Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2020/02574

 

 

 

 

 

 

 

 

2020 07 20

101/ШШ2020/02574

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, 0 тоотод оршин суух Цорос бундь овогт Ж.С /РД:/-ын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Улаанбаатар хот, 0дугаар байранд байрлах БЗД АХнд холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.С, хариуцагчийн төлөөлөгч Ж.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2020 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны ахмадын зөвлөлийн даргаар ажилласан. Ажиллаж байхадаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй. Гэтэл БЗД АХны даргын 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн тушаалаар хугацаанаас өмнө хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ахмадын хорооны дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.2-т Гэрээний хугацаа дуусгавар болсон, өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан, Монгол улсын хуульд заасан тохиолдолд ажлаас чөлөөлнө гэх үндэслэлээр гэрээг цуцална гэж заасан. Надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй, байхад үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Ж.Г дарга надад ...сонгуулийн дараа таныг эгүүлэн томилно, тиймээс бичгээр өргөдлөө гаргаж өг, намын эргүүл гэж гаргана, тэр нь цалинтай тул танд мөнгө өгнө гэх шаардлагыг тавьсан. Би спортын олон зэрэгтэй, эрүүл чийрэг, ухаан саруул хүн. Тиймээс өөрийгөө ажлаас чөлөөлүүлэх ямар ч өргөдөл гаргах үндэслэлгүй тул гаргаж өгөөгүй. Би Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны 880 гаруй хүнээс сонгогдсон ахмадын зөвлөлийн дарга юм. Тиймээс тэдгээр ахмадуудаас сонгогдсон намайг ардчилсан намын 15 хүнээс бүрдэж хийсэн хуралдаанаар халах үндэслэл байхгүй. Намайг ажлаас чөлөөлөх тухай хурал болох гэж байгааг надад мэдэгдээгүй. Хурал зарлах эрхтэй этгээд нь Ж.Г, мөн ахмадын зөвлөлийн дарга болох миний бие тус тус байдаг. Гэтэл ардчилсан нам хурал зарлаад миний талаар намайг байхгүйд, мэдэгдэлгүйгээр хурал хийх эрхгүй. Ахмад настны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т Үл ялгаварлах гэж заасан байдаг. Уг хуулийн үйлчлэлд насны доод хязгаарыг заасан болохоос дээд хязгаарыг заагаагүй байдаг. Ахмадын тухай хуульд хороодын ахмадын зөвлөлийн ажлыг ялсан намын гишүүн хийнэ гэсэн заалт байхгүй. Мөн Ж.Г даргын удирдлага болгож буй Ахмадын хорооны дүрмийн 8 дугаар зүйлийн 8.3-т Ахмадын хороог хуралдуулах тухай удирдах зөвлөлийн тогтоол гарснаар хурлыг зарлан хуралдуулна гэж заасан. Гэтэл 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хурлыг 20 хоногийн өмнө зарлаад, надад албан бичгээр мэдэгдэх ёстой байсан. Мөн ахмадын зөвлөлөөс сонгогдсон хүнийг заавал дуудах ёстой гэж дүрэмд заасан. Ахмадын хорооны дүрмийн 8 дугаар зүйлийн 8.14-т Тухайн хороонд ахмадын зөвлөлийн даргыг сонгох хурлыг бүх ахмад настны төлөөллөөс бүрдүүлэн, хурлыг ахмадын хорооны даргатай зөвшилцөж, ахмадын хорооноос томилогдсон ажилтны оролцуулан хийнэ гэж заасан. Ахмадын хорооны төлөөллийг оролцуулах, хэзээ, хаана хурлаа хийх гэж байгаагаа надад хэлээгүй, мэдэгдээгүй. Ахмадын хорооны дүрмийн 8 дугаар зүйлийн 8.15-д Ахмадын зөвлөлийн дарга эрүүл мэндийн болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө бичгээр гаргасан бол чөлөөлнө гэж заасан. Миний бие өргөдлийг гаргаагүй, харин өргөдөл гарга гэх шахалтыг нь эсэргүүцсэн. Тус дүрмийн 8 дугаар зүйлийн 8.16-д Сонгууль болохоос 1,5 жилийн өмнө ахмадын зөвлөлийн дарга солигдох бол нөхөн сонгууль явуулахгүй гэж заасан. Гэтэл сонгууль дөхсөн байхад сольсон. Дүрмийн 8 дугаар зүйлийн 8.18-д Ахмадын даргыг өөрийг нь оролцуулахгүйгээр сонгуульт ажлаас нь чөлөөлж, огцруулахыг хориглоно гэх заалт бий. Гэтэл намайг байхгүйд хурлаа хийж, таныг халсан тул бичгээ хийгээд өгчих гэж аргадаж, албадаж үзсэн. Би ажиллаж байх хугацаанд ямар нэгэн ноцтой зөрчил, алдаа дутагдал гаргаагүй. Намайг ажлын ур чадваргүй гэж байгаа нь үндэслэлгүй. Миний цалин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420,000 төгрөг ба шимтгэл тооцоод гар дээр 360,000 төгрөг авдаг байсан. Иймд намайг Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны ахмадын зөвлөлийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болох эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Ж.С нь 2014 оны 3 сараас эхлэн хорооны ахмадын зөвлөлийн даргаар ажиллаж байгаад хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй учир 2020 оны 05 дугаар сарын 17-наар тасалбар болгон ахмадын зөвлөлийн даргын сонгуульт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцласан болно.

Иргэн Ж.Сыг ажлаас чөлөөлөх болсон үндсэн шалтгаан нь хорооны ахмадуудын төлөөлөл болж ахмадуудынхаа төлөө хангалттай ажиллаж чадахгүй байна гэж үзэн олонхийн саналаар огцруулж мөн хорооны иргэн Т.Гийг хорооны ахмадын зөвлөлийн даргаар сонгосон тухай хурлын тэмдэглэл, хорооны Засаг даргын албан бичгийг үндэслэн дүүргийн ахмадын хорооны даргаас гаргасан тушаалыг үндэслэсэн. Ахмадын хорооны хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.5-д Ахмадын зөвлөлийн дарга нь хороон дээрээ ажиллаагүйгээс иргэд удаа дараа гомдол гаргасан сонгуульт үүргээ биелүүлээгүй бол хугацаанаас нь өмнө чөлөөлнө. гэсэн заалтыг нэхэмжлэгч биелүүлээгүй байсан. Хөдөлмөрийн гэрээ дуусаагүй байхад халлаа гэж байгаа ч гэрээний хугацаанд ахмадын зөвлөлийн дарга ажлаа хийдүүлж болно гэсэн утга хөдөлмөрийн гэрээнд агуулаагүйг тэтгэвэрээ тогтоолгоод ажиллаж буй ахмад ажилтан маань сайн мэдэж байгаа. Нэхэмжлэгч Ардчилсан намын удирдлага надад дарамт шахалт үзүүлсэн гэж байна. Энэ асуудал дүүргийн Ахмадын хороонд огт хамааралгүй болно. Дүүргийн АН-ын даргын улс төрийн шахалт, албан тушаалын нөлөөлөл байгаагүй болно. Ж.Стой Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2020 оны 1 сарын 1-нээс 2020 ны 04 сарын 30-ны өдрийг хүртэлх цалинг бүрэн олгосон. Харин ажиллаагүй ч 5 сарын эхний 15 хоногийн цалинг тэтгэмж болгон олгосон. Тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин хөлс авдаг байсан. Улс төрөөр халхавч хийж, өөрийн алдаа дутагдалаа булзааруулахыг хүлээн зөвшөөрөхгүй. Тус дүүргийн 2 дугаар хорооны ахмадууд Ж.Сыг ...ажлын цагаар байдаггүй, урлаг спортын тэмцээн уралдааны талаархи мэдээлэл хүргэдэггүй, ажлаа хийдүүлдэг мөртлөө цалингаа бүтэн авдаг гэж хорооны Засаг даргадаа болон надад амаар гомдол мэдүүлж байсан. Тус хороо дээр ахмадын зөвлөлийн сонгууль явагдана гэдгийг түүнд оролцох ёстой гэдгийг ахмадын хорооны дарга миний бие болон ажилтан Ж.С нар нэг бус удаа хэлж анхааруулж байсан. Хурал болно гэдгийг өөрт нь хурал зохион байгуулах ажилтан хэлсэн байсан. Тус хорооны 800 гаруй ахмад нэг дор цуглах боломжгүй бөгөөд ахмадуудын төлөөлөл хуралдсаныг ирцийн хувьд боломжтой гэж гэж үзэж байна. Ирцийн хувийг хангалттай гэж үзэх бас нэгэн хүндэтгэх шалтгаан нь Монгол Улсын Онцгой комиссоос тогтоосон хорио цээрийн дэглэм юм.

Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байхад буцаан ажиллуулах нь хорооны ахмадуудын тавьсан шаардлага, хүсэлтийг биелүүлээгүй, хөдөлмөрийн гэрээнд заасан заалтаа үл тоосон асуудал болно. 2 дугаар хорооны ахмадын төлөөлөл өөрсдийнхөө төлөө ажиллах хүнийг сонгож хорооны Засаг дарга баталгаажуулахыг хүссэний дагуу шинээр сонгогдсон Т.Гт цалин олгож нийгэмийн даатгал төлж байгаа учир нэг хороонд 2 ажилтан цалинжуулах төсөв мөнгөний бололцоо байхгүй. Иймд Ж.Сын шаардаж буй цалин болон нийгмийн даатгалын шимтгэл төлөхийг дүүргийн ахмадын хороо хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй болно. Байгууллагуудын албан ажлын бичиг хэргийн орчин үндсээрээ өөрчлөгдөж цахимжиж байхад энэ хүний чадвар хүрэхгүй болсон нь ахмадын хороонд ирүүлэх судалгаа, тайлан хугацаа хоцруулж ирүүлэх эсвэл огт өгөхгүй байх дахин дахин шаардуулж байж гараар бичсэн мэдээ ирүүлдэг нь нотлох үндэслэл болно. Ажилд эгүүлэн авахад хорооны ахмадуудыг хоёр хувааж талцуулан муудалцуулах сөрөг үр дагавартай ба ажилд тус болохгүй. Хорооны ахмадууд гэр бүлээрээ ахмадын зөвлөлийг эзэмшдэг гэж яриа гаргасан нь Ж.С нь хорооны ахмадын зөвлөлийн дарга, эхнэр Н.Ц нь 2-р хорооныхоо АН-ын ахмадын даргаар тус тус 2014 оноос эхлэн ажилласан нь үнэн бөгөөд цөөхөн танилынхаа хүрээнд ажлаа явуулдаг гэж үзсэн нь энэ хүнийг чөлөөлж, шинэ хүн сонгох шалтгаан болсон. Ахмадуудын хуралд эхнэр Н.Ц нь оролцож ахмадын зөвлөлийн даргад нэр дэвшүүлсэн ч сонгогдож чадаагүй байна. Ахмадын хорооны дүрмийн 8.14-т ....Бүрэн эрхийн хугацаа дууссан ч ахмадын зөвлөлийн дарга дахин нэг удаа нэрээ дэвшүүлж болно гэсэн заалтай. Ж.С нь нэг удаа улиран сонгогдсон тул дахин нэрээ дэвшүүлэх эрхгүй бөгөөд ийм ч учраас зориуд хуралд оролцоогүй гэж үзэж байна. Төрийн албаны тухай хууль, Ахмадын хорооны дүрэм, Засгийн газрын тогтоол, Төрийн албаны шийдвэр, Хөдөлмөрийн тухай хуулинд ажиллах насны хязгаар заасан бөгөөд тэтгэвэрээ тогтоолгосон Ж.Сыг 70 нас гартал нь төрийн бус байгууллага дэмжиж ажиллуулсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв. 

