгүй байсан. Е.А нь хүнсний худалдаа хийж дэлгүүр ажиллуулдаг байсан бөгөөд дэлгүүрийн орлогоо банканд зээлэнд хийж бараа авчрах мөнгөгүй болохоор би байнга мөнгө зээлүүлдэг байсан. Тухайн үед авсан зээлээ буцаагаад төлж байсан. 2016 оны 4-р сард Н гэдэг хүнээс Т захад байгаа хүнсний худалдаа хийдэг байр\ амбаар\ худалдаж авч өгч, би сар бүр таны банканд төлсөн мөнгийг танд төлж өгч байя гэж гуйсан. Би 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн цалингаа барьцаалж Х банкнаас 10,0 сая төгрөгийн зээлийг 24 сарын хугацаагаар авч Ад өгсөн. Банкны хуваарийн дагуу би банканд сар бүр 515,0 төгрөг төлж А надад 515,0 мянган төгрөгийг сар бүр төлж өгч байсан. 2017 оны 3 дугаар сард дахиад нэг дэлгүүр түрээслэж авсан. Бараа худалдаж авах ахиухан хэмжээний мөнгө хэрэгтэй болж байна. Та надад дахиад нэмж 10,0 сая төгрөгний цалингийн зээл авч өгөөч гэсэн. Би сар бүр банканд төлсөн мөнгийг танд эргүүлж төлж байя гэж гуйсан.

 

Өмнөх зээл нь дуусаагүй байсан бөгөөд 5906901 төгрөг үлдсэн байна. Тухайн үед миний хүргэн байсан болохоор нь би итгэж Х банкнаас дахин нэмж цалингийн зээл авч 10,0 сая төгрөг бэлнээр өгсөн. Ингээд урьд авсан зээлээс үлдэгдэл 5906901 төгрөг үлдсэн байсан бөгөөд дээр нь шинээр нэмж авсан 10,0 сая төгрөгийг нэмж 15906901 төгрөгний цалингийн зээлийг би 48 сарын хугацаагаар авч сар бүр 459300 төгрөг төлж байхаар гэрээ хийсэн. Уг зээлийг банкны гэрээ хуваарийн дагуу би сар бүр 459300 төгрөгийг цалингийн картын данснаас төлж байсан бөгөөд миний нотлох баримтаар өгсөн 2016-2019 оны Х банкин дахь дансны хуулгад байгаа. Е.А нь 2017 оны 4 дүгээр сараас 11 дүгээр сар хүртэл сар бүр миний банканд төлсөн 459300 төгрөгийг 460000 төгрөгөөр надад эргүүлж төлж өгч байсан. Заримдаа бэлнээр авчирч өгнө. Заримдаа миний банкин дахь дансанд хийнэ. Тухайлбал: өмнөх зээлийн сар бүр төлөх 515000 төгрөгийг 2016 оны 5 дугаар сарын 27, 6 дугаар сарын 17,12 дугаар сарын 23, 2017 оны 1 дүгээр сарын 24, 2 дугаар сарын 22, 3 дугаар сарын 21-ний өдрүүдэд миний Х банкинд дахь дансанд төлж өгч байсан. Дараагийн зээлийг сар бүр төлөх 459300 төгрөгийг 460000 төгрөгөөр 2017 оны 4 дүгээр сарын 25, 5 дугаар сарын 25, 6 дугаар сарын 25, 7 дугаар сарын 28, 8 дугаар сарын 30, 10 дугаар сарын 31-ний өдрүүдэд миний дансанд эргүүлж төлж байсан нь миний нотлох баримтаар өгсөн Х банкны 2016-2017 оны дансны хуулгад байгаа юм. Бусад саруудыг надад бэлнээр өгч байсан. Хүргэн Е.А охин Х.Г хоёр хоорондоо таарч тохирохгүй болж 2017 оны 11 дүгээр сард Е.А нь архи ууж агсам тавьж миний охин Х.Гг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан учраас охин Х.Г хүүхдээ аваад төрхөмдөө буцаад ирсэн. Тэгээд би Шүүхийн шинжилгээний албаны эмчид үзүүлж акт тогтоолгож Цагдаагийн газарт өгсөн. Аймгийн Цагдаагийн газраас Е.Ад эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж эхлэхэд оргон зайлж Казахстан улсад явчихсан. 2017 оны 11 дүгээр сараас эхлэн сар бүр төлөх мөнгөө төлөхөө больсон. 2019 оны 7 дугаар сард эргэж ирсэн. Тэгээд 2019 оны 10 дугаар сард шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан. Казахстанд байхдаа 2019 оны 01 дүгээр сард Өд ирсэн. Тэр үед би авсан зээлээ төлөхийг шаардсан.

