Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2021/00504

 

 

 

 

 

 

 

 

 

2021 05 20 001/ХТ2021/00504

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 58 дугаар шийдвэр,

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 226/МА2020/00005 дугаар магадлалтай,

 

*******гийн нэхэмжлэлтэй,

******* холбогдох

 

Ажил ологогчийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож, ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд нь ажиллаж байсан Хэнтий аймгийн Уламжлалт анагаах ухааны төвийн даргын ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

 

шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гэрэлмаа, хариуцагчийн өмгөөлөгч Х.Биязхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Би 1999 онд Анагаах ухааны их сургуулийг уламжлалт анагаах ухааны хүний их эмчээр төгсөөд, Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчээр ажиллаж байгаад 2013 онд Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар Уламжлалт анагаах ухааны төвийн даргаар томилогдон ажилласан. Би ажиллах хугацаандаа хариуцсан ажилдаа алдаа, дутагдал гаргалгүй удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хийж гүйцэтгэж байсан. Өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж, хоёргүй сэтгэлээр ард түмний эрүүл мэндийн төлөө 18 жил ажиллаж байна. Ажлаа хэвийн хийж байтал 2017.11.14-ний өдрийн 17 цаг 20 минутад Эрүүл мэндийн газрын хүний нөөцийн мэргэжилтэн Ц.Ариунтуяа ажлын байран дээр ирж сонсох ажиллагааны мэдэгдэл, сахилгын шийтгэл ногдуулсан тушаал өгсөн. Тухайн мэдэгдэл, тушаалтай танилцахад 2017.11.6, 7-ны өдрүүдэд Эрүүл мэндийн газарт ирэхийг мэдэгдсэн боловч ажлын байран дээр байхгүй ажил тасалсан тул үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувь хасах сахилгын шийтгэл ногдуулсан байсан. Тухайн өдрүүдэд миний бие Улаанбаатараас Сангийн яаман дээр дуудагдан ажиллаж байсан. Улаанбаатар явах асуудлыг газрын дарга Ц.Гэрэлмаад 2017.11.01-ний өдөр ажлын байран дээр нь очиж амаар мэдэгдсэн. Хэн дуудсаныг асууж тэмдэглэж авсан. Гэтэл мэдэгдэлгүй ажил тасалсан мэтээр тайлбарлан сахилгын шийтгэл ногдуулсанд гомдолтой байсан тул 2017.11.16-ны өдөр Эрүүл мэндийн газарт тухайн асуудлын талаар хариу тайлбар өгсөн бөгөөд давхар байгууллагынхаа Хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргасан. 2017.11.17-ны өдөр Эрүүл мэндийн газрын дарга өрөөндөө дуудсан тул очиход сонсох ажиллагааны мэдэгдэл өгсөн. Тухайн мэдэгдэлд ажлаас чөлөөлж байгаа талаар дурдсан байсан. Тушаалын үндэслэл, шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлээд гарсан. Үүнээс хойш ажлаа хийж байгаад 2017.12.06-ны өдөр эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлэгт хэвтсэн. Гэтэл 2017.12.07-ны өдрийн 15 цаг 30 минутанд Эрүүл мэндийн газрын хүний нөөцийн мэргэжилтэн Ц.Ариунтуяа эмнэлэг дээр ирж тушаал өгсөн. Тушаалтай танилцахад хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тухай тушаал байсан. Хариуцсан ажилдаа алдаа дутагдал гаргаагүй байхад зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй байна... Иймд нэхэмжлэгч надад 2017.11.07-ны өдөр үндэслэлгүй сахилгын шийтгэл ногдуулсан болохыг тогтоож, тухайн тушаалыг хүчингүй болгох, ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан Хэнтий аймгийн Уламжлалт анагаах ухааны төвийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн томилуулж, ажиллаагүй байсан хугацаатай тэнцэх цалинг ажлаас халсан өдрөөс хойш анхан шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх өдрийг дуустал гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч *******д 2017.11.07-ны өдрийн сахилгын шийтгэл оногдуулах тушаал, 2018.11.05-ны өдрийн ажлаас чөлөөлөх тушаалуудыг дараах үндэслэлээр үгүйсгэж байна. Үүнд: Хариуцагчийн зүгээс Б/39 дугаартай сахилгын шийтгэл оногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2, Засгийн газрын 105 дугаар тогтоол, Эрүүл мэндийн газрын тушаалыг тус тус үндэслэсэн байдаг. Тушаал нь эрх зүйн акт болохынхоо хувьд хуульд нийцсэн шаардлага хангасан байх ёстой. Гэтэл уг тушаалд ...өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, алдаа гаргасан гэдэг. Хавтаст хэрэгтэй танилцахад сахилгын шийтгэл ногдуулахдаа хэдэн оны, хэдэн сарын хэдний өдөр, ямар гомдол саналыг үндэслэсэн талаарх нотлох баримт байдаггүй. Удаа дараа үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэдэг нь нотлогддоггүй. Зөрчил нотлогдсон байж тухайн ажилтанд хариуцлага тооцох ёстой. Гэтэл зөрчил нотлогдохгүй байхад Эрүүл мэндийн газрын дарга ажлаас халах тушаал гаргасан. Мөн Эрүүл мэндийн газрын тушаал, Засгийн газрын 105 дугаар тогтоол энэ хоёр тушаал, тогтоолын хэдийн хэд дэх заалтыг үндэслээд байгаа нь тодорхойгүй байгаа учраас дээрх сахилгын шийтгэл оногдуулсан тушаал нь хүчин төгөлдөр бус хуульд нийцэхгүй байна гэж үзэж байна. 2017.12.05-ны өдрийн Б/54 тоот ажлаас чөлөөлөх тушаалын хувьд ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр энэ тушаалыг гаргасан байдаг. Тушаалын агуулгатай танилцахад төсвийн тухай хуулийг зөрчсөн гэдэг агуулга ажиглагддаг. Мөн ажил тасалсан гэдэг үндэслэлээр уг тушаалыг гаргасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт нь ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэдэг. Гэтэл энэ тушаал энэ заалтын алийг нь үндэслэсэн нь тодорхойгүй. Нэхэмжлэгч ******* нь 2017.12.05-ны өдрийн тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ийм алдаа зөрчил гаргаагүй гэдгээ удаа дараа Эрүүл мэндийн газрын дарга Ц.Гэрэлмаа, Аудитын газрын дарга Алтантуул нарт тайлбар хүргүүлсэн. Энэ тайлбаруудыг 2017 онд хүргүүлэхэд Ц.Гэрэлмаа дарга болон Аудитын даргаас хариу ирүүлээгүй байдаг. Тийм учраас нэхэмжлэгч зөрчил гаргаагүй гэдгээ нотлохын тулд дээд шатны байгууллага болох Сангийн сайдад шалгуулах хүсэлтээ гаргасан. Сангийн яам нь шалгаад албан бичгээр тухайн аудитын газрын гаргасан дүгнэлтийг хүчингүй болгосон. Хүчингүй болгосныг хариуцагч талаас 30 хоногийн дотор хүлээн зөвшөөрөхгүй гэж үзсэн бол 30 хоногийн дотор гомдлоо гаргах эрхтэй байсан. Гэтэл хариуцагчийн зүгээс гомдол гаргаагүй. Иймд ажлаас халагдах үндэслэл тогтоогдохгүй байна. 2017.11.06-ны өдрөөс 2017.11.11-ний өдрийг хүртэл 5 хоног ажил тасалсан гэдэгт хавтаст хэрэгт Сангийн яаманд томилолтоор ажилласан гэдэг нь нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хэрэгт авагдсан. Хариуцагчийн зүгээс ...давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүх хэргийг буцаахдаа үндэслэл нь процессын хууль зөрчсөн, хариуцагчийн өмгөөлөгчийн хэргийн материалтай танилцах эрхээр нь хангаагүй гэдэг үндэслэлээр буцаасан. ...