Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батбайн Мангилик |
Хэргийн индекс | 130/2020/00058/И |
Дугаар | 130/ШШ2020/00260 |
Огноо | 2020-03-10 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 130/ШШ2020/00260
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 0 дугаар багт оршин суух, утас, РД: Х-ын Тий нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х банкны Б салбар /Б аймгийн Ө сумын ... дугаар багт байрлах, улсын бүртгэлийн дугаар, РД:, захирал Д. /-т холбогдох
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б, хариуцагч Х банкны Б салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Х банкны Б салбараас Т.Тагийн хувийн хадгаламжийн 00000 тоот дансанд байсан 21249500 төгрөгийг буцаан олгуулах тухай.
Нэхэмжлэгч Х.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний төрсөн дүү Хын Т, түүний эхнэр (бэр) Ты Р нар нь 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрүүдэд зуурдаар нас барсан ба 01-10 насны 4 хүүхдийг тус аймгийн Ногооннуур сумын Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Х банктай түүний нэрээр хувийн хадгаламжийн гэрээ байгуулан 00000 тоот хадгаламжийн данс нээлгэж мөнгө хадгалуулсан байна. Миний төрсөн дүү Х.Т, бэр Т.Р нар нь нас барсны дараа 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр миний бие бага насны Т.Тагийн нэр дээр хадгалуулсан мөнгөний хамтран эзэмшигчээр Х банктай СИФ дугаар 0000000000 тоот итгэмжлэлийн гэрээ байгуулсан юм. Гэтэл Х банк нь уг гэрээний хугацаа дуусаагүй байхад түүний нөгөө талаар уг гэрээнд заасан заалтыг ноцтой зөрчиж, гэрээнд заасан үүргээ биелүүлж 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр бага насны Т.Тагийн хувийн хадгаламжийн 00000 тоот дансанд байсан 21249500 төгрөгийг бага насны охин Т.Ты асран хамгаалагч болон Т.Тагийн нэрэн дээр хадгалуулсан мөнгөний хамтран эзэмшигчээр Х банктай СИФ дугаар 951900000673 тоот итгэмжлэлийн гэрээ байгуулсан надад мэдэгдэлгүйгээр суутгаж авсан байсныг би сая мэдээд тус банкны удирдлага нар хандсан боловч тэд ...дээрээс ийм шийдвэр ирсэн гэж тодорхой хариу ч өгөөгүй, Т.Тагийн хувийн хадгаламжийн 00000 тоот дансны хадгаламжийн анхны гэрээ ч надад танилцуулахгүй байгаа тул аргагүй эрхэнд шүүхэд ийнхүү хандаж байна. Хэрэв миний төрсөн дүү Х.Т, бэр Т.Р нар нь нас барахаас өмнө Х банканд төлөх зээл байсан бол зээлийн гэрээнд заасан барьцаат хөрөнгө байх ёстойгоос гадна уг гэрээг ах нь болох надад танилцуулж зээлээ барагдуулах талаар хамтран ажиллах боломж байсан байх гэж үзэж байна. Би Х банкны удирдлагад дүү Х.Т, бэр Т.Р нарын тус банктай тооцоо байгаа эсэх, хэрэв төлөх зээл байгаа юм бол зээлийн гэрээний материалыг надад танилцуулах талаар хүсэлт гаргасан боловч тэд ...хүний гэрээг хүнд үзүүлж болохгүй гэж надад үзүүлэхгүй байна. Нөгөө талаар Т.Тагийн хувийн хадгаламжийн 00000 тоот данснаас түүний ээж Т.Р нь 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн ********* тоот дансанд 14000000 төгрөг шилжүүлж авсан гэж байгааг би итгэхгүй байна. Иймд Х банкны Б салбараас Т.Тагийн хувийн хадгаламжийн 00000 тоот дансанд байсан 21249500 төгрөгийг хэний ч зөвшөөрөлгүйгээр суутгаж авсан мөнгийг буцаан олгуулж өгөхийг хүсэж байна гэжээ.