 

Е.А надад би одоогоор төлбөрийн чадваргүй байна, байшингаа зарах гэж байна, байшингаа зарахаар төлж өгнө гэсэн. Тухайн үед байшингаа зарахаар зар тавьсан байсан. Тэгвэл надаас мөнгө авсан нь үнэн бөгөөд байшингаа зарсан үед төлж өгнө гэж баталгаа бичиж өгсөн. 2019 оны 01 дүгээр сарын 22-нд Е.А надад өөрийн гараар баталгаа бичиж өгсөн. Уг бичгийн үндсэн хувийг нотлох баримтаар нэхэмжлэлд хавсаргаж өгч байна. Миний 2017 оны 11 дүгээр сараас эхлэн 2019 оны 11 дүгээр сар дуустал нийт 25 сар сар бүр 459300 төгрөг төлж нийт 11482500 төгрөг төлсөн. Би банкнаас өөрийн хувийн хэрэгцээ шаардлага гарч цалингийн зээл авах гэсэн чинь өмнөх зээлээ төлж дуусгасны дараа өгнө гэсэн. Тэгээд би 2019 оны 12 дугаар сарын 23-нд үлдсэн 6559757 төгрөг 88 мөнгийг нэмж төлж зээлээ хаасан. Ингээд би нийтдээ 18042288 төгрөг төлсөн. Энэ мөнгийг Е.А надад эргүүлэн төлж өгөх ёстой. Е.А миний охиноос салж надад ямар ч хамааралгүй болсон. Би Е.Аберенээс авсан мөнгөө эргүүлж төлж өгөхийг удаа дараа шаардсан боловч төлж өгөхгүй байна. Иймд Е.Аээс дээрхи 18042288 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ

 

Хариуцагч Е.А шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Миний бие айлын ганц хүү болдог ба Х.Г бид хоёр 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болоход эцэг эх маань ганц хүүдээ зориулж багагүй хэмжээний хөрөнгө мөнгө гаргаж хурим найрын цайллага хийж өгсөн. Энэ тухай Х.Г болон хоёр талын эцэг эхчүүд, мөн бусад хамаатан төрөл садангийн хүмүүс бүгд мэднэ. Энэ талаар маргаан байхгүй байх гэж бодож байна. Хоёр талын эцэг эхчүүд бүгд Х.Г бид хоёрыг цаашид сайн сайхан амьдруулахын тулд чадах чинээгээр дэмжин туслаж ирсэн. Тодруулбал, миний эцэг эхийн зүгээс Х.Г бид хоёрын бизнесийг дэмжих зорилгоор 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Т банктай ны Б аймаг дахь салбараас 2%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай 35000000 төгрөгний зээл гаргуулж бидэнд өгсөн. Х.Г бид хоёр уг мөнгөөр тус сумын 4 дүгээр багт байрлах М төв-ийн доод давхари супермаркет нээ ажиллуулах болон дэлгүүрийн доторх эд барааг авахад зарцуулсан.

 

Дараа нь уг бизнесийн эргэлтийн хөрөнгийг сайжруулахын тулд 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Т банктай ны Б аймаг дахь салбараас сарын 2,20%-ийн хүүтэй, 40 сарын хугацаатай 10000000 төгрөгний зээлийг нэмж авсан, түүнчлэн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Т банктай ны Б аймаг дахь салбараас сарын 2,30%-ийн хүүтэй, 60 сарын хугацаатай 20000000 төгрөгний зээлийг дахиад нэмж авсан юм. Эдгээр зээлийг авахад барьцаа хөрөнгө шаардлагатай байсан ба Х.Г бид хоёрын хувьд өөрсдөө байгаа хөрөнгөөр ийм хэмжээний зээлийг авах боломжгүй байсан. Иймээс дээр дурдсанчлан миний эцэг эх болон бусад Н.Е, А.С, И.Д нарын хамаатан ах эгч нар чухам бидний төлөө өөрсдийн амин чухалд тооцогддог хувийн эд хөрөнгүүд болох Ү-00000 улсын бүртгэлийн дугаартай өвлийн сууц, 0000000 дугаартай эзэмшил газар, Г-00000 улсын бүртгэлийн дугаартай өмчлөлийн газар, Ү-00000 улсын бүртгэлийн дугаартай өвлийн сууц, Ү-00000  улсын бүртгэлийн дугаартай өвлийн сууцны подвал хэсэг, 000000 дугаартай эзэмшил газар зэрэг хөрөнгүүдийг барьцаалан байж дээрх зээлийг авч Х.Г бид хоёрт өгсөн. Энэ нь Т банктай ны Б аймаг дахь салбараас Х.Г бид хоёрт холбогдуулан гаргасан 44323640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдоно. Түүнчлэн хадам аав, ээж Х, Г нараас мөн Х.Г бид хоёр дэлгүүр ажиллуулж олсон ашгаасаа уг 35 сая төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Дараа нь хадам аав ээж Х, Г нар Х.Г бид хоёрын бизнесийг дэмжихэд зориулж 16 сая төгрөгийг 10 сая ба 6 сая болгож хоёр хувааж өгсөн ба Х.Г бид хоёр уг 16 сая төгрөгийг дэлгүүрийн эргэлтийн хөрөнгөнд зориулж зарцуулсан. Х.Г бид хоёр эцэг эхийн тусламж дэмжлэгээр авсан эдгээр мөнгөөр Арзан болон Д гэсэн нэртэй дэлгүүрүүдийг ажиллуулж сайхан амьдарч байсан. Гэтэл удалгүй Х.Г бид хоёрын хооронд үл ойлголцох асуудлууд гарсан. Тэр үед ОХУ болон К улс руу явсан (2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүртэл) ба энэ хугацаанд дэлгүүрийн орлогыг Х.Г авч байсан. (Х.Г дэлгүүрийн санхүүг барьж орлогыг авдаг байсныг гэрчлэх 2ш тэмдэглэлийн дэвтрийг хавсаргав). Миний бие 2019 оны 07 дугаар сард Монгол Улсад ирэхэд эдгээр дэлгүүрүүд бүгд дампуурсан, үүнээс болж бусдаас авсан их хэмжээний зээл төлөгдөөгүй хугацаа хэтэрсэн байдалтай байсан.