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. Ажилгүй байх хугацааны цалин 34,566,883 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн хийлгэж баталгаажуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Гэрэлмаа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2017.11.07-ны өдрийн сахилгын шийтгэлийн хувьд Ариунаа нь 2017 онд үр дүнгийн гэрээ байгуулаагүй. 150 дугаар тогтоолоор эмнэлгийн мэргэжилтэнд олгодог урамшууллын тайлангуудыг удаа дараа гаргаж өгөөгүй. Үр дүнгийн гэрээг хэлтсийн дарга нараар хянуулаад Эрүүл мэндийн газарт тайлангаа, албан тоотоор ирүүлсэн талаарх нотлох баримт байхгүй. Энэ тушаалын хувьд 2018.01.05-ны өдөр буюу 2 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан хойно нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Ажлаас халагдсан тушаалын хувьд санхүүгийн зөрчил, Эрүүл мэндийн газрын хяналт шинжилгээ, үнэлгээний дүгнэлт, ажил тасалсан зэрэг үндэслэлүүдийг баримталсан. Энэ үндэслэл нь *******гийн хувьд 2016.11.06-ны өдрөөс 2016.11.11-ний өдрийн хооронд шалтгаангүйгээр ажил тасалсан. Хэрэв сангийн яаманд ажилтай байсан бол түүнийгээ нотолсон баримтыг гаргаж өгөх ёстой байсан. Гэвч хавтаст хэрэгт энэ талаарх нотлох баримт байдаггүй. Надад мэдэгдсэн, намайг тэмдэглэж авсан гээд байгаа боловч түүнийг нь нотлох баримт байхгүй байгаа юм. Эрүүл мэндийн газарт тайлбар хүргүүлсэн гэж байна. Тайлбар хүргэсэн гэх албан тоот манай Эрүүл мэндийн газрын ирсэн бичигт (ирээгүй) бүртгэгдээгүй. Үүнийг хүргүүлсэн гэх нотлох баримт байхгүй. Сангийн яаманд ажилласан гэх хугацааны томилолтыг удирдах дээд шатны байгууллагаас аваагүй учраас хүчингүй. *******гийн хувьд албан томилолтыг дараа нь хуурамчаар үйлдсэн. Мөн албан томилолт авах үедээ Уламжлалт анагаах ухааны технологийн хүрээлэнгээс тодорхойлолтыг 11 дүгээр сарын 26-ны өдөр тушаал гарснаас хойш бүрдүүлж ирсэн. Сангийн сайдын *******гийн бүх зөрчлийг хүчингүй болгосон гээд байгаа албан бичиг нь манай байгууллагад ирээгүй. Тушаал гарахаас өмнө энэ бичиг нь ирсэн байлаа гэхэд зөрчлүүдийг хүчингүй болгосон гэх нотлох баримтууд нь байхгүй. *******гийн хувьд ёс зүйн зөрчил болон удирдах дээд шатны албан тушаалтан болон байгууллагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй. Хамт олноо дарамталж байсан гэх мэдээллүүд Эрүүл мэндийн газарт удаа дараа ирж байсан. Үүний дагуу Уламжлалт анагаах ухааны төвийн ажилтнуудаас тухайн үед ажиллаж байхдаа ийм, ийм зөрчил гаргаж байсан гэдгийг нотлох баримтуудыг ирүүлсэн байдаг. Сахилгын зөрчлүүдийг удаа дараа гаргаж байсан учраас *******г ажлаас чөлөөлөх үндэслэл болсон. Манай зүгээс гаргасан тушаалуудын нотлох баримтууд хэргийн материалд байгаа. Тийм учраас ажлаас чөлөөлөх тушаалыг үндэслэлтэй гэж үзэж байна. Санхүүгийн зөрчил дээр *******гийн зөрчлийг бүхэлд нь хүчингүй болгоогүй. 77,253 төгрөгийг Бээжин хотод сурч байх хугацаандаа урамшуулал болгоод удирдах дээд албан тушаалтны тушаалгүйгээр авсан байдаг. Энэ зөрчлөө мөн давтан 2017 оны 01 сард 192,000 төгрөгийг үр дүнгийн тайлан өгөөгүй, удирдах дээд байгууллагын зөвшөөрөл авалгүй хүн ажиллуулсан зөрчлүүд байгаа. Мөн санхүүгийн дүгнэлт дотор Бээжин хотод сурч байхдаа авсан илүү цаг, жижүүр хийсэн нэмэгдлүүд болон урамшууллыг авсан гэдгийг Санхүүгийн яам хүчингүй болгоогүй. Тийм учраас ажил тасалсан санхүүгийн зөрчил давтан гаргасан байна гэжээ.