Хариуцагч Х банкны Б салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Х банкны Б салбарын Ут тооцооны төв нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр иргэн Т.Ртай Хадгаламж барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ-ээр 18000000 төгрөгийг 325 хоног буюу 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд ашигласан үндсэн зээл болон нийт хуримтлагдсан хүүгийн төлбөрийг зээлдэгч нь банканд нээлгэсэн 00000 тоот хугацаат хадгаламжийн данснаас зээл буцаан төлөх хуваарийн дагуу зээлийн төлбөрийг суутгах эрхээ дээрх гэрээгээр банканд олгосон бөгөөд банк дахин бичгээр зөвшөөрөл авах шаардлагагүй гэсэн нөхцөлтэйгөөр тухайн гэрээг байгуулж, зээлийн барьцааны үүргийн гүйцэтгэлийг хангах зүйл нь зээлдэгчийн Х банк дахь Т.Ргийн өмчлөлийн хугацаат хадгаламжийн мөнгөн хөрөнгө байх бөгөөд барьцааны зүйлийг зээлийн гэрээний хугацаанд банканд хадгалуулахаар талууд харилцан тохиролцсон байна. Мөн Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2-т Зээлийн гэрээнд өөрөөр заагаагүй бол зээл, түүний хүүг төлөх хугацаа болмогц зээлдэгчийн болон батлан даагчийн данснаас үл маргалдах журмаар төлүүлнэ гэж, талуудын хооронд байгуулсан Хадгаламж барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ-ний 2.2-т Зээлдэгч буюу барьцаалуулагчийн эрх, үүрэг гээд 2.2.3-т Зээлдэгч зээлийн төлбөрийг төлөхгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд Барьцаалуулсан данснаас зээлийн төлбөрийг төлөхгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд Барьцаалуулсан данснаас зээлийн төлбөрийг төлүүлэх бөгөөд уг данс дахь мөнгө хөрөнгө нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлтэй холбогдон гарах бусад төлбөрт хүрэлцэхгүй тохиолдолд бусад данснаас зээлийн төлбөрийг барагдуулахад саад учруулахгүй байх, 2.2.4-д Зээлдэгч энэ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, эсхүл Банз гэрээг цуцалсан тохиолдолд барьцаа хөрөнгийг банкны шаардсанаар үл маргах журмаар банканд захиран зарцуулах эрхээ шилжүүлэх гэж зээлдэгчид үүрэг болгосон ба банк гэрээнд заасан эрхийнхээ дагуу хадгаламжид байсан мөнгийг зээлийн төлбөрт суутгаж авсан нь хууль болон гэрээг зөрчөөгүй бөгөөд тухайн хадгаламжийг Т.Р хүүхдийнхээ ирээдүйн боловсролд зориулж Х банкны өндөр хүүтэй мөнгөн хадгаламжийг сонгож хадгалуулсан болохоос Монгол Улсын Засгийн газраас 0-18 хүртэлх насны хүүхдэд сар бүр олгодог тусгай зориулалттай мөнгөн тэтгэмж биш юм. Өөрөөр хэлбэл зөвхөн тухайн хүүхдийн бие махбод, оюун санаа эрүү өсөж бойжих, эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах үйл явцад зарцуулагдах мөнгөн хөрөнгийг барьцаалж зээл аваагүй. Т.Р нь өөрийн бий болгосон мөнгөн хадгаламжийг барьцаалж зээл авах хэрэгцээ шаардлага гаргасан учраас гэрээ байгуулж зээл авсан ба Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал үүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр хэвээр байна гэж, мөн хүүхдийн 198 дугаар зүйлийн 198.1-д гэрээ тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан тул гэрээний дагуу мөнгөн хадгаламжаас зээлийг төлүүлсэн нь Х.Тий эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хохирол учруулсан, зөвшөөрөлгүй суутгал хийсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Х.