 

Дээрээс нь шүүхээс Х.Г бид хоёр дундаас төрсөн охин Дыг үрчлүүлсэн тухай бүртгэлийг хүчингүй болгосон байдаг. Түүнчлэн, хадам аав ээж хоёр охин нь болох Х.Гг надаас салгаж авна, хэрэв үүнийг хүсэхгүй байгаа бол биднээс авсан 18 гаруй сая төгрөгийг дангаараа хариуцаарай гэж намайг тал талаасаа загнаж, тулгаж эхэлсэн. Тэгэхээр нь би хэдийгээр 16 гаруй сая төгрөгийг би ганцаараа аваагүй ч гэсэн гэр бүлээ хамгаалж үлдэхийн тулд эхнэр хүүхдээ бодож хадам аавын шахалтад орж түүний хэлснээр тодорхойлолт бичиж өгсөн байсан. Тухайн үед чухам ямар тодорхойлолт бичсэнээ санахгүй байна. Сүүлд нь нэхэмжлэлд хавсаргасан тодорхойлолттой танилцаж үзэхэд би хадам аав М.Хаар цалингийн зээл авхуулсан мэтээр, зөвхөн би уг мөнгөөр дэлгүүр нээн ажиллуулж байсан мэтээр зүйлүүдийг бичсэн байсныг олж харсан. Гэтл бодит байдалд өөр байгааг хадам аав М.Х нь мэдэж байгаа мөртлөө зөвхөн надаас үндэслэлгүйгээр 18 гаруй сая төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зүй нь хадам аав М.Хаас авсан 16 сая төгрөгийг Х.Г бид хоёр хамтран хариуцах ёстой гэжээ.

 

Нэхэмжлэгч М.Х шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахад: Миний бие Ө сумын 5 дугаар багт оршин суудаг. Миний охин Х.Г нь Е.Атэй 2015 онд гэр бүл болсон ч таарч тохироогүйгээс болж гэрлэлтээ цуцлуулсан. Хүргэн Е.Аий эцэг, эх нь өр зээлтэй, хувийн байшингаа барьцаанд тавьсан байсан тул зээл авах ямар ч боломж байгаагүй. Би тухайн үед Е.Ад худалдаа наймаа хийх гэж байгаа гэж бодоод хүүгүй зээл өгөөд тусалж байсан. Е.Ад 35-40 сая төгрөгийг хүүгүй зээл өгч байсан ба эгүүлээд төлсөн. 2016 оны 4 дүгээр сард Е.А зах дээр жижиг дэлгүүр нээж ажиллуулахын тулд амбаар худалдаж авмаар байна гэхээр 10 сая төгрөг авч өгөөч гэж хэлсэн. Би Е.Ад цалингийн зээл авч өгч сар бүр төлөлтийг хийж байхаар тохиролцсон. Би Е.Ад 10 сая төгрөгийн зээл авч өгсөн. Е.А нь Нээс байрыг худалдан авч өөрөө худалдаа наймаа хийж байсан. Зээлд сард 515000 төгрөгийг хуваарийн дагуу төлж байсан. Е.А нь 2017 оны 04 дүгээр сард над дээр ирээд би дахин нэг дэлгүүр нээж ажиллуулмаар байна, эргэлтийн хөрөнгө 10 сая төгрөг хэрэгтэй байна, зээлийн хүү буурч 1.2 хувь болсон байна, би сар бүр зээлийг төлж байна, та бага хүүтэй цалингийн зээл авч өгөөч гэж хэлсэн. Бид тэр үед эвтэй амьдарч байсан тул Е.Ад итгээд дахин 10 сая төгрөгийн зээл авч өгсөн. Эхний 10 сая төгрөгийн зээлээс 5900000 төгрөг үлдсэн байсан. Би 5900000 төгрөг дээр нэмж 10 сая төгрөг аваад гэрээгээ шинэчилж хийгээд 15900000 төгрөгийн зээл авч өгсөн. Би 4 жилийн хугацаатай сард 459300 төгрөг төлөхөөр гэрээ хийж 10 сая төгрөг авч өгсөн.

