Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2022/01061

 

 

 2022          11           08                                          001/ХТ2022/01061

 

Х ий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Н.Баярмаа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар       

         Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 130/ШШ2020/00843 дугаар шийдвэр,

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 212/МА2020/00073 дугаар магадлалтай,

 Х ий нэхэмжлэлтэй

“Х ” ХХК-ийн Баян-Өлгий салбарт холбогдох

Хадгаламжийн данснаас зөвшөөрөлгүй суутгаж авсан 21,249,500 төгрөгийг буцаан олгуулах тухай үндсэн нэхэмжлэл,

Х ээс зээлдэгч Т , Х  нарын 2018.03.02-ны өдрийн ЗГ/10604 тоот, 2018.04.13-ны өдрийн ЗГ/10510 тоот, 2019.02.28-ны өдрийн ЗГ/01 тоот зээлийн гэрээнүүдийн үндсэн зээл болон хүүгийн хамт нийт 34,975,798,65 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наран, нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х  нь хариуцагч “Х ” ХХК-ийн Баян-Өлгий салбарт холбогдуулан хадгаламжийн данснаас зөвшөөрөлгүй суутгаж авсан 21,249,500 төгрөгийг буцаан олгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Х ээс зээлдэгч Т , Х  нарын 2018.03.02-ны өдрийн ЗГ/10604 тоот, 2018.04.13-ны өдрийн ЗГ/10510 тоот, 2019.02.28-ны өдрийн ЗГ/01 тоот зээлийн гэрээнүүдийн үндсэн зээл болон хүүгийн хамт нийт 34,975,798,65 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

2. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 130/ШШ2020/00843 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 454 дүгээр зүйлийн 454.1-ийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Х ны Баян-Өлгий аймаг дахь салбараас 1,506,213 төгрөгийг гаргуулан Т ы Т ад олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 19,743,287 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х ийн нэхэмжлэгч Х ээс зээлдэгч талийгаач Т , Х  нарын 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ/10604 тоот, 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ЗГ/10510 тоот, 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ/01 тоот зээлийн гэрээнүүдийн үндсэн зээл болон хүүгийн хамт нийт 34,975,798.65 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч Х ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268,664 төгрөгөөс 264,197 төгрөгийг мөн хариуцагч Х ны Баян-Өлгий аймаг дахь салбараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 403,029 төгрөгөөс 332,829 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, мөн тус аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 100020000941 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн илүү төлсөн 4467 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х д, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн илүү төлсөн 70,200 төгрөгийг гаргуулан хариуцагчид тус тус олгож, хариуцагч Х ны Баян-Өлгий аймаг дахь салбараас улсын тэмдэгтийн хураамжид 39,049 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х д олгож шийдвэрлэжээ.

3. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 212/МА2020/00073 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 130/ШШ2020/00843 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баян-Өлгий аймаг дахь Өлгий сумын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч Х ны Баян-Өлгий салбараас Т гийн 5195008090 тоот дансанд байсан 21,249,500 төгрөгийг буцаан олгуулах тухай хэргийг 2020.03.10-ны өдрийн 130/ШШ2020/00260 дугаар шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг үндэслэлтэй хэмээн үзэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байсан. Харин Х ны Баян-Өлгий салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х ийн Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.28-ны өдрийн 212/МА2020/00040 тоот магадлалаар хэргийг анхан шатны шүүхэд буцаасан. Улмаар Баян-Өлгий аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.31-ний өдрийн 130/ШШ2020/00843 тоот шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн 2020.10.23-ны өдөр Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 212/МА2020/00073 тоот магадлалаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг тус тус хангаагүй шийдвэрлэсэнд гомдол гаргаж байна. Давж заалдах шатны магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Х ны Баян-Өлгий салбарын эцэг, эх нь зуурдаар зэрэг нас барж бүтэн өнчин болж хоцорсон 4 хүүхдийн эрх ашиг, тэдгээрийн амь амьдралтай холбоотой Т гийн хадгаламжид байсан 21,249,500 төгрөгийг талийгаач нарын авсан зээлд барьцаа болгож байршуулсан. Улмаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд татаж авсан зэрэг нь Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч нас барснаар түүний үүрэг дуусгавар болдог. Хуулийн энэ заалтаар зээл төлөх үүрэг хүлээсэн зээлдэгч Т  2019.05.01-ний өдөр зуурдаас нас барснаар түүний үүргийг дуусгавар болгож бүтэн өнчин 4 хүүхдийн эрх зүйн байдлыг дээрдүүлэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хурлуудаар эрх зүйн байдлыг дордуулсанд гомдолтой байна. Анхан шатны шүүхийн 130/ШШ2020/00843 тоот шийдвэрт нэхэмжлэгч Х  нь Т гийн 2019.09.28-ны өдөр Х ны Баян-Өлгий салбарт Боловсрол Хүүхдийн ирээдүй хадгаламжийн 5195008090 тоот дансанд байгаа мөнгийг авч хаасан болох нь хууль зөрчсөн гэж үзсэн байна. Миний бие тухайн мөнгийг авч 4 хүүхдийн нэр дээр өөр банканд хадгаламж нээж хадгалуулсан нь өөр бусад зээл төлбөрт дахин татаж авч магадгүй гэж болгоомжилсон үйлдэл хийсэн болно. Асран хамгаалагчаар тогтоогдсон Х  миний бие өөрөө 4 хүүхэдтэй, эхнэр бид хоёрт ямар нэгэн эрхэлсэн ажил төрөл, хувийн бизнесгүй. Багийн ядуу оршин суугчдын нэг юм. Одоо нэг гэрт 8 хүүхдийг асран тэжээж байгаа боловч тэдгээр хүүхдүүд сургууль соёлд суралцах баталгаа нь Т гийн Боловсрол Хүүхдийн Ирээдүй хадгаламжид байгаа 21,249,500 төгрөгийг зээлээс чөлөөлүүлэн 4 хүүхдийн ирээдүйн төлөө өөрсдийн нэр дээр нь буцааж өгөхийг хүсэж байна. Иймд Сум дундын иргэний хэргийн анхан шатны 2020.07.31-ний өдрийн шийдвэр, Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.10.23-ны өдрийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 2020.03.10-ны өдрийн шийдвэрийг хэвээр нь үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ

5. Нэхэмжлэгч Х ээс хариуцагч Х ны Баян-Өлгий аймаг дахь салбарт холбогдуулан бага насны бүтэн өнчин Т ы Т агийн 5195008090 тоот хадгаламжийн данснаас зөвшөөрөлгүй суутгаж авсан 21,249,500 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлдэгч Т , Х  нарын 2018.03.02-ны өдрийн ЗГ/10604 тоот, 2018.04.13-ны өдрийн ЗГ/10510 тоот, 2019.02.28-ны өдрийн ЗГ/01 тоот зээлийн гэрээнүүдийн үндсэн зээл болон хүүгийн хамт нийт 34,975,798.65 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Х ны Баян-Өлгий аймаг дахь салбараас 1,506,213 төгрөгийг гаргуулан Т.Т ад олгож, үлдэх 19,743,287 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гомдлыг тус тус хангахгүй орхижээ.

7. Хадгаламж эзэмшигч Т ы Т агийн эцэг Х  2019.04.28-ны өдөр, эх Т  2019.05.01-ний өдөр зуурдаар нас барсан, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын захирамжаар талийгаачдын бүтэн өнчин үлдсэн хүүхдүүд болох Т.Т а, Т , Т , Т нарын хууль ёсны асран хамгаалагчаар ах нь болох нэхэмжлэгч Х ийг тогтоосон үйл баримт тогтоогдсон байна.  

8. Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

8.1. Анхан болон давж заалдах шатны шүүх “...зээлдэгч Т  нь нас барсан ч гэсэн Хадгаламж барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээний дагуу хадгаламжийн данснаас зээлийн төлбөрийг суутгах эрхийг банканд олгож, дахин бичгээр зөвшөөрөл авах шаардлагагүй талаарх эрхийг банканд олгож талууд харилцан тохиролцож гэрээ байгуулсан байх тул зээлдэгч Т гийн амьд байхдаа авсан зээлийг Т.Т агийн нэр дээрх 5195008090 тоот хугацаат хадгаламжаас суутгаж авсан нь хууль зөрчөөгүй” гэж дүгнэж, Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар үүргийн харилцаа дуусгавар болсон байхад үндсэн зээл 18,000,000 төгрөгөөс зээлдэгчийн нас барсан өдөр 2019.05.01-ний хүртэлх хугацааны хүүг тооцож, үндсэн зээлтэй хамт нийт 19,743,287 төгрөгийг төлүүлж суутгаж  авахаас илүү 1,506,213 төгрөгийг суутгаж авсан нь буруу гэж дүгнэн, энэ хэмжээгээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас хангаж шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэн гэж үзэхэд учир дутагдалтай байна.

8.2. Хэргийн баримтаас үзэхэд 2009.12.25-ны өдөр эх Т  төрсөн охин Т.Т агийн нэр дээр 2011.09.28-ны өдөр Х ны Баян-Өлгий салбарт “Боловсрол-Хүүхдийн Ирээдүй” хүүхдийн хадгаламж нээлгэсэн, №0009978 дугаартай хадгаламжийн дэвтрийн бичилтээр 2019.05.17-ны өдрийн байдлаар ба уг хадгаламжид 20,801,223.79 төгрөг байсан байх бөгөөд уг дэвтрийн гүйлгээ болон банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд энэ хуримтлалыг төрөөс хүүхдэд олгож буй “Хүүхдийн мөнгө”-нөөс бүрдсэн буюу  нас барсан Х  Т  нарын хүүхдүүд болох Т.Т а, Т , Т , Т нарт төрөөс сар бүр олгодог 20,000 төгрөгөөс бүрдсэн гэж дүгнэхээр байна. /хх-13,15,82,83/

8.3. Улмаар Т.Т агийн эх Т  2018.11.06-ны өдөр Х ны Баян-Өлгий салбарын Улаанбайшинт тооцооны төвөөс 18,000,000 төгрөгийг зээлж авахдаа дээрх “Боловсрол-Хүүхдийн Ирээдүй” хүүхдийн хадгаламжийг барьцаалсан байна.  Гэрээний 1.2.4-т “...гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зүйл нь зээлдэгчийн Х ан дахь хугацаат хадгаламж дахь түүний өмчлөлийн энэхүү гэрээний Хавсралт-2-т заасан мөнгөн хөрөнгө байна. Хавсралт 2-т 0009978 дугаартай Хадгаламжийн дэвтэр, Хадгаламжийн 5195008090 тоот данс, барьцаалуулж буй хадгаламжийн дүн 20,081,223.79 төгрөг, хадгаламжийн хугацаа 2019.09.27-ны өдөр дуусахаар заажээ.

9. Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

9.1. Зээлдэгч Т  агсны хариуцагчтай байгуулсан 2018.11.06-ны өдрийн гэрээний хадгаламж барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй буюу Т  агсны  хариуцагчтай байгуулсан хадгаламж барьцаалсан зээлийн гэрээний 1.2.4-т  заасан “...гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зүйл нь зээлдэгчийн Х ан дахь хугацаат хадгаламж дахь түүний өмчлөлийн мөнгөн хөрөнгө байна” гэж тохиролцсоныг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д зааснаар тайлбарлавал Т.Т агийн нэр дээрх “Боловсрол-Хүүхдийн Ирээдүй” хүүхдийн хадгаламжийг /тогтоолын 8.2-т дүгнэсэн/ барьцааны зүйл гэж үзэхгүй буюу зээлдүүлэгчид уг хадгаламжаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах  эрх үүсэхгүй гэж дүгнэв.

9.2. Банкны санал болгосон хадгаламжийн бүтээгдэхүүний нэг болох “Боловсрол-Хүүхдийн Ирээдүй” хүүхдийн хадгаламжийг хүүхдийнхээ ирээдүйн төлөө хуримтлал үүсгэх үндсэн зорилгыг илэрхийлсэн гэрээний санал гэж үзнэ. Хэдийгээр тухайн хадгаламжийг барьцаалж зээл авах нөхцөлтэй боловч Т  агсны байгуулсан зээлийн гэрээний агуулгаас үзэхэд зээлийн зориулалт тодорхой бус буюу хадгаламж эзэмшигч хүүхдийн эрх, ашиг сонирхолд нийцсэн гэж дүгнэх боломжгүй гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчихгүй.

9.3. Дээрх үндэслэлээр 2018.11.06-ны өдрийн зээлдэгч Т  агсны хариуцагчтай байгуулсан гэрээний хадгаламж барьцаалсан хэсгийг Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 5 дугаар зүйлийн 5.4, 8 дугаар зүйлийн 8.1.4-т заасныг зөрчсөнийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус гэж дүгнэлээ.

9.4. Иймээс зээлдэгч нас барсан, бүтэн өнчин үлдсэн 4 хүүхдийн “хүүхдийн мөнгөнөөс бүрдсэн” хадгаламжаас Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар зээлийн гэрээний үүргийг суутган тооцох эрх зээлдүүлэгч буюу хариуцагчид үүсээгүй тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангахаар шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.

10. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч Х ны Баян-Өлгий салбараас нэхэмжлэгч Х д холбогдуулан зээлдэгч Т , Х  нарын 2018.03.02-ны өдрийн ЗГ/10604 тоот, 2018.04.13-ны өдрийн ЗГ/10510 тоот, 2019.02.28-ны өдрийн ЗГ/01 тоот зээлийн гэрээнүүдийн үндсэн зээл болон хүүгийн хамт нийт 34,975,798.65 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна. Хэргийн баримт, зохигчийн тайлбараар Х ийг талийгаач Х , Т  нарын хууль ёсны өвлөгчөөр тогтоосон гэж үзэхгүй, харин эрх бүхий этгээдийн шийдвэрээр Х ийг бүтэн өнчин үлдсэн 4 хүүхдийн асран хамгаалагчаар тогтоосноос үзэхэд түүнийг сөрөг нэхэмжлэлийн хариуцагч гэж үзэх үндэслэлгүй, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т заасныг зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 212/МА2020/00073 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 212/МА2020/00073 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1, 154 дүгээр зүйлийн 154.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг тус тус баримтлан хариуцагч Х ны Баян-Өлгий аймаг дахь салбараас 21,249,500 төгрөгийг гаргуулан Т.Т ад олгож, нэхэмжлэгч Х ээс зээлдэгч агсан Т , Х  нарын 2018.03.02-ны өдрийн ЗГ/10604 тоот, 2018.04.13-ны өдрийн ЗГ/10510 тоот, 2019.02.28-ны өдрийн ЗГ/01 тоот зээлийн гэрээнүүдийн үүрэгт нийт 34,975,798.65 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай хариуцагч Х ны Баян-Өлгий аймаг дахь салбарын гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “39049” гэснийг “264,197” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн 264,197 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.                                   

                                  

                                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

                                   ШҮҮГЧИД                                                Г.БАНЗРАГЧ

                                                                                                    Н.БАЯРМАА

                                                                                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                      Д.ЦОЛМОН