Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 130/ШШ2020/00240

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын ... дүгээр багт оршин суух, Х овогт   З/рд:, утас: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын ... дугаар цэцэрлэг /эрхлэгч С.Ж/-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А, хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Ж, хариуцагчийн өмгөөлөгч А.С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Е.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Ө сумын 13 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/30 дугаартай Сахилгын шийтгэл оногдуулах тухай, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/03 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалуудыг хүчингүй болгуулах тухай.

Нэхэмжлэгч Т.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Т.З тус цэцэрлэгт 2016 оноос эхлэн үндсэн багшийн ажилд томилогдон өдий хүртэл ажиллаж байгаа юм. Би үндсэн багшаар ажиллах хугацаандаа сахилгын болон ажлын ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл эрхлэгч надад ажлын байранд маш их дарамт үзүүлдэг. Би тэр өдөр ажлын байранд ажлаа хийж байсан. Алтан намар өдөрлөгт давтуулж, туслах багш Б.М бид хоёр ангидаа байсан. Тэгэхэд бид бүжиг зааж байсан ба бүжиг бүжиглэдэг А гэдэг охин маань бүжиглэхгүй байхаар яасан бэ гээд асуусан чинь өвдөж, халуураад байсан. Ангид жаахан суулгаад өдрийн цайны цагт хоол идэхгүй байхаар гэрт нь холбогдож ээжийг нь дуудсан. Ээж нь ирж, хүүхдээ хараад та нар дандаа хайрсан, хуурсан хоол өгдөг тэгэхээр ходоод нь өвдөхгүй яах вэ гэхэд эрхлэгч тогооч нарт очиж хэлээрэй гэж хүүхдээ аваад эрхлэгч, тогооч нарт очиж хэлсэн чинь Т.З багш чамайг албаар дуудсан гэж нягтлан, нярав, тогооч, эрхлэгч нар коридорт нөгөө эцэг эхийг загнаж байсан. Би ангийнхаа 32 хүүхдийг унтуулах гээд зовж, ядарч байхад эрхлэгч орж ирээд учир утгагүй загнаж, бичлэг хийгээд байсан. Та намайг коридорт дуудаад асуугаач, би юу болсныг хэлнэ гэхэд чам шиг юмнуудыг өрөөнд оруулахгүй гээд загнахаар би гомдоод цагдаа дуудсан билээ.

 

Байгууллагад цагдаа ирсний дараа гомдол гаргахаар цагдаатай хамт явсан. Тэгэхэд эрхлэгч тэр доороо байгууллагын хурал хийгээд арга хэмжээ авсан байгаа. Би хуралд ороогүй учир шалтгаанаа надад мэдэгдэлгүйгээр эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, манай ажилчдын 50 хувийн төрөл садан болохоор дураараа доргиж надад амар заяа үзүүлэхгүй, урамшуулал өгөхгүйн тулд ийм арга хэмжээ авч байгаа. Удаа дараа урамшуулал өгөхгүй байхаар аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргад мэдэгдсэн юм. Тэд С.Жийг дуудаж хэлсэн боловч, тэднийг авч хэлэлцээгүй. Иймд тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/30 тоот тушаалыг хүчингүй болгож, гомдлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Т.З ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Эрхлэгч С.Ж 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр бүлэгт орж ирээд 1-р сарын конспектээ гаргаж ир гэхээр би миний жилийн ажлыг минь дүгнээд өгөөрэй, 1 дүгээр сарын конспектыг Б.Рд батлуулж байна гэж хэлсэн. Бүлгийн хүүхдүүд жигд ирэхгүй байсан. Тэр өдөр 3 хүүхэд ирсэн байсан. Эрхлэгч С.Ж намайг загнаад яваад өгсөн. Маргааш байгууллагын хурал хийгээд хурлыг удирдаж, эгч нь Ж.Бээр хурлын протоколыг хөтлүүлж надад дахиад сахилгын шийтгэл авахаар зохион байгуулалт хийсэн байна.