 

Би нийт Е.Ад 20 сая төгрөг зээлээр авч өгсөн гэсэн үг. 2017 оны 10 дугаар сард охин хүргэн нар таарч тохирохгүй маргаантай байсан. Е.А нь Х.Ггийн биед хөнгөн гэмтэл учруулсан тул миний охин гэртээ ирсэн. Би Е.Аийг урьд нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхэд уучилж байсан. Е.А 2 дахь удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн тул тэвчээгүй цагдаагийн газарт хандсан. Гэтэл намайг цагдаад хандсаны маргааш Е.А нь К улс руу зугтаж явсан. 2017 оны 11 дүгээр сарын 07-ноос хойш охин Г, зээ охин хоёр манайд амьдарч байгаа. Е.А, Х.Г нар 2017 оны 11 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа. Е.А нь 2017 оны 11 дүгээр сараас хойш зээлээ төлөөгүй. Би банктай гэрээ байгуулсан тул сар бүр зээлийг миний цалингаас суутгаж байсан. Сард 450000 төгрөгийг зээлд татаж авдаг. Е.А 2017 оны 10 дугаар сар хүртэл зээлээ төлж байсан. Би 3 жил цалингийн зээлд төлсөн баримтаа нотлох баримтаар гаргаж өгсөн. Е.Аий цалингийн зээлд төлж байсан баримт хэрэгт авагдсан. 2016 онд 515000 төгрөг, 2017 онд 460000 төгрөгийн зээл төлж байсан банкны хуулгыг гаргаж өгсөн. 2019 онд надад зээл авах шаардлагаа гарсан тул би банканд хандсан. Надад үлдсэн зээл болох 6559757 төгрөгийг төлөхгүй бол зээл гарахгүй гэсэн тул дээрх мөнгийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төл төлж зэлээ хаасан. Энэ мөнгийг Е.А надад төлөх ёстой. Би Е.Ад хүүгүй зээл өгч байсан ба уг асуудалд өнөөдрийн нэхэмжлэлийн шаардлагатай хамаагүй.

 

Би Е.Аээс ямар нэгэн хүү авч байгаагүй. Би Е.Ад цалингийн зээл авч өгөөд тэрээр сар бүр зээл төлж байна гээд амаар тохиролцсон байсан. Е.А Казахстан улсаас 2019 оны 01 дүгээр сарын 22-ний өдөр ирээд охин Х.Гтэй эвлэрнэ гэхээр нь авсан зээлээ төлж өг гэж хэлсэн. Е.А тухайн үед манайх байшингаа худалдахаар зар тавьсан гэж хэлсэн. Би тухайн үед баталгаа болгож баримт бичиж өгөөрэй гэж хэлэхэд Е.А би уг зээлийг төлж өгнө гэж баримт бичиж өгсөн. Е.А, Х.Г нарын хоорондох гэр бүлийн асуудал хурцадсан тул нотлох баримт болгож гар баримт бичүүлж авсан. Би Е.Ад хүч хэрэглэсэн дарамталж баримт бичүүлж авсан зүйл байхгүй. Е.А нь насанд хүрсэн дээд боловсролтой, Москвад их сургууль төгсөн хүн надаар дарамтлуулаад суух хүн биш. Е.А хариу тайлбартаа баримт бичих үед намайг дарамталсан гэж бичсэн байна. Е.А нь миний итгэлийн эвдэж охинтой минь сайхан амьдраасай гэсэн сэтгэлийг бодохгүй, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэрлэлтээ цуцлуулсан. Е.А одоо надад ямар ч хамааралгүй хүн болсон. Е.А, Х.Г нарын гэрлэлтийг 01 дүгээр сарын 28-ны өдөр цуцалсан шийдвэрийг гаргаж өгсөн. Иймд Е.А надаас авсан мөнгөө эгүүлж төлөх ёстой. Би зээлээр өгсөн зүйлээ буцааж нэхэмжилж байна. Е.Ад тусламж хэлбэрээр өгсөн мөнгөө нэхэмжлээгүй. Өөрөөр хэлбэл Е.Ад тусламж хэлбэрээр өгсөн мөнгөний талаар ярих шаардлага байхгүй. Би Е.Ад хүүгүй зээл, тусалж мөнгө өгч байсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг мөнгийг намайг Е.Ад гомдсон тул нэхэмжилж байна гэж ярьж байна.