Т шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Миний дүү бэр маань амьд сэрүүн байхад бага насны том охин болох Т.Тагийн нэрэн дээр анх 2011 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хувийн хадгаламжийн дэвтэр нээж мөнгө хадгалуулж байсан ба ээж нь болох Т.Р тус банкнаас 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зээл авахдаа уг хадгаламжийн дэвтрийг барьцаанд тавьсан бөгөөд Т.Р нь уг зээлийг 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр төлөх ёстой боловч бэр маань 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр зуурдаар нас барсан юм. Талийгаач дүү бэр нараас үлдсэн 4 хүүхдийг асран хамгаалагч намайг дүүгийн минь хүүхдүүдийн асран хамгаалагчаар тогтоосон тухай захирамж гарсны дараа Х банкны Б салбарт хандаад намайг тухайн хадгаламжийн хамтран эзэмшигчээр оруулж өгөх хүсэлт гаргахад бага насны охин болох Т.Тагийн уг хадгаламжийн дэвтрийн хамтран эзэмшигчээр Х банктай 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гэрээ хийсэн ба гэрээний хугацаа нь 2020 оны 05 дугаар сарын 29-ний хүртэл хүчин төгөлдөр байгаа юм. Би ОХУ руу 1 сар яваад ирэхэд хадгаламжаас мөнгө татаж авсан байна. Хэрэв ийм байдлаар мөнгө татаж авах ёстой байсан бол намайг тухайн хадгаламжийн хамтран эзэмшигчээр оруулахгүй байх байсан. Намайг тухайн хадгаламжийн хамтран эзэмшигчээр оруулсны дараа мөнгийг миний зөвшөөрөлгүй татаж авсан нь хууль бус. Т.Р цалингийн зээлтэй, малчны зээлтэй гэх асуудал яриагүй. Иймээс миний бие Т.Тагийн хадгаламжийн дэвтрийн хамтран эзэмшигч болж уг мөнгийг хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулах, эсхүл дээр нь мөнгө нэмэх зэрэг үйл ажиллагаа хийх эрх үүссэн болно. Өөрөөр хэлбэл, Т.Тагийн хувийн хадгаламжид байгаа мөнгийг миний зөвшөөрөлгүйгээр хэнбугай ч захиран зарцуулах эрхгүй билээ. Хэрэв Х банк нь надтай байгуулсан дээрх гэрээг хийгээгүй байсан бол Т.Р агсны төлөх зээлийг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3-д зааснаар хааж болох байх гэж үздэг. Миний Х банктай хийсэн гэрээний хугацаа дуусаагүй 2 талын гэрээ хүчин төгөлдөр байсаар байхад бүтэн өнчин хүүхдийн 9 жилийн өмнө хадгалуулсан хувийн мөнгийг надад анхааруулж мэдэгдэлгүйгээр дур мэдэн суутгаж авсан үйлдэл өөрөө хууль болон гэрээ зөрчсөн ноцтой зөрчил мөн. Талийгаач дүү, бэр нарын Х банканд төлөх өр зээл нь байгаа юм бол уг өр зээлийг төлүүлэх эсэх талаар надад мэдэгдэх боломжтой байхаас гадна ийм нөхцөл үүссэн тохиолдолд банк нь Банкны тухай хуульд зааснаар 2 сарын дотор асуудлыг шийдвэрлэх журамтай юм байна. Х банкныхан бага насны бүтэн өнчин хүүхдийн хувийн хадгаламжид 11 жилийн туршид хуримтлагдан өсөж байсан мөнгийг дур мэдэн татаж авахаас өмнө надад хандсан бол би талийгаач дүү, бэр нараас үлдсэн мал, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөө борлуулах замаар зээлийг нь төлж өгөх боломж байсан юм. Хүн чанар, ёс жаяг, хүчин төгөлдөр гэрээ, банкны хууль-журам зэргийг үл харгалзан бүтэн өнчин хүүхдийн хувийн хадгаламжийн мөнгийг татаж авсанд гомдолтой байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү, Х банканд талийгаач Т.Ргийн төлөх ёстой зээлийг тэд нараас үлдсэн эд хөрөнгийг борлуулах журмаар төлж өгөх болно гэв.
Хариуцагч Х банкны Б салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа: Хадгаламж эзэмшигч Ты Тагийн ********** дугаартай хадгаламжийг 2011 онд нээлгэсэн байна. Хүүхэд боловсролын ирээдүй нэртэй хадгаламж ба 18 нас хүртэл хадгалуулах ёстой. Дээрх хадгаламжийг барьцаалан хүүхдийн ээж Т.Р нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр тус хадгаламжийг барьцаалан 18 сая төгрөгийн зээлийг 325 хоног 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хугацаагаар жилийн 20,2 хувийн хүүтэй зээлж авсан. Тухайн үед хадгаламж барьцаалсан зээлийн гэрээ байгуулсан. Х банкны Б салбар нь зээлийн гэрээний дагуу барьцаалсан хадгаламжаас 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр авсан зээл болох 18 сая төгрөгийг хүүгийн хамт 21.249.488 төгрөгийг зээлд төлүүлсэн. Нэхэмжлэгч хүүхдийн хадгаламжаас зөвшөөрөлгүй суутгасан гэх нэхэмжлэл гаргасан байна. Бид Ты Тагийн хадгаламжийн хамтран эзэмшигч болох Т.Ртай байгуулсан гэрээний дагуу татсан. Т.Р болон түүний нөхөр 2019 оны 04, 05 дугаар сард нас барсан ба тэдний 4 хүүхдийн асран хамгаалагчаар Т тогтоогдсон. Үүний дагуу тухайн 4 хүүхдүүдийн хүүхдийн мөнгө авдаг дансны хамтран эзэмшигчээр Тийг бүртгэсэн. Т нь тухайн хүүхдүүдийн нэр дээрх данснуудын хамтран эзэмшигчээр бүртгүүлэх тухай хүсэлтээ 2019 оны 05 дугаар сарын 29-ны өдөр д хүсэлт гаргаад бүртгүүлсэн байна. Уг нь 2019 оны 05 дугаар сарын 29-ны өдөр хадгаламжийн дансны хамтран эзэмшигчээр гэрээ байгуулах ёсгүй байсан. Шинээр ажилд орсон байсан ажилтан анзааралгүй гэрээ байгуулсан байна. Ажилтны буруутай ажиллагаа байна. Гэрээний хугацаа дуусаагүй байхад 05 дугаар сарын 29-ны өдөр гэрээ байгуулах ёсгүй. 05 дугаар сарын 29-ны өдөр гэрээ байгуулбал дараа жилийн 05 дугаар сарын 29-ны өдөр гэрээний хугацаа дуусах тул, энэ нь ямар ч боломжгүй ажиллагаа байсан. Хадгаламжийг анх 2011 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр нээлгэсэн ба жил бүр хугацаа нь сунгагдаад явдаг. Хадгаламжийн хугацаа 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хугацаа дуусах ёстой байсан. Бид 2019 оны 09 дүгээр сарын 28-29-ны өдөр хугацаа дуусангуут зээлд татсан. Х.Т нь удаа дараа хүсэлт гаргаж байсан. Тэрээр талийгаач нарт ямар нэгэн зээл байна уу, тэдний харилцах болон зээлийн дансны хуулга авах тухай хүсэлт гаргаж байсан ч банкны зүгээс тухайн харилцагч нарын дансны мэдээллийг гаргаж өгөх боломжгүй, зээлд Т нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр ороогүй тул дансны хуулга болон зээлийн талаарх мэдээллийг г өгөх боломжгүй байсан тул татгалзсан хариу өгч байсан. Гэхдээ Т.Р нар нь ямар ч ч байсан малчны зээлтэй, цалингийн зээлтэй гэдгийг хэлж байсан. Бид хуулийн дагуу гэрээний дагуу хадгаламж барьцаалсан зээлийг татсан болохоор нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь, 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин РД:00000 У овогт Ты Тагийн эцэг РД:00000 У овогт Хын Т, эх РД:00000 Т овогт Ты Р нар мөн болох нь түүний Б аймгийн Ө сумын Улсын бүртгэлийн ажилтны 2009 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр олгосон №00000 дугаартай Төрсний гэрчилгээ-гээр;
мөн РД:00000 Ты Тагийн эцэг РД:00000 У овогт Хын Т 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр зуурдаар нас барсан болох нь 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр олгосон №00000 дугаартай Нас барсны гэрчилгээ-ээр, эх РД:00000 Т овогт Ты Р 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр зуурдаар нас барсан болох нь 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр олгосон №0000222447 дугаартай Нас барсны гэрчилгээ-ээр тус тус нотлогдож байна.
Ногооннуур сумын 9 дүгээр баг Цагааннуур тосгоны иргэн РД:00000 У овогт Хын Т, РД:00000 Т овогт Ты Р нар хоёулаа нас барсан тул бүтэн өнчин үлдсэн хүүхдүүд нь болох РД:00000 Ты Та, ... нарын хууль ёсны асран хамгаалагчаар Б аймгийн Ногооннуур сумын Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн А\130 дугаартай Асран хамгаалагч тогтоох тухай захирамжаар ах нь болох РД:00000 Хын Тийг тогтоосон байна.
РД:00000 Ты Тагийн эцэг, эх амьд байхад түүний нэр дээр 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Х банкны Б салбарт Боловсрол-Хүүхдийн Ирээдүй хадгаламжийн 00000 тоот данс нээж №00000 дугаартай хадгаламжийн дэвтэр олгогдсон байна.
Улмаар талийгаач РД:00000 Т овогт Ты Р амьд байхад 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр РД:00000 У овогт Ты Тагийн Х банкны Б салбарын Боловсрол-Хүүхдийн Ирээдүй хадгаламжийн 00000 тоот данс дахь 20081233 төгрөгний хадгаламжтай №00000 хадгаламжтай дэвтрийг барьцаалан 18000000 төгрөгийг 325 хоногийн хугацаагаар 20.20%-ийн хүүтэй, 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр үндсэн зээл 18000000 төгрөг, зээлийн хүү 3237534 төгрөг, нийт төлбөр 21237534 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож Х банкны Б Ут тооцооны төвөөс зээл авсан болох нь 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Хадгаламж барьцаалсан зээлийн өргөдлийн маягт, 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Хадгаламж барьцаалсан Зээлийн болон барьцаат гэрээ-ээр тус тус нотлогдож байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар Х банкны Б салбараас зээл олгох гэрээгээр мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгч Т.Рд шилжүүлсэн ба зээлдэгч Т.Р гэрээнд заасан хугацаандаа зээл хүүгийн хамт төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Дээрх 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Хадгаламж барьцаалсан Зээлийн болон барьцаат гэрээ-ний 2.2.1-д зааснаар зээлдэгч Т.Р зээлийг буцаан төлөх хугацаанд төлөх үүрэг хүлээсэн байна. Гэхдээ энэхүү гэрээнд зээлдэгчийн зээл төлөх арга хэрэгслийг болон буцаан төлөх нөхцөлийг заагаагүй байна.
Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч нас барснаар түүний үүрэг дуусгавар болдог. Хуулийн энэхүү заалтаар зээл төлөх үүрэг хүлээсэн зээлдэгч Т.Р 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр зуурдаар барснаар түүний үүрэг дуусгавар болсон байна.
Гэхдээ Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д зааснаар зээлдэгч Т.Р нас барсан ч гэсэн урьд нь хийсэн буюу 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Хадгаламж барьцаалсан Зээлийн болон барьцаат гэрээ нь хүчин төгөлдөр байгаа тул Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1, 536 дугаар зүйлийн 536.1-д зааснаар өвлөгч нарт хандах ёстой.
Иймд зээлдэгч Т.Р 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр зуурдаар нас барснаар үүргийн харилцаа дуусгавар болсон байхад 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Хадгаламж барьцаалсан Зээлийн болон барьцаат гэрээ-ний 2.1.6-д зааснаар зээлдэгч (талийгаач) Т.Р зээл, хүүгийн төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн гэж 2019 оны 9 дугаар сарын 25-ны өдөр зээлдэгчийн банк дахь барьцаалуулсан хадгаламжийн данснаас 21249500 төгрөгийг зээл төлүүлэхээр суутган авч хариуцагч Х банкны Б салбар Иргэний хуулийн дээрх зүйл заалтуудыг зөрчсөн байна.
2)Мөн нэхэмжлэгч Х.Т нь РД:00000 Ты Тагийн Х банкны Б салбарын 00000 тоот данстай Боловсрол-Хүүхдийн Ирээдүй хадгаламжийн хамтран эзэмшигч мөн болох нь 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Х банкны Б салбар болон Х.Т нарын хооронд байгуулсан 2020 оны 5 дугаар сарын 29-ний хүртэл хүчин төгөлдөр Иргэдийн хугацаатай хадгаламжийн гэрээ, мөн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Х банкны Иргэний бүтэгдэхүүн, үйлчилгээний хүсэлтийн маягт зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.
Мөн энэхүү гэрээ нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3-д Мөнгөн хадгаламжийн гэрээ нь хадгаламжийн дэвтэр, сертификат зэрэг хэлбэртэй байж болох бөгөөд Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу түүнийг бичгээр хийнэ гэсэн хуулийн шаардлагыг хангаж байна.
Хариуцагч Х банкны Б салбар нь РД:00000 Ты Тагийн Х банкны Б салбарын Боловсрол-Хүүхдийн Ирээдүй хадгаламжийн 00000 тоот данснаас 2019 оны 9 дугаар сарын 25-ны өдөр 21249500 төгрөгийг зээл төлүүлэхээр шилжүүлэн авсан нь Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна.
Энэхүү РД:00000 Ты Тагийн Х банкны Б салбарын Боловсрол-Хүүхдийн Ирээдүй хадгаламжийн 00000 тоот данснаас хариуцагч Х банкны Б салбар 2019 оны 9 дугаар сарын 25-ны өдөр 21249500 төгрөгийг зээл төлүүлэхээр шилжүүлэн авахад хамтран эзэмшигч Х.Тий зөвшөөрлийг аваагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Иймд хариуцагч Х банкны Б салбар нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-д хугацаатай мөнгөн хадгаламжаас гэрээнд заасан хугацааны дотор зарлагын гүйлгээ хийхгүй байх, зайлшгүй тохиолдолд гүйлгээ хийхээр бол хүсэлтийг бичгээр гаргаж, гэрээнд өөрчлөлт оруулахаар хадгалагчтай харилцан тохиролцох, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 2-т хадгалуулагчийн мөнгөн хөрөнгөнөөс зөвхөн түүний зөвшөөрөл буюу даалгавраар гүйлгээ хийх гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Х банкны Б салбар болон Х.Т нарын хооронд байгуулсан Иргэдийн хугацаатай хадгаламжийн гэрээ-г хууль зөрчиж хийгдсэн, тус банкны ажилтны буруутай үйл ажиллагаанаас болж энэ гэрээг байгуулсан байна гэж тайлбарлаж байгаа боловч уг гэрээ хүчингүй болгоогүй, мөн тус банкны ажилтны буруутай ажиллагаа гэснийг тогтоосон нотлох баримт байхгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Х банкны Б салбараас хадгаламж мөнгийг хүүгийн хамт бүгд 21249500 (хорин нэгэн сая хоёр зуун дөчин есөн мянга таван зуун) төгрөгийг гаргуулан тус банк дахь РД:00000 Ты Тагийн Боловсол-Хүүхдийн ирээдүй хадгаламжийн 00000 тоот дансанд буцаан олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268664 төгрөгнөөс нэхэмжлэлийн үнийн дүнд ногдох 264197 төгрөгийг улсын орлого болгож, илүү төлсөн 4467 төгрөгийг тус аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 100020000941 тоот данснаас гаргуулан, мөн хариуцагчаас 264197 төгрөгийг гаргуулан хариуцагч Х.Тд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1, 455 дугаар зүйлийн 455.3-ийг тус тус баримтлан хариуцагч Х банкны Б салбараас хадгаламжийн мөнгө хүүгийн хамт бүгд 21249500 (хорин нэгэн сая хоёр зуун дөчин есөн мянга таван зуун) төгрөгийг гаргуулан тус банк дахь РД:00000 Ты Тагийн Боловсол-Хүүхдийн ирээдүй хадгаламжийн 00000 тоот дансанд буцаан олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Тий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268664 (хоёр зуун жаран найман мянга зургаан зуун жаран дөрвөн) төгрөгнөөс 264197 (хоёр зуун жаран дөрвөн мянга нэг зуун ерөн долоон) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Х банкны Б салбараас 264197 (хоёр зуун жаран дөрвөн мянга нэг зуун ерөн долоон) төгрөгийг, мөн тус аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 100020000941 тоот данснаас 4467 (дөрвөн мянга дөрвөн зуун жаран долоон) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х.Тд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хэргийн оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК