Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2021/00633

 

Ж.С-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Сонинбаяр, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2020/02574 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар  сарын 21-ний өдрийн 1806 дугаар магадлалтай,

Ж.С-ын нэхэмжлэлтэй,

Баянзүрх дүүргийн Ахмадын хороонд холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г, нарийн бичгийн дарга Х.Б нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан  тайлбарт: Миний бие 2020.02.01-ний өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны Ахмадын зөвлөлийн даргаар ажилласан. Ажиллаж байхдаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй. Баянзүрх дүүргийн Ахмадын хорооны даргын 2020.05.17-ны өдрийн тушаалаар хугацаанаас өмнө хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ахмадын хорооны дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.2-т гэрээний хугацаа дуусгавар болсон, өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан, Монгол Улсын хуульд заасан тохиолдолд ажлаас чөлөөлнө гэх үндэслэлээр гэрээг цуцална гэж заасан. Надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй, байхад үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Ж.Г дарга надад сонгуулийн дараа таныг эгүүлэн томилно, тиймээс бичгээр өргөдлөө гаргаж өг, намын эргүүл гэж гаргана, тэр нь цалинтай тул танд мөнгө өгнө гэх шаардлагыг тавьсан. Би Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны 880 гаруй хүнээс сонгогдсоноор ахмадын зөвлөлийн дарга болсон. Тиймээс тэдгээр ахмадуудаас сонгогдсон намайг Ардчилсан намын 15 хүнээс бүрдэж хийсэн хуралдаанаар халах үндэслэл байхгүй. Намайг ажлаас чөлөөлөх тухай хурал болох гэж байгааг надад мэдэгдээгүй. Хурал зарлах эрхтэй этгээд нь Ж.Г, мөн ахмадын зөвлөлийн дарга болох миний бие тус тус байдаг. Гэтэл ардчилсан нам хурал зарлаад миний талаар намайг байхгүйд, мэдэгдэлгүйгээр хурал хийх эрхгүй. Ахмадын хорооны дүрмийн 8 дугаар зүйлийн 8.3-т “Ахмадын хороог хуралдуулах тухай удирдах зөвлөлийн тогтоол гарснаар хурлыг зарлан хуралдуулна” гэж заасан. Гэтэл 2020.04.29-ний өдрийн хурлыг 20 хоногийн өмнө зарлаад, надад албан бичгээр мэдэгдэх ёстой байсан. Мөн Ахмадын зөвлөлөөс сонгогдсон хүнийг заавал дуудах ёстой гэж дүрэмд заасан. Ахмадын хорооны дүрмийн 8 дугаар зүйлийн 8.14-т “Тухайн хороонд ахмадын зөвлөлийн даргыг сонгох хурлыг бүх ахмад настны төлөөллөөс бүрдүүлэн, хурлыг ахмадын хорооны даргатай зөвшилцөж, ахмадын хорооноос томилогдсон ажилтны оролцуулан хийнэ” гэж заасан. Тус дүрмийн 8 дугаар зүйлийн 8.16-д “Сонгууль болохоос 1,5 жилийн өмнө ахмадын зөвлөлийн дарга солигдох бол нөхөн сонгууль явуулахгүй” гэж заасан. Гэтэл сонгууль дөхсөн байхад сольсон. Би ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн ноцтой зөрчил, алдаа дутагдал гаргаагүй. Намайг ажлын ур чадваргүй гэж байгаа нь үндэслэлгүй. Миний цалин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420,000 төгрөг ба шимтгэл тооцоод гар дээр 360,000 төгрөг авдаг байсан. Иймд намайг Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны Ахмадын зөвлөлийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болох эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Ж.С нь 2014 оны 03 сараас эхлэн хорооны Ахмадын зөвлөлийн даргаар ажиллаж байгаад хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй учир 2020.05.17-оор тасалбар болгон ахмадын зөвлөлийн даргын сонгуульт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. Ж.С-ыг ажлаас чөлөөлөх болсон үндсэн шалтгаан нь хорооны ахмадуудын төлөөлөл болж ахмадуудынхаа төлөө хангалттай ажиллаж чадахгүй байна гэж үзэн олонхийн саналаар огцруулж, мөн хорооны иргэн Т.Г-ийг хорооны Ахмадын зөвлөлийн даргаар сонгосон тухай хурлын тэмдэглэл, хорооны Засаг даргын албан бичгийг үндэслэн дүүргийн Ахмадын хорооны даргаас гаргасан тушаалыг үндэслэсэн. Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.5-д “Ахмадын зөвлөлийн дарга нь хороон дээрээ ажиллаагүйгээс иргэд удаа дараа гомдол гаргасан сонгуульт үүргээ биелүүлээгүй бол хугацаанаас нь өмнө чөлөөлнө” гэсэн заалтыг нэхэмжлэгч биелүүлээгүй. Хөдөлмөрийн гэрээ дуусаагүй байхад халлаа гэж байгаа ч гэрээний хугацаанд ахмадын зөвлөлийн дарга ажлаа хийдүүлж болно гэсэн утга хөдөлмөрийн гэрээнд агуулаагүйг тэтгэврээ тогтоолгоод ажиллаж буй ахмад ажилтан маань сайн мэдэж байгаа. Нэхэмжлэгч Ардчилсан намын удирдлага надад дарамт шахалт үзүүлсэн гэж байна. Энэ асуудал дүүргийн Ахмадын хороонд огт хамааралгүй болно. Ж.С-той Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2020.01.01-ний өдрөөс 2020.04.30-ны өдрийг хүртэлх цалинг бүрэн олгосон. Харин ажиллаагүй ч 05 сарын эхний 15 хоногийн цалинг тэтгэмж болгон олгосон. Тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин хөлс авдаг байсан. Улс төрөөр халхавч хийж, өөрийн алдаа дутагдлаа булзааруулахыг хүлээн зөвшөөрөхгүй.

Тус дүүргийн 2 дугаар хорооны ахмадууд Ж.С-ыг ...ажлын цагаар байдаггүй, урлаг,  спортын тэмцээн уралдааны талаарх мэдээлэл хүргэдэггүй, ажлаа хийдүүлдэг мөртлөө цалингаа бүтэн авдаг гэж хорооны Засаг даргадаа болон надад амаар гомдол мэдүүлж байсан. Тус хороо дээр ахмадын зөвлөлийн сонгууль явагдана гэдгийг түүнд оролцох ёстой гэдгийг ахмадын хорооны дарга болон ажилтан Ж.С нар нэг бус удаа хэлж анхааруулж байсан. Хурал болно гэдгийг өөрт нь хурал зохион байгуулах ажилтан хэлсэн байсан. Тус хорооны 800 гаруй ахмад нэг дор цуглах боломжгүй бөгөөд ахмадуудын төлөөлөл хуралдсаныг ирцийн хувьд боломжтой гэж гэж үзэж байна. Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байхад буцаан ажиллуулах нь хорооны ахмадуудын тавьсан шаардлага, хүсэлтийг биелүүлээгүй, хөдөлмөрийн гэрээнд заасан заалтаа үл тоосон асуудал болно. 2 дугаар хорооны ахмадын төлөөлөл өөрсдийнхөө төлөө ажиллах хүнийг сонгож хорооны Засаг дарга баталгаажуулахыг хүссэний дагуу шинээр сонгогдсон Т.Г-т цалин олгож нийгмийн даатгал төлж байгаа учир нэг хороонд 2 ажилтан цалинжуулах төсөв мөнгөний бололцоо байхгүй. Иймд Ж.С-ын шаардаж буй цалин болон нийгмийн даатгалын шимтгэл төлөхийг дүүргийн Ахмадын хороо хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй. Ахмадуудын хуралд эхнэр Н.Ц-д нь оролцож ахмадын зөвлөлийн даргад нэр дэвшүүлсэн ч сонгогдож чадаагүй. Ахмадын хорооны дүрмийн 8.14-т “...Бүрэн эрхийн хугацаа дууссан ч ахмадын зөвлөлийн дарга дахин нэг удаа нэрээ дэвшүүлж болно” гэсэн заалттай. Ж.С нь нэг удаа улиран сонгогдсон тул дахин нэрээ дэвшүүлэх эрхгүй бөгөөд ийм ч учраас зориуд хуралд оролцоогүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2020/02574 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Ж.С-ыг Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны ахмадын зөвлөлийн даргын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч Баянзүрх дүүргийн ахмадын хорооноос 1,050,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.С-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.С-ын дээрх олговроос шимтгэл тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Баянзүрх дүүргийн ахмадын хороонд үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.С-ын гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагч Баянзүрх дүүргийн ахмадын хорооноос 99,950 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар  сарын 21-ний өдрийн 1806 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2020/02574 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн” гэж заасны дагуу шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэн хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд “...тушаалд Баянзүрх дүүргийн Ахмадын хорооны дүрмийн 11.2-т заасныг үндэслэсэн боловч энэ нь Баянзүрх дүүргийн Ахмадын хорооны даргын ажлын албатай холбоотой зохицуулалт байхаас гадна тус ажлын албанд хорооны ахмадын зөвлөл ордог талаар баримтгүй байна.