 

Би 2016 оны дансны хуулгаа гаргаж өгсөн. 2016 онд Е.А, Х.Г нар муудалцаагүй байсан. Анх 10 сая төгрөгийн цалингийн зээл авч өгөхөд Е.А миний зээлийг төлж өгч байхаар тохиролцсон. Би цалингаасаа зээлээ татуулдаг байсан ба Е.А сар бүр миний дансанд зээлийн мөнгийг шилжүүлдэг байсан. Е.А тохиролцсон учир сар бүр миний данс руу 515000 төгрөг шилжүүлдэг байсан. Би нэхэмжлэлдээ тодорхой дурдсан тул он сар өдрийг дурдмааргүй байна. 2016 онд бидний дунд ямар нэгэн гомдсон асуудал байгаагүй. Тэр үед Е.А яах гэж миний данс руу мөнгө хийж байсан юм бэ. Энэ хүн ямар ч үндэслэлгүй зүйл ярьж байна. Мөн Е.А, Х.Г нар хамтарч бизнес эрхэлсэн гэж байна. Миний охин гэрлэсний дараа хадам эцэг эх, нөхрийн хамт амьдардаг байсан. Х.Г нь Е.Атэй 2015 оны 8 дугаар сард гэрлэсэн ба энэ үед МУИС-ийн магистрт сурч байсан. Тэрээр 2015 оны 9 дүгээр сард сургуульд сурахаар явсан. Энэ талаар нотлох баримт гаргаж өгсөн. Би Ггийн сурч байсан сургуулийн тодорхойлолт болон диплом гаргаж өгсөн. Х.Г нь 1 жил 5 сар сураад 2016 оны 02 дугаар сард төгсөөд гэртээ ирсэн. Х.Г 2016 онд хөл хүндтэй болсон тул наймаа хийх боломж байгаагүй. Х.Г жирэмсэн байхдаа эрүүл мэндээ бодоод гэртээ байсан. 2016 оны 10 дугаар сард охин Д мэндэлсэн. 2017 оны 11 дүгээр сард Д 1 нас хүрээгүй байсан. Х.Г хөхүүл хүүхэдтэй хүн яаж бизнес эрхэлдэг юм бэ. Би Е.Ад туслах зорилгоор мөнгө өгсөн. Мөн хүүгүй зээл өгсөн ч энэ талаар дурдаагүй. Е.А бид хоёрын хоорондох зээлийн асуудал байгаа. Е.А уг мөнгийг хариуцаад төлөх ёстой. Е.А нар Т банктай наас 70 гаруй сая төгрөгийн зээл авсан байсан ба зээлээ төлөөгүй тул шүүхэд өгсөн байсан. Е.А нар 2013 онд 70 сая төгрөгийн зээл аваад байшин барьсан байна. Е.А нар надаас мөнгө аваад бизнесийн эргэлт хийгээд зээлээ төлж байсан. Түүнээс биш Е.А нь Х.Гтэй хамтарч бизнес хийсэн асуудал байхгүй. Е.А, Х.Г нар хамтарч бизнес хийсэн гэж бодоход тэд салах үед Х.Г бизнесийн ашиг үр шим, өөрт ногдох нэг ч төгрөг нэхэмжлээгүй. Е.А, Х.Г нарын гэр бүлийн маргаантай холбоотой нэхэмжлэлийг та шийдсэн. Е.Аий байшин болон эрхэлж байсан бизнес өөрт нь үлдсэн. Х.Г нэг ч төгрөг авахгүй. Е.А Х.Ггээс тэднийд 1 жил 6 сар амьдарсан хоолны мөнгийг нэхэмжилж буй мөнгөнөөс хасуулахгүй юм бол өөр мөнгө хасах боломжгүй. Е.А охиныхоо идсэн хоолны мөнгийг нэхэмжлэхгүй байх. Эхнэр, нөхөр болоод 2 жид амьдрахдаа өдөр бүр идсэн хоолны мөнгийг нэхэмжлэхгүй бол Х.Г, Е.Атэй хамт бизнес хийж мөнгө авч ашигласан асуудал байхгүй. Хэрэв Х.Г ашигласан гэж үзвэл нотлох баримтаа гаргаж өгөх ёстой. Е.А Х.Гд машин, гутал авч өгсөн талаар нотлох баримт байхгүй. Би Х.Ггийн хоол хүнс, хувцас хунар, хэрэгцээний мөнгийг өөрөө хариуцаж өгдөг байсан. Учир нь Е.Аий гэр бүлийн хүмүүс нь их хэмжээний зээлтэй байсан. Тэднийг сар бүр зээлээ төлөх гэж хэцүү байхад өрөвдөөд охиныхоо хувцас хунарыг авч өгдөг байсан. Х.Г Е.Аий гэрийн хоолыг л иддэг байсан. Е.А намайг харахаас айгаад шүүх хуралдаанд ирээгүй байна. Е.А ирсэн бол түүнд хэлэх үг байсан. Е.А эхнэр охин хоёрынхоо идсэн хоолыг нэхэмжилбэл би хасч өгч болно. Өөр байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгах үндэслэл байхгүй. Миний Е.Ад зээл өгсөн мөнгийг гаргуулж, намайг хохиролгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

 