 

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч Ж.С нь хариуцагч БЗД АХнд  холбогдуулан 2 дугаар хорооны ахмадын зөвлөлийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх  тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдлыг шүүхээр хянан шийдвэрлэнэ гэж заасан. БЗД АХны дүрийн 1.1-т нийгэмдээ үйлчилдэг төрийн бус байгууллага болохыг тодорхойлсон байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагыг иргэний шүүх харьяалан шийдвэрлэх маргаан байна.

 

Хариуцагч БЗД АХ нь нэхэмжлэгч Ж.Стой 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, түүнийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаагаар ахмадын зөвлөлийн даргаар томилсон байна.

 

БЗД АХны даргын 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар Ахмадын хорооны дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.2, 2 дугаар хорооны Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 45 тоот албан бичиг, хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн Ж.Сыг 2 дугаар хорооны ахмадын зөвлөлийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргасан ба тэрээр нэхэмжлэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд гаргасан.

 

Ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл болох Ахмадын хорооны дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.2-т ахмадын хорооны дарга нь ажлын албатай байх бөгөөд орон тоо, ажилтнуудын цалинг ахмадын хорооны даргын тушаалаар тогтооно. Иргэний мэргэжил, мэргэшил ажлын туршлагыг харгалзан ажилд авах ба хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусмагц эсвэл өөрийн хүсэлтийн дагуу болон хуульд заасан бусад үндэслэлээр ажлаас чөлөөлнө гэж заажээ.

 

Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 45 дугаар албан бичигт ...Хурлаар ахмадын зөвлөлийн даргыг сонгох асуудал хэлэлцэж иргэн Н.Ц болон Т.Г нар нэрээ дэвшүүлснээс хуралд оролцсон төлөөлөгчдийн олонхын санал авч Тангадын Ганхуяг сонгогдлоо. Иймд Т.Гийг хорооны ахмадын зөвлөлийн даргаар сонгогдсоныг уламжилж байна гэжээ.

 

Мөн Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны ахмадын зөвлөлийн хурлын 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хурлын тэмдэглэлд ...нийт 16 ахмад санал өгч оролцсоноос Т.Г нийт 9 хүний санал авч олонхийн саналаар 2 дугаар хорооны ахмадын зөвлөлийн даргаар сонгож баталгаажуулав гэж тэмдэглэгдсэн байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...Ж.С нь хөдөлмөр эрхлэх насны дээд хязгаарт хүрсэн. Тэрээр ажилдаа ирдэггүй зөрчлийг байнга гаргадаг. Тухайн ажлыг хийх ур чадваргүй тул хурлын тэмдэглэл болон ахмадын хорооны дүрэм, Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж, маргасан нь үндэслэлгүй байна.

 

Учир нь БЗД АХны дүрмийн 1.1-т БЗД АХ нь нутаг дэвсгэртээ оршин суугаа ахмад настны нийтлэг эрх ашгийг хамгаалж, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмждэг, нийгэмдээ үйлчилдэг төрийн бус байгууллага мөн гэж, 8.2-т Тухайн хорооны нутаг дэвсгэрт байнга оршин суудаг 55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэй сонгогчийг хорооны ахмадын зөвлөлийн даргаар 4 жилийн хугацаатай ажиллуулна гэж тус тус заасан байна.

 

Мөн Ахмад настны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3Ахмад настан нь хүсэл, сонирхол, эрүүл мэнд, мэдлэг, чадвартаа тохирсон хөдөлмөр эрхлэх, орлого олох эрхтэй гэж заажээ.

 

Иймд Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны ахмадын зөвлөлийн даргаар ажиллах иргэн нь эрэгтэй бол 60-аас дээш настай байх шаардлагатай байх ба Ж.С нь 70 настай болох нь түүний иргэний үнэмлэхний хуулбараар тогтоогдсон тул тэрээр БЗД АХны дүрмийн 8.2-т заасан шаардлагыг хангасан байна. Иймд хариуцагчаас гаргасан хөдөлмөр эрхлэх насны дээд хязгаарт хүрсэн тул нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн гэх татгалзал үндэслэлгүйн дээр ажлаас чөлөөлсөн тушаалд уг үндэслэлээ заагаагүй байна.

