Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 1806

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Сохын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2020/02574 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ж.Сохын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: БНын хороонд холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ж.Сох,

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Гэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны ахмадын зөвлөлийн даргаар ажилласан. Ажиллаж байхдаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй.

БНын хорооны даргын 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн тушаалаар хугацаанаас өмнө хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ахмадын хорооны дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.2-т гэрээний хугацаа дуусгавар болсон, өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан, Монгол улсын хуульд заасан тохиолдолд ажлаас чөлөөлнө гэх үндэслэлээр гэрээг цуцална гэж заасан.

Надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй, байхад үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Ж.Гэн дарга надад сонгуулийн дараа таныг эгүүлэн томилно, тиймээс бичгээр өргөдлөө гаргаж өг, намын эргүүл гэж гаргана, тэр нь цалинтай тул танд мөнгө өгнө гэх шаардлагыг тавьсан.

Би Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны 880 гаруй хүнээс сонгогдсноор ахмадын зөвлөлийн дарга болсон. Тиймээс тэдгээр ахмадуудаас сонгогдсон намайг ардчилсан намын 15 хүнээс бүрдэж хийсэн хуралдаанаар халах үндэслэл байхгүй. Намайг ажлаас чөлөөлөх тухай хурал болох гэж байгааг надад мэдэгдээгүй.

Хурал зарлах эрхтэй этгээд нь Ж.Гэн, мөн ахмадын зөвлөлийн дарга болох миний бие тус тус байдаг. Гэтэл ардчилсан нам хурал зарлаад миний талаар намайг байхгүйд, мэдэгдэлгүйгээр хурал хийх эрхгүй. Ахмадын хорооны дүрмийн 8 дугаар зүйлийн 8.3-т Ахмадын хороог хуралдуулах тухай удирдах зөвлөлийн тогтоол гарснаар хурлыг зарлан хуралдуулна гэж заасан. Гэтэл 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хурлыг 20 хоногийн өмнө зарлаад, надад албан бичгээр мэдэгдэх ёстой байсан. Мөн ахмадын зөвлөлөөс сонгогдсон хүнийг заавал дуудах ёстой гэж дүрэмд заасан. Ахмадын хорооны дүрмийн 8 дугаар зүйлийн 8.14-т Тухайн хороонд ахмадын зөвлөлийн даргыг сонгох хурлыг бүх ахмад настны төлөөллөөс бүрдүүлэн, хурлыг ахмадын хорооны даргатай зөвшилцөж, ахмадын хорооноос томилогдсон ажилтны оролцуулан хийнэ гэж заасан.

Тус дүрмийн 8 дугаар зүйлийн 8.16-д Сонгууль болохоос 1,5 жилийн өмнө ахмадын зөвлөлийн дарга солигдох бол нөхөн сонгууль явуулахгүй гэж заасан. Гэтэл сонгууль дөхсөн байхад сольсон. Би ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн ноцтой зөрчил, алдаа дутагдал гаргаагүй. Намайг ажлын ур чадваргүй гэж байгаа нь үндэслэлгүй.

Миний цалин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420 000 төгрөг ба шимтгэл тооцоод гар дээр 360 000 төгрөг авдаг байсан. Иймд намайг Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны ахмадын зөвлөлийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болох эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Сох нь 2014 оны 03 сараас эхлэн хорооны ахмадын зөвлөлийн даргаар ажиллаж байгаад хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй учир 2020 оны 05 дугаар сарын 17-наар тасалбар болгон ахмадын зөвлөлийн даргын сонгуульт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцласан болно.

Ж.Сохыг ажлаас чөлөөлөх болсон үндсэн шалтгаан нь хорооны ахмадуудын төлөөлөл болж ахмадуудынхаа төлөө хангалттай ажиллаж чадахгүй байна гэж үзэн олонхийн саналаар огцруулж, мөн хорооны иргэн Т.Ггийг хорооны ахмадын зөвлөлийн даргаар сонгосон тухай хурлын тэмдэглэл, хорооны Засаг даргын албан бичгийг үндэслэн дүүргийн ахмадын хорооны даргаас гаргасан тушаалыг үндэслэсэн.

Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.5-д Ахмадын зөвлөлийн дарга нь хороон дээрээ ажиллаагүйгээс иргэд удаа дараа гомдол гаргасан сонгуульт үүргээ биелүүлээгүй бол хугацаанаас нь өмнө чөлөөлнө гэсэн заалтыг нэхэмжлэгч биелүүлээгүй.

Хөдөлмөрийн гэрээ дуусаагүй байхад халлаа гэж байгаа ч гэрээний хугацаанд ахмадын зөвлөлийн дарга ажлаа хийдүүлж болно гэсэн утга хөдөлмөрийн гэрээнд агуулаагүйг тэтгэвэрээ тогтоолгоод ажиллаж буй ахмад ажилтан маань сайн мэдэж байгаа. Нэхэмжлэгч Ардчилсан намын удирдлага надад дарамт шахалт үзүүлсэн гэж байна. Энэ асуудал дүүргийн Ахмадын хороонд огт хамааралгүй болно.

Ж.Сохтой Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 ны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх цалинг бүрэн олгосон. Харин ажиллаагүй ч 05 сарын эхний 15 хоногийн цалинг тэтгэмж болгон олгосон. Тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин хөлс авдаг байсан.

Улс төрөөр халхавч хийж, өөрийн алдаа дутагдлаа булзааруулахыг хүлээн зөвшөөрөхгүй. Тус дүүргийн 2 дугаар хорооны ахмадууд Ж.Сохыг ...ажлын цагаар байдаггүй, урлаг спортын тэмцээн уралдааны талаарх мэдээлэл хүргэдэггүй, ажлаа хийдүүлдэг мөртлөө цалингаа бүтэн авдаг гэж хорооны Засаг даргадаа болон надад амаар гомдол мэдүүлж байсан. Тус хороо дээр ахмадын зөвлөлийн сонгууль явагдана гэдгийг түүнд оролцох ёстой гэдгийг ахмадын хорооны дарга болон ажилтан Ж.Сугар нар нэг бус удаа хэлж анхааруулж байсан.

Хурал болно гэдгийг өөрт нь хурал зохион байгуулах ажилтан хэлсэн байсан. Тус хорооны 800 гаруй ахмад нэг дор цуглах боломжгүй бөгөөд ахмадуудын төлөөлөл хуралдсаныг ирцийн хувьд боломжтой гэж гэж үзэж байна. Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байхад буцаан ажиллуулах нь хорооны ахмадуудын тавьсан шаардлага, хүсэлтийг биелүүлээгүй, хөдөлмөрийн гэрээнд заасан заалтаа үл тоосон асуудал болно. 2 дугаар хорооны ахмадын төлөөлөл өөрсдийнхөө төлөө ажиллах хүнийг сонгож хорооны Засаг дарга баталгаажуулахыг хүссэний дагуу шинээр сонгогдсон Т.Ггт цалин олгож нийгмийн даатгал төлж байгаа учир нэг хороонд 2 ажилтан цалинжуулах төсөв мөнгөний бололцоо байхгүй.

Иймд Ж.Сохын шаардаж буй цалин болон нийгмийн даатгалын шимтгэл төлөхийг дүүргийн ахмадын хороо хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй болно. Ахмадуудын хуралд эхнэр Н.Цэрэннадмид нь оролцож ахмадын зөвлөлийн даргад нэр дэвшүүлсэн ч сонгогдож чадаагүй.

Ахмадын хорооны дүрмийн 8.14-т ....Бүрэн эрхийн хугацаа дууссан ч ахмадын зөвлөлийн дарга дахин нэг удаа нэрээ дэвшүүлж болно гэсэн заалтай. Ж.Сох нь нэг удаа улиран сонгогдсон тул дахин нэрээ дэвшүүлэх эрхгүй бөгөөд ийм ч учраас зориуд хуралд оролцоогүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Ж.Сохыг Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны ахмадын зөвлөлийн даргын ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч БНын хорооноос 1 050 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Соход олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Сохын дээрх олговроос шимтгэл тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч БНын хороонд үүрэг болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: БНын хороо нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг үндэслэн БНын хороо, хорооны ахмадын хорооны дарга нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах хууль зүйн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хууль биш байна. Гэрээний нэг тал буюу ажилтнууд нь бүгд ахмад настай, өндөр насны тэтгэвэрт гарсан иргэд байдаг түүнчлэн өндөр настай тул эрүүл мэндийн болон бусад байдлаар ажил, албан тушаал хашихад бүгд тэнцэхгүй зэрэг илүү онцлог, хуулиар тодорхой зохицуулагдаагүй харилцаа юм.