Хариуцагч Е.Аий итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Серикжан шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Е.А шүүхэд 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр, мөн оны 02 дугаар сарын 05-ны өдөр хариу тайлбар, нэмэлт тайлбарыг бичгээр гаргасан. Мөн хариу тайлбартаа холбогдох нотлох баримтуудыг хавсаргасан. Би хариуцагчийн тайлбарыг дэмжиж байна. Е.А, Х.Г нар нь 2015 онд гэр бүл болсон нь үнэн. Тэдний дундаас төрсөн охин Дыг 2016 оны 10 дугаар сард Е.Аий эцэг эхэд үрчлүүлсэн. Улмаар 2017 оны 11 дүгээр сарын 27-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаад үрчлэлтийг хүчингүй болгуулж байсан. Энэ үеэс эхэлж Е.А, Х.Г нарын хооронд таарамжгүй байдал үүссэн. Нэхэмжлэгчийн ярьж байгаа зүйл үнэн. 2015 онд Е.А, Х.Г нар гэр бүл болох үеэс тэднийг дэмжих зорилгоор 2 талын эцэг эх нар мөнгө өгсөн нь үнэн. Е.Аий эцэг эх зээл аваад мөнгө авч өгсөн. Е.Аий эцэг эх өөрсдийн эд хөрөнгийг барьцаанд тавиад мөнгө өгсөн. Е.Ад хадам талаас нь дэмжлэг үзүүлээд 35 сая төгрөг өгсөн. Е.Ад бизнест нийт 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байсан. Хариуцагч Е.А болон түүний эхнэр Х.Г нар аймгийн төвд Арзан, Д гэх нэртэй 2 дэлгүүрийг ажиллуулж байсан. Е.А 2 талаас авсан мөнгийг энэхүү дэлгүүрүүдийг ажиллуулахын тулд хөрөнгө оруулалт хийсэн байгаа. Е.А эхний ээлжид нэхэмжлэгчээс авсан 37 сая төгрөгийг төлж барагдуулсан. Е.А эцэг эхийнхээ авч өгсөн Капитрон банкны зээлийг төлж барагдуулсан. Одоо Т банктай анд төлөх зээлтэй. Уг мөнгийг Е.А ганцаараа хэрэглэсэн, ашигласан асуудал байхгүй. Энэ талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлага бодит байдалд нийцэхгүй байна.

 

Е.А нэхэмжлэгчид цалингийн зээл аваад өг гэж хэлээгүй юм шиг байна. Гэхдээ Е.А хадам эцгээсээ мөнгө асуусан нь үнэн. Тухайн үед 16 сая төгрөг авсан байгаа. Е.А нь 10 сая төгрөгийг нэг удаа, 6 сая төгрөгийг авсан. Банкны хүүг төлнө гэх нотлох баримт байхгүй. Хүүг хариуцаж төлөх талаар ямар нэгэн гэрээ хэлцэл байхгүй. Нэхэмжлэгч Е.Ад гомдсондоо нэхэмжлэл гаргасан гэж ойлгож байна. Е.А нь нэхэмжлэгчийн охиноос гэрлэлтээ цуцлуулсан тул нэхэмжлэл гаргасан гэж бодож байна. Х.Г хамтран хариуцагч байх ёстой гэж үзээд шүүхэд хүсэлт гаргасан ч нэхэмжлэгчид хариуцагч тодорхойлох онцгой эрх байгаа тул хүсэлтийг хүлээж аваагүй. Энэ эрхэд хэн ч халдаж болохгүй тул шүүх хуралдаан товлон зарлагдсан. Е.Ад холбогдох Т банктай ны Б салбарын нэхэмжлэл болон зээлийн гэрээтэй холбоотой холбогдох бусад нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнээс үзэхэд 2-3 хариуцагч байгаа. Е.А болон Х.Г нар хариуцагч ба энэ мөнгийг авч ашигласан гэдэг нь харагдана. Мөн нэхэмжлэгчээс мөнгө аваад бизнестээ хөрөнгөө оруулаад явсан асуудал байгаа. Гэвч 2 супермаркет дампуурсан. Иймд Х.Г нэхэмжилж буй 16 сая төгрөгөөс 8 сая төгрөгийг төлөх ёстой. Хариуцагч мөн 8 сая төгрөгийг төлөх ёстой гэж үзэж байна. Е.А, Х.Г нар нь нэхэмжлэгч Хаас авсан мөнгийг хамтдаа хэрэглэсэн гэдгийг нотлох гол баримт нь Д гэх супермаркетын хаяг юм. Хаяг дээр Е.А, Х.Г нарын гар утсыг бичсэн. Е.А, Х.Г нар хамтарч супермаркетыг ажиллуулж байсан гэдэг нь нотлогдоно. Мөн тэдний хамт хөтөлж байсан санхүүгийн хар дэвтэр буюу бүртгэл тооцооны дэвтэр байгаа. Е.А, Х.Г нар бөөний төвөөс бараа аваад дэлгүүртээ зардаг байсан тооцоог Х.Г бичдэг байсан гэдэг нь тэмдэглэлийн дэвтрээр нотлогдоно. Уг дэвтрийг Х.Г хөтөлж байсан. Хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтыг нэхэмжлэгч үгүйсгээгүй, өөрөөр хэлбэл тэмдэглэлийн дэвтрийг Х.Г хөтөлж байсан гэдгийг үгүйсгэсэн нотлох баримт гаргаж өгч чадаагүй.

