Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 212/МА2020/00073

 

Х.Тийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 130/ШШ2020/00843 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт оршин суух У овогт Хын Тий нэхэмжлэлтэй, Х банкны Баян-Өлгий салбарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Е, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Х банкны Баян-Өлгий салбараас Т.Т-хувийн хадгаламжийн 00000 тоот дансанд байсан 21.249.500.00 төгрөгийг буцаан олгуулах тухай.

 

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч Х.Тээс зээлдэгч Т.Р, Х.Т нарын 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ/10604 тоот, 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ЗГ/10510 тоот, 2019 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн ЗГ/01 тоот зээлийн гэрээнүүдийн үндсэн зээл болон хүүгийн хамт нийт 34,975,798,65 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай.

 

Нэхэмжлэлд: Миний төрсөн дүү Хын Т, түүний эхнэр (бэр) Т Рнар нь 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрүүдэд зуурдаар нас барсан ба 01-10 насны 4 хүүхдийг тус аймгийн Ногооннуур сумын Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн захирамжаар асран хамгаалагч болсон. Х банктай түүний нэрээр хувийн хадгаламжийн гэрээ байгуулан 00000 тоот хадгаламжийн данс нээлгэж мөнгө хадгалуулсан байна. Миний төрсөн дүү Х.Т, бэр Т.Рнар нь нас барсны дараа 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр миний бие бага насны Т.Т-нэр дээр хадгалуулсан мөнгөний хамтран эзэмшигчээр Х банктай 951900000673 тоот итгэмжлэлийн гэрээ байгуулсан. Гэтэл Х банк нь уг гэрээний хугацаа дуусаагүй байхад, уг гэрээнд заасан заалтыг ноцтой зөрчиж, 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр бага насны Т.Т-хувийн хадгаламжийн 00000 тоот дансанд байсан 21.249.500.00 төгрөгийг хамтран эзэмшигч надад мэдэгдэлгүйгээр суутгаж авсан байсныг би сая мэдээд тус банкны удирдлага нарт хандсан боловч тэд ...дээрээс ийм шийдвэр ирсэн гэж тодорхой хариу ч өгөөгүй, Т.Т-хувийн хадгаламжийн 00000 тоот дансны хадгаламжийн анхны гэрээг ч надад танилцуулахгүй байгаа тул аргагүй эрхэнд шүүхэд ийнхүү хандаж байна. Хэрэв миний төрсөн дүү Х.Т, бэр Т.Рнар нь нас барахаас өмнө Х банканд төлөх зээл байсан бол зээлийн гэрээнд заасан барьцаат хөрөнгө байх ёстойгоос гадна уг гэрээг ах нь болох надад танилцуулж зээлээ барагдуулах талаар хамтран ажиллах боломж байсан гэж үзэж байна. Би Х банкны удирдлагад дүү Х.Т, бэр Т.Рнарын тус банктай тооцоо байгаа эсэх, хэрэв төлөх зээл байгаа юм бол зээлийн гэрээний материалыг надад танилцуулах талаар хүсэлт гаргасан боловч тэд ...хүний гэрээг хүнд үзүүлж болохгүй гэж надад үзүүлэхгүй байна. Нөгөө талаар Т.Т-хувийн хадгаламжийн 00000 тоот данснаас түүний ээж Т.Рнь 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн 5195003750 тоот дансанд 14.000.000 төгрөг шилжүүлж авсан гэж байгааг би итгэхгүй байна. Иймд Х банкны Баян-Өлгий салбараас Т.Т-хувийн хадгаламжийн 00000 тоот дансанд байсан 21.249.500 төгрөгийг хэний ч зөвшөөрөлгүйгээр суутгаж авсан мөнгийг буцаан олгуулж өгөхийг хүсэж байна. гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: Х банкны Баян-Өлгий салбарын Улаан байшинт тооцооны төв нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр иргэн Т.