 

Иймд би өгсөн албан даалгаврыг 12 дугаар сарын 24-ний өдөр шалгуулах гээд конторт очсон боловч эрхлэгч өөрөө байхгүй байсан. Миний ар гэрээс хоёр дүү маань ирж уулзах гэсэн боловч эрхлэгч С.Ж төрсөн өдрөө тэмдэглэнэ гээд яваад өгсөн учир нягтлан бодогч Х.Г, арга зүйч Б.Р нартай уулзаж учир шалтгаанаа хэлж байсан. Тийм учраас би огт ажлаа шалгуулаагүй гээд хурал дээр хэлж хурлын протоколд тусгасан байна. Миний туслах багш Б.М хуралд Т.З багш ажлаа шалгуулах гээд хавтаст хэргээ ширээндээ тавьж, хэчнээн их хүлээсэн, та өөрөө ирж шалгаагүй гэхэд чи амаа татаад дуугүй бай гэж загнасан. Дараа нь багш С.С, тогооч С, галч Б, манаач П.Е, туслах багш Х.А нар бүгдээрээ хамт олон Т.З багш аас дахин дахин яах гэж сахилгын шийтгэл авах гээд байгаа юм бэ, ажлаа хийж ангиа тохижуулсан байгаа биз дээ, одоо больё бид сахилгын шийтгэл авахуулахгүй гэхэд С.Ж эрхлэгч тэр эрхлэгчийн хүрээний асуудал гэж орилж, намайг загнаж чи гар, зайл, би чамайг ажиллуулахгүй гаргана гэж айлган сүрдүүлж, олны өмнө миний эрх ашгийг ноцтой зөрчиж, сэтгэл санааны дарамт үзүүлж байсан. Би өөрийн ажлыг шалгуулахаар холбогдох байгууллагуудад хандаж, өргөдөл, гомдлоо гаргаж байна. Иймд тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/03 тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б аймгийн Ө сумын 13 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Ж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Т.З багш ийн хувьд тус цэцэрлэгт 4 дэх жилдээ үндсэн багшаар ажиллаж байгаа боловсон хүчин. Миний бие 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ажлын газарт буюу албаны өрөөндөө сууж байхад Т.З багшийн хариуцсан анги бүлгээс хүний орилж хашхирсан, зандарсан, бархирсан зэрэг хэрүүлийн чанга дуу чимээ гарсан. Миний бие тэр даруй Т.З багшийн хариуцсан анги бүлэгт очиход Т.З багш нэг хүүхдийн эцэг эхийг дуудаж ирүүлчихсэн, мөн дэргэд нь тус цэцэрлэгийн нягтлан бодогч, тогооч, багш, туслах багш зэрэг хүмүүс цугларчихсан байдалтай байсан ба тэрээр хүүхдүүд болон ажилтнуудын дэргэд тус цэцэрлэгийн хоол гамбирыг муулж үүнээс болж хүүхэд өвдсөн мэтээр ярьж хамаг муу муухай хараалын үгсийг урсгаж зандарч байсан. Ангид байсан хүүхдүүд айж, цочирдсон зарим нь хоёр гарынхаа алгаараа чихээ дарчихсан байдалтай байсан. Тэгж байтал гамбираас болж өвдсөн гэх хүүхдийн эцэг, эх хүүхдээ аваад цэцэрлэгээс гараад явах гэж байсан.

 