 

Е.А, Х.Г нарын хамтдаа ашигласан мөнгийг Е.А ганцаараа хариуцах нь учир дутагдалтай. Ийм боломж байхгүй. Е.Аий бичиж өгсөн гар баримт бий. Е.А, Х.Г нар 2015 онд гэр бүл болсон ба 2017 онд муудалцаад Е.А Казахстан улс явсан нь үнэн. Тэр үед гэр бүлийн асуудал улам хурцадсан ба Х Е.Ад гомдож миний охиныг гомдоосон гэх асуудал ярьсан байна. Х тэр үед Е.Ад миний та нарт өгсөн мөнгийг чи дангаараа хариуцах ёстой гэх шаардлага тавьсан байна. Е.А 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар гар баримт бичиж өгсөн. Ингэхдээ нэг шалтгаанаар бичиж өгсөн ба тэрээр гэр бүл охиныхоо ирээдүй хүмүүжлийг бодсон тул гар баримт бичиж өгсөн. Е.А нь гэрлэлтээ цуцлуулахгүй байх, гэр бүлээ авч үлдэхийн тулд аргагүйн эрхээр баримт бичсэн байдаг. Гэвч бодит байдал дээр Е.А ганцаараа уг мөнгийг хэрэглээгүй. Миний дээр дурдсан нотлох баримтаар уг мөнгийг Е.А, Х.Г нар дундаа зарцуулсан. Е.А гэр бүлээ асарч хамгаалахын тулд аргагүй байдалд орсон тул баримт бичиж өгсөн. Энэ талаар хариу тайлбартаа бичсэн байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 8 сая төгрөгийг төлөх боломжгүй. Харин Е.Аээс нэхэмжилж буй мөнгөнөөс 8 сая төгрөгийг төлж өгөхийг зөвшөөрч байна. Х.Г 8 сая төгрөгийг хариуцаж төлөх ёстой. Зээлийн хүүг төлөх тохиролцоо байгаагүй тул Е.А хариуцах ёсгүй гэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч М.Х нь Х банкны Б салбараас үлдсэн зээл 5906901 төгрөгт нэмж зээл 10000000 төгрөг бүгд 15906901 төгрөгний цалингийн зээлийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 365 хоногоор авсан болох нь 2017 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн №ЗГ201742987731 дугаартай Зээлийн гэрээ болон Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-иар тус тус нотлогдож байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч Е.А нь нэхэмжлэгч М.Хы Х банкны Б салбартай байгуулсан 2017 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн №ЗГ201742987731 дугаартай Зээлийн гэрээ-ний хамтран үүрэг гүйцэтгэгч биш болох нь тогтоогдож байгаа бөгөөд тухайн зээлийг хүүгийн хамт зээлийн эргэн төлөлтийн хуваариар хариуцагч Е.А нь нэхэмжлэгч М.Хд төлж өгөх талаар тухайн зээлийг олгохоос өмнө гэрээ хэлцэл хийсэн гэдэг нь тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч Х.Х уг банкнаас зээлээр авсан 15906901 төгрөгийг хариуцагч Е.Ад өгсөн гэж мөнгөнийхөө эх сурвалжийг зааж өгсөн ба 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн баримтыг хариуцагч Е.А бичиж өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн, уг баримтад хариуцагч Е.А нь ...хадам аав М Хаас 15906900 төгрөгний цалингийн зээл авхуулж авсан нь үнэн. 2017 оны 11 дүгээр сар хүртэл сар бүр банканд төлөх ёстой 459300 төгрөгийг би өөрөө төлж ирсэн. Үүнээс хойш би төлбөрийн чадваргүй болсон учраас хадам аав сар бүр төлж байгаа. Уг зээлийг тухайн үед би авч дэлгүүр нээсэн. Би уг зээлийг өөрөө хариуцаж төлнө. Манай аав ээж байшингаа зарсан үед төлж өгөх болно... гэсэн байна.

 

Энэхүү баримтад бичигдсэн үйл баримтын агуулгыг авч үзвэл хариуцагч Е.А нэхэмжлэгч М.Хаас 15906900 төгрөгний зээл авч, 2017 оны 11 дүгээр сар хүртэл сар бүр 459300 төгрөгийг төлж ирсэн гэснээр талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ хийгдсэн байна.

 

Нэхэмжлэгч М.Х нь нэхэмжлэлийн шаардлагад 15906900 зээлийг хүүгийн хамт банктай байгуулсан зээлийн эргэн төлөлтийн хэмжээгээр хариуцагчаас нэхэмжилсэн боловч хариуцагч Е.Аий бичсэн дээрх баримтад зээлийн хүүгийн хэмжээ эргэн төлөлтийн хугацааны талаар тусгаагүй буюу талууд зээлийн хүүг бичгээр тохиролцоогүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасны дагуу нэхэмжлэгч М.Х нь хариуцагчаас зээлийн хүүг шаардах эрхээ алдсан байна.