Ртай Хадгаламж барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ-ээр 18.000.000 төгрөгийг 325 хоног буюу 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд ашигласан үндсэн зээл болон нийт хуримтлагдсан хүүгийн төлбөрийг зээлдэгч нь банканд нээлгэсэн 00000 тоот хугацаат хадгаламжийн данснаас зээл буцаан төлөх хуваарийн дагуу зээлийн төлбөрийг суутгах эрхээ дээрх гэрээгээр банканд олгосон бөгөөд банк дахин бичгээр зөвшөөрөл авах шаардлагагүй гэсэн нөхцөлтэйгөөр тухайн гэрээг байгуулж, зээлийн барьцааны үүргийн гүйцэтгэлийг хангах зүйл нь зээлдэгчийн Х банк дахь Т.Ргийн өмчлөлийн хугацаат хадгаламжийн мөнгөн хөрөнгө байх бөгөөд барьцааны зүйлийг зээлийн гэрээний хугацаанд банканд хадгалуулахаар талууд харилцан тохиролцсон байна. Мөн Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2-т Зээлийн гэрээнд өөрөөр заагаагүй бол зээл, түүний хүүг төлөх хугацаа болмогц зээлдэгчийн болон батлан даагчийн данснаас үл маргалдах журмаар төлүүлнэ гэж, талуудын хооронд байгуулсан Хадгаламж барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ-ний 2.2-т Зээлдэгч буюу барьцаалуулагчийн эрх, үүрэг гээд 2.2.3-т Зээлдэгч зээлийн төлбөрийг төлөхгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд Барьцаалуулсан данснаас зээлийн төлбөрийг төлүүлэх бөгөөд уг данс дахь мөнгө хөрөнгө нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлтэй холбогдон гарах бусад төлбөрт хүрэлцэхгүй тохиолдолд бусад данснаас зээлийн төлбөрийг барагдуулахад саад учруулахгүй байх, 2.2.4-д Зээлдэгч энэ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, эсхүл Банк гэрээг цуцалсан тохиолдолд барьцаа хөрөнгийг банкны шаардсанаар үл маргах журмаар банканд захиран зарцуулах эрхээ шилжүүлэх гэж зээлдэгчид үүрэг болгосон ба банк гэрээнд заасан эрхийнхээ дагуу хадгаламжид байсан мөнгийг зээлийн төлбөрт суутгаж авсан нь хууль болон гэрээг зөрчөөгүй бөгөөд тухайн хадгаламжийг Т.Р хүүхдийнхээ ирээдүйн боловсролд зориулж Х банкны өндөр хүүтэй мөнгөн хадгаламжийг сонгож хадгалуулсан болохоос Монгол Улсын Засгийн газраас 0-18 хүртэлх насны хүүхдэд сар бүр олгодог тусгай зориулалттай мөнгөн тэтгэмж биш юм. Өөрөөр хэлбэл зөвхөн тухайн хүүхдийн бие махбод, оюун санаа эрүү өсөж бойжих, эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах үйл явцад зарцуулагдах мөнгөн хөрөнгийг барьцаалж зээл аваагүй. Т.Рнь өөрийн бий болгосон мөнгөн хадгаламжийг барьцаалж зээл авах хэрэгцээ шаардлага гаргасан учраас гэрээ байгуулж зээл авсан ба Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал үүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр хэвээр байна гэж, мөн хүүхдийн 198 дугаар зүйлийн 198.1-д гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан тул гэрээний дагуу мөнгөн хадгаламжаас зээлийг төлүүлсэн нь Х.Тий эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хохирол учруулсан, зөвшөөрөлгүй суутгал хийсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгч Х.Тий хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: Сөрөг нэхэмжлэл гаргагч Х.Онь миний дүү Х.Т, бэр Т.Рнар маань амьд сэрүүн байхад Х банкнаас 2018 оны 3 дугаар сарын 02, 2018 оны 4 дүгээр сарын 13, 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрүүдэд 3 удаа урьд авсан зээлээ төлж дуусаагүй байхад дахин дахин зээл өгч бүгд хүүгийн хамт 34975798 төгрөг болсон гэж сөрөг нэхэмжлэлд бичсэн байна. Зээлийн барьцаанд 370 толгой мал, гэрийн эд хогшил тавьсан гэжээ. Миний дүү Х.Т, бэр Т.Рнар маань амьд сэрүүн байхад надтай хамт бус тусдаа өрх гэр учир өөр газарт амьдарч байсан. Талийгаач Х.Т, бэр Т.Рнар маань амьд сэрүүн байхдаа банкнаас зээл авсан тухай болон зээл авах тухай надад ярьж байгаагүй бөгөөд тэдний банкнаас авсан зээлийн хамтран зээлдэгч би биш, намайг уг зээлийн хамтран зээлдэгч гэж үзвэл энэ талаарх нотлох баримтаа сөрөг нэхэмжлэгч гаргаж өгнө биз. Талийгаач Х.