Миний бие хүүхдийн эцэг, эхэд хандаж: чухам яг гамбираас болж хүүхдийн бие муудсан уу, үгүй юу гэдэг нь тодорхойгүй байна, тийм баримт нотолгоо одоогоор алга байна, тайван байгаарай, Т.З багш ийн хий хоосон хэлсэн үгэнд шууд итгэж дүгнэлт хийж болохгүй шүү, учир нь бусад хүүхдүүд өвдөөгүй байна шүү дээ, тийм учраас уг асуудлыг мэргэжлийн байгууллагаар шалгуулъя гэж хэлсэн юм. Миний бие ингэж хүүхдийн эцэг эхийг тайтгаруулж байхад Т.З багш асуудлыг улам лавшруулж цагдаа дуудсан байсан. Цагдаагийн ажилтан намайг, Т.З багш болон бусад ажилтнуудыг Цагдаагийн газарт авч яваад тайлбар авсан. Т.З багш аас бусад ажилчид бүгд болсон явдлыг яаг бодит байдлаар нь үнэн зөвөөр хэлж өгсөн. Уг гамбираас болж хүүхдийн бие өвдсөн зүйл тогтоогдоогүй, Т.З багш ийн буруу гэдгийг цагдаагийн ажилтан ойлгож мэдсэнээр түүний гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн юм. Түүнчлэн цагдаагийн ажилтан надад багшийн ёс зүйн асуудлаа дотооддоо шийдвэрлээрэй гэж хэлсэн. Мөн түүнчлэн, цэцэрлэгийн ажилчид буюу хамт олны зүгээс уг асуудлыг ингэж зүгээр орхиж болохгүй, Т.З багш урьд өмнө дандаа ийм худал хуурмаг асуудал гаргаж байсан, ер нь Т.З багш дандаа хамт олны дунд яс хаядаг, элдэв хов жив ярьдаг, хүүхдүүдийн дэргэд хараалын үг хэлж ёс зүйгүй зан авир гаргадаг, Т.З багш ийн ур чадварт нь эргэлзэж байна, бид хүүхэд хүмүүжүүлдэг байгууллага. Хүүхдүүдийн эцэг эхчүүд буруугаар ойлгоод байна, байгууллагын нэр хүндийг гутааж байна, Т.З багш ид хариуцлага тооцох ёстой гэсэн шаардлага тавьсан.

 

Тийм учраас 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хамт олны хурал хийж, уг хурлаар Т.З багш ийн зөрчлийг тогтоож, улмаар Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд тус тус заасны дагуу түүний гаргасан зөрчилд тохируулж сахилгын сануулах шийтгэл оногдуулахаар шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл багш Т.Згийн ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн гэрээний 3.2.1, 5.1, 5.3, Цэцэрлэгийн дотоод журмын 11.2.9, 11.2.10, 14, 14.7, 14.11, 15, 15.1.2, 15.1.9, 15.1.10, 15.1.11-д тус тус заасны дагуу сахилгын сануулах шийтгэл ногдуулсан болно.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б аймгийн Ө сумын 13 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Ж ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Т.Зтус цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 10- ны өдрийн А/03 тоот тушаалыг хүчингүй болгох үндэслэлээ тайлбарлахдаа ...эгч Ж.Бээр хурлын протоколыг хөтлүүлж, надаас дахиад сахилгын шийтгэл авахаар зохион байгуулалт хийсэн байна гэжээ. Нэхэмжлэгч Т.Знь 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гамбираас болж хүүхэд өвдлөө гэсэн асуудал гаргасан, тус цэцэрлэгийн удирдлагын зүгээс уг асуудлын үнэн худал эсэхийг тогтоолгохын тулд аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хандаж хүсэлт гаргасан.

 

Аймгийн Боловсрол, соёл урлагийн газар болон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хяналт шалгалтаар гамбираас болж хүүхэд өвдсөн нь тогтоогдоогүй, харин багш Т.Згийн ажлаас маш олон ноцтой зөрчил дутагдал илэрсэн юм. Уг хяналт шалгалтын дараа тус цэцэрлэгийн удирдлагын зүгээс хамт олны хурал хийж, Т.З багш ид зөрчил арилгуулах тухай хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Ингэхдээ нэхэмжлэгч Т.З гийн нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан шиг зөвхөн ажилтан Ж.Б бид хоёр хуралдсан асуудал байхгүй, өөрөөр хэлбэл тус байгууллагын ажилчид хамт олноороо хуралдаж зохих шийдвэр гаргасан болно. Энэ тухай багш Т.З сайн мэдэж байгаа, үүнийг тус байгууллагын 17 ажилтан гэрчилнэ.