 

Түүнчлэн хариуцагчаас ажилтан Ж.Сыг ажилдаа ирдэггүй, байнга тасалдаг ноцтой зөрчлийг удаа дараа гаргасан гэх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар баримтаар нотлоогүй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно, 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасан. Ажилтан нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ямар ноцтой зөрчил гаргасан болох нь тодорхойгүй байна.

 

Мөн хариуцагчаас ажилтан Ж.Сыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэж үзэж түүнийг ажлаас чөлөөлсөн гэх боловч уг тайлбартай холбоотойгоор нотлох баримт хэрэгт авагдаагүй.

 

Тодруулбал, Ажилтныг ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон болохыг тогтоосон салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлтгүй байна. Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны ахмадын зөвлөлийн хурлын 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хурлын тэмдэглэл болон тогтоол нь ажилтныг ажилдаа тэнцэхгүй болохыг тогтоосон баримт биш байна.

 

Түүнчлэн ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлд хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг баримтлаагүй байгааг дурдах нь зүйтэй.

 

Хариуцагч нь 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны ахмадын зөвлөлийн гишүүдийг оролцуулан хурал явуулж, уг хурлаас Ж.Сыг чөлөөлөх санал гаргаж, Т.Гийг 2 дугаар хорооны ахмадын зөвлөлийн даргаар сонгосон гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

Учир нь 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ахмадын зөвлөлийн хурал хуралдуулах гэж буй талаар нэхэмжлэгч Ж.Сод мэдэгдсэн гэх боловч үүнтэй холбоотой баримтгүй, нэхэмжлэгч уг хурлын товыг мэдээгүй гэж маргасан. Энэ тохиолдолд нотлох үүргийн хуваарилалтын дагуу хурлын тов мэдэгдсэн болохоо хариуцагч нотлох үүрэгтэй болно.

 

Хариуцагч нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны ахмадын зөвлөлийн даргаар Т.Гийг томилж ажиллуулж байгаа, Ж.Сыг буцаан томилвол ахмадуудын дунд маргаан үүснэ, Т.Гийг цаашид ямар ажил, албан тушаалд ажиллуулах нь тодорхойгүй болж, зөрүү цалин гаргаж өгөх санхүүгийн эх үүсвэргүй гэж тайлбарлаж байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаан биш төдийгүй хариуцагчийн хууль бус үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлсөн үйлдлийг зөвтгөх үндэслэлд хамаарахгүй юм.

 

Иймд ажил олгогч нь ажилтныг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн байх тул Ж.Сыг Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны ахмадын зөвлөлийн даргын ажилд эгүүлэн тогтоох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцнэ.

 

Зохигчид шүүх хуралдаанд хэн аль нь ажилтныг сард хөдөлмөрийн хөлсний тоод хэмжээгээр цалин авдаг болон түүнийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацааны цалин хөлсийг авсан үйл баримтад маргаагүй.

 

 Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн үндэсний хорооны тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нэг цагт 2500 төгрөг буюу сард 420,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон нь нийтэд илэрхий баримт байна.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч БЗД АХноос ажилтан Ж.Сод ажилгүй байсан хугацааны олговорт 2020 оны 5 дугаар сарын цалин 210,000, 2020 оны 06 дугаар сарын цалин 420,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын цалин 420,000 төгрөг, нийт 1,050,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Сод олгох нь зүйтэй байна.

 

Ажилтан Ж.Сод олговол зохих цалин олговор болох 1,050,000 төгрөгөөс зохих шимтгэл тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч БЗД АХнд үүрэг болгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасантай нийцнэ.

 

Зохигчид шүүх хуралдаанд тус бүр гэрч оролцуулах хүсэлт гаргасан ба уг хүсэлтээсээ хэн аль нь татгалзсан тул тэдгээрийг хүсэлт гаргаагүйд тооцож, хэргийг хэлэлцүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Ж.Сыг Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны ахмадын зөвлөлийн даргын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч БЗД АХноос 1,050,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Сод олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Сын дээрх олговроос шимтгэл тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч БЗД АХнд үүрэг болгосугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.Сын гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагч БЗД АХноос 99,950 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