 

Хариуцагч Е.А нь 2017 оны 4 дүгээр сараас 11 дүгээр сар хүртэлх (7 сар) сар болгон 459300 төгрөг бүгд 3215100 төгрөгийг нэхэмжлэгч М.Хд төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон нэхэмжлэгчийн Х банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар[1] тус тус нотлогдож байна.

 

Үүгээр хариуцагч Е.Аий зээлээр авсан 15906900 төгрөгнөөс нийт төлсөн 3215100 төгрөгийг хасаж тооцоход одоо нэхэмжлэгч М.Хд зээлийн үлдэгдэл 12691800 төгрөг төлөх ёстой болох тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч М.Х нь Х банкны Б салбартай 2017 оны 3 дугаар сарын 29-ны өдөр №ЗГ201742987731 дугаартай Зээлийн гэрээ гэрээ байгуулан авсан үлдсэн зээлийг хүүгийн хамт банканд хэзээ хэрхэн эргэн төлсөн эсэх нь хариуцагч Е.Ад, мөн хариуцагч Е.А нь нэхэмжлэгчээс зээлдэж авсан 15906901 төгрөгийг хэзээ хэрхэн хэнтэй хамт зарцуулсан эсэх нь нэхэмжлэгч М.Х, хариуцагч Е.А нарын хоорондын энэхүү зээлийн маргаанд хамраалгүй болно.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн мөнгийг хариуцагч Е.А нь Х.Г бид хоёр гэр бүл байсан үед хамтран зарцуулсан гэх үндэслэлээр уг мөнгийг төлөхөөс татгалзсан боловч түүний энэхүү татгалзал нь өөрөө хариуцан төлөх талаар гарын баримт үйлдэж нэхэмжлэгч М.Хаас авсан зээлийн мөнгөний үйл баримтад хамааралгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар нотлох баримт гэдгийг хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг ойлгох бөгөөд талуудаас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн нэхэмжлэгч М.Хы зээл хаасан талаар Х банкны депозит дансны хуулга, мөнгөн шилжүүлгийн баримт, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 130//ШШ2019/000626 тоот шүүхийн шийдвэр, аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 212/МА2019/00066 тоот магадлал, тус аймаг дахь Цагдаагийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 36/234 тоот албан бичиг, Т банктай ны Б салбараас Е.А, Х.Г, Р.Г нарт холбогдуулан 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, Т банктай ны Зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл, хэргийн 66-78 дугаар хуудаст авагдсан Е.А, Х.Г, Р.Г нарын Т банктай тай байгуулсан зээлийн гэрээ болон барьцаат зээлийн гэрээнүүд, хавтаст хэргийн 88-120 дугаар хуудаст авагдсан депозит дансны хуулганууд Д, Арзан нэртэй супермаркетын зураг, Стандартчилал, хэмжил зүйн газраас олгосон Ү/00021 дугаартай тохирлын гэрчилгээ, хавтаст хэргийн 83-87 дугаар хуудаст авагдсан Е.Аий Е паспортын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Х.Ггийн 00000 дугаартай магистрын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, А.Дын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ө сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Б аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/07, тус газрын даргын 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/28 тоот тушаалуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Е.Аий гарын баримт, хэргийн 147 дугаар хуудаст авагдсан депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Х.Ггийн хөтөлж байсан гэх 2 ширхэг тэмдэглэлийн дэвтэр (тухайн үед ажиллуулж байсан дэлгүүрийн орлого зарлагыг худалдагч нар бүртгэж тэмдэглэж байсан гэх) зэрэг баримтууд нь энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иймд хариуцагч Е.Аээс зээлийн үлдэгдэл мөнгө 12691800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Хд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 5350488 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248161 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Е.Аээс нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд оногдох улсын тэмдэгтийн хураамж 218019 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-ийг баримтлан хариуцагч Ители ахбахты овогт Еын Аээс зээлийн үлдэгдэл мөнгө 12691800 (арван хоёр сая зургаан зуун ерөн нэгэн мянга найман зуун) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж Х овогт Мгийн Хд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 5350488 (таван сая гурван зуун тавин мянга дөрвөн зуун наян найман) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57 дугаар зүйлийн 57.1-ийг баримтлан нэхэмжлэгч М.Хы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248161 (хоёр зуун дөчин найман мянга нэг зуун жаран нэгэн) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Е.Аээс 218019 (хоёр зуун арван найман мянга арван есөн) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Хд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хэргийн оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК

 

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 21-27 дугаар талд авагдсан Х банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар хариуцагч Е.А нь сар болгон 460000 төгрөгийг нэхэмжлэгч М.Хы дансанд шилжүүлсэн нь тогтоогдож байна.