 

Дараа нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хамт олны хурал хийж, уг хурлаар эрхлэгчийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 24 дугаар бүхий хугацаатай үүрэг даалгаврын биелэлт зэрэг 5-6 асуудлыг хэлэлцсэн. Тухайн хуралд багш Т.Зөөрийн биеэр оролцсон ба эрхлэгчийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 24 дугаар бүхий хугацаатай үүрэг даалгаврын биелэлтийн талаар юм хэлээгүй, харин хурал үймүүлж хэрүүл хийсэн. Иймээс тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/03 дугаар тушаалаар багш Т.Зд сахилгын сануулах шийтгэл ногдуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Нэхэмжлэгч Т.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б аймгийн Ө сумын 13 дугаар цэцэрлэгийн эрхлэгч 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр багш Х.З надад мэдэгдэхгүйгээр сахилгын шийтгэл оногдуулсан. Энэ талаар тайлбар гаргахад би тэр үед ажил дээрээ тухайн өдрийн ажлаа явуулаад бүлэгтээ байсан. Тухайн үед хүүхдүүдэд Алтан намар сэдэвт өгүүллэгийг  давтуулж байсан. Тус бэлтгэл манай бүлгийн 2 ихэр охин бүжиглэх ёстой байсан ба нэг охин нь бүжиглэхгүй сууж байхаар нь хажууд нь очиж яагаад бүжиглэхгүй байгааг нь асуухад нөгөө хүүхэд маань өвдсөн байсан. Тэгээд би тухайн хүүхдийн биеийг ажиглаад өдрийн цайны цаг хүртэл хүлээсэн. Өдрийн цагаар нөгөө хүүхэд маань хоол идэхгүй байсан.Тэгээд би очиж тухайн хүүхдийг үзэхэд халуунтай байсан. Халуунтай хүүхэд байгаа тохиолдолд гэрийнхэнд зарлал мэдэгдэх ёстой байдаг ба би ар гэрт нь холбоо барьсан. Хүүхдүүд өдрийн хоол идэж байхад ар гэрээс нь ээж нь ирж манай хүүхэд яасан гэхээр би учир байдлыг тайлбарлаж хэлсэн чинь тэр эцэг эх маань тэгэхгүй яахын танай цэцэрлэг дандаа хайрсан хуурсан гамбир өгдөг гэж нөгөө гамбир-ийн асуудал үүсэж байсан. Би энэ тухай мэдэхгүй сургуулийн эрхлэгч буюу тогоочтой очиж ярих хэрэгтэй гэж хэлсэн. Тэгээд нөгөө эцэг эх маань хүүхдээ аваад явсан чинь араас нь нөгөө ихэр нь коридорт гарч уйлж зогсож байсан чинь манай эрхлэгч, тогооч, нягтлан бодогч, нярав гэх мэт хүмүүс гарч ирээд Х.З багш худлаа хэлж байна хүүхэд нь өвдөөгүй, худлаа хэрүүл маргаан үүсгээд ингэж ярьдаг гэж байсан. Тэгээд би бүлгийнхээ хүүхдүүдийг унтуулахаар яваад өгсөн. Би эцэг эхтэй нь та өөрөө уулзаарай гэсэн. Тэгэхэд эрхлэгч уурлаад цэцэрлэгийн коридорт  шуугилдаад байсан. Тэр үед би туслах багштайгаа хамт хүүхдүүдийг унтуулахаар хэвтүүлж байхад эрхлэгч гартаа утсаа барьж орж ирж чи дандаа ингэдэг тэгдэг Би тухайн үед эрхлэгчид та өрөөндөө намайг болон тэр хүүхдийн эцэг эхийг дуудаад асуугаач, учир байдлыг нь хэлж өгье, та яагаад хүүхдүүдийн өмнө орж ирж дандаа загнаад байдаг юм бэ гэхэд чам шиг юмнуудыг өрөөндөө оруулахгүй чи дандаа ингэдэг, би чамайг халахдаа халах болно гээд баахан хэрүүл маргаан үүсгэсэн.

 

Би тухайн үед уурлаад цагдаа дуудсан. Цагдаа ирсний дараа би нөхцөл байдлыг тайлбарлан өгч эрхлэгч намайг гадуурхаж, үзэн ядаж, миний хэлсэн үгийг хэзээд үл тоомсорлон, намайг ерөөсөө хүндэтгэдэггүй ба багшийнхаа эрх ашгийг хамгаалмаар байна, удаа дараа намайг ингэж байгаа гэхэд цагдаагаас та гомдол гаргах уу гэхэд би за тэгье гээд цагдаагийн машинтай цуг гомдол гаргахаар явсан. Цагдаагийн газарт очиж мөрдөн байцаагч Розатай уулзаад бүх юмаа тайлбарлаад хэлсэн чинь наадах чинь эрхлэгчийн ёс зүйн асуудал байна, боловсролын асуудлыг хариуцдаг Нийгэм бодлогын хэлтсийн дарга К.Бекжанд танилцуулъя ёс зүйн асуудлыг тэр газар шийдэж өгөх биз гэж би тэр газар уламжлуулъя та явж бай гэж хэлсэн.

