Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 226/МА2020/00005

 

 

 

 

 

 

 

2020 оны 3 сарын 25 өдөр          Дугаар 226/МА2020/00005                              Хэрлэн сум

 

  А-гийн нэхэмжлэлтэй,

ЭМГ-т

 холбогдох иргэний хэргийн талаар

 

 

226/2020/00005/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Б.Сүхгомбо, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны Б” танхимд нээлттэйгээр,   

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Долгоржав,   

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа,

Хариуцагч Г-, түүний өмгөөлөгч Х.Биязхан нарыг оролцуулан,

            Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 58 дугаар шийдвэртэй А-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч ЭМГ-т холбогдох “ажил олгогчийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож,  УАУТ-н даргын ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй хүлээлгэсэн хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгүүлэх” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяагийн давж заалдах гомдлоор 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Нэхэмжлэгч А- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2013 онд УАУ-ны даргаар томилогдсон. Би ажиллаж байх хугацаандаа хариуцсан ажилдаа алдаа, дутагдал гаргалгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хийж гүйцэтгэж ирсэн. Гэтэл 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Эрүүл мэндийн газрын хүний нөөцийн мэргэжилтэн А- ажлын байран дээр ирж сонсох ажиллагааны мэдэгдэл болон сахилгын шийтгэл ногдуулсан тушаал өгсөн. Уг тушаалд “...2017 оны 11 дүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд ЭМГ ирэхийг мэдэгдсэн боловч А- нь ажлын байран дээрээ байгаагүй, ажил тасалсан тул үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувиар хасах” сахилгын шийтгэл ногдуулсан талаар дурдсан байсан.

            Миний бие тухайн өдрүүдэд СЯ дээр ажиллаж байсан бөгөөд энэ талаар Эрүүл мэндийн газрын дарга Г-д 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажил дээр нь очиж мэдэгдсэн. Намайг ажил тасалсан мэтээр тайлбарлаж сахилгын шийтгэл ногдуулсан тул 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Эрүүл мэндийн газарт хариу тайлбар хүргүүлсэн бөгөөд давхар байгууллагынхаа маргаан таслах комисст гомдол гаргасан.

            ЭМГ-н дарга Г- 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр надад “ажлаас чөлөөлөх тухай” сонсох ажиллагааны мэдэгдэл өгсөн бөгөөд миний бие тушаалын үндэслэл, шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн боловч 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон.

            Миний бие хариуцсан ажилдаа алдаа дутагдал гаргаагүй байтал зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул ажил олгогчийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож, ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд нь ажиллаж байсан Хэнтий аймгийн УАУТ-ийн даргын ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацаатай тэнцэх цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/49 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/54 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалуудыг тус тус хүлээн зөвшөөрдөггүй.

            2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/49 дугаар тушаалын тухайд: Ажил олгогчийн зүгээс А-г “өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, ЭМГ-н хүний нөөцийн мэдээллийн санд бүртгүүлээгүй, зөвшилцөлгүй ажилтан томилсон” зэрэг зөрчлүүдийг гаргасан гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2, Засгийн газрын 2012 оны 150  дугаар тогтоол, Эрүүл мэндийн газрын 2016 оны А/03 дугаар тушаал зэргийг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулсан. Гэтэл хэдэн сарын хэдний өдрийн ямар агуулгатай гомдол, саналыг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй гэх нотлох баримт хавтаст хэрэгт байдаггүй. Мөн уг тушаалд Засгийн газрын 2012 оны 150  дугаар тогтоол, Эрүүл мэндийн газрын 2016 оны А/03 дугаар тушаал зэргийн аль зүйл заалтыг үндэслэсэн нь тодорхойгүй байгаа учир уг тушаалыг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.

            2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/54 дугаартай тушаалын тухайд: Төсвийн тухай хуулийг зөрчсөн, шалтгаангүй ажил тасалсан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримтлан уг тушаалыг гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж заасан байдаг бөгөөд тушаалд аль зөрчлийг үндэслэсэн нь тодорхойгүй байна.  

            Нэхэмжлэгч А- нь ажлаас халагдах үндэслэл болсон зөрчлийг гаргаагүй гэдгээ нотлохын тулд дээд шатны байгууллага болох СЯ-д шалгуулах хүсэлт гаргасан бөгөөд СЯ-аас аудитын дүгнэлтийг хүчингүй болгосон тухай албан бичгийг ирүүлсэн. Үүнийг хариуцагч тал хүлээн зөвшөөрч дээд шатны байгууллагад гомдол гаргаагүй. Мөн 2017 оны 11 дүгээр сарын 06-11-ний өдрийг хүртэл 5 хоног СЯ-д томилолтоор ажилласан талаарх нотлох баримт хавтаст хэрэгт байдаг.

            Иймд ажлаас халагдах үндэслэл тогтоогдохгүй байх тул А-гийн ажилгүй байх хугацааны цалин болох 34566883 төгрөгийг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, баталгаажуулж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Г- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

             2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/49 дугаартай тушаалын тухайд: А- нь 2017 онд үр дүнгийн гэрээ байгуулаагүй, Засгийн газрын 2012 оны 150  дугаар тогтоолоор эмнэлгийн мэргэжилтэнд олгодог урамшууллын тайланг удаа дараа гаргаж өгөөгүй, үр дүнгийн гэрээг хэлтсийн дарга нараар хянуулж ЭМГ-т ирүүлээгүй. Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын хувьд 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр буюу 2 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна.

            2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/54 дугаартай тушаалын тухайд: Санхүүгийн зөрчил, ЭМГ-н хяналт шинжилгээ, үнэлгээний дүгнэлт, шалтгаангүйгээр ажил тасалсан зэрэг үндэслэлээр Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 4.2.3, Байгууллагын дотоод журмын 9.2.3-ынВ” заалтуудыг баримтлан тушаал гаргасан. А- нь 2017 оны 11 дүгээр сарын 06-11-ний өдрийн хооронд шалтгаангүйгээр ажил тасалсан. Хэрэв СЯ-д ажилтай байсан бол түүнийгээ нотолсон баримтыг гаргаж өгөх ёстой байсан.

            Гэтэл энэ талаарх нотлох баримтыг дараа нь хуурамчаар үйлдсэн. Санхүүгийн зөрчлөө шалгуулж байгаа гэсэн боловч нотлох баримт байдаггүй, мөн А-гийн ЭМГ-т гаргасан тайлбар, СЯ-ны албан бичиг манай байгууллагад ирээгүй. А-гийн хувьд ёс зүйн зөрчил гаргасан, удирдах дээд шатны байгууллага, албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, хамт олноо дарамталж буй талаарх мэдээллүүд удаа дараа ирж байсан тул ажлаас чөлөөлсөн. Иймд дээрх тушаалуудыг үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

            Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 58 дугаартай шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т заасныг баримтлан ЭМГ-ын даргын 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/49 дугаартай, А-д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүйд тооцож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан ЭМГ-т холбогдох, ажлаас үндэслэлгүй халагдсан тушаалыг хүчингүй болгож, урьд нь ажиллаж байсан Хэнтий аймгийн УАУТ-ны даргын ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэх тухай А-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т заасныг баримтлан А-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгохоор тус тус заан шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

            Шүүхээс ажилтан нь Хэнтий аймгийн УАУТ-ийн даргаар ажиллаж байхдаа сахилгын зөрчлийг давтан гаргасан болох нь “...сайд Х-н 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 13-1/6430 дугаартай хариу хүргүүлэх тухай баримтад ...дарга А-д удирдах дээд байгууллагын шийдвэргүйгээр олгогдсон ур чадварын нэмэгдэл 77253 төгрөг нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-т заасан “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 40 дүгээр зүйлийн 40.3-т заасан “Үр дүнгийн гэрээний биелэлтийг харьяалагдах дээд шатны төсвийн захирагч нь хагас бүтэн жилээр дүгнэнэ” гэсэн заалтуудыг зөрчиж байгаа тул төлүүлэхээр акт тогтоосон нь үндэслэлтэй... гэснээр тогтоогдож байна” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн МУ-н ДШ-ийн 3.3-т “Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийг ажилтанд ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгох...” гэж заасан байх бөгөөд ажлаас чөлөөлсөн шийдвэр нь дээрх үр дагавраас хэтэрсэн байна.