 

Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 58 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т заасныг баримтлан Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2017.11.07-ны өдрийн Б/49 дугаартай, *******д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүйд тооцож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан ******* холбогдох, ажлаас үндэслэлгүй халагдсан тушаалыг хүчингүй болгож, урьд нь ажиллаж байсан Хэнтий аймгийн Уламжлалт анагаах ухааны даргын ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэх тухай *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 226/МА2020/00005 дугаар магадлалаар: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 58 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Магадлалын үндэслэх хэсэгт ******* нь ...байгууллагын жилийн төлөвлөгөө боловсруулаад эрүүл мэндийн газрын даргад өгөхөд гэрээний төлөвлөгөөний төслийг бүх хэлтсийн дарга нараар хянуулж байж гэрээг хийнэ гэсэн учир гэрээний төлөвлөгөөний төслөө үлдээсэн гэж тайлбарладаг боловч Хэнтий аймгийн Уламжлалт анагаах ухааны төвийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөө нь баталгаажаагүй, гарын үсэггүй /хх-н 50-61х/ хэрэгт авагдсан байна. Үүнээс үзэхэд Хэнтий аймгийн уламжлалт анагаах ухааны төвийн 2017 оны жилийн төлөвлөгөөг батлуулах хэрэгжилтийг хангах нь даргын үүрэг бөгөөд энэ үүргээ биелүүлсэн гэдгээ нэхэмжлэгч нотолж чадаагүй тул ажлаас халах тушаалын үндэслэлийг буруутгах боломжгүй гэжээ. Тайлбар: Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний анхан шатны шүүхийн 2018.05.07-ны өдрийн шүүх хуралдаан дээр хариуцагч Ц.Гэрэлмаа нь ******* үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг бичиг хэрэгт орхиод явсан гэж мэдүүлсэн байдаг. Энэ нь Хэнтий аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.05.07-ны өдрийн 156/ШШ2017/00337 дугаар шийдвэрт дурдагдсан байдаг бөгөөд үүгээр нэхэмжлэгч ******* нь үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, батлуулахаар хариуцагч Ц.Гэрэлмаад хүргүүлсэн нь нотлогдож байна. Мөн Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 1.5-д гэрээг төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу төсвийн жил эхлэхээс өмнө байгуулна, 2.3-д төсвийн ерөнхийлөн захирагч нь төсвийн тухай хуулийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу төсвийн жил эхлэхээс өмнө гэрээнд заасан хугацаанд төсвийн шууд захирагчийн тухайн оны гэрээний биелэлтийг дүгнэж, дараа оны гэрээ байгуулах үүрэгтэй гэж заасан байна. Үүнээс харахад нэхэмжлэгч ******* нь төлөвлөгөөний төслөө хүргүүлсэн байтал ямар нэг арга хэмжээ авч үүргээ биелүүлээгүй, гэрээг батлаагүй байгаа нь хариуцагч Ц.Гэрэлмаагийн буруутай үйлдэл байгааг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзэлгүй нэхэмжлэгч *******гийн буруутай үйлдэл байгаа мэтээр тайлбарлан, хэргийг бүх талаас нь үнэн зөв, бодитойгоор бус өнгөц дүгнэж, хэт нэг талыг барьж шийдвэр, магадлалаа гаргасан гэж үзэж байна. Нэхэмжлэгч *******г хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2017.11.06-ны өдрөөс 10-ны өдрүүдэд ажил тасалсан гэх үндэслэлийн тухайд: ******* нь Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүүгийн хяналт, аудитын албаны дүгнэлт, байцаагчийн тавьсан актыг хүлээн зөвшөөрөхгүй байсан тул энэ талаар 2017.09.15-ны өдөр 100 тоот албан бичгээр аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны дарга О.Алтантуяад, 2017.11.16-ны өдөр 115 тоот албан бичгээр эрүүл мэндийн газрын дарга Ц.Гэрэлмаа нарт хариу тайлбар хүргүүлсэн боловч эргэж ямар нэг хариу ирүүлээгүй. Иймд энэ талаар Сангийн сайдад гомдол гаргаж хандсан. Гомдол гаргасны дагуу Сангийн яамнаас *******г дуудсан тул УАУТ-ийн санхүүгийн тайлантай холбоотой асуудал тул томилолт хүсч тухайн үед хариуцагч Ц.Гэрэлмаад хэлтэл хэн гэдэг хүн дуудсан талаар асууж дэвтэр дээр тэмдэглэл хөтөлж байсан. ******* нь 2017.11.06-08-ны өдрүүдэд Сангийн яаманд ажиллаж, байгууллагын санхүү, аудиттай холбоотой тайлбарыг 3 өдөр өгсөн, мөн 2017.11.08, 09-ний өдөр Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнд УАУТ-д хэрэглэгдэх эм танг эмийн баталгаажилтын хамт авч ажилласан болох нь хавтаст хэрэгт авагдсан албан ёсны Сангийн яамны тамгаар баталгаажсан томилолтын хуудас, Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн захирал Ч.Чимэдрагчаагийн албан тодорхойлолт, *******гийн албан томилолтоор ажилласан тухай тайлан зэргээр тухайн өдрүүдэд ажил үүргээ гүйцэтгэж явсан нь нотлогдож байна. Иймд Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.24-ний өдрийн 58 дугаар шийдвэр, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.25-ны өдрийн 226/МА2020/00005 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч ******* сахилгын шийтгэл ногдуулсан Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2017.11.07-ны өдрийн Б/49 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тайлбар гаргажээ. 

 

Анхан болон давж шатны шүүхээс тухайн маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч ******* нь 2013.11.06-ны өдрөөс Хэнтий аймгийн Уламжлалт анагаах ухааны төвийн даргаар томилогдон ажилласан байх бөгөөд Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2017.11.07-ны өдрийн Б/49 дүгээр тушаалаар, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, хүний нөөцийн мэдээллийн санд бүртгэлгүй, зөвшилцөөгүй ажилтанг томилсон зөрчил гаргасан үндэслэлээр цалин бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ. Улмаар мөн даргын 2017.12.05-ны өдрийн Б/54 дүгээр тушаалаар ...санхүүгийн зөрчил гаргасан, байгууллагын жилийн төлөвлөгөө батлуулаагүй, хэрэгжилт хангалтгүй, нийтээр дагаж мөрдөх тушаал, шийдвэрүүдийг хэрэгжүүлж ажиллаагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2017.11.06-10-ны өдрүүдэд 4 хоног ажил тасалсан гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байх бөгөөд уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 4.2.3, Байгууллагын дотоод журмын 9.2.3-ын в заалтыг баримталжээ.

 

Шүүхүүд нэхэмжлэлийн шаардлагаас, Эрүүл мэндийн газрын даргын 2017.11.07-ны өдрийн Б/49 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч нь *******д сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлээ нотолж чадаагүй гэж дүгнэн, уг тушаалыг хүчингүй болгосон шийдэл зөв байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаярын ...******* байгууллагын төлөвлөгөөний төслөө хүргүүлсэн байтал ...үүргээ биелүүлээгүй, гэрээг батлаагүй нь хариуцагч Ц.Гэрэлмаагийн буруутай үйлдэл байгааг шүүхүүд анхаарч үзэлгүй нэхэмжлэгчийн буруутай үйлдэл мэтээр тайлбарлан, ...хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан. ...******* нь 2017.11.06-08-ны өдрүүдэд Сангийн яаманд, ...08, 09-ний өдөр Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнд ажилласан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч нь өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болохыг хуульчилсан.

 

Нэхэмжлэгчийн ажил олгогчтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.2.3-т Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг болон Хөдөлмөрийн дотоод журамд ноцтой зөрчил гэж заагдсан зөрчлийг 2 ба түүнээс дээш удаа гаргасан бол хөдөлмөрийн гэрээг цуцална, Хөдөлмөрийн дотоод журмын 9.2.3-ын в-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 буюу түүнээс дээш өдрийн ажил тасалсан бол ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөрийн гэрээг цуцална гэж тус тус заасан байна.

 

Ажил олгогчийн 2017.12.05-ны өдрийн Б/54 тоот тушаалд заасан зөрчлүүдээс ******* нь 2017 оны үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөг батлуулаагүй, хэрэгжилт хангалтгүй, удирдлагын баг нь төлөвлөгөө болон улирлын тайланг хянаж гарын үсэг зурж баталгаажуулаагүй, нийтээр дагаж мөрдөх тушаал, шийдвэрийг хэрэгжүүлж ажиллаагүй, мөн 2017.11.06-10-ны өдрүүдэд шалтгаангүйгээр ажил тасалж давтан зөрчил гаргасан болох нь Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын 2017.11.09-ний өдрийн Уламжлалт анагаах ухааны төвд хийсэн хяналт-шинжилгээ үнэлгээний дүн /1хх-62-63 тал/, Уламжлалт анагаах ухааны төвийн үйл ажиллагааны төлөвлөгөө /1хх-50-61 тал/, Ажлын цаг ашиглалтын бүртгэл /1хх-65 тал/ болон бусад нотлох баримтаар тогтоогджээ. Харин төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж, дээд байгууллагын шийдвэргүйгээр ур чадварын нэмэгдэл 77,243 төгрөг олгосон гэх зөрчилд хариуцлага тооцох хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Иймд Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2017.12.05-ны өдрийн Б/54 дүгээр тушаалаар *******г үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг зөрчөөгүй, 2 шатны шүүхээс нэхэмжлэгчийн, ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 58 дугаар шийдвэр, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 226/МА2020/00005 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

Б.МӨНХТУЯА

 

Х.СОНИНБАЯР

 

Б.УНДРАХ