 

Мөн гамбир-ийн асуудлаар Мэргэжлийн хяналтын газарт гомдол гарга гэсний дагуу Мэргэжлийн хяналтын газарт очиж гомдол гаргасан. Тэгээд цэцэрлэгт эргэж ирсэн чинь С.Ж эрхлэгч зохион байгуулалтай хурал хийж надад сахилгын шийтгэл оногдуулсан байна. Ажил тарахаас 30 минутын өмнө эрхлэгч миний бүлэгт орж ирээд чамаас сахилгын шийтгэл авсан, гарын үсгээ зурна уу гэхээр би зурахгүй яагаад намайг байлцуулаагүй юм бэ гэхэд чи амаа татаад дуугүй бай, би мэднэ гэж байсан. Тэгээд уг тушаалыг ширээнд орхисон байсан. Би ерөөсөө хуралд оролцоогүй байсан. 1 дүгээр сахилгын шийтгэл авах ийм нөхцөл байдал болсон.

 

Дараа нь бас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/03 дугаартай тушаалаар бас дахин сахилгын шийтгэл авч байсан. Би эхний сахилын шийтгэлийг шүүхэд өгөхгүй хүлээж байсан. Миний ажлыг дүгнэх болов уу гэж эрхлэгчийн өгсөн үүрэг даалгавар бүх юмыг эмх цэгцтэй хийж байсан. Миний жилийн ажлыг огт дүгнэхгүй байсан. Эхний сахилгын шийтгэлийг яах юм болж гэж байсан чинь ажилчид таны урамшууллын мөнгийг чинь хасаж авч байгаа та шүүхэд хандахгүй яасан гэхээр нь би шүүхэд өгсөн. Үүний дараа эрхлэгч чи сахилгын шийтгэлийг шүүхэд өгсөн юм байна шүү дээ чи надаас долоож иднэ, дахин авахад яадаг юм бэ гэж буцаад гарч явсан. Тэр өдрөөс хойш 2 хоногийн дараа дахин байгууллагын хурал зарласан. Тухайн хурлыг яагаад зарласан юм бол гэж бодож байсан. Эхний сахилгын шийтгэл өгсний дараа Мэргэжлийн хяналтын газарт миний ажлыг шалгуулахаар хүсэлт гаргаж би бүх материалаа бэлдээд шалгалтад үзүүлж байсан. Шалгалтад ирсэн хүмүүст жилийн төлөвлөгөө, сургалтын төлөвлөгөө зэрэг бүх юмыг ингэж бэлдэж тавьдаг тэгсэн мөртлөө манай эрхлэгч гарын үсгээ зурахгүй байдаг ингээд гомдолтой байдаг гэж хэлсэн. Тэр үед Бшалгалт хийсэн хугацаандаа дүгнэлтдээ шударгаар бичсэн байна. Удирдах удирдуулах шат алдагдсан байна, эрхлэгч яагаад багийн хийсэн төлөвлөгөөнд гарын үсэг зурахгүй байгаа гэж тухайн үед хэлж байсан.

 