            Анхан шатны шүүх  ажилтан нь 2017 оны 11 дүгээр сарын 06-10-ны өдрүүдэд 4 хоногийн ажил тасалсан болох нь “...ажлын цаг ашиглалтын 2017 оны 11 дүгээр сарын бүртгэлийн хуулбар...”, “...албан томилолтод аймгийн ЭМГ-н даргын гарын үсэг байхгүй, тамгагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-т заасан нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн...” зэргээр тогтоогдож байна гэснийг мөн хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь 2007 оны 11 дүгээр сарын 06-09-ний өдрүүдэд СЯ-д томилолтоор ажилласан, 4 хоногийн албан томилолтыг шүүхэд ирүүлсэн. Мөн ирцийн бүртгэл, уламжлалт эм авахаар ажилласан талаарх баримтууд хавтаст хэрэгт байдаг.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

            Нэхэмжлэгч А- нь ЭМГ-н даргын 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулж,  УАУТ-ийн даргын  албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй хүлээлгэсэн хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн  болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгүүлэх” тухай гомдлыг шүүхэд гаргажээ.

             Хариуцагч ЭМГ- нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

            Нэхэмжлэгч нь  сахилгын шийтгэл ногдуулсан тухай тушаалыг хүчингүй болгуулах мөн ажлаас буруу халсан тухай гомдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаандаа гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

            2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/49 дугаартай тушаалын тухайд:

            ЭМГ-н даргын 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/49 дугаар тушаалд  А-г  үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, хүний нөөцийн мэдээллийн санд бүртгүүлээгүй ажилтанг томилсон гэж үзэж үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ. Ажил олгогч нь ажилтан А-д ямар үүрэг даалгаврыг хэзээ өгснөө, хүний нөөцөд бүртгэгдээгүй хэн гэдэг ажилтныг томилсон болохыг  нотолж чадаагүй учраас шүүх тушаалыг хүчингүй болгосон нь үндэслэлтэй байна.

            2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/54 дугаартай тушаалын тухайд:

            ЭМГ-н даргын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 6/54 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 4.2.3, байгууллагын дотоод журмын 9.2.3-ын “В” заалтуудыг үндэслэн Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 1996 оны 63/104 дүгээр тушаалаар батлагдсан “Төрийн үйлчилгээний албан хаагчдын ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам”-ын 2-т “эрхэлсэн ажлаа мэргэжлийн өндөр түвшинд тогтмол сайн гүйцэтгэдэг буюу бусдаас илүү идэвх санаачлага, өндөр үр дүнтэй ажиллаж байгаа түгээмэл мэргэжлийн албан хаагчдад дараах үндсэн шалгуур үзүүлэлтийг харгалзан ур чадварын нэмэгдэл олгоно”, 7-д “Ур чадварын нэмэгдлийг ажилтнуудын цалинг нэмэх, амьдрал ахуйг харгалзах зэргээр хавтгайруулан олгохыг хориглоно”, Төсвийн тухай хуулийн 6.4.1-д “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах” гэснийг тус тус зөрчсөн нь аймгийн санхүүгийн хяналтын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 37/06/46 дугаар дүгнэлтээр тогтоогдсон, “ЭМБ-н үйл ажиллагааны хяналт-шинжилгээ үнэлгээний журам”-ын дагуу ЭМГ-н даргын баталсан удирдамжаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд байгууллагын жилийн төлөвлөгөө батлуулаагүй, хэрэгжилт хангалтгүй, удирдлагын баг нь төлөвлөгөө болон улирлын тайланг хянаж гарын үсэг, тамгаар баталгаажуулаагүй, ЭМ-ийн сайдын тушаалуудыг дагаж мөрдөж хэрэгжүүлж ажиллаагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2017 оны 11 дүгээр сарын 06-10-ны өдрүүдэд 4 хоног ажил тасалсан гэж үзэж А-г ажлаас чөлөөлжээ.

            Тушаалд дурдагдсан үндэслэлээс үзэхэд А-г төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж, дээд байгууллагын шийдвэргүйгээр ур чадварын нэмэгдэл 77243 төгрөг олгосон зөрчил нь аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны хяналт шалгалтын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 37/06/46 дугаар дүгнэлтээр тогтоогдсон байхад ажил олгогч 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэсэн заалтыг зөрчиж хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байхад анхан шатны шүүх сахилгын зөрчил гаргасан гэж  дүгнэсэн нь буруу байна.     

Мөн ЭМГ-н хяналт үнэлгээний багаас 2017 оны 11 дүгээр сарын 09-нд УАУТ-д хяналт-шинжилгээ үнэлгээ хийж “байгууллагын жилийн төлөвлөгөөг батлуулаагүй, хэрэгжилт хангалтгүй, төлөвлөгөө болон улирлын тайланг хянаж, гарын үсэг зурж баталгаажуулаагүй, нийтээр дагаж мөрдөх тушаал, шийдвэрүүдийг дагаж мөрдөөгүй” гэсэн үнэлгээний дүн гаргажээ /хх-н 62-63х/. Мөн сонсох ажиллагааны мэдэгдлийг УАУТ-ийн дарга А-д 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээлгэн өгсөн байна /хх-н 10х/.