Монголын ахмадын холбоо, БНын холбоо нь нийтэд үйлчилдэг, төрийн бус байгууллага буюу иргэд сайн дураараа эвлэлдэн нэгдэж, өөрсдийн олонхийн саналаар дарга сонгодог буюу үүнийгээ дүрмээрээ зохицуулж дотоод сонгууль хийдэг онцлогтой байгууллага тул Ж.Сохыг ахмадын зөвлөлийн даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай Б/11 дугаар тушаал нь хууль ёсны шийдвэр юм.

БНын хорооны дүрмийн 8.1, 8.2, 8.3, 8.4-д тус тус заасны дагуу тухайн хорооны ахмадын хороо хуралдаж Ахмадын зөвлөлийн даргыг сонгодог бөгөөд дүүргийн Ахмадын хорооны дарга холбогдох баримт бичгийг шалгаад зөвхөн батламжилдаг. Иймд тус хэргийн хариуцагч нь БНын хороо биш харин хорооны ахмадын хурал, түүний тэргүүлэгчид юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Ж.Сох нь хариуцагч БНын хороонд  холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх  тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

БНын хороо нь Ж.Сохтой 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, түүнийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаагаар ахмадын зөвлөлийн даргаар томилсон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн байна.

 

БНын хорооны даргын 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар Ахмадын хорооны дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.2, 2 дугаар хорооны Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 45 тоот албан бичиг, хурлын тэмдэглэлийг тус тус баримтлан Ж.Сохыг хорооны ахмад настны төлөөллийн хурлаас олонхийн санал авч чадаагүй гэх үндэслэлээр 2 дугаар хорооны ахмадын зөвлөлийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

 

Нэхэмжлэгч Ж.Сох нь хариуцагч байгууллагын даргын 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б/11 тоот тушаалыг эс зөвшөөрч гомдлыг шүүхэд 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааны дотор байна гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Хөдөлмөрийн гэрээний харилцааг гэрээнд заасан хугацаанаас өмнө ажилтан, ажил олгогчийн аль нэг талын санаачилгаар цуцалж болох бөгөөд ажил олгогчийн санаачилгаар цуцалж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг үндэслэл болгох учиртай.

 

Хариуцагч байгууллага нь хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэгчийн гүйцэтгэж буй ажлын байранд санал хураалт явуулсан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 Тушаалд БНын хорооны дүрмийн 11.2-т заасныг үндэслэсэн боловч энэ нь БНын хорооны даргын ажлын албатай холбоотой зохицуулалт байхаас гадна тус ажлын албанд хороодын ахмадын зөвлөл ордог талаар баримтгүй байна.

 

Түүнчлэн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 45 тоот албан бичиг тушаалын үндэслэл болсон боловч уг албан бичиг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан баримтын шаардлагыг хангаагүй, хуулбар хувь байх тул дүгнэлт өгөх боломжгүй юм.

 

Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны ахмадын зөвлөлийн хурлын 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хурлын тэмдэглэл, мөн өдрийн хурлын тогтоолоос дүгнэвэл Ж.Сохтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон үндэслэл буюу Хөдөлмөрийн тухай болон бусад хууль, дүрэм, хөдөлмөрийн гэрээний заалтыг зөрчсөн талаарх нөхцөл байдал тогтоогдоогүй байдаг. Өөрөөр хэлбэл, Ж.Сохын гаргасан гэх хөдөлмөрийн сахилгын зөрчлийн талаар хуралдаанаар хэлэлцээгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх Ж.Сохыг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал үндэслэлгүй байх тул түүнийг Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны ахмадын зөвлөлийн даргын ажилд эгүүлэн тогтоох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцнэ гэж дүгнэсэн нь зөв болжээ.

 

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 05 тоот тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нэг цагт 2500 төгрөг буюу сард 420 000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон байх бөгөөд анхан шатны шүүх дээрх нийтэд илэрхий баримтыг үндэслэн хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны олговорт 1 050 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2020/02574 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,   хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                    ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                           Э.ЗОЛЗАЯА