Мөн Мэргэжлийн хяналтын газраас өгсөн албан даалгаврын дагуу эрхлэгч мөн надад албан даалгавар өгсөн. Тэрний өмнө манай цэцэрлэгийн жилийн төлөвлөгөөг эрхлэгч шалгаад бүх бүлгүүдээр ороод бүх ажилчдын ажлын төлөвлөгөөг шалгасан. Намайг огт ажлыг чинь шалгана гэж дуудаагүй. Би гайхаад эрхлэгч орж ирэх байх гээд ширээн дээрээ бүх хавтас, ажлын төлөвлөгөөгөө бэлэн байлгаад хүлээсэн. Гэхдээ орж ирээгүй албан даалгавартаа заасан хугацаандаа буюу 23-24-ны өдрүүдэд шалгах байх гэж бодоод 23-24-ны өдөр эрхлэгчийн өрөөнд очсон. Миний ажлыг огт шалгаагүй. Одоо хүртэл миний ажлыг шалгахгүй байгаа. Надад авагдсан эхний сахилгын шийтгэлээс болж миний урамшууллын мөнгийг өгөөгүй. Урамшууллын мөнгийг өгөөгүй учраас би шүүхэд хандсан. Би 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр сахилгын шийтгэл авч байсныг тухайн өдөр мэдээгүй. Хуралтай гэж дуудахад гал тогооны өрөөнд сууж байсан багш нар Х.З багш ид дахин сахилгын шийтгэл авах гэж байгаа юм байна гэж ярьж байсан. Би тухайн үед гайхаад ямар сонин юм вэ, яах гэж надаас сахилгын шийтгэл авах юм бэ, миний ажлыг дүгнээгүй байхад гэж хэлээд хуралд орсон. Хуралд орсны дараа эхний хоёр хэлэлцэх асуудлын дараа гурав дахь асуудлаар надад сахилгын шийтгэл авах тухай асуудлыг оруулсан байна. Х.ЗМэргэжлийн хяналтын газраас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, миний албан даалгаврыг биелүүлээгүй гэдэг үндэслэлүүдийг хэлсэн. Мэргэжлийн хяналтын газраас надад ямар нэгэн албан даалгавар өгөөгүй зүгээр ажил дундаа тиймэрхүү байна гэснээс биш надад албан ёсны даалгавар өгөөгүй байсан. Харин эрхлэгч өөрөө албан даалгавар өгч байсан. Хэрэв би ажил үүргээ хийхгүй байж байгаад сахилгын шийтгэл авсан бол өөр хэрэг. Иймд үндэслэлгүй авагдсан Б аймгийн Ө сумын 13 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Сахилгын шийтгэл оногдуулах тухай, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/03 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалуудыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Б аймгийн Ө сумын 13 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн өдөр би өрөөндөө байсан. Эцэг эх ирээд коридорт бөөн асуудал болгож байсан. Тэгэхэд нягтлан бодогч ирээд та очоод хэлээд өгөөч, манай ангид хайрсан гамбираас болоод хүүхэд маань өвдсөн гэж байна. Х.З багш тэрийг ингэж, ингэж хэл гэж хэлүүлж байна, ямар учиртай юм вэ, та очоод учир байдлыг хэлээд өгөөч гэхэд би эцэг эхэд таны хэлдэг зөвөө та эхлээд нотлох баримттай юм хэл, манай цэцэрлэгийн гамбираас болоод хүүхэд өвдсөн гэсэн нотолгоо байна уу, тэрийгээ авчирч хэл гэхэд хажуунаас нь Т.З багш орилж хашхирсан. Дандаа орилж бархирдаг. Энэ нь ганц удаагийн тохиолдол биш. Тэгээд энэ хүн 2016 онд орж ирсэн нь үнэн. Тус байгууллагад ажиллаад 4 жил болж байна. Тухайн нөхцөл байдал үүсэхэд би эцэг эхийг нь тайвшруулаад явуулсан. Тухайн эцэг эх хоёр хүүхдээ аваад явсан. Х.З багш ийн Цагдаагийн газар очсон асуудлыг мэдээгүй. Өглөө ажилдаа 9-10 цаг гэж ирдэг. Хамгийн гол нь хүүхэд хамгааллын асуудал хүүхэд маань ямар нэгэн эрсдэл учирвал хэн хариуцах юм. Тэгэхээр нь би энэ хүнд шаардлага тавих зүй ёсны эрхтэй учир шаардлага тавьсан. Та яаг цагтаа ир гэхэд миний ээжийн асуудал, миний ээжийн бие өвдөөд байгаа чи юу яриад байна, би 80 сая төгрөгийг хөөцөлдөж байгаа шүүх цагдаагаар явж байна гэж хэлдэг. Би эхэндээ гэр бүлийнхэн асуудал байна даа гэж олон удаа хүлээцтэй хандаж энэ үе хүртэл ирсэн. Тухайн өдөр Х.З багш ийг дууд, би энэ хүнээс ямар нэгэн арга хэмжээ авна, авахгүй бол энэ хүн ёстой бүүр даварсан ганц би биш бүх хүмүүстэй бүдүүлэг харилцдаг гэж хэлсэн. Тухайн үед хяналт шалгалтаар ирсэн Б болон Г хоёр ч мэдэж байгаа. Миний өрөөнөөс гарчхаад шууд багш нарт очиж та нар ингэж хэл тэгж хэл гэж үг заадаг. Хүүхдийн байгууллагад ийм асуудал хэрэггүй гэдгийг ойлгуулах гэж зөндөө энэ хүнтэй ярьж байсан.