А- нь “байгууллагын жилийн төлөвлөгөөгөө боловсруулаад ЭМГ-н даргад өгөхөд гэрээний төлөвлөгөөний төслийг бүх хэлтсийн дарга нараар хянуулж байж гэрээг хийнэ гэсэн учир гэрээний төлөвлөгөөний төслөө үлдээсэн” гэж тайлбарладаг боловч  Хэнтий аймгийн УАУТ-ийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөө нь баталгаажаагүй, гарын үсэггүй /хх-н 50-61х/ хэрэгт авагдсан байна.

Үүнээс үзэхэд Хэнтий аймгийн УАУТ-ийн 2017 оны жилийн төлөвлөгөөг батлуулах, хэрэгжилтийг хангах нь даргын үүрэг бөгөөд энэ үүргээ биелүүлсэн гэдгээ нэхэмжлэгч нотолж чадаагүй тул ажлаас халах тушаалын үндэслэлийг буруутгах боломжгүй юм.

             УАУТ-ийн дарга А- нь төрийн албан хаагчийн хувьд томилолт олгох эрх бүхий албан тушаалтан болох ЭМГ-н дарга Г-гаас олгогдсон хууль ёсны томилолт авч ажиллах байтал нэхэмжлэгч нь 2017 оны 11 дүгээр сарын 6-10-ны өдрүүдэд СЯ-д ажилласан, УАУТХ-д ажиллаж эм тан авсан, ажил таслаагүй гэж тайлбарладаг боловч УАУТ-ийн 2017 оны ажлын цаг ашиглалтын бүртгэлд дарга А- 11 дүгээр сарын 6, 7, 8, 9-ний өдрүүдийн бүртгүүлээгүй /хх-н  65х/, мөн албан томилолтод  “2017 оны 11 дүгээр сарын 05-09-ний өдрүүдэд албан ажлаар 4 хоногийн томилолт олгов” гэсэн атал ЭМГ-н дарга Г-гийн гарын үсэг, тамга, тэмдэг байхгүй, томилолтыг бодож олгосон гэх даргын гарын үсэг, тамгагүй байна /хх-н 126х/ зэрэг  баримтуудаар няцаагдаж байх тул түүнийг 2017 оны 11 дүгээр сарын 05-09-ний өдрүүдэд ажил тасалсан гэж үзэх үндэслэлтэй байна.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах нөхцөл бүрдэнэ.

            Хэнтий аймгийн УАУТ-ийн хөдөлмөрийн дотоод журмын 9.2.3-т Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан “Хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гэдэгт дараах зөрчлийг тооцож хөдөлмөрийн гэрээг цуцална. Үүнд “В”-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 буюу түүнээс дээш ажил тасалсан” /хх-н 66-71х/, Хөдөлмөрийн гэрээний 4.2.3-т “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг болон Хөдөлмөрийн дотоод журамд “ноцтой зөрчил” гэж заагдсан зөрчлийг 2 ба түүнээс дээш удаа гаргасан бол хөдөлмөрийн гэрээг цуцална” гэж тус тус заажээ.

УАУТ-ийн дарга А- нь байгууллагын жилийн төлөвлөгөөг батлуулаагүй, хэрэгжилт хангалтгүй, удирдлагын баг нь төлөвлөгөө болон улирлын тайланг хянаж гарын үсэг зурж, тамгаар баталгаажуулаагүй, нийтээр дагаж мөрдөх тушаал шийдвэрүүдийг хэрэгжүүлж ажиллаагүй, мөн 2017 оны 11 дүгээр сарын 06-10-ны өдрүүдэд шалтгаангүйгээр ажил тасалсан зэрэг сахилгын зөрчлүүдийг гаргасан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “ажлаас чөлөөлсөн тушаал ажилтны гэм бурууд тохироогүй, 4 хоног ажил таслаагүй томилолтоор ажилласан” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1--д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 58  дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ДЭНСМАА

                                     ШҮҮГЧИД                                           Б.СҮХГОМБО

                                                                                                    Я.АЛТАННАВЧ

 

 

.