Түүнчлэн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын 2020.05.12-ны өдрийн 45 тоот албан бичиг тушаалын үндэслэл болсон боловч уг албан бичиг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан баримтын шаардлага хангаагүй, хуулбар хувь байх тул дүгнэлт өгөх боломжгүй” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Тодруулбал дээрх асуудлаар нэхэмжлэгч болох Ж.С маргаагүй буюу хорооны Ахмадын зөвлөлийн дарга нь дүүргийн Ахмадын хорооны ажлын албаны бүрэлдэхүүнд хамаардаг, улмаар 2 дугаар хорооны Засаг даргын 45 тоот албан бичигт дурдсан асуудлыг хүлээн зөвшөөрч маргаагүй байхад шүүх дүгнэлт өгсөн байна.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно”, 40.1.2 “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон”, 40.1.3-т “ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг үндэслэн Баянзүрх дүүргийн Ахмадын хороо, хорооны Ахмадын хорооны дарга нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах хууль зүйн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хууль биш байна. Тодруулбал, гэрээний нэг тал буюу ажилтнууд нь бүгд ахмад настай өндөр насны тэтгэвэрт гарсан иргэд байдаг, түүнчлэн өндөр настай тул эрүүл мэндийн болон бусад байдлаар ажил, албан тушаал хашихад бүгд тэнцэхгүй зэрэг илүү онцлог, хуулиар тодорхой зохицуулагдаагүй харилцаа юм.

Ж.С-той байгуулсан гэрээг цуцлах үндэслэл нь тус ахмадын хорооны дүрэм түүнчлэн ахмад настай иргэдийн сайн дурын төрийн бус байгууллага буюу ахмадын хурал, түүний олонхийн саналаар шийдвэр гаргадаг, өөрийн гэсэн дотоод дүрмээрээ асуудлаа шийдвэрлэдэг онцлог байгууллага гэдгийг харгалзан үзэлгүй Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэх ёстой гэж дүгнэсэн нь хууль бус шийдвэр юм. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

  Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.

  Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтад дүгнэлт хийхдээ “дүүргийн/хорооны ахмадын зөвлөлийн дарга” гэсэн төрийн бус байгууллагын сонгуулиар сонгогддог нэхэмжлэгчийн ажлын онцлог болоод холбогдох эрх зүйн зохицуулалтыг /ТББ-ын дүрэм/ харгалзан үзэлгүйгээр зөвхөн Хөдөлмөрийн тухай хуулийн хүрээнд, аж ахуйн нэгж байгууллагын удирдлага болон ажилтны хооронд үүсдэг “хөдөлмөрийн гэрээ”-тэй холбоотой маргааны нэгэн адилаар шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Учир нь, хариуцагч байгууллага болох “Баянзүрх дүүргийн Ахмадын хороо” нь ТББ-ын статустай бөгөөд үйл ажиллагаа нь тус байгууллагын дүрмээр зохицуулагддаг, Ахмад настны тухай хуулийн дагуу /15 дугаар зүйл/ тухайн төрийн бус байгууллагыг улсын төсвөөс, түүний салбар, нэгжийг аймаг, нийслэл, сум, дүүргийн төсвөөс санхүүжүүлдэг онцлогтой, ахмадын хорооны болон зөвлөлийн даргыг сонгуулиар сонгодог бөгөөд цалин, урамшууллыг нь төсвөөс санхүүждэгтэй холбоотойгоор Ахмадын хорооны дарга нь тухайн жилийн төсөвт батлагдсан орон тооны албан тушаалд ажиллах ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулж, үндсэн цалин, нэмэгдэл, урамшууллыг сар бүрээр олгодог байна /Дүрмийн 11.1/.

Тодруулбал, хорооны ахмадын зөвлөлийн дарга нь Баянзүрх дүүргийн Ахмадын хорооны дүрмийн 8.1-д зааснаар тухайн хорооны ахмад настнуудын төлөөллөөс бүрдсэн хурлаас дөрвөн жилийн хугацаагаар сонгогддог /бүрэн эрхийн хугацаа дууссан ч ахмадын зөвлөлийн дарга дахин нэг удаа нэрээ дэвшүүлж болно/, ахмадуудын төлөөллийн хурлаас санал хураалтад оролцсон иргэдийн 50 хувийн саналаар Ахмадын зөвлөлийн дарга сонгогдвол шийдвэрийг хүчинтэйд тооцож, Хурлын тогтоолд дарга, тэргүүлэгчид гарын үсэг зурж, хурлын тогтоол, тэмдэглэл, хуралд оролцсон ахмадуудын ирцийн бүртгэл, хорооны Засаг даргын албан тоот бичгийг ирүүлсний дараа дүүргийн ахмадын хорооны дарга /хариуцагч/-ын тушаалаар батламжилж /Дүрмийн 8.3, 8.4/ хөдөлмөрийн гэрээ байгуулдаг байна.

 Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч Ж.С-ыг II хорооны Ахмадын зөвлөлийн даргаар хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байх хугацаанд нь /2014 оны 3 сараас эхлэн ажилласан гэсэн нэхэмжлэгчийн тайлбар/ буюу 2020.04.29-ний өдөр Баянзүрх дүүргийн II хорооны ахмадын зөвлөлийн хурал болж, зөвлөлийн шинэ даргыг сонгосон /уг сонгуульд нэхэмжлэгчийн эхнэр Н.Ц-д оролцсон боловч олонхийн санал авч чадаагүй гэсэн хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй/, иймээс мөн өдрийн Ахмадын зөвлөлийн хурлын тогтоолоор /нэхэмжлэгч/ Ж.С-ыг сонгуульт ажлаас нь чөлөөлж, Т.Г-ийг сонгогдсоныг уламжлан баталгаажуулахыг II хорооны Засаг даргад даалгасан, Засаг даргын 2020.05.12-ны өдрийн 45 тоот албан бичгээр Баянзүрх дүүргийн Ахмадын хорооны дарга Ж.Г-д хандан Т.Г-ийг хорооны ахмадын зөвлөлийн даргаар сонгогдсоныг уламжилсан,  иймээс хариуцагч 2020.05.17-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар Ахмадын хорооны дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.2. “Ахмадын хорооны дарга нь ...хуульд заасан бусад үндэслэлээр ажлаас чөлөөлнө” гэсэн заалт, 2 дугаар хорооны Засаг даргын 2020.05.12-ны өдрийн 45 тоот албан бичиг болон хурлын тэмдэглэлийг үндэслэн “Хорооны ахмад настны хурлаас олонхийн санал авч чадаагүй тул Ж-ын С-ыг 2020.05.17-ны өдрөөр тасалбар болгон II хорооны Ахмадын зөвлөлийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсугай” гэсэн шийдвэрийг гаргажээ.

Нэхэмжлэгч Ж.С нь дээрх сонгуулийг хууль бус гэсэн үндэслэлээр хүчингүй болгуулахаар маргаагүй, харин сонгуулийн үр дүнд байгуулагддаг хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан нь хууль бус гэсэн үндэслэлээр “ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийлгэх” шаардлагыг гаргасан байна.

 Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх сонгуулийн үр дүнгээр тодорхойлогддог тухайн хөдөлмөрийн харилцааны онцлогийг анхааралгүйгээр зөвхөн хөдөлмөрийн эрх зүйн хүрээгээр хязгаарлан “хөдөлмөрийн гэрээний харилцааг гэрээнд заасан хугацаанаас өмнө ажилтан, ажил олгогчийн аль нэг талын санаачилгаар цуцалж болох бөгөөд ажил олгогчийн санаачилгаар цуцалж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг үндэслэх ёстой байтал баримтлаагүй ...” гэсэн дүгнэлт хийж, Ахмадын хорооны дүрмийн холбогдох заалт болон бусад баримт бичгийг үндэслэн гаргасан “сонгуулийн үр дүнг баталгаажуулсан” шинжтэй хариуцагчийн шийдвэрийг хууль бус гэж дүгнэсэн нь буруу юм.

Өөрөөр хэлбэл, 2020.04.29-ний өдрийн Баянзүрх дүүргийн II хорооны Ахмадын зөвлөлийн даргын сонгууль хүчинтэй эсэх нь тусдаа эрх зүйн маргаан бөгөөд нэгэнт уг сонгуулийг эрх бүхий этгээдээс /тухайлбал, шүүхээс/ хүчингүй болгоогүй тохиолдолд түүний үр дүнг баталгаажуулсан хариуцагчийн шийдвэрийг буруутгах боломжгүй тул нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т зааснаар эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилох үндэслэлгүй. 

Гэтэл хоёр шатны шүүх “...хариуцагч уг хурлаас Ж.С-ыг чөлөөлөх санал гаргаж, Т.Г-ийг даргаар сонгосон гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, ... нэхэмжлэгч хурлын товыг мэдээгүй, ... хариуцагч хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусаагүй байхад нэхэмжлэгчийн гүйцэтгэж буй ажлын байранд санал хураалт явуулсан нь хууль зүйн үндэслэлгүй...” гэх зэргээр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрүүлж  дүгнэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

Иймээс “...шүүх зохигчийн маргаагүй асуудлаар дүгнэлт өгсөн, Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ТББ-ын онцлогийг харгалзан үзээгүй...” гэсэн утгатай хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2020/02574 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар  сарын 21-ний өдрийн 1806 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2.1-т заасныг баримтлан Ж.С-ын Баянзүрх дүүргийн Ахмадын хороонд холбогдуулан гаргасан “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЦОЛМОН

                                    ШҮҮГЧИД                                     Г.БАНЗРАГЧ

                                                                                        П.ЗОЛЗАЯА

                                                                                         Х.СОНИНБАЯР

                                                                                          Х.ЭРДЭНЭСУВД