 

Би Х.З багш ийг өрөөндөө дуудаж сахилгын шийтгэл авсан тухай хурлын тэмдэглэлээ танилцуулах гэхэд ирээгүй ангидаа байсан. Би тушаалаа арга зүйчид өгөөд явуулж гарын үсэг зуруул гэж хэлсэн. Энэ хүн авахгүй гэж эсэргүүцсэн байна. Үүний дараа манай цэцэрлэгийн фейсбуук хуудсанд байдаг групп чатад миний тушаалыг тавиад Блалаа би шүүхэд өгнө гэж хариу тайлбартай зураг оруулсан байсан. Үүний дараа энэ хүнтэй харьцаагүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Знь Б аймгийн Ө сумын 13 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/30 дугаартай Сахилгын шийтгэл оногдуулах тухай, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/03 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалуудыг хүчингүй болгож өгөхийг хүсжээ.

 

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгчийн Б аймгийн Ө сумын 13 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/30 дугаартай Сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар:

 

Б аймгийн Ө сумын 13 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/30 дугаартай Сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, Байгууллагын дотоод журмын 11 дүгээр хэсгийн 11.2.4, 11.2.9, 11.2.10, 14 дүгээр хэсгийн 14.11, 15.1.9 дэх заалт Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалтуудыг үндэслэн тус цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн багш Т.Зд сануулах арга хэмжээ ногдуулсан байна.

 

Хэрэгт авагдсан Ө сумын 13-р цэцэрлэгийн хөдөлмөрийн дотоод журмаас үзэхэд ажил олгогчийн сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлүүд нь тус журмын 11.2.4-т ажилтан бүр хүүхдийн байгууллагын нэр төрийг эрхэмлэн ёс зүйн зөрчил дутагдалгүй ажиллах, 11.2.9-т багш ажилтан бүр үйлчилгээний соёлыг баримтлан эцэг эх хүүхдүүдтэй зөв боловсон эелдэг харьцах, хандах тэдний дэргэд ёс зүйн зөрчил гаргахгүй ажиллах, 11.2.10-т Багш ажиллагсад өөр хоорондоо этгээд бүдүүлэг үг хэрэглэхгүй зүй бусаар харьцахгүй, бие биедээ зарчимч шаардлага тавин хүлээн авч биелүүлж ажиллах, 14.11-т Хүүхдийн дэргэд ёс зүйн үүргээ умартан ноцтой хэрүүл маргаан дэгдээсэн, бусдын нэр хүндийг үндэслэлгүйгээр гутаан доромжилсон, хов зөөх, худал хэлэх, хууран мэхлэх, хэрэлдэх, цуурхал тараах, удирдлагын эсрэг гүтгэлэг явуулах, 15.1.9-т Хүүхдийн дэргэд ёс зүй болон харилцааны алдаа гаргаж үлгэрлэлгүй байдал гаргасан зэргийг баримталжээ.

 

Сахилгын зөрчил нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байх бөгөөд хариуцагч нь Т.Згийн сахилгын зөрчил гаргасан эсэхийг нотолж чадаагүй байна.