Т, бэр Т.Рнарын үлдсэн мал эд хөрөнгийн өв залгамжлагч нь би биш, харин би талийгаач нарын эд хөрөнгийн өв залгамжлагчаар тэдний 4 хүүхэд мөн эсэхийг тогтоолгохоор танай шүүхэд нэхэмжлэлээ албан ёсоор 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр гаргахад тус шүүхээс талийгаач Х.Т, бэр Т.Рнарын нас барсан хугацаа нэг жил болоогүй байхад тэдний хүүхдүүдийг өв залгамжлагчаар тогтоохгүй гэсэн үндэслэлээр миний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах захирамж гаргаж өгсөн. Миний бие Х банкнаас талийгаач нарын бүтэн өнчин үлдсэн бага насны том охин нь болох Т.Т-нэр дээр анх 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хувийн хадгаламжийн дэвтэр нээж хадгалуулсан мөнгө болох 22142753 төгрөгийг түүний ээж Т.Ргийн төлөх зээлд суутгах хэлбэрээр булааж авсныг би эдгээр бүтэн өнчин хүүхдүүдийн асран хамгаалагчийн хувьд, уг хадгаламжид байгаа мөнгийг өсгөх, шаардлагатай бол бага насны охин Т.Т-өөрт нь зориулан захиран зарцуулах талаар хүчин төгөлдөр гэрээ байгаагийн хувьд хариуцагч Х банкны хууль бус булааж авсан уг мөнгийг бага насны Т.Т-хувийн хадгаламжийн дансанд оруулахыг шаардсан асуудал байгаа. Би талийгаач дүү, бэр нараас үлдсэн 4 хүүхдүүдийн асран хамгаалагч болохоос биш өв залгамжлагч биш гэдгийг сөрөг нэхэмжлэгч маань сайн мэдэж байгаа боловч шүүгч та бүхний толгойг эргүүлэн бидэнд үзүүлж буй сүр бадруулах арга гэж ойлгож байна. Эрхэм шүүгчид та бүхэн хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон бидний энэ тайлбарыг судлан үзэж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 130/ШШ2020/00843 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 454 дүгээр зүйлийн 454.1-ийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас 1506213 (нэг сая таван зуун зургаан мянга хоёр зуун арван гурван) төгрөгийг гаргуулан 000000 регистрийн дугаартай Ты Тад олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 19743287 (арван есөн сая долоон зуун дөчин гурван мянга хоёр зуун наян долоо) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оийн нэхэмжлэгч Х.Тээс зээлдэгч талийгаач Т.Р, Х.Т нарын 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ/10604 тоот, 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ЗГ/10510 тоот, 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ/01 тоот зээлийн гэрээнүүдийн үндсэн зээл болон хүүгийн хамт нийт 34,975,798.65 (гучин дөрвөн сая есөн зуун далан таван мянга долоон зуун ерэн найман мянга, 65 мөнгө) төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хамтран гаргасан давж заалдах гомдлын агуулга: Миний төрсөн дүү Т, түүний эхнэр /бэр/ ТРнар нь 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрүүдэд зуурдаар нас барсан ба 01-10 насны Т. Та, Т. Нурсолтан,Т. Амина ,Т.Чингис нарыг тус аймгийн Ногооннуур сумын Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/123 дугаар захирамжаар миний асран хамгаалуулагчаар тогтоосон. Т, Рнар нь амьд байхдаа Цагааннуур тосгоны Улаан байшингийн төвд Цагааннуур тосгоны Улаан байшингийн төвд сайхан амьдарч байсан. Миний дүү, бэр нар маань амьд сэрүүн байхад бага насны том охин нь болох Т.Т-нэр дээр анх 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Хүүхэд боловсролын ирээдүй нэртэй хадгаламжийн дэвтэр нээлгэж мөнгө хадгалуулсан байна. Миний төрсөн дүү Т, түүний эхнэр /бэр / ТРнар нь (2019.04.28, 2019 05.01-ний өдрүүдэд зуурдаар нас барсны дараа Ногооннуур сумын Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/123 дугаар захирамж гарч намайг дээр нэрийг нь дурдсан бага насны бүтэн өнчин 4 хүүхдийн асран хамгаалагчаар тогтоосны дагуу бага насны охин Т.Т-нэр дээр анх 2011 онд /эндээс 12 жилийн өмнө/ Хүүхэд боловсролын ирээдүй нэртэй хадгаламжийн дансны хамтран эзэмшигч нь нас барсан болохоор уг хадгаламжийн дансны хамтран эзэмшигчээр би тус аймгийн Х банктай 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр албан ёсны гэрээ хийсэн бөгөөд уг гэрээний хугацаа 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүртэл байсан. Энэ гэрээ өнөөдөр хүртэл хүчин төгөлдөр байгаа.Уг гэрээний 2.17-д дансны хамтран эзэмшигч нь энэ данснаас зарлагын гүйлгээ хийх, данс хаах, дансны хуулга, тодорхойлолт авах ... зэрэг банкны үйлчилгээ авахад үндсэн эзэмшигчтэй адил эрх эдэлнэ. Харин хамтран эзэмшигчээ өөрчлөх, хасуулах тохиолдолд тухайн дансны бүх эзэмшигчид биечлэн ирж , бичгээр хүсэлт гаргана гэж, мөн гэрээний 4.1.1-д банк нь өөрийн үйл ажиллагааны болон үйлчилгээний талаар үнэн зөв мэдээлэл, заавар, зөвлөмжийг харилцагчид өгөх үүрэгтэй гэж заасан ба мөн гэрээний 6.2-т зааснаар банк нь а/.харилцагч бичгээр хүсэлт гаргаагүй, б/.данс нээхэд бүрдүүлсэн бичиг баримт хуурамч болох нь тогтоогдоогүй, в/.хуульд заасан бусад үндэслэл байхгүй бол уг гэрээг цуцлах, данс хаах эрхгүй гэж маш тодорхой заасан. Гэтэл банк гэрээний эдгээр заалтыг бүдүүлгээр ноцтой зөрчиж уг гэрээний хугацаа дуусаагүй байхад бага насны охин Т.Т-нэр дээр 12 жилийн өмнө нээсэн Хүүхэд боловсролын ирээдүй нэртэй хадгаламжийн дансны хамтран эзэмшигч надад огт мэдэгдэлгүйгээр данснаас ийнхүү мөнгө хулгайлсан асуудлыг анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, гэрээний заалтууд, мөн болсон бодит нөхцөл байдлууд болон шүүх хуралд нэхэмжлэгч талаас өгсөн үндэслэл бүхий тайлбарыг үл ойшоон бидний нэхэмжлэлийн шаардлагаас 19743287 /арван есөн сая долоон зуун дөчин гурван мянга хоёр зуун наян долоо/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд туйлын гомдолтой учир энэхүү давж заалдах гомдлоо гаргаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад бидний нэхэмжлэлийн шаардлагаас 19743287 /арван есөн сая долоон зуун дөч^н гурван мянга хоёр зуун наян долоо/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосон заалтыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангах өгөхөөр өөрчлөлт оруулж шийдвэрлэж егөхийг хүсэж байна. гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Т.Т-эх Т.Р2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Х банкны Баян-Өлгий салбарын Улаанбайшинт тооцооны төвөөс Хадгаламж барьцаалсан зээл-ийн гэрээгээр 18000000 төгрөгийг 325 хоногийн хугацаатай буюу 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл, зээлийн хугацаанд ашигласан үндсэн зээл 18000000 төгрөг, зээлийн хүү 3237534.25 төгрөг нийт зээлийн төлбөрт 21237534.24 төгрөг төлөх ба зээлийн барьцаанд зээлдэгч Т.Рөөрийн өмчлөлийн Х банк дахь хадгаламжийн 00000 дугаар дансанд байгаа мөнгөн хөрөнгийг барьцаалуулсан бөгөөд зээл буцаан төлөх хэлбэрийг зээлдэгч банканд нээлгэсэн 00000 тоот хугацаат хадгаламжийн данснаас зээл буцаан төлөх хуваарийн дагуу зээлийн төлбөрийг суутгах эрхийг дээрх гэрээгээр банканд олгосон бөгөөд банк дахин бичгээр зөвшөөрөл авах шаардлагагүй, энэ тохиолдолд банк хугацаат хадгаламжийн хугацаа хамгийн сүүлд автоматаар сунгагдсан өдрөөс зээлийн төлбөрийг төлүүлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулагдсан тул талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан харилцаа үүссэн ба банк Т.Ргийн өмчлөлийн

мөнгөн хөрөнгө буюу 00000 тоот хугацаат хадгаламжаас зээлийн төлбөрийг суутгаж авсан нь хууль болон нэхэмжлэгч Х.Тий эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй.

Гэтэл анхан шатны шүүх ...Х банкны Баян-Өлгий салбараас зээлдэгч Т.Ргийн хадгаламж барьцаалсан зээл 326 хоногоор хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж Т.Тгийн Боловсрол-Хүүхдийн ирээдүй хадгаламжийн 00000 тоот данснаас 2019.9.28-ны өдөр 21249500 төгрөгийг суутгаж зээл төлүүлсэн нь Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасан үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч нас барсан бол үүрэг дуусгавар болохоор заасныг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж, мөн зүйлийн 40.3-т Хэлцэл хийснээс хойш нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасан тул зээлдэгч Т.Ртай байгуулсан Хадгаламж барьцаалсан зээлийн гэрээний дагуу Х банк хадгаламжид байгаа мөнгөн хөрөнгөөс үндсэн зээл, хүүгийн төлбөрт суутгаж авсан нь Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасан ...үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой, үүрэг гүйцэтгэгч нас барсан бол үүрэг дуусгавар болно гэсэн зохицуулалтад хамаарахгүй юм. Өөрөөр хэлбэл Х банк зээлдэгч Т.Ргийн хөдөлмөрийн үр дүнд тохируулан олгогддог цалингийн орлого, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн орлого болон ирээдүйд авах мөнгөн хөрөнгийг барьцаалан зээл олгоогүй учраас хувийн байдалтай салшгүй холбоотой үүрэг үүсэхгүй, зээлдэгчийн өмчлөлд бодитой байсан мөнгөн хөрөнгийг барьцаалж зээл олгосон тул Иргэний хуулийн дээрх заалтыг банк зөрчөөгүй гэдгийг давж заалдах шатны шүүхээс анхаарч үзэхийг хүсэж байна. Тодруулбал Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан тул Хадгаламж барьцаалсан зээлийн гэрээ-ний талууд буюу Х банк, Т.Рнар зээлийн хэмжээ, зээлийн жилийн хүү, зээл буцаан төлөх хугацаа, буцаан төлөх хэлбэр, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зүйл, дээрх мөнгөн хөрөнгийг зээлийн гэрээний хугацаанд банканд хадгалуулахаар тус тус харилцан тохиролцсон учраас Иргэний хуулийн 40.3-т Хэлцэл хийснээс хойш нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон этгээдийн урьд нь хийсэн хэлцэл илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна гэж хуульчилснаас үзвэл Х банк данс дахь мөнгөн хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулсан нь Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасантай огт хамааралгүй бөгөөд анхан шатны шүүх иргэний эрх зүйн харилцаанд өрөөсгөл дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүх зөвтгөж өгөхийг хүсье. Түүнчлэн ...нэхэмжлэгч Х.Тийг талийгаач Х.Т, Т.Рнарын хууль ёсны өвлөгчөөр тогтоосон эсэх, өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмшин авсан буюу эрхлэн удирдах эрхийг олгосон эсэхийг нотлох баримтаар нотолж чадаагүй, үүрэг дуусгавар болсон гэж дүгнэсэн хэр нь талийгаач Х.Т нь хариуцагч байгууллагатай 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээгээр газар эзэмших гэрчилгээ барьцаалан барьцааны гэрээ байгуулсан боловч уг гэрчилгээг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгч чадаагүй, газрын гэрчилгээ барьцаалсныг улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэх нь тогтоогдохгүй байх тул уг барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ байжээ гэж ойлгомжгүй, үндэслэлгүй дүгнэлт хийж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж Х банканд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл баримтууд тогтоогдлоо. Т.Рнь Т.Т-төрсөн эх бөгөөд охин Т.Т-нэр дээр 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Х банкны Баян-Өлгий салбарт Боловсрол-Хүүхдийн Ирээдүй хадгаламжийн 00000 тоот данс нээлгэж, улмаар 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Х банкны Баян-Өлгий салбарын Улаанбайшинт, тооцооны төвөөс Хадгаламж барьцаалсан зээл болон барьцааны гэрээ-ээр 18.000.000 (арван найман сая) төгрөгийг зээлж, 0009978 дугаартай Хадгаламжийн дэвтэр, Хадгаламжийн 00000 тоот данс, барьцаалуулж буй хадгаламжийн дүн 20,081,223.79 төгрөг, хадгаламжийн хугацаа 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр дуусахаар тус тус харилцан тохиролцож гэрээ байгуулжээ. Зээлдэгч Т.Р2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр, түүний нөхөр Х.Т нь 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр тус тус зуурдаар нас барж, Х банкны Баян-Өлгий салбар охин Т.Т-нэр дээрх 00000 тоот хугацаат хадгаламжийг барьцаалж авсан зээл 18.000.000 төгрөгийг тус хадгаламжаас суутгаж авчээ. Насанд хүрээгүй Т.Т-асран хамгаалагч Х.Т нь Х банкны Баян-Өлгий салбарт холбогдуулан охин Т.Т-Боловсрол-Хүүхдийн Ирээдүй хадгаламжийн 00000 тоот дансны хамтран эзэмшигч надад мэдэгдэхгүйгээр уг хадгаламжаас нас барсан ээжийнх нь зээлийг суутгаж авсан нь хууль бус хэмээн нэхэмжлэл гаргаж, хариуцагч Х банкны Баян-Өлгий салбараас зээлдэгч Т.Р, Х.Т нарын 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ/10604 тоот, 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ЗГ/10510 тоот, 2019 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн ЗГ/01 тоот зээлийн гэрээнүүдийн үндсэн зээл болон хүүгийн хамт нийт 34.975.798.65 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар сөрөг нэхэмжлэл нэхэмжлэл гаргасан үйл баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд талууд үйл баримтад маргаагүй байна.

Анхан шатны шүүх хариуцагч Х банкны Баян-Өлгий салбараас 1.506.213.00 төгрөгийг Т.Рнь 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр нас барснаар Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар үүргийн харилцаа дуусгавар болсон байхад нас барснаас хойших хугацаанд хүү тооцсон нь үндэслэлгүй гэж гаргуулан, үлдэх 19.743.287.00 төгрөгийг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Т.Рнь Х банктай хадгаламж барьцаалсан зээлийн гэрээг жилийн 20.2 хувийн хүүтэй, 325 хоногийн хугацаатай байгуулж, барьцаанд өөрийн охин Т.Т-нэр дээрх хугацаатай хадгаламжийг барьцаалсан боловч зээлдэгч Т.Рнь 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр, нөхөр Х.Т нь 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр тус тус нас барснаар зээл хугацаандаа төлөгдөөгүй тул гэрээнд зааснаар Т.Т-нэр дээрх хугацаатай хадгаламжаар зээлийг төлүүлсэн нь хууль зөрчөөгүй ба анхан шатны шүүх Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1 дэх хэсгийн 240.1.2 дахь заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хариуцагч Х банкны Баян-Өлгий салбараас зээлдэгч Т.Р, Х.Т нарын 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ/10604 тоот, 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ЗГ/10510 тоот, 2019 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн ЗГ/01 тоот зээлийн гэрээнүүдийн үндсэн зээл болон хүүгийн хамт нийт 34.975.798.65 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан боловч сөрөг нэхэмжлэлийг хариуцагч Х.Тийг талийгаач Х.Т, Т.Рнарын хууль ёсны өвлөгчөөр тогтоосон талаар нотлох баримтгүй, Х.Тийг бүтэн өнчин үлдсэн 4 хүүхдийн асран хамгаалагчаар Ногооннуур сумын Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/123 дугаартай захирамжаар тогтоосноос үзэхэд Х.Т нь сөрөг нэхэмжлэлийн хариуцагч гэж үзэх үндэслэлгүй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн нэхэмжлэгчийн шаардлагыг хангуулахаар гаргасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн анхан шатны шүүх Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо ойлгомжгүй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэх гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хуульд зааснаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 234.197.00 төгрөгийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 39.049.00 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 130/ШШ2020/00843 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234.197.00 /хоёр зуун гучин дөрвөн мянга нэг зуун ерэн долоо/ төгрөгийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 39.049.00 /гучин есөн мянга дөчин ес/ төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

ШҮҮГЧИД М.НЯАМБАЯР

Д.КӨБЕШ