Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 156/ШШ2020/00058

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

156/2018/00037/И

 Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам даргалжтус шүүхийн Б танхимд хийсэн хуралдаанд:

 

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын .. дугаар баг, ..., ......... тоотод оршин суух, Б овогт М (РД: )-гийн гомдолтой

 

ХариуцагчХэнтий аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдох,

 

ажил олгогчийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож, ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд нь ажиллаж байсан Хэнтий аймгийн Уламжлалт анагаах ухааны төвийн даргын ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацаатай тэнцэх цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О (онлайнаар), түүний өмгөөлөгч Д.М (онлайнаар), хариуцагч Ц.Г, түүний өмгөөлөгч Х.Б, нарийн бичгийн дарга Ж.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

 

Нэхэмжлэгч М.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ... би 1999 онд Анагаах ухааны их сургуулийг уламжлалт анагаах ухааны хүний их эмчээр төгсөөд, Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчээр ажиллаж байгаад 2013 онд Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар Уламжлалт анагаах ухааны төвийн даргаар томилогдон ажилласан. Би ажиллах хугацаандаа хариуцсан ажилдаа алдаа, дутагдал гаргалгүй удирдлагаас  өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хийж гүйцэтгэж байсан. Өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж хоёргүй сэтгэлээр ард түмний эрүүл мэндийн төлөө 18 жил ажиллаж байна.

Ажлаа хэвийн хийж байтал 2017 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 1720 минутад Эрүүл мэндийн газрын хүний нөөцийн мэргэжилтэн Ц.А ажлын байран дээр ирж сонсох ажиллагааны мэдэгдэл, сахилгын шийтгэл ногдуулсан тушаал өгсөн. Тухайн мэдэгдэл, тушаалтай танилцахад 2017 оны 11 дүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд Эрүүл мэндийн газар ирэхийг мэдэгдсэн боловч ажлын байран дээр байхгүй ажил тасалсан тул үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувь хасах сахилгын шийтгэл ногдуулсан байсан. Тухайн өдрүүдэд миний бие Улаанбаатараас Сангийн яаман дээр дуудагдан ажиллаж байсан. Улаанбаатар явах асуудлыг газрын дарга Ц.Г 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажлын байран дээр нь очиж амаар мэдэгдсэн. Хэн дуудсанг асууж тэмдэглэж авсан. Гэтэл мэдэгдэлгүй ажил тасалсан мэтээр тайлбарлан сахилгын шийтгэл ногдуулсанд гомдолтой байсан тул 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Эрүүл мэндийн газарт тухайн асуудлын талаар хариу тайлбар өгсөн бөгөөд давхар байгууллагынхаа Хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргасан. 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Эрүүл мэндийн газрын дарга өрөөндөө дуудсан тул очиход сонсох ажиллагааны мэдэгдэл өгсөн. Тухайн мэдэгдэлд ажлаас чөлөөлж байгаа талаар дурдсан байсан. Тушаалын үндэслэл, шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлээд гарсан. Үүнээс хойш ажлаа хийж байгаад 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлэгт хэвтсэн. Гэтэл 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 15 цаг 30 минутанд Эрүүл мэндийн газрын хүний нөөцийн мэргэжилтэн Ц.А эмнэлэг дээр ирж тушаал өгсөн. Тушаалтай танилцахад хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тухай тушаал байсан. Хариуцсан ажилдаа алдаа дутагдал гаргаагүй байхад зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул тус шүүхэд хандан нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Иймд нэхэмжлэгч надад 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр үндэслэлгүй сахилгын шийтгэл ногдуулсан болохыг тогтоож, тухайн тушаалыг хүчингүй болгох, ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан Хэнтий аймгийн Уламжлалт анагаах ухааны төвийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн томилуулж, ажиллаагүй байсан хугацаатай тэнцэх цалинг ажлаас халсан өдрөөс хойш анхан шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх өдрийг дуустал гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхээр шийдвэр гаргаж өгнө үү... (хх-ийн 1-2 тал)

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...  Нэхэмжлэгч М.А 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн сахилгын шийтгэл оногдуулах тушаал, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ажлаас чөлөөлөх тушаалуудыг дараах үндэслэлээр үгүйсгэж байна.

Үүнд: Хариуцагчийн зүгээс Б/39 дугаартай сахилгын шийтгэл оногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2, Засгийн газрын 105 дугаар тогтоол, Эрүүл мэндийн газрын тушаалыг тус тус үндэслэсэн байдаг. Тушаал нь эрх зүйн акт болохынхоо хувьд хуульд нийцсэн шаардлага хангасан байх ёстой. Гэтэл уг тушаалд: ...өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, алдаа гаргасан гэдэг.

Хавтаст хэрэгтэй танилцахад сахилгын шийтгэл ногдуулахдаа хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр, ямар гомдол саналыг үндэслэсэн талаарх нотлох баримт байдаггүй. Удаа дараа үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэдэг нь нотлогддоггүй. Зөрчил нотлогдсон байж тухайн ажилтанд хариуцлага тооцох ёстой. Гэтэл зөрчил нотлогдохгүй байхад Эрүүл мэндийн газрын дарга ажлаас халах тушаал гаргасан.

Мөн Эрүүл мэндийн газрын тушаал, Засгийн газрын 105 дугаар тогтоол энэ хоёр тушаал, тогтоолын хэдийн хэд дэх заалтыг үндэслээд байгаа нь тодорхойгүй байгаа учраас дээрх сахилгын шийтгэл оногдуулсан тушаал нь хүчин төгөлдөр бус хуульд нийцэхгүй байна гэж үзэж байна.

2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/54 тоот ажлаас чөлөөлөх тушаалын хувьд ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр энэ тушаалыг гаргасан байдаг. Тушаалын агуулгатай танилцахад төсвийн тухай хуулийг зөрчсөн гэдэг агуулга ажиглагддаг. Мөн ажил тасалсан гэдэг үндэслэлээр уг тушаалыг гаргасан байдаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалт нь .ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэдэг. Гэтэл энэ тушаал энэ заалтын алийг нь үндэслэсэн нь тодорхойгүй.

Нэхэмжлэгч А нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ийм алдаа зөрчил гаргаагүй гэдгээ удаа дараа Эрүүл мэндийн газрын дарга Г, Аудитын газрын дарга А нарт тайлбар хүргүүлсэн. Энэ тайлбаруудыг 2017 онд хүргүүлэхэд Г дарга болон Аудитын даргаас хариу ирүүлээгүй байдаг. Тийм учраас нэхэмжлэгч зөрчил гаргаагүй гэдгээ нотлохын тулд дээд шатны байгууллага болох Сангийн сайдад шалгуулах хүсэлтээ гаргасан. Сангийн яам нь шалгаад албан бичгээр тухайн аудитын газрын гаргасан дүгнэлтийг хүчингүй болгосон. Хүчингүй болгосныг хариуцагч талаас 30 хоногийн дотор хүлээн зөвшөөрөхгүй гэж үзсэн бол 30 хоногийн дотор гомдлоо гаргах эрхтэй байсан. Гэтэл хариуцагчийн зүгээс гомдол гаргаагүй.

Иймд ажлаас халагдах үндэслэл тогтоогдохгүй байна. 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл 5 хоног ажил тасалсан гэдэгт хавтаст хэрэгт Сангийн яаманд томилолтоор ажиласан гэдэг нь нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хэрэгт авагдсан юм.

Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гээд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүх хэргийг буцаахдаа үндэслэл нь процессын хууль зөрчсөн, хариуцагчийн өмгөөлөгчийн хэргийн материалтай танилцах эрхээр нь хангаагүй гэдэг үндэслэлээр буцаасан.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. Ажилгүй байх хугацааны цалин 34 566 883 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн хийлгэж баталгаажуулж өгөхийг даалгаж өгнө үү... гэв.

 

Хариуцагч Ц.Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр сахилгын шийтгэлийн хувьд А нь 2017 онд үр дүнгийн гэрээ байгуулаагүй. 150 дугаар тогтоолоор эмнэлгийн мэргэжилтэнд олгодог урамшууллын тайлангуудыг удаа дараа гаргаж өгөөгүй. Үр дүнгийн гэрээг хэлтсийн дарга нараар хянуулаад Эрүүл мэндийн газарт тайлангаа, албан тоотоор ирүүлсэн талаарх нотлох баримт байхгүй. Энэ тушаалын хувьд 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр буюу 2 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан хойно нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна.

Ажлаас халагдсан тушаалын хувьд санхүүгийн зөрчил, Эрүүл мэндийн газрын хяналт шинжилгээ, үнэлгээний дүгнэлт, ажил тасалсан зэрэг үндэслэлүүдийг баримталсан. Энэ үндэслэл нь А хувьд 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 11 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд шалтгаангүйгээр ажил тасалсан. Хэрэв сангийн яаманд ажилтай байсан бол түүнийгээ нотолсон баримтыг гаргаж өгөх ёстой байсан. Гэвч хавтаст хэрэгт энэ талаарх нотлох баримт байдаггүй. Хэрэв надад мэдэгдсэн, намайг тэмдэглэж авсан гээд байгаа боловч түүнийг нь нотлох баримт байхгүй байгаа юм.

Эрүүл мэндийн газарт тайлбар хүргүүлсэн гэж байна. Үүнийг тайлбар хүргэсэн гэх албан тоот манай Эрүүл мэндийн газрын ирсэн бичигт (ирээгүй) бүртгэгдээгүй. Үүнийг хүргүүлсэн гэх нотлох баримт байхгүй. Сангийн яаманд ажилласан гэх хугацааны томилолтыг удирдах дээд шатны байгууллагаас аваагүй учраас хүчингүй. А хувьд албан томилолтыг дараа нь хуурамчаар үйлдсэн. Мөн албан томилолт авах үедээ Уламжлалт анагаах ухааны технологийн хүрээлэнгээс тодорхойлолтыг 11 дүгээр сарын 26-ны өдөр тушаал гарснаас хойш бүрдүүлж ирсэн. Сангийн сайдын А бүх зөрчлийг хүчингүй болгосон гээд байгаа албан бичиг нь манай байгууллагад ирээгүй. Тушаал гарахаас өмнө энэ бичиг нь ирсэн байлаа гэхэд зөрчлүүдийг хүчингүй болгосон гэх нотлох баримтууд нь байхгүй. А хувьд ёс зүйн зөрчил болон удирдах дээд шатны албан тушаалтан болон байгууллагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй.

Хамт олноо дарамталж байсан гэх мэдээллүүд Эрүүл мэндийн газарт удаа дараа ирж байсан. Үүний дагуу Уламжлалт анагаах ухааны төвийн ажилтнуудаас тухайн үед ажиллаж байхдаа ийм, ийм зөрчил гаргаж байсан гэдгийг нотлох баримтуудыг ирүүлсэн байдаг.

Сахилгын зөрчлүүдийг удаа дараа гаргаж байсан учраас А ажлаас чөлөөлөх үндэслэл болсон. Манай зүгээс гаргасан тушаалуудын нотлох баримтууд хэргийн материалд байгаа. Тийм учраас ажлаас чөлөөлөх тушаалыг үндэслэлтэй гэж үзэж байна. Санхүүгийн зөрчил дээр А зөрчлийг бүхэлд нь хүчингүй болгоогүй.

77 253 төгрөгийг Бээжин хотод сурч байх хугацаандаа урамшуулал болгоод удирдах дээд албан тушаалтны тушаалгүйгээр авсан байдаг. Энэ зөрчлөө мөн давтан 2017 оны 01 сард 192 000 төгрөгийг үр дүнгийн тайлан өгөөгүй, удирдах дээд байгууллагын зөвшөөрөл авалгүй хүн ажиллуулсан зөрчлүүд байгаа. Мөн санхүүгийн дүгнэлт дотор Бээжин хотод сурч байхдаа авсан илүү цаг, жижүүр хийсэн нэмэгдлүүд болон урамшууллыг авсан гэдгийг Санхүүгийн яам хүчингүй болгоогүй. Тийм учраас ажил тасалсан санхүүгийн зөрчил давтан гаргасан байна.... гэв.

 

Шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч М.А нь Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдуулж ажил олгогчийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож, ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд нь ажиллаж байсан Хэнтий аймгийн Уламжлалт анагаах ухааны төвийн даргын ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацаатай тэнцэх цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгүүлэхээр шүүхэд гомдлын шаардлага гаргажээ.

 

Ажил олгогч Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын захирал Ц.Г нь ажилтанг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан тул ажлаас халсан гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Ажилтан М.А нь 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Уламжлалт анагаах ухааны төвийн даргаар томилогдон 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 6/54 дугаартай аймгийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдлоо. (1 дүгээр хх-ийн 1-2, 7, 158 тал)

 

Нэхэмжлэгч М.А нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар: Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана ... гэсний дагуу 30 хоногийн дотор шүүхэд гомдлоо 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан болох нь гомдлыг шүүх хүлээн авсан дардас, (хх-ийн 2 тал)-аас харагдаж хууль зөрчөөгүй байв.

Ажил олгогч байгууллага буюу аймгийн Эрүүл мэндийн газар нь ажилтан М.А Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримтлан... хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан буюу Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д заасан: Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах гэсэн заалтыг зөрчсөн, хяналт шинжилгээ, үнэлгээний жилийн төлөвлөгөө байгуулаагүй, 4 хоног ажил тасалсан гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн байна. (хх-ийн 8 тал)

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т: ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно гэжээ.

Хариуцагч тал нь шүүх хуралдаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтанг сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэлээр ажил олгогч нь ажлаас халсан үндэслэлтэй гэж тайлбарласан байна.

Ажилтан нь Хэнтий аймгийн Уламжлалт анагаах ухааны төвийн даргаар ажиллаж байхдаа хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэв. Үүнд:

1. Монгол Улсын сангийн сайд Ч.Х 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 13-1/6430 дугаартай хариу хүргүүлэх тухай баримтад:

...Дарга М.А удирдах дээд байгууллагын шийдвэргүйгээр олгогдсон ур чадварын нэмэгдэл 77.253 төгрөг нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д заасан: Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах, 40 дүгээр зүйлийн 40.3-т заасан: Үр дүнгийн гэрээний биелэлтийг харъяалагдах дээд шатны төсвийн захирагч нь хагас бүтэн жилээр дүгнэнэ гэсэн заалтыг зөрчиж байгаа тул төлүүлэхээр акт тогтоосон нь үндэслэлтэй байна... гэжээ. (1 дүгээр хх-ийн 119 тал)

2. Ажилтан нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 10-ны өдрүүдэд 4 хоногийн ажил тасалсан болох нь ажлын цаг ашиглалтын 2017 оны 11 дүгээр сарын бүртгэлийн хуулбар (1 дүгээр хх-ийн 65 тал)

3. Улсын байцаагчийн албан шаардлагын хуулбарт:... Дарга М.А удирдах дээд байгууллагын шийдвэргүйгээр олгогдсон ур чадварын нэмэгдэл урамшил 77.253 төгрөг нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д заасан: Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах, ... 40 дүгээр зүйлийн 40.3-т заасан: Үр дүнгийн гэрээний биелэлтийг харъяалагдах дээд шатны төсвийн захирагч нь хагас, бүтэн жилээр дүгнэнэ гэснийг зөрчсөн тул Төрийн сан дахь орлогын 180000982 тоот дансанд 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор шилжүүлж Аймгийн санхүүгийн хяналт, аудитын албанд бичгээр хариу ирүүлэхийг мэдэгдье... гэжээ. (1 дүгээр хх-ийн 36-37 тал)

4. Нэхэмжлэгч нь (ажилтан) 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрүүдэд Сангийн яамд томилолтоор ажилласан 4 хоногийн ажил тасалсан асуудал байхгүй гэж албан томилолтыг шүүхэд ирүүлжээ. (1 дүгээр хх-ийн 126 тал)

Албан томилолтонд аймгийн Эрүүл мэндийн газрын даргын гарын үсэг байхгүй, тамгагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-т заасан нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн байна.... зэрэг болно.

Харин ажилтанд Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/49 дугаартай тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан байна. (1 дүгээр хх-ийн 8 тал)

Үндэслэлдээ: ...Уламжлалт анагаах ухааны төвийн дарга М.А нь Эрүүл мэндийн газрын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, ... хүний нөөцийн мэдээллийн санд бүртгүүлээгүй, зөвшөөрөлгүй ажилтан томилсон зөрчлүүдийг гаргасан тул үндсэн цалинг 01 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсугай... гэжээ.

Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Г сахилгын шийтгэл оногдуулсан тушаал нь ажилтан (нэхэмжлэгч) нь ямар үүрэг даалгаврыг биелүүлээгүй нь тодорхойгүй, хугацааг нь бичээгүй, хэн гэдэг ажилтан томилж ажиллуулсан нь мэдэгдэхгүй байв.

Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын сахилгын шийтгэл ногдуулсан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-т заасан: шийтгэлийн хэлбэр нь ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон эсэхийг тодорхойлох боломжгүй гэж дүгнэв.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т зааснаар сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрсөн тул сахилгын шийтгэлгүйд тооцов.

 

Хэнтий аймгийн Уламжлалт анагаах ухааны төвийн нэр бүхий 17 ажилтангууд тус төвийн захирал М.А ажилдаа тэнцэхгүй байна гэж Эрүүл мэндийн даргад хүсэлт гаргасан байна. (2 дугаар хх-ийн 214-220 тал)

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.3-т зааснаар хэргийг түдгэлзүүлж Шүүхийн шинжилгээний үндэсний төвийг шинжээч томилсон байна. (3 дугаар хх-ийн 1-2 тал)

2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн № 5095 дугаартай шинжээчийн дүгнэлт: ... дүгнэлт хэсгийн нэгдүгээрт,... Шинжилгээнд ирүүлсэн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын Ц.Г танаа хүсэлт гаргах нь гэсэн баримтын 1-3, 4, 6, 8-18 хүртэл дугаарласан тооны ард талуудад зурагдсан шинжилж буй гарын үсгүүд нь харьцуулах шинжилгээнд тэнцэж байна.

Хоёрдугаарт, Шинжилгээнд ирүүлсэн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын Ц.Г танаа хүсэлт гаргах нь гэсэн баримтын 1-3, 4, 6, 8-18 хүртэл дугаарласан тооны ард талуудад зурагдсан шинжилж буй гарын үсгүүд нь харьцуулах загварт ирүүлсэн Г.Б, О.Г, Ц.А, Ж.Т, Ц.У, Н.О, Э.Б, Т., Б.М, М.Д, Л.Э, Б, Ц.Гг, Ө.Н, С.Г, Б.О нарын гэх 16 хүний гарын үсгийн загваруудтай тохирч байна... (3 дугаар хх-ийн 171-172 тал)

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь хавтаст хэргийн материалтай танилцахаар 2019 оны 03 дугаар сарын 01, 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрүүдэд 2 удаа шүүх хуралдааныг хойшлуулсан боловч онлайнаар шүүх хуралд оролцсон болно.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ НЬ: 

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т заасныг баримтлан Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/49 дугаартай, М.А сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүйд тооцсугай.  

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдох, ажлаас үндэслэлгүй халагдсан тушаалыг хүчингүй болгож, урьд нь ажиллаж байсан Хэнтий аймгийн Уламжлалт анагаах ухааны даргын ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэх тухай М.А нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.        

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т заасныг баримтлан М.А улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Л.ЦЭРЭНДУЛАМ