 

Хариуцагч талаас нотлох баримтаар 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хурлын протоколыг гаргаж өгсөн ба тухайн хурлаар хэлэлцэгдсэн байдлуудаас үзэхэд хуралд оролцсон хүмүүсээс Т.Згийн талаар хэлсэн байдлууд нь ажил олгогчийн сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд үндэслэл болгосон дотоод журамд заасан зөрчлийн талаар яригдсан эсэх нь тодорхойгүй, тухайн хурлаар Т.Згийн хэзээ, хаана, ямар байдлаар гаргасан зөрчлийг хэлэлцсэн нь тодорхой бус байгаа тул уг хурлын протоколыг үндэслэн ажилтны сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзэх боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч Т.Згаас Ө сумын хүүхдийн цэцэрлэгтэй холбоотой зарим зүйлийг шалгуулахаар зохих байгууллагад өргөдөл, гомдол гаргасныг сахилгын зөрчил гэж үзэх боломжгүй болно.

 

Иймд нэхэмжлэгчийн Т.Згийн Б аймгийн Ө сумын 13 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/30 дугаартай Сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн Б аймгийн Ө сумын 13 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/03 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар:

 

Б аймгийн Ө сумын 13 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/03 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар тус цэцэрлэгийн багш Т.Знь хариуцсан ажилдаа удаа дараа хайнга хандаж, ажлын байр албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журмаар хүлээсэн үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, өгсөн даалгаврын биелэлтийг хугацаанд биелүүлж өгөөгүй, өгөхөөс зайлсхийж олон шалтаг тооцож эрс эсэргүүцдэг учраас сануулах шийтгэл ногдуулсан байна.

 

Хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримтуудаас үзэхэд Б аймгийн Ө сумын 13 дугаар цэцэрлэгийн эрхлэгч нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 24 дугаартай Албан даалгавар өгөх тухай албан бичгээр багш Т.Зд Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 01/588 дугаартай албан тоотын дагуу илэрсэн зөрчлүүдийг арилгаж, үүрэг даалгаврын биелэлтийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны дотор биелүүлэхийг мэдэгдсэн байх ба уг албан даалгаврыг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хурлын үед тайлбарлан өгч биелэлтийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өгөхийг шаардсан байна.

 

Нэхэмжлэгч Т.Знь удирдлагаас өгсөн дээрх даалгаврыг хугацаанд гүйцэтгэж эрхлэгчид шалгуулахыг хүссэн боловч эрхлэгчээс биелэлтийг шалгахаас татгалзсан гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү тайлбар нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Мөн нэхэмжлэгч Т.Знь Боловсролын хяналтын улсын ахлах байцаагч нь 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Б аймгийн Ө сумын 13-р цэцэрлэгийн нэр бүхий хүний өргөдлийн дагуу төлөвлөгөөт бус шалгалт хийсэн тэмдэглэл, Б аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2019 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 01/588 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг, Ө сумын 13 дугаар цэцэрлэгийн эрхлэгч нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 24 дугаартай Албан даалгавар өгөх тухай албан бичиг зэрэгт дурдсан зөрчлүүдийг арилгаж, хийгдсэн ажлын талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй тул удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг заасан хугацаанд биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна гэж заасан.

 

Ажил олгогч болон ажилтан Т.Знарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний гуравдугаар зүйлд ажилтны эрх үүргийг тодорхойлсон бөгөөд уг гэрээний 3.2.11-т ажилтан нь ажил үүрэгтэй нь холбогдуулан удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд биелүүлэх, тайлагнах үүрэгтэй гэж харилцан тохиролцсон, мөн Хөдөлмөрийн дотоод журмын арван нэгдүгээр зүйлд ажилтны эрх, ажиллах журмыг зохицуулсан бөгөөд уг журмын 11.2.2-т Ажил үйлчилгээний технологийн горимыг чанд сахин биелүүлж, ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх гэж зохицуулжээ. Дээрх байдлуудаас үзэхэд ажилтан Т.Знь Хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд ажил олгогч болох Ө сумын 13 дугаар цэцэрлэгийн эрхлэгч нь ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж хуульд заасан хариуцлага хүлээлгэснийг буруутгах боломжгүй байх тул нэхэмжлэгчийн Б аймгийн Ө сумын 13 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/03 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг баримтлан Б аймгийн Ө сумын 13 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/30 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Т.Згийн Б аймгийн Ө сумын 13 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/03 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Б аймгийн Ө сумын 13 дугаар цэцэрлэгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК